(өгүүллэг)
Миний тухай элдэв юм ярьж байгааг би
мэдэлгүй яах вэ; надад итгэнэ үү, тэдний талд орно уу, та өөрөө л мэд. Би ердөө
Юнис, Оливия-Анн хоёрын хэлсний хариуд хэлэхийг хүссэнээ л бичиж байна; жаахан
ч болов юм ялгаж хардаг хоёр нүдтэй хэн ч болов хэн нь эрүүл ухаантай, хэн нь
галзуу солиотойг ялгаж дөнгөх биз. Би АНУ-ын ард түмэн болсон бүх явдлыг үнэн
зөвөөр мэдээсэй гэж л хүсэж байна, өөр зүйлгүй.
Юу болсон бэ
гэхээр: Нарны тооллын энэ жилийн наймдугаар сарын арван хоёрны Ням гаригт Юнис
Иргэний дайнд байлдаж явсан ааваас нь үлдсэн сэлмээр намайг цавчиж алах гэсэн,
харин Оливия-Анн гучин сантиметрийн урттай балиусаар замд нь таарсан бүх юмыг
зүсэж огточсон. Гэхдээ энэ хүртэл ямар их юм болсон гээч.
Миний азгүйдэл
зургаан сарын өмнө Маржтай гэрлэхээс эхэлсэн билээ. Энэ яах аргагүй миний эхний
алдаа байсан. Бид Мобайлд танилцсанаасаа дөрөв хоногийн дараа гэрлэсэн юм.
Хоёулаа арван зургаатай; Марж миний үеэл Жоржиятай найз, тэднийд зочилж ирсэн
хэрэг л дээ. Би одоо тийм охины ер юунд нь болсноо бодоод бодоод олохгүй юм.
Царайлаг биш, бие галбир муутай, дээр нь ёстой усан тэнэг. Гэхдээ Марж шаргал
үстэй, бүр төрөлхийн шаргал үстэй, би магадгүй үүнд нь л татагдсан байх.
Гэрлээд ер гурван сар ч болоогүй байтал, нэг харсан чинь Маржийн гэдэс цүдийж
эхэлсэн байх юм; жирэмсэн; миний хоёр дахь алдаа. Дараа нь тэр бахирч
хашхичаад, гэртээ харина, ээжийндээ очно энэ тэр гэх болсон – гэхдээ юуных нь
ээж байх вэ дээ, тэр угтаа ээжгүй, байгаагаас ердөө энэ хоёр нагац эгч нь л
бий: Юнис, Оливия-Анн хоёр. Марж эцэст нь намайг Кэш-н-Кэри дэх худалдагчийн
аятайхан ажлаа орхиод ийшээ, Адмиралс Милл гэдэг төмөр замаас өөр нүдэнд торох
юмгүй муухай, заваан газар руу авчрав.
Биднийг “L & N” галт тэрэгний зогсоолд буухад бороо
хувингаар цутгаж байгаа мэт асгарч байлаа; гэтэл бид хоёрыг тосохоор хүн ирсэн
гэж бодож байна уу? Үгүй. Дээр нь би нааш гарахаасаа өмнө дөчин хоёр цент
зарцуулан байж цахилгаан явуулсан байхад шүү. Бод доо: Эхнэр минь жирэмсэн, бид хоёр усан борооноор бүхэл
бүтэн арван километр явган явах болж байв. Марж ёстой зүдэрч гүйцсэн, миний
нуруу өвддөг болохоор хүнд юм өргөх хориотой юм л даа. Тэдний байшинг анх
хараад надад үнэндээ таалагдсан; худлаа хэлэх хэрэг юу байна. Томоос том шар
байшин, урд талдаа олон баганатай, улаан цагаан алагласан япон сарнайтай,
сэтгэл татам сайхан байшин.
Юнис,
Оливия-Анн хоёр бидний ирж байгааг хараад, угтаж авахаар үүдний хонгил руугаа
гарч ирсэн байв. Та тэднийг нэг удаа ч болов харсан болоосой. Ёстой тэр дороо
ухаан алдаж унах байсан биз! Юнис аварга том биетэй, бүдүүн хөгшин авгай, ердөө
өгзөг нь л гэхэд дангаараа зуун килограмм өлхөн татна. Гадаа бороо орж байна
уу, нар шарж байна уу хамаагүй, гэртээ байнга хуучны загвартай унтлагын
хувцастайгаа холхино, кимоно юм гэнэ, үнэндээ бол хиртэй сарафанаас өөрцгүй юм.
