Thursday, November 26, 2015

БӨМБӨР

(богино өгүүллэг)

Зохиолч: Элвин Шварц
Зураач: Стивен Гэммел

Эрт нэгэн цагт эгч дүү хоёр байжээ. Эгч Долорес нь долоон настай, дүү Сандра нь тавтай юм гэнэ. Тэд хөдөө газрын нэгэн жижиг байшинд ээж, эрэгтэй дүү Артуртайгаа цуг амьдардаг юм санж. Далайчин аав нь урт хугацаанд далай тэнгисээр аялдаг тул тэдэнтэй байх нь их ховор юм гэнэ.
Долорес, Сандра хоёр нэг өдөр гэрийнхээ ойролцоох тариан талбайд тоглож яваад бөмбөр тоглосон цыган охинтой таарчээ. Тэр охины гэрийнхэн нүүдэллэж явахдаа тэндхийн тариан талбайн хажууд түр хэд хоносон юм санж.
Охин бөмбөрөө тоглоход бөмбөрөөс эрэгтэй, эмэгтэй хоёр жижиг хүн гарч ирж бүжиглэх юм гэнэ. Урьд нь ийм бөмбөр ер хараагүй Долорес, Сандра хоёр цыган охиноос бөмбөрийг нь гуйсан байна.
Цыган охин тэдэнрүү харж инээгээд, “Энэ бөмбөрийг надаас авахын тулд та хоёр гэртээ их муухай аашлах хэрэгтэй,” гэв. “Маргааш ирээд хэрхэн муухай аашилснаа надад яриарай, тэгээд би шийднэ.”
Эгч дүү хоёр гэртээ очмогцоо хашгирч гуугачиж эхэлжээ. Уг нь тэд гэртээ ингэж муухай дуу чимээ гаргах ёсгүй юм санж. Дараа нь шохой авч ханан дээгүүр элдэв юм сараачлаа. Оройн хоолоо идэхдээ гадуур нь асгаж цутгалав. Орондоо орох цаг болоход зөрүүдэллээ. Ийнхүү ээжийгээ гомдоох гэж байдгаараа хичээв. Тэд үнэхээр муухай аашилж байлаа.
Маргааш өглөө нь эгч дүү хоёр цыган охиныг олохоор хурдлан гүйж гарлаа. Охинд, “Бид хоёр өчигдөр үнэхээр муухай аашилсан,” гэв. “Одоо бидэнд бөмбөрөө өгнө биз дээ.”
Тэгээд хэрхэн муухай аашилснаа ярьтал цыган охин инээд алдлаа. “Та хоёр үнэхээр л энэ бөмбөрийг авмаар байгаа юм бол үүнээс ч муухай ааш гаргах хэрэгтэй,” гэж тэр хэлэв.
Долорес, Сандра хоёр гэртээ харимагцаа хашаан дахь хамаг цэцгээ зулгаах нь тэр. Гахайгаа гадагш гаргаад араас нь хөөв. Хувцсаа урж тасдав. Шаварт байдгаараа хөлбөрлөө. Тэд урьд өдрийнхөөсөө ч муухай зан гаргалаа.
Ээж нь тэдэнд, “Та хоёр үүнийгээ болихгүй бол би Артурыг аваад яваад өгнө шүү,” гэж хэлжээ. “Тэгээд та хоёр шилэн нүд, модон сүүлтэй шинэ ээжтэй болно биз.”
Долорес, Сандра хоёр үүнийг сонсоод айлаа. Учир нь тэд ээждээ, Артур дүүдээ их хайртай байв. Тэдэнгүй амьдарна гэж төсөөлж чадахгүйдээ хоёул уйлж эхэллээ.
Охид, “Бид одоо муухай зан гаргахгүй,” гэж амалсан ч үнэндээ ээж нь тэднийг орхиод явна гэдэгт итгэхгүй байв.
Долорес дараа нь, “Ээж худлаа биднийг айлгах гэж тэгж хэлж байгаа юм,” гэжээ.
