Sunday, October 16, 2022

Бернхард Шлинк | ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮРИЙН БҮСГҮЙ


(өгүүллэг) 


 

I

 

Тэр энэ зүүдийг үнэхээр зүүдэлсэн үү эсвэл эхнээс нь дуустал төсөөлсөн үү, сайн мэдэхгүй байлаа. Энэ зүүдийг ямар зураг, ямар өгүүллэг, ямар киноноос ургуулснаа ч мэдэхгүй. Арван тав, зургаан настайдаа анх зүүдэлсэн байх, түүнэээс хойш байнга давтан зүүдэлсэн. Бага залуудаа суургуульд хичээл дээр эсвэл аав ээжтэйгээ өнгөрүүлсэн амралтын өдөр уйдахаар, бүр сүүлд бол ажлын хурал цуглаанд суугаад, галт тэргээр яваад ядрах үедээ баримт бичгээ нэг тийш нь тавиад арагш налан нүдээ аниад тэр зүүдээ төсөөлөн боддог байлаа.

Зүүдээ ганц хоёр найздаа болон эхнэрээсээ салснаасаа хойш олон жилийн дараа холын танихгүй хотод таараад, өдрийг хамтдаа гадуур зугаалж, дэмий юм ярьж өнгөрүүлсэн нэг эмэгтэйд л ярьсан. Зүүдээ хүнд мэдэгдүүлэхгүй гэсэндээ биш л дээ. Угаасаа яриад байх шаардлага байгаагүй. Гэхдээ энэ зүүд яагаад давтагдаад байгаагийн учрыг олохгүй байлаа; өөртэй нь холбоотой ямар нэг зүйл өгүүлж буйг мэдэх ч яг юу гэдгийг нь ойлгохгүйгээс гадна энэ зүүдийг өөр хүн ч зүүдэлж болно гэхээр урам хугарна.

_____________

 

II

 

Зүүдэндээ тэр хязгааргүй уудам, эзгүй тал газраар машинтай явж байна. Зам тэгш, хааяа нэг нуга жалгад эсвэл овооны ардуур далд орно, гэхдээ зам алс холын уулс хүртэл үргэлжлэх нь тодорхой харагдана. Нар яг дээрээс шарна, халуун агаар цардмал зам дээр давалгаална.

Сөрөг урсгалаар удтал машин гарч ирэхгүй, түүний явж буй урсгалаар ч өөр машин явахгүй. Замын тэмдэгтэй газрын зургаас харахад дараагийн суурин газар хүртэл жаран миль үлдсэн, уул тал, баруун зүүн зүгт түүний хараа хүрэх газар ямар ч байшин барилга алга. Гэхдээ удалгүй замын баруунтаа нэг шатахуун түгээгүүр гарч ирнэ. Их элстэй том хэмжээний газрын дунд хоёр шахуурга, шахуургын ард том дээвэртэй, үүдний тавцантай хоёр давхар байшин. Тэр машинаа тоормослон, шатахуун түгээгүүр лүү эргэн шахуургын өмнө зогсоно. Машины ард боссон тоос сарнина.

Тэр хүлээнэ. Яг буугаад байшингийн хаалгыг тогшъё гэж бодтол хаалга нээгдээд нэг бүсгүй гарч ирнэ. Анх зүүдээ төсөөлөн бодох үед бүсгүй залуу охин байсан. Он жил өнгөрөөд түүнийг гуч, дөч хүрэх үед охин залуу бүсгүй болсон. Харин тэр цааш дөч, тавь хүрсэн ч бүсгүй залуухнаараа үлдсэн. Бүсгүй ихэнхдээ жийнсэн өмд, дөрвөлжин хээтэй даавуун цамц, хааяа шагай хүрсэн хөх өнгийн эсвэл өнгө алдсан цэцгэн хээтэй дэрвэгэр даашинз өмссөн байна. Нуруугаар дунд зэрэг, шөрмөслөг, нүүр, гар нь дүүрэн сэвхтэй, хүрэн үстэй, хөх саарал нүдтэй, зузаавтар уруултай. Шийдэмгий байртай алхалсаар ирнэ, солгой гараараа шахуургаа шийдэмгий янзтай барин, баруун гараараа шахуургын тагаа аваад, машины танкыг дүүргэнэ.

Дараа нь зүүд нь гэнэт өөр үе рүү шилжинэ. Тэр, бүсгүй түүнтэй хэрхэн мэндэлснийг, тэд хэрхэн бие биеэ ширтсэнийг, бүсгүй түүнд кофе эсвэл шар айраг уухыг санал болгосон эсэхийг, тэнд үлдэх үгүйг асуусан эсэхийг, бүсгүйтэй яаж унтлагын өрөөнд нь орсноо хэзээ ч зүүдэндээ хараагүй. Бүсгүйтэй энгэр зөрүүлснийхээ дараа даавуу нь үнгэгдсэн орон дээр хамт хэвтэж байгаагаа л харна. Хана, шал, шүүгээ, шургуулга, төмөр ор нь бүгд нэг жигд ногоон туяатай цайвар цэнхэр өнгөтэй, нар жалюзан хөшгийн модон сараалж завсраар хана, шал, тавилга, орны даавуу, тэр хоёрын бие дээр урт нарийн зураас үүсгэн тусаж байна. Энэ угтаа зураг, хөдөлгөөн, үг яриатай үзэгдэл биш, харин ердөө өнгө, гэрэл, сүүдэр, орны даавуу, биеийн хэлбэр. Зүүд тасарсан газраасаа үдэш орой болсноор үргэлжилнэ.

Тэр машинаа байшингийн хажууд, бүсгүйн намхан чиргүүлтэй ачааны машины хажууд тавьжээ. Байшингийн ард гурвалжин дээвэртэй үүдний тавцан, улаан лооль, амтат гуа тарьсан ногооны талбай, бүсгүйн элснээс хамгаалах гэж бариад дотор нь гүзээлзгэнэ, үхрийн нүд суулгасан шилэн хүлэмж байна. Шилэн хүлэмжийн цаана бөөн бут, хэдэн арван эсвэл хэдэн зуун жилийн турш өвлийн цагт ус нь эргээ хальсаар ирсэн, чулуулаг ёроол нь гурав, дөрвөн метр элэгдсэн горхины хуурай мөр болон цөл үргэлжилнэ. Бүсгүй их гүнээс ус шахдаг худгаа түүнд харуулангаа энэ бүгдийг ярьсан хэрэг. Тэр одоо үүдний тавцан дээр суугаад, харуй бүрий болж байгааг харна. Бүсгүй гал тогоонд ажилтай байгаа бололтой чимээ сонстоно. Машин ирвэл тэр суусан газраасаа босож, байшин дундуур өнгөрөн, шатахууны шахуургыг ажиллуулна. Бүсгүй гал тогооны гэрлийг асаавал, нээлттэй хаалгаар тавцангийн шалан дээр гэрэл тусвал тэр мөн босож, байшингийн хонгил дахь унтраалгыг дарж хоёр шахуургын дунд асаж тэр хавийг гэрэлтүүлэх чийдэнг асаана. Тэр чийдэн бүхэл шөнөжин асаалттай байх эсэхийг, унтлагын өрөөнд гэрэл тусах үгүйг өөрөөсөө асууна, өнөө шөнө, маргааш шөнө, бусад бүх шөнийн турш.

