Thursday, November 19, 2015

Истанбулаар аялагчийн заавал үзэх газар: Софийн цогчин дуган

Истанбулын төв хэсэгт байрлах энэ цогчин дуганд жилийн турш гурван сая гаруй хүн зочилдог. Уг дуганыг анх Византын эзэнт гүрний үед буюу 532-537 онд гүрний эзэн хаан нэгдүгээр Юстиниан үнэн алдартны шашны сүм хэлбэрээр бариулсан байна. 1453 онд туркүүд Истанбулыг эзлэн авмагц Софийн цогчин дуганыг исламын сүм болгон өөрчилсөн аж. 1935 оноос одоог хүртэл уг байгууламж музей хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.


1453 онд туркүүд Османы эзэн хаан хоёрдугаар султан Мэхмэтийн удирдлагад Константинополь хотыг эзлэн авахад дуган нэлээд доройтсон, хэцүү байдалтай байсан ч Османы гүрний шинэ удирдагчид дуган гүн сэтгэгдэл төрүүлсэн тул дуганыг сүм болгон сэргээх тушаал өгсөн гэдэг. Дуганы нэр дэх “софи” нь эртний грек хэлний “цэцэн мэргэн” гэх утгатай "софос" гэсэн үгнээс гаралтай. Цэцэн мэргэн байдлыг үнэн алдартны шашинд бурхны гол гурван чанарын нэг гэж үздэг. Уг дуган мянган жилийн турш дэлхийн хамгийн том дуган гэж тооцогдож байгаад энэ алдраа 1520 онд Севилийн дуганд шилжүүлжээ.

Уран барилга талаасаа хамгийн гол анхаарал татах зүйл нь Софийн цогчин дуганы өндөр бөмбөгөр орой юм. Энэ нь Византын гүрний үеийн уран барилгыг гол илэрхийлэгч зүйл бөгөөд “дэлхийн уран барилгын түүхэнд өөрчлөлт авчирсан” гэгддэг. Софийн цогчин дуганыг барих ажилд 10,000 хүн оролцсон гэж таамагладаг. Энэхүү эртний барилгын зарим багана, хаалга, чулууг түүнээс ч өмнөх үеийн барилга байгууламжаас авчирсан байх магадлалтай аж.


Софийн цогчин дуган, нүсэр барилга байгууламжаас гадна дотор ханан дээрх шашны утга агуулгатай чулуун зургуудаараа алдартай. Эдгээрийн нэг нь 15 метрийн өндөртэй мөнгөн шүтээн юм. Дуганыг исламын шашны сүм болгон өөрчлөх үед Фатих султан Мэхмэтийн хүлээцтэй зангийн ачаар Есүс, Мэри эх, Христийн шашны бусад гэгээнтнийг дүрсэлсэн чулуун шилтгэмэлийг устгалгүй, тусгай зуурмагаар дээрээс нь бүрсэн байна. Үүний ачаар шилтгэмэл гадны нөлөөллөөс хамгаалагдан үлджээ.

Исламын шашны барилгад зайлшгүй байх гэрэлт цамхаг гэх мэт хэсгийг нэмж барьсан байдлаар сүм хэлбэрээр ашиглагдаж байсан уг байгууламжийг 1935 онд музей болгон дахин нээсэн байна. Софийн цогчин дуган Турк улсад Топкапы ордон музейн дараагаар хамгийн их хүн хүлээн авдаг хоёр дахь музей бөгөөд 2013 онд нийт 3.3 сая хүн зочилсон аж.

XV зуун жилийн турш хадгалагдан үлдсэн Софийн цогчин дуган дэлхийн урлаг, уран барилгын түүхэнд чухал байр суурь эзлэх бөгөөд Визансын үеийн уран барилгын сор гэж үнэлэгддэг. Өнөөдрийн Софийн цогчин дуган энэ газар барьсан гурав дахь дуган аж. Өмнө нь барьсан хоёр дуган тухайн цаг үед гарсан мөргөлдөөний улмаас нурж үгүй болжээ. Софийн цогчин дуган бусад цогчин дуганаас ялгарах дөрвөн гол онцлогтой:

- Дэлхийн хамгийн хуучин цогчин дуган.