Дээр нь байнга дүнсэн тамхи зажилна, гэхдээ их соёлтой боловсон хүн юм
болохоороо хүмүүс хараагүй үед нулимж хаяна. Юм л бол боловсролтой, ухаантайгаа
гайхна, намайг доош нь хийх гэж, доромжлох гэж тэр. Би огт тоохгүй, угаасаа үг
нэг бүрийг үсэглэхгүйгээр хүүхдийн сэтгүүл ч уншиж дөнгөдөггүйг нь сайн мэдэх
юм чинь. Гэхдээ үүнийг хэлэлгүй өнгөрч болохгүй: Тоо нэмж хасах, мөнгө тоолох
тухайд Юнисийг хэн ч гүйцэхгүй; Вашингтонд ажиллаж байсан хүн угаасаа өөр яах ч
билээ. Би түүнийг их хөрөнгө мөнгөтэй гэх гээгүй шүү! Өөрөө бол мөнгөгүй л
гэнэ, гэхдээ мөнгөтэй, би мэдэлгүй яах вэ, нэг удаа гадаа тагтан дээрх цэцгийн
вааранд мянган орчим доллар олсон юм чинь, Юнис мөнгөө тийшээ нуусан байж. Би
нэг цент ч аваагүй, харин Юнис намайг зуун доллар хулгайлсан гээд байгаа юм;
худал, бүр авах юмгүй худал. Адмиралс Миллд хүн бүр Юнисийн юу хэлэхийг тушаал
мэт сонсдог, учир нь хүн бүр түүнд өртэй; Юнис, Чарли Карсон (1896 оноос хойш
ер хөдлөхөө больсон таг сохор, ерэн настай хэвтрийн өвгөн) өөрийг нь газар дээш
харуулан дарж аваад элдэвлэсэн гэхэд ч, тэндхийнхэн тэр даяараа Библи дээр
гараа тавьж байгаад Юнис үнэн ярьж байна гэж андгайлахад бэлэн, тийм л хүмүүс.
Оливия-Анн
бүр Юнисээс ч дор: Үүнд эргэлзэх юмгүй. Гэхдээ тэр Юнис шиг ууртай биш;
төрөлхийн мэдрэл муутай, дээр дээврийн хөндийд оруулаад, түгжиж баймаар тийм
солиотой амьтан. Цонхигор царайтай, өлбөрч үхэх гэж байгаа юм шиг туранхай,
сахалтай хүүхэн. Ихэнхдээ буланд суугаад балиусаараа цохиур зорно эсвэл ямар
нэг хорон юм сэдэж байна, яг хатагтай Харри Стеллер Смитийг чадсан шигээ. Би уг
нь үүнийг хэнд ч хэлэхгүй гэж амласан л даа, гэхдээ амь наана там цаана болох
үед хүн хэнд юу амлаж юу амлаагүйгээ ялгаж салгахаа ч больдог юм билээ.
Хатагтай
Харри Стеллер Смит гэж Юнисийн канар бялзуухайн нэр; Пенсаколад уламжлалт эм
дом хийж зардаг нэг хүүхний нэрээр нэрлэсэн юм байх. Юнис тэр хүүхнээс өвчин
бүрийг эдгээдэг гээд нэг эм авдаг байсан юм. Би нэг өдөр зочны өрөөнд сүртэй
чимээ гарахаар нь очоод хаалга нээтэл юу харсан гэж санана! Оливия-Анн том шүүр
бариад, хатагтай Харри Стеллер Смитийг цонхоор гаргахаар хөөж байв. Шувууны
торны хаалгыг байдгаар нь нээсэн байлаа. Би тэр үед дотогш ороогүй бол
Оливия-Анныг ингэсэн гэж хэн ч мэдэхгүй өнгөрөх байв. Оливия-Анн намайг өөрийг
нь Юнист ховлох вий гэж айсандаа надад үнэнээ илчлэв, хөөрхий амьтныг ингэж
торонд хорих нь буруу юм гэнэ, тэгээд ч хатагтай Харри Стеллер Смитийн жиргэх
чимээ хамаг уур цухлыг нь бардаг юм байх. Би түүнийг өрөвдсөн, тэр ч надад хоёр
доллар өгсөн; бид хоёр нэг тал болоод Юнист юу гэж худлаа хэлэхээ бодож олсон.
Би тэр хоёр долларыг нь авахгүй байж болох л байсан, гэхдээ авахгүй бол санаа
нь амрахгүй, гомдох шинжтэй байхаар нь дуртай дургүй авсан юм.
Намайг
тэднийд анх очиход Юнисийн амнаас хамгийн түрүүнд ямар өгүүлбэр унасан гээч.
Тэр яг ингэж хэлсэн: “Марж, чи тэгээд үүнтэй гэрлэх гэж гэрээсээ зугтсан юм биз
дээ?”
Марж хариуд
нь, “Их царайлаг, дажгүй залуу байгаа биз дээ, Юнис нагац аа?” гэж намайг
өмөөрөв.
Юнис намайг
дээрээс доош нь шинжээд, “Алив үүндээ цаашаа нэг эргэ гэ дээ,” гэж
захиргаадлаа.
Намайг
цаашаа эргэх зуур Юнис, “Хөөрхий, явж явж хамгийн жулдрай амьтныг олсон байх
шив. Үүнийг чинь эр хүн гэхэд ч хэцүү юм,” гэдэг байгаа!
Намайг өмнө
нь хэн ч ингэж доромжилж байгаагүй! Би тийм ч бие хаа сайтай, мах булчин нь
жигдэрсэн хүн биш л дээ, гэхдээ угаасаа нас залуу, цус шингэн байна.
