Friday, October 12, 2018

Раймонд Карвер | СҮҮДРЭВЧ


(өгүүллэг)



Тэр өглөө Холли гэдсэн дээр минь Тичерс виски асгаад, бүгдийг нь долоов. Тэгснээ үдээс хойш нь цонхоор үсрэх гэж оролдлоо.
Би, “Холли, бид ийм байдалтай цааш үргэлжлүүлж болохгүй. Энэ бүгдэд цэг тавих хэрэгтэй,” гэлээ.
Бид дээд давхрын люкс өрөөний буйдан дээр сууж байсан юм. Өөр бусад сул өрөө ч байгаа л даа. Гэхдээ бидэнд люкс өрөө хэрэгтэй, чөлөөтэй босож явж, ярилцаж болох тийм өрөө. Тиймээс ч бид тэр өглөө замын зочид буудлын захиргааны байрыг түгжээд, дээд давхрын люкс өрөөнд төвхнөсөн юм.
Холли, “Дуэйн, би ингэж байж тэсэхгүй,” гэв.
Бид хоёр вискигээ мөс, устай холин ууж байлаа. Хоёул өглөөнөөс үд болтол бага зэрэг унтаад авсан. Дараа нь тэр босоод, дотуур хувцастайгаа цонхоор доош үсэрнэ гэж намайг сүрдүүлсэн. Би босож түүнийг барьж хориглох хэрэгтэй болсон шүү. Бид ердөө хоёр давхарт байгаа ч юмыг яаж мэдэх вэ.
Холли, “Одоо болоо,” гэв. “Цаашид тэсэхгүй нь.”
Дараа нь хацраа хоёр гараараа шахан, нүдээ аниад, толгойгоо хойш урагш савлан дүнгэнэх чимээ гаргалаа.
Би түүнийг ийм байдалтай харж тэсэхгүй.
Би учрыг нь мэдэж байсан ч, “Юу тэсэхгүй гэж?” гэж асуулаа.
Тэр, “Би чамд энэ бүгдийг дахиж ярих шаардлагагүй,” гэв. “Би хяналтгүй болсон. Бахархах юмгүй болсон. Би урьд нь бахархах юмтай бүсгүй байсан юм шүү.”
Холли гуч дөнгөж гарсан, царайлаг хүүхэн л дээ. Өндөр нуруу, урт хар үс, ногоон нүдтэй. Би түүнээс өөр ногоон нүдтэй хүүхэн танихгүй. Би урьд нь түүний ногоон нүдний тухай ямар нэг юм хэлдэг байлаа, тэр ч ногоон нүдтэй учир ямар нэг онцгой зорилготой төрсөн гэдэгтээ итгэдгээ надад хэлсэн.
Би мэдэлгүй яах вэ!
Би болсон бүхэнд харамсаж шаналж байна.
Доод давхарт ажлын өрөөнд утас дуугарах сонсогдоно. Бүхэл өдөржин хангинаад л. Би бүр нойрондоо ч утас дуугарахыг сонссон гээд бод доо. Нүдээ нээгээд тааз руу харна, утас дуугарахыг сонсоно, бидэнд юу тохиолдсныг бодно.
Магадгүй би шал руу харах хэрэгтэй байх.
Тэр, “Би гомдсон,” гэв. “Бүр голдоо ортол гомдсон. Надад ёстой муухай байна. Үүнээс ёрын юм гэж байхгүй, надад үнэхээр муухай байна.”
Би, “Холли,” гэлээ.