Сандра ч, “Бид хоёр маргааш тэр бөмбөрийг авсныхаа дараа хуучныхаараа сайхан ааштай байх болно,” гэсэн байна.
Маргааш өглөө нь эгч дүүс, цыган охиныг олохоор гадагш ухасхийн гарлаа. Олоод очтол цыган охин бөмбөрөө тоглоод, эрэгтэй эмэгтэй хоёр жижиг хүн бөмбөрөөс гарч бүжиглэж байв.
Тэд өмнөх өдөр нь хэрхэн муухай аашилснаа цыган охинд ам булаалдан ярив. Эцэст нь, “Бид одоо бөмбөрийг авах эрхтэй болсон,” гэж нэмж хэллээ.
Цыган охин, “Үгүй дээ,” гэлээ. “Та хоёр үүнээс ч муухай аашлах ёстой.”
Охид, “Бид үүнээс хойш муухай аашлахгүй гэж ээждээ амласан шүү дээ,” гэж учирлалаа.
“Та хоёр энэ бөмбөрийг үнэхээр авмаар байгаа бол үүнээс ч илүү муухай аашлах хэрэгтэй,” гэж цыган охин хариу хэлэв.
Долорес Сандрад, “Одоо дахин нэг л хоног муухай аашилъя,” гэж хэллээ. “Дараа нь бөмбөр биднийх болно.”
Сандра, “Тэгнэ л гэж найдъя,” гэжээ.
Тэр хоёр гэртээ очмогцоо нохойгоор саваагаар зодож, аяга тавгаа хагалж, хувцас хунараа хэдэн хэсэг тасчиж, жаахан Артур дүүгээ алгаджээ.
Ээж нь нулимсаа барьж ядан ингэж хэлэв: “Та нар амласнаа биелүүлэхгүй байна.”
Долорес, “Бид одоо дахиж муухай аашлахгүй,” гэж хэллээ.
Сандра ч, “Амалж байна,” гэв.
Ээж нь, “Одоо цашид тэсэж чадахгүй нь,” гэлээ. “Та нар сайн байх гэж хичээгээд үз л дээ.”
Маргааш өглөө нь охид ээжийгээ сэрэхээс өмнө цыган охины олж уулзахаар гадагш гарлаа. Өчигдөр нь ямар муухай аашилснаа түүнд нэгд нэгэнгүй ярив.
Сандра, “Бид ёстой адгийн ааш гаргасан,” гэлээ.
Долорес, “Бид өмнө нь хэзээ байгаагүйгээрээ муухай аашилсан,” гэв. “Одоо бидэнд бөмбөрөө өгнө биз дээ?”
Цыган охин, “Үгүй дээ,” гэлээ. “Би бөмбөрөө та нарт өгнө гэж ер бодоогүй. Зүгээр л та хоёроор тоглож байсан юм. Та хоёр мэдээгүй гэж үү?”
Долорес, Сандра хоёр уйлж гарав. Хоёул гэр рүүгээ яаран гүйлээ. Гэвч Артур дүү, ээж хоёр нь гэртээ алга байв. “Тэд дэлгүүр явсан байх,” гэж Долорес таамаглав. “Удахгүй ирэх байх.” Гэвч өдрийн хоолны цаг болоход ч ээж нь ирэхгүй байлаа.
Долорес, Сандра хоёр ганцаардаж айлаа. Үдээс хойш тэд тариан талбайгаар удтал тэнүүчлэв. Долорес, “Биднийг гэртээ очиход ээж, Артур хоёр ирчихсэн байх биз,” гэж байв.
Хоёр охин гэртээ ойртож ирээд, цонхонд гэрэл ассан байгааг харлаа. Гэрийн зуухыг ч галласан байв. Гэхдээ л ээж, Артур хоёр нь харагдахгүй аж. Харин оронд нь шинэ ээж нь тэнд зогсож байв – шилэн нүд нь гялалзаж, модон сүүл нь шал цохилно.