Марж,
“Яалаа гэж дээ. Эр хүн байлгүй яах вэ,” гэв.
Оливия-Анн
амаа ангайгаад хөшиж орхисон байв, ам руу нь ялаа нисэж орох нь ээ. Тэгснээ
гэнэт сэргээд хэллээ: “Эгчийн хэлэхийг сонсоо биз дээ? Үүнийг чинь эр хүн гэхэд
ч хэцүү юм. Энэ жулдрайг хараач, эр хүн гээд онгироод байгааг нь! Юуны чинь эр
хүн! Энэ чинь эмэгтэй, эмэгтэй!”
Марж,
“Оливия-Анн нагац аа, та энэ хүн миний нөхөр, удахгүй төрөх хүүхдийн минь эцэг
гэдгийг мартаад байх шиг байна,” гэв.
Юнис хачин
муухай дуу гаргаад, “За за, тийм байж, гэхдээ би чиний оронд байсан бол ийм
нөхөртэйгөө хүнд хэлэхээсээ ч ичих юм байна,” гэв.
Зочноо
үнэхээр гайхалтай угтаж авч байгаа биз? Хүн Кэш-н-Кэри дэх аятайхан ажлаа
орхиод ирж байхад шүү!
Гэхдээ тэр
орой болсон өнгөрсөн үйл явдлын хажууд энэ юу ч биш. Зарц Блюбелл ширээ
хураасны дараа Марж аль болох найрсаг дуугаар Юнисээс машиныг нь аваад Феникс
хот руу явж кино үзэж болох үгүйг асуув.
Гэтэл Юнис,
“Чи галзуурсан байх аа,” гэх нь тэр; наад өмсөж байгаа кимоногоо түр зээлээч
гэсэн аятай.
Оливия-Анн
ч, “Чи галзуурсан байх аа,” гэж давтав.
Юнис, “Цаг
зургаа болж байна. Тэгээд ч чиний энэ эр хүн ухаантай хөгийн юманд дөнгөж авсан
34 оны загвар Шевроле машинаа унуулна гэж бодож байгаа бол ёстой галзуурсан
гэхээс өөр юу гэх вэ дээ,” гэж айлдлаа.
Марж иймэрхүү
юм сонсохоороо шууд уйлчихдаг юм.
Би түүнд,
“Хайрт минь, гомдох хэрэггүй, битгий тоо, би
цагтаа Кадиллак байтугай л унаж явлаа,” гэж дуулгалаа.
Юнис
хамраараа, “Хн,” гэх чимээ гаргав.
Би, “Тийм
шүү,” гэлээ.
Юнис,
“Үхсэнийх нь машин унах, энэ хөгийн амьтан анжис барьж үзсэн бол би бензин
халаагаад арван ширхэг үхсэн хулгана шарж идэхэд ч бэлэн байна,” гэв.
Марж, “Нөхрийн
минь тухай ингэж ярихыг тань би зөвшөөрөхгүй. Та яасан ичдэггүй юм бэ! Угаасаа
намайг өөр мужийн танихгүй хүнтэй гэрлэсэн гэж л ингэж байгаа биз” гэлээ.
Юнис, “Энэ
харин ч чамд яг таарсан нөхөр юм биш үү,” гэтэл Оливия-Анн ч, “Ийм хачин юм
яриад бидний бодлыг өөрчилнө гэж санасны гарз. Бид ч бас тус бүр хоёр хоёр
нүдтэй” гэж дэмжих аядав. Дуу нь яг ороо нь орсон илжиг янцгааж байгаа юм шиг
гарч байлаа.
Юнисийг,
“Биднийг тийм амар хуурна гэж байхгүй шүү,” гэхтэй зэрэг Марж хариуд нь, “Би та
нарт нэг л юм хэлье. Би энэ хүнтэй яг гурван сар хагасын өмнө насан туршдаа
хамт амьдрахаар тангараг тавьж гэрлэсэн. Хэнээс ч асуусан болно. Тэгээд ч, Юнис
нагац аа, таны өмнө зогсож байгаа хүн эрх чөлөөтэй цагаан арьстан. Ердөө арван
зургаатай. Дээр нь Жорж Фар Сильвестрт, аавынх нь тухай ийм юм ярьж байгааг
тань сонсох таалагдана гэж бодохгүй байна,” гэж учирлав.
Жорж Фар
Сильвестр гэж удахгүй төрөх хүүхдийн маань нэр л дээ. Янзтай нэр байгаа биз?
Гэхдээ одоо надад ер хамаагүй, байхгүйгээс өөрцгүй.
Оливия-Анн,
“Хоёр охины дундаас хүүхэд гарна гэж юу байдаг юм?” гэв. Намайг доромжилж, эр
хүн гэдгээрээ бахархах сэтгэлийг минь үгүй хийх гэж оролдож байгаа хэрэг.
Оливия-Анн цааш нь үргэлжүүлэн, “Хүн амьд байхад хачин сонин юм бишгүй үзэх
юм,” гэлээ.
