Friday, June 28, 2019

Чарльз Буковски | ХОТЫН ХАМГИЙН ХӨӨРХӨН ХҮҮХЭН


(өгүүллэг)

Image result for bukowskiКасс бол эгч дүү тавын хамгийн отгон, хамгийн хөөрхөн нь. Касс бол хотын хамгийн хөөрхөн охин. Могой шиг уян налархай, халуу шатсан бие, биетэйгээ яг тохирсон нүдтэй. Касс бол шингэн урсамтгай гал. Яагаад ч тогтоож барьж дийлэмгүй хэлбэр дүрс дотор хашигдсан сэтгэл шиг. Торго шиг урт хар үс нь биеийнх нь уян налархай хөдөлгөөнийг дагаж намирна. Сэтгэл санаа нь нэг бол хөөрч дэгдэнэ, нэг бол гуньхарч гутарна. Кассын хувьд дундыг барих гэсэн зүйл үгүй. Зарим хүн түүнийг солиотой гэнэ. Уйтгартай амьтад угаас өөр юу ч гэх вэ дээ. Уйтгартай амьтад Кассыг ойлгохгүй. Эрчүүдийн хувьд Касс ердөө л секс машин, солиотой байна уу үгүй юү ямар ч хамаагүй. Касс эрчүүдтэй бүжиглэнэ, сээтгэнэнэ, үнсэлдэнэ, гэвч ганц хоёр тохиолдлоос бусдаар унтаж хэвтэх болмогц яаж ийгээд зугтаж одно.
Эгч нар нь түүнийг гоо үзэсгэлэнгээ буруу ашиглаж байна, оюун ухаанаа огт ашиглахгүй байна гэж буруутгах авч Касс ухаантай, сэтгэлтэй охин; зураг зурна, бүжиглэнэ, дуулна, шавраар элдэв баримал урлана, хүмүүс өвдөж зовж, сэтгэлээр унасан үед тэдний өмнөөс чин сэтгэлээсээ санаа зовнино. Толгой нь хүн хүнийхээс өөр ажиллана, ер хар амьдралын ухаантай гэмээргүй. Эгч нар нь Касст эхлээд эрчүүдийг нь өөртөө татлаа гэж атаархана, дараа нь эрчүүдийг нь ер ашигласангүй гэж уурлана. Касс хамгийн царай муутай эрчүүдэд эелдэг ханддаг заншилтай; царайлаг гэгддэг эрчүүд дотрыг нь муухайруулдаг юм гэнэ билээ, “Ямар ч хүсэл эрмэлзэлгүй, ямар ч урамгүй. Төгс хэлбэртэй хамар, чихнээсээ өөр юу ч бодох сөгөөгүй... тэр чигтээ өнгөц, ямар ч доторгүй...” гэж билээ. Касс яг л солиорчхоо юу даа гэмээр аашилдаг, аашилж загнахыг нь хараад зарим хүн “энэ солиорчхож” гэдэг. Аав нь архиа гударсаар талийсан, ээж нь охидоо орхиод зугтсан. Охид нь эхлээд хамаатных руугаа, тэндээсээ гэлэнмаа нарын сүм рүү шилжсэн. Гэлэнмаагийн сүм ёстой уйтгар гунигийн өлгий байж, ялангуяа Кассын хувьд. Охид Касст атаархаж, Касс тэдэнтэй зодолдоно. Хоёр ч удаагийн зодоонд биеэ хамгаалаад, солгой гараа тэр чигт нь сахлын хутганы сорвиор дүүргэсэн. Түүнээс гадна зүүн хацар дээр нь арилшгүй сорви үлдсэн ч хөөрхөн царайг нь гутаах биш харин ч тодотгожээ. Би түүнтэй гэлэнмаа нарын сүмээс гарснаас нь хойш хэдэн өдрийн дараа Вэст Энд бааранд таарсан. Тэр охидын хамгийн отгон нь учир эгч нараасаа сүүлд сүмийг орхисон аж. Би хотын хамгийн царай муутай эр байх, тэгээд л Касс намайг сонгоо юм болов уу.
– Юм уух уу? гэж би түүнээс асуулаа.
– Мэдээж, яагаад болохгүй гэж?
Тэр оройн ярианд маань ямар ч онц содон зүйл байгаагүй, бүү мэд дээ, Касс надад тийм сэтгэгдэл үлдээсэн ч байж магад. Тэр намайг сонгосон, тэгээд л болоо. Ямар ч дарамт шахалтгүй. Юм уух дуртай, сайн ч ууж байв. Насанд хүрээгүй нь харваас илт боловч баарныхан түүнд архиар үйлчилнэ. Касс хуурамч үнэмлэхтэй ч байж магад, мэдэхгүй юм даа. Ямартай ч Касс угаалгын өрөөнөөс буцаж ирэх бүрдээ хажууд минь суусан, надад ч өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн. Тэр хотын хамгийн хөөрхөн хүүхэн төдийгүй миний амьдралдаа харсан хамгийн хөөрхөн хүүхэн. Би бүсэлхийгээр нь тэврээд нэг удаа үнслээ.
– Би хөөрхөн үү? гэж тэр асуув.
– Мэдээж хэрэг, гэхдээ чамд өөр нэг юм бий... гадаад үзэмжээс гадна нэг юм...
– Намайг хүмүүс дэндүү хөөрхөн гэж буруутгадаг. Чинийхээр, би үнэхээр тийм хөөрхөн гэж үү?
– Хөөрхөн гэж хэлэхэд хангалтгүй, чамд өөр үг хэрэгтэй.
