Saturday, December 21, 2024

Жон Чивер | ЭМЧИЛГЭЭ

 Жон Чивер (1912 – 1982) америк роман, өгүүллэгийн зохиолч. “Захын дүүргийн Чехов” гэх хочтой. “Аварга том радио”, “Дүү минь, баяртай”, “Тав дөчин наймын галт тэрэг”, “Хөдөөгийн нөхөр”, “Сэлэгч” зэрэг өгүүллэгээрээ алдаршсан энэхүү зохиолч хүний мөн чанарын хоёрдмол байдлын тухайд гол төлөв өгүүлдэг. Дүрүүд нь гадаад нийгэм дэх нэр хүнд, дотоод сэтгэлийн доройтол хоёрынхоо дунд гацсан байх нь түгээмэл. Өгүүллэгийн түүвэр нь 1979 онд Пулицерийн шагнал, Америкийн үндэсний ном шүүмжлэгчдийн шагналаас гадна 1981 онд Үндэсний номын шагналыг хүртсэн.



Жон Чивер | ЭМЧИЛГЭЭ

Энэ явдал зун болсон юм. Нью-Йоркод ч, миний амьдардаг дүүрэгт ч их халуун шатаж байсан нь санаанд минь үлджээ. Би эхнэр Рачельтэйгээ хэрэлдээд, тэр ч хүүхдүүдээ машиндаа суулгаж аваад явж одсон. Нууцаар дурандагчийг би анх тэднийг явснаас хагас сарын дараа харсан––түүнээс өмнө байсан эсэхийг бүү мэд––гэхдээ л Рачелийн явах, түүний ирэх хоёрын хооронд ямар нэг холбоо байгаа болов уу. Рачель эргэж ирэхгүй л байлаа. Тэр өмнө нь намайг хоёр удаа хаяж явсан––хоёр дахид нь бид салсан ч эргээд нийлсэн. Ийнхүү намайг хаяж явах бүрд нь надад аз жаргалтай гэхгүй ч нэг тийм өөрийгөө хүндлэх сэтгэл төрж тайвширдаг байв. Энэ явдал зун болсныг хэлсэн дээ, эхнэр минь хэрүүл хийх гэж зун болохыг хүлээсэнд би нэг талаас баярлаж байлаа.

Ингэснээр салсан гэдгээ даруй баталгаажуулах шаардлагагүй болох юм. Бид хэд хэдэн удаа салж нийлсэн ч арван гурван жилийг хамтдаа өнгөрүүлж, гурван хүүхдээс гадна хэд хэдэн банканд дундын данстай болжээ. Рачель ч бас над шиг салснаа баталгаажуулах ажлыг ес, аравдугаар сар хүртэл хойшлуулахаар шийдэж гэж би бодлоо.

Би зун салсандаа баяртай байв. Учир нь зун миний ажил барж давах аргагүй овоорч, орой гэхэд би гараа өргөж дийлэхээргүй ядарч орхидог юм. Тэгээд ч зун ганцаараа байх надад илүү амар гэдгийг би урьдын туршлагаасаа мэднэ. Шүүх хурлаар энэ байрыг Рачельд өгөх нь гарцаагүй, гэтэл би энэ байрандаа их дуртай, тэгэхээр энэ хэдэн сар миний байрандаа байх сүүлийн боломж гэж ч бодож байлаа. Гэхдээ гэрт огт асуудал гараагүй гэх аргагүй. Эхлээд нохой, дараа нь муур гэрээс зугтчихав. Гэж байтал нэг шөнө гэртээ ирэхэд минь манай гэрийн үйлчлэгч хатагтай Морин шал согтуу байх юм.

Хатагтай Морин нөхөр нь дайны дараа Германд алба хааж байхдаа өөр эмэгтэйд сэтгэл алдарсан тухай ярьж уйлаад өмнө минь өвдөг сөхрөв. Эхнэр хүүхэдгүй хоосон гэрт зуны орой ийнхүү хоёулхнаа үлдэх их хачин байлаа. Ийм хачин явдал болохоор хүн урьд гаргасан шийдвэрээсээ буцдаг шүү дээ. Би хатагтай Мориныг кофегоор дайлаад, хагас сарын цалинг нь урьдчилж өгөөд, машинаараа гэрт нь аваачлаа. Бид хоёр баяртай гэсээр салах үед хатагтай Морины сэтгэл гайгүй уужраад, согтуу нь ч гарч байх шиг санагдав. Би ч энэ хачин явдлыг мартъя гэж бодлоо. Тэгээд энэ явдлын дараа зуныг хэрхэн өнгөрүүлэхээ ерөнхийд нь төлөвлөхөөр шийдэв.

Хүн өөрийгөө романтик, бэлгийн харилцааны хувьд идэвхтэй ч, гамшиг хөнөөл учруулах тийм гэрлэлтээс эдгээж илааршуулж болно гэж би бодсон юм л даа. Гэхдээ эмчилгээний гам барьж байгаа хар тамхины донтон шиг л алхам бүрээ сайтар төлөвлөх хэрэгтэй. Би утас дуугарахад ер авахгүй байхаар шийдлээ, Рачель магадгүй харамсаад залгаж байх ч юм билүү. Үүнээс гадна биднийг буцааж эвлэрүүлэх магадлалтай өөр бусад зүйлийг ч нарийн тооцож үзэв. Жишээ нь, таван өдрийн турш бороо орох, хүүхдүүдийн хэн нэг нь халуурах, захианд хэцүү шаналгаатай зүйл бичсэн байгааг унших нь Рачелийн хувьд даруй утас шүүрч авах хангалттай шалтаг болох нь гарцаагүй. Би ч энэ сүйрсэн харилцааг цаашид үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд ормооргүй байна. Эхний хэдэн сарыг яг эмчилгээнд хамрагдаж байгаа юм шиг өнгөрүүлэх учиртай гэж бодсоор би яах ийхээ нарийн сайн төлөвлөлөө. Өглөө найман цаг арван минутын галт тэргээр хот орж, орой зургаа хагасын галт тэргээр буцаж ирнэ. Зун харуй бүрийд хоосон гэрт ганцаар байх дэмий тул галт тэрэгний буудлаас машиндаа суугаад “Орфеогийн баар” гэдэг гайгүй газар очно. Тэнд угаасаа ярих хүн мундахгүй, би ч тэр зуур хэдэн хундага мартини уугаад, үхрийн шарсан мах иднэ. Дараа нь Стоунибрукийн задгай кинотеатрт очиж хоёр кино ар араас нь угсруулан үзнэ. Би энэ бүгдэд––мартини, үхрийн шарсан мах, задгай кинотеатр зэрэгт––нэг ёсондоо мансуурч, цаг нөхцөөх гэж байгаа хэрэг. Ажлынхнаасаа гадна өөр хэнтэй ч уулзаагүй нь дээр.

Харамсалтай нь ганцаараа байхаар нүд нь тийм ч амар анилддаггүй болохоор одоо нойр хулжих гэдэг хэцүүхэн асуудал тулгарав. Кинотеатраас гэртээ ирээд даруй унтах ч хэдхэн цаг болоод л сэрж орхино. Би ч сэрүүн байх цаг хугацаагаа боломжоороо ашиглахаар шийдлээ. Бороо орж байвал, бороо, тэнгэр дуугарах чимээг сонсъё. Бороо орохгүй бол, холд замын боомтоор өнгөрч буй ачааны тэрэгний чимээг чагная. Энэ чимээ надад Их Хямралын үеийг хэрхэн замаар дэмий тэнэж өнгөрүүлснийг минь сануулдаг юм л даа. Тахиа, лаазтай хүнс, нунтаг саван, тавилга дүүртэл нь ачсан ачааны тэрэгнүүд замын боомтоор ар араасаа цуваад л. Энэ чимээг сонсохоор харанхуй орчин, машины урд гэрэл санаанд минь буудаг––энэ чимээ чихэнд таатай сонсогддог болохоор залуу нас минь ч санаанд орж ирэх нь дамжиггүй. Хааяа бороо, замаар өнгөрөх машины чимээ гэх мэтэд анхаарал минь сарниад би дахин унтдаг ч, нэг шөнө ер яагаад ч нойр хүрэхгүй болохоор арга ядаад шатаар доош бууж ном уншихаар шийдлээ.

Зочны өрөөний гэрлийг асаагаад, Рачелийн номын сан руу харлаа. Лин Ютань гэдэг зохиолчийн номыг сонгоод, мөлхөө чийдэнгийн доор, буйдан дээр суугаад уншиж эхлэв. Манай зочны өрөө их тохилог. Энэ ном ч янз нь гайгүй сонирхолтой бололтой. Манай энэ хавийн айлууд үүдээ барагтай бол түгждэггүй, зуны шөнө энэ хувийн гудамжаар ч хүн амьтан холхино гэж үгүй. Амьтан мэдээж байлгүй яах вэ, гэхдээ бүгд тэжээвэр, шөнө галт тэрэгний замын хажуугийн шар шувууны дуунаас өөр ямар ч чимээгүй. Гэрт үнэхээр чимээгүй оргино. Барстовын нохой хар дарж зүүдлээд сэрсэн юм шиг ганц хоёр хавлав. Эргэн тойрон дахиад анир чимээгүй боллоо. Гэнэт ойрхон хаа нэгтээ хүн хөдлөх, ханиалгах чимээ сонсогдов.

Бие зарсхийлээ––ямар жигтэйхэн санагддагийг та мэдэх хойно––би хэн нэгэн хүн намайг сэм ширтэж байгааг мэдэрсэн ч толгойгоо өндийлгөж харсангүй. Хүнд зөн совин гэдэг зүйл үнэхээр заяасан эсэхийг хэлж мэдэхгүй ч минийхээр тийм юм байдаггүй гээд бодчихвол амар юм шиг ээ. Тэр хүн зүгээр нэг сэм харах ч биш бүр зочны өрөөний маань цонхоор ширтэн, миний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцож байгааг юм шиг санагдаад явчхав. Харанхуй өрөөнд том гэрлийн доор сууж байгаа болохоор надад зугтах газар байсангүй. Би ч номынхоо хуудсыг эргүүлэн уншиж байгаа дүр эсгэлээ. Гэнэт надад гадаа байгаа мулгуу амьтны айдсаас ч илүү айдас төрөв. Би энэ хүн ханиах, явах чимээ, намайг сэм ажиглаад байгаа юм шиг тэр мэдрэмж миний өөрийн санаанаасаа зохиосон зүйл юм биш биз гэж айсаар толгойгоо өндийлгөлөө.

Түүнийг нэг хальт харах нь ч харлаа, тэр ч намайг хараг гэж байсан биз; мушилзах шиг болов. Би ч гэрлээ унтраалаа, гэхдээ гадаа их харанхуй, дээр нь нүд минь тод гэрэлд дассан учир цонхонд ер ямар ч дүрс туссан ялгаж чадахааргүй байв. Би хонгил руу гүйхээрээ хүрч, урд хаалганы гаднах чийдэнг асаалаа. Чийдэнгийн гэрэл тод биш ч, зүлгэн дээр байгаа хүнийг яаж ийгээд ялгаж дөнгөхүйц юм. Гэхдээ намайг цонхонд ойртоход зүлгэн дээр ч, түүний сууж байсан газар ч хүн байсангүй. Мэдээж тэр хүн хаана л бол хаана нуугдаж болно шүү дээ.