Юнис, “За одоо
болно. Фениксэд кино үзнэ гэж мөрөөдсөний ч хэрэггүй. Дэмий юм ярихаа боль,”
гэв.
Марж эхэр
татав: “Гэхдээ Жуди Гарланд тоглодог гэсэн шүү дээ.”
Би, “Хонгор
минь, битгий уйл,” хэмээн Маржийг тайвшруулаад, “Би тэр киног чинь арван жилийн
өмнө Мобайлд үзчихсэн” гэж нэмж хэллээ.
Оливия-Анн,
“За ёстой сайхан авлаа даа,” гэж хашхираад, цааш нь: “Чи ямар ичдэггүй амьтан
бэ. Жуди кинонд тоглож эхлээд арван жил болох яагаа ч үгүй байхад,” гэж
бахирав.
Оливия-Анн,
тавин хоёр наслахдаа (өөрөө насаа хэлдэггүй болохоор нь би Монтгомерийн хүн ам
хариуцсан газрын уриалаг ажилтанд захидал бичиж насыг нь мэдэж авсан юм) нэг ч
кино үзээгүй, гэхдээ киноны бүхэл бүтэн найман сэтгүүл захиалдаг. Шууданд
ажилладаг хатагтай Делансигийн хэлснээр бол, Сирс энд Роебак пүүсээс шуудангаар
илгээмж авснаас бусдаар, Оливия-Аннд шуудангаар киноны сэтгүүлээс өөр юм ирж
байгаагүй. Тэр Гари Куперд унаж тусан дурласан, дурлах дурлахдаа бүр өвчилсөн
гэмээр; өрөөнд нь энэ жүжигчний гэрэл зургуудыг дүүртэл чихсэн нэг авдар, хоёр
чемодан бий гээд бод доо.
Бид ширээнээс
бослоо, Юнис өнхөрсөөр цонх руу дөхөж, хашаан дахь ялам мод руу хараад, “Шувууд
үүрэндээ орсон байна - унтах цаг болсон гэсэн үг,” гэж айлдаад, цааш нь, “Марж,
чи өрөөндөө ор, энэ эрхмийн ор арын тагтан дээр байгаа,” гэж тушаал буулгав.
Би Юнисийн юу
гэх гэснийг ойлгохын тулд яг нэг минут бодох хэрэгтэй болов.
Би дараа нь
ингэж хэллээ: “Тэгээд намайг эхнэртэй минь нэг өрөөнд унтуулахгүй гэж байгаа юм
уу?”
Намайг ингэж
хэлэхтэй зэрэг хоёр нагац зэрэг зэрэг бахиралдах нь тэр.
Гэтэл Марж
уураа барьж дийлэхээ болиод байдгаараа чарлалаа: “Чимээгүй, чимээгүй, чимээгүй!
Би цаашид ер тэсэхгүй нь. Алив, бяцхан хайрт минь, яв, унт гэсэн газар нь унт.
Маргааш нэг юм бодож олохоос...”
Юнис, “Энэ
охинд ухаан мэдрэл гэх юм үлдээгүй юм шив, бүрмөсөн солиорчихож,” гэлээ.
Оливия-Анн,
“Хөөрхий минь,” гээд, Маржийн бүсэлхийгээр тэврэн, хаалга руу аваачив. “Хөөрхий
амьтан, цэл залуугаараа, ямар ч буруугүй. Алив явъя, толгойгоо энгэрт минь
наагаад сайн гэгч нь уйлаад ав.”
Би тав, зургаа, долоодугаар сарыг бүхэлд
нь, наймдугаарын сарын эхний хагасыг арын тагтан дээр, задгай агаарт
өнгөрүүлсэн, надад шумуулын тор гэх мэт юм юу ч өгөөгүй. Марж бүр нэг ч удаа ам
нээж надтай нэг өрөөнд баймаар байна гэж хэлээгүй шүү! Алабама мужийн энэ хэсэг
тэр чигээрээ намаг шавхай; талбайд идээшлэх тарган шарыг ганц хатгаад цааш нь
харуулах аварга том шумуултай. Дээр нь элдэв шавьж хорхой, далавчтай жоом, том
том хулгана, барьж аваад ачааны галт тэргэнд хөллөхөд эндээс Тимбукту руу
чирээд явчихаар тийм том мэрэгчтэй. Хөөрхий, эхийнхээ хэвлийд бойжих бяцхан
Жорж байгаагүй сэн бол би энэ гэрт юундаа хоргодох вэ дээ.
Би эхний
шөнөөс өнөөдрийг хүртэл Маржтай таван минут ч болов хоёулахнаа байж үзсэнгүй.