Tuesday, November 24, 2015

Элвин Шварц | БЯЦХАН ХАР ХАВ

(богино өгүүллэг)
Зохиолч: Элвин Шварц
Зураач: Стивен Гэммел

Билли Мэнсфилд, нэг бяцхан хар хав өөрийг нь хаана ч явсан дагаад байна гэдэг байв. Гэхдээ өөрөөс нь өөр хэн ч тэр нохойг нь хардаггүй аж. Хүмүүс ч түүнийг галзуу солиотой гэлцэх болов. Билли нохойг өөрөөсөө холдуулах гэсэн мэт үргэлж зандарч, чулуу шидэж байгаа харагдана. Гэхдээ л нохой байнга эргэж ирээд байх шиг.
Билли энэ хавыг анх Силас Буртонтой буудалцсан тэр өдрөө харжээ. Билли тэр үед ид залуу байсан сан. Буртоныхон, Биллигийн гэр бүлтэй хэдэн жилийн турш тасралтгүй хэрүүл хийсэн байлаа.
Силас морь унасаар өөдөөс нь ирж явааг хараад Билли даруй буугаа шүүрч авчээ. Силас ч бас буугаа шүүрэхээр завдсан ч Билли урьтаж түүнийг буудаад нуруунд нь онож, мориноос нь унагасан гэнэ лээ. Силасын морь давхиж одоход, буу нь гар хүрэхээргүй газар унажээ.
Силас газар унаад, Биллигээс амь хэлтрүүлээч гэж гуйсан ч Билли түүнийг буудаж хөнөөв. Силасыг буудуулах үедээ бяцхан хар хавтайгаа цуг явж байжээ. Хав Силасын нүүрийг долоон, Билли рүү архирч байв. Уураа барьж ядсан Билли хавыг ч мөн буудлаа.
Урьдын тэр цагт хууль хүчний байгууллага гэж сүртэй юм байсан биш, Биллийг ч баривчилж сүйд болсонгүй. Гэхдээ тэр шөнөжингөө Билли, Бүртоныхны хав хаалгыг нь самардан, дотогш оруулаач гэж гийнаж байгааг сонссон аж. “Би үүнийг зүгээр санаанаасаа ургуулж байгаа хэрэг,” гэж Билли боджээ. “Би нохойг буудчихсан, тэр чинь үхсэн шүү дээ.”
Гэтэл маргааш өглөө нь Билли хавыг өөрийн нүдээр харсан байна. Хав гэрийн үүдэнд нь хэвтэж байв. Тэр цагаас хойш Билли нохойг өдөр бүр харж, шөнө бүр хаалгыг нь самардан дотогш оруулаач гэж гийнахыг нь сонсох болов.
Тэр цагаас хойш Биллигийн буйдан, ор, шал, тэр бүү хэл хоолонд нь нохойны хар үс унасан байх боллоо. Гэр, хашаанаас нь нохойны үнэр ханхийнэ. Биллигийн хүмүүст хэлж байгаагаар бол тэр шүү дээ.
Хэн нэгэн, “Энд ер ямар ч нохой алга,” гэвэл Билли хариуд нь, “Та нар харахгүй байж болно, гэхдээ би харж байна. Тэгээд ч би та нарын хэнээс чинь ч илүү эрүүл ухаантай байна,” гэдэг байв.
Иймэрхүү байдалтай олон жил өнгөрлөө. Ид өвлийн хүйтнээр нэг өглөө хөршүүд нь, Биллигийн гэрийн яндангаас утаа гарахгүй байгааг анзаарчээ. Юу болсныг мэдэхээр дотогш ортол Билли гэртээ алга байв. Нэг хоногийн дараа түүний цогцсыг арын хашаанд нь цасан дунд олох нь тэр.
Биллид ямар дайсан мундах биш, хүмүүс ч түүнийг бусдын гарт амиа алдсан байх гэж боджээ. Гэхдээ л Биллигийн биед ямар нэг шарх, ул мөр байсангүй. Тэгээд ч тэр хавьд Биллигийн хөлийн мөрөөс өөр ямар ч мөр гараагүй аж.
Эмчийн дүгнэлтэд Биллиг өтөлж, байгалийн жамаар таалал төгссөн гэжээ. Гэхдээ түүний үхэлд нэг ер бусын зүйл байсан юм: Хөршүүд нь Биллигийн цогцсыг олох үед түүний хувцас нэлдээ хар нохойны үс болсон байв. Бүр нүүрэн дээр нь хүртэл нохойн үс наалдсан байсан гээч. Тэр хавиас мөн нохойны үнэр ч гарна. Гэхдээ хэн ч ямар ч нохой олж харсангүй.

