Saturday, October 27, 2018

Юсуф Атылган | ГЭРИЙН БУГ


(өгүүллэг)

Өнөөдөр эсрэг талын хашаан дахь овоолоостой төмрийг ачив. Томоос том ачааны машинууд хоёр цагийн дотор төмрийг ачаад явчихлаа. Би цонхноос огт холдсонгүй. Ээж минь ганц хоёр удаа “Юундаа суугаад байгаа юм бэ, гэр орноо шүүрдээч” гэв: би тоосонгүй. Арван жилийн өмнөх машин санаанд минь орж ирсээр. Би сургуулиас буцаж ирээд, бөмбөгөөр тоглож буй хүүхдүүд рүү энэ цонхоор хардаг сан. “Охин минь, наанаа нөхөр хайгаад байгаа юм уу?” гэж ээжийг хэлэхээр би ичнэ. Арван жилийн өмнө би ээждээ хайртай ч байж дээ. Тосгоныхноос ч айхгүй. Би ч ялгаагүй тэдэн шиг байсан. Эрчүүдийн хажууд томоотой нь аргагүй сууна, хүүхнүүдийн хов живийг сонсоно. Намайг сургууль төгссөн жил эсрэг талын хашаанд төмөр овоолсон. Хашаа ямар ч амьгүй болсон. Би ч хэдэн жилийн турш цонхоор тэр овоолсон төмрийг л харах шив дээ. Өвөлдөө дээр нь цас тогтоно, зундаа аагим наранд улайсаж хална. Харин өнөөдөр тэр төмрүүдийг ачаад явсан. Одоо сэтгэлд минь найдварын оч аслаа. Хүүхдүүд хашаанд ирж бөмбөг тоглоосой гээд хүлээж байна.
Ээж доод давхраас “Хоол бэлэн” гэж хашхирав.
“Би өлсөөгүй байна. Намайг хүлээх хэрэггүй, та идэж бай!” гэж би хэллээ.
Би гудамж руу харна. Хүмүүс ганц хоёроороо өнгөрнө. Голдуу хүүхнүүд. Царай нь урвагар, алхаа гишгээ нь ширүүн. Хаа нэгтэй хэрүүл уруул хийгээд ирж яваа эсвэл хаа нэгтэй хэрүүл уруул хийхээр явж байгаа юм шиг л... Урагш чиг хараад алхацгаана. Бүгд өөртөө тун итгэдэг хүмүүс аж, харваас илт. Ямар ч алдааг уучлах сэтгэл байхгүй, эдэнд. Би доош атрилдав, нэг хачин айдас төрлөө. Энэ алх шиг нөхөр манай гудамжны махны худалдагч биш үү? Үдийн хоолоо идэхээр ирж байгаа бололтой. Мухлагаа хэнд даатгаж орхисон юм бол? Нас бие гүйцсэн туслахуудтай хэрэг. Тэд одоо нөхөөстэй хүрэмтэй хүнд ястайгаас нь хагас кило мах ер тоохгүй өгч орхино доо. Эд бурханд мөргөдөг болов уу?
Нэг хүүхэн өнгөрч байна. Би түүнийг танина, гэр нь манайхтай ойр. Нөхөр нь банканд ажилладаг гэсэн. Хөршийн хүүхнүүд түүнийг ямар аймаар муулдаг гээч, ёстой муухай. Би тэдний хэлсэнд итгэхгүй. Үргэлж биеэ биеэ муулна. Нүд нь жигтэйхэн гялалзаад ирэхийг яана. Тэр авгай хүүхнүүдийн хажууд нэг суусан бол босож явахаас ч аймаар. Намайг босоод явмагц л шууд муулаад эхлэх юм шиг санагдана. Би тэдний хэлсэнд итгэхгүй, гэхдээ энэ хүүхэнд ч дургүй. Их чалчаа. Хааяа манайд ирдэг юм. “Манай хүн” гэж нэрлэдэг нөхрийнхөө тухай ярих үедээ харц нь нэг л хачин, намайг хүнтэй суугаагүй гээд шоолоод байгаа юм шиг, өрөвдөөд ч байгаа юм шиг, харахаас дургүй хүрмээр. Гэхдээ би юу ч хэлэхгүй; ойлгоогүй юм шиг царайлна. Тэр яриад л байна. Саявтархан нөхөртэйгөө цуг банкны захирлынд очсон юм байх. “Тэднийх нэг охинтой, бүр арай л дэндүү. Бараг нөхрийн минь өвөр дээр суучих гээд байсан...” Би тэр охиныг ч өрөвдөнө, энэ хүүхнийг ч, өөрийгөө ч ялгаагүй. Бид яагаад энэ давчуу газар амьдардаг юм бол. Эсвэл бүх дэлхий тийм юм болов уу? Номд өгүүлсэн зүйлс худлаа гэж үү?
