Tuesday, June 7, 2022

Доналд Бартелм | Сургууль

 

Доналд Бартелм

Сургууль

(өгүүллэг)


Бид сурагчдыг бүгдийг нь гадагш мод суулгуулахаар гаргасан юм. Учир юу вэ гэвээс, бид бодохдоо... энэ чинь тэдний олж авах учиртай боловсролын нэгээхэн хэсэг шүү дээ; тэд модны үндэс ямар бүтэцтэйг хараг гэж, хариуцлага гэж юу байдгийг ойлгог, өрөөл бусдыг халамжилж сураг, хувь хүний хариуцлагатай болог гэж л. Юу гэх гээд байгааг минь та ойлгосон байх. Тарьсан мод маань бүгд үхсэн. Жүржийн мод байсан юм. Чухам юунаас болсон юм бүү мэд, ямартай ч бүгд үхсэн. Хөрс ялзмагтай холбоотой байх, эсвэл бидний мод үржүүлгийн газраас авсан суулгац тийм сайн байгаагүй биз. Бид энэ талаар гомдол мэдүүлсэн. Манай анги гучин сурагчтай, сурагч бүр нэг мод тарьсан гэхээр нийт гучин мод үхсэн гэсэн үг. Хүүхдүүд үхчихсэн бяцхан бор мөчир лүүгээ хараад л, үнэхээр сэтгэл гутармаар.

Уг нь ч учиргүй гуньхраад байх хэрэг биш л дээ, гэвч суулгасан моднууд маань үхсэнээс хойш нэг долоо хоногийн дараагаар могойнууд бүгд үхчих нь тэр. Могойны тухайд миний бодол гэвэл... нөгөө юу, могойнууд энэ ертөнцийг орхиж одсоны шалтгаан гэвэл... ажил хаялтаас болоод дөрвөн хоногийн туршид бойлер ажиллаагүй, үүнээс болсон байх магадлалтай. Ажил хаялттай холбоотойгоор үүнийг сурагчдад тайлбарлаж ойлгуулж болно. Би юу гэх гээд байна вэ гэхээр, ямар ч эцэг эх ажил хаялт зарлаж буй хүмүүсийн жагсах зурвас руу хүүхдээ нэвтрэхийг зөвшөөрөхгүй, сурагчид ч ажил хаялт болж байгааг, ажил хаялт гэж юу болохыг мэднэ. Тиймээс ч ажил хэвийн горимоороо үргэлжилж эхлэхэд, могойнууд үхсэн байхыг хараад хүүхдүүд тэгтлээ үймрээгүй.

Ургамал ногоо тарьсан цэцэрлэгийн хувьд гэвэл, ерөнхийдөө хэт усалснаас үүдэлтэй болов уу, гэхдээ одоо сурагчид ургамлыг хэт услах хэрэггүй гэдгийг мэддэг болсон. Хүүхдүүд ургамалдаа маш их хайртай байсан учир, зарим нь... бидний нүдийг хариулж байгаад арай л их усалчихсан байх. Эсвэл магадгүй... хэдийгээр өмнө нь бидэнд ийм явдал тохиолдсон ч гэлээ би шууд л хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлмээргүй байна. Юу гэхээр, ийм магадлал байж болох юм гэсэн бодол бидэнд төрсөн. Бид яагаад ингэж бодсон бэ гэвэл, үүнээс өмнө чичүүлүүд, цагаан оготнууд, гүлмэрүүд үхсэн... Хүүхдүүд одоо үгүйдээ л амьтдыг гялгар уутанд хийж авч явж болохгүй гэдгийг ойлгосон.

Аквариумын загаснууд тийм урт наслахгүй гэдэг нь угаас тодорхой байсан, ер гайхах явдалгүй. Бүр анхнаасаа ойлгомжтой, хачин мурилзаж сэлээд л, нэг харахад гэдсээ дээш нь харуулаад, усны мандал дээр хөвж байдаг юм. Гэхдээ сургалтын хөтөлбөрт ийм хичээл орсон учир, аквариумын загас шаардлагатай, бидэнд үүнээс сэргийлэх боломж байхгүй, ердөө л үүнийг аль болох хурдхан шиг өнгөрүүлэхийг хичээнэ.