Monday, November 23, 2015

НЯМ ГАРГИЙН ӨГЛӨӨ

(богино өгүүллэг)
эмхэтгэсэн: Элвин Шварц
зурсан: Стивен Гэммел

Айда Ням гараг бүр өглөө долоон цагт сүмийн цуглаан руу очдог байлаа. Ихэнхдээ өглөөний цайгаа ууж байхдаа сүмийн хонх дуугарахыг сонсдог ч тэр энэ удаа сүмийн хонх дуугарахад орондоо хэвтэж байх нь тэр.
Айда, “Би хоцорсон хэрэг,” гэж бодов.
Даруй орноосоо үсэрч босоод, хурдхан шиг хувцаслаад, цайгаа ч уулгүй, цагаа ч харалгүй гадагш гарлаа. Гадаа харанхуй хэвээр байв, гэхдээ жилийн энэ улиралд угаасаа өглөөгүүр харанхуй байдаг юм. Гудамжинд Айдагаас өөр хүн алга. Гадаа явган хүний замаар явах түүний хөлийн чимээнээс өөр ямар ч дуу чимээгүй. “Хүмүүс бүгд сүмд байгаа хэрэг,” гэж Айда бодлоо.
Тэр оршуулгын газар дундуур замаа товчлоод сүм рүү орж суудал олж суув. Сүм түүний урьд өмнө үзэж хараагүй хүмүүсээр дүүрчээ. Хажууд нь суух эмэгтэй л харин танил санагдав. Айда эмэгтэй рүү харж инээмсэглэлээ. “Энэ Жосефин Кэрр юм шиг байна,” гэж тэр боджээ. “Гэхдээ тэр чинь нас барчихсан шүү дээ! Одоо бараг сар болж байна.” Айдад гэнэт хачин жигтэй санагдав.
Тэр эргэн тойрноо харлаа. Бүдэг гэрэлд нь нүд нь дасах зуур Айда ганган хослол, гоёлын даашинз өмссөн араг яснууд харлаа. “Энэ үхсэн хүмүүсийн цуглаан байна,” гэж тэр бодов. “Энд надаас бусад нь бүгд үхэгсэд.”
Тэдний зарим өөдөөс нь харж байгааг Айда анзаарлаа. Энд юу хийж байгаа юм гэсэн байртай ууртай харж байв. Жосефин Кэрр Айда руу бөхийгөөд, “Аминдаа хайртай л бол адис хүртээж дуусмагц шууд зугт,” гэж шивнэлээ.
Цуглаан дуусахад хамба лам цугласан хүмүүсийг адисалж эхлэв: “Бурхан таныг өршөөг. Бурхан таныг ивээж хайрлаг...”
Айда хүрмээ шүүрээд даруй хаалга руу ухасхийлээ. Ард нь хөлийн чимээ гараад эргэж хартал үхсэн хүмүүсийн зарим түүний хойноос  дөхөж явав. Бусад нь ч араас нь ирж байх юм.
Хамба лам, “Бурхан танд сэтгэлийн дэм өгөг,” гэж үргэлжлүүлэн уншина.
Айда маш их айн, гүйхээрээ гадагш гарлаа. Араас нь үхсэн хүмүүс эвгүй муухай дуу гарган хөөнө.
Тэдний нэг, “Зайл,” гэж чарлав. Өөр нэг нь, “Чи энд байх ёсгүй,” гэж хашгираад хүрмийг нь биеэс нь хуу татав. Айда оршуулгын газраар айсаар зугтах зуур гурав дахь нь толгой дээрээс нь малгайг нь шүүрч аваад, “Битгий эргэж ирээрэй,” гэж хашгираад гараас нь сэгсрэх нь тэр.
Айда байрныхаа өмнө ирэхэд нар гарч үхэгсэд алга болжээ.
Айда, “Энэ бүхэн үнэхээр болов уу эсвэл би зүүдэлж байна уу?” гэж өөрөөсөө асуув.
Тэр өдрийн үдээс хойш нэг найз нь Айдад түүний салмайж урагдсан хүрэм, малгайг нь авчирч өгчээ. Тэр эдгээрийг оршуулгын газар олсон аж.

