Цонхоо
хаах хэрэгтэй байлаа. Борооны дусал цонхны ирмэгээс ойж зүймэл шал, түшлэгтэй
сандал руу унана. Аварга том, мөнгөлөг өнгийн хий үзэгдэл хөнгөн, бүдэг бадаг
чимээ гарган цэцэрлэг, навчис дундуур, жүржийн өнгөт элсэн дээгүүр нүүсээр.
Борооны усны хоолой чанга, амьсгал боогдох мэт чимээ гаргана. Чи Бахын хөгжмийг тоглож
байлаа. Төгөлдөр хуурын гялгар тагийг дээш сөхжээ. Тагийн доор хөгжмийн утас
бэхэлсэн тавцан; жижиг алх дээш доош тонгочиж эдгээр утсыг
зөөлөн тогшино. Хоргой бүтээлэг хунирсаар төгөлдөр хуурын сүүл рүү
унжингаа хуудас нь нээлттэй нотын дэвтрийг ч доош унагажээ.
Зургаадугаар сарын бороо цонх руу тасралтгүй шүрших зуур төгөлдөр хуурын
товчлуурт шүргэх бөгжний чинь чимээ Бахын фугийн өрнөлтэй давхцан
сонсогдоно. Чи цааш тоглонгоо, толгойгоо арагш багахан гэдийн, хөгжмийн хэмнэлд
хөг нийлүүлэн хашхирна: “Бороо, бороо... Би чиний дууг давж гарна аа...”
Гэхдээ чи давж гарахгүй байв.
Би хилэн авс шиг харагдах цомгуудыг ширээн дээр
чинь орхиод чам руу харангаа фуг, борооны чимээ хоёрыг зэрэг сонсоно. Тавиур,
төгөлдөр хуурын таг, гэрлийн бүрхүүлийн урт болор унжуургаас үнэртэх нойтон
лишийн үнэр надад сэнгэнэсэн мэдрэмж авчирна.
Мөнгөлөг өнгийн бороон хий үзэгдлүүд, долгионтох
гэрэлд хуруугаа хөдөлгөхөд чинь зөөлөн чичрэх бөхгөр мөртэй чинь хөгжмийн
хэмнэл үүсгэх нь ер бусын тэнцвэртэй мэт. Би цааш бодолд
автахаар ертөнц надад ингэж санагдлаа: Нэг ижил, зохилдсон, хөг хоршлын хэм
хэмжээнд нийцсэн. Тэр мөчид чи, би, лиш цэцэгс, бид бүгд төгөлдөр хуурын гар
дээр хөгжмийн босоо нотууд болж хувирав. Ертөнцийн бүх зүйл – мод, ус, чи
– нэг ижил бөөм дунд өөр өөр чичиргээ үүсгэх хөг хэмнэл болохыг би ухаарах шиг.
Бүгд тэнцүү, бүгд ариун. Чи суудлаасаа босов. Бороо одоо хэр гэрлийн туяаг
цавчсаар. Бараан өнгийн элсэн дээр хуримтлагдсан ус газар доогуур нэвчин өөр ертөнцөд
хүрэх нүхэн суваг шиг харагдана. Вандан сандал дээр чиний мартсан теннисний
цохиур дани шаазан шиг гялалзана; утас нь борооны усанд хүрэн өнгөтэй болоод,
хүрээ нь найман өнцөгт үүсгэн тахийжээ.
Бид зөрөг зам руу ороход цоохор сүүдэр, ялзарсан
мөөгний үнэрт толгой минь эргэв.
Би чамайг нар санамсаргүй туссан тэр үеийнхээр чинь
дурсаж байна. Тохой чинь шовх цонхигор, харц чинь сүүмгэр. Чи ярих үедээ
бугуйвч зүүсэн нарийн бугуйтай ясархаг жижиг гараа агаарын хоосон орон зайд
хөдөлгөнө. Үс чинь чичрэх гэрэлтэй агаарт уусна. Чи тамхиа цухалдсан янзтай ар
араас нь угсруулан татна. Утааг нь хамрынхаа хоёр нүхээр гаргаад, үнсийг нь
товшиж унагана. Тагтаан саарал эдлэн чинь манайхаас таван верстийн зайд. Дотроо
цуурайтай, чамин тансаг, сэрүүн. Хотын гял цал зурагт
сэтгүүлд ч зураг нь гарч байсан. Би өглөө бүр унадаг дугуйныхаа ширэн
суудалд суугаад, эхлээд ой дундуур зөрөг замаар, дараа нь тосгон
дундуур төв цардмал замаар, эцэст нь өөр нэг зөрөг замаар салхи шиг
хурдалсаар чам руу ирнэ. Нөхөр чинь есдүгээр сар дуустал гэрийн бараа харахгүй
гэдэгт би зориг ордог байсан юм. Чи бид хоёрт айх юм үгүй – зарц нарын хов
жив ярихаас ч, манайхны сэжиг авахаас ч айхгүй. Бид хоёр хувь тавиланд өөр
өөрийнхөөрөө итгэдэг учир тэр.