_____________

 

III

 

Бид зүүдэндээ ихэнхдээ амьдарч буй амьдралынхаа яг эсрэг зүйлийг хардаг. Адал явдалтай амьдралтай хүн гэртээ харьж байгаагаа, гэрээсээ гардаггүй хүн аян замд гарч, хол улсад очиж, адал явдалд хөтлөгдөж байгаагаа зүүдэлдэг.

Энэ зүүдийг зүүдлэгч бээр амар тайван амьдралтай хүн. Гэхдээ нэг хэвийн, уйтгартай биш. Англи, франц хэлтэй, дотоод гадаадад нэлээд амжилт олсон, хэдий хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгардаг ч үзэл бодолдоо үнэнч, бэрхшээл саадыг даван туулах чадвартай, одоо нас тавь гарсан ч урам зориг дүүрэн, амжилттай, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн нэгэн. Ажил дээрээ, гэртээ, амралтад ер хаана ч байсан бага зэрэг түгшсэн байдалтай. Хийх ёстойгоо яарч, хурдан дуусгах гэж хийдэгтээ тэр биш. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлээд эсвэл бодол санаан дахь шийдэл нь бодит амьдрал дахь шийдэлтэй хэзээ ч давхцахгүй байгааг хараад сандарсандаа хэн нэгэн хүний ярихыг сонсож, өөрөө хариулж эсвэл ажлаа хийж байхад нь тайван амгалан дүр төрхийнх нь цаана түгшүүр оволздог. Ийнхүү түгшиж байгаа нь заримдаа ядаргаатай, заримдаа хүч чадал, урам өгсөн зүйл мэт санагдана.

Ерөнхий төрх нь дур татам. Хүнтэй, эд зүйлтэй харьцаж байхдаа алмай, бодлогошронгуй болдог нь үнэндээ өхөөрдөм харагддаг. Ийнхүү алмай, бодлогошронгуй байх нь зүйд нийцэхгүй гэдгийг мэдэх учир байнга уучлал хүснэ. Энэ ч царайд нь зохидог байлаа, уруул, нүднийх нь эргэн тойронд эмзэг, гунигтай төрх тодрон, уучлал гуйх нь алдаагаа засахаа амлахаас илүүтэй бүтэлгүй зан гаргаснаа хүлээн зөвшөөрч буй утгатай тул инээмсэглэл нь ичимхий, өөрийгөө шоолсон шинжтэй болдог. Эхнэр нь түүний энэ дур булаам төрх нь хуурамч үгүйг, алмай бодлогошронгуй байдлаараа сээтэн хаяж буй эсэхийг, инээмсэглэл нь чин сэтгэлийнх эсэхийг, ичингүйрсэн, гунигтай төрхийг нь хараад бусад хүмүүс түүнийг тайтгаруулахыг хүсдэг үгүйг мэдэх эсэхээ өөрөөсөө үе үе асуудаг ч үүндээ хариулт олохгүй. Яг үнэндээ тэр энэ дур булаам төрхөө анзаарахгүй мэт загнах зуур эмч, цагдаа, нарийн бичгийн дарга, худалдагч, хүүхэд, нохой түүн рүү өхөөрдөн хардаг байв.

Гэвч дур булаам төрх нь одоо эхнэрт нь нөлөөлөхөө больсон. Эхнэр нь удаан хугацаанд хэрэглэсэн зүйл хэрхэн элэгддэг билээ, түүний дур булаам төрх ч яг тэгж элэгдсэн гэж бодсон хэрэг. Үнэндээ нэг л өдөр түүний дур булаам төрхөөс залхсанаа ойлгосон юм. Залхсан. Нөхөртэйгээ Ромд амарч явлаа, хамтдаа Навона талбайд суугаад, нөхөр нь эрх нохойны толгойг маажингаа эхнэрээ мөн илэх зуур нүүрэндээ нөгөө л энхрий, ичимхий инээмсэглэлээ тодруулсан байв. Нөхрийнх нь дур булаам байдал ердөө өөрийгөө хамгаалах, зайгаа барих арга нь юм санж.

Нөхөртөө энэ тухай гомдоллосон ч тэр ойлгохгүй. Тэдний гэрлэлт дүрэм, дадал хэвшлээр дүүрэн, угаасаа амжилт олсных нь гол нууц энэ. Сайн гэр бүл бүр дүрэм журам, дадал хэвшлээр хязгаарлагдсан байдаггүй гэж үү?

Эхнэр нь эмч. Гурван хүүхдээ бага байхад тасралтгүй ажилласан, хүүхдүүдээ том болмогц эрдэм шинжилгээний ажилдаа илүү анхаарч профессор болсон. Ажлаас болж эхнэр нөхрийн хооронд ямар нэг асуудал үүсэж байгаагүй, хэдий цаг зав муутай ч өдрийн бүх цагаа хүүхдүүддээ зориулах цаг, бие биедээ зориулах цаг, өөртөө зориулах цаг гэж нарийн хуваарилсан байв. Жил бүр хүүхдүүдээ хэзээд итгэж найддаг асрагчдаа даатгаад арван дөрөв хоногийн амралтад хамтдаа явдаг. Ийнхүү хийх бүх үйлдлээ төлөвлөхөөр бүх зүйл нарийн тодорхой болно; байнга дүрэмд баригдахаар гэнэтийн гэх зүйл бараг тохиолдохгүй. Тэд үүнийг ойлгон, гэнэтийн зүйл бие биедээ илүү биш харин ч бага цаг хугацаа зарцуулсан үед гарч ирдэг юм байна гэж найзууддаа хэлдэг байлаа. Тэд амьдралаа дүрэм журам, дадал хэвшил дунд бүхэлдээ утга учиртай, санаанд нийцэхүйц байдлаар зохицуулжээ.

Эдгээрээс зөвхөн энгэр зөрүүлдэг дадал хэвшил нь л одоо үгүй болсон. Хэзээнээс, яагаад энгэр зөрүүлэхээ больсноо тэд мэдэхгүй. Тэр сэрээд, орон дотор эхнэрийнхээ хөөсөн царайг харж, хөлсний нялуун үнэрийг үнэрлэж, дуутай амьсгалж байгаа нь сонсоод дур гутсан өглөөг санаж байна. Тэгэхэд мань эр их айдаст автсан сан. Урьд нь эхнэрийнхээ хөөсөн царайг өхөөрдөм, хөлсний үнэрийг нь сэтгэл хөдөлгөм, амьсгалах чимээг нь хөгжилтэй гэж боддог байсан атал одоо энэ бүхэн яагаад ийм дур гутмаар санагдах болов? Заримдаа эхнэрийнхээ энэ амьсгалах чимээг тэвчихийн тулд cantus firmus[1] гэж төсөөлдөг байлаа. Тэд тэр өглөө биш, түүнээс хэд хоногийн дараа энгэр зөрүүлэхээ больсон юм. Уг нь аль нэг нь эхний алхмыг хийсэн бол нөгөө нь дуртайяа зөвшөөрч, хариу өгөх байсан ч хэн хэн нь тэр эхний алхмыг хийсэнгүй. Тэр хоёрт тун бага дур тачаал үлдсэн байлаа, хоёр дахь алхмыг хийхэд хүрэхүйц, гэхдээ эхний алхмыг хийхэд хангалтгүй.