Явган хүний замын хажууд мэлрэг цэцэг тарьсан овоолоостой шороо, багсайтал ургасан голт бор цэцэгс, навчийг нь тайрсан агч мод бий. Би самурайн хуучин сэлмээ шүүрч аваад түүний араас хөөж мөшгөх гэсэн юм биш шүү. Би тийм хүн биш. Харин ердөө л үүдний чийдэнгээ унтраагаад, харанхуйд энэ ер юун хүн байж болохыг бодож зогслоо.

Би шөнө огт унтдаггүй хүмүүс байдаг гэж сонссон ч тийм хүн ер танихгүй; тэгээд энэ төмөр зам дагуух дан байрнуудын нэгнээс гарч ирсэн солиотой өвгөн байсан хэрэг гэж таамаглалаа. Магадгүй, бүх зүйлийг эергээр––үгүйдээ л тайвнаар––бодох шийдвэр гаргасан, угаасаа ч тэгэх шаардлагатай байсан тул би, түүнийг өтөл насандаа гэрээсээ хөөгдөн, шөнө дунд эргүүл цагдаа, элдэв ноходтой зэрэгцэн таньж мэдэхгүй газар тэнэж яваад ердөө Лин Ютань уншиж буй эр, өвчтэй хүүхдэдээ эм өгч буй хүүхэн эсвэл хөргөгчөөсөө чинжүүтэй чанасан хүрэн шош гарган идэж буй хүнээс өөр юм олж хараагүй хөөрхий өвгөн байж гэж бодож өрөвдөв. Харанхуй шатаар дээш гарч байхад минь тэнгэр дуугарч, хормын дараа зуны ширүүн бороо асгарч эхлэхэд би хөөрхий дурандагч минь энэ аадар борооноор хол гэртээ яаж харина даа гэж санаа зовлоо.

Цаг өглөөний дөрөв өнгөрчээ; би харанхуйд борооны чимээ, эрт ээлжийн галт тэрэгний дууг сонсоно. Галт тэрэг Буффало, Чикаго, Фар Вестээс ирээд Олбанигээр дамжин үүр цүүрээр голын эргээр урагшилна. Би тэдний ихэнхэд сууж үзсэн. Харанхуйд хэвтээд шөнийн вагоны гашуун агаар, унтлагын хувцасны үнэр, галт тэрэгний рестораны усны амт, Клевланд эсвэл Чикагод өдөржин байгаад Нью-Йоркод шинэ өдөр эхлүүлэх үеийн тэр мэдрэмж ялангуяа хэдэн жил хол газар байсан бол, ялангуяа зун цагт ямар байдгийг саналаа. Харанхуйд, галт тэрэгний гэрэлгүй вагон, өглөөний цайтай ширээ, тэр танил үнэрээ төсөөлөв.

Маргааш нь нойр минь маш их хүрч байсан ч би тэвчээр заан ажлаа дуусгаад, галт тэргээр харих замдаа зүүрмэглэлээ. Тэр үед унтвал унтах л байсан биз, гэхдээ тэгж аз туршаад яах вэ гээд би Орфеогийн баар, задгай кинотеатрт очдогоороо очив. Ёстой муухай хоёр кино үзлээ. Бүр мангуурсан болохоор орондоо оров уу, үгүй юү шууд унтсан ч утас дуугараад сэрээчхэв. Цаг хоёр болж байна. Би утас дуугарахаа болихыг хүлээн орондоо хэвтлээ. Шөнийн чимээ––салхи эсвэл замын чимээ––нойр хүргэхээсээ өнгөрсөн, нойр аль хэдийн хулжсан болохоор би доош буув. Нууцаар дурандагч ирнэ гэж бодоогүй ч харанхуйд мөлхөө чийдэн их тод харагдаж байсан тул би үүдний гэрлээ асаагаад Лин Ютанийн номоо уншиж эхэллээ. Барстовын нохой хуцахыг сонсоод, номоо тавиад, дурандагч минь ирсэн эсэхэд итгэлтэй болохын тулд том цонх руу ширтлээ, тэр ирдэг юм гэхэд намайг харахаас нь өмнө би түүнийг харах байв.

Үнэндээ би юу ч харсангүй, гэхдээ л хэдэн минутын дараа дахиад хөшиж орхилоо, нэг хүн намайг яах аргагүй ажиглаад байв. Би номоо дахин шүүрч авлаа, унших гэсэндээ биш, харин түүний эргэн ирснийг тоохгүй байгаагаа харуулах гэж. Өрөө олон цонхтой болохоор дурандагч яг аль цонхны ард зогсож байж болохыг мэдэх амаргүй. Гэнэт тэр яг ард минь байгааг ойлгоод, би айхын дээдээр айж, гэрлээ унтраалгүй үсэрч босмогцоо төгөлдөр хуурын дээрх нарийн цонхонд түүний царайг харах нь тэр. Би, “Эндээс тонил,” гэж хамаг байдгаараа хашгирлаа. “Рачель байхгүй! Явчихсан! Энд хараад байх юм байхгүй! Намайг тайван орхи!” Цонх руу гүйж хүрэхэд минь тэр хэдийн явчихсан байв. Дараа нь хүнгүй хоосон гэрт ингэж хамаг байдгаараа хашгирч байгааг бодоход би галзуурсан юм биш байгаа гэж ч бодлоо. Цонхонд туссан тэр царай туссан миний төсөөлөл юм биш биз гэж бодсоор гар чийдэнгээ авч гадагш гарав.

Гар чийдэнгээ асаан нарийн цонхны доорх цэцгийн мандлыг шалгалаа, тэр энд ирсэн нь тодорхой болов. Газар хөлийн мөр гарч, цэцгэн дээгүүр гишгэчсэн байлаа. Цэцгийн мандлаас зүлэг хүртэл мөрийг нь дагаж яваад би эрэгтэй хүний лакдсан арьсан шаахай оллоо. Багахан хуучирч, арьс нь хагарсан, өвгөн хүний шаахай байв. Ямартаа ч гэрийн үйлчлэгчид ийм шаахай өмсдөггүйг би мэднэ. Дурандагч хөршүүдийн маань нэг байж магадгүй. Би шаахайг авч хашаан дээгүүр Барстовын овоолсон бордооны зүг шидээд, гэртээ орж гэрлээ унтраагаад, шатаар дээш гарлаа.

Би маргааш нь цагдаад мэдэгдье гэж хэд хэдэн удаа бодсон ч яг тодорхой шийд гаргаж чадсангүй. Орой нь Орфеогийн бааранд зогсон шарсан мах болохыг хүлээнгээ энэ тухай дахин нэг бодов. Үнэндээ болсон явдал инээдтэй мэт санагдах ч би түүний царайг цонхоор дахин нэг удаа харахаас айж байлаа, бодож тусам улам айж байв. Амьдрал минь яг зөв замдаа орох гэж буй энэ үед ийм юм тохиолддог нь бас юу вэ. Гадаа харанхуй болж байв. Би утасны бүхээгт орж, цагдаа руу залгалаа. Хааяа галт тэрэгний зогсоол дээр хөдөлгөөн зохицуулдаг Стенли Мэдисон утас авав. Манай гэрийн ойр хавиар сэжигтэй этгээд холхиод байна гэж хэлтэл тэр, “Тийм үү?” гээд, надаас Рачель гэртээ байгаа эсэхийг асуув. Манай дүүрэг анх байгуулагдсан 1916 оноос хойш цагдаагийн газарт ийм төрлийн гомдол ер ирж байгаагүй юм гэнэ. Ярианд нь амьдарч буй дүүргээрээ бахархах өнгө тод мэдрэгдэж байлаа. Би угаасаа өөрийгөө эвгүй байдалд оруулна гэдгээ мэдэж байсан юм. Стенли ч, би энэ хавийн орон байрны үнийг унагах гэж зориуд ингэж ярьж байгаа юм шиг загнаж байв. Таван хүнтэй цагдаагийн баг хангалтгүй, угаасаа маш бага цалин авч, дэндүү хүнд нөхцөлд ажилладаг, би үүдэндээ хамгаалагч зогсоомоор байгаа бол оршин суугчдын хурал дээр цагдаагийн хэлтсийг өргөжүүлэх санал гаргах хэрэгтэй юм гэнэ. Дууны өнгө нь дайсагнасан байдалтай байх вий гэж ихэд болгоомжилж байлаа, ярианыхаа төгсгөлд Рачель болон хүүхдүүдийн тухай асуув. Би утасны бүхээгээс гарах үедээ буруу юм хийснээ мэдэж байлаа.

Тэр шөнө кино үзэж байхад минь ер бусын ширүүн аадар бороо орж эхлээд өглөө болтол үргэлжлэв. Дурандагч гэрээсээ гараагүй байх, би царайг нь ч харсангүй, чимээг нь ч сонссонгүй. Гэхдээ тэр маргааш шөнө нь дахиад ирлээ. Би түүний гурван цагийн үед ирээд, нэг цаг болоод явахыг нь сонссон ч номоосоо өндийж харсангүй. Би одоо түүний ер гэмгүй амьтан болохыг ойлгосон. Гэхдээ яг хэн болохыг нь мэдмээр байна. Тэгвэл би дэмий шаналахаа больж, эмчилгээгээ тайван амгалан үргэлжлүүлэх боломжтой болно. Би энэ ер хэн байж болох вэ гэж бодсоор шатаар дээш гарлаа. Манай энэ хавьд амьдардаг нь тодорхой. Манай найзуудын, хөршүүдийн зун цагт тэдэн дээр ирж амарч байгаа мэдрэл муутай хамаатан нь юм биш биз? Таньдаг хүн бүрээ нэг бүрчлэн бодоод тэд этгээд гаж зантай авга эсвэл өвөөтэй байж болох уу гэж ч бодлоо. Энэ танихгүй хүний дүрийг харанхуй шөнө дундаас тодхон хараад авбал санаа минь амрах гээд байв.

Би өглөө галт тэрэгний буудлын тавцан дээрх хүмүүс дунд тэр хүнийх байж болох царайг хайлаа. Үнэндээ царайг нь тийм сайн хараагүй ч дахин харвал танина гэдэгтээ итгэлтэй байв. Гэнэт би хайсан царайгаа олох нь тэр. Ер тэр дороо шүү. Тэр хүн тавцан дээр, хүмүүсийн дунд найм арвын галт тэрэг хүлээж байлаа. Миний таньдаг эрхэм.

Бленхоллоу орох замын хажуугийн том шар байшинд суудаг Херберт Марстон байв, энэ хүн. Би эхэндээ бага зэрэг эргэлзэж байсан ч төрх байдлаас нь тэр гэж даруй ойлгосон юм. Тэр гэмтэй, айсан байртай байв. Би түүн рүү дөхөж очоод бодсоноо хэлье гэж бодлоо. “Шөнө манай гэр доторхыг сэм дурандах тань ч яах вэ, харин эхнэрийн минь тарьсан цэцгийг гишгэчихгүй байж болох уу?” гэж хэлэх гэсэн юм. Гэвч хэлсэнгүй, учир нь тэр ганцаараа биш, эхнэр охин хоёртойгоо цуг явж байв. Би хүлээлгийн танхимын буланд зогсоод тэднийг дагуулан харлаа.

