Friday, June 28, 2019

Чарльз Буковски | ХОТЫН ХАМГИЙН ХӨӨРХӨН ХҮҮХЭН


(өгүүллэг)

Image result for bukowskiКасс бол эгч дүү тавын хамгийн отгон, хамгийн хөөрхөн нь. Касс бол хотын хамгийн хөөрхөн охин. Могой шиг уян налархай, халуу шатсан бие, биетэйгээ яг тохирсон нүдтэй. Касс бол шингэн урсамтгай гал. Яагаад ч тогтоож барьж дийлэмгүй хэлбэр дүрс дотор хашигдсан сэтгэл шиг. Торго шиг урт хар үс нь биеийнх нь уян налархай хөдөлгөөнийг дагаж намирна. Сэтгэл санаа нь нэг бол хөөрч дэгдэнэ, нэг бол гуньхарч гутарна. Кассын хувьд дундыг барих гэсэн зүйл үгүй. Зарим хүн түүнийг солиотой гэнэ. Уйтгартай амьтад угаас өөр юу ч гэх вэ дээ. Уйтгартай амьтад Кассыг ойлгохгүй. Эрчүүдийн хувьд Касс ердөө л секс машин, солиотой байна уу үгүй юү ямар ч хамаагүй. Касс эрчүүдтэй бүжиглэнэ, сээтгэнэнэ, үнсэлдэнэ, гэвч ганц хоёр тохиолдлоос бусдаар унтаж хэвтэх болмогц яаж ийгээд зугтаж одно.
Эгч нар нь түүнийг гоо үзэсгэлэнгээ буруу ашиглаж байна, оюун ухаанаа огт ашиглахгүй байна гэж буруутгах авч Касс ухаантай, сэтгэлтэй охин; зураг зурна, бүжиглэнэ, дуулна, шавраар элдэв баримал урлана, хүмүүс өвдөж зовж, сэтгэлээр унасан үед тэдний өмнөөс чин сэтгэлээсээ санаа зовнино. Толгой нь хүн хүнийхээс өөр ажиллана, ер хар амьдралын ухаантай гэмээргүй. Эгч нар нь Касст эхлээд эрчүүдийг нь өөртөө татлаа гэж атаархана, дараа нь эрчүүдийг нь ер ашигласангүй гэж уурлана. Касс хамгийн царай муутай эрчүүдэд эелдэг ханддаг заншилтай; царайлаг гэгддэг эрчүүд дотрыг нь муухайруулдаг юм гэнэ билээ, “Ямар ч хүсэл эрмэлзэлгүй, ямар ч урамгүй. Төгс хэлбэртэй хамар, чихнээсээ өөр юу ч бодох сөгөөгүй... тэр чигтээ өнгөц, ямар ч доторгүй...” гэж билээ. Касс яг л солиорчхоо юу даа гэмээр аашилдаг, аашилж загнахыг нь хараад зарим хүн “энэ солиорчхож” гэдэг. Аав нь архиа гударсаар талийсан, ээж нь охидоо орхиод зугтсан. Охид нь эхлээд хамаатных руугаа, тэндээсээ гэлэнмаа нарын сүм рүү шилжсэн. Гэлэнмаагийн сүм ёстой уйтгар гунигийн өлгий байж, ялангуяа Кассын хувьд. Охид Касст атаархаж, Касс тэдэнтэй зодолдоно. Хоёр ч удаагийн зодоонд биеэ хамгаалаад, солгой гараа тэр чигт нь сахлын хутганы сорвиор дүүргэсэн. Түүнээс гадна зүүн хацар дээр нь арилшгүй сорви үлдсэн ч хөөрхөн царайг нь гутаах биш харин ч тодотгожээ. Би түүнтэй гэлэнмаа нарын сүмээс гарснаас нь хойш хэдэн өдрийн дараа Вэст Энд бааранд таарсан. Тэр охидын хамгийн отгон нь учир эгч нараасаа сүүлд сүмийг орхисон аж. Би хотын хамгийн царай муутай эр байх, тэгээд л Касс намайг сонгоо юм болов уу.
– Юм уух уу? гэж би түүнээс асуулаа.
– Мэдээж, яагаад болохгүй гэж?