- Анх баригдсанаасаа хойш дэлхийн хамгийн том цогчин дуган хэмээх алдар цолыг хамгийн урт хугацаанд (Испанийн Севилийн цогчин дуган 1520 онд баригдаж дуустал) хадгалсан. Талбайн хэмжээгээрээ одоо цагийн хамгийн том дөрөв дэх цогчин дуган.


- Дэлхийн хамгийн хурдан баригдсан (5 жилд) дуган. 


- Хуучин цогчин дуганууд дунд бөмбөгөр оройн хэмжээгээрээ дөрөвт ордог.

532 оны хоёрдугаар сард хоёрдугаар дуган нурсны дараа нэгдүгээр Юстиниан хаан өмнөхөөс огт өөр дуганы загвар гаргахыг физикч Исидор, математикч Анфимий нарт үүрэг болгосон байна. Гаргасан загварын аль нь ч Юстиниан сэтгэлд нийцэхгүй байсаар хэдэн сар болсны дараа Исидор нэг шөнө загвар гаргаж байгаад унтаж орхиод зүүдэндээ Софийн цогчин дуганы дүр зургийг харсан гэсэн яриа байдаг. Энэ дагуу гаргасан загвар Юстинианы сэтгэлд нийцэж дуганыг бариулсан аж.

Софийн цогчин дуган хэдэн зуун жилийн турш Константинополь хотын үнэн алдартны шашны гол төв байхаас гадна Визансийн хаан ширээнд суух ёслол зэрэг чухал үйл ажиллагаа болдог газар байжээ. Энэ хугацаанд олон удаагийн газар хөдлөлт, гал түймэрт өртөх бүрд нь дуганыг их бага хэмжээгээр нэмж засварласан аж.

Мустафа Кемаль Ататюркийн тушаалаар Софийн цогчин дуганыг 1930-1935 онд сэргээн завсарлахаар түр хаасан аж. Ийнхүү сэргээх засварласнаар дуганы гантиг чулуун хээтэй шал болон ханан дахь хүний дүрс бүхий чулуун шилтгэмлүүдийг олны нүдэнд ил гаргаж ирсэн байна. Софийн цогчин дуганд хэдэн тоннын алт, мөнгө, өнгөт шил болон гантиг ашиглан урласан шашны агуулга бүхий чулуун шилтгэмлүүд бий. Эдгээрийн нэг нь Юстиниан, Мэри эх, Константинополь хотыг үндэслэгч агуу Константин нарыг дүрсэлсэн шилтгэмэл зураг юм. 


XX зууны үед бүтээсэн энэ шилтгэмэл зураг дуганы зүүн талын гарах хаалганы өөдөөс харах нуман ханан дээр байрладаг. Музейгээс гарч буй үзэгчид энэ шилтгэлийг сануулах зорилгоор гарах хаалган дээр зураг руу харсан толь байрлуулсан байдаг. Энэ шилтгэмлийн төвд түшлэггүй суудал дээр хүүгээ тэврэн суух Мария эх байна. Зүүн гар талд нь ёслолын хувцас бүхий Константин хаан зогсоод Мэри эхэд Константинополь хотын загварыг харуулж байх бол баруун талд нь Юстиниан хаан Софийн цогчин дуганы загварыг барьсан зогсох ажээ.


Истанбулаар аялж буй жуулчин зөвхөн энэ шилтгэмэл зургууд, уран барилгын сор үзмэрийг харахаас гадна хотын түүхийг цухас ч атугай мэдэж авахаар Софийн цогчин дуганаар ороод гардаг нь үеийн үед уламжлал болсон зүйл бололтой.

No comments:

Post a Comment