Tuesday, July 19, 2022

Юсуф Атылган | Мухардал


“Хүн бүр эвшээг. Алив бүхэн урьдаас тодорхой. Энэ ертөнцөөс хүсэн хүлээх зүйл нэгээхэн үгүй.”

Мишле

 

Хуйлаатай мөнгө цөмөрхий лангууны ард, шалан дээр хэвтэнэ. Тэр гартаа барьсан хайрцгаа доош буулгалаа. Сүх барьсан хүмүүс, том нүдтнүүд, шар царайтнууд юу ч харалгүй, бүхнийг урж тастах аж. Тэр тонгойн, хуйлаатай мөнгийг авав. Тос даасан, хиртэй мөнгө. Халааслалаа.

“Цагдаа! Алив бүгд гар, гараарай...” гэж нэг хүн хашхирав.

 Тэр лангууны ард доош нугдайн суулаа. Мухлагт хэн ч үлдсэнгүй. “Би яагаад тэдэнтэй цуг гарсангүй вэ? Намайг энд барьчихвал яана...” Гэнэтхэн хорхойтой араа нь янгинах нь тэр. Шүдний эмч алхаараа цохисон юм шиг л. Одоо тэр ганцаараа үлдсэн. Тэдний нэг байхаа больсон. Ирээдүйд өнөөдрийн хүмүүсийг “сүхтнүүд, том нүдтнүүд” гэж дурсах болно. “Миний нүд бас тийм том билүү?” Энэ орой тэр замаасаа төөрсөн юм шиг л, хотын таньж мэдэхгүй бөөн хүний дунд орж явчихжээ. Хүмүүсийг даган хуйларч, удалгүй тэдний нэг болсон. “Чи чинь хэн билээ? Чи яагаад урж тастахгүй байгаа юм бэ?” гэж нэг хүн түүнээс асуусан. Час улаан нүдтэй эр байсан. Тэр эдэн дунд ороод хэд дэх мухлагаа тонож дээрэмдэж байгаагаа мэдэхгүй, тоогоо алдсан байлаа. Тэдний дунд ухаан санаа нь самуураад, бодлоо төвлөрүүлж чадахгүй байв. Хүмүүс цуулж урсан даавуунууд, цамцнууд, тастаж хэсэгчсэн гутлууд, цагнууд, шилний хагархай дээгүүр гишгэлнэ. Эд зүйлийг гудамжаар нэг хөглөрүүлж, доорх асфальт зам нь үзэгдэхээ больжээ. Харин одоо. Мөнөөх мөнгийг гартаа атгаснаас хойш, тархинд нь сэрүүлэг тавьсан мэт болов. Гадаах дуу чимээ сонсогдож, түүнд айдас төрүүлнэ. Доош нугдайн суух зуур өвдөг нь өвдөнө. Хөдлөхөөс айж эмээнэ. Гадаах цагдаа чимээ авчих ч юм билүү. Цагдаа түрүүхэнд дотогш оръё гэсэн хүмүүстэй маргалдсан. Ядахад энэ дотор муухайрам, эхүүн үнэр нэрмээс болох юм; хагарсан лонхнуудаас асгарсан, нүүр амаа буддаг, тарган хүүхнүүдийн үнэр... Эндээс зугтах хэрэгтэй.