Бид гөлөгтэй болох ёсгүй байсан.

Сургуульд гөлөг тэжээнэ гэсэн юм сургалтын хөтөлбөрт байхгүй, ердөө л Мэрдок охин Гристедийн ачааны машины доор гөлөг байхыг хараад, жолооч ачаагаа буулгаад хөдлөхөд гөлөг машинд дайруулна гэж айсандаа гөлгийг цүнхэндээ хийгээд сургууль дээр аваад ирсэн юм билээ. Ингээд л бид гөлөгтэй болсон. Анх харахад л надад, “Бурхан минь, энэ хоёр долоо хоногоос илүү наслахгүй,” гэсэн бодол төрсөн, тэгээд дараа нь... Юм болдгоороо болсон. Ер нь бол гөлөг анги танхимд ч байх ёсгүй, бидэнд энэ талаар тодорхой заасан дүрэм журам бий. Гэвч гөлгийг хэдийн ангид аваад ирсэн, нөгөөх нь сурагчдын өмнүүр дэгдэж гүйгээд, хав хав хавлаад байхад, хүүхдүүдэд ангид нохойн гөлөг тэжээж болохгүй гэж яаж хэлэх билээ дээ. Гөлөгт “Эдгар” гэж нэр өгсөн... тийм ээ, миний нэр. Сурагчид гөлөгнийхөө араас гүйлдээд, “Алив, Эдгар, сайн байна, Эдгар,” гэж хашхиралдана. Дараа нь учиргүй хөхрөлдөнө. Далдуур егөөдөх тэдэнд таалагддаг. Надад ч бас таалагдсан. Надаар доог тохуу хийхэд би дургүйцэхгүй. Сурагчид багажны шүүгээнд гөлгөндөө зориулж үүр барьсан. Гөлөг маань яагаад үхчихсэн юм бүү мэд. Нохойны тахал өвчин[1] туссан байх. Вакцин ч хийлгээгүй биз. Би ийм юм болно гэдгийг мэдэж байсан учир өглөө бүр хүүхдүүдээс урьтаж сургууль дээр ирж шүүгээг шалгаж байлаа. Үхчихсэн байхыг нь хараад цэвэрлэгчид өгсөн.

Түүнээс гадна, бид “Хүүхдэд тусалъя” хөтөлбөрийн хүрээд ангиараа өнчин солонгос хүүхэд үрчилж авсан юм. Хүүхэд бүрээс сардаа 25 цент хандивт авч шуудангаар явуулахаар тохирсон. Тэр ёстой золгүй хүүхэд, нэр нь Ким гэсэн; бид түүнийг арай хожуу үрчилж авсан байх, эсвэл өөр шалтгаантай ч байж мэднэ. Бидэнд ирүүлсэн захианд нас барсан шалтгааныг нь бичээгүй, харин өөр хүүхэд үрчилж авж болно гэж санал болгоод, зарим сонирхолтой түүх намтартай хүүхдийн талаар өгүүлсэн байв. Гэхдээ бид дахиж хүүхэд үрчилж зүрхэлсэнгүй. Сурагчид энэ явдлыг арай л гэж давж гараад, энэ сургууль ер нь муу ёртой юм байна гэж сэжиглэж эхэлсэн бололтой. (Надад энэ талаар хэн ч нарийн тодорхой юм хэлээгүй учир би ердөө ингэж таамаглаж байгаа юм.) Миний хувьд, би энэ сургуулийг муу ёртой гэж бодохгүй байна, би үүнээс дээр ч сургууль үзсэн, доор ч сургууль үзсэн. Ердөө л золгүй явдлууд санамсаргүй байдлаар ар араасаа цуварсан хэрэг. Жишээлбэл, сургуульд хүүхдээ явуулдаг эцэг эхчүүдийн дунд нас барах явдал хэвийн бус гэмээр их тохиолдсон. Хоёр хүн цус харваж, хоёр хүн амиа хорлож, нэг хүн усанд живж, дөрвөн хүн замын ослоор нас барсан байх. Түүнчлэн эмээ өвөө нарын дунд ч нас баралт жам ёсоороо өндөр, эсвэл энэ жил ердийнхөөс арай өндөр гарсан байх. Эцэст нь мөнөөх эмгэнэлт явдал.