Хаалга нээгдэв. Харсан чинь ээж байна. Дургүй хүрэв. Яах гэж яваа юм бол? Хажууд байхгүй үед нь би илүү зөв бодож сэтгэдэг; ээжийгээ хайрлана, хөөрхий эмгэн, түүний ертөнц өөр шүү дээ гэнэ. Харин дэргэд минь ирмэгц уур цухал хүрнэ. Ичмээр юм гэнэ ээ, надад хамаагүй ээ, ээж жинтүүн дээр суугаад:
– Маргааш Фатмагийнхан ирж чамайг харах юм гэнэ хэмээн дуулгав.
– Би маргааш гэрт байхгүй.
– Хаачих нь вэ?
– Хаачих ч үгүй. Гэхдээ би гэртээ байхгүй. Би гарахгүй. Хүнтэй гэрлэмээргүй байна гэж би танд хэд хэлэх юм бэ.
– Хүн амьтан юу гэж ярьж байгааг чи ер мэдэх үү? Чамайг цаанаа нэг учиртай, согогтой гэцгээж байна.
– Юу дуртайгаа ярьцгааг. Гэрлэмээргүй байна. Одоо энэ хэд дэх нь вэ? Намайг битгий шахаад бай. Үгүй бол гэрээсээ зугтчихна шүү. Ааваас үлдсэн жимсний цэцэрлэг, тариан талбайг зараад, шууд л зугтана.
Ээжийн нүд бүлтийв. Босоод, хаалга саваад гарч одлоо. Хаалганы цаанаас чимээ сонсогдоно. Би түүнийг улс амьтанд шараа болгож байгаа юм гэнэ. Хүн бүр амиа хоохойлох юм гэнэ. Намайг харааж байна; дуунаас нь илт, уйлж байгаа бололтой. Би ч гэсэн уйлмаар байна.
Энэ тосгонд ер хэнтэй нь гэрлэх вэ дээ? Дээр хэн ярьж байлаа даа: “Ууж ууж шөнө дөлөөр гэртээ ирнэ. Тэгээд хөлөө өөдөөс минь жийгээд, алив тайлаадах гэнэ. Хөлөөс нь тэсэмгүй шивэр үнэртэнэ” гэсэн сэн. Дотор муухайрчихлаа, тийм нөхөртэй ер яаж хамт унтдаг байна вэ?
Хашааны хаалга нээгдээд хаагдлаа. Доош тонгойгоод хартал ээж байна. Аль авгай руу явж байгаа бол? Миний тухай гомдоллоно, дотроо уудална, тайвширна. Харин би үргэлж эндээ хоцорно, өөрөөсөө өөр ярих хүнгүй. Хүн өөрийгөө өрөвдөнө гэж байх уу? Би өрөвддөг.
Би босоод доод давхар луу буулаа. Жорлон оров. Гараад гал тогоонд гараа савандаж угаалаа. Хоолны шүүгээнд шоштой будаа. Өөр нэг тавганд тараг хийж. Би тарагтай будаа идлээ. Будаа хөрчхөж. Зүгээр ээ, би хүйтэн будаанд дуртай. Тэгээд би дахиад л өрөөндөө орлоо. Одоо дээрдсэн. Шүүгээнээс нэг ном аваад, диван дээр хэвтэв. Эхний хуудсанд авгын минь нэр бичээтэй. Энэ номуудын ихэнх нь авгынх; надад өгсөн юм. Авга хоёр жил Англид сурсан гэсэн. Надад тэр англи хэл заасан. Надад хайртай: “Охин минь, эрэгтэй сэн бол чамайг тийшээ явуулах сан” гэдэг сэн. Би аавыгаа огт мэдэхгүй. Авга минь ч намайг лицей төгсөх жил нас барсан. Угаасаа бүх юм тэр жил болоогүй гэж үү? Мөнөөх төмрүүдийг ч тэр жил хашаанд буулгасан.