 Өргөн чөлөөний гэрэл асаж, мухлаг дотор багахан гэгээ орсноор, овоолж хаясан даавуу шуувууны дээрх эвдэрхий тоглоомууд нүдэнд өртлөө. “Хүүхэлдэйнүүд болж өнгөрсөн бүхэнд гайхаж алмайрчээ. Эднийг би эвдсэн юм байх даа?” Санах гээд чадсангүй. Лангууны тахийсан хөлний хажууд нэг сонин байна. Нэрийнх нь “...ан” гэсэн сүүлийн хоёр үсэг л харагдана, бусад үсгийг нь уранхай оймс даржээ. Сониуч зан нь хөдлөв. “Ватан” сонин уу, эсвэл “Тэржүман” сонин уу, мэдмээр санагдлаа. Сэмхэн гараа сунган, сонины захаас татав. Нэг лонх зөөлөн жингэнэн дуугарлаа. Гэнэт дотогш гар чийдэнгийн бөөрөнхий гэрэл тусах нь тэр. Тэр доош нугдайлаа. Гэрэл хоосон тавиурууд, цөмөрхий лангуу, газар овоолоотой бараа бүтээгдэхүүний дээгүүр өнгөрөөд, сонин дээр тусав. Зүрхнийх нь цохилох чимээнд, гадаах нүргээн дарагдав. “Цагдаа ч бас энэ сонины нэрийг сонирхох вий дээ. Дотогш орж ирж харна гэвэл яана.” Араа нь янгинаж, дотор муухайрам хулмас үнэртэнэ... Гэрэл буцаад яваад өгөв. Шүд янгинах нь багасах шиг. Халаасласан мөнгөө гаднаас нь тэмтэрлээ. Байна. Дургүй, ер дасаагүй ажлаас нь түүнийг чөлөөлөх, энэ нийгэмд эрх дураараа амьдрахад нь хэрэг болох, тайтгарал бэлэглэх мөнгө. Жаахан тостой, гэхдээ зүгээр. Цэвэр байлаа гээд тостойгоосоо илүү үнэ цэнд хүрэх биш. Гол нь эндээс гарах хэрэгтэй.

Өмнө нь, арван алхмын—ердөө аравхан алхмын—цаана, цонхыг хүрээгээр нь тэр чигт нь мулталж авснаас үлдсэн том онгорхой харагдана. Үүгээр хажуу гудамжинд гарч болно. Баруун гар талд нь, лангууны цаадах хаалгаар гарна гэж найдалтгүй. Хагархай шилэн дээр гишгэлгүйгээр ердөө аравхан алхчихвал ч. Гудамжаар хүмүүс хурдан хурдан өнгөрнө. Тэр дээш өндийлөө. Өвдөг нь бадайрчээ. Найгасаар гудамж руу дөхлөө. Дотор нь муухайрч байв. Баруун тийш харахаас айна. Эргээд харах юм бол цагдаад харагдчих юм шиг санагдана. Гудамжинд гарлаа. Түүнийг анхаарч харсан хүн алга. Бүгд гудамжаар нааш ирж явна. Тэр хэд алхлав. Ард нь шүглийн дуу тодхон хадлаа. Айж түгшлээ. Нэг хүн хажуугаар нь гүйсээр өнгөрөв.

“Ирж байна!” гэж өөр нэг хүн бархирлаа.

Тэр ухасхийв. Одоо гудамжин дахь хүмүүс бүгд гүйлдэж байна. Сэжиглэцгээсэн байж ч магад. Урдах гудамжны гэрэлд хүмүүс үзэгдээд өнгөрлөө. Тэр ч өмнө нь гүйлдэх хүмүүсийн нэгийг гүйцэв. Гүйцээд хартал, мөнөөх эрийн гүрээний судас нь товойсон харагдана. “Гэртээ оччихвол ч. Зүүн гар тийш эргэх хэрэгтэй. Мартаж болохгүй. Мөнгөө унагачих вий дээ!” Халаасаа тэмтэрлээ. Мөнгө нь байна. Баруун гар талын гудамж руу далийлаа. Амаараа амьсгаа авч, “Ард минь хоёр хүн явна. Намайг мөшгөж байна,” гэж үглэж байв. Баруун гар тийш эргэлээ. Бүр хурдан гүймээр санагдана. Энэ араас нь дагаад байгаа хүмүүсээс нэг салчихвал ч. Зүүн талын гудамж руу эргэлээ. Цөхөрмөөр урт гудамж байв. Шүд нь дахиад янгиналаа. Хөл нь газраас арайчүү хөндийрнө. Амаар нь гарах амьсгал хоолойг нь түлнэ. “Зүрхний минь цохилт ингэж түргэссээр зогсчих вий. Би цаашаа гүйж чадашгүй нь. Ингээд баригддаг байжээ.” Эргэж харлаа; ардаас нь нэхэж барьсан хүн амьтан алга. Тэр алхаагаа сааруулав. Баруун талд нь харанхуй хашаа байна. Тийш очоод, хашааны ёроолд суулаа. Бөөлжис цутгам шивтэр ханхийнэ. Тэр тоосонгүй. Одоо аврагдсан. Шүд нь ч өвдөхөө больсон. Харин дотор нь муухайрсан хэвээр. Босоод, жаахан холдоод, бөөлжлөө. Орой идсэн буурцагтай шөлний гашуун тос хоолой түлнэ.