Касс жижиг цүнх рүүгээ гараа сунгав. Алчуураа авах нь дээ гэж бодтол, малгайны урт хатгуур зүү гаргаад ирлээ. Намайг ухасхийж амжихаас өмнө хатгуур зүүгээр хамрынхаа нүхний дээгүүр нэвт хатгачхав. Би балмагдаж цочирдлоо. Касс над руу харж инээгээд, “Одоо ч намайг хөөрхөн гэж бодож байна уу? За, залуу минь, юу гэж бодож байна даа?” хэмээх нь тэр. Би хатгуур зүүг хамраас нь сугалаад, цусыг нь алчуураараа дарав. Хэдэн хүн, үүний дунд бармен ч, Кассын яаж аяглахыг харжээ. Бармен бидэн рүү дөхөөд, Касст хандаж:
– Хөөе, аятайхан байна шүү. Чадахгүй бол зайлаарай. Элдэв наргианаар чинь дутаагүй шүү гэлээ.
– Чи өөрөө зайл! гэж Касс хариуг нь барив.
– Наад нэг юмаа аятайхан авч яв! гэж бармен намайг зандарлаа.
– Тэр одоо зүгээр ээ гэж би хариу хэлэв.
– Энэ миний хамар, яасан ч миний дур.
Image result for most beautiful woman in town bukowski
– Үгүй дээ, надад ч онцгүй санагдлаа.
– Би хамраа хатгуур зүүгээр сүлбэхээр чамд онцгүй санагдсан хэрэг үү?
– Тэгсэн, би үнэнээсээ хэлж байна.
– За за, би дахиж тэгэхгүй. Алив битгий урвагнаад бай.
Намайг үнсэв. Мушилзсаар, хамраа алчуураар дарсаар үнсэх аядсан гэвэл илүү зөв биз. Баар хаамагц, хоёул манайд очихоор бослоо. Би хэдэн пиво аваад, хоёул сууж ярилцав. Кассын ямар эелдэг халамжтай хүн гэдгийг тэгэхэд л би ойлгосон юм. Тэр өөрөө ч мэдэлгүй бие сэтгэлээ бусдад зориулж явдаг аж. Гэхдээ л өнөөх янзаараа үе үе галзуу, учир авцалдаагүй аашилна. Шизо. Сэтгэлтэй, хөөрхөн шизо. Хэн нэгэн эр эсвэл ямар нэг зүйл нэг л өдөр түүнийг бүрмөсөн сүйдлэх нь гарцаагүй. Би л биш байгаасай гэж найдъя. Бид хоёр орондоо орж, намайг гэрэл унтраасны дараа, Касс:
– Чи одоо хиймээр байна уу? Эсвэл өглөө юү? гэж асуув.
– Өглөө гэж би хэлээд цааш эргэлээ.
Өглөө нь би босож, кофе бэлдээд, түүнд ор луу авчирч өглөө. Касс инээв.
– Шөнө хийхээс татгалзсан анхны хүн нь чи болсон.
– Зүгээр дээ, хийхгүй ч байсан болно.
– Үгүй, би одоо хиймээр байна. Алив жаахан сэргээдэхье.
Касс угаалгын өрөөнд ороод хэсэг азнаад гарч ирлээ. Гайхалтай харагдана, урт хар үс нь гялтганаад, нүд уруул нь гялалзаад, бүхий л бие нь гял цал... Сайхан зүйл үзүүлж буйдаа итгэлтэйгээр тайван гэгч нь хувцсаа тайлж, орны даавуун доогуур шургалав.
– Алив, хайрт залуу минь.
Би оронд орлоо. Тэр ер биеэ барилгүйгээр, яаралгүй үнсэлцэх юм. Би бүх биеийг нь, үсийг нь иллээ. Дээр нь гарав. Халуун, бариу. Удаан үргэлжлүүлэхийн тулд аажим алгуур хөдлөв. Касс яг нүд рүү минь эгц ширтэнэ.
– Чамайг хэн гэдэг вэ? гэж би асуулаа.
– Мэдлээ гээд ямар хэрэг байна? гэж Касс сөргөв.
Би инээд алдаад, үргэлжлүүллээ. Дараа нь Касс хувцаслаад, би машинаараа түүнийг бааранд хүргэж өгөв. Гэхдээ Кассыг мартах амаргүй аж. Би тэр үед ажилгүй, үдээс хойш хоёр цаг хүртэл унтаад, босож сонин уншдаг байв. Намайг угаалгын онгоцонд хэвтэж байтал Касс гартаа зааны чих хэмээх ургамлын далбагар навч барьсаар орж ирэх нь тэр.
– Чамайг усанд орж байгаа гэж яг мэдсэн юм аа. Тэгээд л эрхтнийг чинь далдлах юм авчирлаа, байгалиараа хөвүүн минь гэж тэр хэлэв.
Зааны чихийн навчаа онгоцонд хэвтэх над руу шидлээ.
– Намайг онгоцонд байна гэж яаж мэдсэн юм?
– Би мэднэ.
Касс бараг өдөр бүр намайг яг угаалгын онгоцонд байхад ирнэ. Усанд орох цаг минь өөр өөр, гэвч тэр бараг алдахгүй. Зааны чихийн навчаа барьсаар ороод ирнэ. Тэгээд бид хоёр загас наадуулна. Нэг хоёр шөнө тэр утасдаад, би түүнийг шоронгоос батлан даалтаар гаргасан. Согтуу хөлчүү, зодоон цохион хийсэн юм байх.
– Муусайн новшнууд, архи авч өгөхөөрөө орондоо оруулж болно гэж боддог гэж тэр хэлэв.
– Гэхдээ тэднээр уух юм даалгамагцаа л чи асуудал үүсгэж байгаа хэрэг шүү дээ.
– Намайг, өөрийг минь сонирхож байна гэж бодсон юм; зөвхөн биеийг минь биш.
– Би чамайг ч, биеийг чинь ч сонирхоно. Гэхдээ ихэнх хүн биеэс чинь цаашхыг харахгүй л болов уу.