Хэзээ хойно хаалга дуугарав. Би номоо орхиод бослоо. Хөл бүр хөшчихөж. Ээж түлхүүрээ мартсан юм болов уу? Би шатаар аажуухан буулаа. Эсвэл Нэжати юм болов уу? Хааяа ирж гэрийн даалгавраа хийдэг юм. Би хаалгаа нээлээ. Нэжати байна. Үсээ гөлийтөл нь самначхаж. Шар царайд нь өнөөх л шилжилтийн насны онцлог тодхон.
Эгч ээ, сайн уу? гэлээ.
– Сайн сайн. Алив орооч.
– Авга эгч хаачаа вэ?
– Мэдэхгүй, айлд очсон байх.
Энэ Нэжати авгын минь хүү байгаа юм. Би ааваас нь сурснаа хүүд нь дамжуулдаг хэрэг. Хоёул дээшээ гарлаа. Сахлаа хусдаг юм уу даа энэ, муухай үнэртэж байна. Хартал хамрын самсаа нь үл мэдэг хөдлөөд агаар үнэрлэж байх юм. Энэ өрөөнөөс хүнтэй суулгүй гэрийн буг болсон хүүхний үнэр үнэртдэг биз. Би дасчхаад, мэдрэхгүй байгаа хэрэг. Би ширээнд суугаад:
– Алив суу суу гэлээ.
Нэжати өөдөөс минь харж суув. Ном дэвтрээ ширээн дээр тавилаа. Энэ жил Нэжати манайд ойр ойрхон ирэх болсон. Хэзээд гуньхарсан төрхтэй. Өрөөнд орохоор баярлах, ичих хослоод байх шиг. Одоо том болсон, лицейд сурч байгаа.
– Даалгавартай юу? гэж би асуулаа.
– Тийм.
Ном руугаа гараа сунгав.
– Юу гээч, эсрэг талын хашаан дахь овоолоотой төмрийг өнөөдөр ачаад явсан. Хуучин тэнд хүүхдүүд бөмбөг тоглодог байсан юм гэж би ярилаа.
– Тийм үү гэж хэлээд тэр зүгт харав: – Найзууддаа хэлье. Бид ч ирж тоглоно оо.
Ном дэвтрээ нээлээ. Бид хоёр даалгавраа хийж эхлэв. Намайг унших зуур ер сонсохгүй байгаа нь харваас илт. Намайг, биеийг минь харна. Хамгийн ихээр хөх рүү минь харц чулуудна. Доод уруул нь дорвойн унжжээ. Ялангуяа тэр булингартай харц нь. Хүсэл гэгч энэ юм болов уу? Би номыг урагш түлхээд:
– За, одоо чи унш гэв.
Тэр биеэ цэхлээд, уруулаа цорвойлгохоо болив. Гэхдээ нүдэнд нь мөнөөх булингартай харц тунаж үлдлээ. Уншиж байгаа нь ер муугүй. Би нүд рүү нь харлаа. Ногоон, ногооны хувьд гарцаагүй ногоон, гэхдээ нэг тийм нялцгай ногоон. Онцгүй. Ямар ногоон гэдэг билээ? Бах мэлхийн хүйтэн ногоон. Нөгөөх л шилжилтийн насныхны төрх. Жимбэгэр, нимгэн уруул. Ямар царай муутай хүү вэ. Царай муутай, гэхдээ л хүүхдийн шинэ цэвэрхэн төрхтэй; эсвэл залуу эрийн мэдрэмтгий аястай. Би хөлөө түүн рүү сунгадаг юм билүү гэж бодлоо. Сунгалаа. Хөдлөх зуур өвдөг нь хөлд минь шүргэв. Нэг үг буруу уншлаа.