Гэртээ оройхон харив. Байнга хажуугийн, нарийн гудамжуудаар тойрч явлаа. Өргөн чөлөөгөөр явахаас айж эмээсэндээ тэр. Гэртээ ирээд хувцсаа солиод, гэрлээ унтраагаад унтахаар хэвтлээ. Бие нь тэр чигтээ хөндүүрлэнэ. “Энэ шөнийг бие махбод минь яаж давж гарав аа. Машины тухай маргааш л бодъё.” Удалгүй унтав. Шөнөжингөө мөнгөө алдаад, буцааж олж байна гэж зүүдэллээ. Эргэн тойрон тэр чигтээ шүдний эмч. Хорхой идсэн арааг нь алхаараа түг түг цохино.

Маргааш нь ажил дээр нь, хүн бүр урьд шөнийн явдлыг ярьж байв. Ажлын өрөөнд нь хүмүүс шавсан байлаа. Өөр бусад өрөө тасгаас цуглажээ. Ажил хийж байгаа хүн алга. Тэр үг дуугарсангүй. Сэтгэл нь амгалан. Энэ дургүй газраа одоо хэдхэн хоног ажиллаад л болоо. Ширээндээ суугаад, дэвтэртээ юм бичлээ.

“Сонин дээр гарсан байна лээ, уншсан уу? Тонуулчдыг баривчилж эхэлсэн гэсэн. Гэрээс нь шууд барьж байгаа юм байх,” гэж нэг хүн хэлэв.

 Тэр үзгээ барьсан чигтээ хөшлөө. “Мөнгөө хөнжил дотроо нуусан шүү дээ. Олчихвол яана!” Өглөө харсан борооны шүхэртэй хүнээ саналаа. Аль ч гудамж руу эргэсэн араас нь дагаад байсан. Тамхины мухлагийн өмнө зогсоод хүлээхэд нь мөнөөх эр хажуугаар нь өнгөрөөд явчихсан. Гэхдээ л сэжиг төрлөө. Чөлөө аваад харьдаг ч юм билүү? Болохгүй, тэд ойлгочихно. Өрөөг дүүргэсэн хүмүүс рүү жигшин харлаа. “Надаас юу хүсээд байгаа юм бэ? Гахайнууд...” Үд болтол энд яаж тэсэх вэ?

Сабри хэмээх эр ширээнийх нь өмнө ирж зогсоод, “Урьд шөнийн үймээнд чи байсан уу?” гэж асуув.

“Байгаагүй. Би гэртээ байсан,” гэж хэрэлдэж байгаа аятай хариуллаа.

“Байгаагүй чинь сайн болж. Эвдэж сүйтгэсэн машинуудыг харсан чинь, чи санаанд орж ирээд. Чи харсан бол, шууд зүрхээр явна. Энэ машинуудынхаа ядаж нэгийг нь чамд өгсөн болоосой гэж би бодсон шүү. Бүр юу ч үгүй хэмхэчсэн. Байгаагүй чинь болж.”

