Friday, September 21, 2018

Кэтрин Мэнсфилд | КАНАР БЯЛЗУУХАЙ





... Урд хаалганы баруунтаах том хадаасыг харж байна уу? Би тийшээ одоо ч харж чаддаггүй хэдий ч аваад хаячихъя гэхээр зүрх хүрэхгүй юм. Намайг талийж одсоны дараа ч хадаас хананд хадаатай хэвээр байна гэж бодоход сэтгэлд өег санагдана. “Тэнд шувууны тор өлгөөтэй байсан бололтой” гэж хүмүүсийн ярилцахыг сонсоод сэтгэл амарна, ямартаа ч тэр минь бүрмөсөн мартагдаагүй л юм байна.
... Хонгорхон минь ямар гайхалтай дуулдаг байсныг та төсөөлөх ч үгүй. Бусад канар бялзуухайн жиргэхээс эрс өөр. Түүний дуулахыг сонсоод би ганцаараа биширсэн юм биш шүү. Өөр хүмүүс ч үүдэнд маань зогсоод, хиймэл жүржийн хажууд хашаан дээгүүр тэгнээд ухаан алдан чагнаж байхыг би бишгүй харсан. Та мэдээж “утгагүй хэрэг” гэх байх (гэхдээ түүний минь жиргэхийг сонссон бол тэгж хэлэх нь юу л бол), надад бол хонгорхон минь дуугаа бүр эхнээс нь дуустал дуулж байх шиг санагддаг сан.
Намайг орой тийш гэрээ цэвэрлэж дуусаад, цамцаа сольж, энд үүдний тавцанд оёх юмаа барьсаар гарч ирэхэд, бялзуухай минь анхаарлыг минь татах гэсэн аятай нэг хөндлөвчөөс нөгөө рүү хоп-хоп-хоп үсэрч, торныхоо төмөр сараалжийг хошуугаараа зөөлөн тоншиж, яг л мэргэжлийн дуучин шиг жаахан ус балгаад, чамин тансаг дуулж эхлэхтэй зэрэг би зүүгээ доош нь тавиад чих тавина. Үгээр дүрслэхийн аргагүй; ямар тансаг дуулдгийг нь танд ойлгуулж чаддаг ч болоосой.
... Би түүндээ хайртай байлаа. Ямар их хайртай байсан гээч! Хүн энэ хорвоод юунд хайртай байх нь тийм ч чухал биш. Гэхдээ л юуг ч бай, хэнийг ч бай хамаагүй хайрлах л хэрэгтэй. Мэдээж хэрэг бяцхан байшин, цэцэрлэг минь байлгүй л яах вэ, гэвч яагаад ч юм бүү мэд надад нэг л хангалтгүй санагддаг сан. Цэцэгс тантай харилцаа үүсгэж чадах ч энэрч ойлгоно гэж үгүй. Тэрчлэн би үдшийн гялаан одонд хайртай байлаа. Тэнэг сонсогдож байна уу? Би нар жаргасны дараа арын хашаа руугаа гараад, хар бараан эвкалипт модны дээгүүр үдшийн гялаан тодрохыг хүлээнэ. Тэгээд “За хонгорхон минь, хүрээд ирэв үү” гэж шивнэнэ. Тэрхэн мөчид үдшийн гялаан зөвхөн надад л зориулж гялалзаж байх шиг санагддаг сан. Тэр ч үүнийг ойлгож байх шиг... энэ яг санагалзал шиг, гэхдээ яг ч санагалзал биш. Эсвэл харуусал юм уу... харуусалд илүү ойр юм даа. Гэхдээ юунд харуусна гэж? Би харин ч талархах зүйл олонтой биш үү?
... Гэхдээ тэр амьдралд минь орж ирснээс хойш би үдшийн гялаанаа мартсан; надад одоо тэр хэрэггүй. Хачин юм шүү. Мөнөөх хятад эр шувуухайг бяцхан торонд нь хийчихсэн худалдахаар манай үүдэнд ирэхэд, хонгорхон минь хөөрхий бяцхан алгарууд шиг далавчаа аль байдгаар нь савчин тэвдэхийн оронд зөөлхөн дуугаар “жив жив” гэж билээ. Яг тэгэхэд л би эвкалипт модны дээгүүр гялсхийх үдшийн гялаандаа хэлдэг шигээ “За хонгорхон минь, хүрээд ирэв үү” гэж дуу алдсан. Тэр мөчөөс хойш хонгорхон минь минийх болсон.
