Wednesday, December 26, 2018

Юсуф Атылган | АМЬДАРШГҮЙ



(өгүүллэг)

Image result for yusuf atılgan“Бос, бос” гэж хэн нэгэн хүн хэлж байв, би сонсоод байлаа. Зүүн хацар минь халуу оргино. Нөгөө хүний цохисон хацар. Намайг гараас минь татаж босголоо. Би арайхийн өндийв. Тав зургаан хүн зогсоод, над руу харна. Дунд нь бас нэг хүүхэд байна. Би бүгдийг нь нэгэн зуур харлаа. Ирмэлдээд л. Дээр миний зайдас авсан худалдагчийн харц санаанд буув. Би яагаад ч тэсэхгүй нь; дотор минь дааж давшгүй их уйтгар гуниг дүүрсэн. Гэнэтхэн саналаа: би гэртээ харимагцаа амиа хорлоно. Сэтгэл тайвшрав. Дээрээс нь өнгийсөн хүмүүсийн нэг:
– Хүний эхнэрт хандарна гэнэ ээ!.. хэмээлээ.
– Худлаа! гэж би ер санаа зоволгүй хариу өчив.
– Амаа тат! Инээх юу байгаа юм? Алив та нар тарцгаа гэж өөр нэг хүн хэллээ.
Хувцас хунарын минь тоосыг гөвж байв. Ер танихгүй хүн. Эхлээд хүүхэд явлаа; удалгүй нөгөөдүүл нь. Бид хоёул үлдэв. Тоосыг минь л гөвөөд байх юм. Нүүр минь халуу оргино.
– Намайг Али гэдэг гэв.
“Али юм гэнэ.”
– Манисад нэг Али байсан...
– Би эндхийнх.
Гудамжаар өнгөрөгчид одоо над руу харахаа больжээ. Тэд цохиулсныг минь хараагүй.
– За баяртай гэж би хэллээ.
Явах гэж байсан юм. Тэр гараас минь зуурав.
– Байзна. Нүүр чинь цус болж. Манай байр энүүхэнд, очиж арчъя.
Бид хамтдаа явлаа. Модон шатаар дээш гарав. Өрөө нь хоёр давхарт аж. Ганцаараа амьдардаг нь илт. Хананд залуу хүүхний зураг. Шар үстэй байх гэж би бодов. Мөнөөх эр нүүрийг минь спиртээр арчингаа асуулаа:
– Чамайг яасан гэж зодсон юм бэ?
Би ярилаа. Ажлаасаа буцаж явсан юм. (Ажил дээр юу болсныг яриагүй. Нөгөө л янзаараа өнгөрсөн. Өнөөдөр ямар ч онцгой зүйл болоогүй. Гэхдээ би өнөөдөр шийдвэрт хүрсэн. Үүнийгээ би түүнд хэлээгүй.) Хүүхэн өөдөөс минь ирж явсан; хуучны танил шиг л. Гэтэл би ямар ч эмэгтэй хүн танихгүй шүү дээ. Тэгээд би замын голд зогссон. Дэргэдэх эрийг нь хараагүй. Тэр ч зүүн хацар луу минь нударгалсан. Ердөө л тэр.
– Эргүү мал. Эхнэрийнхээ хажууд эр бар болж буй хэрэг. Чамайг өөрөөсөө дорд үзээд томорч байхгүй юү.
Би намхан. Шавилхан биетэй. “Бяцхан амьтан” гэдэг сэн, аав минь; би уурлана. Гэхдээ энэ эрд уурласангүй. Бослоо.
– Битгий тоо гэж тэр хэлэв.
Би тоогоогүй. Тэндээс гарлаа. Мухлагийн өмнө улаан лооль, дотор нь махан шанз дүүргэдэг том чинжүү овоолжээ; түүнчлэн том цайвар толботой хөлдүү ногоон тарвасууд. Энэ бусдад зориулагдсан, харин би өөр. “Чи өөр” гэж хэлдэг сэн багш минь; миний хэлж чадахгүйг мэдсэн ямар нэг үгийг хэлэлгүй өнгөрчих вий гэсэн аятай толгойгоо урагш тонгойж, баруун гараараа чихээ имэрч, нүдээ сүүмийлгээд, царайдаа анзаарагдахтай үгүйтэй өөдгүй инээмсэглэл тодруулан асууна: “Тийм биз, гүн ухаанч аа?” Нөгөөдүүл нь хөхрөлдөнө, анги даяараа жиргэлдэнэ. Би ичдэг сэн.
Би мөн л ичсээр. Түрээсээ нэхэж буй энэ ядруу хүүхний эрээгүй гарт ––би царай руу нь эгцэлж хардаггүй–– аль хэдийн дасчихсан байх учиртай ч ер тиймгүй. Сар бүрийн эхний өдөр мадам “салон” гэж нэрлэдэг сонгино үнэртсэн, чийгтэй, бүүдгэр, хар модон өрөөндөө, хаалганы хажуугийн буйданд суугаад түрээслэгчдээсээ мөнгөө авна. Би аравтын дэвсгэрт гурвыг алган дээр нь орхилоо. “За май; авах ёстойгоо авсан юм шиг зарцуул! гэж хэлсэн сэн, нярав, цалинг минь өгөнгөө. Надад яг тэгэхэд л үхмээр санагдсан билүү? Царцааны үг тэгэхэд хэлний минь угт хадагдаж үлдсэн билүү: “Бүх ертөнц надад нэг амьдралын өртэй.”[1] Нөгөөдүүл надад давстай кофе уулгахад цор ганц нярав л инээгээгүй. Тэр нүдний шилнийхээ дээгүүр хардаг.
Өрөө минь бүдэг харанхуй. Би гэрлээ асаалаа. Хөшиг хаалттай, тэгээд одоо хаалгаа түгжчихвэл, би энд өөрийн гүрэндээ хаан гэсэн үг. Шумуул шиг л хөнгөн үсчлээ. Тааз руу харав. Их том дутагдал шүү энэ; том том барилгуудыг дээр дээрээс нь сүндэрлүүлэхэд ур чадварын нууц оршдог юм биш ээ. Тааз руу бат бэх цагаригууд хөөрнө. Гэнэт хүүхэд ахуй нас минь дүүжлэгдчихсэн байхыг би харлаа. Хэл нь унжиж, нүд нь гадагш бүлтэрчихсэн, нусгай аймхай. “Бүх ертөнц надад амьдралын өртэй.” Хор уусан нь хамгаас зөв. Гэхдээ хор олж авахын тулд дахиад нөгөөдүүлийн дунд орох хэрэгтэй. “Новш гэж, баруун хөл чинь зургаан хуруутай юм байна.” “Худлаа” гэдэг сэн би. Тэгээд гутлынхаа үдээс рүү гараа сунгана. Бүгд эвхрэлдэж ирээд хөхрөлдөнө. Би гайхаж хоцорно. Нярав нүдний шилнийхээ дээгүүр хардаг сан. “Чи өөр” гэж хэлнэ, багш. Анги даяараа учиргүй инээлдэнэ. “Хөөе, давжаа, үүнийг хуулж бич.” Давжаа гэдэг нь би. “Ийм царайтай юу? Боль боль, хүүхнүүдийг үргээчихнэ.” Би цаг үеийнхээ тэргүүлэгч байсан; гэхдээ намайг газраас татаж босгосон хүн хувцас хунарыг минь гөвсөн шүү. “Хорин лирээр ийм цамц авна гэнэ ээ! Чамайг молигодчихож. Минийхийг хар, арван гурван лир.” Дараа нь хагас кило зайдсанд таван лир авдаг тэр мухлагийн худалдагч: “Бүх ертөнц надад амьдралын өртэй.” Би авлагаа авмааргүй байна. Бугуйгаа зүсэж цусаа ханана. Нөгөөдүүл хаалгыг минь эвдээд яах бол? Мадам уурлаж магад. Би эхлээд эсрэг талын хананд хар будгаар томоос томоор “АМЬДАРШГҮЙ” гэж бичнэ.
Дээш өндийх зуур хонго руу минь хатгуулав. Өнөөдөр өгзгөөрөө унасан. Гэнэт намайг татаж босгосон хүн санаанд орж ирлээ. “Намайг Али гэдэг” гэж билээ. Гараас минь татаж, хувцас хунарыг минь гөвсөн. Нөгөөдүүл шигээ биш. Хувцсыг минь гөвөх үеийн харц нь өөр. Сэтгэлд минь гэнэтхэн нэг тийм шаналан, догшин хайр мэдрэгдэв. Толгойд минь аливаа бүхэн цэгцэрлээ. Булан дахь сагснаас уурын нүдүүр аваад дотор халаасандаа хийв. Нүдүүр хүнд юм. Би гадагш гарлаа.
Тэр өрөөндөө алга; хаалга нь түгжээтэй. Дээд давхар луу гарах шатны буланд суугаад хүлээлээ. Их хүлээх хэрэг гарсангүй. Гадаа хэсэг зуур бороо оров. Тэр эцэстээ ирлээ. Намайг босмогц олж харав.
– Чи юү? Ирсэн чинь сайн хэрэг. Алив дотогш ор гэлээ.
Өрөөний гэрэлд явангаа хазганаж буй нь нүдэнд минь өртөв. Нүд нь гялалзана, баяр хөөртэй.
– Юу гээч, тэр надад хайртай.
– Хэн, энэ үү?
Би ханан дахь зургийг заалаа.
– Тэр.
– Шар үстэй юү?
– Тийм.
Related imageТэр ярив. Эхлээд казино руу очицгоосон юм гэнэ. Би одоо сонсохоо болилоо. Зүүн гар минь халаас дахь нүдүүрээ тэмтэчнэ. Тэр харваас согтуу. Ханан дахь хүүхэн түүнд хайргүй. Бичгийн даалгавраа хийлгэж дуусах хүртлээ эрчүүдийн нүд рүү ширтээд, дараа нь нөгөөдүүлтэйгээ хамтдаа хөхөрдөг танил шар үстүүдээс минь өөр гэж үү, энэ? Үгүй. Түүнд хайргүй, хуурч байгаа юм. Тэр хууртсанаа мэдээд ямар их шаналахыг би мэднэ. “Ярь, яриад бай” гэж би өөртөө хэллээ, “Үгүйдээ л чи аз жаргалтай талийж одох нь.” Аливаа бүхэн санаандаа сайтар цэгцэлснээр минь болно. Өөрчлөгдөхгүй. Тэр хувцас хунарыг минь гөвж билээ. Муу муухай дунд үлдэх учиргүй.
– Чи яагаа вэ, бие чинь зүгээр үү? гэв тэр, гэнэтхэн.
– Үгүй ээ, зүв зүгээр гэж би хариуллаа.
Үнэхээр зүв зүгээр байв.
– Хөргөгчид дарс бий; нэг нэг хундага тогтоох уу?
Тэр хөргөгч рүүгээ зүглэлээ. Би ч араас нь дагав. Эргэж харах нь уу даа гэж бодтол ердөө бүдэрсэн юм санж. Би нүдүүрээ гаргаж, баруун гартаа атгаад, бүхий хүчээрээ толгой руу буулгалаа. Тэр доош харсан чигээрээ унаад өгөв. Өрөөнд сүртэй нүргэллээ. Хэзээ хойно шалны хивсэнцэр лүү цус урсав. Би ер хөв хөнгөхөн болжээ, өчүүхэн төдий чимээ гарахад л нисчихмээр; шумуул шиг. Одоо би амиа егүүтгэж болно.