Ноён Марстоны царай төрхөд ч, байр байдалд ч анхаарал татах юм байсангүй––магад өөрийг нь зүгээр орхих гэж байгааг минь анзаарсан биз. Өндөр нуруутай, бууралтсан үстэй, залуудаа царайлаг байсныг нь харуулах ясархаг нүүртэй. Хүн худал дүр эсгэж байгаа бол энэ нь нүүр царай нь татвалзах зэрэг шинж тэмдгээр илэрнэ гэдэгт итгэх итгэл минь тийм амар алдрахгүй ч би тэр өглөө ноён Марстоны царайд тийм шинж тэмдэг хайгаад ер ололгүй бууж өгсөн юм. Тэр шийдэмгий, шударга хүн шиг харагдаж байв––ер ажил олдоггүй Чаки Ивинээс, хүү нь саа өвчин туссан Ларри Спенсерээс, тавцан дээр галт тэрэг ирэхийг хүлээж буй бусад эрчүүдээс яах аргагүй илүү. Би дараа нь охин Лиди рүү нь харлаа. Лиди манай эндхийн хамгийн хөөрхөн охидын нэг. Би урьд нэг удаа түүнтэй галт тэргэнд тааралдахад тэр Улаан загалмайд сайн дураар ажиллаж, захидал харилцаа хариуцдаг гэж ярьж байсан. Тэр өглөө ханцуйгүй цэнхэр даашинзтай, их хөөрхөн, өхөөрдөм харагдаж байв, би түүнийг гомдоох зүйл огт хийхгүй. Дараа нь би хатагтай Марстон руу хараад, миний хайсан шинж тэмдэг царайд нь тодорч байгааг анзаарсан ч тэр ер яалаа гэж нөхрийнхөө гэнэн томоогүй зангаас болж шаналах ёстойг ойлгосонгүй. Гадаа маш халуун байсан ч хатагтай Марстон хүрэн өнгийн хослол өмсөөд, мөрөн дээгүүрээ ангийн арьс тохжээ. Царай нь гөлийж цонхийсон хэрнээ мушилзсан дүртэй. Гал тэрэг хүлээж байхдаа ч учир битүүлэг инээмсэглээд л. Олон жилийн өмнө их хүчтэй, магадгүй дур тачаал өдөөсөн зүйл туулаад царай нь ингээд тогтсон юм уу гэмээр. Гэхдээ олон жил залбирч мацаг барихаар, тэр хүчтэй зүйлийн үлдээсэн тэмдэг дарагдаж бүдгэрээд, ердөө ам, нүдний эргэн тойронд хатагтай Марстоныг зөрүүд хэрнээ багахан өхөөрдөм дүр төрхтэй болгох үрчлээс л үлдэж. Би, нөхөр нь халаадаа өмсөөд айлын арын хашаагаар сэлгүүцэж явахад хатагтай Марстон нөхрийнхөө хойноос залбирч байдаг биз гэж бодлоо. Намайг хэн сэм дурандаад байгаа нь сэтгэлийг минь чилээж байсан ч одоо хэн гэдгийг нь мэдсэн ч санаа минь амарсангүй. Буурал үстэй эрхмийн хөөрхөн охин, эхнэр хоёртойгоо зогсож байгааг харах сэтгэлийг минь бүр ч үймрүүлэх нь тэр.

Тэр орой би хотод үлдэж, коктейл үдэшлэгт явахаар шийдлээ. Үдэшлэг том зочид буудлын дээд давхрын байранд болох байв. Би тэнд очмогцоо хамтдаа оройн хоол идчих хүн олох санаатай задгай дээвэр рүү гарлаа. Шинэ гуталтай хөөрхөн охин олъё гэж бодож байсан ч, тэр өдөр хорвоогийн хамаг хөөрхөн охин газрын гаваар орсон бололтой. Дээвэр дээр буурал үстэй нэг хүүхэн зогсож байв, хажууд нь унжиж санжсан малгайтай өөр нэг хүүхнээс гадна миний урьд нь хэд хэдэн удаа таарсан алдартай жүжигчин Грейс Харрис хань болжээ. Грейс Харрис цонхигор царайтай, нас дээр гарсан хөөрхөн хүүхэн л дээ, би түүнтэй урьд нь нэг удаа уулзсан ч надад түүнтэй яриад байх юм олдоогүй. Харин тэр орой Грейс Харрис над руу харж инээмсэглэв. Би түүн рүү хариу инээмсэглээд, баар руу довтолгох Харри Пүрселлийг хань татлаа. Бид хамтдаа ганц хоёр хундага юм уунгаа дэмий ярив. Намайг өрөө рүү эргэж харах тоолонд Грейс Харрис над руу өрөвдсөн байртай харад байх юм. Яагаад тэгж хараад байгааг нь ойлгосонгүй, намайг хүнтэй андуурсан бололтой. Насыг нь нуусан нил өнгийн нүдтэй хүүхнүүдийн ихэнх нь ер жигтэй харалган байдаг, би мэдэлгүй яах вэ: Тэр өрөөний нөгөө булан дахийг ч харахгүй байгаа. Цаг орой болсон ч, надад яарах юм үгүй, би уусаар байлаа. Харри угаалгын өрөө рүү зүглээд би ганцаараа үлдэв. Яагаад ч юм надад тэр их удах шиг санагдлаа. Тэр үед өрөөний нөгөө буланд хүнтэй ярьж байсан Грейс Харрис над руу ойртов. Надад тулж ирээд, цасан цагаан гараараа гарыг минь атгаад, “Хөөрхий хүүхэд,” гэж шивнэв. “Хөөрхий хүүхэд.”

Би хүүхэд биш, хөөрхийлөөд байх ч юм үгүй, энэ одоо хажуунаас холдоод өгөөсэй гэж бодлоо. Уг нь Грейс Харрис их ухаалаг царайтай ч тэр орой их гунигтай, санаа нь үймэрсэн шинжтэй байв. Гунигтайгаар, “Би хүзүүгээр чинь олс ороож байгааг харлаа,” гэв. Тэгээд гараа пиджак дээрээс минь аваад өрөөнөөс гарчхав. Тэр гэртээ харьсан байх, би түүнийг тэнд дахиж хараагүй. Харри угаалгын өрөөнөөс гарч ирэхэд би түүнд юу болсныг хэлэлгүй, өөрөө ч энэ бүгдийг мартахаар шийдэв. Би үдэшлэгт бодсоноосоо ч удаан байгаад, шөнийн галт тэргээр гэртээ ирлээ.

Усанд ороод, унтлагын хувцсаа өмсөөд, хэвтсэнээ санаж байна. Нүдээ анив уу, үгүй юү Грейс Харрисын хэлсэн олсыг харлаа. Үзүүрт нь цаазын гогцоо байв. Би Грейс Харрисын юу гэх гэснийг анхнаасаа ойлгосон: Тэр өөрийгөө боомилно гэдгийг минь зөн совингоороо мэдрээд сануулсан хэрэг. Олс аажим аажмаар ухамсар руу минь бууж байх шиг. Би нүдээ нээгээд, өглөө хийх ёстой ажлаа бодлоо. Гэвч нүдээ дахиад анихаар хоосон орой зай харагдаад, олс тэр хоосон руу хөндлөвчнөөс доош унжуулсан мэт буугаад тэндээ тогтож байв. Би нүдээ нээгээд, ажлынхаа тухай дахин бодсон ч нүдээ дахиад анихаар дахиад нөгөө дүүжлээстэй олсоо харж байлаа. Тэр шөнө нүдээ анин унтах гэж оролдох бүрд минь унтана гэдэг сохор хүний шаналал шиг л санагдаж байв. Харагдах юм огт үгүй болсон болохоор тэр дээрэнгүй олсыг харанхуйгаас хэн ч гаргаж авч чадахгүй байх шиг.

Би орноосоо босоод, шатаар доош буун Лин Ютанийн номыг дэлгэлээ. Уншиж эхлээд төд удалгүй ноён Марстоны гадаа зүлгэн дундуур явж байгааг сонсов. Би одоо үгүйдээ түүний юу харах гээд байгааг нь мэдэж авсан байв. Айлаа. Гэрлээ унтраагаад, босож зогслоо. Цонхны гадна харанхуй, би түүнийг олж харахгүй байв. Гэрт ямар нэг олс байгаа билүү гэж бодтол хүүгийн минь жижиг завины олс санаанд минь оров. Би завь байгаа зоорь руу яаран буулаа. Завь мод хөрөөддөг тавцан дээр байв, олс нь хүн өөрийгөө дүүжлэхэд хангалттай урт юм. Дээш гүйсээр галт тогооны өрөөнд орж, хутга аваад олсыг тас огтоллоо. Дараа нь сонин авч зууханд хийгээд, яндангийн хаалтыг аван олсыг шатаалаа. Тэгээд хамгийн дээд давхар руу шатаар гүйхээрээ гарч орондоо орлоо. Одоо айх юмгүй санагдав.

Хамгийн сүүлд хэзээ ингэж бат бөх унтсанаа ч санах юм алга. Гэхдээ л өглөө нэг хачин мэдрэмж төрөөд, цонхоор харахад цаг агаар сайхан байсан ч гадагш гармааргүй санагдав. Тэнгэр, нарны туяа, бүх зүйл бүдэг бадаг, хол харагдаж байв, бүгдийг нь холоос харж байгаа юм шиг. Марстоныхонтой дахиж таарахгүйн тулд найм арвын галт тэргээр явахаа болиод түүний дараагийн галт тэргэнд суулаа. Тэр олс санаанд минь байсан хэвээр, би галт тэргээр явах замдаа нэг өөдгүй олсыг нэг хоёр удаа харлаа. Өглөөг арай гэж өнгөрүүлээд, үдэд ажлаасаа гарч явахдаа нарийн бичигтээ үдээс хойш буцаж ирэхгүй гэдгээ хэлэв. Би Натан Шийтэй их сургуулийн клубт уулзахаар тохирсон юм. Тэнд эртхэн очоод бааранд нь нэг хундага мартини уулаа. Дасал болсон зуршлынхаа тухай найздаа ярьж буй настай эрхмийн хажууд зогсох зуур толгой руу нь төмпөн дүүрэн эрдэнэ шиш асгамаар санагдаж байв. Гэхдээ би мартини дарсаа чимээгүй шимэнгээ, баарны үйлчлэгчийн цаг руу харлаа. Цаг нь гааны ликёрын урт хүзүүтэй лонхон зүүлттэй юм. Ший ирэхээр би түүнтэй цуг хоёр хундага юм уулаа. Жин архины мансууруулах нөлөөний ачаар үдийн хоол асуудалгүй өнгөрөв.