ОСОЛ

(богино өгүүллэг)
эмхэтгэсэн: Элвин Шварц
зурсан: Стивен Гэммел



“Харанхуйд ярих аймшгийн түүхүүд” номоос 


Фред, Жейн хоёр ахлах сургуульд хамт сурч байсан ч Зул сарын бүжиг дээр л анх танилцсан юм. Тэр бүжигт Фред ч, Жейн ч ганцаараа иржээ. Жейн, Фредэд урьд өмнө танилцаж байсан охидоос хавьгүй хөөрхөн санагдсан аж. Тэр орой Фред Жейнийг хоёр хэд хэдэн удаа бүжигт урьсан байна.
Цаг арван нэг болоход Жейн, “Би одоо явалгүй болохгүй нь; чи намайг хүргээд өгөөч,” гэж Фредэд хэлжээ.
Фред, “Тэгэлгүй яах вэ,” гэж зөвшөөрөв. “Би ч бас харих гэж байлаа.”
Жейн, “Би наашаа ирж яваад машинаараа мод мөргөчихсөн,” гэж тайлбарлалаа. “Болгоомжгүйгээсээ болсон хэрэг.”
Фред Жейнийг Бредийн замын эхэн рүү аваачив. Тэр урьд нь энэ хавиар явж байгаагүй.
Жейн, “Намайг энд буулгачих даа,” гэв. “Энэ замаар цаашаа явах аргагүй. Би эндээс алхаад харьчихъя.”
Фред машинаа зогсоогоод, Зул сарын мод чимэглэдэг саа гаргаж ирэв: “Май. Би бүжиг дээр авсан юм.”
Охин, “Баярлалаа, би үсэндээ зүүчихье,” гэж хэлээд даруй үсэндээ зүүлээ.
Фред охинд дараа уулзаж, кино хамтдаа үзэх санал тавив.
Жей, “Бололгүй яах вэ, хамтдаа хөгжилдье,” гэсээр зөвшөөрлөө.
Фред тэндээс хөдөлснийхөө дараа Жейний овгийг, утасны дугаарыг асуугаагүйгээ анзааран, “Буцаад очье,” гэж бодов. “Зам муу байлаа гээд ер юу шалив гэж.”
Тэр Бредийн замаар, шигүү ой дундуур аажуухан явсан ч Жейнийг ер олж харсангүй. Замын эргэсэн хэсэг дээр иртэл нэг машин мод мөргөөд, шатсан байхыг харах нь тэр. Машинаас одоо хэр утаа гарсаар байлаа.
Фред машин руу алгуур ойртоод, дотор нь хэн нэгэн хүн жолоо руугаа шахагдаж нас барсан байхыг харав.

Энэ Жейн байлаа. Үсэнд нь Фредийн өгсөн Зул сарын модны саа зүүлттэй аж.

НЭГ Л ХАЧИН


Элвин Шварцын “Харанхуйд ярих аймшгийн түүхүүд” нэртэй номоос зарим нэг богино өгүүллэгийг орчууллаа. Ном ер бусын гоё зурагтай, Стивен Гэммел гэж хүн зурсан юм байна.


НЭГ Л ХАЧИН
(богино өгүүллэг)

Жон Салливан хотын төв рүү уруудаж явлаа. Тэр тэнд ямар ажилтай яваагаа эсвэл яаж тэнд очсоноо, өмнө нь хаана байснаа ер мэдэхгүй байв. Цаг хэд болж байгааг ч анзаарах сөхөө байсангүй.
Жон өмнөөс нь нэг хүүхэн ирж явааг хараад зогсоож, “Би цагаа гэртээ мартсан бололтой,” гээд инээмсэглэв. “Цаг хэд болж байгаа бол?” Бүсгүй түүнийг хараад чарлан зугтлаа.
Тэр үед Жон бусад хүмүүс ч түүнээс айж байгааг анзаарав. Өөдөөс нь дөхөж явааг нь хармагцаа бүгд л айн байшин руу гэдрэг налж эсвэл гудамжны нөгөө талаас түүнийг хараад айн зугтаж байлаа.
“Би ер яачихсан юм болоо?” гэж Жон Салливан бодов. “Гэртээ харьсан минь дээр бололтой.”
Тэр такси барихаар дохисон ч жолооч нь түүн рүү хармагцаа хурдлан одов.
Жон Салливан юу болоод байгааг, таксины жолооч яагаад түүнээс ингэтлээ айсныг ойлгосонгүй. “Гэрээсээ хэн нэгнийг дуудъя, ирээд намайг аваг,” гэж тэр бодлоо. Гудамжинд утсаар гэр рүүгээ, эхнэр рүүгээ залгав. Гэвч танихгүй хүн харилцуурыг авах нь тэр.
Жон, “Хатагтай Салливантай ярьж болох уу?” гэлээ.
Харилцуур авсан хүн, “Хатагтай Салливан гэртээ алга,” гэв. “Тэр одоо оршуулганд оролцож байгаа. Ноён Салливан өчигдөр хотын төвд явж байгаад ослоор нас барсан юм.”


Thursday, November 19, 2015

Өмнөд Солонгосын гоо сайхны мэс заслын далд төрх

Өмнөд Солонгос гоо сайхны мэс заслаараа дэлхийд тэргүүлдгийг хүн бүр мэднэ. Энэ улсад нийт 200 гаруй гоо сайхны мэс засалч ажилладаг. Нийт эмэгтэйчүүдийн 20% ямар нэг байдлаар гоо сайхны мэс засал хийлгэсэн байдаг аж.

1. Солонгосын гэрэл зурагчин Жи Ео эндхийн гоо сайхны мэс заслын далд төрхийг харуулахыг зорьжээ. 
Түүний гэрэл зургийн цуврал “Гоо сайхны хагалгааны дараах амралтын өрөө” нэртэй. Энэ бүсгүй хагалгааны дараах амралтын өрөөнд байгаа аж.