– Наад үгээ сайн хар гэж би хэлэв.
Нэжати засаж уншлаа. Нүүрэнд нь цус дүүрч, царай нь улайжээ. Би одоо босоод ард нь гарвал, ном руу бөхийвөл, хөхөө нуруунд нь наавал. Гэвч би хөдөлж чадахгүй нь. Нэжати уншсаар. Бах мэлхий дуугарч байгаа юм шиг. Бахтай ямар төстэй юм бэ. Дургүй минь хүрч, дотор муухайрав. Өөрийгөө жигшлээ. Нэжатигийн дуу тасрав.
Би босож цонхоо нээлээ. Энэ хүнд агаар замхраг.
– Нэжати, өнөөдөр бие минь сайнгүй байна. Чамайг ирэхээс өмнө би орондоо хэвтэж байсан юм. Чи англиар сайн уншдаг юм байна. Орчуулгаа өөрөө хийчихнэ биз.
Тэр босоод:
– За, эгч ээ гэв.
Харцнаас нь мөнөөх булингар арчигджээ.
Харуй бүрий болохтой зэрэгцэн ээж гэртээ ирэв. Би доош буулаа. Гал тогооны ширээнд хамтдаа хоолоо идэв. Юу ч ярилцсангүй. Гэрт ердөө юм угаах тосгуур луу цоргоос дуслах усны чимээ гарна: тис тис тис... Бид яагаад ийм болчхов? Ээж охин хоёр биш, танихгүй хүмүүс шиг л. Яагаад тэр вэ? Хачин уламжлалтай энэ тосгоноос болов уу эсвэл бусад хүн юу гэх бол санаа зовсноос болов уу?
Хоолны дараа би радио сонсоод, хэзээ хойно орондоо оров. Цонхны халхавч хаалттай. Орондоо би ганцаараа. Нойр хүрэхгүй. Өрөө харанхуй. Цонхны халхавч хаалттай. Гэхдээ л хүүхэд уйлах чимээ сонсогдоно. Холоос, бүр алсаас гарч байгаа юм шиг. Уйтай. Ирэх өдөр хоногуудын улмаас уйлж байгаа юм шиг. Сэтгэл гунихарлаа. Хөнжилдөө шургаллаа би. Сайхан зүйл бодмоор байна. Ядаж унтаад зүүдэндээ энэ тосгоноос явах сан. Болсонгүй. Би мэднэ ээ, өнөө шөнө зүүдэнд минь бах мэлхий дээгүүр минь үсчиж, сунаж ирээд намайг үнсэх гэж оролдоно.
Гадаа хөлийн чимээ сонсогдоно. Согтуу хүн бархирна. “Ёх, аварга шаахайтай Аллах, ёх! Яагаад яг энд бархирсан юм бол, энэ эр? Би айлаа. Үнэхээр ядруу, турихан надад хүн юу хүссэнээ хийж чадна. Согтуу хүн цонхыг минь нээж орж ирээд, хажууд минь хэвтэж болно. Гэхдээ ирсэнгүй. Дуу нь холдлоо. Одоо тэр гүүрэнд хүрээ биз. Юу гэж байгаа нь ойлгогдохгүй. Дан ганц хүний дотрыг хуурайлам, уйтгартай “Ёх” гэх чимээ сонсогдоно.


Орчуулсан: Г. Сугиррагчаа

No comments:

Post a Comment