Wednesday, December 26, 2018

Юсуф Атылган | АМЬДАРШГҮЙ



(өгүүллэг)

Image result for yusuf atılgan“Бос, бос” гэж хэн нэгэн хүн хэлж байв, би сонсоод байлаа. Зүүн хацар минь халуу оргино. Нөгөө хүний цохисон хацар. Намайг гараас минь татаж босголоо. Би арайхийн өндийв. Тав зургаан хүн зогсоод, над руу харна. Дунд нь бас нэг хүүхэд байна. Би бүгдийг нь нэгэн зуур харлаа. Ирмэлдээд л. Дээр миний зайдас авсан худалдагчийн харц санаанд буув. Би яагаад ч тэсэхгүй нь; дотор минь дааж давшгүй их уйтгар гуниг дүүрсэн. Гэнэтхэн саналаа: би гэртээ харимагцаа амиа хорлоно. Сэтгэл тайвшрав. Дээрээс нь өнгийсөн хүмүүсийн нэг:
– Хүний эхнэрт хандарна гэнэ ээ!.. хэмээлээ.
– Худлаа! гэж би ер санаа зоволгүй хариу өчив.
– Амаа тат! Инээх юу байгаа юм? Алив та нар тарцгаа гэж өөр нэг хүн хэллээ.
Хувцас хунарын минь тоосыг гөвж байв. Ер танихгүй хүн. Эхлээд хүүхэд явлаа; удалгүй нөгөөдүүл нь. Бид хоёул үлдэв. Тоосыг минь л гөвөөд байх юм. Нүүр минь халуу оргино.
– Намайг Али гэдэг гэв.
“Али юм гэнэ.”
– Манисад нэг Али байсан...
– Би эндхийнх.
Гудамжаар өнгөрөгчид одоо над руу харахаа больжээ. Тэд цохиулсныг минь хараагүй.
– За баяртай гэж би хэллээ.
Явах гэж байсан юм. Тэр гараас минь зуурав.
– Байзна. Нүүр чинь цус болж. Манай байр энүүхэнд, очиж арчъя.
Бид хамтдаа явлаа. Модон шатаар дээш гарав. Өрөө нь хоёр давхарт аж. Ганцаараа амьдардаг нь илт. Хананд залуу хүүхний зураг. Шар үстэй байх гэж би бодов. Мөнөөх эр нүүрийг минь спиртээр арчингаа асуулаа:
– Чамайг яасан гэж зодсон юм бэ?
Би ярилаа. Ажлаасаа буцаж явсан юм. (Ажил дээр юу болсныг яриагүй. Нөгөө л янзаараа өнгөрсөн. Өнөөдөр ямар ч онцгой зүйл болоогүй. Гэхдээ би өнөөдөр шийдвэрт хүрсэн. Үүнийгээ би түүнд хэлээгүй.) Хүүхэн өөдөөс минь ирж явсан; хуучны танил шиг л. Гэтэл би ямар ч эмэгтэй хүн танихгүй шүү дээ. Тэгээд би замын голд зогссон. Дэргэдэх эрийг нь хараагүй. Тэр ч зүүн хацар луу минь нударгалсан. Ердөө л тэр.
– Эргүү мал. Эхнэрийнхээ хажууд эр бар болж буй хэрэг. Чамайг өөрөөсөө дорд үзээд томорч байхгүй юү.
Би намхан. Шавилхан биетэй. “Бяцхан амьтан” гэдэг сэн, аав минь; би уурлана. Гэхдээ энэ эрд уурласангүй. Бослоо.
– Битгий тоо гэж тэр хэлэв.