Гэлээ ч тэр хоёр нэг оронд унтсан хэвээр байв. Эхнэр нь өөрийн ажлын өрөөнд, нөхөр нь одоо хүнгүй болсон хүүхдийн өрөөний нэгэнд унтаж болох л байлаа. Гэхдээ хамтдаа хувцсаа тайлж, унтаж, сэрж, босож сурсан болохоор гэнэтийн ийм өөрчлөлт хийхэд аль аль нь бэлэн биш байв. Эхнэр нь нөхрөөсөө илүү ширүүн, болгоомжтой, давшингуй ч, нөхрөөсөө дутахгүй бүрэг ичимхий зантай. Үлдсэн дадал хэвшлээ, дундын амьдралаа хадгалж үлдэхийг л хүсдэг.

Нэг л өдөр бүгд дууссан байлаа. Нэг л өдөр тэд хуримын мөнгөн ой, зочдын жагсаалт, зочдын байрлах газар, хоолны газар идэх хоол, усан онгоцоор аялах аяллаа төлөвлөж байв. Бие бие рүүгээ хараад, энэ хийж буй нь буруу гэдгийг ойлголоо. Тэдэнд тэмдэглээд байх юм юу ч үлдээгүй аж. Хуримаа хийсний арван таван жил, магадгүй хорин жилийн ойг ч тэмдэглэж бололгүй яах вэ. Гэхдээ тэдний хайр дурлал хэзээ ч юм хийсээд алга болсон байхад, цаашид хамт амьдрах нь буруу биш ч, үүнийг тэмдэглэх нь буруу байв.

_____________

 

IV

 

Хүмүүс хоёр дахь удаагаа бие биедээ дурлаж болох уу? Хоёр дахиа дурлахад нөгөө хүнээ арай дэндүү ойроос таньж байхгүй гэж үү? Хүнд дурлахын тулд нөгөө хүнээ сайн танихгүй байх, нөгөө хүнд нь хүсэл тачаалаа нялзаах ямар ч тэмдэггүй цулгай талбар байх учиртай биш гэж үү? Эсвэл хүсэл тачаал, шаардлага гарвал, заавал тэмдэггүй цулгай талбарт биш, харин ч газрын зураг шиг аль хэдийн өнгө сүлбэсэн талбарт ч тусаж чадахаар хүчтэй юм болов уу? Эсвэл хүсэл тачаалгүй хайр гэж байдаг юм уу?

Хижээл эр өөрөөсөө эдгээр асуултыг асууж байв. Гэхдээ гайхахаасаа илүүтэй зугаацаж байлаа. Дараа дараагийн өдрүүдэд түүнд тохиолдсон зүйл хүсэл тачаал байна уу, туршилт байна уу, хамаагүй, сайхан байсан, тэр үүнээс таашаал авсан. Хавар цаг. Эхнэрээ хааяа хүрээлэнгээс авна, өөдөөс нь ирж байгааг нь харах дуртайдаа шууд үүдэн дээр биш, харин тавин метрийн зайд гудамжны буланд хүлээнэ. Эхнэр нь том том алхсаар ирнэ, нөхрийнхөө нь өөдөөс нь тас ширтэн ирж явааг нь харж байдгаас залхсандаа яарна, үсээ солгой гараараа чихнийхаа араар болгоод, айсан байртай хачин инээмсэглэнэ. Хижээл эр, эхнэр нь нэгэн цагт дурлаж явсан охины ичимхий занг гаргаж буйг одоо л анзаарч байв. Зогсох, явах байр байдал нь ч өөрчлөгдөөгүй, хуучных шигээ алхах бүрд нь ноосон цамцны цаана хөх нь хөдөлнө. Олон жилийх турш үүнийг яагаад анзаараагүйгээ өөрөөсөө асуув. Ямар их юм алдаж вэ! Нүднийх нь өмнөх хөшиг татагдсан нь ямар сайн хэрэг вэ? Бас тэр одоо хэр хөөрхнөөрөө байгаа нь. Түүний эхнэр гэдэг нь.

Гэхдээ л тэд энгэр зөрүүлэхгүй байлаа. Юун түрүүнд биес нь хоорондоо харь хөндий болжээ. Бие биедээ шинээр дасаж байхдаа ч, сэрсэн ч, гадуур зугаалсан ч, ресторанд өөд өөдөөсөө хараад, кинотеатрт зэрэгцээд суусан ч харилцаа нь хоёр биедээ халамжлан хүрэхээс хэтрэхгүй. Хижээл эр одоо энгэр зөрүүлэх цаг болсон, угаасаа энгэр зөрүүлээд таашаал авна гэж бодож байв. Дараа нь үнэхээр цаг нь болсон үгүйг, үнэхээр таашаал авах үгүйг, үнэхээр хоёул энгэр зөрүүлэхийг хүсэж байгаа эсэхийг өөрөөсөө асуулаа. Эсвэл одоо бүтэшгүй болсон уу? Гэр бүлийн амьдрал нь доройтох үед өөр хүүхэнтэй, нэг удаа нэг орчуулагчтай, өөр нэг удаа ажлын газрын хүүхэнтэйгээ, хоёул согтоод унтсан, маргааш нь харь хөндий санагдаж, ичих сэтгэл төрсөн. Үүнээс гадна хааяа нэг ажлаар хаана нэгэнтээ явж байхдаа зочид буудалд дуртай дургүй гар хангалга хийсэн. Тэр хайрлаж дурлах, хүсэж тэмүүлэх, энгэр зөрүүлэх хэвийн харилцааг мартсан гэж үү? Бэлгийн чадавхгүй болсон уу? Бэлгийн чадавхтайгаа нотлох гэж гар хангалга хийх гэсэн ч болсонгүй.

Эсвэл эхнэртэйгээ цуг өөрсдөдөө багахан цаг хугацаа зарцуулах хэрэгтэй юм болов уу? Яарах шалтгаан байхгүй, нэг сар, долоо хоног эсвэл нэг өдрийн дараа энгэр зөрүүлж болох шиг магадгүй нэг жилийн дараа ч цаг нь ирж болно гэж өөртөө хэлж байлаа. Гэхдээ үнэндээ өөр зүйл мэдэрч байв. Энгэр зөрүүлэх асуудлаа шийдмээр байсан ч үүнийг санаандаа шийдэх, бодит амьдрал дээр шийдэх хоёрын хооронд зөрүү байсан тул тэвчээр алдарна. Нас ахих тусам улам тэвчээргүй болж байв. Энэ шийдэж чадахгүй байгаа зүйл нь үнэндээ хялбар шийдчихээр юм гэдгийг бодох тэвчээрийг нь барж байв. Энэ зүйл ирэх долоо хоног, ирэх зун, шинэ машин авах, хүүхдүүд Улаан өндөгний баяраар зочилж ирэх, шийдэж чадахгүй байх, санаа зовох бүгдтэй хамаатай. Америк руу аялахтай ч бас.