Бид Парк өргөн чөлөөнд салтал, уусан мартини минь надаас нүүр буруулан би дахиад нөгөө олсоо харлаа. Үдээс хойш цаг хоёр болж, гадаа нартай байсан ч надад харуй бүрий болсон мэт санагдав. Би Корн Иксченж банк руу очиж таван зуун долларын чекээ задлуулж, Брүк Бродерс дэлгүүрээс янз бүрийн зангиа, хайрцаг навчин тамхи аваад, дээд давхарт гарч хослол сонирхлоо. Дэлгүүрт үйлчлүүлэгч гэх юм бараг үгүй байв. Тэдэн дунд ганцаараа яваа мэт харагдах залуу бүсгүй анхаарлыг минь татав. Нөхөртөө авах юм харж байх шиг. Шар үстэй, цагаан арьс нь нимгэн цаас шиг толигор, булбарай. Их халуун байсан ч ер халууцсан шинжгүй, Рай эсвэл Гринвичээс галт тэргээр энэ хүртэл явсан ч гэртээ дөнгөж усанд орсон юм шиг цэвэр цэмцгэр хэвээр. Гар, хөл нь тэгшхэн, дур булаам, царай нь ухаалаг гэрийн эзэгтэйн гэмээр дүр төрхтэй; энэ дүр нь гал, хөлийн дур татам байдлыг нь улам ч тодруулж байх шиг. Тэр явсаар цахилгаан шатны хажууд зогсоод товчийг нь дарав. Би яаран хажууд нь очиж зогслоо. Бид хамтдаа доош буугаад, би түүнийг даган Мадисоны гудамж хүртэл явав. Явган хүний зам хөл хөдөлгөөн ихтэй, би ч түүний хажууд явсаар байлаа. Тэр над руу нэг хараад, дагаж явааг минь ойлгосон ч би түүний ойр орчны хүмүүсээс тийм амар тусламж гуйхгүйг мэдэж байв. Бүсгүй буланд зогсоод, гэрлэн дохио өөрчлөгдөхийг хүлээв. Би ч хажууд нь хүлээлээ. Түүнд маш зөөлөн дуугаар, “Хатагтай, шагайг тань барьж болох сон болов уу? Надад өөр хүсэх юм алга. Энэ амьдралыг минь аварна,” гэж хэлэхгүйг хичээн зогсож байлаа. Тэр дахиж над руу эргэж харсангүй, би ч түүний айж байгааг ойлгов. Түүнийг гарц хөндлөн гарахаар би ч бас гарц хөндлөн гарлаа. Харин толгой дотор минь нэг дуу, “Шагайг тань нэг л удаа барья. Энэ амьдралыг минь аварна. Би зүгээр шагайг тань л баримаар байна. Мөнгө төлсөн ч болно,” гэж гуйж байв. Би түрийвчээсээ цаасан мөнгө гаргалаа.

Гэж байтал араас минь нэг хүн нэрийг минь дуудаж байв. Би манай ажлаар орж гардаг зар сурталчилгааны газрын худалдагчийн нөхөрсөг дууг танимагцаа түрийвчээ халаасандаа хийгээд, гудамж хөндлөн гарч олон хүн дунд оръё гэлээ.

Би эхлээд Парк өргөн чөлөө, дараа нь Лексингтон хүртэл яваад, кинотеатр руу орлоо.

Хүйтэн агаар үлээх хуучин агааржуулагчийн чимээ Чикаго, Фар Вестээс өглөөний галт тэргэнд сууж явахад голын зүгээс үлээх салхийг санагдуулж байв. Үүдний танхим хүнгүй, надад ордонд эсвэл сүмд орж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Би шатаар дээш гартал шат дээшлээд огцом эргэмэгцээ ямар ч сүр жавхлангүй болж орхив. Шатны тавцан нь хиртэй, хана нь хоосон. Би шатаар цааш явсаар тагтанд хүрээд, тэнд харанхуйд одоо юу ч намайг аврахгүй, ямар ч хөөрхөн охин шинэ гутлаа өмсөөд өмнө минь гарч ирэхгүй гэж бодов.

Би галт тэргэнд суугаад гэртээ харилаа. Орфеогийн баараар ч, кинотеатраар дайрах аргагүй ядарсан байв. Галт тэрэгний буудлаас машиндаа сууж гэртээ ирээд, машинаа гараашид тавилаа. Би гараашид ормогцоо л гэрт утас дуугарч байгааг сонссон ч хашаанд зогсоод утас чимээгүй болохыг хүлээв. Зочны өрөөнд орж ирээд хүүхдүүд явахаасаа өмнө гараараа хана халтартуулсан байхыг хараад, тэр халтартсан хэсэг нэлээд доор байсан тул үнсэх гэж доош сөхөрч суулаа.

Дараа нь зочны өрөөнд хэсэг суув. Унтаж орхиж, сэрэхэд минь цаг нэлээд орой болсон байв. Хажуу байрнууд бүгд харанхуй. Би гэрлээ асаалаа. Дурандагч минь одоо шаахай, халаадаа өмсөж байгаа биз. Тэгээд арын хашаа, цэцэрлэгээр тэнүүчилж эхэлнэ. Хатагтай Марстон сөхөрч суугаад залбирч байгаа биз. Би ч Лин Ютаний номоо аваад уншиж эхэллээ. Барстовын нохой хуцах дуулдана. Дараа нь утас дахин дуугарав.

Би Рачелийн дууг сонсмогцоо, “Хайрт минь!” гэж хашгирлаа. “Хайрт минь! Хонгор минь!” Рачель уйлж байв. Тэд Сийл усан онгоцны зогсоол дээр байгаа юм гэнэ. Долоо хоногийн турш бороо орж, Тоби дөч гартал халуурсан юм байх. “Би одоо замд гарлаа,” гэлээ би. “Маргааш наана чинь очно. Маргааш өглөө очно. Хайрт минь!”

Ингээд гүйцээ. Бүх юм дууссан. Би цүнхээ бэлдээд, хөргөгчөө салгаад, шөнөжин машин барилаа. Бид тэр цагаас хойш аз жаргалтай байна. Миний мэдэхээр, ноён Марстон дахиж шөнө дөлөөр манай энэ хавиар үзэгдээгүй, гэхдээ би түүнийг галт тэрэгний буудал, хотын клубт хэд хэдэн удаа харсан. Охин Лиди нь дараа сард хуримаа хийнэ. Цонхигор царайтай эхнэр нь буяны ажилд бие сэтгэлээ зориулсан гэж шагнал авсан. Ер нь бол бүгд сайн. ♦

 

 

 

 

 

 

 

Чазере Павезе | Амиа хорлогсод


 


 

I

 

Зарим өглөө миний амьдардаг хот, гудамжаар холхих хүн зон, машинууд, модод, ер бүх зүйл ердийн байдгаараа юм шиг хэрнээ таних аргагүй, өөр дүр төрхтэй сэрдэг. Яг хүн толь руу хараад “Энэ хэн бэ?” гэж өөрөөсөө асуудаг шиг. Би жилийн ийм л өдрүүдэд дуртай.

Ийм өдрүүдэд би ажлаасаа болж өгвөл эртхэн шиг гараад, олон хүн дунд орж, гудамжаар нааш цааш холхих хүмүүсийг нүд унаган ширтдэг. Хүмүүсийн зарим нь ч намайг ч бас ширтдэг л байх. Энэ үед би ер жигтэйхэн нүүрэмгий болдог юм чинь. Учир нь би өөрөөсөө өөр хүн болчих шиг санагддаг.

Би амьдралаас, энэ мөчийн надад өгдгөөс илүү таашаал авч чадахгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс ч заримдаа энэ цаг мөчийг уртасгах арга зам хайгаад, амжилттай болох минь ч бий. Том цонхтой, саруулхан цайны газар суугаад, гудамжны түчигнээн, ирж буцах хүн зоны нүргээн, нүд гялбам өнгө, дуу болон энэ бүгдийг тэнцвэржүүлэх цайны газрын нам гүм байдлыг дотроо гүн гүнзгий мэдрэн энэ таатай мөчөө хэдэнтээ сунгаад авсан шүү. 

Би сүүлийн хэдэн жил багагүй зовлон үзэж шаналсан. Гэхдээ миний чин сэтгэлээсээ хүссэн цор ганц зүйл бол энэ чимээгүй, нам гүм байдал юм шүү гэж хэлмээр байна. Би үймээн, шуугианд таарах хүн ер биш. Хааяа чичирсээр гадагш гардаг ч, зориг зүрхтэй хүн шиг эрэмгийхэн алхалдаг ч, үнэндээ амьдралаас цор ганц хүсэх зүйл минь ердөө амьдрал хэрхэн өрнөж байгааг л ажиглаж харах.

Гэхдээ энэ даруухан таашаал минь ч хааяа надад уй гуниг авчрах нь бий. Амьдрахын тулд хүн бусдын өмнө биш, харин өөрийнхөө өмнө ов мэхтэй байх хэрэгтэй гэдгийг би ердөө өчигдөр ойлгосон юм биш л дээ. Би, хийсэн үйлдлээ дотроо зөвтгөх нэг бус шалтгаан урьдаас олоод зориуд эвгүй зан гаргадаг эсвэл адайр муухай аашилдаг хүмүүст – эд голдуу хүүхнүүд байдаг – атаархдаг. Өөртөө итгэлгүй зангаасаа болж тулаан тэмцлээс зугтаж, чимээгүйн дунд ганцаар байх боломжийг эрэлхийлэхийг минь эс тооцвол надад дутагдал гээд байх юм үгүй ч би надад шан болгож өгсөн тэр жаахан зүйлээс таашаал авахдаа ч өөртөө ов мэхтэй загнаж, эзэн нь болж чадахгүй юм.

Эцэст нь яадаг вэ гэхээр, би заримдаа гудамжинд зогсоод, эргэн тойрноо хараад, ийнхүү ичгүүргүй загнан таашаал авах эрх надад байгаа эсэхийг өөрөөсөө асууна. Энэ, ялангуяа ойр ойрхон гадагш гарах болсон тэр үед тохиолдоно. Гэхдээ намайг ажлаасаа зугтдаг юм байна гэж битгий бодоорой: Амьжиргаа минь боломжийн, дээр нь би ээж гэдэг тэр эмгэний гэртээ байлгах дургүй цор ганц үеэлийнхээ дотуур байртай сургуульд сурах зардлыг төлдөг юм шүү. Би гадуур догдлон зугаалж явахдаа инээдтэй харагддаг эсэхээ өөрөөсөө асуудаг: Инээдтэй бас жигшмээр ч юм шиг. Учир нь би хааяа надад ингэж зугаалах эрх ч байхгүй гэж бодож өөрөөсөө жигшдэг юм.

Эсвэл яг өчигдөр өглөөнийх шиг, цайны газар анхандаа элдэв үйл явдалгүй мэт харагдаж намайг төөрөгдүүлсэн тэр үзэгдлийг хэнэггүй харах минь ч намайг ганцаардуулж, удах тусам утга учир нь улам тодрох гунигт дурсамжаа нэхэн санаж учир утгагүй шаналахад хүргэнэ.

Угтаа бол энэ, найзтайгаа цуг яваа цайвар өнгийн цувтай залуу үйлчлүүлэгч, кассчин охинтой таван минут хэртэй наргиан хийж ярилцсан хэрэг л дээ. Залуу, кассчин охинд зуун лираны хариултыг нь өгөхийг сануулан, касс руу цохин, цүнх халаасыг нь нэгжинэ гэж тоглоом хийгээд, дэргэд нь зогсоод өмнөөс нь ичингүйрсэн найз руугаа нүд ирмэн, “Үйлчлүүлэгчтэй ингэж харьцаж болохгүй,” гэсэн юм. Кассчин охин инээж байлаа. Залуу тэр зуун лираг аваад зочид буудлын цахилгаан шатнаас эхэлсэн урт гэгчийн аян замд хэрхэн гарах тухайгаа түүх зохиож ярьсныхаа дараа, инээдээ арай гэж барьж ядах зуураа, тэр мөнгийг ер авдаг л юм бол банкны дансанд хийх нь дээр юм гэсэн шийдвэрт хүрэв.

Эцэст нь залуу цайны газраас гарангаа, “Бүсгүй минь, баяртай. Өнөө шөнө намайг бодоорой,” гэж хашхирав.