Би тоогоогүй. Тэндээс гарлаа. Мухлагийн өмнө улаан лооль, дотор нь махан шанз дүүргэдэг том чинжүү овоолжээ; түүнчлэн том цайвар толботой хөлдүү ногоон тарвасууд. Энэ бусдад зориулагдсан, харин би өөр. “Чи өөр” гэж хэлдэг сэн багш минь; миний хэлж чадахгүйг мэдсэн ямар нэг үгийг хэлэлгүй өнгөрчих вий гэсэн аятай толгойгоо урагш тонгойж, баруун гараараа чихээ имэрч, нүдээ сүүмийлгээд, царайдаа анзаарагдахтай үгүйтэй өөдгүй инээмсэглэл тодруулан асууна: “Тийм биз, гүн ухаанч аа?” Нөгөөдүүл нь хөхрөлдөнө, анги даяараа жиргэлдэнэ. Би ичдэг сэн.
Би мөн л ичсээр. Түрээсээ нэхэж буй энэ ядруу хүүхний эрээгүй гарт ––би царай руу нь эгцэлж хардаггүй–– аль хэдийн дасчихсан байх учиртай ч ер тиймгүй. Сар бүрийн эхний өдөр мадам “салон” гэж нэрлэдэг сонгино үнэртсэн, чийгтэй, бүүдгэр, хар модон өрөөндөө, хаалганы хажуугийн буйданд суугаад түрээслэгчдээсээ мөнгөө авна. Би аравтын дэвсгэрт гурвыг алган дээр нь орхилоо. “За май; авах ёстойгоо авсан юм шиг зарцуул! гэж хэлсэн сэн, нярав, цалинг минь өгөнгөө. Надад яг тэгэхэд л үхмээр санагдсан билүү? Царцааны үг тэгэхэд хэлний минь угт хадагдаж үлдсэн билүү: “Бүх ертөнц надад нэг амьдралын өртэй.”[1] Нөгөөдүүл надад давстай кофе уулгахад цор ганц нярав л инээгээгүй. Тэр нүдний шилнийхээ дээгүүр хардаг.
Өрөө минь бүдэг харанхуй. Би гэрлээ асаалаа. Хөшиг хаалттай, тэгээд одоо хаалгаа түгжчихвэл, би энд өөрийн гүрэндээ хаан гэсэн үг. Шумуул шиг л хөнгөн үсчлээ. Тааз руу харав. Их том дутагдал шүү энэ; том том барилгуудыг дээр дээрээс нь сүндэрлүүлэхэд ур чадварын нууц оршдог юм биш ээ. Тааз руу бат бэх цагаригууд хөөрнө. Гэнэт хүүхэд ахуй нас минь дүүжлэгдчихсэн байхыг би харлаа. Хэл нь унжиж, нүд нь гадагш бүлтэрчихсэн, нусгай аймхай. “Бүх ертөнц надад амьдралын өртэй.” Хор уусан нь хамгаас зөв. Гэхдээ хор олж авахын тулд дахиад нөгөөдүүлийн дунд орох хэрэгтэй. “Новш гэж, баруун хөл чинь зургаан хуруутай юм байна.” “Худлаа” гэдэг сэн би. Тэгээд гутлынхаа үдээс рүү гараа сунгана. Бүгд эвхрэлдэж ирээд хөхрөлдөнө. Би гайхаж хоцорно. Нярав нүдний шилнийхээ дээгүүр хардаг сан. “Чи өөр” гэж хэлнэ, багш. Анги даяараа учиргүй инээлдэнэ. “Хөөе, давжаа, үүнийг хуулж бич.” Давжаа гэдэг нь би. “Ийм царайтай юу? Боль боль, хүүхнүүдийг үргээчихнэ.” Би цаг үеийнхээ тэргүүлэгч байсан; гэхдээ намайг газраас татаж босгосон хүн хувцас хунарыг минь гөвсөн шүү. “Хорин лирээр ийм цамц авна гэнэ ээ! Чамайг молигодчихож. Минийхийг хар, арван гурван лир.” Дараа нь хагас кило зайдсанд таван лир авдаг тэр мухлагийн худалдагч: “Бүх ертөнц надад амьдралын өртэй.” Би авлагаа авмааргүй байна. Бугуйгаа зүсэж цусаа ханана. Нөгөөдүүл хаалгыг минь эвдээд яах бол? Мадам уурлаж магад. Би эхлээд эсрэг талын хананд хар будгаар томоос томоор “АМЬДАРШГҮЙ” гэж бичнэ.
