Saturday, November 26, 2022

Эдгар Керет | НАЙРУУЛАГЧИЙН ХУВИЛБАР

 



(богино өгүүллэг)

Мачек Смолански бол кино найруулагч, бизнес эрхлэгч, гүн ухаантан. Тэр юу юунаас илүүтэйгээр төгс байдлыг эрхэмлэдэг хүн. Тиймээс хүний бүхий л амьдралыг секунд алгасалгүй өгүүлэх, гурван камераар зургийг нь авах “Амьдрал” нэртэй кино хийх болсноо зарлахад нь хэн ч гайхсангүй. Кино нь Матеуш Кротокзовски нэртэй, зожиг зантай гол дүр эхээс төрж байгаагаар эхлээд 73 жил үргэлжилнэ. Киноны сүүлийн үзэгдэлд түрүү булчирхайн хорт хавдар нь эцсийн шатандаа орсон Матеуш подвалдоо өөрийгөө дүүжлэхэд кино зураг авах багийнхан тэр чигээрээ уйлалджээ. Дууны найруулагч “чишш” хэмээн чимээгүй байхыг анхааруулаад ч хүмүүсийн енгэнүүлэхийг болиулж чадаагүй аж.

Зураг авалтын дараах ажил 114 жил үргэлжлэв. Мачек зураг авалтын дараах ажил эхлээд удаагүй байхад, нас дээр гарсны улмаас байгалийн жамаар таалал төгсжээ. Киноны дууны найруулга дахиад 96 жил үргэлжиллээ. Гэсэн ч энэ олон жилийг зарцуулсан кино үзвэрт гарах үед арай л яарч, хайнга хандсан гэсэн гомдол нийгмийн сүлжээнд хэдэнтээ гарав.

Киноны нээлтэд нэр хүндтэй бүх кино шүүмжлэгчийг урьж, үзэгчдэд цөөн хэдэн тасалбар худалдсан нь цааш дэндүү өндөр үнээр дамлагджээ. Кино найруулагчийн амласан ёсоор 73 жил үргэлжилж байв. Төгсгөлд нь киног бүтээлцсэн хүмүүсийн нэр дэлгэц дээр урсаж, театрын гэрэл асахад, үзэгчдээс ердөө нэг л хүн амьд үлдсэн байлаа. Талийгчдын ихэнхийн цогцос хэдийн өмхийрчээ. Энэ илжирсэн олон цогцос дунд ганцаар амьд үлдсэн үзэгч нь үс нь халцарч байгаа шалдан эр аж. Шалдан эр жаахан хүүхэд шиг л уйлж байв. Уйлж дуусаад нулимсаа арчин, суудлаасаа босож эгнээн дундуур хаалга руу зүглэлээ.

Хижээл насны энэ эр, киног үзэхээр суудлаа эзлэх үедээ жирэмсэн гэдгээ ч мэдээгүй алдартай кино шүүмжлэгч эмэгтэйн хүү юм гэнэ. Тэр кино гарч эхлээд найман сар өнгөрч байхад харанхуй театрт эхээс төрж, түүнээс хойш дэлгэц рүү тасралтгүй ширтжээ. Театрын хаалгыг нээн, гадаа гудамжинд хөл тавихад нарны гэрэлд нүд нь аймшигтай гялбав. Гадна түүнээс ярилцлага авахаар хүлээж байсан сурвалжлагчид түүн рүү микрофоноо сунган киноны сэтгэгдлийг нь асуухад, хижээл эр наранд дасаж ядан гялбасаар, “Юун кино?” хэмээн хариу асуулаа. Учир нь тэр үүнийг амьдрал л юм байх гэж бодсон байв.