Кассчин охин тас тас хөхөрсөөр зөөгч рүү, “Энэ ёстой юмтай,” гэж байлаа.

Би энэ охиныг өмнө нь ч харж байсан. Хааяа юу хийж байгаагаа мартаад, түүнийг над руу хараагүй үед өөдөөс нь харж инээмсэглэх ч үе гарна. Гэхдээ миний амар амгалан байдал маш эмзэг, хувьсамтгай, яг хумхын тоос л гэсэн үг. Эцэст нь би заншил ёсоороо харамсаж таарав.

“Энэ ертөнцөд бид бүгд ялгаагүй жигшмээр төрх байдал гаргадаг ч бусдын жигшлийг төрүүлж буй байдал төрх маань хоёр янз. Эхний тохиолдолд тухайн хүний тэр жигшмээр, дургүйцмээр байдал төрх бидэнд бас ч үгүй өхөөрдөм, дотно сэтгэгдэл төрүүлнэ. Хоёр дахь тохиолдолд бид зүгээр л тэр хүнээс зугтаж, түүний эргэн тойронд хоосон орон зай үүсгэдэг. Эхнийх нь хоёр дахиа бодвол тийм ч мунхаг биш.”

Би амьдралдаа мунхаг загнахаас өөр ямар ч алдаа гаргаагүй гэсэн бодол надад өглөө бүр төрдөг. Бусад хүн дотроо тооцоо хийж, золиос тоглоомын тухай бодолтой байж, өрөөлд гэтлэх аргагүй гай тарьдаг биз. Угаасаа ингэж дэмий үрсэн амьдрал төдий таатай зүйл үлдээх нь юу л бол. Харин миний хувьд, бүтэлгүйтэн тээнэгэлзсэнийхээ төлөөсөнд зовж шаналахаас, бусад хүнтэй харилцаа тогтоомогцоо хачин утгагүй хэрцгий зан гаргахаас өөр яагаа ч үгүй гэж болно. Ердөө хэдхэн хором ганцаардлынхаа горыг эдлэх минь надад хангалттай – угаасаа өөр аргагүй – учир нь би аль хэдийн Карлотаг бодож эхэлсэн байна.

Карлота нас бараад нэг жил өнгөрч байна. Түүний дурсамж намайг хэрхэн олзолж авдгийг би нэгд нэгэнгүй мэднэ. Би хүсвэл энэ дурсамж ухаан санаанд минь тодрохын өмнөх цаг мөч, байр байдлыг урьдаас мэдрэн өөрийгөө аварч гарч чадна. Гэхдээ би өөрийгөө энэ дурсамжаас тэр бүр татаж авдаггүй. Нэг жилийн өмнөх ойлгомжгүй явдлын нууцлаг дүр байдал надад гашуудах сэтгэл төрүүлнэ. Би тэр цаг мөчийг үнэхээр сэтгэлдээ гүн мэдэрсэн болохоор одоо энэ, санаанд минь тодорхой нэг зүйлийг биш, харин өнөөдрийн үнэн байдлыг, үнэн байдлын дүр төрхийг тод харуулдаг юм.

Гэхдээ энэ Карлота нууцлаг нэгэн байсан гэсэн үг биш шүү. Тэр харин ч энгийн байдгаараа байхаа болиод, зальтай дүр эсгэн, эрхэлж аальгүйтэхээрээ дургүй хүрмээр болдог ямар ч онцлоггүй хүүхнүүдийн – хөөрхийс – нэг байв. Өөрийн гэсэн ямар ч онцлоггүй болохоор нь хүн ч тоож харахгүй. Кассчин хийгээд яаж амьдарч болоод байгааг нь би ер ойлгодоггүй байлаа. Ёстой л нэг гэлэнмаа болж баймаар хүүхэн сэн.

Миний өнөөдрийг хүртэл ойлгоогүй өөр нэг зүйл бол тэр үеийн дотоод сэтгэл, зан байдал минь. Карлотагийн намайг хоёр өрөө жижиг байрандаа хүлээж авахаар хилэн даашинз өмссөн – даашинз нь нэлээд хуучирсан байв – миний өөрийг нь усны хувцастай хармаар байна гэсэн тэр оройг юу гэх вэ? Би түүнтэй уулзаад удаагүй, ер үнсэж ч үзээгүй байсан шүү дээ.

Ямартаа ч Карлота над руу айсан янзтай инээмсэглэснийхээ дараа нөгөө өрөөндөө ороод, гайхмаар юм аа, усны хувцас өмсөөд буцаж ирэх нь тэр. Би тэр орой түүнийг тэвэрч буйдан руу нь аваачсан, гэхдээ өнөөх ажил дуусмагц хүнтэй унтсаныхаа дараа ганцаараа байх дуртайгаа хэлээд гадагш гарсан, гурван хоног түүнээс зугтсан, дахин уулзахдаа түүнтэй “та” гэж харьцаж байлаа.

Дараа нь, түүний чичирсэн хоолойгоор зовлон тоочих, миний ганц хоёр үгээр хариу хэлэх утга учиргүй сээтгэнээн эхлэв; удалгүй би гэнэт “чи” гэж ярьж эхэлсэн ч энэ удаа Карлота намайг дагасангүй. Тэгэхээр нь би түүнээс нөхөртэйгөө эвлэрсэн үгүйг нь асуулаа. Карлота уйлах шахан, “Тэр хэзээ ч надтай тан шиг харьцаж байгаагүй,” гэв.

Даруй толгойг нь цээжиндээ наагаад илж энхрийлэн өөрт нь хайртайгаа хэлэхэд надад ер ядах юм байсангүй – над шиг ганц бие хүн ийм нөхрөөсөө тусдаа амьдардаг хүүхэнтэй янаглаж амраглаж болохгүй гэж үү? Карлота биеэ сул тавиад нам дуугаар надад анхнаасаа хайртай байснаа, намайг гайхалтай эр хүн гэж боддогоо, гэхдээ танилцаад удаагүй энэ богино хугацаанд өөрийг нь ихэд шаналгасныг минь, бүх эрчүүд өөрт нь ингэж ханддагийг  – яагаад ч юм бүү мэд – удаан гэгч нь ярив.

Би үс уруу нь толгойгоо нааж инээмсэглэсээр түүнд, “Халуу хүйтэн хосолж байж хайр сэтгэл үргэлжилнэ,” гэж хэллээ.

Карлота өөрөө ч, ядраад гөлөрч орхисон том ногоон нүд нь ч, бие нь ч цонхигор үлбэгэр байв. Тэр шөнө харанхуй өрөөнд байхдаа, урьд өмнө нь бие нь таалагдаагүй учир өөрийг нь орхиж явсан эсэхийг минь тэр надаас асуулаа.

Гэхдээ би энэ удаа түүнийг огт өрөвдсөнгүй, шөнө дунд хувцаслаад, ямар нэг шалтаг тоочилгүй, явалгүй болохгүй нь гэж хэлээд гадагш гарлаа. Карлота намайг гаргаж өгмөөр байна гэв. Би, “Хэрэггүй, би ганцаараа баймаар байна,” гэж хэлээд үнсээд гарлаа.

_____________

 

II

 

Карлотатай танилцах үедээ би бүх амьдралыг минь сүйрүүлэх шахсан шуургыг давж гарах гэж байв; өөрт минь дурласан хүнээс зугтаад, хотын хүнгүй гудамжаар харьж явахдаа би гундуухан баяр хөөр мэдэрч байлаа. Би хэсэг хугацаанд, дураараа зантай хүүхний давлиун занд доромжлуулж, галзуурах шахан өдөр хоногийг өнгөрүүлэхээс өөр аргагүй болоод байсан юм л даа.

Одоо бодох нь ээ, ямар ч сэтгэлийн хөдлөл, догдлол хүний зан араншинг өөрчилж чаддаггүй юм байна. Хүний зан араншин үхэн үхтэл нь өөрчлөгддөггүй бололтой. Догдлох сэтгэлийн оргилд хүрснийхээ дараа хүн өмнө нь хэн байсан, шударга иргэн эсвэл луйварчин, өрхийн тэргүүн эсвэл хүүхэд, тэр хэвээр амьдралаа үргэлжлүүлнэ. Бүр үүнээс ч дээр юм тохиож, сэтгэлээр унах үедээ хүн өөрийн зан чанараа олж нээж ч болно. Энэ ер гайхмаар хэрэг шүү! Нэг хэвийн байдлаас залхаж, энэ их доромжлол тэсэх аргагүй болмогц үхмээр санагдаж болох ч бидэнд өөрсдөөс маань өөр буруутгах хүн хэн байх билээ. Би энэ амьдралыг цор ганцаар, ямар ч зорилгогүй, гадаад ертөнцтэй харилцаа тогтоох чадваргүй, ойр дотнын хүмүүсээ хайрлалгүй – тэсэж тэвчишгүй ээж, төдий талтай биш үеэлээ ер ойшоолгүй – өнгөрөөж байгаа бол, энэ бүхэн түүнээс болсон хэрэг: Бүх зүйл түүнээс болсон, гэхдээ өөр хэн нэгэнтэй үйл явдал арай дээр байдлаар өрнөж болохгүй байсан юм гэж үү? Намайг зан байдалд минь тохирохуйцаар доромжилж чадах хэн нэгэнтэй гэх гэсэн юм.

Гэсэн хэдий ч тэр үед, энд хохирсон хүн нь би, бүсгүй минь намайг араар тавьсан байж магадгүй гэсэн бодол сэтгэлийг минь бага ч болов тайвшруулдаг байв. Шаналж байх үедээ хүн ямар ч гэмгүй атал шаналж байгаагаа бодвол энэ бодол нь түүнд нэг ёсны тайвшруулах эм болдог доо. Ингэж бодох нь бидэнд амьдралд буцаж орох хүч өгч, илүү үнэ цэнтэйг маань мэдрүүлдэггүй гэж үү? Би яг ингэж бодон, надад ёстой увайгүй загнаж, намайг хэлмэгдүүлсэн байгаасай гэж хүссэн юм. Тэр урт өдөр, шаналал дүүрэн шөнүүдэд агаар, гэрэл тархах шиг нууц, чимээгүй мэдрэмж надад төрснийг санаж байна: Гайхшрах, тэр болсон бүхэн, тэр эмэгтэй, элийрэх, татганах, санаа алдах, үгс, үйл явдал, би яагаад заавал ийм байх учиртайд гайхах.

Гээд яах вэ, хүн намайг хэлмэгдүүлэхээр, би буцаад өөр нэгнийг заншил ёсоор гэмтэй хүнийг биш харин өөр хэн нэгнийг зовоож хариугаа авч буй хэрэг.

Надад шөнө Карлотагийн гэрээс сэтгэл ханаж, бие амарсан байдалтай гараад, эрх чөлөөтэй, уртаас урт өргөн чөлөөгөөр хэнд ч эелдэг ялдам харагдах албагүй, залуу үеийн мэдрэмж бодлоо хайн ганцаар тэнүүчлэх сайхан санагддаг байв. Шөнийн эгэл даруу байдал – харанхуй, чийдэнгүүд – намайг хэзээ ямагт эелдгээр өөртөө уусгаж, хамгаас ялдам, хамгаас утгагүй мөрөөдлөөр ухаан санааг минь дүүргэж, улам бүр дэврээнэ. Би тачаалтай даруу зангаас нь болж Карлотаг хорсон зэвүүцэнгээ, түүнийг өрөвдөх сэтгэлийнхээ өмнө нэг хачин гацах шиг болохоо больж, энэ бүгд надад ердийн гэмгүй тоглоом шиг санагдана.