Энэ эхнэрийнх нь санаа байв. Хоёр дахь бал сар. Энэ хоёр дахь гэрлэлт биш гэж үү? Залуудаа Канад, Квебек, Ванкувер, цаашлаад Сиэтл хүртэл галт тэргээр яваад, дараа нь машинаар далайн эрэг даган Лос Анжелес, Сан Диего руу уруудахыг мөрөөддөг сөн. Эхлээд ийнхүү аялах зардал өндөртэй санагдсан, дараа нь хэдэн долоо хоног үргэлжлэх амралтын хугацаа арай урт санагдсан, галт тэрэг, машинаар явах үед хүүхдүүд уйдна гэж бодсон. Харин одоо хоёулахнаа аян замд гарч болно, сар, сар хагасын хугацаагаар аялж болно, мөнгөний хувьд ортой вагон, люкс автомашинаар явахад болохгүй юмгүй. Хуучин мөрөөдлөө биелүүлэх цаг ирээгүй гэж үү?

_____________

 

V

 

Тэд тавдугаар сард замд гарав. Квебект хавар болж байлаа. Бороо хааяа ороод, үүл хурдан сарниад, байшингийн нойтон дээвэр наранд гялтагнана. Галт тэрэг Онтарио Хиллийн газар тэнгэр нийлэх ногоон талбайгаар, ногоон хөх алагласан газраар өнгөрч байв. Нэг шөнө хадат уулын цасан шамарганд галт тэрэг цас хунгарт шигдээд, цас цэвэрлэх машин иртэл хүлээлээ.

Тэр шөнө тэд энгэр зөрүүллээ. Галт тэрэгний ганхах хөдөлгөөн, халуун өдөр бүлээн усанд орохын нөлөө шиг, хоёр биеийг нь бэлэн болгожээ. Замын голд зогсох үед халаагуурын дулаан буугаад, вагоны эргэн тойронд цасан шуурга дуулдаад, шал цонхоор өрөөнд хүйт орж байв. Тэр хоёр орондоо ороод дулаацатлаа инээлдэв, чичрэв, тэврэлдэв, хөдлөлгүй хэвтэв. Эхнэр нь шөнө дунд түүнийг сэрээлээ; тэд тайван амьсгалж байгаа мэт энгэр зөрүүллээ. Өглөө нь цас цэвэрлэх машиныг угтах зүтгүүрийн дохиогоор сэрэв. Цонхоор цас, тэнгэр, цэнхэр, цагаан өнгө рүү харлаа. Аз жаргалтай байв.

Сиэтлд хэд хонов. Байрлах үнэд нь өглөөний цай багтсан байр нь Квин Анн Хиллийн хот руу, тэнгисийн булан руу харсан өгсүүр дээр байна. Цонхоор нь олон давхар барилга дундаас, өдөр нь өнгө өнгө алаглан, орой нь тод гэрлээ асаан жагсах машинтай замын хөдөлгөөн хөврөх олон урсгалтай зам харагдана. Замын хөдөлгөөн хааяа нэг түргэснэ. Нэг тал нь дээшээ, нөгөө тал нь доошоо урсаж байгаа гол шиг. Хааяа цагдаагийн машин, түргэний тэрэг болон бусад машины дохио өрөөнд нь сонстоно, нойр хулжсан эхний шөнө дээрх гэрэл нь улаан, цэнхэр өнгөөр анивчих машин өмнөх машинуудаа замаас гарган хэрхэн урагшилж байгааг харах гэж дахин дахин босов. Хааяа усан онгоц зогсоолоос гарах эсвэл зогсоол руу орох үед дуугарах дохио өрөөнд нь сонсогдоно. Энэ чимээ, салхинд дэрвэсэн өнгө өнгийн дарвуултай том жижиг завь, янз бүрийн чингэлэг ачсан ачааны усан онгоцноос гарна. Гадаа байнга хүчтэй салхилж байлаа.

Нойр нь хулжмагц, эхнэрийнхээ хэрхэн унтаж байгаа харахаар шийдэв. Эхнэрийнхээ нүүрний үрчлээ, эрүү, чих, нүдний доор унжсан арьсыг харлаа. Хөөсөн нүүр, нялуун үнэр, дуутай амьсгаа нь түүнд муухай санагдахгүй байв. Галт тэргэн дэх сүүлчийн шөнө эхнэрээ хуучных шигээ эсгэрэн сэрээгээд, нүүрийг нь баяр хөөртэйгээр хоёр гаран завсраа барьж, алгандаа мэдрээд энгэр зөрүүлснийхээ дараа хөнжил доорх хайр, хөлсний үнэрийг баяртайгаар үнэрлэсэн. Эхнэрээ дахин ийнхүү сэрээж, үүнээс таашаал авч байгаа нь, эхнэр нь ч бүгдийг магтаагүй байгааг нь хичнээн сайхан! Ертөнц дахин гэрэлтээд!

Тэдний хайр, хоёр биедээ зориулах сэтгэлээс нь илүү ихийг багтаасан ертөнц бий болгосныг ухаарав. Бие биедээ зориулах сэтгэл нь үгүй боллоо ч тэр ертөнц оршин байсаар. Өнгө нь хар цагаан болсон ч тэр өнгө алдсан ертөнц тэднийх хэвээр. Тэд тэр ертөнцөнд, тэр ертөнцийн ачаар амьдарсан. Одоо харин тэр ертөнц дахин гэрэлтлээ.

Тэд төлөвлөгөө боловсруулж байв. Энэ эхнэрийнх нь санаа. Гэртээ ямар нэг өөрчлөлт хийвэл ямар вэ? Одоо хүүхдүүд нь бараг ирэхээ больсон, харин нэг л өдөр айлчилж ирэх ач нарт нь гурван өрөөний оронд ганц өрөө хангалттай биш гэж үү? Нөхөр нь ном унших, олон жилийн өмнө төлөвлөөд, холбогдох баримт сэлт цуглуулсан номоо бичих тусдаа өрөөтэй болмоор байгаагүй гэж үү? Сүрхий мундаг тамирчин болох нь юу юм, гэхдээ хоёул талбайн теннис заалгавал ямар вэ? Нөхрийнх нь нэгэнтээ ярьж байсан зургаан сар Бруксельд ажиллах санал юу болсон бэ, одоо хүчинтэй хэвээр үү? Ажлаасаа зөвшөөрөл аваад зургаан сар Бруксельд амьдарвал ямар вэ? Нөхөр нь эхнэрийнхээ санаанд ийм олон сэтгэл хөдлөм санаа орж ирж байгаад баяртай байв. Тэр ч бас саналаа хэлж байлаа. Гэхдээ тэд үнэндээ амьдралд нь ямар нэг юм өөрчлөгдөөсэй гэж хүсэхгүй байсан ч үүнийгээ хэлж зүрхлэхгүй байв.