Биднийг ийшээ анх нүүж ирмэгц зочид буудлыг ажил хариуцуулахаар нь бид амьдрал маань одоо л нэг цэгцрэх нь гэж бодсон юм. Байрны хөлс төлөхгүй, хоол, унаа гэх мэт үнэгүйн дээр сардаа гурван зуун доллар авна. Үүнээс сайхан ажил гэж ер байх уу даа.
Холли төлбөр, тооцоо хариуцдаг байв. Тэр угаасаа тоо тооцоонд мундаг; салангид олон жижиг байрын ихэнхийг хүнд хөлсөлсөн. Хүмүүстэй харилцах дуртай, хүмүүс ч өөрт нь дуртай. Би зүлэг хяргаж, хогийн ургамал зулгааж, усан сан цэвэрлэж, бага сага засварын ажил хийнэ.
Эхний жил ямар ч асуудал гараагүй. Би шөнө өөр ажил давхар хийгээд, бид ч гайгүй мөнгөтэй болж байв. Бидэнд өөрсдийн төлөвлөгөө байлаа. Тэгж байтал нэг өглөө, за мэдэхгүй дээ. Намайг угаалгын өрөөний хавтан наахаар нэг байранд ортол мөнөөх жижиг биетэй мексик үйлчлэгч бүсгүй тэндхийг цэвэрлэж байв. Холли түүнийг ажилд авсан юм. Бид өмнө нь таарч ойр зуур яриа өрнүүлсэн ч тэр үйлчлэгч миний нүдэнд төдий өртөөгүй. Намайг “Эрхэм ээ” гэж дууддаг байсан нь л санаанд үлдэж.
За тэр ч яах вэ.
Тэр өглөөнөөс хойш би түүнийг анхаарах болсон. Жижиг цагаан шүдтэй, цэмцгэр жаахан биетэй. Би уруул руу нь их хардаг байж.
Тэр намайг нэрээр минь дуудах болов.
Би нэг өглөө угаалгын өрөөний цоргоны хаймар сольж байтал тэр орж ирээд зурагт асаасан. Үйлчлэгчид угаасаа өрөө цэвэрлэж байхдаа байнга зурагт асаадаг юм. Би хаймар солихоо болиод угаалгын өрөөнөөс гарлаа. Тэр намайг хараад гайхах шиг болов. Инээмсэглээд, нэрээр минь дуудах нь тэр.
Ингэж хэлсний дараахан бид хоёр хамтдаа орон дээр хэвтэж байлаа.
Би, “Холли, чи одоо ч гэсэн бахархах юмтай бүсгүй шүү дээ,” гэлээ. “Чи хамгийн шилдэг нь. Алив л дээ, Холли.”
Холли толгой сэгсрэв. “Дотор минь нэг юм үгүй болсон. Үгүй болтлоо удсан ч одоо арилж алга болсон. Чи миний дотроос нэг юм авч хаясан, яг сүхээр цавчиж байгаа юм шиг. Одоо бүх юм бохирдсон.”
Тэр вискигээ ууж дуусгаад, уйлж эхлэв. Би түүнийг тэврэхээр бослоо. Гэлээ ч ямар ч нэмэр болсонгүй.
Би хундагуудаа дүүргээд, цонхоор гадагш харлаа.
Өөр мужийн дугаартай хоёр машин зочид буудлын захиргааны байрын өмнө зогсчихсон, жолоочид нь үүдэнд ярилцана. Нэг нь нөгөөдөө нэг юм хэлээд, байрнуудын зүг хараад эрүүгээ барив. Тэнд бас нэг эмэгтэй байна, цонх руу нүүрээ наагаад, нүдээ саравчлан дотогш харах гэлээ. Тэгснээ хаалга угзчиж үзэв.
Доод давхрын утас хангинаж эхэллээ.
Холли, “Чи сая надтай унтахдаа ч түүнийгээ бодож байсан,” гэв. “Би ингэж байж тэсэхгүй, Дуэйн.”
Би хундагатай аваад түүнд өгөөд, “Холли,” гэлээ.
Тэр, “Үнэн шүү дээ, Дуэйн,” гэлээ. “Маргах гэсний хэрэггүй.” Ердөө дотоож, хөхний даруулгатай Холли хундагатай вискигээ барьсаар өрөөн дотуур дээш доош холхив.
Тэгснээ, “Чи гэрлэлтээсээ нүүр буруулсан. Бидний хоорондох итгэлцлийг эвдсэн,” гэв.
Би өвдөг сөхрөөд, гуйж эхэллээ. Гэхдээ дотроо Хуанитаг бодож байв. Ичмээр юм. Надад ч, энэ хорвоо ертөнцийн хүмүүст ч юу болоод байгааг мэдэх юм алга.
Би, “Холли, хонгор минь, би чамд хайртай,” гэлээ.
Гадна талбайгаас машины дохио дуугараад, болиод, дахин дуугарав.
Холли нулимсаа арчлаа. “Надад виски аягал,” гэв. “Энэ их устай болж. Тэд гайтай дохиогоо дуугаргаж л байг, яавал яаг. Надад хамаагүй. Би Невада руу нүүлээ.”
Би, “Невада руу нүүх хэрэг юу байна,” гэлээ. “Тэнэг юм ярих юм.”
Тэр, “Би тэнэг юм яриагүй,” гэв. “Невада руу нүүх юу нь тэнэг байгаа юм? Чи энд тэр цэвэрлэгч хүүхэнтэйгээ үлд. Би Невада руу нүүлээ. Би тийшээ нүүхгүй бол амиа хорлоно.”
Би, “Холли!” гэлээ.
Тэр, “Холли гэнэ шүү!” гэв.
Холли буйдан дээр суугаад, өвдгөө эвхэж эрүүн доороо аваачив.
Тэгээд “Надад виски хундагал, өөдгүй новш,” гэв. “Муусайн новшууд дохиогоо хангинуулж л байг. Травелождоо очиж заваараг. Цэвэрлэгч хүүхэн чинь одоо тэндхийг цэвэрлэж байгаа юу? Алив виски хундагал, өөдгүй новш!”
Холли уруулаа жимийсээр над  руу нөгөө харцаараа харав.
Архи уух нээрэн хөгийн шүү. Одоо ингээд бодоход бид хамаг чухал юмаа архи ууж байхдаа шийдсэн байх юм. Архинаас гарах тухай ярихдаа ч гал тогооны ширээ эсвэл зугаалж яваа газрын вандан ширээн дээр хайрцаг шар айраг эсвэл виски тавиад сууна. Ийшээ нүүж, замын зочид буудлын ажлыг хариуцахаар шийд гаргахдаа ч хэдэн шөнө дараалан ууж энэ ажлын давуу, сул талыг ярилцсан сан.
Би Тичерс вискиний үлдсэнийг хундаганууддаа хийгээд, мөс ус нэмлээ.
Холли буйдангаасаа босоод, орон дээр тэрийн хэвтэв.
“Чи түүнтэйгээ энэ орон дээр унтсан уу?”
Надад хэлэх юм алга. Санаанд минь ямар ч үг үлдээгүй юм шиг. Би түүн рүү хундагатай виски сунгаад, сандал дээр суулаа. Вискигээ уунгаа, цаашид бүх зүйл өөрчлөгдөх нь гэж бодов.
Тэр, “Дуэйн,” гэв.
“Холли?”
Зүрх минь шимшрэх шиг болов. Хүлээлээ.
Би Холлид чин сэтгэлээсээ хайртай байсан юм.