Гэхдээ би одоо цэл залуу насаа ардаа үджээ. Би Карлотагаас улам бүр хөндийрөх гэж удаан гэгч нь бодон, биеийг нь, намайг илж таалахыг нь дагуулан хардаг байв. Карлота шиг нөхрөөсөө салсан, залуу, хүүхэдгүй эмэгтэй надтай цаг нөгчөөх нь зүйд нийцэх үү гэж бодогдоно. Гэхдээ тэр хөөрхий үнэхээр онцлог гэх юмгүй амраг байв. Магадгүй нөхөр нь үүнээс болоод араар нь тавьсан биз.

Тэр нэг орой бид кинотеатраас гар гараасаа хөтлөлцөн бүүдгэр гэрэлтэй гудамжаар хамтдаа харьж билээ.

Карлота, “Би сэтгэл хангалуун байна. Чамтай хамт кинонд явах сайхан юм,” гэв.

“Чи нөхөртэйгээ кинонд явдаг байсан уу?”

Карлота инээмсэглэж байв. “Хардаад байна уу?”

Би мөрөө хавчлаа. “Би хардлаа гээд яах юм?”

Карлота, “Би ядарч байна,” гээд суга руу минь улам шигдэв. “Бид хоёрыг холбосон тэр утгагүй харилцаа миний ч, түүний ч амьдралд гай болж байна. Үүний уршгаар би надад зөвхөн зовлон авчирсан тэр нэрийг хүндлэх ёстой болж байгаа юм. Хүн хүүхэдтэй болохгүй бол даруй салах хэрэгтэй байдаг юм байна.”

Тэр орой хүн бие махбодод минь зөөлөн хүрэхээр сэтгэл минь ч дагаж зөөлөрчээ.

“Чи ч мундахгүй их зовлонтой юм аа!”

Карлота, “Хайрт минь, чи яагаад байнга яг одоогийнх шигээ байдаггүй юм бэ? Би нөхрөөсөө салж чаддаг ч болоосой,” гэв.

Би юм хэлсэнгүй. Карлота урьд нь салах тухай ярихад би уурласан юм. “За боль доо, чамаас амар тайван амьдарч байгаа хүн байна уу? Чи хүссэнээ хийж байна. Араар чинь тавьсан нь үнэн байлаа ч чи нэг их дутах юмгүй байна шүү дээ.”

Карлота, “Тэгэхэд надад ямар нэг юм хийх хүсэл төрөөгүй, тэр өдрөөс хойш би зөвхөн ажилдаа анхаарч байна,” гэснээ над руу харан үргэлжлүүлэв: “Тэгээд ч одоо чи байна, би тийм зүйл хийвэл, араар чинь тавьсан юм шиг санагдана.”

Би түүнийг уруул дээр нь үнсэж, тэр орой кино театраас гараад эхэлсэн яриаг дуусгалаа. Дараа нь галт тэрэгний буудлын цайны газар орж Карлотаг архиар дайлав.

Бид хоёр дээр нь бүүдгэр гэрэлтэй буланд дурлалт хос шиг суулаа. Би нэлээд уусныхаа дараа, чанга дуугаар:

“Карлота, хоёулаа өнөө шөнө хүүхэд хийх үү?” гэж хашхирлаа.

Хэдэн хүн эргэж харав, Карлотагийн нүүр улайн инээсээр гараараа амыг минь таглав.

Би яриандаа халууран ярьсаар байлаа. Карлота киноны тухай ярин, утгагүй үг хэлж байв – хүсэл тачаалтай, мулгуу үгс. Би Карлотаг зөвхөн согтож байж л хайрлаж чадахаа мэдэх болохоор уусаар байлаа.

Гадагш гармагц жихүүн хүйтэнд сэтгэл сэргээд, бид хоёр Карлотагийн гэрийн зүг гүйлдлээ. Би бүхэл шөнөжин түүнтэй цуг байв. Өглөө сэрээд, үс нь арзайсан нойрмог амьтан намайг тэврэх гэж оролдож байгааг харах нь тэр. Би түүнийг түлхээгүй; толгой минь өвдөх зуур Карлота дуу аялан надад баяр хөөр дүүрэн кофе бэлдэж байгаад л дургүй минь хүрч байв. Дараа нь тэр надтай хамт гадагш гарахыг завдсанаа, ашгүй байрны жижүүр хүүхнийг санаад, намайг түрүүлээд явуулсан ч, мэдээж хэрэг, хаалганы ард тэвэрч үнсэхээ мартсангүй.

 

Тэднийд тийнхүү сэрсэн өглөөнөөс санаанд минь гудамж дахь модны мөчир л хамгийн тод үлджээ: Модны мөчир өрөөний цонхны ард, манан дунд бүдэг бадаг харагдана. Дотор дулаан агаар, наалинхай байдал, өглөөний нүцгэн агаар намайг сэргээв; би ганцаараа, өөр байдлаар сэрж, өөр ханьтай байхыг мөрөөдөн эргэн тойрноо хармаар, тамхи татмаар байлаа.

Би түүнээс салмагцаа, Карлота намайг тэгж эелдэг наалинхай аашлахаас өөр аргагүйд хүргэсэнд унтууцаж эхлэв. Хөөрхийлэлтэй дурсамжаасаа салахын тулд сэтгэлээ нэгд нэгэнгүй нэгжин, угийн хэрцгий сэтгэлээ улам чангалж, уурлан зэвүүцэж байлаа. Өөр хийх юмгүйдээ эсвэл нүгэлд автамхайдаа, түүний өөрийгөө хуурах хүслээс өөр ямар нэг шалтгаанаар түүнтэй унтсан минь тодорхой. Дууссаны дараах тэр ядруу, жаргалтай харцыг нь санахаар дургүй хүрч, царай руу нь хармааргүй санагдсан; өөдөөс минь тэгж хараасай гэж хүссэн цор ганц хүн над руу хэзээ ч тэгж хараагүй шүү дээ.

Би нэг удаа Карлотад, “Намайг байгаагаар нь зөвшөөрвөл зөвшөөр,” гэж хэллээ. “Үгүй бол амьдралд минь орох гэсний хэрэггүй.”

Карлота, “Чи надад хайргүй юм уу?” гэж ээрч түгдчин асуув.

“Хүн хайрлах жаахан хүч байсныг нь залуудаа үрээд дуусгасан.”

Би хааяа ичих сэтгэл эсвэл хүсэл тачаалаасаа болж түүнийг бага зэрэг хайрлаад даруй өөртөө уурладаг байлаа.

Карлота инээх гэж оролдож байв.

“Бид үгүйдээ найзууд биз дээ?”

Би, “Юу гээч,” гэлээ. “Би ийм элдэв ярианд дургүй. Бид бие биеэсээ залхсан эр эм хоёр ч гэлээ орон дотроо сайн ойлголцдог ч гэх шиг...”

Карлота хумсаараа гар луу минь хатган надаас нүүр буруулаад, “Гэхдээ үнэн шүү дээ, чи надад таалагддаг,” гэв.

“Тэгээд л болоо.”

Хэдэн долоо хоног түүнээс зугтаж, цайны газраас манайх руу утастахад нь ажил ихтэй байна гэж хариулахын тулд, энэ яриа болсны дараа өөрийгөө дорой зан гаргасан гэж бодох минь хангалттай байлаа. Карлота анх удаа надад гомдох гэж үзэв. Тэр өдөр Карлота надаас болж оройг гунигтай өнгөрүүлсэн. Би буйдан дээр даарч жихүүцсэн суунгаа гэрлийн бүрхүүлээс өвдөг рүү нь цагаан гэрэл тусаад, хажуу сүүдэрт харц нь чичирч байгааг мэдрэв. Энэ тэсэшгүй түгшүүртэй байдал үргэлжилсээр эцэст нь би, “Сеньора, та надад таларх: Ингэж сууж байснаа та дараа маш тод санана шүү,” гэж билээ.

Карлота хөдөлсөнгүй.

“Сеньора, намайг яагаад цааш нь харуулахгүй байгаа юм бэ? Надад эмэгтэй хүний гаргадаг занг гаргаж байна гэж бодож байгаа бол дэмий цаг алдахын нэр. Наад адайр аашийг чинь би л сайн харуулж чадах байх.”

Карлотагийн амьсгалах чимээ сонсогдоно.

Би, “Өнөө орой усны хувцас ч нэмэр болохгүй,” гэлээ.

Карлота гэнэт өмнө минь сунаж унахад, хар үстэй толгой нь цагаан гэрэлд хаягдсан эд зүйл шиг харагдав. Би гараа урагш сунгалаа. Гэвч Карлота өвдгийг минь түшээд уйлж байв. Би толгойг нь хоёр гурван удаа илээд бослоо.

“Карлота, би ч гэсэн уйлах ёстой байсан юм. Гэхдээ тэглээ гээд ямар хэрэг байна? Би чиний хэлсэн бүхнийг хийсэн. Амиа хорломоор санагдсан ч зориг хүрээгүй. Хэргийн учир энд байгаа юм: Амиа хорлоё гэж боддог хүн угтаа амиа хорлож чадахааргүй сул дорой байдаг... Алив, тайвшир, Карлота.”

Тэр, “Надад ингэж хандахаа боль,” гэж ээрч түгдчиж хэлэв.

“Би чамд тэгж хандаагүй. Гэхдээ ганцаараа байх дуртайг минь чи мэднэ дээ. Намайг одоо явуулбал би буцаж ирнэ; үгүй бол бид дахиж уулзахгүй. Чи надаар хайрлуулмаар байна уу?”

Тэр гарын минь доороос нулимс болсон нүүрээ харуулав.

“Тийм бол намайг хайрлахаа боль. Өөр аргагүй. Ав өөрөө жинхэнэ анчин байдаг юм.”

Иймэрхүү үйл явдалд Карлота надаас салахыг бодтолоо сэтгэл үймэрдэг байлаа. Энэ бидний зан байдал угаасаа төстэй байсныг харуулахгүй гэж үү? Угтаа энгийн, их энгийн байсан ч Карлота үүнийг ер харахгүй байв. Гэхдээ л мэдэрч байсан байх. Гэхдээ тэр намайг, энэ бүгдийг тоглоом шоглоом болгох гэж хааяа, “Амьдрал угаасаа ийм шүү дээ,” эсвэл хааяа, “Би ямар азгүй юм бэ?” гэж байв.

Тэр үед Карлота жаахан зоригтой загнасан бол, надаас хөндийрсөн бол би түүнийг дахиад бага зэрэг тэсэх байсан юм. Гэхдээ тэр надаас хөндийрөхгүй байв. Хоёр орой очихгүй байгаад гэрт явж хүрэхэд минь нүд нь хавдсан амьтан намайг угтана. Хааяа өрөвдөөд зөөлөн зан гаргаж цайны газар очиж хамт гадуур явъя гэхэд минь даруй үсэрч босоод сандчин эгдүү хүргэм болохыг нь яана.

Би түүнд биш, намайг дотогш татан авсан бидний харилцааны ялгавартай байдал, дарангуйлалд хорсож байсан юм. Би түүнд хайргүй болохоор надтай ямар нэг байдлаар хамаатай мэт загнах нь ер бусын гачлантай зүйл мэт санагддаг байлаа. Заримдаа түүнд чи гэж хэлэх ч зэвүүг минь хүргэж, түүнийг дорд үздэг байв. Энэ хүүхэн миний юу болоод намайг сугадаж байгаа юм?