... Тэр бид хоёр бие биеийнхээ амьдралыг хэрхэн хуваалцаж байснаа одоо эргэн дурсахад ч надад гайхалтай санагддаг. Өглөө би доош бууж, торыг нь бүтээсэн давуугаа авахад бялзуухай минь нойрмог зөөлөн дуугарч надтай мэндчилнэ. “Эзэгтэй! Эзэгтэй!” гэж байгааг нь би шууд л ойлгоно. Тэгээд би түүнийгээ тортой нь гадагш гаргаж, хадааснаас өлгөөд, гурван залуугийнхаа өглөөний ундыг бэлтгэнэ. Гэртээ хоёулхнаа үлдтэлээ бялзуухайгаа дотогш оруулахгүй. Үүний дараа угаалга цэвэрлэгээ эхэлнэ дээ. Энэ ямар зугаатай гээч. Би ширээний буланд сонин дэлгээд, бялзуухайгаа тортой нь сонин дээр тавихад тэр минь юу болох гэж буйг ойлгосон аятай далавчаа дэвж гарна шүү дээ. “Ёстой нэг жүжгийн амьтан шүү” гэж би түүнийгээ зэмлэнэ. Доош тэвшийг нь шударч цэвэрлээд, шинэ элс асгаад, үр болон усны савыг нь тус тус дүүргэж, хөндлөвчүүдийн хооронд жаахан ажигана, улаан чинжүү хавчуулна. Бялзуухай минь энэ бүхнийг ойлгохын дээдээр ойлгож, талархан хүлээн авдаг байсан нь гарцаагүй. Бүр цаанаасаа л цэвэрч цэмцгэр амьтан сан, тэр минь. Хөндлөвч модоо хэзээ ч бохирдуулж толботуулахгүй. Усанд орох ямар дуртайг нь нэг хараад л та, “нээрэн цэвэр цэмцгэр байх дуртай амьтан юм гээч” гэж дуу алдана шүү. Хамгийн сүүлд усны онгоцыг нь тавина даа. Торонд онгоцыг нь хиймэгц хонгорхон минь шууд л шумбаад орж явчихна. Эхлээд нэг далавчаа, дараа нь нөгөөг нь эрвэлзүүлнэ, тэгснээ толгойгоо дүрнэ, энгэр цээжнийхээ өд сөдийг норгоно. Гал тогоогоор нэг ус цацагдах ч бялзуухай минь уснаасаа гарахгүй. “Одоо болно. Худлаа гайхуулаад л” гэж би түүндээ хэлнэ. Эцэст нь хонгорхон минь онгоцноосоо гарч, нэг хөл дээрээ зогсоод, өд сөд рүүгээ хошуугаа шургуулаад биеэ хатаана даа. Тэгээд нэг чичирч, нэг биеэ сэгсэрч, нэг шулганаад, хоолойгоо дээш өргөн.... Бурхан минь, эргэн дурсаж ч тэсэхгүй нь ээ. Би тэр үед хутга зүлгэж байж таарна. Вандан дээр хутгануудыг зүлгэх зуур тэд ч бас дуулах шиг л санагддаг сан.
... Хань, тийм ээ, тэр яах аргагүй хань нөхөр байж. Төгс хань. Ганцаар амьдарч буй хүнд ханьсах нэгэн ямар чухал гээч. Мэдээж хэрэг, гурван залуу маань орой бүр хоолоо идэхээр гэртээ ирнэ, дараа нь зочны өрөөнд ороод сониноо уншицгаана. Гэхдээ өдрийг минь дүүргэсэн тэр жижиг сажиг зүйлсийг тэд сонирхохгүй, сонирхоно гэж ч би горьдохгүй. Яасан гэж сонирхох юм? Би тэдний хувьд хэн ч биш. Үнэндээ нэг орой би шатан дээр миний тухай “мануухай” гэж ярихыг нь сонссон юм чинь. Хамаагүй ээ. Огт хамаагүй. Би өчүүхэн төдий ч атугай тоохгүй. Угаасаа ойлгож ядах юмгүй. Тэд залуу байна. Би яалаа гэж тоох юм? Гэхдээ тэр орой би гэртээ ганцаархнаа үлдээгүйдээ ихэд талархаж байснаа санаж байна. Тэднийг гадагш гарсны дараа би хонгорхондоо ингэж хэлсэн: “Эзэгтэйг чинь тэд юу гэж дуудаж байна гээч?” Гэтэл тэр минь толгойгоо гилжийлгэн, гялалзсан нүдээрээ өөдөөс минь ширтэхэд би инээдээ барьж дийлээгүй. Түүнд минь их зугаатай санагдсан бололтой.