Чиний
дурлал ч бас дуу шиг чинь бөглүү. Чамайг зүгээр нэг хараад л дурласан гэдгийг
чинь хэлж болохоор ч чи ер дурлалын тухай ярихгүй. Чи юм л бол дуугаа хураадаг
тийм хүүхэн байсан. Гэхдээ хааяа дотор чинь ямар нэг юм тэсрэх шиг
болно. Тэр үед том Бехштейн чинь нүргэлээд, чи сүүмгэр харцаа урагш хандуулаад,
надад нөхөр эсвэл түүний салааны найзаас сонссон инээдтэй онигоогоо ярина.
Би гарыг чинь санаж байна – хөхөвтөр судастай урт, цонхигор.
Бороо
шаагьж, чи төгөлдөр хуур гайхалтай тоглож байсан тэр аз жаргалтай өдөр, хайр
дурлалын маань эхний долоо хоногт бий болсон тэр оньсого шиг зүйлийн учир
тайлагдах нь тэр. Чиний надад төдий нөлөөгүйг, би үнэндээ зөвхөн чамайг биш бүх
дэлхийг хайрладгаа ухаарсан хэрэг. Сэтгэл минь олон мэдрэмтгий тэмтрүүлтэй
болсон ч юм шиг, би далай тэнгисийн нөгөө талд, алс холд нүргэлэх
Ниагара хүрхрээг ч, энүүхэн зөрөг зам дээр унах алтлаг бороон дуслыг ч мэдэрч
байх шиг. Хус модны гялтганах их бие нүдэнд минь тусаж, би гэнэт гарын минь
оронд жижиг нойтон навчтай муруй мөчир, хөлийн минь оронд газрын гүн рүү орж
чийг шимэх хэдэн мянган нарийн үндэс байна гэж төсөөллөө. Бүх байгальтай
ингэж бүрмөсөн нэгдэх, хөвсгөр шар урт иштэй мөөг, тэмээлзгэнэ, нарны
цацраг байх ямар байдгийг мэдмээр санагдана. Би аз жаргалдаа автан гэнэт инээд
алдаад, чамайг эгэм, шилэн хүзүүн дээр чинь үнслээ. Чамд шүлэг уншиж өгмөөр
байвч, чи шүлэгт дургүй.
Царайд чинь үл мэдэг инээмсэглэл тодроод чи,
“Борооны дараа сайхан байна шүү,” гэлээ. Дараа нь багахан
бодлогошроод нэмж хэлэв: “Санаанд минь сая л орж ирлээ – би цай уух
урилгатай юм байна шүү дээ, нөгөө нэр нь хэн билээ... Пал Палычийнд. Ёстой
нэг уйтгартай хүн дээ. Гэхдээ яая гэх вэ, очихоос өөр аргагүй.”
Би Пал Палычийг хэзээнээс танина. Бид хамтдаа
загасанд явдаг байсан юм, тэр гэнэт цангинасан тенор хоолойгоор “Үдшийн хонх”
дууг дуулж эхэлдэг сэн. Тэр надад их таалагддаг байлаа. Шатам халуун дусал
навчнаас уруул дээр минь унав. Би чамтай хамт явъя гэлээ.
Чи эргэлзэнгүй мөрөө хавчив. “Бид тэнд уйдаж үхэх
байх даа. Ёстой аймшигтай.” Би бугуй руу чинь хараад санаа алдлаа.
“Явалгүй болохгүй нь. Гутлаа солих хэрэгтэй.”
Будан татсан унтлагын өрөөнд чинь нар, доош
буулгасан жалюзан хөшгөн завсраар тусаад алтлаг өнгийн хоёр шат үүсгэжээ. Чи
бөглүү дуугаар нэг юм хэллээ. Хөшигний гадна талд модод таатай чимээ гарган,
дээрх усан дуслаа гөвнө. Би дуу гарган инээмсэглээд чамайг зөөлөн, хөндий
тэвэрлээ.
Энэ
бүхэн ийм учиртай. Голын нэг эрэг дээр чиний цэцэрлэг нуга, нөгөө эрэг дээр
тосгон байх аж. Төв замд дугуйны хэсэг бусаг гүн мөр гарчээ. Шавхай тод
нил өнгөтэй, дугуйны мөр сүүтэй кофены өнгөтэй усаар дүүрсэн. Түлээ болгож
бэлдсэн хар модны сүүдэр холоос онцгой ялгарч харагдана.
Бид хоёр нэлээд элэгдсэн зөрөг замаар сүүдэр
дундуур явсаар хүнсний дэлгүүр, маргад ногоон өнгийн хаягтай дэн буудал, бууц,
шинэ хадлан үнэртэх нар туссан малын хашааны өмнүүр өнгөрлөө.
Сургуулийн чулуун байшин шинэ, эргэн тойронд нь агч
мод суулгажээ. Босгон дээр цагаан шилбэ нь гялалзах тосгоны хүүхэн алчуурынхаа
усыг хувин руу базална.