Би зургаан сарын турш хотоос гарч, дэмий сэлгүүцэж яваад буцаж ирэв. Кассыг хэзээ ч мартаагүй, гэхдээ бид хоёр жаахан тар тур хийсэн, тэгээд ч би хаашаа ч хамаагүй явах гээд хөлийн ул загатнаад, тогтож сууж чадахгүй байлаа. Эргэж ирээд түүнийг олохгүй байх гэж бодсон ч Уэст Энд бааранд хөл тавиад, гучин минут болов уу үгүй юү тэр дотогш орж ирээд хажууд минь суув.
– За, хөгийн новш, буцаад ирээ шив.
Би түүнд уух юм захиаллаа. Тэгээд түүн рүү харав. Өндөр захтай даашинз өмсчхөж. Ингэж хувцасласан байхыг нь ер хараагүй юм байна. Хоёр нүднийхээ доор шилэн толгойтой зүү нэвт сүлбэжээ. Зүү нь цааш нэвт орчихсон ердөө толгой нь харагдана.
– Чөтгөр алгад гэж, царай зүсээ сүйтгэсээр байх шив?
– Үгүй ээ, энэ чинь моод, мангар амьтан.
– Чи галзуурчээ.
– Би чамайг санасан.
– Өөр хүнтэй болсон уу?
– Үгүй, болоогүй. Чи л байгаа. Гэхдээ би одоо ажиллаж байгаа. Арван доллар. Чамд бол үнэгүй.
– Наад зүүгээ ав.
– Үгүй ээ, энэ чинь моод.
– Надад таалагдахгүй байна.
– Нээрэн үү?
– Тэгэлгүй яах вэ, онцгүй байна.
Касс хатгуур зүүгээ сугалаад, цүнхэндээ хийв.
– Чи яагаад хөөрхөн царай зүсээ сүйтгэж байдаг юм бэ? Зүгээр байгаагаар нь орхичхож болдоггүй юм уу? гэж би асуулаа.
– Хүмүүс намайг хөөрхөн царайнаас цаашгүй гэж боддог болохоор тэр. Гоо үзэсгэлэн юу ч биш шүү дээ, удаан үргэлжлэхгүй. Царай муутай байгаа чинь ямар азтай хэрэг вэ гэдгийг чи ер мэдэхгүй байна. Хүмүүс чамд татагдлаа гэхэд энэ царайнаас чинь өөр ямар зүйлээс болсон байж таарна.
– За за. Би азтай юм байна.
– Би чамайг царай муутай гэх гээгүй. Хүмүүс л чамайг царай муутай гэж боддог. Гэхдээ чи ер бусын гайхалтай царайтай.
– Баярлалаа.
Бид хундагаа сэлбэв.
– Чи юу хийгээд байна даа? гэж Касс асуулаа.
– Юу ч хийгээгүй. Ажил хийх ямар ч хүсэл алга. Дур алга.
– Би ч ялгаагүй. Чи эмэгтэй байсан бол биеэ үнэлэхгүй юү.
– Танихгүй олон хүнтэй тийм дотно харилцаанд орж би тэсэхгүй байх аа. Дороо залхана.
– Тийм шүү. Үнэхээр залхмаар. Бүх юм залхмаар.
Image result for most beautiful woman in town bukowski
Бид хамтдаа гарлаа. Гудамжинд хүмүүс Касс руу ширтсээр. Тэр хөөрхөн хүүхэн, магадгүй урьд урьдынхаасаа ч хөөрхөн болж. Хоёул манайд очоод, би лонх дарс онгойлгож, ярилцлаа. Касс бид хоёр яриа нийлдэг. Тэр хэсэг яриад, би сонсоно, дараа нь би ярина. Яриа хөөрөө маань ямар ч зовлонгүй хөвөрнө. Хамтдаа нууцаа олж нээнэ. Дажгүй нууц олж нээмэгц Касс хөхрөөд л, хөхрөөд л... зөвхөн тэр л тэгж хөхөрч чадна. Яг гал шиг баяр хөөр. Ярилцах зуураа үнсэлдэнэ, бие бие рүүгээ улам шургална. Бүр тачаадаад, орондоо орлоо. Кассыг өндөр захтай даашинзаа тайлахад нь л би харлаа: хүзүүнд нь өргөс шиг арзгар, аймшигтай муухай сорви. Том, өргөн.
– Тэнэг хүүхэн, яаж байгаа чинь энэ вэ? гэж би орноосоо ориллоо.
– Нэг орой хагархай шилээр зүссэн юм. Би одоо чамд таалагдахгүй байна уу? Би одоо ч хөөрхөн хэвээрээ юү?
Би түүнийг доош нь ор луу татаад үнслээ. Тэр гэдрэг түлхээд инээв: – Зарим эр надад арван доллар төлөөд, хувцсаа тайлмагц минь, хийхээ больчихдог. Арван доллар нь надад үлдэнэ. Ёстой хөгжилтэй.
– Тийм ээ. Инээдээ барьж дийлэхгүй нь... Касс, муу өлөгчин минь, би чамд хайртай... биеэ сүйтгэхээ болиоч; би чам шиг хөөрхөн хүүхэнтэй учирч байгаагүй.
Бид дахиад үнсэлцлээ. Касс чимээгүйхэн уйлна. Би нулимсыг нь мэдэрнэ. Урт хар үс нь хажууд минь үхлийн туг шиг дэлгэгджээ. Бид алгуур, дүнсгэр, гайхалтай загас наадууллаа. Өглөө нь Касс босоод, өглөөний унд бэлдэж байв. Тун тайван, аз жаргалтай байх шиг. Дуулаад л. Би орондоо хэвтээд аз жаргалтай түүнийгээ харж баясав. Эцэст нь Касс дэргэд минь ирж, сэгсрээд:
– Бос, новш минь! Наад нүүр, боов хоёр луугаа ус шавшаад, ирж цайгаа уу! гэлээ.