Үүний хариуд, ажлаа дуусгасны дараа, нартай сэрүүн агаарт түүнээс, аливаа бүхнээс хол, бие минь тавирч, хуучны шаналал минь бүдгэрээд, зарим үдээс хойш гэгээтэй гудамжаар алхалж явахад шинээр төрсөн мэт санагдана: Залуугийнх шигээ харж, үнэрлэж, сонсоход бэлэн. Карлота миний хайр сэтгэлээс болж зовж байгаа нь хуучны зовлонг минь мартуулж, тэр зовлон өөр ертөнцийнх юм шиг надаас салгаж авч явахгүй ч би өөрийгөө түүнээс хол, гэнэн залуу, тийм ч их юм үзэж туулаагүй мэт санадаг байв. Тэр намайг цэвэрлэх хөвсгөр резин юм байна гэж би үе үе боддог байлаа.

_____________

 

III

 

Би зарим орой яриандаа автаад, тоглоомд бүр орчих шиг, хүүхэд болчих шиг болоод атаа хорслоо мартдаг сан.

Би нэг орой түүнээс, “Карлота, хүн яаж дурладаг юм бэ?” гэж асууснаа санаж байна. “Би хүнд дурлалгүй удлаа. Сайхан байж таарна. Бүтэлтэй бол таашаалыг нь мэдэрнэ, бүтэлгүй бол горьдон хүлээнэ. Чамайг ирээдүйгээ төдий бодолгүй өдөр өдөртөө амьдарч болгоод байдаг гэх юм. Яаж тэр вэ, Карлота?”

Карлота инээмсэглэн толгой сэгсрэв.

“Карлота, бид хааяа ямар сайхан юм боддог юм бэ? Бидний өөрт нь хайрлаж дурласныг сонсохыг ч хүсэхгүй байгаа хүн хэзээ ч бидэн шиг аз жаргалтай байж чадахгүй. Гэхдээ,” гээд би инээмсэглэлээ. “Бусадтай унтаж тоглоом шоглоом хийж болохгүй.”

Карлота хөмсөг зангидаж байв.

Би үгээ, “Хайр дурлал их сайхан зүйл. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй,” гэж дуусгалаа.

Карлота хүмүүст өгдөг архинаасаа надад ч өгч байв. Би тэр орой өөрийнхөө өмнөөс ярилаа. Ингэж ярих хамгаас сайхан.

“Хайрлан дурлах ч гэж байна, араар тавих ч гэж байна. Хайрлахын таашаалыг мэдрэхийн тулд араар тавих хэрэгтэй. Үүнийг залуус ойлгохгүй. Харин хүүхнүүд та нар илүү хурдан ойлгоно. Чи нөхрөө араар нь тавьж байсан уу?”

Карлота хацар нь улайн, инээмсэглэх аядаж байв. “Эрчүүд бид хүүхнүүдээс тэнэг юм аа. Хэн нэгэн жүжигчинд эсвэл найз охиндоо хайртай болоод, хамгийн сайхан бодлоо дэлгэдэг хэрнээ үүнийг хэлэхээ мартана: Хайр дурлал гэдэг чинь ердөө ов мэх юм гэдгийг мэдэхгүй бидний үеийн ганц ч бүсгүй байхгүй. Эрчүүд өөрсдөө эмсийн хүрээлэн рүү явдаг хэрнээ гудамжинд таарах эмэгтэй хүн бүрийг өөр гэж боддогийг ойлгох юм биш. Карлота чи арван зургаатайдаа юу хийж байсан бэ?”

Гэхдээ Карлота өөр бодолтой байлаа. Хариулахаасаа өмнө харцаараа минийх гэдгээ хэлж байв; би харин харцанд нь надад наалинхайрах зан холилдсоныг хараад үзэн ядах сэтгэл төрлөө.

Би доошоо харан, “Чи арван зургаатайдаа юу хийж байсан бэ?” гэж дахин асуув.

Тэр тайван гэгч, “Юу ч хийгээгүй,” гэж хариуллаа.

Би Карлотагийн юу бодож байгааг мэдэж байв.

Тэр дараа нь надаас уучлал хүсэн, хөөрхийлөлтэй амьтан гэдгээ хэлээд, өөрт нь ингэх ямар ч эрх байхгүйг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ харцан дахь цог жавхаа нь надад хангалттай байв. “Чи ямар тэнэг гэдгээ мэдэх үү? Миний хувьд чухал зүйлээс болж нөхөр чинь чамтай дахиад эвлэрч магадгүй л байсан юм.” Би тайвшраад гарч одлоо.

Маргааш нь Карлота айж эмээсээр утасдахад, би хүйтэн хөндий хариуллаа. Бид хоёр орой нь уулзахаар болов.

Карлота коллежид сурдаг үеэлийнхээ тухай ярихад минь их зугаацав. Үнэндээ бол түүний оронд ээжийгээ коллежид явуулаад, үеэлтэйгээ хамт амьдармаар байна гэхэд минь тоомсоргүй толгой сэгсэрлээ. Биднийг авга, үеэл хоёр шиг дүр эсгэх, үнэндээ бол өөрсдийгөө болгоод байдаг, өөр өөрийн нууц ертөнцтэй хоёр өөр хүн мэтээр төсөөлж байв. Тэр надаас гэнэт охинтой үгүйг минь асуулаа.

“Тийм ээ. Намайг арван зургаатайд төрсөн. Надаас зөрж байгаа юм шиг шар үстэй төрсөн. Хүн яаж шар үстэй төрдөг байна? Шар үс амьтдад л таарах зүйл, сармагчин, арслан гэх мэтэд. Надад байнга дээр нь нар тусаж байгаа юм шиг санагддаг сан.”

Карлота, “Би багадаа шар үстэй байсан,” гэв.

“Би халзан байсан.”

Би сүүлийн үед өмнө нь ярьсныг нь мартан Карлотагийн өнгөрсний тухай сониучирхан асуудаг болов. Үнэндээ түүх судалж байгаа юм шиг түүнийг судалсан гэхэд болно. Түүнтэй тоглоом тоглон, гэнэт балмагдуулан, хэцүү асуулт асуугаад хариултыг нь өөрөө өгнө. Би үнэндээ өөрөөсөө өөр хүний яриаг сонсохгүй байв.

Гэхдээ Карлота намайг ойлгожээ. Зарим орой гарыг минь шахан, “Өөрийнхөө тухай ярь,” гэнэ. Надаар өөрийн минь тухай яриулах нь найз болж үлдэх цор ганц арга гэдгийг мэддэг байсан хэрэг.

Би нэг орой, “Карлота, би чамд ер ярьж байлуу?” гэлээ. “Надаас болж нэг хүн амиа хорлосон гэж?” Тэр инээсээр, гайхсаар над руу харав.

Би, “Инээх юу байна?” гэж үргэлжлүүллээ. “Бид хоёр хоёулаа амиа хорлох гэж оролдоод, тэр амжилттай болсон. Залуу насанд энэ байтугай байх.” Би дотроо, ер хачин аа, урьд өмнө нь үүнийг хэнд ч ярьж байгаагүй юм байна гэж бодож байв: Явж явж Карлотад ярих байж. “Миний найз, шар үстэй хүүхэд. Яг арслан шиг. Охид та нар тэгж найзалж чадахгүй. Тийм насан дээрээ та нар дэндүү атаархуу байдаг. Бид хоёр хичээлдээ хамт яваад, орой болгон уулздаг байлаа. Бусад хүүхдийн нэгэн адил элдэв муухай юм ярьдаг байв. Гэж байтал хоёул нэг хүүхэнд дурласан. Карлота, энэ бидний анхны дурлал байсан юм. Бид оройгуур дурлал, үхлийн тухай ярьдаг байлаа. Ямар ч дурласан хүн, найз нь өөрийг нь ойлгосонд биднээс илүү итгээгүй байх. Жаны –түүнийг Жан гэдэг байв– дурлал намайг ичихэд хүргэсэн тийм үелзсэн гунигтай дурлал байлаа. Манан дунд хамт зугаалахад тэр бүх гуниг түүнээс гарч байгаа санагддаг сан. Хүн ингэж их гуньж шаналж болно гэхэд итгэх аргагүй...”

“Чи бас дурласан байсан юм уу?”

“Би Жанаас илүү бага гунигтай учраас шаналж байсан юм. Эцэст нь амиа хорлож болно гэсэн санаа толгойд минь орж, түүнд ч хэлсэн. Байнга мөрөөдөлд автаж явдаг Жан энэ санааг зөвшөөртлөө удаж билээ. Бид хоёр тэсрэх үгүйг нь шалгах гэж буугаа аваад овоо өөд авирлаа. Жан буугаар буудав. Тэр их зоригтой хүүхэд байсан, би харин Жан тэр хүүхэнд дурлахаа боливол би ч бас болино гэж бодож байсан юм. Туршсаныхаа дараа – бид эрэгт ойрхон нарийн зөрөг зам дээр байсан, өвөл цаг – би буу ямар хүчтэй тэсэрснийг бодож байтал, Жан бууг амандаа хийгээд “...хүмүүс бас ингэдэг...” гэх зуур буу тэсрээд, тэр нас барсан.

Карлота тун цочирдсон байртай над руу харж байв.

“Би яахаа мэдээгүй, тэндээс зугтсан.”

Тэр орой Карлота, “Чи тэр хүүхэнд үнэхээр хайртай байсан уу?” гэж асуулаа.

“Тэр хүүхэнд үү? Би Жанд сайн байсан гэж хэлсэн дээ.”

“Чамд ч бас амиа хорломоор байсан уу?”

“Мэдээж. Тэгвэл мунхаг хэрэг болох байсан юм. Гэхдээ амиа хорлоогүй минь намайг дорой болгосон. Би хааяа харамсдаг.”

Карлота энэ түүхийг дахин дахин дурсаж, таньдаг юм шиг л Жаны тухай надад ярьдаг байв. Надаас түүний тухай, тэр үед би ямар байсан тухай асуудаг байлаа. Бууг нуусан эсэхийг минь ч асуугаад,

“Чи битгий амиа хорлоорой. Чи ер нь амиа хорлоё гэж бодож байсан уу?” гэх зуураа намайг шинжин харж байлаа.

“Хүнд дурласан хүн бүр тэгж боддог.”

Карлота инээмсэглэх ч үгүй байв.

“Чи энэ болсон явдлыг одоо хэр боддог уу?”

“Би Жаны тухай л хааяа боддог.”

_____________

 

IV

 

Би үдийн цайнаар гадагш гарч, цайны газрын өмнүүр өнгөрөх үедээ, дотогш орж ярихаас өөр аргагүй болохгүй гэсэндээ нуугдаж байхдаа Карлотаг их өрөвддөг байлаа. Үдийн цайнаар гэртээ харихын оронд, зоогийн газар орж, нүдээ анисхийн тамхи татах надад тун таатай санагдана. Карлота сандал дээр суугаад төлбөрийн баримт сурмагаар таслан, толгойгоо дохин, инээмсэглэн, хөмсөг зангидах зуур зарим үйлчлүүлэгч түүнийг өднө.