Чи, “Пал Палыч гэртээ бий юү?” гэж асуулаа. Үсээ
сүлжсэн, сэвхтэй хүүхэн над руу нүдээ онийлгон харав. “Бий, бий.” Хүүхэн
хувингаа дуугарган хөлөөрөө түлхлээ. “Хатагтай, ор ор. Тэр урланд байгаа байх.”
Бид шир шир хийх чимээн дундуур, эхлээд харанхуй
хонгилоор, дараа нь цэлгэр ангиар өнгөрлөө.
Явах зуур тэнгэрийн цэнхэр өнгөтэй газрын зураг
нүдэнд минь тусав. Би Орос орон бүхэлдээ нарны гэрэл, хонхор хотгороос
бүрдэж дээ гэж бодлоо. Нэг буланд бутарсан шохой гялтганана.
Цаахантаа, жижиг урланд нарсны үрдэс, модны цавуу
таатай үнэртэнэ. Гадуур цамцаа тайлсан том биетэй Пал Палыч хөлөрчихсөн, зүүн
хөлөө урагш сунгаад цагаан банзыг ёолуулан урамтай гэгч нь харуулдаж
байв. Хөлөрсөн халзан толгой нь гэрэлд урагш хойш хөдөлнө. Харуулдсан модны
нимгэн үрдэс тавиураас доошоо хуйларсан тууз шиг унана.
Би, “Пал Палыч, зочдоо хүлээж аваарай,” гэлээ.
Тэр сандран барьж тавихаа мэдэхээ болиод, чиний
сунгасан гарыг дасал болсон байдлаар тоомсоргүй, журамтай үнссэнийхээ дараа
нойтон хуруугаа алганд минь атгуулан надтай гар барив. Унжсан сахал, ер бусын
гүн үрчлээтэй царай нь тосон баримлаар нялж орхисон мэт байв.
Пал Палыч гэмтэй мэт инээмсэглэн, “Өршөөгөөрэй, би
хувцаслаж амжаагүй байна,” гэлээ. Цонхны ирмэг дээр цилиндр шиг өлгөсөн хоёр
ханцуйвчаа гартаа яаран углав.
Чи бугуйвчаа гялсхийлгэн, “Та юу хийж байгаа юм
бэ?” гэж асуулаа. Пал Палыч пиджакаа өмсөхөөр яарч байв. Шүлсээ үсчүүлэн,
уруулын гийгүүлэгчүүд дээр бага зэрэг тултиран, “Зүгээр цаг нөгчөөж байгаа юм,”
гэлээ. “Энэ жижиг тавиур ухаантай юм. Арай дуусаагүй.
Зүлгүүрдэж, чийдэх хэрэгтэй. Харин үүнийг хар даа – ‘Ялаа’ гэдэг
юм...” Тэр жижиг модон нисдэг тэрэгний загварыг алган завсраа хавчуулаад, үрж
хүч өгмөгц загвар нь дээш дуу гарган хөөрөөд, тааз мөргөн доош унав.
Царайд чинь тэрхэн зуур эелдэг инээмсэглэл тодроод
ариллаа. Пал Палыч, “Би ямар тэнэг юм бэ! Нөхөд минь, дээшээ гарцгаа. Энэ
хаалга чахардаг юм. Өршөөгөөрэй. Алив би зам заая. Уучлаарай, өрөө заваан
байгаа...” хэмээн урив.
Бид чахарсан шатаар дээш гарах зуур чи, “Намайг
урьснаа мартсан бололтой,” гэж англиар хэлэв.
Би нуруутай чинь цуг нимгэн торгон цамцны чинь
дөрвөлжин хээг харан араас чинь явж байлаа. Гэнэт доороос хашаанаас
бололтой, тосгоны хүүхний цангинасан дуу хадах нь тэр: “Герасим, хөөе
Герасим!” Гэнэт би, хорвоо ертөнц олон зуун жил ердөө энэ доор цангинах дуу,
чиний торгон цамцны цаахантаах далны хөнгөн хөдөлгөөн, нарсан банзны үнэрийг
нэгтгэн хөг хэмнэл үүсгэх гэж дэлгэрч, гандаж, хувьсан өөрчлөгдөж байсныг
тодхон ойлгов.
Пал
Палычийн өрөө нар туссан саруулхан хэдий ч арай л давчуу юм. Орны
дээдэх хананд шар арслангийн дүрстэй улаан хивс хадаж тогтоожээ. Нөгөө хананд
нь “Анна Каренина” романы нэг бүлгийг жаазанд хийн өлгөсөн байх бөгөөд тод,
бүдэг олон үсгийг Толстойн царай тодрохоор нарийн байрлуулсан аж.
Гэрийн эзэн гараа үрсээр чамайг сандалд урив. Урих
зуураа пиджакийн хормойгоороо ширээн дээрх цомгийг шүргэн газар унагах нь тэр.