Түүний машинд ямар дуртайг энд хэн хүнгүй мэднэ; хааяадаа тоглоом тохуу ч хийнэ. “Такси олж барьдаг ч юм билүү, энд бүр уйдаж үхэх нь. Энэ хорвоод хүссэнээрээ амьдрах юм сан,” гэж тэр хааяа ярьдаг. “Намайг байртай болсон цагт л чи такситай болно,” гэж Жэвдэт хэлдэг. Тэгж хэлснээ, хөхрөхийг нь яана.

“Чи өчигдөр гэртээ байсан юм биз дээ,” гэж хажуугаас өөр нэг хүн хэлэв.

Хартал, Жэвдэт байна.

“Тэгсэн.”

“Хачин юм даа. Би хүмүүс дунд чамайг харах шиг болсон юм.”

Хамаг цус нь юүлэгдэх мэт болов. Хорхойтой шүд нь янгиналаа.

“Хүнтэй андуурсан байх. Би гэртээ байсан. Шөнөжин гэдэс өвдөөд. Одоо ч өвдсөн хэвээр.” Энэ гэдэс өвдсөн гэх шалтгийг ямар сайн бодож олов оо. Ингээд хэлчихэд хамаг асуудал шийдэгдэнэ.

“Тийм л бололтой,” гэж Жэвдэт хэлэв.

Түүн рүү сэжиглэнгүй харснаа, тэнд ярилцаж зогссон дөрвөн хүн рүү очоод, юу ч юм ярьж эхэллээ. “Өөдгүй новш, намайг харснаа ярьж байгаа даа.” Очоод багалзуурдчих юм сан; бүр хамаг хүчээрээ хоолойг нь шахаад. Нүдийг нь гадагш бөлтөртөл. Бие нь зарсхийв. Үзгээ барьсан хэвээр. Тэр юм бичих гээд чадсангүй. Дотор нь хоосон оргино. Мартаж чадаагүй нэг юм бий; энд үд болтол тэсэх хэрэгтэй.

Үдэд гадагш гарлаа. Төв зам руу яаран алхалж явснаа гэнэтхэн зогсосхийв. Тэд өдөр бүр үдийн хоолоо Артины гуанзанд иддэг. Тэднийх хямд. “Намайг тийшээ очихгүй бол ойлгочихно.” Удалгүй гуанзанд орлоо. Нөгөөдүүл ч тэнд байна.

“Жолоочид зам тавь,” гэж Сабри хэлэв.

Хүмүүс хөхрөлдлөө. Тэр ч дагаж мушилзав. Тэдний ийнхүү тоглоом наргиан хийж байгаад гайхмаар санагдлаа. Хоёр таваг хоолоо арай гэж идэв. Угаалгын өрөө орно гэсээр нөгөөдүүлээсээ урьтаж бослоо. Гараа халаас руугаа шургуулав. Бутархай мөнгө алга; зуун лира үлдэж. Бүхэл мөнгөө задлуулахаас айв; бүгд түүн рүү хараад байх шиг.