Тэр хоёрын нэг нь даруй бидэн рүү яарч гүйсээр ирдэг юм. Түрүү долоо хоногт яг
толгойг минь хяргах гэж байсан. Марж өрөөндөө орж хаалгаа түгжсэнээс гадна тэд
ч намайг ойр хавьд олж хараагүй юм байх. Хоёул хоёулаа солио өвчин туссан юм
шиг л хамаг байдгаараа сүржигнээд ийш тийш гүйлдсэн гэсэн. Харин би доор хөвөн
шуудайлж буй хар арьстнуудыг ажиглангаа юу болж байгааг мэдэж байсан ч дургүй
хүрээд ямар ч чимээ гаргаагүй, Юнис түгжээтэй өрөөнд Марж бид хоёрыг нөгөө ажил
амжуулж байгаа гэж бодон дэлбэртлээ уурлаг гэж тэр. Тэр өдрөөс хойш манаачдын
бүлэгт Блюбеллийг нэмж томилов.
Муу дээр
муухай, муухай дээр улцан гэж, би энэ гурван сар хагасыг ямар ч мөнгөгүй
өнгөрүүлсэн. Яг одоо надад тамхи авах ч мөнгө алга.
Юнис намайг
ажилд оруулах гэж өдөр болгон толгой өвдтөл яншсан, үглээд л байсан, намайг нэг
хором атугай тайван суулгаагүй. “Энэ жулдрай яагаад ажил олж хийдэггүй юм?” гэх
мэт. Та ч анзаарсан байх, тэр надад ер шууд хандаж ярихгүй; би эрхэм
хатагтайтай нэг өрөөнд хоёулахнаа байсан ч бидний хажууд өөр нэг хүн байгаад,
хатагтай тэр хүнтэйгээ ярьж байгаа юм шиг л загнана: “Эр хүншүү ухаантай юм
бол, явж талхны мөнгөө олмоор юм, надаар хоолоо бэлдүүлж байхаасаа ичихгүй, би
одоо үүнийг бас тэжээх ёстой хэрэг үү?” Боломж гарсан дээр үүнийг ч бас
хэлчихье: Би яг гурван сар арван гурван хоног чанасан төмс, хоолны үлдэгдлээр
болгож байна; энэ завсар хоёр удаа А. Н. Картер эмчид биеэ үзүүлсэн. Тэр ч бас
чийг бам өвчин туссан үгүйг минь тодорхой хэлж чадаагүй.
Ажиллах тухайд,
та хэл дээ, над шиг ур чадвартай, Кэш-н-Кэрид ажиллаж амжилт олсон хүн Адмиралс
Милл шиг газар ер ямар ажил хийх вэ дээ? Энд ердөө ганц л дэлгүүр бий,
дэлгүүрийн эзэн ноён Табервиль гэж бараагаа зарахаас залхуурдаг лазан нь
дэндсэн хүнтэй. “Өглөөний од” гэдэг баптист сүм нь юугаараа дордох вэ гэсэн шиг
сэжгийн, мулгуу хамба ламтай, нэр нь Шелл. Хэд хоногийн өмнө Юнис сүм орж энэ
хамба ламаасаа миний хэзээ үхэхийг асуусан. Би өөрийн чихээр сонссон, намайг
амьдралынхаа ихэнхийг насалсан гэж хариулж байгаа юм даа.
Гэхдээ би
Юнис, Маржийг хуурч, сэтгэлийг нь сэвтүүлсэнд хамгийн их харамссан. Маржид
намайг муулахын дээдээр муулж яг дайсан шиг болгосон, бүр үгээр хэлэхийн
аргагүй. Эцэстээ Марж намайг хажууд нь очиход түлхэж эхэлсэн гээд бод доо,
гэхдээ ганц хоёр алгадахаар, ухаажиж байна билээ. Эхнэр минь надад ичгүүргүй
муухай зан гаргаад, би үг дуугүй толгой гудайх хэрэг үү, тэгдэг ч үгүй байх аа!
Эргэн тойронд минь тэр чигээрээ
дайснууд: Блюбелл, Оливия-Анн, Юнис, Марж, дээр нь Адмиралс Миллийн бүх оршин
суугч (342 хүн). Найз: Байхгүй. Өчигдөр, наймдугаар сарын арван хоёрны Ням
гаригт тэд намайг хөнөөхөөр завдаж байх үед байдал ийм байв.
Эргэн
тойрон бүгчим, чимээгүй. Гадаа нохой гаслам халуун. Хэрүүл яг хоёр цагт
эхэлсэн. Би үүнийг маш сайн санаж байна, учир нь Юнис нэг хөхөөтэй цагтай,
донгодож байгаа нь ер хүн тэвчих аргагүй. Би зочны өрөөнд төгөлдөр хуур даран
дуу зохиож байлаа, хэнд ч гай болсон юмгүй. Юнис энэ төгөлдөр хуурыг
Оливия-Аннд зориулж аваад, хөгжмийн багш хөлсөлсөн юм байх. Тэр багш нь хаана
байсан Жоржиа мужийн Колумбусаас ийм ирдэг байсан гэсэн. Надтай найзлах нь амь
насанд нь аюул заналхийлэхийг ойлгох хүртлээ хатагтай Деланси надтай гайгүй
зузаарч байсан юм л даа. Түүний ярьснаар бол, Жоржиа мужийн энэ багш нэг өдөр
хичээл заахаар ирээд араас нь Гитлер хөөж байгаа юм шиг байшингаас гүйхээрээ
гараад, Форд машиндаа суугаад, зугтаад явчихсан гэсэн. Түүнээс хойш Адмиралс
Миллд дахин ер үзэгдээгүй юм байх. Хэлсэн дээ, би зочны өрөөнд хэнд ч гай
бололгүй өөрийнхөөрөө сэрүүцэх гэж байтал гэнэт үсэндээ бигуди ороосон
Оливия-Анн өрөө рүү яах ийхийн зуургүй орж ирээд бахирч гарав: “Наад дуу
чимээгээ аяд! Чи хүнийг ганц хором ч болов тайван байлгаж болох нь уу, үгүй юү?