Пал Палыч цомгийг газраас авсныхаа дараа цай, тараг, амт муутай хэдэн
жигнэмэг дээр нэмэрлэж шүүгээний шургуулгаас Ландрины хатуу чихрийн
цэцгэн хээтэй хайрцаг гаргалаа. Урагш тонгойход нь арьсан дээр нь том батга
харагдав. Цонхны тавцан дахь аалзны шүлс дунд шар хэдгэнэ орж үхжээ. Чи сандал
дээрээс тоомсоргүй авсан сониныхоо хуудсыг дуугарган гэнэт, “Сараево гэж хаанах
билээ?” гэж асуулаа. Пал Палыч цай аягалангаа, “Серб,” гэж хариулав.
Гар нь чичирсээр мөнгөн суурьтай шилэн аягатай уур
савссан цай чам руу болгоомжтой сунгав.
Пал Палыч над руу харан, “За май. Жигнэмэг
идэх сэн болов уу?.. Ер яагаад бөмбөг дэлбэлээд байгаа юм бол?” гээд мөрөө
хүчтэй хавчлаа.
Би тэр үед томоос том шилэн хүндрүүлэгчийг хэд дэх
удаагаа ч юм дахин шинжилж байв. Шилэн дотор, ягаандуу өнгийн тэнгэр доор
алтлаг өнгийн элсэн ширхгээр бүрсэн Гэгээн Исакийн дуган. Чи хөхрөөд, чанга
дуугаар уншив: “Худалдааны хоёрдугаар нэгдлийн гишүүн нөхөр Ерошиныг өчигдөр
Квисисана зоогийн газар баривчлав. Ерошин худал амлалт өгөн...” Дахиад хөхрөв.
“Үгүй дээ, цаашаа их ичмээр юм.”
Пал Палыч сандрав, царай нь хүрэн улаан гэмээр
өнгөтэй болоод халбагаа доош алдлаа. Цонхны дөнгөж гаднахан агч мод гялтганана.
Ачааны тэрэг так так дуугарсаар өнгөрөв. Хаанаас ч юм зөөлөн, цөхөрсөн дуу
сонстлоо: “Зайр-маг!..”
Пал
Палыч сургууль, согтуу хүн, голд үзэгдэх болсон алгана загасны тухай ярив. Би ч
түүний байдал төрхийг шинжиж эхэллээ. Надад түүнийг анх удаа харж байгаа мэт
сэтгэгдэл төрөв. Анх уулзахад төрсөн сэтгэгдэл огт өөрчлөгдөхгүй зүйл мэт
сэтгэлд минь шингэжээ. Пал Палычийг бодох бүрд санаанд минь уруул дээрээ гүн
шар сахалтайгаас гадна эрүүнд нь түүнтэй нь зохицсон жижиг сахал байсан
санагдах юм. Орос хүний царайнд санаанаасаа сахал зохиох нь нэлээд түгээмэл
үзэгдэл. Харин одоо би, юу ч гэмээр юм, дотоод нүдээрээ харах юм бол эрүү нь
мөлгөр, сахалгүйгээс гадна бага зэрэг хонхордуу болохыг харж байна. Том махлаг
хамартайн дээр зүүн зовхи дээрх жижиг үүг нь болдог сон бол зүсээд
авчихмаар санагдана – гэхдээ энэ үүг авах нь түүнийг цааш харуулна гэсэн үг.
Учир нь тэр жижиг үү Пал Палычийг бүхэлд нь тодорхойлж байв. Энэ бүхнийг
анзааран түүнийг шинжсэнийхээ дараа сэтгэлээ овооны уруу түлхэх мэт зөөлөн
нударч хүч өгөхөөр би одоо Пал Палычийн дотор орчих нь тэр. Түүний дотор таатай
гэгч нь тараад, дотроос нь үрчгэр зовхи, цамцны цардсан захны үзүүр, халзан
толгой дээр нь суух ялааг мэдэрлээ. Би одоо хуурай, тогтворгүй нүдээрээ бүгдийг
шинжиж байна. Орны дээрх шар арслан одоо надад миний багын зүйл шиг танил.
Товгор шилний цаадах өнгөт ил захидал ер бусын тансаг зугаатай зүйл болж
хувирав. Одоо түшлэгийг нь нэгэнт өөриймссөн сандалд сууж буй миний
өмнөх хүн чи биш, харин сургуульд хандив оруулсан огт танихгүй
эмэгтэй болжээ. Би тэр даруй чиний дотор ч бас зовох юмгүй нэвтрээд, өвдөгний
чинь дээрх татуургын тууз, түүнээс арай дээхэнтээх торон имжээр бие ялимгүй
загатнуулахыг мэдрэн, чиний өмнөөс гадаа ямар халуун, уйтгартай байгааг, тамхи
татмаар санагдаж байгааг бодлоо. Яг тэр мөчид чи цүнхнээсээ тамхины алтан
хайрцгаа гаргаад тамхиа соруулдаа шургуулав. Ийнхүү би бүх юман дотор байлаа –
чиний, тамхины, соруулын, сандран чүдэнз асаах гэж оролдох Пал Палычийн, шилэн
хүндрүүлэгчийн, цонхны тавцан дахь үхсэн хэдгэнийн дотор.