Тэр өдөр би Кассыг эрэг рүү аваачив. Ажлын өдөр, зун хараахан эхлээгүй, эрэг гайхалтай нам жим. Ноорхой юм хэдэрсэн эргийн тэнүүлчид элснээс дээш зүлгэн дээр унтана. Бусад нь вандан сандал зээр залраад, ганц лонх юмаа хувааж хүртэнэ. Цахлайнууд бодож санасан юмгүй хэр нь төөрч будилсан аятай эргэлдэнэ. Дал, наятай эмгэд вандан дээр суугаад, олон жилийн өмнө амьдралын хурд, мангуурал дунд амиа алдсан нөхрийнхөө үлдээсэн үл хөдлөх хөрөнгийг зарах эсэхээ хэлэлцэнэ. Ямартай ч амгалан тайван нөмрөөд, бид хоёр алхалсаар, зүлгэн дээр тэрийн хэвтээд, төдий ярилцсангүй. Хамтдаа байгаа маань хангалттай сайхан санагдана. Би хоёр сэндвич, шарсан төмс, уух юм аваад, Касстай цуг элсэн дээр сууж идэж уув. Тэгээд Кассыг тэврээд, хоёул цаг хэртэй дугхийлээ. Яагаад ч юм бүү мэд, энэ загас наадуулахаас ч илүү таатай санагдав. Ямар ч саадгүй урсаад л. Сэрээд машинаараа манайх руу буцаж, би оройн хоол бэлдлээ. Оройн хоолны дараа би Касст хамт амьдрах санал тавив. Тэр хэсэг хүлээзнээд, над руу ширтээд, алгуурхнаар, “Үгүй” гэлээ. Би түүнийг баар луу хүргэж, уух юм авч өгөөд, гарч явав. Маргааш нь би үйлдвэрт ажилд орж, тэр долоо хоногийн турш ажиллалаа. Эцэж ядарсан ч тэр баасан гаргийн орой би Уэст Энд бааранд очсон юм. Суугаад, Кассыг хүлээлээ. Цаг хугацаа урссаар. Нэлээд согтоод байтал, бармен надад: – Найз охинд чинь тохиолдсон зүйлд харамсаж байна гэх нь тэр.
– Яасан гэж? хэмээн би асуулаа.
– Уучлаарай, чи мэдээгүй юм уу?
– Үгүй.
– Амиа хорлосон. Өчигдөр оршуулсан.
– Оршуулсан гэнэ ээ? гэж би асуув. Касс юу юугүй үүдээр алхалсаар орж ирэх юм шиг санагдаж байсан шүү дээ. Яаж нас барсан байх юм?
– Эгч нар нь оршуулсан.
– Амиа хорлосон гэнэ ээ? Яаж гэдгийг нь хэлж болох уу?
– Хоолойгоо хэрчсэн.
– Тийм вий. Дахиад нэг хундагыг авъя.
Би баар тарах хүртэл уулаа. Касс эгч дүү тавын хамгийн хөөрхөн нь, хотын хамгийн хөөрхөн хүүхэн байсан. Би гэр лүүгээ ямартай ч машинаа барьж хүрлээ. Тэр “үгүй” гэсэн хариултыг нь хүлээж авахын оронд надтай хамт амьдар гэж шалж ятгасан ч болоосой гэж бодсоор. Яаж ч бодсон энэ бүхэн түүнд чухал байж шүү дээ. Би ер үл ойшоож, хайхрамжгүй хандаж, залхуурсан. Би түүнийг хөнөөсөн шигээ өөрөө ч далдрах ёстой. Би нохой шиг загнасан. Үгүй ээ, нохой энд ямар буруутай юм бэ? Би босож, лонх дарс олоод, лонхноос аажуухан ууж эхэллээ. Хотын хамгийн хөөрхөн охин Касс хорьтойдоо тэнгэрт хальсан. Гадаа нэг хүн машиныхаа дохиог хангинуулна. Их чанга, тасралтгүй хангинуулна. Би лонхоо доош тавиад, “ЧӨТГӨР АЛГАД ГЭЖ, НОВШ ОО, ДУУГАА АЯДААЧ!” гэж бархирлаа. Шөнө алгуур дөхсөөр, надад хийх зүйл байсангүй.
--


Орчуулсан: Г. Сугиррагчаа

Monday, June 17, 2019

Садег Хедаят | ХАРАНХУЙ ӨРӨӨ

(өгүүллэг)



Image result for sadeq hedayat
Шөнө Хонсарын замд машинд маань борооны хар цуваараа биеэ чангахан ороож, далбагар хүрээтэй малгайгаа доош лавхан духдуулсан нэг эр суув. Гадаад ертөнцөд өрнөх бүхий л үйл явдлаас, хүн ардаас зугтах гэсэн мэт дүр төрхтэй нэгэн. Сугандаа хавчуулсан боодолтой зүйлээ гараараа хаана. Бид машинд бараг хагас цаг хамт явахад, мань эр жолоочтой ч, зорчигчидтой ч яриа хөөрөөгүй, таг чиг. Чухам үүний учир анхаарлыг минь соронзон мэт татсан биз. Өөдөөс дөхсөөр хажуугаар зөрөх машины гэрэл болон өөр бусад гэрэл гэгээ машин руу маань тусах бүрд би мөнөөх эрийн царай руу харц чулуудна. Шохойдсон мэт цонхигор царайтай, шулуун шантгардуу хамартай юм. Сормуус нь ядарч сульдаад доош унаа юу гэлтэй. Завжны үрчлээ нь шийдэмгий, биеэ даасан хүн гэдгийг нь батална. Хааяадаа хэлээ цухуйлган, уруулаа долоон бодлогоширно.
Машин маань Хонсарт, Мадани автобаазын өмнө зогслоо. Уг нь шөнийн турш зогсолгүй зам ахих учиртай ч жолооч, бүх зорчигчтойгоо цуг машинаас буучхав. Би автобааз, цайны газрын барилгын хана, туурга руу хяламхийлээ; төдий зочломтгой санагдсангүй. Тэгээд машин тийш дөхөж лавтай мэдчих санаатай, “Өнөө шөнөдөө эндээ хонох бололтой дог оо, янз нь?” гэж асуулаа.