Тэр оройн ярианд маань ямар ч онц содон зүйл байгаагүй, бүү мэд дээ, Касс надад тийм сэтгэгдэл үлдээсэн ч байж магад. Тэр намайг сонгосон, тэгээд л болоо. Ямар ч дарамт шахалтгүй. Юм уух дуртай, сайн ч ууж байв. Насанд хүрээгүй нь харваас илт боловч баарныхан түүнд архиар үйлчилнэ. Касс хуурамч үнэмлэхтэй ч байж магад, мэдэхгүй юм даа. Ямартай ч Касс угаалгын өрөөнөөс буцаж ирэх бүрдээ хажууд минь суусан, надад ч өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн. Тэр хотын хамгийн хөөрхөн хүүхэн төдийгүй миний амьдралдаа харсан хамгийн хөөрхөн хүүхэн. Би бүсэлхийгээр нь тэврээд нэг удаа үнслээ.
– Би хөөрхөн үү? гэж тэр асуув.
– Мэдээж хэрэг, гэхдээ чамд өөр нэг юм бий... гадаад үзэмжээс гадна нэг юм...
– Намайг хүмүүс дэндүү хөөрхөн гэж буруутгадаг. Чинийхээр, би үнэхээр тийм хөөрхөн гэж үү?
– Хөөрхөн гэж хэлэхэд хангалтгүй, чамд өөр үг хэрэгтэй.
Касс жижиг цүнх рүүгээ гараа сунгав. Алчуураа авах нь дээ гэж бодтол, малгайны урт хатгуур зүү гаргаад ирлээ. Намайг ухасхийж амжихаас өмнө хатгуур зүүгээр хамрынхаа нүхний дээгүүр нэвт хатгачхав. Би балмагдаж цочирдлоо. Касс над руу харж инээгээд, “Одоо ч намайг хөөрхөн гэж бодож байна уу? За, залуу минь, юу гэж бодож байна даа?” хэмээх нь тэр. Би хатгуур зүүг хамраас нь сугалаад, цусыг нь алчуураараа дарав. Хэдэн хүн, үүний дунд бармен ч, Кассын яаж аяглахыг харжээ. Бармен бидэн рүү дөхөөд, Касст хандаж:
– Хөөе, аятайхан байна шүү. Чадахгүй бол зайлаарай. Элдэв наргианаар чинь дутаагүй шүү гэлээ.
– Чи өөрөө зайл! гэж Касс хариуг нь барив.
– Наад нэг юмаа аятайхан авч яв! гэж бармен намайг зандарлаа.
– Тэр одоо зүгээр ээ гэж би хариу хэлэв.
– Энэ миний хамар, яасан ч миний дур.
Image result for most beautiful woman in town bukowski
– Үгүй дээ, надад ч онцгүй санагдлаа.
– Би хамраа хатгуур зүүгээр сүлбэхээр чамд онцгүй санагдсан хэрэг үү?
– Тэгсэн, би үнэнээсээ хэлж байна.
– За за, би дахиж тэгэхгүй. Алив битгий урвагнаад бай.
Намайг үнсэв. Мушилзсаар, хамраа алчуураар дарсаар үнсэх аядсан гэвэл илүү зөв биз. Баар хаамагц, хоёул манайд очихоор бослоо. Би хэдэн пиво аваад, хоёул сууж ярилцав. Кассын ямар эелдэг халамжтай хүн гэдгийг тэгэхэд л би ойлгосон юм. Тэр өөрөө ч мэдэлгүй бие сэтгэлээ бусдад зориулж явдаг аж. Гэхдээ л өнөөх янзаараа үе үе галзуу, учир авцалдаагүй аашилна. Шизо. Сэтгэлтэй, хөөрхөн шизо. Хэн нэгэн эр эсвэл ямар нэг зүйл нэг л өдөр түүнийг бүрмөсөн сүйдлэх нь гарцаагүй. Би л биш байгаасай гэж найдъя. Бид хоёр орондоо орж, намайг гэрэл унтраасны дараа, Касс:
– Чи одоо хиймээр байна уу? Эсвэл өглөө юү? гэж асуув.
– Өглөө гэж би хэлээд цааш эргэлээ.
Өглөө нь би босож, кофе бэлдээд, түүнд ор луу авчирч өглөө. Касс инээв.
– Шөнө хийхээс татгалзсан анхны хүн нь чи болсон.
– Зүгээр дээ, хийхгүй ч байсан болно.
– Үгүй, би одоо хиймээр байна. Алив жаахан сэргээдэхье.