Тэр
цагаас хойш олон жил өнгөрсөн. Аймхай махлаг Пал Палыч хаана ч яваа юм, бүү
мэд. Би түүний тухай ер нь бараг боддоггүй ч хааяа түүний дүр миний одоо үеийн
цаг хугацаа, орон зайд шилжсэн байна гэж зүүдэлдэг юм. Тэр гандсан бүрх
малгайгаа барьсаар өрөөнд орж ирээд, инээд хүрмээр сандарч тэвдэн мэндлээд, том
алчуураар халзан толгой, улаа бутарсан шилэн хүзүүгээ арчина. Түүнтэй цуг чи
хэзээ ямагт доогуураа бүстэй торгон нимгэн цамцтайгаа залхсан байртай зүүдэнд
минь өнгөрнө.
Тэр
ер бусын баяр хөөртэй өдөр надад ярих хүсэл бараг төрөхгүй байв. Би үйрмэг аарц
халбагадангаа гарах дуу чимээ бүрд чих тавьж байлаа. Пал Палыч чимээгүй
болохоор гэдэс нь хоржигнож байгаа нь сонстоно – зөөлөн хяхтнаан, бараг зэргийн
хоржигноон. Тэр яаран хоолойгоо засаад, өөр ямар нэг юм ярьж эхэлнэ. Гацаад
үгээ зөв сонгох гэж хөмсгөө зангидан, хуруугаараа ширээн дээр хэмнэлтэй товшиж
байв. Намхан сандалд шигдээд тоосон шинжгүй чимээгүй суух чи толгойгоо
хажуу тийш эргүүлэн, шовх тохойгоо өргөн, шилэн хүзүүн дэх сүлбээр зүүгээ
засангаа над руу нэг харав. Чи намайг, бид хоёр хамт ирсэн болохоор Пал Палыч
бидний учиртайг ойлгосон байх гэж бодож, түгшиж байна гэж бодож байна. Ингэж бодож
байгаа чинь надад зугаатай санагдлаа. Би зориуд нөхөр, нөхрийн чинь ажлын тухай
ярихад Пал Палычийн багахан ичиж улайх нь ч надад зугаатай байв.
Нар
сургуулийн өмнөх агч модны доогуур тусна. Пал Палыч бидний ирсэнд талархан
урагш мэхийн ёсолсныхоо дараа босгон дээр зогсон дахин нэг мэхийв. Гадаа ханан
дахь дулаан хэмжигчийн шил наранд гялалзлаа.
Тосгоныг өнгөрч, гүүрээр гараад гэрт чинь
хүрэх өгсүүр замаар өгсөх зуур би тохойноос чинь таттал чи баяр хөөртэй
байгаагаа харуулан над руу инээмсэглэв. Надад гэнэт Пал Палычийн жижиг үрчлээ,
гялалзсан гэгээн Исакийн дуганы тухай яримаар санагдсан ч ярьж эхэлмэгцээ
амнаас минь буруу үг гарч, хачин утгагүй юм ярьж байгаа мэт санагдлаа.
Өхөөрдсөн байртай, “Завхарсан юм,” гэхээр чинь би ярианыхаа сэдвийг өөрчиллөө.
Би чамд юу хэрэгтэйг мэднэ: Энгийн мэдрэмж, энгийн үгс. Чи чимээгүй байх гэж
хүчилдэггүй, байгаа чинь л тэр, яг чимээгүй үүлс, өвс ногоо шиг.
Чимээгүй байна гэдэг нууцыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Чамд ч нууц
мундахгүй их.
Хөвсгөр
цамцтай ажилчин хадуураа цангинуулан ирлэж байв. Хадаж амжаагүй бэр цэцэг
дээгүүр эрвээхэй ниснэ. Мөрөн дээрээ цайвар ногоон алчуур тохож, хар үсэндээ
хонин нүдэн цэцэг хавчуулсан жаахан охин бидэн рүү дөхнө. Би түүнийг өмнө нь
хоёр гурван удаа харсан, наранд борлосон урт хүзүү нь санаанд минь тод үлдэж.
Охин бидний хажуугаар өнгөрөнгөө онигордуу нүдээрээ над руу анхааралтай харав.
Дараа нь шуудуун дээгүүр болгоомжтой харайгаад яшил моддын араар далд орлоо.
Хөгсгөр бутан дээгүүр мөнгөлөг чичиргээ хөвж өнгөрөв. Чи, “Энэ яг манай
цэцэрлэгээр зугаалсан байх. Энэ амрагчдыг уу...” гэлээ. Хөгшин, тарган эм
фокстерьер хав замаар эзнийхээ араас явна. Чи нохойд их хайртай.
Жижиг амьтан чихээ арагш болгон, гэдсэн дээрээ мөлхөн, сүүлээ хаясаар бидэн рүү
ирэв. Гараа сунгахаар чинь дээш харж хэвтээд чамд газрын зураг шиг саарал
толботой ягаан гэдсээ харууллаа. Чи хавыг илэнгээ, “Ямар хөөрхөн
амьтан бэ,” гэв.
Фокстерьер хэсэг дээш харж хэвтээд, зөөлөн гийнаад,
босож шуудуун дээгүүр харайгаад алга боллоо.