“Тэгэхээс өөр яалтай; зам авах юм алга. Шөнөдөө энд хоноод, маргааш эртхэн замд гаръя.”
Тэрхэн мөчид толгой өндийлгөж хартал, цуваараа биеэ ороосон мөнөөх эр өөдөөс минь ирж явна. Зөөлөн, тайван дуугаар, “Энд тухтай газар олдохгүй. Таньдаг хүн, хонох газаргүй бол манайд ирж болно шүү” гэж хэлэв.
“Баярлалаа. Танд тээр болмооргүй байна.”
“Би эелдэг загнаж дүр эсгэх дургүй. Би таныг танихгүй, таних ч хүсэл алга, тэгээд ч танаас ямар ч хариу нэхэхгүй. Өөртөө зориулж шинэ өрөө тохижуулсан учир хуучин өрөө минь хүнгүй, хоосон байгаа. Цайны газраас илүү тухтай нь лав.”
Шууд, илэн далангүй, төдий ятгаж шалгаалгүй ярьж буй нь надад таалагдав. Яавч жирийн хүн биш бололтой. “За, би танайд очъё” гэж хэлээд, ер сэжиглэж эмээлгүйгээр араас нь дагалаа. Тэр халааснаасаа гар чийдэн гаргаж асаав. Бид хоёрын хөлийн өмнө тод гэрлэн багана туслаа. Энхэл донхол хэдэн гудамжаар, шохойдсон ханын хажуугаар өнгөрөв. Эргэн тойрон нам жим. Амар амгалан, нойрмог мэдрэмж төрнө... Усны чимээ сонсогдож, моддын титмээр үлээх урин салхи нүүр илбэнэ. Хол тэртээд хоёр гурван айлын чийдэн асжээ. Хоёул удтал дуу шуугүй алхаллаа. Би шинэ танилтайгаа яриа өдөж, “Энэ сайхан хот бололтой!” хэмээлээ.
Тэр эхэндээ дуунаас минь цочих шиг болов. Хэсэг хүлээзнэснээ, “Иранд очиж үзсэн хотууд дундаас Хонсар надад хамгийн их таалагдсан. Тариан талбай, жимсний мод, ус элбэгтэй гэдгээрээ биш ээ. Хуучны өнгө аясаа одоо хэр хадгалж үлдсэн учраас л. Энэ бүх өргөн, нарийн гудамжнууд, шавар байшингууд, өндөр, тогтуун мододтой энэ хот эелдэг зочломтгой зангаа огт гээгээгүй. Хүн багатай, хязгаар нутаг л даа. Тиймдээ ч илүү романтик. Сонин сэтгүүл, машин тэрэг, төмөр зам ч энэ зууны гай гамшиг шүү. Ялангуяа машин. Сигналаа хангинуулаад, тоос шороо манаргаад, тэгээд тэр жолоочийн туслахынх нь аашилж аяглаж байгаа нь. Энэ бүхэн бүр алс холын тосгонд ч хэдийн оччихсон. Шинэ санаа санаачилга, учир утгагүй зугаа цэнгэл, мунхгаар дуурайж хуулбарлах зан одоо ч хаа сайгүй түгж дээ” гэж ярилаа.
Тэгээд гар чийдэнгийнхээ гэрлийг цонхнууд руу чиглүүлэв: “Хар даа, сийлбэртэй цонхнууд, тусдаа дан байшингууд. Хүн газрын үнэрийг авна, хяргасан өвсний, амьдралын хог хаягдлын үнэрийг авна; гэрэлт цохны дүнгэнээн, бялзуухайнуудын жиргээн, залхам эгэл хүмүүс, энэ бүхэн алдагдсан хуучны ертөнцийг санагдуулж, хүнийг хожуу гэгээрэгчдийн чалчаа ярианаас холдуулна.”
Гэнэт намайг урьснаа санасан аятай асуув: “Та орой хоолоо идсэн үү?”
“Идсэн, Голпайеганд идсэн.”
Бид гол горхины хөвөөгөөр өнгөрөөд, эцэст нь уулын бэлд нэг хашааны хаалгыг нээж дотогш орлоо. Шинэхэн барьсан байшингийн үүдэнд ирэв. Жижгэвтэр өрөөнд хөл тавилаа. Эвхдэг ор, ширээ, хоёр сандал. Тэр хийн дэнлүү асааж, нөгөө өрөө рүү ороод, хэдэн минутын дараа ягаан унтлагын хувцас өмссөөр эргэж ирэв. Өөр нэг дэнлүү авчирч асаагаад, мөнөөх авч явсан боодолтой зүйлээ задаллаа. Дотроос нь лонхон хэлбэрт дэнгийн бүрхүүл гаргаж ирээд нүцгэн дэнлүүн дээрээ байрлуулснаа, хэрхэхээ шийдэж ядсан аятай, “За алив, миний өрөөнд оръё” гэв.