Дээш өндийх зуур хонго руу минь хатгуулав. Өнөөдөр өгзгөөрөө унасан. Гэнэт намайг татаж босгосон хүн санаанд орж ирлээ. “Намайг Али гэдэг” гэж билээ. Гараас минь татаж, хувцас хунарыг минь гөвсөн. Нөгөөдүүл шигээ биш. Хувцсыг минь гөвөх үеийн харц нь өөр. Сэтгэлд минь гэнэтхэн нэг тийм шаналан, догшин хайр мэдрэгдэв. Толгойд минь аливаа бүхэн цэгцэрлээ. Булан дахь сагснаас уурын нүдүүр аваад дотор халаасандаа хийв. Нүдүүр хүнд юм. Би гадагш гарлаа.
Тэр өрөөндөө алга; хаалга нь түгжээтэй. Дээд давхар луу гарах шатны буланд суугаад хүлээлээ. Их хүлээх хэрэг гарсангүй. Гадаа хэсэг зуур бороо оров. Тэр эцэстээ ирлээ. Намайг босмогц олж харав.
– Чи юү? Ирсэн чинь сайн хэрэг. Алив дотогш ор гэлээ.
Өрөөний гэрэлд явангаа хазганаж буй нь нүдэнд минь өртөв. Нүд нь гялалзана, баяр хөөртэй.
– Юу гээч, тэр надад хайртай.
– Хэн, энэ үү?
Би ханан дахь зургийг заалаа.
– Тэр.
– Шар үстэй юү?
– Тийм.
Related imageТэр ярив. Эхлээд казино руу очицгоосон юм гэнэ. Би одоо сонсохоо болилоо. Зүүн гар минь халаас дахь нүдүүрээ тэмтэчнэ. Тэр харваас согтуу. Ханан дахь хүүхэн түүнд хайргүй. Бичгийн даалгавраа хийлгэж дуусах хүртлээ эрчүүдийн нүд рүү ширтээд, дараа нь нөгөөдүүлтэйгээ хамтдаа хөхөрдөг танил шар үстүүдээс минь өөр гэж үү, энэ? Үгүй. Түүнд хайргүй, хуурч байгаа юм. Тэр хууртсанаа мэдээд ямар их шаналахыг би мэднэ. “Ярь, яриад бай” гэж би өөртөө хэллээ, “Үгүйдээ л чи аз жаргалтай талийж одох нь.” Аливаа бүхэн санаандаа сайтар цэгцэлснээр минь болно. Өөрчлөгдөхгүй. Тэр хувцас хунарыг минь гөвж билээ. Муу муухай дунд үлдэх учиргүй.
– Чи яагаа вэ, бие чинь зүгээр үү? гэв тэр, гэнэтхэн.
– Үгүй ээ, зүв зүгээр гэж би хариуллаа.
Үнэхээр зүв зүгээр байв.
– Хөргөгчид дарс бий; нэг нэг хундага тогтоох уу?
Тэр хөргөгч рүүгээ зүглэлээ. Би ч араас нь дагав. Эргэж харах нь уу даа гэж бодтол ердөө бүдэрсэн юм санж. Би нүдүүрээ гаргаж, баруун гартаа атгаад, бүхий хүчээрээ толгой руу буулгалаа. Тэр доош харсан чигээрээ унаад өгөв. Өрөөнд сүртэй нүргэллээ. Хэзээ хойно шалны хивсэнцэр лүү цус урсав. Би ер хөв хөнгөхөн болжээ, өчүүхэн төдий чимээ гарахад л нисчихмээр; шумуул шиг. Одоо би амиа егүүтгэж болно.

––

Орчуулсан: Г.Сугиррагчаа



[1] Эзопын ёгт үлгэрээс сэдэвлэсэн “Царцаа шоргоолж хоёр” (1934) киноны “The World Owes Me a Living дууг хэлсэн бололтой. (Орч.)


No comments:

Post a Comment