––

Орчуулсан: Г.Сугиррагчаа



[1] Эзопын ёгт үлгэрээс сэдэвлэсэн “Царцаа шоргоолж хоёр” (1934) киноны “The World Owes Me a Living дууг хэлсэн бололтой. (Орч.)


Friday, December 21, 2018

Жон Чивер | СЭЛЭГЧ

(өгүүллэг)


Ид зуны ням гарагт хүн бүр, “Би өчигдөр орой арай л хэтрүүлжээ,” гэдэг дээ, яг тийм Ням гараг болж байлаа. Сүмээс гадагш гарч буй сүсэгтнүүд ингэж бувтнаж, хувцас солих өрөөнд нэлхгэр дээлээ хэдэрч ядаж буй санваартны амнаас ийм үг унаж, энэ үг гольф, теннисийн талбайгаас сонсогдож, захирал нь шартаад байж ядаж буй байгаль хамгаалах Одюбон нийгэмлэгээс ч дуулдаж байв. Доналд Уэстерхейзи, “Би арай л хэтрүүлжээ,” гэв. Люсинда Мерилл, “Бид бүгд хэтрүүлсэн,” гэлээ. Хэлен Уэстерхейзи, “Би тэр улаан дарснаас арай л их уужээ,” гэв.
Тэд Уэстерхейзигийнхний усан сангийн хажууд зогсож байлаа. Төмөр оргилуураас гоожих усаар дүүрэх усан сан цайвар ногоон өнгөтэй аж. Гадаа цаг агаар таатай. Баруунтаах бөөн үүл холоос –ойртож буй усан завины хошуунаас–– хот яаж харагддаг билээ яг тэгж харагдаж байв, ийм хот шиг үүл мэдээж өөрийн гэсэн нэртэй байх учиртай. Лиссабон. Хакенсак. Нар хурц шарна. Нэдди Мерилл шилэн аягатай жин архи барьсаар усан сангийн хажууд суугаад сул гараа ногоон усанд дүрж байв. Тэр өндөр туранхай эр –залуу хүн шиг л туранхай–– залуу насаа ардаа орхиод удаж байгаа ч тэр өглөө шатны хашлагаар гулгаж буугаад, хоолны өрөөнөөс гарах кофены таатай үнэрийг даган шогшингоо хонгилын ширээн дээрх Афродитын баримлын хүрэл хонго руу алгадсан гэж байгаа. Түүнийг зуны өдөртэй харьцуулахад, ялангуяа нар жаргах үетэй харьцуулахад болохгүй юмгүй. Хэдий теннисийн цохиур, тамирчны цүнх бариагүй ч тэр гарцаагүй залуу, спортлог, нүдэнд дулаахан харагдана. Усанд сэлдэг хэвээр, одоо энэ мөчийг бүрдүүлж буй бүх зүйлийг, нарны халуун элчийг, өөрийн мэдрэх гайхалтай таашаалаа бүхэлд нь уушгиндаа дүүргэх гэсэн шиг дуу шуутай, гүн амьсгалж байв. Энэ бүхэн цээж рүү нь урсан орох шиг санагдана. Тэдний гэр эндээс өмнө зүгт найман бээрийн зайд Буллет Паркт, тэнд одоо дөрвөн хөөрхөн охин нь хоолоо идчихээд, теннис тоглож байж таарна. Түүнд гэнэт эндээс баруун өмнө зүгт гарч алсуур мурийвал, усанд сэлсээр гэртээ очиж болох юм шиг санагдлаа.