2. Еогийн хэлж байгаагаар Солонгост гоо сайхны хагалгаа хийлгэгчдийг хоёр ангилж болно гэнэ. 
Эхнийх нь ердийн төрхтэй болох гэж хагалгаа хийлгэгчид. Ийм төрлийн хагалгаа харьцангуй хямд. Хоёр дахь бүлэгт хүүхэлдэйн киноны дүр эсвэл хүүхэлдэй шиг харагдах гэж хагалгаа хийлгэдэг хүмүүс багтана. Тэд маш том нүд, маш жижиг эрүүтэй гэх мэт зөвхөн хагалгаа хийлгэсний үр дүнд л олж авч болох ер бусын төрхтэй болохыг хүсдэг.

3. Эмч нарын хэлж байгаагаар гоо сайхны мэс ажилбар цаг хугацаа их шаарддаг ч орчин үеийн нарийн технологийн ачаар ямар ч эрсдэлгүй болсон аж.

4. Өмнөд Солонгос хоёр мянга гаруй гоо сайхны мэс засалчтай. Бүсгүйчүүдийн зарим ажилд орох, нөхөрт гарах гэсэн шалтгаанаар гоо сайхны мэс засал хийлгэдэг байна.

5. Еогийн "Ердөө жаахан л өвдөнө" нэртэй үзэсгэлэнд гоо сайхны хагалгаа хийлгэсэн охидын зураг багтжээ.

6. Мэс ажилбарын үеэр үйлчлүүлэгч эмчийг огт хардаггүй. Үйлчлүүлэгчийг хагалгааны өмнө унтуулаад, эмч мэс заслын өрөөнөөс гарч явсны дараа сэрээдэг.

7. Ео хэд хэдэн гоо сайхны мэс заслын эмнэлгээр явж, хагалгаа хэрхэн хийдгийг харжээ. Энэ зураг дээрх эмнэлэг нийт 21 давхар барилгад байрладаг.

8. Мэс заслын хаягдал.

9. Солонгос охидыг гоо сайхны хагалгаанд донтсон гэхэд дэгсдэхгүй гэж Ео үздэг аж.

10. Өөрчлөгдөж байвал өвдөх юу ч биш.

11. Гоо сайхны мэс засал Солонгосын өнөөгийн соёлын салшгүй хэсэг болсон гэж Ео ярьж байна.

12. Ур чадвартай эмч нар хүний төрхийг хэрхэн өөрчилдгийг энд харж болно.

13. Залуу охид, эмэгтэйчүүдээс гадна эрчүүд ч мөн гоо сайхны мэс засал хийлгэдэг.

эх сурвалж: http://www.wittyfeed.com/story/

Америк кокер спаниель

Америк кокер спаниель. Спорт ангилалд хамаарах жижгэвтэр биетэй нохой. Ойрын төрөл болох Англи кокер спаниелиэс ХХ зууны үед салж тусдаа үүлдэр болж хөгжсөн. Энэ хоёр үүлдрийн нэрийн кокер хэмээх үг нь вүдкок буюу ойн цуцал нэртэй шувуу агнахад түлхүү хэрэглэж байснаас үүдэлтэй.

Америк кокер спаниель үүлдэр бий болоход "II Чэмпион Обо" гэдэг нохой чухал үүрэг гүйцэтгэсэн (доорх зураг). 1881 онд Англиас Америк руу усан онгоцоор авчирсан энэ нохой тухайн үеийн Англи кокер спаниелээс маш жижиг буюу ердөө 25 см өндөртэй байсан гэдэг.


Америк кокер спаниель 1940 1950-аад онууд болон дахин 1980 онуудад гэх мэтчилэн нийт 18 жил Америкийн хамгийн өргөн дэлгэр тархсан нохойны үүлдрээр шалгарсан.

Америк кокер спаниель Вэстминистр нохойны шоуны шилдгийн шилдэг өргөмжлөлийг нийт дөрвөн удаа хүртсэнээс сүүлийг хоёрыг нь 1940, 1941 онд Чэмпион Мае Оун Брүси гэдэг нохой хүртсэн. Энэ нохой мөн дэлхийд хамгийн их зураг авхуулсан нохой гэдэг өргөмжлөлтэй.