Тэд үл мэдэх зүйлээс айдгаа хэлэхээс эмээв. Тэр айдас ямар учиртай, яагаад нас ахих тусам улам бүр нэмэгдээд байгааг мэдэхгүй. Үл мэдэх зүйлийн дарамт, өөрчлөлт хийх тусам улам бүр нэмэгддэг гэж бодсон учир ийнхүү айж байв. Гэхдээ яг юунаас айх гэж? Өөрчлөлт цаг хугацаа шаардахаас, цаг хугацаа улам бүр түргэсэн урсан өнгөрөхөөс, тэд яах ч аргагүй болохоос уу? Цаг хугацаа яагаад улам бүр түргэсэн урсдаг юм бэ? Одоо амьдрал нь сүүлийн хагастаа орсон тул эхний хагасаасаа илүү хурдтай өнгөрч байгаа шиг, хүний амьдрах өдөр хоногийн тоо цөөрөөд, нас ахих тусам цаг хугацаа илүү хурдан урсаж өнгөрдөг үү? Эсвэл энэ зорилготой холбоотой юу? Хүн эцэст нь амжилт гаргаж, бусдын хүндэтгэлийг хүлээж, хөрөнгө мөнгөтэй болно гэж тэсвэр алдан боддог тул залуу насанд цаг хугацаа илүү удаан санагдаад, нас ахихаар хүлээх зүйл бараг үлдээгүй тул цаг хугацаа хурдан өнгөрдөг үү? Эсвэл нэг замаар хэр олон удаа өнгөрнө төдий чимээ хурдан өнгөрдөг шиг, хүн өдөржин юу хийхээ мэддэг болохоор нас дээр гарсан үед өдөр хоног хурдан өнгөрдөг үү? Тийм бол тэд үнэндээ өөрчлөлт хийхийг хүссэн байж таарна. Эсвэл тэдэнд одоо өөрчлөлт хийх цаг хугацаа үлдээгүй юм болов уу? Гэхдээ ч тэгтлээ хөгширөөгүй байна аа!

Эхнэр нь, түүний санал зөрж байгаагийн цаана ерөнхийдөө эсэргүүцсэн санаа байгааг анзаарсангүй. Ялангуяа огт утгагүй санал зөрж, муйхарлан зүтгэвэл эхнэр нь цухалдангүй инээмсэглээд яг яамаар байгааг нь асууж байв. Сүүлийн хэдэн жил яаж амьдарсан яг тэгж амьдрахыг уу?

_____________

 

VI

 

Тэд агааржуулагч, CD тоглуулагч гэх мэт бүх төрлийн электрон төхөөрөмжтэй спорт загварын том машин хөлсөллөө. Дуртайяа сонсдог хэд дээрээ нэмж санамсаргүй сонгох байдлаар нэлээд олон CD авав. Номхон далайг анх удаа харах тэрхүү усан тохой руу ойртох үед эхнэр нь Шубертийн симфонийг тавилаа. Тэр харин их сургуульд сонсдог байсан хөгжмийг нь голдуу тавьдаг америк радио сувгийг цааш нь сонсмоор байв. Эхнэртэйгээ бороонд гадаа зогсохын оронд машинд суусан нь дээр гэж бодлоо. Гэхдээ симфони, бороо, саарал тэнгэр доош унах тугалган өнгийн дусалтай нийцэж байв; эхнэр нь энэ бүхнийг хараад тэгтлээ баярласан байхад эсэргүүцэх нь дэмий гэж ч бодлоо. Машин барьж явсан эхнэр нь далайн эрэгт хүрэх нарийн зам олжээ. Арын тээшний хэсэгт хөх хулдаасан бүтээлэг байсныг санаад, нөхрөө болон өөрийгөө бүтээв. Элсэн дээр зогсоод, далай үнэрлэн, Шуберт, цахлайн дуу, хулдаасан бүтээлэг дээр бороон дусал унах чимээг сонсон, баруунтаа үүлсийн цаагуур жаргах гэж буй наранд гэрэлтсэн хэсэг үүл харлаа. Гадаа сэрүүхэн хэдий ч чийгтэй, бүгчимдүү байв.

Нөхөр нь бүтээлэг доор удаан зогсож тэссэнгүй, бороонд хэсэг шийдэж ядаад, элсэн дээгүүр алхалсаар, далай руу оров. Ус хүйтэн, норсон гутал хүнд, бие нь усан дотор ер хөнгөрч өгөхгүй мэт санагдана. Гэхдээ л сэтгэл нь сэргэн, гараараа ус алгадан, давалгаанд биеэ сул тавьж байв. Хүссэнээрээ, эрх дураараа загнахад нь эхнэр орой оронд ортлоо гайхсан хэвээр. Эхнэр нь ичиж балмагджээ.

Өдөр бүр өмнө зүгт зуун миль явдаг болов. Өглөө нь амраад, үдээс хойш парк, модот цэцэрлэг гэх мэт жуулчдын үзэх газрыг үзээд, хэдэн цагийн турш далайн эргээр алхална. Орой нь таарсан газраа байрлана, хурдны зам дагуу том өрөөтэй, ариутгалын бодис үнэртсэн, зурагтыг нь хүн хүрэхүйц газар тогтоосон заваандуу жижиг зочид буудалд эсвэл хоногийн төлбөрт нь өглөөний цай багтсан айлын өрөөнд. Орой нь хоёул эрт ядарна. Ном эсвэл хундага дарс бариад орондоо орно, нөхрийнх нь нүд аяндаа анилдан толгой дээрх чийдэнгээ унтраана.

Нөхөр нь хаана нэгэнтээ эхнэрээ хүлээх хэрэг гарвал өөдөөс нь ирж байгааг харахыг хичээнэ. Рестораны өмнө машинаасаа буугаад, машинаа тавих эхнэрээ рестораны үүдэнд хүлээнэ. Эсвэл эргийн элсэн дээр өмнө нь гарч явсаар, эхнэрээ ирэхийг харна. Эхнэрийнхээ барааг, явж байгааг нь харах хэзээд сайхан ч ялимгүй гуниг төрүүлнэ.

_____________

 

VII

 

Орегонд эрэг, зам тэр чигээрээ мананд умбажээ. Тэд өглөө босоод цаг агаар үд гэхэд дээрдэх биз гэж бодох ч орой болтол засрахгүй баймагц маргааш тэнгэр цэлмэх байх гэж найддаг байлаа. Гэхдээ маргааш нь ч зам, ой, суурин тэр чигээрээ мананд автсан хэвээр. Газрын зураг, тэдний дайрч өнгөрөх жижиг суурингуудыг тэмдэглээгүй байсан бол тэд ч суурингуудыг алгасах байлаа. Хааяа хэдэн цагийн турш ганц ч айл таарахгүй, өмнөөс нь ч, өмнө нь ч машин явахгүй тийм ойн замаар явна. Нэг удаа машинаа унтраалгүй буутал машины хөдөлгүүрийн чимээ хоёр талын шигүү ой дундуур тараад, уусаж алга бололгүй, тэндээ байсаар, мананд дунд замхрав. Хөдөлгүүрээ унтраахаар анир чимээгүй болов, бутнаас гарах чимээ ч үгүй, шувуу, машин, тэнгис огт чимээгүй.