Тэр хүссэнээ хийдэг хүн, зугтах гэсэндээ ийм юм бодож гэж хэлэх ямар ч үндэслэл үгүй. Үнэндээ, газрын зураг зурдаг хүн шиг айлуудын усан сангууд алгуураа мурийн зэрэгцэн жагссаныг, хот дундуур нууц гол урсаж буйг харж байсан хэрэг. Шинэ зүйл олж нээн, орчин цагийн газарзүйн шинжлэх ухаанд өөрийн хувь нэмрээ оруулсан тэрээр энэ голыг эхнэрийнхээ нэрээр Люсинда гэж нэрлэнэ. Нэдди наргианч эсвэл мулгуу биш, харин яах аргагүй өвөрмөц нэгэн, өөрийгөө нэр алдартай хүн гэж даруухан бодолдоо төсөөлдөг. Гадаа цаг агаар үнэхээр сайхан, ийм сайхан өдрийг тэмдэглэж удаан гэгч нь сэлбэл өдөр бүр ч сайхан болох юм шиг санагдах аж.
Мөрөндөө тохсон ноосон цамцаа тайлаад, усан сан руу шумбалаа. Тэр усан сан руу шумбадаггүй эрчүүдийг яагаад ч юм бүү мэд дорд үздэг. Гараа даллах болгондоо эсвэл дөрвөн удаа даллаад нэг удаа амьсгаа авч чөлөөт стилиэр сэлж байлаа, хөлөө цавчингаа санаандаа нэг–хоёр, нэг–хоёр гэж тоолно. Холын зайд ингэж даллаж сэлэх төдий тохиромжгүй ч усанд сэлэлтийн спорт хаа сайгүй дэлгэрэхтэй зэрэг үүнтэй холбоотой зарим дүрэм заавар үүссэн хэрэг. Түүний амьдарч буй цаг үед харин чөлөөт сэлэлт хамгийн түгээмэл. Ийнхүү биеэ цайвар ногоон усанд тушаасан нь таашаалтай зүйл гэхээс илүүтэй гарцаагүй зүйл мэт санагдаж байв, тэр уг нь усны богино өмдгүй сэлмээр байсан ч цаашид сэлэх газраа бодохоор энэ боломжгүй нь ойлгомжтой. Тэр усан сангийн нөгөө үзүүр лүү очиж уснаас гараад ––тэр угаасаа хэзээ ч усан сангийн шатаар гардаггүй–– зүлгэн дээгүүр явлаа. Люсинда түүнээс хаачих гэж буйг нь асуухад, гэр лүүгээ сэлж хүрэх гэж байгаагаа хэлэв.
Дагах учиртай газрын зураг нь зөвхөн түүний ухаан санаан дахь төсөөллийн зүйл хэдий ч тэр бүгдийг тодорхой санаж байлаа. Хамгийн эхэнд Грехэмийнхний усан сан, дараа нь Хаммерийнх, Лиерийнх, Хаулендийнх, Кросскапынх байгаа. Дитмар гудамжаар хөндлөн гараад Банкерынд очно, тэндээс замаа товчлон Левигийнд, Уэлчерийнд мөн Ланкастер дэх нийтийн усан санд хүрнэ. Дараа нь Хэллораныд, Саксынд, Бисвангерийнд, Шерли Адамсынд, Гилмартиныд, Клайдынд очно. Цаг агаар ч сайхан, ийм усаар хүрээлэгдсэн орчинд амьдарч буй нь түүнд маш өгөөмөр сайхан санагдана. Сэтгэл нь догдолж, зүлгэн дээгүүр гүйлээ. Гэртээ ийм ер бусын замаар хүрэх гэж байгаа нь түүнд мөргөлчин, аялагч, алдартай хүн болсон юм шиг сэтгэгдэл төрүүлэв. Замдаа найзуудтайгаа уулзана; найзууд нь Люсинда голын эргээр жагсжээ.
Уэстерхейзийнхний хашааг Грехэмийнхний хашаанаас заагласан бутан дээгүүр гараад, цэцэглэж буй алимын модны доогуур яваад, шахуурга шүүлтүүр зэргийг тавьсан жижиг амбаарын хажуугаар өнгөрөөд, Грехэмийнхний усан сангийн хажууд ирлээ. Хатагтай Грехэм, “Хүүе, Нэдди, таныг ирнэ гэж бодсонгүй,” гэв. “Өглөөнөөс хойш танайх руу залгаад хариу байдаггүй, алив таныг уух юмаар дайлъя.” Тэр үед Нэдди аялагч хүний ёсоор зорьсон газраа хүрэх замдаа уугуул оршин суугчдын зочломтгой зан, ёс уламжлал зэргийг эелдгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ойлголоо. Грехэмийнхний гайхшийг барж, бүдүүлэг зан гаргаж яаж болох вэ дээ, гэхдээ л тэнд удаан саатах аргагүй. Тэдний усан сангийн нэг үзүүрээс нөгөө рүү сэлээд тэнд нарлаж буй Грехэмийнхэн дээр хүрч очлоо. Хэдэн минутын дараа, Коннектикутаас ирсэн хоёр машин дүүрэн зочдын ачаар тэднээс мултрав. Тэд ирсэн хүмүүсийг угтан дуу хадааж байх зуур чимээгүйхэн тэндээс бултсан хэрэг. Грехэмийнхний байшингийн өмнүүр уруудаад, өргөстэй бутан хашаан дээгүүр гарч Хаммерийнхний хажуугийн хоосон хашаан дундуур хөндлөн гарлаа. Хатагтай Хаммер сарнайн бутан дундаас түүн рүү хараад хүн сэлж байгааг ойлгосон ч хэн гэдгийг нь таньсангүй. Лиерийн гэр бүлийнхэн усан сан руу нь хүн шумбахыг зочны өрөөний онгорхой цонхоороо сонсов. Хаулендийнхэн, Кросскапынхан гэртээ эзгүй байлаа. Тэр Хаулендийнхний дараа Дитмар гудамжаар хөндлөн гараад Банкерийнх рүү зүглэв. Тэднийд болж буй үдэшлэгийн чимээ хаа холоос сонсогдох аж.
Ус хүмүүсийн яриа, хөхрөх чимээг хугалаад, агаарт уусган дарж авч байх шиг санагдана. Банкерийн усан сан өндөрлөг дээр, Нэдди хорин тав, гуч орчим хүний архи дарс ууж буй хавтгай дээвэр лүү шатаар гарлаа. Усан санд резинэн жижиг завин дээр хэвтэх Расти Тауэрсээс өөр хүн алга. За тэр, Люсинда голын эрэг хавь ямар тансаг сайхан юм бэ! Баян чинээлэг эрхмүүд биндэрьяа өнгийн усны хажууд зогсох зуур цагаан хантаазтай зөөгчид тэднийг хүйтэн жин архиар дайлна. Дээр тэнгэрт савлуурт савлах хөгжилтэй хүүхэд шиг Хавиландын сургуулийн жижиг улаан онгоц хөөрөн эргэлдсээр, эргэлдсээр. Нэд энэ бүгдийг хараад гайхан бишрэв, энэ бүх тансаг сайхан зүйл гар хүрэм ойрхон байна шүү дээ. Холд тэнгэр дуугарах сонсогдов. Инид Банкер түүнийг хармагцаа хашхирч гарав: “Хэн ирснийг хараач ээ! Ямар сайхан хэрэг вэ! Люсинда таныг ирж чадахгүй гэхэд би амь тавих шахсан.” Олон хүний дундуур ярж өнгөрөн хажууд нь ирэв, тэр хоёр бие биеийнхээ хацар дээр үнссэний дараа Инид Банкер түүнийг баар луу аваачсанаар найм есөн бүсгүйтэй хацар хацраа үнсэлдэж, мөн тооны эртэй гар барьж нэлээд цаг алдав. Бараг зуун үдэшлэг дээр харсан инээмсэглэсэн царайтай зөөгч түүнд жин тоник өгч, Нэд баарны хажууд хэсэг зогслоо. Тэрээр аян замд нь саад болох аливаа яриа хөөрөөнд орохоос өөр аргагүй болохоос эмээж байв. Хүмүүс тал талаас өөдөөс нь дөхмөгц тэр усан сан руу үсрээд, Растигийн завийг дайрчихгүйг хичээн усан сангийн захаар сэлж эхлэв. Усан сангийн бүр нөгөө үзүүр дэх Томлинсоны гэр бүл рүү аль байдгаараа инээмсэглэж хараад хашаан дундах замаар гүйтэл цахиур чулуу хөлийг нь зүсчихэв. Гэхдээ үүнээс өөр муу зүйл болсонгүй. Үдэшлэг зөвхөн усан сангийн эргэн тойронд болж байгаа аж, гэртээ ойртох зуур усны тод чимээ намжаад Банкерын гал тогоон дахь радиогийн дуу тодорлоо. Хэн ч юм радиогоор хөл бөмбөг сонсож байгаа хэрэг. Ням гарагийн үдээс хойш. Тэр гадаа тавьсан машинуудын дундуур өнгөрөөд, гадагш гарах замын хажуугийн зүлгэн дээгүүр явсаар Эйлуайвзийн гудамж руу гарав. Гудамжинд усны богино өмдтэй харагдмааргүй байсан ч угаасаа замаар ямар ч машин явахгүй байлаа. Замаа товчлон ХУВИЙН ЭЗЭМШИЛ гэсэн бичигтэй пайз, Нью-Йорк Таймс сонинд зориулан тавьсан ногоон шуудангийн хайрцагтай Левигийнхний хашааны хаалганд хүрэв. Том байшингийн бүх хаалга, цонх онгорхой ч дотор ямар ч амьд амьтан байгаа шинжгүй, үгүйдээ нохой ч хавласангүй. Байшинг тойрч усан сангийн хажууд ирмэгцээ Левигийнхэн гэр бүлээрээ дөнгөж саяхан гадагш гарсан болохыг ойлгов. Япон дэн өлгөсөн бие угаах газар эсвэл саравчтай арын хэсэгт ширээн дээр хундага, лонх, самартай таваг харагдана. Нэд усан санд сэлснийхээ дараа шилэн аяга аваад өөртөө архи хундагалав. Тэр өнөөдөр дөрөв, тав дахь хундагаа хоосолж байгаа нь энэ. Люсинда голын бараг талыг сэлж гарчээ. Ядарсан ч бие цэвэрхэн санагдан, энэ мөчид ганцаараа буйдаа сэтгэл хангалуун; бүх зүйлд сэтгэл хангалуун байв.