Нохойн үүлдрүүдийг оюун ухаанаар нь жагсаахад америк кокер спаниель 20 дугаар байр эзэлжээ. Нэлээд боломжийн ухаалаг, сургах бүрэн боломжтой гэсэн үг. Хүлээх, хөдлөхгүй байх гэсэн коммандыг хамгийн сайн, юмыг сарвуугаараа далдлах, нуух гэдэг коммандыг хамгийн муу биелүүлдэг.

Багаасаа дассан бол насанд хүрсэн хүн, хүүхэд, бусад нохой, гэрийн тэжээмэл амьтантай бүрэн эвтэй байж чадна. Хүмүүстэй ойр дотно байх дуртай, хашаанд ганцаар байж таарахгүй. Чанга дуу, ширүүн харьцаанд эмзэглэж, хямардаг.

Дундаж наслалт 11 жил. Нас баралтын гол шалтгаан нь хорт хавдар (23%), хөгшрөлт (20%), зүрхний өвчин (8%), дархлал буурал (8%). Чих, нүдний өвчин тусах магадлал харьцангуй өндөр.

Америк кокер спаниель, Англи угсаа нэгтнээсээ илүү бөөрөнхий нүд, товгор дух, богино хамар, тод хөмсгөөрөө ялгардаг. Хамар нь арьсны өнгөөс хамааран хар эсвэл хүрэн байна.


Энэ хамгийн сүүлийн зурагт манай Лили бүсгүй байна.

Истанбулаар аялагчийн заавал үзэх газар: Софийн цогчин дуган

Истанбулын төв хэсэгт байрлах энэ цогчин дуганд жилийн турш гурван сая гаруй хүн зочилдог. Уг дуганыг анх Византын эзэнт гүрний үед буюу 532-537 онд гүрний эзэн хаан нэгдүгээр Юстиниан үнэн алдартны шашны сүм хэлбэрээр бариулсан байна. 1453 онд туркүүд Истанбулыг эзлэн авмагц Софийн цогчин дуганыг исламын сүм болгон өөрчилсөн аж. 1935 оноос одоог хүртэл уг байгууламж музей хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.


1453 онд туркүүд Османы эзэн хаан хоёрдугаар султан Мэхмэтийн удирдлагад Константинополь хотыг эзлэн авахад дуган нэлээд доройтсон, хэцүү байдалтай байсан ч Османы гүрний шинэ удирдагчид дуган гүн сэтгэгдэл төрүүлсэн тул дуганыг сүм болгон сэргээх тушаал өгсөн гэдэг. Дуганы нэр дэх “софи” нь эртний грек хэлний “цэцэн мэргэн” гэх утгатай "софос" гэсэн үгнээс гаралтай. Цэцэн мэргэн байдлыг үнэн алдартны шашинд бурхны гол гурван чанарын нэг гэж үздэг. Уг дуган мянган жилийн турш дэлхийн хамгийн том дуган гэж тооцогдож байгаад энэ алдраа 1520 онд Севилийн дуганд шилжүүлжээ.

Уран барилга талаасаа хамгийн гол анхаарал татах зүйл нь Софийн цогчин дуганы өндөр бөмбөгөр орой юм. Энэ нь Византын гүрний үеийн уран барилгыг гол илэрхийлэгч зүйл бөгөөд “дэлхийн уран барилгын түүхэнд өөрчлөлт авчирсан” гэгддэг. Софийн цогчин дуганыг барих ажилд 10,000 хүн оролцсон гэж таамагладаг. Энэхүү эртний барилгын зарим багана, хаалга, чулууг түүнээс ч өмнөх үеийн барилга байгууламжаас авчирсан байх магадлалтай аж.


Софийн цогчин дуган, нүсэр барилга байгууламжаас гадна дотор ханан дээрх шашны утга агуулгатай чулуун зургуудаараа алдартай. Эдгээрийн нэг нь 15 метрийн өндөртэй мөнгөн шүтээн юм. Дуганыг исламын шашны сүм болгон өөрчлөх үед Фатих султан Мэхмэтийн хүлээцтэй зангийн ачаар Есүс, Мэри эх, Христийн шашны бусад гэгээнтнийг дүрсэлсэн чулуун шилтгэмэлийг устгалгүй, тусгай зуурмагаар дээрээс нь бүрсэн байна. Үүний ачаар шилтгэмэл гадны нөлөөллөөс хамгаалагдан үлджээ.

Исламын шашны барилгад зайлшгүй байх гэрэлт цамхаг гэх мэт хэсгийг нэмж барьсан байдлаар сүм хэлбэрээр ашиглагдаж байсан уг байгууламжийг 1935 онд музей болгон дахин нээсэн байна. Софийн цогчин дуган Турк улсад Топкапы ордон музейн дараагаар хамгийн их хүн хүлээн авдаг хоёр дахь музей бөгөөд 2013 онд нийт 3.3 сая хүн зочилсон аж.