“Маргааш өгье,” гэж Артинд хэлээд, гадагш гарлаа. Ногооны мухлагийн хажууд хүрмэгцээ араас нь дагах хөлийн чимээг сонсов. Түүнийг мөшгөж байна. Мөрөө хавчин нугдайв. “Золиг гэж, өглөөний хүн. Гэхдээ одоо шүхрээ орхичихсон байна.” Урд нь гарч ирсэн эхний гудамж руу даялав. Яаран алхаллаа. Хөлийн чимээнээс зугтаж чадсангүй. Дахин хэдэнтээ өөр өөр гудамж руу эргэлээ. “Намайг дагахгүй ч байгаа юм билүү. Яагаад заавал дагах ёстой гэж? Тэр гэртээ харьж яваа ч байж болно. Гэр нь энэ зүүн талын байшинд ч юм билүү.” Нөгөө байшингийнхаа хажуугаар өнгөрөв. Хөлийн чимээ ч мөн адил байшингийн хажуугаар өнгөрлөө. “Муу шаар чинь, гэртээ ч ордоггүй байна шүү.” Зогслоо. Яадаг ч бай, тэр хүнтэй ярилцъя гэж бодов. Эргэж харлаа. Гэнэт гайхаж алмайрах нь тэр. Гудамжинд хэдэн хүүхэн л байна. Цаана нь хоёр хүүхэд бөмбөгөөр тоглоно. Хажуугийн байшингийн радиогоор нэг эрэгтэй хүн ярина. “Би яачхаад байна аа?” Цагаа харлаа. Нэг өнгөрчхөж. Одоо гэртээ харилтгүй. Ажил руугаа буцахаас. Айдас хүйдэст автан гурван цаг хагасын турш сууна гэсэн үг. Ажилдаа очихоос өөр аргагүй. Цааш гэлдрэх зуур хамаг горьдлого нь тасрах шиг болов. Энэ амьдралын шугамаас хазайх сан гэж, хэзээд ер бусын зүйл мөрөөдсөн биш гэж үү. Сугалаанаас хожно гэж найдсан. Одоо мөнөөх хүсэн хүлээсэн аз нь тохиосон ч аврал алга. “Надад цаанаасаа нэг амьдрал тулгачихсан юм шиг. Үл үзэгдэх хувцас өмсгөчихсөн. Энэ хувцас нь тухгүй, бариад байгаа хэдий ч тайлж болохгүй. Ядаж товчнуудыг тайлчхаж болохгүй юм гэж үү? Үгүй, товчийг нь тайлах аргагүй. Энэ хувцсыг тайлсан хүмүүсийг яадаг билээ? Баривчилдаг. Галзуугийн эмнэлэгт хэвтүүлдэг, эсвэл шоронд хорьдог. Би тэр саарал машиныг яагаад ч авч чадахгүй нь. Дээр нь хамаг сэтгэл санаа үймэрчихлээ.” Хажуугаар нь нэг такси өнгөрөв. Тэр зогсож харлаа. Гудамжаар явж байгаа хүмүүс дунд, машин руу харж байгаа хүн түүнээс өөр алга. Сэтгэл нь улам гонсойх шиг. Өөдөөс нь ирж явсан хүүхэн замаас хажуу тийш зайлав. Харц нь айдас дүүрэн. Тэр ажил дээрээ ирээд угаалгын өрөө тийш зүглэв; шаналгаатай гурван цаг хагасаас арван минут ч болов хожих гэж тэр.

Орой гэртээ ойртох тусам айдас нь улам нэмэгдлээ. “Мөнгийг олцгоочихсон юм биш биз. Харанхуйд намайг хүлээж байх вий.” Гэртээ очихгүй байж болох уу? Орой бүр гэртээ ирж хонодгийг нь хүмүүс бүгд мэдэж байх шиг санагдана. Өнөө орой гэртээ очихгүй бол, энэ түүний гэмтэй гэдгийг илчлэх нотолгоо болно. Суудаг гудамж руугаа эргэлээ. Гэр нь зүүн гар талд. Гэрэлгүй. Гэрийнх нь өмнүүр, орой бүр болдог ёсоор, хүмүүс явж өнгөрнө. Гэтэл тэр арай өөр байна гэж бодож байсан юм. Үүдэндээ ирж зогслоо. Цонхнууд нь гэрэлтэй байсан ч болоосой. Гэрт түүнээс өөр хүн байхгүй. “Хүн мухардалд орохоор ганцаардал нь улам гүнзгийрдэг.” Дотогш орсон даруйдаа хаалгаа түгжлээ. Очиж, өрөөнийхөө гэрлийг асаав. Ор нь буланд, яг орхисон хэвдээ. Бүх зүйл байдгаараа. Тоос, шалан дээрх шавар шавхай. Орны бүтээлгээ сөхөж хараагүй ч мөнгө тэнд байгааг мэдэж байв. Гэвч ингэлээ гээд байдал өөрчлөгдөхгүй. Хүмүүс хараахан ирээгүй л гэсэн үг, юу юугүй хүрээд ирж магад. Ширээний өмнөх сүрлэн сандалд суув. Гудамж руу хандсан цонх руу гөлийн ширтлээ. Хүлээсээр. Гутарч цөхөрсөөр. Тэнд, хөнжил дотор одоо ямар ч үнэ цэнгүй болсон мөнгө бий. Өчигдөр тэр мөнгийг олоход зүрх нь яаж савлаж, аврагдлаа гэх баяр хөөрөөр бялхаж байсныг бодохоор! Тамхиа асаав. Аманд нь гашуу амтагдана. Гэдэс нь өлсөж байх учиртай. Нэг хоногийн дотор их зүйл олж мэдлээ. Өөрийгөө танилаа. Тэр энэ намгаас аврагдахгүй.