Хүчтэй аадар ойртож байна. Бөөн үүл ––нөгөө хот–– улам хөвсийгөөд, бараантжээ. Тэнд суух зуур тэнгэр дуугарах чимээ дахин нэгэнтээ сонстов. Сургуулийн онгоц тэр дээр одоо хэр эргэлдсээр, Нэдэд нисгэгчийн үдээс хойш таатай хөхрөх чимээг сонсож болохоор санагдлаа; гэхдээ тэнгэр дахиад дуугарахаар нисгэгч гэрийн зүг жолоо залав. Галт тэрэгний дохио сонсогдоход, Нэд цаг хэд болж байгаа бол гэж бодлоо. Дөрөв үү? Тав уу? Энэ цагт хөдөө газрын галт тэрэгний буудал ямар байдгийг санаандаа ургууллаа, тэнд пиджакныхаа гадуур борооны цув өмссөн зөөгч, сонинд ороосон цэцэг барьсан одой хүн, нүдэндээ нулимстай хүүхэн орон нутгийн галт тэргийг хүлээж зогсоо биз. Гэнэт тэнгэр харанхуйлах шиг болов; яг тэр үед нарийн хошуут шувууд шуурга ойртож буй тухай нэгэн зэрэг тодорхой дуулж эхлэх шиг. Дараа нь цоргоны бөглөө ховхорч ус садрах шиг царс модны оройгоос ус асгарав, удалгүй бүх өндөр модноос ус асгарлаа. Тэр хүчтэй салхинд яагаад дуртай юм бол? Хаалга савж нээгдэн, борооны салхи шатан дээгүүр шүүрдэхэд юунд догдолдог юм бол? Хуучин байшингийн цонхны хаалтыг хаах гэдэг эгэл жирийн үйлдэл юунд ийм чухал, зохистой санагддаг юм бол? Аадар борооны эхний дуслууд түүнд яагаад яах аргагүй сайн мэдээ, баяр хөөр, сайхан зүйлийн танил чимээг авчирдаг юм бол? Дараа нь нэг тэсрэх чимээ гарч дарь үнэртэв, бороо хатагтай Левигийн ноднин ч билүү уржнан ч билүү Киотогоос авчирсан япон дэнг нүдэж гарав.
Тэр бороо намдтал Левигийн сүүдрэвчинд хүлээлээ. Бороо орохоор гадаа хүйт оржээ, тэр чичирлээ. Ширүүн салхи агч модны шар, улаан навчсыг зүлэг, усан дээгүүр сэгсэрнэ. Зуны дунд үе, мод элдэв хорхойд идэгдсэн байж таарах ч намрын энэ дохио түүнд онцгой гуниг төрүүллээ. Мөрөө өргөөд, хундагатайгаа шавхаад, Уэлчерийн усан сан тийш зүглэв. Гэхдээ эхлээд Линдлигийнхний морин тойруулгаар өнгөрөх хэрэгтэй. Тэнд очоод зүлэг зэрлэгшиж ургасныг, морь харайх саадыг сугалж гаргасныг хараад гайхлаа. Линдли адуугаа зарсан билүү эсвэл зун амралтад явах болоод адуугаа хашаанд хашсан билүү гэж бодлоо. Линдлигийнхний тухай, тэдний адууны тухай яриа сонссоноо санах шиг болсон ч яг тодорхой юм санаанд нь буусангүй. Цааш зүлгэн дээгүүр хөл нүцгэн алхалж Уэлчерийнх рүү очоод, усан сан нь хоосон байхыг харлаа.
Усан сангийн гинжин хэлхээ ингэж тасарсанд урам нь хугарч, багтаж ядан цэлэлзэх гол мөрөн хайж яваад ширгэсэн голын сав газар ирсэн аялагч шиг л санагдав. Гайхаж, гутарлаа. Зун хаана нэг тийшээ явж бололгүй яах вэ, гэхдээ хэзээ байтлаа усан сангаа хоосолдог байлаа даа. Уэлчерийнхэн нэг тийш нүүсэн болж таарах нь. Усан сангийн хажуугийн эвхдэг сандал зэргийг буланд хураагаад брезентээр бүржээ. Хувцас солих өрөө түгжээтэй, бүх цонх хаалттай, байшингийн өмнө гарахад модонд хадсан ЗАРНА гэсэн бичиг харагдана. Уэлчерийнхнээс хамгийн сүүлд хэзээ мэдээ авсан билээ? Люсиндатай цуг тэднийд оройн хоол идэх урилгыг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдсэн тэр удаа юу? Ердөө долоо хоногийн өмнө шиг санагдах юм. Ой ухаан нь муудаж байна уу эсвэл таагүй явдлыг мартах гэж тархиа сайтар сургаад болсон зүйлийг үгүйсгэдэг болоо юу? Холд теннис тоглож буй чимээ гарав. Нэдийн сэтгэл хөөрч, бүх айдсаа мартаж, бүрхэг тэнгэр, хүйтэн агаарыг тоохоо болив. Энэ бол Нэдди Мериллийн хотыг сэлж туулсан өдөр. Ёстой гайхалтай өдөр! Тэр дараа нь аян замынхаа хамгийн хүнд хэсэгт шилжлээ.