Тэгээд ч миний төгөлдөр хуурыг дарахаа боль. Наад чинь чинийх биш, миний төгөлдөр
хуур, одоохон босохгүй бол есдүгээр сарын эхний Даваа гаригт шүүхэд дуудагдана
гэж мэдээрэй.”
Ойлгож ядах
юу байх вэ, надад атаархаж л байхгүй юү, төрөлхийн хөгжмийн авъяастайд минь,
хосгүй сайхан дуу ар араас нь зохиож байгаад минь атаархаад, тэсэхгүй байгаа нь
тэр.
Тэр, “Зааны
ясан даруулыг минь ямар болгосноо хараач, ноён Сильвестр,” гэсээр төгөлдөр хуур
руу ойртож ирэв. “Бүгд суларчихсан, хөдөлчихсөн, солиотой юм шиг байдгаараа
нүдэх юм, яаснаа харж байна уу!”
Намайг энд
ирэхэд төгөлдөр хуур аль хэдийн ямбийрсан байсан, тэр ч угаасаа төгөлдөр хуурын
талаар мундаг мэдлэгтэй дээ, за тэр яах вэ.
Би ингэж
хэллээ: “Хатагтай Оливия-Анн, таны хараанаас юу ч мултардаггүй бололтой. Гэхдээ
надад ч бас харсан юм байгаа шүү. Хачин нь, та тэр харсан юмыг минь яг одоо
сануулчихлаа. Магадгүй тэр харсныг минь өөр хүн ч бас сонирхож байгаа ч юм
билүү, мэдмээр байгаа ч юм билүү. Хатагтай Харри Стеллер Смит яасан юм бол,
хаачсан юм бол, та мэдэхгүй биз?”
Оливия-Анн
хэсэг зогсоод хоосон тор руу харснаа, “Чи надад амласан биз дээ,” гэв. Царай нь
гэнэт хөхөрч ягаарлаа.
Би,
“Амласан ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй,” гэлээ. “Юнист тэгж худлаа
хэлсэн тань их буруу юм болсон шүү, бид сайхан найзууд болсноо бодоод би одоог
хүртэл юу ч дуугараагүй, гэхдээ цаашид найзлахаа боливол дуугарч ч магадгүй.”
Тийм ээ,
тэр элдэв юм ярилгүй, чимээгүй явж одов. Би ч төгөлдөр хуур дарахаа болиод,
өрөөний голд буйдан дээр хажуулдлаа. Энэ ёстой аймшигтай буйдан. Юнис энэ
буйдангийн хослолыг 1912 онд, Атлантад яг хоёр мянган доллар төлөөд, бүр
бэлнээр төлөөд авсан гэсэн – өөрөө тэгж байна лээ. Гил хар, бүдэг ногоон өнгө
алагласан үстэй хилэн бүрээстэй буйдангаас нойтон тахианы өд шиг ёстой муухай
үнэртдэг юм. Өрөөний нэг буланд томоос том ширээ байна. Дээр нь хатагтай Ю, О-А хоёрын хайрт аав, ээжийн зураг. Аав нь үнэндээ их
царайлаг эр байж, гэхдээ хүнд битгий хэлээрэй, надад эдний удамд хар арьстны
цус холилдсон юм шиг санагдсан. Аав нь иргэний дайны үед ахмад цолтой байж, би
үүнийг хэзээ ч мартахгүй, учир нь цэрэг шинелийнх нь хажууд унжуулсан сэлэм нь
амьдралд минь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ээж нь яг Оливия-Анн шиг мэдрэл
муутай хүүхэн, харваас андашгүй, гэхдээ охиноосоо хамаагүй царайлаг.
Би яг унтах гэж байх зуураа Юнисийн дууг
сонслоо. Тэр, “Хаана байна? Хаана байна?” гэж хашгирч байв. Тэгснээ Юнис гэнэт
үүдэнд тодорч ирэхийг би харлаа. Тэр бүдүүн өгзгөө гараараа тулаад над руу
ширтэж байв. Хажууд нь туслахууд нь: Блюбелл, Оливия-Анн, Марж гурав.
Юнис хэдэн
хором том нүцгэн хөлөөрөө ууртай нь аргагүй газар дэвсээд, Ниарга хүрхрээний
зурагтай ил захидлаар тарган нүүрээ сэвлээ.
“Тэр мөнгийг
хаана нуусан гэнэ вэ? Өөрт нь итгэж, гэр дотроо чөлөөтэй холхихыг нь
зөвшөөрснөөр минь далимдуулж хулгайлсан зуун доллараа хаана нуусан гэнэ вэ?”