Касс угаалгын өрөөнд ороод хэсэг азнаад гарч ирлээ. Гайхалтай харагдана, урт хар үс нь гялтганаад, нүд уруул нь гялалзаад, бүхий л бие нь гял цал... Сайхан зүйл үзүүлж буйдаа итгэлтэйгээр тайван гэгч нь хувцсаа тайлж, орны даавуун доогуур шургалав.
– Алив, хайрт залуу минь.
Би оронд орлоо. Тэр ер биеэ барилгүйгээр, яаралгүй үнсэлцэх юм. Би бүх биеийг нь, үсийг нь иллээ. Дээр нь гарав. Халуун, бариу. Удаан үргэлжлүүлэхийн тулд аажим алгуур хөдлөв. Касс яг нүд рүү минь эгц ширтэнэ.
– Чамайг хэн гэдэг вэ? гэж би асуулаа.
– Мэдлээ гээд ямар хэрэг байна? гэж Касс сөргөв.
Би инээд алдаад, үргэлжлүүллээ. Дараа нь Касс хувцаслаад, би машинаараа түүнийг бааранд хүргэж өгөв. Гэхдээ Кассыг мартах амаргүй аж. Би тэр үед ажилгүй, үдээс хойш хоёр цаг хүртэл унтаад, босож сонин уншдаг байв. Намайг угаалгын онгоцонд хэвтэж байтал Касс гартаа зааны чих хэмээх ургамлын далбагар навч барьсаар орж ирэх нь тэр.
– Чамайг усанд орж байгаа гэж яг мэдсэн юм аа. Тэгээд л эрхтнийг чинь далдлах юм авчирлаа, байгалиараа хөвүүн минь гэж тэр хэлэв.
Зааны чихийн навчаа онгоцонд хэвтэх над руу шидлээ.
– Намайг онгоцонд байна гэж яаж мэдсэн юм?
– Би мэднэ.
Касс бараг өдөр бүр намайг яг угаалгын онгоцонд байхад ирнэ. Усанд орох цаг минь өөр өөр, гэвч тэр бараг алдахгүй. Зааны чихийн навчаа барьсаар ороод ирнэ. Тэгээд бид хоёр загас наадуулна. Нэг хоёр шөнө тэр утасдаад, би түүнийг шоронгоос батлан даалтаар гаргасан. Согтуу хөлчүү, зодоон цохион хийсэн юм байх.
– Муусайн новшнууд, архи авч өгөхөөрөө орондоо оруулж болно гэж боддог гэж тэр хэлэв.
– Гэхдээ тэднээр уух юм даалгамагцаа л чи асуудал үүсгэж байгаа хэрэг шүү дээ.
– Намайг, өөрийг минь сонирхож байна гэж бодсон юм; зөвхөн биеийг минь биш.
– Би чамайг ч, биеийг чинь ч сонирхоно. Гэхдээ ихэнх хүн биеэс чинь цаашхыг харахгүй л болов уу.
Би зургаан сарын турш хотоос гарч, дэмий сэлгүүцэж яваад буцаж ирэв. Кассыг хэзээ ч мартаагүй, гэхдээ бид хоёр жаахан тар тур хийсэн, тэгээд ч би хаашаа ч хамаагүй явах гээд хөлийн ул загатнаад, тогтож сууж чадахгүй байлаа. Эргэж ирээд түүнийг олохгүй байх гэж бодсон ч Уэст Энд бааранд хөл тавиад, гучин минут болов уу үгүй юү тэр дотогш орж ирээд хажууд минь суув.
– За, хөгийн новш, буцаад ирээ шив.
Би түүнд уух юм захиаллаа. Тэгээд түүн рүү харав. Өндөр захтай даашинз өмсчхөж. Ингэж хувцасласан байхыг нь ер хараагүй юм байна. Хоёр нүднийхээ доор шилэн толгойтой зүү нэвт сүлбэжээ. Зүү нь цааш нэвт орчихсон ердөө толгой нь харагдана.
– Чөтгөр алгад гэж, царай зүсээ сүйтгэсээр байх шив?
– Үгүй ээ, энэ чинь моод, мангар амьтан.
– Чи галзуурчээ.
– Би чамайг санасан.
– Өөр хүнтэй болсон уу?
– Үгүй, болоогүй. Чи л байгаа. Гэхдээ би одоо ажиллаж байгаа. Арван доллар. Чамд бол үнэгүй.
– Наад зүүгээ ав.