Чи цэцэрлэгийн намхан хаалга руу ойртоод тамхи
татахаар шийдэн, цүнхэн доторхоо уудлаад зөөлөн гаслав. Тэгснээ, “Ямар
тэнэг юм бэ. Соруулаа Пал Палычийнд орхичхож,” гээд мөрөнд минь хүрлээ. “Хонгор
минь, гүйж очоод аваад ирэх үү? Соруулгүй тамхи татаж чадахгүйг минь мэднэ
дээ.” Би анивчих сормуус, бүдэг инээмсэглэлийг чинь үнсээд чанга инээлээ.
Чи араас минь, “Хурдлаарай,” гэв. Би гүйж эхэллээ,
яарах зүйл байгаа болохоор тэр биш, харин миний эргэн тойрон дахь бүх юм –
бутны солонгорсон өнгө, нойтон өвсөн дээрх үүлсийн сүүдэр, өвс хадах төхөөрөмжийн
урдхантаа арай гэж амжиж шуудуу руу үсрэх хөх ягаан цэцэгс – гүйж байсан
болохоор л тэр.
Би
арван минутын дараа хөлсөндөө баригдаад сургуулийн шатаар дээш гарч байв. Хүрэн
хаалгыг нүдлээ. Дотор орны пүрш дуугарав. Би хаалганы бариулыг татаж үзсэн ч
хаалга түгжээтэй аж. Пал Палычийн сандарсан хоолойгоор, “Хэн бэ?”
гэх нь дуулдав.
Би, “Алив, хаалгаа нээ!” гэж хашхирлаа. Дахин пүрш
дуугараад, нүцгэн хөл шал алгадах чимээ гарав. “Пал Палыч, хаалгаа яагаад
түгжээ вэ?” Би ингэж асуусан даруйдаа нүд нь улайсан байгааг анзаарлаа.
“Алив, ор ор... Чамтай дахиад уулзах сайхан байлаа.
Унтаж орхиж. Алив дотогшоо ор.”
Би түүн рүү харахгүйг хичээн, “Энд соруулаа орхисон
гэнэ,” гэлээ.
Эцэст нь бид ногоон паалантай соруулыг чинь
сандал доороос оллоо. Би соруулыг аваад халаасандаа хийв. Пал Палыч алчуураа
аваад нусаа нийж байв.
Тэр гэнэт орон дээрээ суугаад, “Тэр их гайхалтай
эмэгтэй,” гэх нь тэр. Санаа алдаад, над руу нэг хяламхийв. “Орос бүсгүйчүүдэд
нэг тийм юм байдаг, нэг тийм...” Нүүр нь бүхэлдээ үрчлээтээд, тэр духаа
маажлаа. “Нэг тийм...” Амандаа зөөлөн бувтнав. “Бусдын төлөө өөрийгөө золиослох
сэтгэл. Ертөнцөд үүнээс агуу зүйл гэж үгүй. Ер бусын эрхэмсэг бусдын төлөө
өөрийгөө золиослох сэтгэл.” Хоёр гараа толгойныхоо ард бариад, догдлонгуй
инээмсэглэв.
“Ер бусын...” Пал Палыч чимээгүй болоод, гэнэт өөр
өнгөөр, инээдийг минь хүргэх гэхдээ ярьдаг тэр өнгөөрөө асуув: “За тэгээд өөр
юу гэмээр байна даа?” Надад түүнийг тэвэрмээр, сонсохыг хүссэн зөөлөн, дулаан
үгийг нь хэлмээр санагдав. “Пал Палыч, та гадуур явах хэрэгтэй. Юунд энэ бүгчим
өрөөнд уйтгарлаж суудаг юм бэ?”
Тэр дэмий гэсэн байртай гараа савлав. “Би харах юу
байна бүгдийг нь харсан. Гадаа халуунд нозоорохоос өөр юу хийх вэ дээ...”
Хавдсан нүд, сахлаа нухав. “Нээрэн орой загасанд явдаг ч юм билүү.” Зовхин дээрх
үү нь жирвэсхийлээ.
Уг нь би түүнээс ингэж асуух ёстой байсан юм:
“Хайрт Пал Палыч минь дээ, түрүүнд юунд нүүрээ дэр лүүгээ шургуулаад хэвтэж
байсан юм бэ? Ханиад хүрсэн юм уу эсвэл өөр шалтгаан байна уу? Та ер эмэгтэй
хүнд дурлаж үзсэн үү? Гадаа хурц нар гараад, хаа сайгүй ус тогтсон ийм сайхан
өдөр юунд уйлсан юм бэ?..”
Би тэнд орхисон шилэн аяга, үсгээр зурсан Толстой,
ширээн доорх чих шиг гогцоотой гутлыг хараад, “За, Пал Палыч аа, би явъя
даа,” гэлээ.
Улаан шалан дээр хоёр ялаа суулаа. Нэг нь нөгөөгийнхөө
дээр гарав. Дүнгэнэсээр нисээд явчихлаа.
Пал Палыч амьсгаагаа удаан гарган, “Гомдоллох юм
алга,” гэв. “Би угаасаа сурчихсан юм. За, чи одоо яв даа.”