Тэр шилэн бүрхүүлтэй дэнлүүгээ авч, бид хоёр шалаар улаан хивс дэвссэн, коферхуу шаргал ханатай, цилиндрдүү хэлбэртэй харанхуй хонгилоор өнгөрлөө. Гэрийн эзэн дахин нэг хаалга нээгээд, орж гарах хаалгаас өөр ямар ч хаалга цонхгүй зууван өрөөнд оров. Ямар ч өнцөг булан, ирмэг хөвөө гэх юмгүй дугуй зууван өрөө. Бүхий л хана, тааз, шалыг нь гүн улаан өнгийн хамба хилэнгээр бүржээ. Өрөөний бүгчим агаарт амьсгал минь түгжрэв. Мөнөөх эр дэнлүүгээ ширээн дээр тавиад, өрөөний дундах орон дээр суулаа. Ширээн дээр шилэн ваартай сүү, аягатай цуг тавьжээ. Би гайхсаар хана, хаалга руу харж бодлогошров. Солиотой гаж донтны хүн тамлаж яргалдаг өрөөнд орж ирсэн бололтой. Аллагаа мэдэгдүүлэхгүй гэж өрөөгөө тэр чигт нь цусны өнгөөр будаж; золиос болсон хүнд гарч зугтах гарц ч алга. Гэнэт толгой дээр минь муна бууж, хаалга хаагдаж, энэ хүн хутга эсвэл сүх барьсаар өөдөөс минь дөхөхийг хүлээж суув, би. Гэвч гэрийн эзэн мөнөөх л аядуу дуугаараа асуулаа: “Өрөө минь танд ямар санагдав?”
“Өрөө тань уу? Өршөөгөөрэй, яг гялгар торон дотор орчихсон юм шиг санагдаж байна.”
Хэлснийг минь ер тоолгүй, “Би сүүгээр хооллодог. Та сүү уух уу?” гэв.
“Баярлалаа; би оройн хоолоо идчихсэн.”
“Аяга сүү уухад яавч илүүдэхгүй дээ.”
Шилэн ваараа аягатай цуг өмнө минь тавилаа. Би уумааргүй  байсан ч аяганд сүү дүүргэж уув. Тэр вааранд үлдсэн сүүг өөртөө аягалаад, уруул амаа долоосоор аажуухан ууж эхэллээ. Уруул нь гялалзана. Зовхи нь гуньхарч доош унжаад, зарим нэг дурсамжаа хайж буй аятай. Цонхигор царай, огтор шантгар хамар, зузаан уруултай залуу эр улаан туяатай өрөөнд хачин тачаангуй төрхтэй харагдана. Тэгээд ч товгор судастай өргөн духтай юм. Хар хүрэн үс нь мөр лүү нь унжжээ. Өөртэйгөө ярьж буй мэт:
“Би таашаал хүн хүнийхээс өөр. Нарийн тодорхой мэдрэмж эсвэл гуниг минь надад хэзээ саад болдог. Амьдралын зовлон зүдгүүр. Хамгийн гол асуудал минь хүмүүстэй харилцах. Илжирсэн нийгэм, өдрийн хоолоо аргацаах асуудал энэ бүхэн жинхэнэ оршихуйг маань сэрэхэд саад болно. Би цагтаа тэдний дунд орж үзсэн; бусдыг дуурайя гэж бодсон юм. Нэг харах нь ээ, алиа салбадай болж орхиж. Таашаал цэнгэл гэдэг бүхнийг туршиж үзсэн, гэвч бусдын таашаал надад таарахгүй юм санж. Би хаа сайгүй, хэзээ ямагт гаднын хүн гэдгээ ойлгосон. Надад бусад хүнтэй өчүүхэн төдий холбоо хамаарал байхгүй. Би бусдын амьдралын хэв маягтай хөл нийлүүлж зохицож чадахгүй. Би өөртөө байнга хэлдэг сэн: энэ нийгмээс нэг л өдөр зугтана, алс хол, хүний нүд хүрэхгүй нэг булан тохойд чимээгүйхэн шургалаад, ганцаар амьдарна. Гэхдээ ийм зожиг, тусгаар амьдарсан гэх алдар цуу надад огт хэрэггүй. Хэн нэгний бодолд хоригдол болж бүгэх, өөр хүнийг дуурайх хүсэл надад үгүй. Эцэст нь хүссэнээрээ өрөөтэй болохоор шийдсэн л хэрэг. Зөвхөн би ганцаараа байх, бодол санаа минь огт сарнихгүй тийм газар.
Би уг нь их залхуу хүн. Хөндий хоосон хүн л хамаг хүчээрээ хичээнгүйлэн ажилладаг. Өөрийн доторх хоосон орон зайгаа дүүргэх гэж бусдын хөрөнгө руу дайрна. Эцэг өвгөдийн минь дотор хоосон байсан. Тэд их ажилласан, биеэ их зовоосон, хожим эргээд хартал хамаг цаг заваа ядуу зүдүү өнгөрүүлснээ ойлгоо биз. Тэдний дотор шавраар дүүрсэн. Дараа нь бүхий л залхуу зангаа надад өвлүүлсэн дээ. Би эцэг өвгөдөөрөө бахархдаггүй. Тэгээд ч энэ улсад бусад газрынх шиг анги давхарга үгүй. Баян тансаг, эрх мэдэлтэй эрхмүүдийн өмнөх хоёр гурван үеийг нь лавшруулаад харахад л хулгайч, дээрэмч, ордны салбадай эсвэл мөнгө хүүлэгч байж таарна. Өвөг дээдсийн маань үнэн гарлыг ухаж төнхөх юм бол бич сармагчин хүртэл явах биз. Гэхдээ товчхондоо би ажиллах гэж төрсөн хүн биш аж. Шинэчлэгч гэж өөрийгөө тооцдог хожуу гэгээрэгсэд энд л бяр хүчээ гайхуулах юм даа. Өөрийн таашаал, шунал, дур хүсэлдээ таарсан нийгэм үүсгэчихсэн, амьдралтай холбоотой өчүүхэн төдий даалгаварт ч тэдний сохроор дагадаг хууль дүрмийг нь эм шиг л залгиж зөвшөөрөх ёстой. Ажил хэмээгч боолчлолынх нь үнэн утга нь энэ. Хүн бүр амьдрах эрхээ тэднээс гуйж царайчлах учиртай. Энд ердөө цөөн хэдэн хулгайч, ичгүүргүй мунхаг, гаж донтнууд амьдрах эрхтэй. Хулгайч, луйварч, долигонуур биш бол “Амьдрах хэрэггүй! гэлцэнэ. Ууц нурууг минь чилээсэн энэ их ачааг үүрч үзээгүй хүн дотор сэтгэлийн минь зовлон зүдгүүрийг ойлгохгүй.