XV зуун жилийн турш хадгалагдан үлдсэн Софийн цогчин дуган дэлхийн урлаг, уран барилгын түүхэнд чухал байр суурь эзлэх бөгөөд Визансын үеийн уран барилгын сор гэж үнэлэгддэг. Өнөөдрийн Софийн цогчин дуган энэ газар барьсан гурав дахь дуган аж. Өмнө нь барьсан хоёр дуган тухайн цаг үед гарсан мөргөлдөөний улмаас нурж үгүй болжээ. Софийн цогчин дуган бусад цогчин дуганаас ялгарах дөрвөн гол онцлогтой:

- Дэлхийн хамгийн хуучин цогчин дуган.


- Анх баригдсанаасаа хойш дэлхийн хамгийн том цогчин дуган хэмээх алдар цолыг хамгийн урт хугацаанд (Испанийн Севилийн цогчин дуган 1520 онд баригдаж дуустал) хадгалсан. Талбайн хэмжээгээрээ одоо цагийн хамгийн том дөрөв дэх цогчин дуган.


- Дэлхийн хамгийн хурдан баригдсан (5 жилд) дуган. 


- Хуучин цогчин дуганууд дунд бөмбөгөр оройн хэмжээгээрээ дөрөвт ордог.

532 оны хоёрдугаар сард хоёрдугаар дуган нурсны дараа нэгдүгээр Юстиниан хаан өмнөхөөс огт өөр дуганы загвар гаргахыг физикч Исидор, математикч Анфимий нарт үүрэг болгосон байна. Гаргасан загварын аль нь ч Юстиниан сэтгэлд нийцэхгүй байсаар хэдэн сар болсны дараа Исидор нэг шөнө загвар гаргаж байгаад унтаж орхиод зүүдэндээ Софийн цогчин дуганы дүр зургийг харсан гэсэн яриа байдаг. Энэ дагуу гаргасан загвар Юстинианы сэтгэлд нийцэж дуганыг бариулсан аж.

Софийн цогчин дуган хэдэн зуун жилийн турш Константинополь хотын үнэн алдартны шашны гол төв байхаас гадна Визансийн хаан ширээнд суух ёслол зэрэг чухал үйл ажиллагаа болдог газар байжээ. Энэ хугацаанд олон удаагийн газар хөдлөлт, гал түймэрт өртөх бүрд нь дуганыг их бага хэмжээгээр нэмж засварласан аж.

Мустафа Кемаль Ататюркийн тушаалаар Софийн цогчин дуганыг 1930-1935 онд сэргээн завсарлахаар түр хаасан аж. Ийнхүү сэргээх засварласнаар дуганы гантиг чулуун хээтэй шал болон ханан дахь хүний дүрс бүхий чулуун шилтгэмлүүдийг олны нүдэнд ил гаргаж ирсэн байна. Софийн цогчин дуганд хэдэн тоннын алт, мөнгө, өнгөт шил болон гантиг ашиглан урласан шашны агуулга бүхий чулуун шилтгэмлүүд бий. Эдгээрийн нэг нь Юстиниан, Мэри эх, Константинополь хотыг үндэслэгч агуу Константин нарыг дүрсэлсэн шилтгэмэл зураг юм. 


XX зууны үед бүтээсэн энэ шилтгэмэл зураг дуганы зүүн талын гарах хаалганы өөдөөс харах нуман ханан дээр байрладаг. Музейгээс гарч буй үзэгчид энэ шилтгэлийг сануулах зорилгоор гарах хаалган дээр зураг руу харсан толь байрлуулсан байдаг. Энэ шилтгэмлийн төвд түшлэггүй суудал дээр хүүгээ тэврэн суух Мария эх байна. Зүүн гар талд нь ёслолын хувцас бүхий Константин хаан зогсоод Мэри эхэд Константинополь хотын загварыг харуулж байх бол баруун талд нь Юстиниан хаан Софийн цогчин дуганы загварыг барьсан зогсох ажээ.


Истанбулаар аялж буй жуулчин зөвхөн энэ шилтгэмэл зургууд, уран барилгын сор үзмэрийг харахаас гадна хотын түүхийг цухас ч атугай мэдэж авахаар Софийн цогчин дуганаар ороод гардаг нь үеийн үед уламжлал болсон зүйл бололтой.