Би
дахиад зөрөг замаар, яшил модны хажуугаар гүйж байх нь тэр. Би өрөөл бусдын
зовлонгоор биеэ угаагаад, нулимсанд нь гял цал болсон мэт байв. Тийм баяр
хөөртэй байсан мөч амьдралд минь төдий олон биш: Ердөө газар луу бөхийсөн мод,
цоорхой бээлий, морины нүд харах мөч л... Бүх зүйл өөр хоорондоо зохицсон
болохоор би тийм аз жаргалтай байсан хэрэг. Яг нэг хөдөлгөөн, гэрэл гэгээ шиг
аз жаргалтай. Би урьд нь тоо томшгүй оршихуй, эд зүйл болж хуваагдсан байсан.
Одоо нэг болсон. Маргааш дахиад хуваагдана. Орчлонгийн бүх зүйл ингэж дусал
дуслаар эмх цэгцтэй болно. Би тэгэхэд давлагаан дээр байсан. Миний эргэн тойрон
дахь бүх юм нэгдсэн нэг зохицлын нотууд болохыг би мэдэж байлаа; нэг мөчид
нэгдэн нийлсэн дуу чимээнүүд хаанаас гарч байгааг, гарцаагүй тархан одохыг, тал
тал тийшээ тархан одох ноот тус бүрээс төрөх шинэ аккордыг би мэдэж байв.
Сэтгэлийн минь чих бүх зүйлийг сонсон ойлгоно.
Чи
намайг цэцэрлэг дундуур чулуун замтай, нэг давхрын гадна тагтны шатны өмнө
хүлээж байлаа. Чи надад даруй ингэж хэлэв: “Намайг эзгүйд нөхөр минь
хотоос залгасан байна. Арван цагийн галт тэргээр ирж байгаа гэнэ. Ямар нэг
болсон бололтой. Нэг тийшээ томилогдсон байж ч магад.”
Хөх цэгцгий элсэн дээгүүр саарал–цэнхэр салхи шиг
үсчиж байв. Зогсоод, хоёр гурав алхаад, дахин зогсоод, дахин хэд хэд алхана...
Хөх цэгцгий, миний барьсан соруул, чиний нүд, даашинз дээр чинь тусах нарны
цоохор туяа... Өөрөөр байх аргагүй.
Чи хөмсгөө зангидан, “Би юу бодож байгааг чинь
мэдэж байна,” гэв. “Чи хэн нэгэн түүнд ярих вий гэж санаа зовж байгаа биз.
Гэхдээ тэр тоохгүй... Юу гээч, би...”
Би царай руу чинь эгцлэн харлаа. Чин сэтгэлээсээ эв
эгц харав. Чамтай харц мөргөлдлөө. Нүд чинь үнэтэй номын зургийг хамгаалахад
хэрэглэдэг завсрын нимгэн хуудсыг авчихсан юм шиг тунгалаг. Дуу чинь ч анх удаа
тийм тунгалаг гарав. “Би юу гэж шийдсэн гээч? Аан гээ. Би чамгүйгээр
амьдарч чадахгүй. Нөхөртөө ч яг ингэж хэлнэ. Тэр надаас даруй сална. Тэгэхээр,
хоёулаа намар гэхэд...”
Би чимээгүй байдлаараа яриаг чинь таслав.
Чи гэдрэг багахан ухрахаар нарны цоохор туяа даашинзнаас чинь
элс рүү гулсан уналаа.
Би чамд юу гэж хэлэлтэй билээ? Эрх чөлөө, бусдын
хараат болох тухай ярьж чамд тийм ч хайртай биш гэдгээ ойлгуулах гэж үү? Үгүй,
тэгж болохгүй.
Хэсэг хугацаа өнгөрөв. Энэ богино хугацаанд хорвоо
дэлхийд олон зүйл болов: Хаана нэгэнтээ томоос том усан онгоц далайн гүнд
живлээ, дайн гарлаа, сод ухаантан төрлөө. Хэсэг хугацаа өнгөрөв.
Би, “Май соруул чинь,” гэлээ. “Сандал доор уначхаж.
Юу болсон гээч? Намайг ортол Пал Палыч...”
Чи, “За, чи одоо яв даа,” гээд эргээд шатаар хурдан
гүйж гарав. Шилэн хаалганы бариулыг барьсан ч хаалгыг нээсэнгүй. Чамд яг там
шиг санагдсан биз.
Би
таатай нойтон орчинд, цэцэрлэг дунд хэсэг зогслоо. Дараа нь гараа халаасандаа
хийгээд, гэрийн чинь эргэн тойрон дахь элстэй замаар хэсэг явав. Дугуй минь урд
тагтан дээр байх юм. Би дугуйныхаа намхан жолоо руу нь бөхийгөөд цэцэрлэгийн
замаар явлаа. Замын хоёр талд мэлхий. Би нэгийг нь санамсаргүй дайрчихлаа.