гэж Юнис архирч гарав.
Би, “Энэ арай
хэтэрч байна,” гэлээ; халуунд бүгчимдээд ядраад надад хөдлөх ч тэнхэл үлдээгүй
байв.
Юнис,
“Хэтэрсэн үгүйг нь одоохон харна гайгүй,” гэх зуур нүд нь бараг бөлтрөх гэж
байгаа мэт санагдлаа. “Тэр чинь миний оршуулгын мөнгө байсан юм. Мөнгө өгөөдөх.
Би чамайг талийгчийн халааснаас мөнгө хулгайлах ичгүүргүй амьтан гэж мэдэж
байсан юм, угаасаа.”
Марж, “Тэр
аваагүй ч юм билүү,” гэлээ.
Оливия-Анн,
“Хонгорхон минь, чи үүнд оролцсоны хэрэггүй,” гэв.
Юнис, “Мөнгийг
минь тэр авсан, өөр хэн авах юм,” гэв. “Яаж харж байгааг нь хараа биз? – Нүд нь
жигтэй хялалзаад, авсан гэдэг
нь харваас илт!”
Би эвшээсээр
ингэж хэллээ: “Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү.”
Юнис, “Бурхан
хулгайчдыг угаасаа өөрөө шийтгэнэ,” гэв.
Оливия-Анн,
“Эгч ээ, тэгж бурханд даатгах хэрэг юу байна?” гэлээ.
Ингэхтэй зэрэг
Юнис над руу дөхөж ирэв, хиртэй сарафан нь газар шүргэж байлаа. Оливия-Анн ч
араас нь дагав. Блюбелл нэг газар руу нь хатгасан юм шиг чанга дуугаар орилов,
тэртээх Юфалад ч сонссон байж таарна. Марж гараа нийлүүлж атгаад, хачин дуу
авиа гаргаж байлаа.
Юнис, “За алив
хонгорхон минь, мөнгийг минь зүгээр буцаагаад өгчих,” гэв.
Би, “Et tu Brute?”[1] гэлээ, яг Вильям Шескпирийн зохиолд гардаг шиг.
Юнис, “Байж
байгааг нь харааач. Бүхэл өдөржин биеийн амар харж буйдан дээр хэвтэнэ, ер биеэ
зовоохгүй,” гэж омогдлоо.
Оливия-Анн,
“Өрөвдөлтэй амьтан,” гэж донгодов.
Юнис, “Хөөрхий
охин биш, энэ төрөх гэж байгаа юм шиг,” гэлээ.
Блюбелл,
худалдаад ч үнэ хүрэхгүй хоосон толгойтой амьтан хажуунаас нь нэмэрлэв: “Яг
тийм.”
Би,
“Өөрсдийгөө толинд нэг хардаг ч болоосой,” гэлээ.
Юнис, “Гэрт
минь гурван сарын турш гэдсээ илж хэвтчихээд, энэ жулдрай одоо намайг доромжилж
байна уу?” гэв.
Би гар дахь
тамхиныхаа үнсийг сэгсэрч унагаад, тайван гэгч нь хэллээ: “А. Н. Картер эмч
намайг бам өвчин туссан байна гэсэн. Их аюултай өвчин. Жаахан ч атугай догдолж,
сэтгэл хөдлөлд автах хориотой, үгүй бол амнаас минь хөөс цахарч таарсан хүн
амьтныг хазах юм гэсэн.”
Намайг ингэж
хэлэхтэй зэрэг Блюбелл, “Хатагтай Юнис, энэ тэр хогийн сав руугаа, Мобайл
руугаа буцахгүй энд үлийгээ хийгээд байгаа юм? Би үүнд үйлчлэхээс бүр залхаж
байна,” гэв.
Хөөн хар нигер
чинь ямар их уур хүргэв ээ. Бүр нүд харанхуйлаад ирдэг байна шүү. Гэхдээ би
буйдангаасаа ер тайван босоод, очиж өлгүүрээс шүхэр аваад, авангуутаа эргэж
хараад Блюбеллийн толгой руу буулгаж орхилоо. Дахиад нэг цохиход минь шүхэр
хоёр хуваагдав.
Оливия-Анн,
“Миний торгон шүхэр, миний япон шүхэр,” гэж орь дуу тавив.
Марж бахирч
байв: “Блюбеллийг алчихлаа, хөөрхий Блюбеллийг алчихлаа!”
Юнис,
Оливия-Анныг үүд рүү түлхэв: “Энэ галзуурчхаж! Алив гүй, ноён Табервилийг
дууд!”
Оливия-Анн,
“Би ноён Табервильд дургүй,” гэж огцом хариулаад нэмж хэлэв: “Явж балиусаа
авчрах минь.”
Би
Оливия-Анныг яг хаалгаар гарч байхад нь хөл бөмбөгийн хаалгач шиг үсэрч
бүсэлхийгээр нь тэвэрч авлаа. Бид хоёул газар өнхөрлөө. Энэ хүүхдийн тоглоом
биш шүү. Амь наана там цаана болоод байхад. Гэхдээ л нуруу минь одоо хэр
өвдсөөр.