“Өвгөдийн минь ядарсан нь надад дамжсан, би өнгөрснөө эргэн дурсахуйн гунигийг үргэлж дотроо мэдэрдэг. Өвөл ичдэг амьтад шиг л үүрэндээ шигдэх, харанхуйдаа уусах, дотроо боловсорч төлөвшмөөр байна. Харанхуй өрөөнд зураг тодрох шиг хүмүүний дотор хадгалагдсан нууц зүйлс амьдралын их үймээн, нүргээн дунд, тэр гэрэл гэгээнд боомилогдож үхдэг. Зөвхөн харанхуйд, аниргүйд л харагддаг. Тэр харанхуй дотор минь байсан, би түүнийг үгүй хийх гэж дэмий л хичээж чармайжээ. Гуниг гутралын минь тухайд гэвэл, би яах гэж бусдын араас дагаж цаг алдсан хэрэг вэ? Одоо ингээд ойлгох нь ээ, хамгийн эрхэм эрдэнэ минь энэ харанхуй, анир чимээгүй байж. Энэ харанхуй амьд оршихуй бүрд төрөлхөөс бий. Зөвхөн бусдаас тусгаарлагдан зожгорч, дотоод сэтгэл рүүгээ хандсан тохиолдолд л бидэнд харагдана. Гэтэл хүн энэ харанхуй, зожгоролоос хэзээ ямагт нүүр буруулж зугтах гэнэ. Үхлийн дуу чимээнээс чихээ даран хулжиж, жинхэнэ зан чанараа амьдралын их хөл хөдөлгөөн дунд устгаж үгүй хийнэ! Үнэн мөний гэрэл гэгээ дотор минь цогцолно гэж мэргэд хэлсэн байдаг даа. Би харин эсрэгээрээ сөнөөгч сүнс Ахриманы тэнгэрээс бууж ирэхийг хүлээж байна. Одоогийнх шигээ өөрийн дотоод сэтгэлдээ сэрүүн байхыг хүснэ. Бодол хүслийг гэрэлтүүлсэн гэрэлтэй, хоосон өгүүлбэрүүдийг сонсохоос дотор муухайрч байна. Хулгайч, луйварч, шуналт мунхгуудын өөрсдийнхөөрөө зохицуулж удирддаг энэ амьдралын хир тортогт хэрэгцээний төлөө мөн чанараа гээмээргүй байна.
“Цор ганц энэ өрөөнд би өөрийнхөө дотор амьдарч чадна; хүч чадал минь дэмий үрэгдэхгүй. Энэ харанхуй, улаан туяа надад хэрэгтэй. Цонхтой өрөөнд би сууж чадахгүй. Бодол минь сарнидаг учир би гэрэл гэгээнд дургүй. Нарны гэрэлд аливаа бүхэн завхраад, нэг хэвийн болчихдог. Айдас, харанхуй хоёр бол гоо сайхны эх үндэс. Муур өдрийн гэгээнд жирийн л нэг амьтан шиг харагдах бол шөнө харанхуйд нүд нь гялтагнаж, үс нь гялалзаад, хөдөлгөөн нь нууцлаг төрхтэй болно. Өдөр дээр нь аалзны шүлс хучаад, таагүй харагдах цэцгийн эргэн тойронд шөнө нууц давлагаалж, өөрийн утгаа олно. Гэгээтэйд амьтай голтой бүхэн анхаарал болгоомжоо хурцлах бол шөнийн чимээгүйд амьдралын бүхий л зүйл нууцлаг өнгө төрхөд хувирч, арилж одсон айдас бүхэн нь сэрнэ. Харанхуйд хүн унтах хэдий ч аливаа чимээг чагнаж сонсоно. Мөн чанар нь сэрүүн гэсэн үг, жинхэнэ амьдрал тэр л цагт эхэлнэ. Хүн амьдралын өөдгүй шаардлагыг үл тоож, материаллаг ертөнцийг үгүй хийж, огт анзаараагүй зүйлсээ эргэн санана...”
Гэрийн эзэн ийн удтал хүүрнэснийхээ дараа гэнэт дуугаа хураав. Энэ бүхнийг өгүүлэхийн цаад шалтгаан нь өөрийгөө цагаатгах байсан юм уу даа гэмээр. Амьдралаас уйдаж цөхөрсөн сурвалжит эрхэм үү эсвэл учир битүүлэг өвчтөн үү, энэ эрхэм? Ямартай ч эгэл боргил нэгэн шиг санагдахгүй юм. Би хариуд нь юу хэлэхээ мэдсэнгүй. Царайд нь мөнөөх өвөрмөц төрх тодорчээ: завжны үрчлээ нь улам гүн болж, духны судас нь бүр ч товойж. Ярих зуур хамрын самсаа нь чичирч, цонхигор царай нь улаан гэрэлд ядруу, гунигтай харагдана. Лааны тосоор хийсэн баримал шиг энэ төрх нь машин дахь дүрээс нь эрс өөр санагдана. Толгойгоо гудайхад нь уруулд нь түрхэн зуур инээмсэглэл жирвэлзэж өнгөрөв. Тэгснээ агшин зуур урьд өмнө огт ажиглагдаагүй ширүүн, егөөтэй харцаар, “Та замд яваад ядарсан. Би өөрийнхөө тухай ярьсаар таныг залхаачихлаа!” гэж хэллээ.
“Хэн юу гэх нь хамаагүй, хүний хэлсэн ярьсан зөвхөн өөрт нь л хамаатай. Хүн бүрийн хувьд цор ганц бодит үнэн нь өөрөө. Бид бүгд өөрийн мэдэлгүйгээр хэзээд өөрсдийнхөө тухай ярьдаг. Тэр бүү хэл огт мэдэхгүй сэдвээрээ ч өөрийн мэдрэмж, ажиглалтаа хэлэхдээ өөр хүний үгээр дамжуулна. Хамгийн бэрхшээлтэй нь, энэ үедээ хүн бүхнийг яг байгаагаар нь хэлчихдэг.”