Та тэр үдээс хойш гудамжинд гарсан бол Нэдийг бараг чармай нүцгэн 424 дүгээр гудамжны явган хүний гарцаар гарах гээд хүлээж зогсоог харах байлаа. Та түүнийг бусдын доог тохуу болсон, машин нь эвдэрсэн эсвэл ердөө солиотой амьтан гэж бодох байсан биз. Замын хажууд ––шар айргийн лонх, элдэв даавууны өөдөс, нөхөөс дунд–– хүмүүсийн шоолсон харцын өмнө ийнхүү хөл нүцгэн зогсож байгаа нь үнэхээр өрөвдмөөр аж. Тэр аян замд гарахын өмнө энэ бүхэн болно гэж мэдэж байсан ч ––газрын зургаас олж харсан хэрэг–– зуны уртаас урт машины дарааллыг хараад гэнэдсэнээ ухаарлаа. Түүнийг шоолж, тохуурхаж, шар айргийн лонх чулуудав. Нэр төрөө ашиглаад эсвэл наргиан хийгээд энэ бүхнээс өөрийгөө аваад гарах боломж алга. Люсиндагийн одоо хэр нарлаж суугаа Уэстерхейзигийнх рүү буцаж очиж болно. Ямар амлалт өгсөн биш, гарын үсэг зурсан биш, тангараг тавьсан биш. Өөртөө ч тэгж амлаагүй. Түүний итгэдэгчлэн, хүн зөрүүдлэхээрээ яагаад эрүүл ухаан гаргах аргагүй болдог юм бэ? Одоо буцахад хүч нь хүрэхгүй гэж үү? Яагаад амь насанд аюултайг нь мэдсээр байж аян замаа дуусгах гээд байгаа юм бэ? Энэ наргиан, ёжтой тоглоом, бодлогогүй зан хэзээ тийм чухал зүйл болж орхив? Тэр буцаж болохгүй, Уэстерхейзигийнхний зэгэл ногоон усыг ч, өдрийн хамгийн сайн сайхныг өөртөө шингээснээ ч, найрсаг тайван дуугаар арай л хэтрүүлжээ гэж ярилцахыг ч санахгүй байлаа. Нэг цагийн дотор одоо буцах аргагүй урт зам туулжээ.
Замаар машинаа цагт арван таван милийн хурдтай жолоодох өвгөн түүнд замын дундах зүлэгт хүрэх боломж олгов. Энд хойд зүгээс ирэх машинтай хүмүүс түүнийг шоолов, тэр таваас арван таван минутын дараа зам хөндлөн гарч чадлаа. Эндээс Ланкастерын захад байх хэндболын талбай, усан сантай Соёл амралтын төв рүү алхаад хүрч болно.
Усны чимээ, гялалзсан, чичгэнэсэн дүр зураг энд ч бас яг Банкерийнд байсан шиг давтагдлаа. Гэхдээ энд усны чимээ илүү чанга, хүйтэн, хүчтэй юм. Хүмүүсийн дунд ормогц усан сангийн заавартай нүүр тулав. “УСАН САНД ОРОХЫН ӨМНӨ БИЕЭ УГААНА УУ. ХӨЛӨӨ УУСМАЛД ДҮРНЭ ҮҮ. ХҮН БҮР ТАНИХ ТЭМДЭГ ЗҮҮНЭ ҮҮ.” Тэр усанд ороод, хөлөө булингартай халуун уусмалд дүрээд усан сангийн хашлага тийш очлоо. Хлор үнэртэж байлаа, яг жорлон шиг. Хоёр цамхаг дээрх аврагчид үе үе цагдаагийн шүгэл үлээн, чанга яригчаар ярин усан сэлж буй хүмүүсийг тухгүйдүүлж байв. Нэдди, Банкерийнхний биндэрьяа өнгийн усыг санаад, энэ булингартай усанд сэлбэл халдвар авч ––нэр төр, баян тансаг оршихуйд нь сүүдэр тусаж–– болох ч одоо аялагч, бадарчин болсноо өөртөө санууллаа. Тэгээд ч энэ ердөө Люсинда голын тогтуун нэг хэсэг шүү дээ. Ярвайсаар хлортой усанд шумбалаа. Хүмүүстэй мөргөлдөхгүйг хичээн толгойгоо уснаас гарган сэлсэн ч мөргөлдөж нудралцсаар байв. Усан сангийн гүехэн үзүүрт иртэл хоёр аврагч түүн рүү нэгэн зэрэг хашхичиж гарлаа: “Хөөе, тэр таних тэмдэггүй хүн, усан сангаас гар!” Тэр гарлаа, гэхдээ аврагчид угаасаа түүний араас ирэх янзгүй. Нарнаас хамгаалах тос, хлорын үнэрээс холдож, төмөр торон хашаан дундуур гарч, хэнтболын талбайг өнгөрлөө. Замаар хөндлөн гармагц Хэллораны эдлэнгийн ойн төгөлтэй хэсэгт очив. Тэндхийн зүлгийг цэвэрлээгүй; зүлэг болон усан сангийн эргэн тойрны тайрсан намхан модтой хэсэгт хүртлээ хөл нүцгэн явахад эвгүй, аюултай ажээ.
Хэллораныхан бол түүний гэр бүлийн найз, өндөр насыг зооглосон маш баян хос. Хүмүүс тэднийг коммунист байх гэж сэжиглэдэг ч тэд үнэндээ маш хичээнгүй реформистууд болохоос коммунист биш. Гэхдээ л тэд өөрсдийг нь төрийн эсрэг элдэв ажиллагаанд буруутгахад харин ч догдолж баярладаг юм. Тэдний бут шарлажээ, Левигийнхний агч мод шиг хорхойд идэгдсэн байж таарна. Тэр Хэллораныханд ирснээ мэдэгдэх гэсэндээ, тэднийг эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ “Хүн байна уу? Хүн байна уу?” гэж дуудлаа. Хэллораныхан ер тодорхойгүй шалтгаанаар усны хувцас өмсдөггүй. Тэд яагаад ингэдэг учраа түүнд хэзээ ч тайлбарлаагүй. Шалдан байх нь тэдний реформист үзэл санааны нэг хэсэг байж таарна, Нэд ч үүнийг нь хүндлэн бутан хашлаганы онгорхой хэсэг рүү очихын өмнө усны өмдөө тайллаа.
Буурал үстэй, тайван царайтай махлаг хатагтай Хэллоран Таймс сэтгүүл уншиж байв. Ноён Хэллоран торон шүүлтүүр бариад усан дээрх навчийг авч байна. Тэд Нэдийн ирснийг хараад гайхсан ч үгүй, дургүйцсэн ч үгүй. Тэдний усан сан энэ улсын хамгийн хуучин усан сан байх, чулуугаар угсарч барьсан тэгш дөрвөлжин хэлбэртэй, горхины усаар дүүрдэг. Ямар ч шүүлтүүр, шахуургагүй, ус нь бүдэг алтлаг өнгөтэй.
Нэд, “Би хотыг хөндлөн гулд сэлж явна,” гэв.
Хатагтай Хэллоран, “Тэгж болно ч гэж мэдсэнгүй,” гэж халаглав.
Нэд, “Юу, би Уэстерхейзийнхээс гарсан, дөрвөн миль хэртэй болсон байх,” гэв.
Усны богино өмдөө усан сангийн нөгөө үзүүрт тавиад, гүехэн хэсэгт орон сэлж эхлэв. Уснаас гарч байхдаа хатагтай Хэллораны, “Нэдди, бид танд тийм зүйл тохиолдсонд их харамсаж байна,” гэхийг сонслоо.
Нэд, “Юу тохиолдсон гэж?” гэж асуув. “Юу гэж байгаа юм?”
“Юу, бид байраа зарсныг тань дуулсан, хөөрхий хүүхдүүд чинь...”
Нэд, “Би байраа зарснаа санахгүй байна, охид ч гэртээ байгаа,” гэв.
Хатагтай Хэллоран, “Тийм дээ,” гээд санаа алдав: “Тийм...” Дуу нь энэ улиралд баймааргүй гунигтай гарав. Нэд цовоо дуугаар, “Усан сэлэхийг зөвшөөрсөнд баярлалаа,” гэлээ.
Хатагтай Хэллоран, “За, сайхан аялаарай,” гэв.
Нэд бутны хажууд богино өмдөө өмсөөд уяг нь бэхэллээ. Уяа нь суларчихжээ. Тэр нэг өдрийн дотор турсан эсэхээ мэдмээр санагдав. Бага зэрэг турсан байж магадгүй л юм. Даарч ядарсан байлаа; шалдан Хэллораныхан, тэдний бараан усан сан түүнд гуниг төрүүлжээ. Ингэж сэлэх түүний насанд ахадсан эд ажээ, гэхдээ тэр өглөө шатны хашлагаар гулгаад, Уэстерхейзигийнд нарлаж суухдаа үүнийг мэдэж болох байсан гэж үү? Гар нь сулбайгаад, хөл нь резин шиг болоод, үе мөч нь өвдөж байв. Гэхдээ хамгийн өөдгүй нь бүр голдоо ортол даарч байлаа, дахиад хэзээ ч дулаацаж чадахгүй юм шиг. Эргэн тойрон навчис унаад, тэр түлээний үнэр авлаа. Жилийн энэ улиралд хэн яалаа гэж мод түлэх вэ дээ?
Тэр хатуу юм уух хэрэгтэй, виски уувал дотор бүлээцнэ, сэргэнэ, аян замаа дуусгана, хотыг нэг өнцгөөс нөгөө рүү сэлж туулсан зоригтой, онцгой нэгэн гэдгээрээ бахархана. Ла-Маншийн хоолойг сэлж туулдаг хүмүүс бренди уудаг. Түүнд ч бас хүч оруулах зүйл хэрэгтэй. Хэллораныхны байшингийн өмнөх зүлгэн дээгүүр өнгөрөөд, тэдний ганц охин Хэлен, түүний нөхөр Эрик Сакс хоёрт зориулж бариулсан байшинд хүрэх нарийн зөргөөр орлоо. Саксынхны усан сан жижигхэн; Хэлен нөхөртэйгөө тэнд байв.
Хэлен, “Хөөе, Нэдди? Ээжийнд өдрийн хоол идээ юү?” гэв.
Нэд, “Үгүй дээ,” гэлээ. “Би зүгээр аав, ээж хоёртой чинь уулзсан юм.” Энэ тайлбар хангалттай бололтой. “Ингэж гэнэт ирсэнд уучлаарай, би даараад, ганц хундага архи өгөх сөн болов уу?”
Хэлен, “Мэдээж, дуртайяа өгөх сөн,” гэв. “Гэхдээ бид Эрикийн мэс заслаас хойш гэртээ архи байлгахаа больсон, одоо бараг гурван жил болж байна.”
Тэр ой санамжаа гээж байгаа юм болов уу? Зовлон зүдгүүрийг мартуулах чадвар нь байраа зарсныг нь, хүүхдүүд нь хэцүү байдалтай байгааг, найз нь өвчин туссаныг мартуулсан юм болов уу? Харцаа Эрикийн нүүрээс хэвлий рүү нь шилжүүлэв. Хэвлий хэсэгт нь оёдол тавьсан гурван бүдэг сорив харагдана. Хоёр нь багадаа гучин сантиметр урт юм. Хүйний нүх нь алга болжээ. Нэдди, “Үүрийн гурван цагт бурхны хайрласан хишиг байх ёстой газраа байгааг үгүйг тэмтэрч шалгах тэр гар хүйгүй, хүн төрөх үйлтэй ямар ч холбоогүй хэвлийг, энэ үе удам тасарсан байдлыг юу гэж ойлгох вэ?” гэж бодлоо.