Хамгийн сүүлийн суурин газрыг орхиод, дараагийн суурин хүртэл гучин миль дутуу үед, замын тэмдэг ойрхон шатахуун түгээгүүр байгаа гэж мэдэгдэж байв. Шатахуун түгээгүүрийн газар хайрга чулуутай том талбай, хоёр шахуурга, нэг чийдэнтэй; талбайн ард нэг байшин бүдэг бадаг бүртэлзэнэ. Хижээл эр шатахуун түгээгүүр лүү эргээд, шахуургын өмнө зогсов. Хүлээлээ. Тэр байшингийн хаалгыг тогшихоор машинаас буух үед хаалга нээгдэн нэг бүсгүй гарч ирээд, талбайгаар өнгөрөн тэдэн рүү ирж, мэндлэн, шахуургаа авч, түгжээг нь мултлаад, машины танкийг дүүргэж эхэллээ. Машины хажууд зогсоод, баруун гараараа шахуургаа бариад, солгой гараараа таазаа тулжээ. Хижээл эр түүн рүү ширтэх буйг бүсгүй анзаарав.

“Шахуургын түгжээ эвдэрхий, тавьж болохгүй. Би шатахуун хийчихээд цонхыг тань угаая.”

“Энэ хавь ер эл хуль байх аа?”

Бүсгүй гайхсаар түүн рүү анхааралтай харав. Бүсгүй залуу насаа ардаа орхижээ, хижээл эрийг их олон хүнтэй харилцаа тогтоож, их олон удаа урам хугарсан эмэгтэй хүний анхааралтай харцаар харж байлаа.

“Сүүлийн суурингаас гараад хорин миль болсон, өмнөх суурин хүртэл гучин миль дутуу; тэгэхээр... Юу гэхээр, эндэх танд эл хуль санагддаггүй гэж үү? Та энд ганцаараа амьдардаг уу?”

Бүсгүй, эрэгтэйн харцан дахь ноцтой аяс, анхаарал, халамжийг хараад инээмсэглэв. Харцанд нь илбэдүүлэхгүй гэсэндээ ёжтой инээмсэглэжээ. Тэр ч энэ инээмсэглэлийн хариуд удахгүй хэлэх зүйлээсээ ичингүйрэн инээмсэглэлээ.

“Та үзэсгэлэнтэй бүсгүй юм.”

Нүүрэн дэх сэвхнээсээ нь болж бараг мэдэгдэхгүй ч бүсгүй багахан улайлаа. Дараа нь гэнэт ноцтой царай гаргав. Үзэсгэлэнтэй гэв үү? Хэдий одоо хэр эрчүүдийн харааг булааж, хүсэл тачаал төрүүлдгээрээ бахархдаг ч, одоо түүнд үзэсгэлэнтэй гэх юм үлдээгүйг өөрөө ч мэдэж байв. Бүсгүй хижээл эрийн царайг анхааралтай ширтэв.

“Тийм ээ, энэ хавь хүн амьтангүй, гэхдээ би дасчихсан. Тэгээд ч...” Зогсосхийв. Доош шахуургын түгжээ рүүгээ нэг хяламхийгээд толгойгоо өргөн түүн рүү харлээ. Нүүр нь бүр ч улайжээ. Цэв цэх зогсоод царайд нь зөрүүд төрх тодрон горьдлогоо илчлэв. “Тэгээд ч байнга ганцаараа байхгүй байлгүй.”

Ийнхүү цэх зогсоод, нүүр улайсан байртай түүнтэй харц тулгарав. Дараа нь банк дүүрч, бүсгүй банкийг хаагаад, машинаас холдон, шахуургаа өлгөв. Тонгойн, хувингаас порлон аваад, цонх арчигчийг дээш болгон угааж эхэллээ. Хижээл эр бүсгүйн, өвөр дээрх газрын зургаа анхааралтай харах, түүнтэй мэндлэх, инээмсэглэх гэж толгойгоо өргөөд дахин газрын зураг руугаа харах эхнэрийг нь сонирхон ширтэж байгааг харав.

Бүсгүй цонх цэвэрлэж байх үед хажууд нь дэмий харж зогсох зохисгүй ч түүнийг харах сайхан санагдана. Бүсгүй дөрвөлжин хээтэй даавуун цамц, жийнсэн өмд эсвэл гандсан цэнхэр өнгийн даашинз өмсөөгүй, харин дээрээ газрын тосны компанийн эмблемтэй гүн хөх өнгийн комбинзон дотуур цагаан футболк өмсжээ. Бие нь шөрмөслөг ч, хөдөлгөөн нь алгуур зөөлөн. Биеийн хүч, уян байдлаасаа таашаал авч буй мэт уран хөдөлнө. Комбинзоны мөрөвч нь унахад, хуруугаараа дээш болгож буй нь эрд далд утгатай мэт санагдаж байлаа.

Хижээл эр цонх угааж дуусахад нь бүсгүйд мөнгөө өгөөд, бүсгүй мөнгөний хариултыг авчрахаар гэр лүүгээ явах үед дагаж явав. Чимээ гаргах хайрга чулуун дээгүүр хэд алхтал бүсгүй эрийн гарт хүрлээ.

“Надтай хамт явах хэрэггүй, би хариултыг тань аваад ирье.”

_____________

 

VIII

 

Тэр ийнхүү талбайн голд, машин бүсгүйн гэр хоёрын хооронд үлдэв. Бүсгүй дотогш ороод хаалгаа хаалаа.

Надад шийдвэр гаргах хэр хугацаа үлдсэн бэ гэж хижээл эр бодлоо. Нэг минут? Хоёр минут? Бүсгүй мөнгөний хариултыг хэр хугацаанд бэлдэх бол? Тэр хэр эмх цэгцтэй бол? Зоосон болон цаасан мөнгийг ялгаж хийх касс байгаа болов уу? Яарч байгаа болов уу эсвэл хэдэн минут хүлээлгэвэл баярлана гэдгийг нь мэдэж байгаа юу?

Доош хартал хайрга норсон харагдлаа. Гутлынхаа хоншоороор чулууг дээш нь харуулав. Доод тал нь нойтон үгүйг мэдмээр санагджээ. Нойтон байлаа. Тэр ажлын газрынхандаа, бодох, шийд гаргах хоёрын адилхан зүйл биш гэдгийг хэлдэг байв. Бодох нь зөв шийд гаргах, ер нь ямар нэг шийд гаргах шалтгаан болохгүй, шийд гаргах хүнийг гарах аргагүй хүнд байдалд оруулж болно. Тэр бодоход хугацаа, шийд гаргахад зориг хэрэгтэй гэж хэзээд хэлдэг. Одоо түүнд дутагдаж байгаа зүйл хугацаа биш зориг гэдгийг ч ойлгож байв. Хүний гаргасан шийдээс гадна гаргаагүй шийд нь ч амьдралд нь чухал нөлөөтэй. Энд үлдэхээр шийдэхгүй бол цааш аян замаа үргэлжлүүлнэ гэж шийдээгүй ч ая замаа үргэлжлүүлэх байв. Энд үлдье гэвэл түүнд юу гэж хэлэх вэ? Тэр зөвшөөрөхийг хүссэн ч ийм зүйлийг зөвшөөрсөн хариуцлага үүрэхээс татгалзах ёстой учир, үгүй гэж хэлэхээс өөр аргагүй болохгүй гэж үү? Бүсгүйг хаалгаар дахиж гарч ирэхэд би энд цүнх, чемоданаа бариад зогсож байя, машин ч явсан байх учиртай. Гэхдээ тэр намайг хүсэхгүй бол яах вэ? Эсвэл одоо хүсээд дараа нь хүсэхээ боливол яах вэ? Эсвэл дараа нь би өөрөө энд байхыг хүсэхгүй бол? Үгүй, ийм зүйл байж болохгүй. Бие биеэ одоо хүсэж байгаа бол байнга хүснэ.