– Үгүй ээ, энэ чинь моод.
– Надад таалагдахгүй байна.
– Нээрэн үү?
– Тэгэлгүй яах вэ, онцгүй байна.
Касс хатгуур зүүгээ сугалаад, цүнхэндээ хийв.
– Чи яагаад хөөрхөн царай зүсээ сүйтгэж байдаг юм бэ? Зүгээр байгаагаар нь орхичхож болдоггүй юм уу? гэж би асуулаа.
– Хүмүүс намайг хөөрхөн царайнаас цаашгүй гэж боддог болохоор тэр. Гоо үзэсгэлэн юу ч биш шүү дээ, удаан үргэлжлэхгүй. Царай муутай байгаа чинь ямар азтай хэрэг вэ гэдгийг чи ер мэдэхгүй байна. Хүмүүс чамд татагдлаа гэхэд энэ царайнаас чинь өөр ямар зүйлээс болсон байж таарна.
– За за. Би азтай юм байна.
– Би чамайг царай муутай гэх гээгүй. Хүмүүс л чамайг царай муутай гэж боддог. Гэхдээ чи ер бусын гайхалтай царайтай.
– Баярлалаа.
Бид хундагаа сэлбэв.
– Чи юу хийгээд байна даа? гэж Касс асуулаа.
– Юу ч хийгээгүй. Ажил хийх ямар ч хүсэл алга. Дур алга.
– Би ч ялгаагүй. Чи эмэгтэй байсан бол биеэ үнэлэхгүй юү.
– Танихгүй олон хүнтэй тийм дотно харилцаанд орж би тэсэхгүй байх аа. Дороо залхана.
– Тийм шүү. Үнэхээр залхмаар. Бүх юм залхмаар.
Image result for most beautiful woman in town bukowski
Бид хамтдаа гарлаа. Гудамжинд хүмүүс Касс руу ширтсээр. Тэр хөөрхөн хүүхэн, магадгүй урьд урьдынхаасаа ч хөөрхөн болж. Хоёул манайд очоод, би лонх дарс онгойлгож, ярилцлаа. Касс бид хоёр яриа нийлдэг. Тэр хэсэг яриад, би сонсоно, дараа нь би ярина. Яриа хөөрөө маань ямар ч зовлонгүй хөвөрнө. Хамтдаа нууцаа олж нээнэ. Дажгүй нууц олж нээмэгц Касс хөхрөөд л, хөхрөөд л... зөвхөн тэр л тэгж хөхөрч чадна. Яг гал шиг баяр хөөр. Ярилцах зуураа үнсэлдэнэ, бие бие рүүгээ улам шургална. Бүр тачаадаад, орондоо орлоо. Кассыг өндөр захтай даашинзаа тайлахад нь л би харлаа: хүзүүнд нь өргөс шиг арзгар, аймшигтай муухай сорви. Том, өргөн.
– Тэнэг хүүхэн, яаж байгаа чинь энэ вэ? гэж би орноосоо ориллоо.
– Нэг орой хагархай шилээр зүссэн юм. Би одоо чамд таалагдахгүй байна уу? Би одоо ч хөөрхөн хэвээрээ юү?
Би түүнийг доош нь ор луу татаад үнслээ. Тэр гэдрэг түлхээд инээв: – Зарим эр надад арван доллар төлөөд, хувцсаа тайлмагц минь, хийхээ больчихдог. Арван доллар нь надад үлдэнэ. Ёстой хөгжилтэй.
– Тийм ээ. Инээдээ барьж дийлэхгүй нь... Касс, муу өлөгчин минь, би чамд хайртай... биеэ сүйтгэхээ болиоч; би чам шиг хөөрхөн хүүхэнтэй учирч байгаагүй.
Бид дахиад үнсэлцлээ. Касс чимээгүйхэн уйлна. Би нулимсыг нь мэдэрнэ. Урт хар үс нь хажууд минь үхлийн туг шиг дэлгэгджээ. Бид алгуур, дүнсгэр, гайхалтай загас наадууллаа. Өглөө нь Касс босоод, өглөөний унд бэлдэж байв. Тун тайван, аз жаргалтай байх шиг. Дуулаад л. Би орондоо хэвтээд аз жаргалтай түүнийгээ харж баясав. Эцэст нь Касс дэргэд минь ирж, сэгсрээд:
– Бос, новш минь! Наад нүүр, боов хоёр луугаа ус шавшаад, ирж цайгаа уу! гэлээ.