Хэлен, “Бисвангерийнд уух юм байгаа байх,” гэв. “Тэднийх том үдэшлэг зохиож байгаа юм. Эндээс ч сонсож болно. Сонс доо!
Бүсгүй толгойгоо өргөв, Нэд замын эсрэг талаас зүлэг, цэцэрлэг, тариан талбайн тэндээс ус цалгих чимээ сонслоо. “За, би усанд норъё,” гэлээ. Аян замаа хэрхэн үргэлжлүүлэх тухайд өөрчлөх аргагүй шийдвэрт хүрсэн гэж бодож байв. Саксынхны хүйтэн ус руу шумбалаа, живэх гэж байгаа мэт амьсгал давчдаад усан сангийн нэг үзүүрээс нөгөө рүү сэллээ. Толгойгоо үл ялиг эргүүлэн, “Люсинда бид хоёр манайд ирэхийг тань тэсэж ядан хүлээж байгаа шүү,” гээд Бисвангерийн гэрийн зүг эргэж харав. “Уулзалгүй удсанд уучлаарай, ойрмогхон утсаар ярина аа.”
Бисвангерийнд очихоос өмнө нэг хоёр тариан талбайгаар өнгөрлөө, цангинасан дуу агаарт хадна. Тэд мэдээж хэрэг түүнд уух юм өгөлгүй яах вэ, нэг хундага архи өгөхдөө мэдээж дуртай байх болно. Бисвангерийнхэн Люсинда тэр хоёрыг жилд дөрвөн удаа хоолонд урьдаг, урихдаа сар хагасын өмнөөс мэдэгддэг. Тэд урилгыг нь хүлээж авалгүй татгалзах ч Бисвангерийнхэн урилга явуулсан хэвээр, нийгэм ямар харгис, ардчилсан биш гэдгийг зөвшөөрөх дургүй хэрэг. Тэд коктейл үдэшлэг дээр барааны үнэ ярьдаг, оройн хоолон дээр хөрөнгийн биржийн чухал санаа хэлэлцдэг, оройн хоолны дараа зүсэн зүйлийн хүмүүсээс бүрдсэн цугласан олонд ичиж зовмоор онигоо ярьдаг тийм хүмүүс. Нэдийн зиндааны хүмүүс биш: Люсиндагийн шинэ жилийн ил захидал явуулах хүмүүс дунд ч тэдний нэр байхгүй. Нэд үл тоох, шийдэж ядах давхацсаар тэдний усан сан руу очлоо, харуй бүрий болж байлаа, жилийн хамгийн урт өдрүүдийн нэг шүү дээ. Тэр дуу чимээ ихтэй, хүн олонтой үдэшлэг дунд орж явчихлаа. Грейс Бисвангер нүдний, шүдний, малын эмчээ бүгдийг нь үл хөдлөх хөрөнгө худалддаг хүнтэй нэг дор үдэшлэгт урьдаг тийм л гэрийн эзэгтэй. Үдэшлэг дээр усанд сэлж байгаа хүн алга, үдшийн бүрий усан дээр өвлийн хүйтэн туяа тусгажээ. Нэд нөгөө талд байх баар тийш дөхлөө. Грейс Бисвангер түүнийг хараад тосож очив, гэхдээ түүний бодсон шиг элгэмсэг бус, харин ч түрэмгий шинжтэй аж.
Хүүхэн, “Үгүй ер, урилгагүй зочдоос авхуулаад энэ үдэшлэгт ер байхгүй юм алга,” гэж чангаар хэлэв.
Хүүхэн түүнийг зиндааны хувьд доош нь хийх нь юу л бол, тэгэх боломжгүй, Нэд ч төдий тоосонгүй, эелдгээр, “Урилгагүй зочны хувиар уух юм хүсэж болох сон болов уу?” гэлээ.
Хүүхэн, “Дураараа бол,” гэв. “Та урилга зэргийг харин ч нэг тоодоггүй бололтой.”
Грейс Бисвангер цааш эргээд өөр зочдын хажууд очив. Нэд бааранд очоод виски захиаллаа. Баарны үйлчлэгч түүнд үйлчлэх нь үйлчлэв, гэхдээ яагаад ч юм хачин бүдүүлэг загнах юм. Түүний мэдэхээр зөөгч, үйлчлэгчид уг нь байгаа орчиндоо зохицох учиртай, баарны үйлчлэгч ингэж бүдүүлэг загнаж байна гэдэг нэр төрийг нь гутааж байгаагаас өөрцгүй. Энэ үйлчлэгч шинэ эсвэл түүний хэн гэдгийг мэдээгүй хэрэг. Дараа нь тэр Грейсийн ярихыг сонсов: “Тэднийх нэг орой л хамаг юмаа алдсан, цалингаас өөр юу ч үгүй болсон, тэгээд нэг бүтэн сайны орой манайд согтуу ирээд таван мянган доллар зээлээч гэдэг байгаа...” Энэ хүүхэн байнга мөнгө ярьдаг хэвээрээ. Энэ шош хутгаар идэхээс ч дор. Нэд усан санд шумбаад, нэг захаас нөгөө рүү сэлээд, явж одлоо.
Жагсаалтын сүүлээсээ хоёр дахь усан сан түүний хуучин нууц амраг Шерли Адамсынх. Бисвангерийнд урам нь хугарсан бол энд тайтгарч болно. Хайр сэтгэл ––үнэндээ бол секс–– хамгийн сайн өвчин намдаагч, зүрх сэтгэлийг нь амьдралын баяр хөөрөөр дүүргэх, хаврын хамаг дэлгэр сайхныг өмнө нь авчрах гялалзсан өнгөт эм шүү дээ. Хүүхэн түрүү долоо хоног, түрүү сар, түрүү өвөл, бүү мэд, ямартаа ч түүнтэй харилцаатай байж билээ. Энэ харилцааг төгсгөсөн хүн нь Нэд, тэр давуу эрхтэй байсан. Тэр өөртөө итгэхийн дээдээр итгэсээр усан сангийн хашааны хаалгаар оров. Амраг нь, ялангуяа нууц хайрт нь болохын хувьд энэ түүний өөрийн усан сан юм шиг санагдав, тэр ариун гэр бүлийн үл мэдэх тийм эрх мэдлээр нууц амрагийнхаа эд зүйлээс таашаал авч болно. Зэс өнгийн үстэй хүүхэн тэнд байв, гэхдээ хүүхний бие, гэрэл тусгасан цэв цэнхэр өнгийн усны хажуу дахь бие Нэдэд ямар ч дурсамж сануулсангүй. Тэдний харилцаа өнгөц, хэврэг байсан гэж Нэд бодлоо, гэхдээ л өөрөөс нь салахад хүүхэн уйлсан шүү дээ. Хүүхэн түүнийг хараад гайхаж байх шиг, одоо хэр шаналж байгаа юм биш биз? Бурхан минь, арай уйлах юм биш биз дээ?
Хүүхэн, “Чи яах гэв?” гэж асуув.
“Би хотын нэг үзүүрээс нөгөө рүү сэлж байна.”
“Бурхан минь. Чи хэзээ ухаажих юм бэ?”
“Яагаад байгаа юм бэ?”
Хүүхэн, “Мөнгө гуйх гэж ирсэн бол би чамд дахиад сохор зоос ч хялайлгахгүй шүү,” гэв.
“Уух юмаар дайлж болно биз дээ?”
“Дайлж болно, гэхдээ одоо дайлмааргүй байна. Би хүнтэй байна.”
“За, тэгвэл би явъя даа.”
Тэр шумбаад, усан санд сэллээ. Гэхдээ усан сангийн хашлага өөд гарах гэж оролдонгоо мөр, гар нь ямар ч чадалгүй болсныг ойлгов. Сэлсээр шат руу очоод гишгүүрээр дээш гарлаа. Эргэж хартал гэрэлтэй хувцасны өрөөнд залуу эр байхыг харав. Харанхуй цэцэрлэг тийш алхлангаа удвал эсвэл хилэн цэцгийн үнэр авав ––намрын зөрүүд үнэр–– шөнийн агаарт, хий шиг хурц. Дээш хараад од түгснийг мэдлээ. Гэхдээ тэр яагаад Адаг чуулганы мананцар, Тэнгэрийн гох, Хүн таван одыг харна гэж бодсон юм бол? Зун дундын аварга том оддын орд хааччихаа вэ? Тэр уйлж эхэллээ.
Нас бие гүйцсэнээс хойш анх удаа уйлж байгаа нь энэ биз, амьдралдаа анх удаа ингэж гутарч, даарч, ядарч, цөхөрч үзлээ. Тэр үдэшлэг дээр үйлчилдэг компанийн үйлчлэгчийн бүдүүлэг занг ч, түүн рүү өвдөг дээрээ сөхөрч ирээд өмдийг нь нулимсаараа норгож байсан нууц амрагийн өөдгүй занг ч ойлгохгүй байв. Урт удаан сэлснээс, усанд удаан байснаас, уснаас болж хамар хоолой нь хорсоно, уг нь түүнд ердөө уух хатуу юм, найз, цэвэр хуурай хувцас байхад болох сон. Замаа товчлон гэртээ харьж болох байсан ч Гилмартиных усан сан руу очлоо. Энд амьдралдаа анх удаа усан санд шууд шумбахын оронд шатаар мөс шиг хүйтэн усанд ороод, залуудаа сурснаараа хажуугаараа сэлж эхэллээ. Ядарсандаа гуйвж дайвсаар Клайдынд очлоо, усан санд нь хажуугаараа, усан сангийн хашлага дээр гараа тавин үе үе амарсаар сэлж тууллаа. Усан сангаас шатаар гарлаа, гэртээ харих хүч үлдсэн үгүйг бодлоо. Тэр хийх гэснээ хийж хотыг нэг үзүүрээс нөгөө рүү нь сэлж туулсан байв. Гэхдээ ядарсандаа ухаан санаа нь самуурч энэ амжилт нь төдий чухал санагдсангүй. Хүч авах гэж хаалганы шон налан бөхийсөөр хашаа руугаа зүглэлээ.
Байшин ямар ч гэрэлгүй байв. Цаг тийм орой болоод бүгд орондоо орсон юм болов уу? Люсинда Уэстерхейзигийнхэнтэй оройн хоол идэхээр үлдсэн хэрэг үү? Охид түүнтэй цуг байв уу эсвэл өөр нэг тийшээ явсан юм уу? Ням гараг бүр урьсан айлд очилгүй гэртээ байя гэж тохироогүй билүү? Дотор ямар машин байна харах гэж гараашны хаалгыг түлхсэн ч хаалга түгжээтэй. Хаалганы бариулаас гар нь зэв боллоо. Гэрт ойртоод хүчтэй салхи борооны ус зайлуулах хоолойг хананаас хөндийрүүлснийг харав, усны хоолой урд хаалганы дээр шүхэр шиг ганхаж байлаа. Гэхдээ өглөө янзалчхаж болно. Хаалга цоожтой байв, мулгуу тогооч эсвэл зарц түгжчихсэн хэрэг гэж бодож байснаа тогооч эсвэл зарц хөлслөлгүй нэлээд удсанаа санав. Тэр хашхирлаа, хаалга нүдлээ, мөрлөж үзлээ, дараа нь цонхоор дотогш хартал байшин хов хоосон байв.