... Та шувуу тэжээж байсан уу? Үгүй бол энэ бүхэн танд арай л хэтрүүлсэн санагдаж магадгүй. Шувуу гэдэг бол нохой, муу шиг биш, зүрх сэтгэл гэх юмгүй, хүйтэн хөндий амьтад шүү дээ гэж хүмүүс боддог. Даваа гараг бүрд манай цэвэрлэгч хүүхэн надаас яагаад “хөөрхөн фокс террьер” тэжээдэггүйг минь асууж, “Канар бялзуухай хүнд тайтгарал өгөхгүй шүү дээ” гэдэг сэн. Худал. Ёстой худал. Би нэг шөнө юу болсныг тодхон санаж байна. Би их муухай зүүд зүүдлээд (хүний зүүд хааяа ёстой хэрцгий байдаг шүү), сэрсэн хойноо ч зүүднийхээ нөлөөнөөс гарч чадахгүй байж билээ. Тэгээд халаадаа углаад аяга ус уух санаатай доош гал тогоо руу буув. Өвлийн шөнө ширүүн аадар шаагьж байлаа. Би нойрноосоо бүрэн сэрээгүй байсан биз, гэхдээ л жалюз хөшиггүй цонхоор шөнийн харанхуй дотогш намайг сэм дурандаж байх шиг санагдав. Надад “Би ямар муухай зүүд зүүдэлсэн гээч” эсвэл “Намайг харанхуйгаас нуугаач” гэж хэлж, дотроо уудалчих хүн үгүй гэдэг нь санаанд минь ороод, тэрхэн зуур тэсэхийн аргагүй боллоо. Нэг минут хэртэй нүүрээ дарж зогслоо. Гэнэтхэн л “Хөөрхөн өө! Хөөрхөн өө!” гэх чимээ дуулдав. Түүний минь тор ширээн дээр байсан юм. Дээрх бүтээлэг нь ялимгүй хэлтийгээд, өчүүхэн төдий гэрэл торонд туссан аж. “Хөөрхөн өө, хөөрхөн өө! гэж хонгорхон минь дахин нэгэнтээ жиргэлээ. “Эзэгтэй минь, би энд байна, би энд байна!” гэж байгаа юм шиг л. Сэтгэл минь жигтэй их тайвшраад, бүр нүдэнд нулимс бүрэлзээд ирэх нь тэр.
... Гэхдээ тэр одоо байхгүй болсон. Би дахиж өөр ямар ч шувуу, ямар ч амьтан тэжээхгүй. Тэжээх чадах ч үгүй. Түүнийгээ нүд нь бүүдийгээд, сарвуу нь хумигдаад гэдрэг харан хэвтэж байхад нь олж, хонгорхныхоо дуулахыг дахиж хэзээ ч сонсохгүй гэдгээ ойлгомогц л дотор минь нэг зүйл үхчих шиг санагдсан. Цээж минь түүний тор шиг л хоосорчихсон. Би үүнийг давж гарах учиртай. Мэдээж хэрэг. Давах ёстой. Хүн цаг хугацааны эрхээр ямар ч зовлонг давдаг. Тэгээд ч хүмүүс намайг хөгжилтэй зантай гэлцдэг. Тэдний зөв. Бурхны авралаар би үнэхээр хөгжилтэй зантай шүү.
... Аймшигтай гутранги зан гаргахгүй, учиргүй уйлагнан дурсаж сүйд болохгүй ч гэлээ хүнд хааяа үнэхээр уй гашууд автчих шиг санагддагийг нуух юун. Яг нэрлээд хэлчих аргагүй, нэг л хачин. Өвчин, ядуу зүдүү амьдрал, үхэл гэх мэт хэн хүний мэдэх зовлон гунигийн тухай би ярьсан юм биш ээ. Үгүй, энэ өөр зүйл. Тэртээ гүнд, бүр сэтгэлийн мухарт амьсгал шиг л хүний нэг хэсэг болчихсон зүйл... Хэчнээн их ажиллалаа ч, аль байдгаараа ядарлаа ч сэхээ авах төдийд л ухаарах юм даа, өнөөх чинь тэндээ хүлээж л байна. Хүн бүрд тэгж санагддаг болов уу? Бүү мэд дээ. Хөгжилтэй, хөөрхөн дууных нь цаана ердөө энэ... энэ гуниг нуугдаж байгаа нь ер жигтэй биш гэж үү? Гэхдээ ер яг юу билээ дээ, энэ миний сонссон зүйл?

Орчуулсан Г. Сугиррагчаа