Хуанита бид хоёр нөгөө ажлаа долоо хоногийн таван өдөр арваас арван нэгэн цагийн хооронд амжуулдаг байв. Хуанита тэр үед аль өрөөг цэвэрлэж байна тэнд нь. Түүнийг өрөө цэвэрлэх зуур, би дотогш ороод, хаалгаа хаана.
Гэхдээ ихэнхдээ арван нэгэн тоотод. Арван нэгэн тоот бидний азтай өрөө.
Бид бие биедээ нялуурах ч ажлаа хурдан амжуулна. Ер нь бол дажгүй.
Би Холли уг нь үүнийг сүр болгохгүй гэж бодсон. Зүгээр сүр болгохгүйг хичээхэд л хангалттай юм шиг санагдсан гэх үү дээ.
Би оройн ажилдаа анхаарсан хэвээр. Угтаа циркийн сармагчин ч хийж дөнгөх ажил. Гэхдээ л ажил төрөл маань хурдтай доройтож эхэллээ. Бидэнд ч ажилдаа анхаарах хүсэл үгүй болсон байв.
Би усан санг цэвэрлэхээ больсон. Ус нь ногоорч замагтаад, зочид ч орохоо болив. Би цорго засахаа, хавтан солихоо, тэнд энд будаг нялахаа ч болилоо. Үнэндээ бид хоёрт архи уухаас өөр юу ч хийх хүсэл үлдээгүй. Архи уух ч бас цаг хугацаа, хичээл зүтгэл шаардсан ажил шүү.
Холли зочдыг бүртгэхээ больжээ. Нэг бол илүү мөнгө авна эсвэл огт авахгүй. Хааяа гурван хүнийг ганц ортой өрөөнд оруулна эсвэл хоёр хүний ортой өрөөнд ганц хүн оруулна. Ер нь бол гомдол санал тасрахгүй, заримдаа бүр хэрүүл уруул ч гарна. Хүмүүс цүнхээ аваад өөр буудал хайхаар зүглэнэ.
Гээд удсангүй зочид буудлын удирдлагаас захиа ирэх нь тэр. Удалгүй дахиад нэг захиа, бүр баталгаат шуудангаар шүү.
Утсаар залгаад л. Хотоос хүн явуулсан гэж ч байв.
Гэхдээ бид ер тоохоо больсон сон. Энд угаасаа удахгүйгээ ч мэднэ. Амьдрал маань сүйрээд, бид гэнэтийн өөрчлөлтөд бэлдэж байв.
Холли ухаантай бүсгүй. Үүнийг эхлээд тэр анзаарсан.