Орчуулсан: Г. Сугиррагчаа

Saturday, October 27, 2018

Юсуф Атылган | ГЭРИЙН БУГ


(өгүүллэг)

Өнөөдөр эсрэг талын хашаан дахь овоолоостой төмрийг ачив. Томоос том ачааны машинууд хоёр цагийн дотор төмрийг ачаад явчихлаа. Би цонхноос огт холдсонгүй. Ээж минь ганц хоёр удаа “Юундаа суугаад байгаа юм бэ, гэр орноо шүүрдээч” гэв: би тоосонгүй. Арван жилийн өмнөх машин санаанд минь орж ирсээр. Би сургуулиас буцаж ирээд, бөмбөгөөр тоглож буй хүүхдүүд рүү энэ цонхоор хардаг сан. “Охин минь, наанаа нөхөр хайгаад байгаа юм уу?” гэж ээжийг хэлэхээр би ичнэ. Арван жилийн өмнө би ээждээ хайртай ч байж дээ. Тосгоныхноос ч айхгүй. Би ч ялгаагүй тэдэн шиг байсан. Эрчүүдийн хажууд томоотой нь аргагүй сууна, хүүхнүүдийн хов живийг сонсоно. Намайг сургууль төгссөн жил эсрэг талын хашаанд төмөр овоолсон. Хашаа ямар ч амьгүй болсон. Би ч хэдэн жилийн турш цонхоор тэр овоолсон төмрийг л харах шив дээ. Өвөлдөө дээр нь цас тогтоно, зундаа аагим наранд улайсаж хална. Харин өнөөдөр тэр төмрүүдийг ачаад явсан. Одоо сэтгэлд минь найдварын оч аслаа. Хүүхдүүд хашаанд ирж бөмбөг тоглоосой гээд хүлээж байна.
Ээж доод давхраас “Хоол бэлэн” гэж хашхирав.
“Би өлсөөгүй байна. Намайг хүлээх хэрэггүй, та идэж бай!” гэж би хэллээ.
Би гудамж руу харна. Хүмүүс ганц хоёроороо өнгөрнө. Голдуу хүүхнүүд. Царай нь урвагар, алхаа гишгээ нь ширүүн. Хаа нэгтэй хэрүүл уруул хийгээд ирж яваа эсвэл хаа нэгтэй хэрүүл уруул хийхээр явж байгаа юм шиг л... Урагш чиг хараад алхацгаана. Бүгд өөртөө тун итгэдэг хүмүүс аж, харваас илт. Ямар ч алдааг уучлах сэтгэл байхгүй, эдэнд. Би доош атрилдав, нэг хачин айдас төрлөө. Энэ алх шиг нөхөр манай гудамжны махны худалдагч биш үү? Үдийн хоолоо идэхээр ирж байгаа бололтой. Мухлагаа хэнд даатгаж орхисон юм бол? Нас бие гүйцсэн туслахуудтай хэрэг. Тэд одоо нөхөөстэй хүрэмтэй хүнд ястайгаас нь хагас кило мах ер тоохгүй өгч орхино доо. Эд бурханд мөргөдөг болов уу?
Нэг хүүхэн өнгөрч байна. Би түүнийг танина, гэр нь манайхтай ойр. Нөхөр нь банканд ажилладаг гэсэн. Хөршийн хүүхнүүд түүнийг ямар аймаар муулдаг гээч, ёстой муухай. Би тэдний хэлсэнд итгэхгүй. Үргэлж биеэ биеэ муулна. Нүд нь жигтэйхэн гялалзаад ирэхийг яана. Тэр авгай хүүхнүүдийн хажууд нэг суусан бол босож явахаас ч аймаар. Намайг босоод явмагц л шууд муулаад эхлэх юм шиг санагдана. Би тэдний хэлсэнд итгэхгүй, гэхдээ энэ хүүхэнд ч дургүй. Их чалчаа. Хааяа манайд ирдэг юм. “Манай хүн” гэж нэрлэдэг нөхрийнхөө тухай ярих үедээ харц нь нэг л хачин, намайг хүнтэй суугаагүй гээд шоолоод байгаа юм шиг, өрөвдөөд ч байгаа юм шиг, харахаас дургүй хүрмээр. Гэхдээ би юу ч хэлэхгүй; ойлгоогүй юм шиг царайлна. Тэр яриад л байна. Саявтархан нөхөртэйгөө цуг банкны захирлынд очсон юм байх. “Тэднийх нэг охинтой, бүр арай л дэндүү. Бараг нөхрийн минь өвөр дээр суучих гээд байсан...” Би тэр охиныг ч өрөвдөнө, энэ хүүхнийг ч, өөрийгөө ч ялгаагүй. Бид яагаад энэ давчуу газар амьдардаг юм бол. Эсвэл бүх дэлхий тийм юм болов уу? Номд өгүүлсэн зүйлс худлаа гэж үү?
Хаалга нээгдэв. Харсан чинь ээж байна. Дургүй хүрэв. Яах гэж яваа юм бол? Хажууд байхгүй үед нь би илүү зөв бодож сэтгэдэг; ээжийгээ хайрлана, хөөрхий эмгэн, түүний ертөнц өөр шүү дээ гэнэ. Харин дэргэд минь ирмэгц уур цухал хүрнэ. Ичмээр юм гэнэ ээ, надад хамаагүй ээ, ээж жинтүүн дээр суугаад:
– Маргааш Фатмагийнхан ирж чамайг харах юм гэнэ хэмээн дуулгав.
– Би маргааш гэрт байхгүй.
– Хаачих нь вэ?
– Хаачих ч үгүй. Гэхдээ би гэртээ байхгүй. Би гарахгүй. Хүнтэй гэрлэмээргүй байна гэж би танд хэд хэлэх юм бэ.
– Хүн амьтан юу гэж ярьж байгааг чи ер мэдэх үү? Чамайг цаанаа нэг учиртай, согогтой гэцгээж байна.
– Юу дуртайгаа ярьцгааг. Гэрлэмээргүй байна. Одоо энэ хэд дэх нь вэ? Намайг битгий шахаад бай. Үгүй бол гэрээсээ зугтчихна шүү. Ааваас үлдсэн жимсний цэцэрлэг, тариан талбайг зараад, шууд л зугтана.
Ээжийн нүд бүлтийв. Босоод, хаалга саваад гарч одлоо. Хаалганы цаанаас чимээ сонсогдоно. Би түүнийг улс амьтанд шараа болгож байгаа юм гэнэ. Хүн бүр амиа хоохойлох юм гэнэ. Намайг харааж байна; дуунаас нь илт, уйлж байгаа бололтой. Би ч гэсэн уйлмаар байна.
Энэ тосгонд ер хэнтэй нь гэрлэх вэ дээ? Дээр хэн ярьж байлаа даа: “Ууж ууж шөнө дөлөөр гэртээ ирнэ. Тэгээд хөлөө өөдөөс минь жийгээд, алив тайлаадах гэнэ. Хөлөөс нь тэсэмгүй шивэр үнэртэнэ” гэсэн сэн. Дотор муухайрчихлаа, тийм нөхөртэй ер яаж хамт унтдаг байна вэ?
Хашааны хаалга нээгдээд хаагдлаа. Доош тонгойгоод хартал ээж байна. Аль авгай руу явж байгаа бол? Миний тухай гомдоллоно, дотроо уудална, тайвширна. Харин би үргэлж эндээ хоцорно, өөрөөсөө өөр ярих хүнгүй. Хүн өөрийгөө өрөвдөнө гэж байх уу? Би өрөвддөг.
Би босоод доод давхар луу буулаа. Жорлон оров. Гараад гал тогоонд гараа савандаж угаалаа. Хоолны шүүгээнд шоштой будаа. Өөр нэг тавганд тараг хийж. Би тарагтай будаа идлээ. Будаа хөрчхөж. Зүгээр ээ, би хүйтэн будаанд дуртай. Тэгээд би дахиад л өрөөндөө орлоо. Одоо дээрдсэн. Шүүгээнээс нэг ном аваад, диван дээр хэвтэв. Эхний хуудсанд авгын минь нэр бичээтэй. Энэ номуудын ихэнх нь авгынх; надад өгсөн юм. Авга хоёр жил Англид сурсан гэсэн. Надад тэр англи хэл заасан. Надад хайртай: “Охин минь, эрэгтэй сэн бол чамайг тийшээ явуулах сан” гэдэг сэн. Би аавыгаа огт мэдэхгүй. Авга минь ч намайг лицей төгсөх жил нас барсан. Угаасаа бүх юм тэр жил болоогүй гэж үү? Мөнөөх төмрүүдийг ч тэр жил хашаанд буулгасан.