Мэтью Уэйн, Тони Маврогордо хоёр, засгийн газрын шинэ барилга барихаар суурийн нүх ухсан газар тоглож байх үед уг эмгэнэлт явдал тохиолдсон. Суурь нүхтэй залгуулаад том том дүнз хураачихсан байсан юм. Энэ талаар шүүхэд зарга мэдүүлсэн, эцэг эхчүүдийн хэлэхээр, дүнзнүүдийг хайш яайш хураасан байсан бололтой. Хэнийх нь зөв, хэнийх нь бурууг мэдэх юм надад алга. Угаасаа их хачин жил болж өнгөрч байна.

Билли Брэндтийн аав гэрт нь дайрч орж ирсэн багтай хүнтэй ноцолдож байгаад хутгалуулж нас барсныг дурдах ч юм биш.

Нэг өдөр бид ангидаа хэлэлцүүлэг явууллаа. “Тэд бүгд хаашаа явсан бэ?” гэж сурагчид надаас асуув. Тэр мод, аквариумын загас, Эдгар, эцэг эхчүүд, Мэтью, Тони, тэд бүгд хаачсан бэ? Би, “Би мэдэхгүй, мэдэхгүй,” гэж хариулсан. “Хэн мэдэх вэ?” гэхэд нь, “ Хэн ч мэдэхгүй,” гэж хэллээ. “Амьдралыг утга учиртай болгодог зүйл нь үхэл юм уу?” гэж асуухад нь, “Үгүй, амьдралыг утга учиртай болгодог зүйл нь амьдрал өөрөө юм,” гэж хэлэв. “Гэхдээ өдөр тутмын амьдралын гарцаагүй хүлээн зөвшөөрөгдсөн нэгийн хэвийн уйтгартай үйл явцыг тодорхой чиглэлд хандуулж утга учир өгдөг суурь өгөгдөл нь үхэл биш гэж үү?” гэж сурагчид асуулаа.

“Тийм ээ, магадгүй л юм.”

“Бидэнд энэ таалагдахгүй байна.”

“Мэдээж, тэгэлгүй яах вэ.”

“Ёстой ичмээр юм!

“Тийм шүү.”

“Бид хүмүүс яаж хурьцдагийг хармаар байна. Та Элентэй (манай туслах багш) одоо хурьцаж болох уу?” гэж сурагчид хэлэв.

Элен надад таалагддаг, гэхдээ би “Үгүй ээ, би түүнтэй хурьцахгүй,” гэлээ.

“Бид энэ талаар маш их юм сонссон ч, ер харж байгаагүй.”

“Тэгвэл би ажлаасаа хөөгдөнө, тэгээд ч тэр ажлыг бусдад харуулахын тулд хийдэггүй юм,” гэж би сурагчдад тайлбарлав. Элен цонхоор гадагш харна.

“Тэг л дээ, бид гуйж байна шүү дээ, та Элентэй хурьц л даа, бид амьдралын үнэ цэнийг мэдэрмээр байна, бид айж байна.”

Би тэдэнд ер айх хэрэггүй, амьдралын үнэ цэн хаа сайгүй бий, (хэдийгээр би өөрөө үе үе айдаг ч гэлээ) гэж учирлалаа. Элен над руу ойртож, намайг тэврэв. Би түүнийг хөмсөг дээр нь хэдэнтээ үнслээ. Бид тэврэлдэв. Хүүхдүүд догдолцгоожээ. Гэтэл хаалга тогших чимээ гарч, очиж хаалгыг нээхэд минь, шинэ чичүүл дотогш орж ирэх нь тэр. Сурагчид жигтэй их баярлаж хөөрцгөөв.

 

 

Орчуулсан: Г. Сугиррагчаа



[1] Distemper

No comments:

Post a Comment