Юнис, “Дүүг
минь алах нь,” гэж чарлав. Бүх байшин тэр аяараа доргилоо. “Энэ бүгдийг маань
алах нь. Марж, би чамд хэлээгүй билүү? Алив бушуул, аавын сэлмийг аваад ир!”
Марж ч гүйсээр
сэлмийг авчирч Юнист өгөв. Ёстой үнэнч эхнэр гэж энэ дээ! Энэ дутсан юм шиг,
Оливия-Анн гэдэс рүү минь өвдөглөхөөр нүдэнд минь цахилгаан бадарч, гар минь
сулрав. Удалгүй бид Оливия-Аннын гадаа хашаанд чанга дуугаар сүмийн магтуу
дуулж байгааг сонслоо.
Уур хилэнгийн үзэм гишгэчсээр бурхан
Урам зоригтой бууж ирэхийг би харсан
Энэ үед Юнис
аавынхаа сэлмийг савчсаар өрөөн дунд эргэлдэж байв; би яаж авирсан юм бүү мэд
төгөлдөр хууран дээр гарч амжжээ. Гэж байтал Юнис над руу дөхөж ирээд төгөлдөр
хуурын сандал дээр гарав, яйжгар, хэдэн тийшээ бутрах шахсан сандал тэр аварга
мангасыг яаж даасан юм, бүү мэд.
Юнис, “Аймхай
новш, буугаад ир, чамайг цавчаад хаячихъя,” гээд сэлмээ цавчих нь тэр. Яг ингэж
хэлснийг нь би бүрэн нотолж чадна, учир нь надад яг нэг сантиметр гүн шарх
байгаа, сэлэмний шарх.
Яг тэр үед
Блюбелл ухаан ороод, хаалгаар чимээгүй гараад урд хашаа руу, Оливия-Анн руу
харайлгаж байв. Тэд хамтдаа сүмийн магтуу дуулж эхэллээ. Намайг цааш нь
харуулах гээд ёслол үйлдэж байсан хэрэг, Марж ухаан алдаж унаагүй байсан бол
цааш нь харуулах байсан нь гарцаагүй.
Маржийн надад
угаасаа ганц удаа тус болсон нь энэ.
Би түүнээс
хойшхыг санахгүй байна. Нэг үе үүдэнд Оливия-Анныг харсан, тэр гучин
сантиметрийн урттай балиус барьчихсан, ард нь олон хүн, хөршүүд зогсож байсан.
Гэнэт газар хэвтэх Маржийг хараад хүмүүс эргэн тойронд нь бүчээд авав. Гэж
байтал түүнийг босгоод гадагш гаргалаа, өрөө рүү, ор руу нь аваачсан байх.
Ямартаа ч тэд гадагш гарав уу, үгүй юү би хаалгаа хаагаад, хаалга даруулан
хамаг тавилгыг овооллоо.
Тэр бүх
тавилга, үстэй хилэн сандал, том улаан зандан ширээ, - энэ л дангаараа нэгээс
хоёр тонн болно - өлгүүр, бас бус юмыг дээр дээрээс нь давхарлан овооллоо.
Цонхоо хаагаад хөшгийг нь татав. Энэ зуур “Амттай дурлал” чихрийн хайрцаг гарт
минь баригдав, хайрцаг нь таван доллар гэдэг юм, хайрцаг дотроо олон төрлийн
чихэртэй. Би яг одоо шоколадан бүрхүүлтэй, крем, интоортойг нь зажилж байна.
Тэд хааяа нэг ирээд хаалга нүдээд, хашгираад үглэнэ. За тэр, одоо өөр нэг
магтуу дуулж эхэллээ. Миний хувьд, үе үе төгөлдөр хуур руу очоод хөгжилтэй дуу
тоглож байв, намайг өөрсдөөс нь айсан гэж бодох вий гэж тэр.
Орчуулсан: Г.Сугиррагчаа
Трүмен Капоти (1924 – 1984) америк роман, кино, жүжгийн зохиолч.
Өгүүллэгүүдээс нь гадна “Тиффани дахь өглөөний цай” (1958) тууж, бодит гэмт
хэргээс сэдэвлэсэн “Өрөвдөх сэтгэлгүйгээр” (1966) романаараа алдаршсан. Бүр
багаасаа зохиол бичиж, “Мириам” (1945) өгүүллэгээрээ анх хэвлэлийн газруудын
анхаарлыг татжээ. Өгүүллэг бичих тухайд Капоти, “Бичиж дууссаныхаа дараа,
өгүүллэгээ өөрөөр зохиож болох байсан эсэхээ эргэцүүлэх хэрэгтэй. Урьд нь бодож
байсан бусад бүх төсөөлөл тань унтарч одсон бол өгүүллэг тань эцсийн хэлбэрээ олчихсон
гэсэн үг,” хэмээсэн билээ.
[1] Брут, чи ч бас уу? (лат.)
No comments:
Post a Comment