Хэзээ хойно хаалга дуугарав. Би номоо орхиод бослоо. Хөл бүр хөшчихөж. Ээж түлхүүрээ мартсан юм болов уу? Би шатаар аажуухан буулаа. Эсвэл Нэжати юм болов уу? Хааяа ирж гэрийн даалгавраа хийдэг юм. Би хаалгаа нээлээ. Нэжати байна. Үсээ гөлийтөл нь самначхаж. Шар царайд нь өнөөх л шилжилтийн насны онцлог тодхон.
Эгч ээ, сайн уу? гэлээ.
– Сайн сайн. Алив орооч.
– Авга эгч хаачаа вэ?
– Мэдэхгүй, айлд очсон байх.
Энэ Нэжати авгын минь хүү байгаа юм. Би ааваас нь сурснаа хүүд нь дамжуулдаг хэрэг. Хоёул дээшээ гарлаа. Сахлаа хусдаг юм уу даа энэ, муухай үнэртэж байна. Хартал хамрын самсаа нь үл мэдэг хөдлөөд агаар үнэрлэж байх юм. Энэ өрөөнөөс хүнтэй суулгүй гэрийн буг болсон хүүхний үнэр үнэртдэг биз. Би дасчхаад, мэдрэхгүй байгаа хэрэг. Би ширээнд суугаад:
– Алив суу суу гэлээ.
Нэжати өөдөөс минь харж суув. Ном дэвтрээ ширээн дээр тавилаа. Энэ жил Нэжати манайд ойр ойрхон ирэх болсон. Хэзээд гуньхарсан төрхтэй. Өрөөнд орохоор баярлах, ичих хослоод байх шиг. Одоо том болсон, лицейд сурч байгаа.
– Даалгавартай юу? гэж би асуулаа.
– Тийм.
Ном руугаа гараа сунгав.
– Юу гээч, эсрэг талын хашаан дахь овоолоотой төмрийг өнөөдөр ачаад явсан. Хуучин тэнд хүүхдүүд бөмбөг тоглодог байсан юм гэж би ярилаа.
– Тийм үү гэж хэлээд тэр зүгт харав: – Найзууддаа хэлье. Бид ч ирж тоглоно оо.
Ном дэвтрээ нээлээ. Бид хоёр даалгавраа хийж эхлэв. Намайг унших зуур ер сонсохгүй байгаа нь харваас илт. Намайг, биеийг минь харна. Хамгийн ихээр хөх рүү минь харц чулуудна. Доод уруул нь дорвойн унжжээ. Ялангуяа тэр булингартай харц нь. Хүсэл гэгч энэ юм болов уу? Би номыг урагш түлхээд:
– За, одоо чи унш гэв.
Тэр биеэ цэхлээд, уруулаа цорвойлгохоо болив. Гэхдээ нүдэнд нь мөнөөх булингартай харц тунаж үлдлээ. Уншиж байгаа нь ер муугүй. Би нүд рүү нь харлаа. Ногоон, ногооны хувьд гарцаагүй ногоон, гэхдээ нэг тийм нялцгай ногоон. Онцгүй. Ямар ногоон гэдэг билээ? Бах мэлхийн хүйтэн ногоон. Нөгөөх л шилжилтийн насныхны төрх. Жимбэгэр, нимгэн уруул. Ямар царай муутай хүү вэ. Царай муутай, гэхдээ л хүүхдийн шинэ цэвэрхэн төрхтэй; эсвэл залуу эрийн мэдрэмтгий аястай. Би хөлөө түүн рүү сунгадаг юм билүү гэж бодлоо. Сунгалаа. Хөдлөх зуур өвдөг нь хөлд минь шүргэв. Нэг үг буруу уншлаа.
– Наад үгээ сайн хар гэж би хэлэв.
Нэжати засаж уншлаа. Нүүрэнд нь цус дүүрч, царай нь улайжээ. Би одоо босоод ард нь гарвал, ном руу бөхийвөл, хөхөө нуруунд нь наавал. Гэвч би хөдөлж чадахгүй нь. Нэжати уншсаар. Бах мэлхий дуугарч байгаа юм шиг. Бахтай ямар төстэй юм бэ. Дургүй минь хүрч, дотор муухайрав. Өөрийгөө жигшлээ. Нэжатигийн дуу тасрав.
Би босож цонхоо нээлээ. Энэ хүнд агаар замхраг.
– Нэжати, өнөөдөр бие минь сайнгүй байна. Чамайг ирэхээс өмнө би орондоо хэвтэж байсан юм. Чи англиар сайн уншдаг юм байна. Орчуулгаа өөрөө хийчихнэ биз.
Тэр босоод:
– За, эгч ээ гэв.
Харцнаас нь мөнөөх булингар арчигджээ.
Харуй бүрий болохтой зэрэгцэн ээж гэртээ ирэв. Би доош буулаа. Гал тогооны ширээнд хамтдаа хоолоо идэв. Юу ч ярилцсангүй. Гэрт ердөө юм угаах тосгуур луу цоргоос дуслах усны чимээ гарна: тис тис тис... Бид яагаад ийм болчхов? Ээж охин хоёр биш, танихгүй хүмүүс шиг л. Яагаад тэр вэ? Хачин уламжлалтай энэ тосгоноос болов уу эсвэл бусад хүн юу гэх бол санаа зовсноос болов уу?
Хоолны дараа би радио сонсоод, хэзээ хойно орондоо оров. Цонхны халхавч хаалттай. Орондоо би ганцаараа. Нойр хүрэхгүй. Өрөө харанхуй. Цонхны халхавч хаалттай. Гэхдээ л хүүхэд уйлах чимээ сонсогдоно. Холоос, бүр алсаас гарч байгаа юм шиг. Уйтай. Ирэх өдөр хоногуудын улмаас уйлж байгаа юм шиг. Сэтгэл гунихарлаа. Хөнжилдөө шургаллаа би. Сайхан зүйл бодмоор байна. Ядаж унтаад зүүдэндээ энэ тосгоноос явах сан. Болсонгүй. Би мэднэ ээ, өнөө шөнө зүүдэнд минь бах мэлхий дээгүүр минь үсчиж, сунаж ирээд намайг үнсэх гэж оролдоно.
Гадаа хөлийн чимээ сонсогдоно. Согтуу хүн бархирна. “Ёх, аварга шаахайтай Аллах, ёх! Яагаад яг энд бархирсан юм бол, энэ эр? Би айлаа. Үнэхээр ядруу, турихан надад хүн юу хүссэнээ хийж чадна. Согтуу хүн цонхыг минь нээж орж ирээд, хажууд минь хэвтэж болно. Гэхдээ ирсэнгүй. Дуу нь холдлоо. Одоо тэр гүүрэнд хүрээ биз. Юу гэж байгаа нь ойлгогдохгүй. Дан ганц хүний дотрыг хуурайлам, уйтгартай “Ёх” гэх чимээ сонсогдоно.


Орчуулсан: Г. Сугиррагчаа