Тэр өдөр би Кассыг эрэг рүү аваачив. Ажлын өдөр, зун хараахан эхлээгүй, эрэг гайхалтай нам жим. Ноорхой юм хэдэрсэн эргийн тэнүүлчид элснээс дээш зүлгэн дээр унтана. Бусад нь вандан сандал зээр залраад, ганц лонх юмаа хувааж хүртэнэ. Цахлайнууд бодож санасан юмгүй хэр нь төөрч будилсан аятай эргэлдэнэ. Дал, наятай эмгэд вандан дээр суугаад, олон жилийн өмнө амьдралын хурд, мангуурал дунд амиа алдсан нөхрийнхөө үлдээсэн үл хөдлөх хөрөнгийг зарах эсэхээ хэлэлцэнэ. Ямартай ч амгалан тайван нөмрөөд, бид хоёр алхалсаар, зүлгэн дээр тэрийн хэвтээд, төдий ярилцсангүй. Хамтдаа байгаа маань хангалттай сайхан санагдана. Би хоёр сэндвич, шарсан төмс, уух юм аваад, Касстай цуг элсэн дээр сууж идэж уув. Тэгээд Кассыг тэврээд, хоёул цаг хэртэй дугхийлээ. Яагаад ч юм бүү мэд, энэ загас наадуулахаас ч илүү таатай санагдав. Ямар ч саадгүй урсаад л. Сэрээд машинаараа манайх руу буцаж, би оройн хоол бэлдлээ. Оройн хоолны дараа би Касст хамт амьдрах санал тавив. Тэр хэсэг хүлээзнээд, над руу ширтээд, алгуурхнаар, “Үгүй” гэлээ. Би түүнийг баар луу хүргэж, уух юм авч өгөөд, гарч явав. Маргааш нь би үйлдвэрт ажилд орж, тэр долоо хоногийн турш ажиллалаа. Эцэж ядарсан ч тэр баасан гаргийн орой би Уэст Энд бааранд очсон юм. Суугаад, Кассыг хүлээлээ. Цаг хугацаа урссаар. Нэлээд согтоод байтал, бармен надад: – Найз охинд чинь тохиолдсон зүйлд харамсаж байна гэх нь тэр.
– Яасан гэж? хэмээн би асуулаа.
– Уучлаарай, чи мэдээгүй юм уу?
– Үгүй.
– Амиа хорлосон. Өчигдөр оршуулсан.
– Оршуулсан гэнэ ээ? гэж би асуув. Касс юу юугүй үүдээр алхалсаар орж ирэх юм шиг санагдаж байсан шүү дээ. Яаж нас барсан байх юм?
– Эгч нар нь оршуулсан.
– Амиа хорлосон гэнэ ээ? Яаж гэдгийг нь хэлж болох уу?
– Хоолойгоо хэрчсэн.
– Тийм вий. Дахиад нэг хундагыг авъя.
Би баар тарах хүртэл уулаа. Касс эгч дүү тавын хамгийн хөөрхөн нь, хотын хамгийн хөөрхөн хүүхэн байсан. Би гэр лүүгээ ямартай ч машинаа барьж хүрлээ. Тэр “үгүй” гэсэн хариултыг нь хүлээж авахын оронд надтай хамт амьдар гэж шалж ятгасан ч болоосой гэж бодсоор. Яаж ч бодсон энэ бүхэн түүнд чухал байж шүү дээ. Би ер үл ойшоож, хайхрамжгүй хандаж, залхуурсан. Би түүнийг хөнөөсөн шигээ өөрөө ч далдрах ёстой. Би нохой шиг загнасан. Үгүй ээ, нохой энд ямар буруутай юм бэ? Би босож, лонх дарс олоод, лонхноос аажуухан ууж эхэллээ. Хотын хамгийн хөөрхөн охин Касс хорьтойдоо тэнгэрт хальсан. Гадаа нэг хүн машиныхаа дохиог хангинуулна. Их чанга, тасралтгүй хангинуулна. Би лонхоо доош тавиад, “ЧӨТГӨР АЛГАД ГЭЖ, НОВШ ОО, ДУУГАА АЯДААЧ!” гэж бархирлаа. Шөнө алгуур дөхсөөр, надад хийх зүйл байсангүй.
--


Орчуулсан: Г. Сугиррагчаа

No comments:

Post a Comment