Машин хөдлөв. Эхнэртээ буруу бодсоноо, одоо чин сэтгэлээсээ хүссэн ч гэрлэлт нь сэргэхээс өнгөрснийг хэлмээр байв. Сүүлийн хэд хоногт баяр хөөртэй байхдаа ч далд уйтгар гунигт автаж байсныг, амьдралаа энэ уйтгар гуниг дунд өнгөрүүлмээргүй буйгаа. Тэр бүсгүйг танихгүй, бүсгүй ч түүний танихгүй ч тэр энэ бүсгүйн төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа нь солиорол болохыг. Бодолтой, биеэ барьсан байдалтай байхаас, солиотой байхыг илүүд үзэж буйгаа.

Машинд хүрэхэд хэдэн алхам үлдээд байхад эхнэр нь толгойгоо өндийлгөв. Түүний ирэхийг хараад, жолоочийн суудлаас сунан цонхоо доош буулгаад нэг юм хэллээ. Тэр эхнэрийнхээ юу хэлснийг ойлгосонгүй. Эхнэр нь газрын зураг дээр том элсэн манхан байгаа гэж тэмдэглэснийг дахин хэлэв. Өглөөний цайгаа уунгаа гэрэл зураг дээр том элсэн манхан харснаа санаад, газрын зураг дээр хайсан ч олоогүй юм. Эхнэр нь одоо элсэн манхныг олжээ. Тийм ч холгүй, тэд тэнд орой гэхэд очихоор байлаа. Эхнэрийнх нь царай баяр хөөртэй гэрэлтэнэ.

Эхнэр нь жижиг зүйлд баярладаг. Тэр ч үүнд нь гайхаж, даган баярладаг. Эхнэр нь баяр хөөртэй байхаараа наалинхай загнадаг. Сайхан зүйл тохиолдоход хажуудах хүн нь ч баяр хөөр болох учиртай гэж бодон наалинхай загнах. Эхнэрийнхээ наалинхай загнахыг сүүлийн хэдэн жил хараагүй, харин хэд хоногийн өмнөөс харах болсон.

Эхнэрээ баяртай байхыг харлаа. Эхнэр нь түүн рүү биширсэн байртай харан, өөдөөс нь цэх ширтэнэ. Одоо болсон уу? Хөдлөх үү?

Тэр толгой сэгсэрлээ, гүйх шахан хурдан алхалсаар машиндаа суугаад, хөдөлгүүрийг асаалаа. Эргэж харалгүй шатахуун түгээгүүрээс холдлоо.

_____________

 

IX

 

Эхнэр нь элсэн манхныг газрын зурагт яаж олсноо, өглөө яагаад олоогүйгээ тайлбарлаж байв. Орой хэдэн цагийн үед тэнд хүрэхээ, хаана хоноглож болохоо. Маргааш нь хэр их зам туулах хэрэгтэйг. Элсэн манхан хэр өндөр болохыг.

Удалгүй ямар нэг зүйл буруудсаныг ойлгов. Нөхөр нь машинаа удаан жолоодон, манан руу анхааралтай харан, хэлсэн ярьсныг нь зөвшөөрч, урам өгч амандаа бувтнана. Ярихгүй байгаа нь асуудал биш, харин амаа жимийж, хацраа татвагануулж байгаа нь ямар нэг асуудал үүдсэний дохио. Эхнэр нь, “Ямар нэг юм болоо юу?” гэж асуулаа. Хөдөлгүүр эсвэл дугуйтай холбоотой? Манан эсвэл замтай холбоотой? Эхлээд тайван дуугаар, дараа нь хариу хэлэхгүй болохоор түгшин ар араас нь асуулаа. Бие нь тавгүй байна уу? Хаана нэгэнтээ нь өвдөж байна уу? Машинаа баруун тийш, зүлгэн дээр зогсоох үед эхнэр нь нөхөрт нь зүрх эсвэл даралттай холбоотой асуудал гарсан гэдэгт итгэлтэй байв. Нөхөр нь хөдөлгөөнгүй хөшөөд, жолоогоо бариад, харцаа яг эгц чиглүүлээд суусаар.

“Намайг зүгээр орхи... Намайг ердөө хэдэн минут тайван орхи,” гэж хэлэх гэсэн ч ярьж эхлэхээр амаа жимийж, хацраа татвагануулж, нулимсаа барихад тус болж асан түгшүүртэй өнгө аяс нь ч замхарч одов. Ингэж уйлалгүй олон жил болжээ. Уйлахгүй байх гэж хичээх тусам битүү мэгшиж эхлээд цааш нь цурхиран уйллаа. Гараараа, уучлал хүсэж байгаагаа харуулсан, гэнэт сэтгэлийн хөдөлгөөнд автсанаа, уйлах гээгүй ч биеэ барьж дийлэхгүй байгаагаа харуулсан хөдөлгөөн хийв. Гэхдээ уйлаад байхаар уучлал хүсэх, тайлбар хийх шаардлагагүй болж, гараа өвөр дээрээ тавиад, толгой гудайн, чичрэн чанга дуугаар цурхиран уйллаа. Эхнэр нь түүнийг тэврэх гэсэн ч тэр эхнэрийнхээ тэврээс зугтан, тэр чигтээ суусаар байв. Уйлахаа болихгүй байсанд эхнэр нь дараагийн сууринд зочид буудал, эмч хайхаар шийдлээ. Нөхрөө босгон хажуу суудал руу түлхэх гэтэл тэр өөрөө хажуу суудал руу гулсан суув.

Эхнэр нь цааш жолоо барин явлаа. Тэр уйлсаар. Зүүднийхээ төлөө, амьдралын түүнд сунгасан саналын төлөө, энэ саналыг хүлээж авалгүй зугтсандаа, амьдралын буцаж авчрах боломжгүй, эргэж ирэхгүй зүйлсийн төлөө уйлж байв. Юу ч буцаж ирэхгүй, юуг ч буцааж авчирч болохгүй. Хүссэн зүйлээ илүү хүчтэй хүсээгүйдээ, ихэнхдээ юу хүсэж байгаагаа мэдээгүйдээ уйлж байв. Гэрлэлтэд нь хэцүү, бэрхшээлтэй зүйлээс гадна сайн сайхан зүйл байсанд уйлж байв. Бие биеийнхээ урмыг хугалсанд, сүүлийн хэд хоног найдвар, хүлээлт үүссэнд уйлж байлаа. Сайхан зүйл, аз жаргал авчирдаг зүйл түр зуурынх атал санаанд нь орох зүйл байнга уйтгар, гуниг дагуулна. Хайр дурлал, гэрлэлтийн аз жаргалтай цаг мөчүүд, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн хөгжилтэй цаг мөч, энэ бүхэн ард хоцорчээ. Дурсамж нь нүднийх нь өмнө ар араасаа хөврөх зуур тэр дүр зураг бүрийг сайн харалгүй дээр нь тамга дарна. Тамган дээр тод дөрвөлжин дотор энэ үг бичээтэй: “Өнгөрсөн.”