Тэр өглөөний долоогоос үдээс хойш дөрөв хүртэл ажилладаг байв. Байнга цэнхэр хувцас өмсөнө. Сардаа дөрвөн зуун наян лир авна. Үдэд амралгүй ажлын цагаа дуусгасандаа баярлана. Үдийн хоолоо ажлын байрнаасаа босолгүй том аягатай сүүгээр даруулж иднэ. Орж гарах хүмүүс хаалга саваад байдаггүй сэн бол ажил нь угтаа ядах юмгүй гэж хэлж байв. Хааяа яг толгой руу нь мунаар цохиж байгаа юм шиг болдог гэнэ билээ.

Тэр цагаас хойш би цайны газар орохдоо хаалгыг зөөлөн хаадаг боллоо. Карлота үйлчлүүлэгчдийн тухай надад ярих гэж оролддог байв. Гэхдээ тэр над шиг ярьж чадахгүй, зарим өндөр настай үйлчлүүлэгчийн санал болгосныг тойруу замаар хэлж намайг гайхшируулах гээд чаддаггүй шигээ.

Би түүнд, “Чи зүгээр зөвшөөрчих,” гэлээ. “Гэхдээ надад мэдэгдэж болохгүй. Сондгой тоотой өдөр уулзаж байж болно. Өвчин авахаас болгоомжил.”

Карлота амаа жимийв.

Сүүлийн хэдэн өдөр нэг бодол санаанаас минь гарахгүй байсан юм. Би нэг орой, “Карлота, бид дахиад дурласан уу?” гэлээ.

Тэр над руу зодуулсан нохой шиг харж байв. Харин би дахиад тэсвэр алдаж эхэлсэн байлаа. Тэр гэрэлгүй шахуу өрөөнд цогтой харц сунгах нь, гар барих нь уурыг минь хүргэж байв. Би Карлотад дасахаас хэзээд айдаг байлаа. Бүр энэ тухай бодохоос ч дургүй хүрнэ гээч.

Би дахиад дуугаа хурааж, бүдүүлэг загнаж эхэллээ. Гэхдээ Карлота намайг өөрийг нь тэврэхэд минь урьдынх шигээ догдлохоо больжээ. Хөдлөхөө болиод, над руу хөшүүн харцаар харна; хааяа түүнийг халамжлан, илж энхрийлэхэд минь дуртай дургүй хариу өгч байв.

Гэхдээ энэ надад ер таалагдсангүй. Түүнтэй унтахын тулд сээтэгнэх нь тийм ч таатай санагдахгүй байлаа. Гол нь энэ бүгд гэнэт болсон зүйл биш. Карлота нэг орой надад:

“Толгой өвдөөд үхэх нь... тэр хаалга! Өнөө орой жаахан сууя. Надад ямар нэг юм ярь,” гэсэн юм.

Карлотагийн үүнийг үнэнээсээ хэлснийг, үнэхээр тэвчих аргагүй болоод, шаналж байгаа мэт болсныг анзаараад би хуучных шигээ тэврээгүй: Харин түүнийг их амар аргаар араар нь тавьсан. Урьд нь очдог байсан эмсийн хүрээлэнгээс буцах замдаа би баяр хөөр, уйтгар гуниг мэдрэлгүй, залхсан байртай нэг цайны газар суугаад амардаг байснаа дахин давтлаа. Ингэх нь ч зөв гэж бодож байв: Хүн дурлалын бүх аюултай нүүр тулахгүй гэвэл биеэ үнэлэгч рүү очих хэрэгтэй, өөр аргагүй.

Карлота надаар хардуулах гэж ингэж аашилж байна гэж бодон инээд минь хүрч байлаа. Гэхдээ тэр зовлон шаналлыг нь өөртөө нялзаах аргагүй онцлоггүй нэгэн шүү дээ. Харин ч үнэхээр зовж шаналж байгаа хүн шиг муухай сэтгэгдэл төрүүлж байв. Би түүнийг өрөвдөн, одоо салах хэрэгтэй гэдгээ ойлголоо.

Карлота үүнийг надаас урьтаж ухаарчээ. Бид хамтдаа оронд ороод, совингоо даган чимээгүй хэвтэж байсан нэг орой тэр намайг гэнэт түлхэн хана руу атиралдав.

Би уурлан, “Яагаад байгаа юм бэ?” гэлээ.

Гэнэт над руу эргэн, “Би маргааш өөрийгөө буудвал, энэ чамд ямар ч хамаагүй юү?” гэж асуув.

Би түгдчин, “Мэдэхгүй л дээ,” гэлээ.

“Эсвэл чамайг араар чинь тавивал?”

“Амьдрал тэр чигээрээ араар тавих шүү дээ.”

“Эсвэл нөхөр рүүгээ буцаж очвол?”

Тэр үнэнээсээ хэлж байв. Би мөрөө хавчлаа.

Карлота, “Би хөөрхийлөлтэй амьтан,” гэв. “Надад чамайг араар чинь тавих авьяас ч байхгүй. Би нөхөртэйгөө уулзсан.

“Яаж?”

“Тэр цайны газарт ирсэн.”

“Америк руу зугтаж гарсан гээгүй билүү?”

“Бүү мэд. Би түүнийг цайны газарт харсан.”

Уг нь хэлмээргүй байсан байх, гэхдээ тэр ам алдав: Нөхрийнх нь хажууд булган хүрэмтэй нэг хүүхэн байсан гэнэ.

“Тэгээд та хоёр ярилцаагүй юм уу?”

Карлота хэсэг байзнав. “Маргааш нь дахиад ирсэн. Надтай ярьсан. Гэрт хүргэж өгсөн.”

Надад гарцаагүй байдалд орсон мэт санагдаж байсныг хүлээн зөвшөөрье. Би сонсогдох үгүйтэй, “Ийшээ юү?” гэлээ.

Карлота бүх биеэрээ над руу наалдан, “Гэхдээ би чамд хайртай. Тэгж битгий бод...” гэж шивнэлээ.

“Ийшээ юү?”

“Хайрт минь, ямар хамаа байна? Надад ажлынхаа талаар ярьсан. Харин би түүнтэй дахиж уулзаад, чамд ямар хайртайгаа ойлгосон, уйлж гуйсан ч түүн рүү буцаж очихгүй.”

“Уйлж гуйсан юм уу?”

“Үгүй, дахиад хүнтэй гэрлэдэг юм гэхэд надтай л гэрлэнэ гэж хэлсэн.”

“Чи түүнтэй дахиж уулзсан уу?”

“Тэр дахиад нөгөө хүүхэнтэйгээ цайны газарт ирсэн...”

Энэ миний Карлотатай өнгөрүүлсэн сүүлийн шөнө болов. Би салах ёс хийлгүй, гомдлолгүй салаад, түүн рүү залгахаа, гэрт нь очихоо болилоо. Орой бүр биш, гэхдээ хааяа нэг над руу залгаж, цайны газар хүлээхийг нь зөвшөөрч байлаа. Карлота зөвшөөрсөн болгонд минь хүрч ирээд, харцаараа намайг тас татах шиг болно. Салах дөхөх үед хоолой нь чичирнэ.

Карлота нэг орой надад, “Би түүнийг дахиж хараагүй,” гэж шивнэн хэлэв.

“Тэгж яаж болох вэ. Нөхрөө эргүүлж авах гэж хичээх хэрэгтэй байсан юм.”

Карлотагийн нөхрөө бүрмөсөн алдсандаа шаналах нь ч – үүнд үнэхээр шаналж байлаа – ингэж яриад намайг өөртөө татна гэж горьдох нь ч уурыг минь барж байв. Энэ гэнэн дурлалд Карлотагийн харуусан гашуудахын, миний өөртөө аюул учруулахын аль аль нь хэрэггүй шүү дээ.

Би нэг орой гэрт нь очно гэдгээ урьдаар утсаар хэлээд хүрч очлоо. Тэр нэлээд эргэлзэж тээнэгэлзсэн янзтай хаалга нээв. Би том өрөөнд нь ороод эргэн тойрноо сэжиглэнгүй харлаа. Тэр хилэн даашинзаа өмссөн байв. Ханиад хүрчихсэн, гартаа барьсан алчуураа үрчийлгэн базсаар хааяа нэг хамартаа хүргэж байсныг нь санаж байна.

Тэр болсон бүхнийг ойлгосныг би даруй ойлголоо. Асуусны минь хариуд томоотой, чимээгүй, хөөрхийлөлтэй харцаар харж байв. Алчуур дээгүүрээ сэм хараад, надад бүгдийг ярих боломж олголоо. Дараа нь босоод, өмнө минь ирээд, биеэ нүүрэнд минь налав, би түүнийг тэврэхээс өөр аргагүй боллоо.

Тэр нөгөөх л хоолойгоороо зөөлөн, “Оронд ормооргүй байна уу?” гэв.

Би ор луу нь очлоо, хамт хэвтэх зуур ханиадандаа халуурсан нойтон нүүр нь уурыг минь хүргэв. Би шөнө дунд үсэрч босоод хувцаслаж эхэллээ. Карлота гэрэл асааж над руу нэг харав. Дараа нь гэрлээ унтраагаад, “Яв, яв,” гэв. Би юу гэхээ мэдэлгүй, гарах замаа тэмтчин олоод тэндээс гарлаа.

Үүний дараах өдрүүдэд би Карлотаг над руу залгах вий гэж айж байсан ч тэр ер залгасангүй. Би хэдэн долоо хоног амар тайван ажлаа хийгээд, нэг орой Карлотаг дахин хүсэмжилсэн ч ичих сэтгэл төрөөд түүн рүү очиж чадсангүй. Би угтаа тэр хаалгыг тогшвол аз жаргалтай болохоо мэдэж байлаа. Би үүнд хэзээд итгэлтэй байсан.

Гэвч би очсонгүй. Харин маргааш нь ажилладаг цайны газрынх нь өмнүүр өнгөрлөө. Кассанд шар үстэй хүүхэн сууж байв. Карлота ээлжээ сольсон хэрэг. Орой нь ч мөн Карлота тэнд байгаагүй учир би түүнийг өвдөөд чөлөө авсан эсвэл нөхөр рүүгээ буцсан хэрэг гэж бодлоо. Ингэж бодоод урам хугарав.

Гэхдээ цайны газрын хүүхэн ширүүн, зэвүүн харцаар намайг сонжин харангаа, Карлотаг сарын өмнө орондоо нас барсан байхад нь олсныг, хийн зуух нь асаалттай байсныг хэлэхтэй зэрэг хөл минь чичирлээ.

  


--

Чезаре Павезе (1908 – 1950) итали зохиолч, яруу найрагч, орчуулагч, уран зохиол шүүмжлэгч. Цаг үеийнхээ хамгийн нөлөөтэй итали зохиолчид тооцогддог. Зохиол бүтээлдээ хүнд бэрх сонголттой нүүр тулсан эсвэл зовлонтой амьдралыг туулж буй ганцаардсан хүний тухай өгүүлэх нь элбэг. Гол дүрийнх нь бусадтай үүсгэсэн харилцаа өнгөц, түр зуурынх байх агаад тэдэнтэйгээ сэтгэл санааны хувьд илүү нэгдэж нягтрахыг хүсэвч эцэстээ үзэл санаа, найз нөхдөөсөө урваж дуусах нь түгээмэл ажиглагддаг. “Шорон”, “Азарган тахиа донгодохоос өмнө”, “Сар ба түүдэг гал” романууд нь алдартай.