Мэлхий дугуйн доор дуу гарган няцлагдав. Замын төгсгөлд вандан сандал. Би
дугуйгаа мод руу налуулаад урин дуудсан цагаан өнгөтэй банзан дээр суулаа. Хэд
хоногийн дараа би чамаас захиа авна, чи намайг дуудна, харин би буцаж очихгүй.
Сүүлтэй төгөлдөр хуур, “Урлагийн шүүмж” сэтгүүлийн тоостой
дугаарууд, дугуй хүрээтэй сүүдэр хөрөгтэй гэр чинь гайхалтай, гунигтай, холын
холд хоцорлоо. Чамайг алдах таатай байлаа. Чи шилэн хаалгыг хүчтэй түлхээд явж
одсон. Харин өөр нэг чи, догдлон үнсэхтэй минь зэрэгцэн цонхигор нүдээ нээсээр
салж явсан.
Би
орой болтол тэнд суулаа. Дэлэнч үл үзэгдэх нарийн утас татаж буй мэт дээш доош
үсчиж байв. Гэнэт ойр нэгэнтээ гялсхийх зүйл нүдэнд минь тусав – чиний даашинз,
чи...
Сүүлчийн чичиргээ замхраагүй байсан гэж үү? Тиймээс
ч дахин ийшээ ирэх чинь, надад харагдахуйц газар зогсох чинь, ойртон ирж байгаа
чинь намайг цухалдуулав. Би биеэ хүчлэн толгойгоо эргүүллээ. Энэ чи биш, нөгөө
ногоондуу алчууртай охин байв – санаж байна уу, бидэнтэй замд таарсан охин? Бас
инээд хүрэм гэдэстэй фокстерьер нь...
Тэд навчис дундах ойн цоорхойгоор ороод, өнгө
алагласан цонхтой жижиг мухлаг хүрэх гүүрээр гарав. Охин уйдаад, цэцэрлэгээр
чинь дэмий тэнэж явна, би түүнтэй танилцах ч магадгүй.
Би аажуухан босоод, дугуйгаа аажим жийсээр, хөл
хөдөлгөөнгүй цэцэрлэгээр өнгөрөөд, төв зам руу, сүр төгөлдөр жаргаж буй нарны
гэрэлд гараад, эргэх замын эцэст хүрэхээс нь өмнө морин тэргийг гүйцлээ.
Танай тэрэгчин Семен тикир тикир чимээ гарган галт тэрэгний зогсоол руу явж
байгаа нь энэ. Намайг хармагцаа саравчтай малгайгаа аажим аваад, толгойн ардах
шаргал туг үсээ илээд, малгайгаа дахин өмсөв. Суудлын хэсэгт дөрвөлжин хээтэй
бүтээлэг эвхээстэй. Хар морины нүдэнд ер бусын гялбаа тусав. Би замаар доош
дөрөөгөө жийлгүй нисэх шахан гол руу буугаад, гүүрэн дээрээс доор эргийн кабины
урт тавцан дээр загасны дэгээ барьсаар суух Пал Палычийн бүрх малгай, шувтандуу
мөрийг харлаа. Тоормослоод, гүүрний төмөр хашлагаас барьж зогсов.
“Пал Палыч! Загас баригдаж байна уу?” Тэр дээш
хараад, өхөөрдөм байдалтай, чин сэтгэлээсээ гар даллав.
Ягаан өнгийн толь шиг усан мандлаас сарьсан
багваахай сум шиг ухасхийнэ. Навчсын тусгал хар торон нэхээс шиг харагдана. Пал
Палыч холоос надад нэг юм хэлсээр гар даллана. Хоёр дахь өөр нэг Пал Палыч хар
давлагаан дунд чичирсхийнэ. Би инээд алдан төмөр хашлагаас холдлоо.
Сайтар дагтаршсан зөрөг зам дээгүүр чимээгүй
хурдалсаар модон байшингийн өмнүүр өнгөрөхөд бүүдгэр агаарт тогтсон үхэр мөөрөх
дуу ард минь үлдэв. Ганц хоёр зэрлэг шувуу гуагласаар агаарт хөөрлөө. Гэх зуур
цаахантаа, төв замд, жаргаж буй нарны төгсгөлгүй туяанд багахан униар татсан
талбайн дунд, анир чимээгүй. ♦
Владимир Набоков (1899 – 1977) орос гаралтай
америк зохиолч, яруу найрагч, орчуулагч. Орост төрсөн тэрээр эхний есөн романаа
Берлинд амьдарч байхдаа (1926–1938) орос хэлээр бичсэн ч Америк руу нүүж,
англиар бүтээлээ туурвиж эхэлснийхээ дараагаар л олон улсад алдаршжээ. Набоков
бүтээлийнхээ үйл явдлыг нарийн төвөгтэй байдлаар төлөвлөж, үгийн давхар утгаар
наадан, хурц зоригтой зүйрлэл ашиглаж, уран яруу бичдэгээрээ алдартай.
“Лолита”, “Бүдэг дөл” роман, “Дохио тэмдэг”, “Фиалтагийн хавар”, “Үл таних
газар нутаг” өгүүллэгүүд нь хамгаас илүү танигдсан.
No comments:
Post a Comment