Өнгөрсөн гэж үү? Ийм энгийн байдлаар, түүнд мэдэгдэлгүй, түүнийг оролцуулалгүй өнгөрсөн байх учиргүй. Хайртай хүмүүстэйгээ бий болгосон ертөнцөө тэр өөрөө үгүй хийж байв. Үүнээс хойш тэр ертөнц байхгүй, өнгө алагласан ертөнцийн оронд хар цагаан дүр зураг ч, ер огт дүр зураг ч бий болохгүй.

Нулимс нь барагдав. Дууссан, дотор нь хоосорсон. Дууссан гэрлэлт, алдсан эхнэрийнхээ төлөө уйлснаа ухаарлаа.

Эхнэр нь өмнөөс нь хараад инээмсэглэв. “За?”

Тэд суурингийн нэр, хүн ам, далайн түвшингээс дээш хэдэн метрийн өндөрт оршдогийг нь харуулсан замын тэмдгийн хажуугаар өнгөрөв. Тэр энэ хэдхэн зуун хүнтэй жижиг суурин байх гэж бодлоо. Далайн түвшингээс ердөө хэдхэн метрийн дээр байрладаг, мананд харагдахгүй ч тэнгис ойрхон байгаа.

“Нэг зогс доо.”

Эхнэр нь замын хажуу руу шахаж зогсов. Тэр, одоо л гэж бодлоо, одоо л. “Би энд буулаа. Чамтай цааш явахгүй. Хачин зан гаргаж байгаагаа мэдэж байна. Юу хийж байгаагаа би өөрөө илүү сайн мэдэх ёстой ч үнэндээ мэдэхгүй байна. Бид нуранги дунд өндийх гэж хичээж байна. Гэхдээ би чамтай нуринги дунд өндиймөөргүй байна. Зүгээр сүүлийн удаа туршиж үзмээр байна.”

“Юу? Юу туршиж үзмээр байгаа юм?”

“Амьдрал, шинэ эхлэл, бүх юмыг.” Эхнэрийнх нь гомдсон, шүүмжилсан харцны өмнө хэлж байгаа нь өөрт нь ч хүүхдэрхүү санагдаж байв. Эхнэр нь түүнээс яах гэж байгааг нь, энд юу хийхийг нь, амьжиргаагаа яаж залгуулахыг нь, ар амьдрал нь яахыг асуусан бол юу ч хариулж чадахгүй байлаа.

“Алив элсэн манхан руу явъя. Чи хүссэн үедээ явж болно. Би чамайг хорихгүй. Ярилцаад чамайг татаж авч болохоор бол ярилцъя. Магадгүй чиний зөв биз, бидний дунд бий болсон эсвэл үгүй болсон тэр зүйлтэй нүүр тулах цаг нь ирсэн биз. Тэгвэл одоо нүүр тулъя.” Эхнэр нь гараа өвдгөн дээр нь тавилаа. “Тэгэх үү?”

Эхнэрийнх нь зөв байв. Үгүй ядаж элсэн манхны ойролцоох суурин руу очоод бүгдийг ярилцаж болохгүй гэж үү? Үгүйдээ, эхнэртээ өөрийг нь энд орхи, ердөө хэд хоног ганцаараа байх хэрэгтэй байна, онгоцоор нисэхээс өмнө түүн дээр очно гэж хэлж чадахгүй гэж үү? Тэгээд ч эхнэртээ зүүд, шатахуун түгээгүүрийн бүсгүйн тухай ярих хэрэгтэй биш гэж үү? Тэгвэл илүү шударга байхгүй гэж үү?

“Би одоо шууд явмаар байна. Арын тээшээ нээ.”

Эхнэр нь толгой сэгсрэв.

Тэр машинаас буугаад, нөгөө талд очин, эхнэрийнхээ сууж буй жолоочийн суудал талын хаалгыг нээн, хаалга суудал хоёрын хоорондох жижиг бариулыг татав. Арын тээшний хэсгийн хаалга нээгдлээ. Цүнхээ, чемоданаа буулган газар тавив. Дараа нь тээшний хэсгийн хаалгыг хаагаад машины хаалга руу ойртов. Хаалга онгорхой хэвээр байлаа. Эхнэр нь түүн рүү харлаа. Тэр хаалгыг зөөлөн тайван хаасан ч эхнэрийнхээ нүүрэн дээр савж байгаа мэт санагдав. Эхнэр нь түүн рүү харсаар. Тэр цүнх, чемодан хоёроо авлаа. Явахад бэлэн болсон байв. Нэг алхам алхав, хоёр дахь алхмаа алхах үгүйгээ мэдэхгүй байв, хоёр дахь алхмаа алхаад, дахин нэг алхам, дараа нь дахин нэг алхам алхах үгүйгээ мэдэхгүй байлаа. Зогсвол буцаж эргэх, машин руу очих, орж суух хэрэгтэй болно. Эхнэр нь хаазлаад явахгүй бол тэр цааш алхаж чадахгүй. Яв, гэж гуйлаа, яв. Дараа нь эхнэр нь машинаа асаагаад явж одов. Тэр машины дуу сонсохоо болимогцоо эргэж харлаа. Манан аль хэдийн машиныг уусган авч оджээ.

_____________

 

X

 

Тэр замын зочид буудал олоод, хямд үнээр нэг сар байрлахаар тохиров. Том лангуу, ялтсан ширээ, хувцанцар сандал, хөгжмийн хайрцагтай хоолны газар олов. Согттолоо уулаа, үе үе баяр хөөр болов, үе үе тэр өдөр хангалтай уйлсныг нь хэлэхгүй бол дахин уйлмаар болж байлаа. Суурингийн цорын ганц хоолны газар энэ. Хижээл эр орой нь чавхдаст хөгжим чагнангаа машин ирж, хүн бууж, хайрга дээгүүр явах чимээнээс нь эхнэр нь мөн эсэхийг ойлгох гэж хүлээлээ. Санагалзан, түгшин хүлээлээ.

Маргааш нь тэнгис хүртэл явав. Эрэг дээр дахиад нь манан татаастай, тэнгэр, тэнгис тугалган өнгөтэй, агаар халуун, чийгтэй, бүгчим. Өмнө нь хавьгүй урт цаг хугацаа байгаа мэт санагдав.

_____________


Орчуулсан: Г. Сугиррагчаа

[1] Тогтсон нэг хэвийн ая (лат.)