Би ийнхүү хариу өгүүлсэндээ харамслаа. Цагаа ололгүй үнэхээр утгагүй, дэмий юм ярьжээ. Юу батлах гэж чармайсан минь ч тодорхойгүй. Гэвч гэрийн эзэн хэлснийг минь үл ойшоон, над руу хэдэн хором өрөвдсөн аятай харснаа, зовхио дахин буулгав. Намайг анзаарахгүй, огт ангид ертөнцөөр аялж яваа мэт уруулаа долоох ажээ.
“Би хүссэнээрээ, яг өөртөө таарсан тийм өрөө тохижуулах сан гэж хэдийнээс мөрөөссөн юм. Зөвхөн өөртэйгөө, өөрөөрөө баймаар санагдсан хэрэг. Үүнд зориулж бүхий л хөрөнгөө зарж мөнгө болгосон. Тэгээд энд ирж, энэ өрөөг яг өөрийн хүссэнээр тохижуулсан. Өрөөнийхөө бүхий л эд хогшлыг би өөрөө сонгож байрлуулсан. Харин хийн дэнлүүний улаан бүрхүүлээ авахаа мартаж орхижээ. Зураг, хэмжээ дамжааг нь өөрөө гаргаад, Тегеранд хийлгэсэн юм; өнөөдөр тэгээд явж авчрах шив дээ. Бусдаар надад өрөөнөөсөө цухуйх, бусадтай ярилцах өчүүхэн ч атугай хүсэл үгүй. Тэр бүү хэл ямар ч тохиолдолд хэвтэж эсвэл сууж идэж уухын тулд, түүнчлэн хоол бэлдэх ажлаас зугтахын тулд дан ганц сүүгээр хооллох болсон. Гэхдээ би өөртөө ам тангараг өргөсөн: нэг л өдөр мөнгө минь шавхагдаж, би өрөөл бусдаас тусламж хүсэхээс өөр аргагүйд хүрмэгцээ амиа егүүтгэнэ. Би өнөө шөнө анх удаа энэ өрөөндөө унтах гэж байна. Би мөрөөдлөө биелүүлсэн, аз жаргалтай хүн. Аз жаргалтай хүн: төсөөлөхөд ямар хачин юм бэ. Ингэнэ гэж хэзээ ч бодож байсангүй, гэхдээ би одоо аз жаргалтай байна!
Дахин дуугаа хураав. Би энэ таагүй анир чимээгүйг эвдэхийн тулд, “Та угтаа эхийнхээ хэвлийд буцаж орохыг л хүсжээ. Ядарч зоволгүй, тэмцэлгүй, хэнд долигонолгүйгээр, халуун, зөөлөн, дулаан хананы дунд, эвхэрч хэвтэх. Эхийнхээ цусыг бага багаар шимнэ, бүх хэрэгцээ тань өөрөө хангагдана. Алдагдсан диваажинг эргэн хүсэх энэ хүсэл хүн бүрд төрөлхөөс бий. Тэнд хүн өөрийн дураар, өөр дотроо амьдарна. Магадгүй, энэ өөрийн хүслээр үхэхтэй агаар нэг биз” гэж ярилаа.
Өөртөө хандаж бувтнасан үгийг нь хэн нэгэн таслаасай гэж хүлээж буй аятай тэр над руу доогтой харлаа.
“Та аян замд яваад ядарсан. Одоо, унтсан нь дээр!
Дэнлүүг аваад, хонгилын төгсгөл хүртэл надад газарчилж, анх орсон өрөөнд хүргэв. Шөнө дунд өнгөрчээ. Би задгай агаарт гараад, уужим амьсгал авлаа. Өвчин тахалд нэрвэгдсэн битүү агуулахаас гарсан мэт санагдаж байв. Тэнгэрт одод гялалзана. “Энэ гэрийн эзэн галзуу, донтой нэгэн үү эсвэл үнэхээр ер бусын хүн үү?” гэж би өөрөөсөө асуулаа.
***

Маргааш өглөө нь би арван цагт бослоо. Гэрийн эзэнтэй салах ёс хийхээр, гаднын танихгүй хүн шиг эсвэл ариун сүмийн босгонд ирсэн нэгэн шиг чимээгүйхэн хонгилын үзүүр хүртэл алхлаад, үүдийг нь болгоомжтой тогшив. Хонгил харанхуй, чимээ аниргүй. Би өлмий дээрээ гишгэлсээр тусгай өрөөнд хөл тавилаа. Ширээн дээрх дэнлүү нь ассан хэвээр. Гэрийн эзэн ягаан унтлагын хувцастайгаа, алгаараа нүүрээ халхлаад, хөлөө нугалж гэдэс рүүгээ эвхэж, эхийн хэвлий дэх ураг шиг байрлал аваад орондоо хэвтэх аж. Би хажууд нь очоод мөрнөөс нь татлаа. Ямар ч хөдөлгөөнгүй хөшчихжээ. Би айж мэгдсээр өрөөнөөс гарч автобааз руу явлаа. Машинаасаа хоцрох вий гэж болгоомжилсон юм. Түүний хэлсэн шиг мөнгө нь шавхагдсан юм болов уу? Эсвэл магтаж ярьсан энэ ганцаардлаасаа айгаад, сүүлчийн шөнөдөө хажуудаа хэн нэгнийг хань татсан юм болов уу? Ямартай ч тэр магадгүй аз жаргалтай байсан биз, энэ аз жаргалаа өөртөө хадгалж үлдэхийг хүсээ биз! Энэ өрөө ч түүний туйлын хүсэлд нийцжээ!


Орчуулсан: Г.Сугиррагчаа