Бид цаашид хэрхэхээ шөнөжин ярилцсаныхаа дараа бямба гарагийн өглөө сэрлээ. Нүдээ нээгээд, хоёр биеийнхээ царайг харахын тулд орон дээрээ хөрвөн бие бие рүүгээ эргэлээ. Тэр үед хоёул ойлгов. Бид нэг юмны төгсгөлд иржээ, одоо шинээр хаанаас эхлэхээ шийдэх хэрэгтэй.
Хоёул босоод, хувцсаа өмсөөд, кофе уугаад энэ тухай ярилцахаар болов. Юу ч бидний анхаарлыг сарниулах учиргүй. Утас ч, зочид ч.
Би тэр үед Тичерс вискийг гаргасан юм. Хаалгаа түгжээд, мөс, хундага, лонхоо аваад шатаар дээш гарав. Эхлээд өнгөт зурагт хэсэг үзлээ, жаахан инээлдэж наргилаа, доор утас хангинахыг тоосонгүй. Хоол идэхээр гадагш гарч автоматаас бяслагтай шарсан төмс авав.
Бүх зүйл болоод өнгөрсөн, одоо юу ч болсон хамаагүй гэх хачин хөгийн уур амьсгал бий болжээ.

Холли, “Бид гэрлэхээсээ өмнө ямар хүүхдээрээ байсныг санаж байна уу?” гэв. “Их том юм төлөвлөж, мөрөөддөг сөн.” Тэр орон дээр өвдгөө эвхэн, вискигээ барьж сууна.
“Саналгүй яах вэ, Холли.”
“Би чамаас өмнө найз залуутай байсан. Нэр нь Вайет. Харин чиний нэр Дуэйн. Вайет, Дуэйн хоёр. Би тэр жилүүдэд ямар их юм алдсан бол? Чи миний хувьд хамгаас чухал байсан, яг нөгөө дуунд гардаг шиг.”
Би, “Холли, чи бол гайхалтай бүсгүй,” гэлээ. “Чамд асар их боломж байсныг би мэднэ.”
Тэр, “Гэхдээ би боломжоо ашиглаагүй! Гэр бүлээсээ нүүр буруулаагүй” гэв.
Би, “Холли, боль доо,” гэлээ. “Одоо ингэх ямар хэрэг байна? Хоёр биеэ дэмий зовоогоод яах вэ. Одоо цаашид яах тухайгаа л ярья.”
Холли, “Аан гээ,” гэв. “Якимагаас холгүй Террас Хайтсыг өнгөрсний дараа хуучин ферм байдгийг санаж байна уу? Бид нэг удаа машинаар явангаа дайрч гарсан даа. Их халуунд шороон замаар яваад л, тоос босоод л. Явсаар явсаар тэр хуучин фермд ирээд, чи айлаас аяга ус өгөөч гэж гуйж байсан даа? Чи одоо дахиад тэгж явна гэж төсөөлж чадах уу? Айл руу очоод, уух ус өгөөч гэж гуйж чадах уу?”
Холли цааш нь, “Тэр хөгшид одоо нас бараа биз,” гэв. “Оршуулгын газар зэрэгцээд хэвтэж байж таарна. Биднийг дотогш орж бялуу ид гэснийг санаж байна уу? Дараа нь бидэнд тэр хавийг үзүүлсэн. Тэнд нэг сүүдрэвч байсан. Моддын дунд. Шовгордуу дээвэртэй, будаг нь холцорсон, шатан дээр нь хөвд ургасан байсан даа. Эмгэн, олон жилийн өмнө, их олон жилийн өмнө тэнд ням гараг бүр хөгжим тоглохоор хүмүүс ирдэг байсан гэж хэлж байсан. Хүмүүс суугаад чагнадаг байсан юм байх. Би, бид хөгшрөөд тэдэн шиг болно гэж бодож билээ. Нэр хүндтэй. Амар тайван. Хүмүүс манайд зочилно.”
Би юм хэлэх гээд чадсангүй. Тэгээд, “Холли, бид энэ үеийг ч бас эргэж санана шүү дээ,” гэлээ. “Бид, ‘Санаж байна уу, усан сан нь жигтэйхэн заваарсан замын зочид буудал байсан даа,’ гэх болно,” гэлээ. “Холли, юу гэх гэснийг минь ойлгож байна уу?”
Гэвч Холли хундагаа барин орон дээр суусаар.
Би хараад ойлгоогүйг нь ойлголоо.
Би цонх руу очоод, хөшгөн завсраар харав. Доор нэг хүн нэг юм хэлээд, захиргааны байрны хаалгыг балбаж байна. Би зогссон газраасаа хөдөлсөнгүй, Холли надад ямар нэг дохио өгөөсэй гэж дотроо залбирлаа. Холли надад зам зааг гэж залбирлаа.
Машин асах чимээ сонсогдов. Дараа нь өөр нэг машин. Хоёр машин гэрлээ байшин руу тусгаад, ар араасаа явсаар зам руу оров.
Холли, “Дуэйн,” гэлээ.
Энэ удаад ч бас түүний зөв байв.


Орчуулсан: Г. Сугиррагчаа

No comments:

Post a Comment