“Үгүй,” гэж чангаар орилов. “Үгүй! Ямар ч гарц олж чадахгүй нь. Би хүссэнээрээ биш, харин надад зориулсан энэ амьдралаар амьдрах ёстой.”

Янжуураа үнсний саванд дарж унтраав. “Энэ мөнгөнөөс яаж салах вэ? Маргааш тэр мухлагийн эзнийг олж уулзъя. Энэ мөнгө чинийх, гэе. Газар уначихсан байхаар нь хүмүүс хулгайлчих вий гэсэндээ би авсан юм, май, мөнгөө ав! Тэр гараа сунгана. Хуруу нь яг л зайдас шиг. Баярлалаа, гэнэ. Гэхгүй бол яана? Эсвэл мөнгөө авснаа таван мянган лира нь дутуу байна, гэвэл яана? Гэж хэлэхээс сийхгүй шүү.”

Амьсгаагаа дарж чагналаа. Гаднаас цонхыг нь түг түг тогшиж байна. Хамаг бие нь зарсхийж, хүйт даалаа.

“Хэн бэ?” гэв.

Хариу алга. Арайхийн босов. Очоод, хөшгөө нээж харлаа. Хүн алга. Ердөө нэг гүрвэл цонхонд наалдаад гэрэл рүү тэмүүлж байна. “Яв, муухай амьтан.” Нударгаа зангидсан ч гүрвэлийг цохисонгүй. “Би галзуурч байна.” Хөшгөө хаалаа. Ор луугаа очив. Хөнжлийн уранхайгаар гараа оруулж, мөнгөө авлаа. Гал тогооны өрөөнд очиж гэрэл асаав. Зуухан дахь үнсэн дээр мөнгөө шидэлсэнд мөнгө нь тарж бутарлаа. Халааснаасаа чүдэнзээ гаргав. “Эндээс хоёр зуун лира авбал. Хэн ч сэжиглэхгүй. Борооны шүхэр авна. Би, чааваас, гурван зуун лирийн хүн юм даа.” Нүүрээ үрчийлгэж ярвайсан ч доош тонгойн бөөн мөнгөнөөс хоёр зуун лира авч эвхээд халааслав. Чүдэнзээ зурлаа. Тос даасан мөнгө даруй дүрэлзэн шатав. Дотор нь ч даруй цэлмэлээ. Гэнэт шээс нь хүрч, ходоод нь хонхолзохыг мэдрэв. Өрөөндөө орлоо. “Ээжийнд байдаг шиг их хоол байсан ч болоосой.” Хувцсаа тайлангаа, “Маргааш, маргааш,” хэмээн өөртөө хэллээ. Ядарч туйлджээ. Одоо унтъя. Маргааш амжуулах учиртай өөр нэг ажил бий: Явж, шүдний эмчийн тэр аймшигтай суудалд сууж, хорхой идсэн араагаа авхуулна.

--

 

Орчуулсан: Г. Сугиррагчаа

 


No comments:

Post a Comment