Tuesday, November 14, 2017

Виржиния Вульф | ШИНЭ ДААШИНЗ


Анх, нөмрөгөө тайлж байх тэр л үед Мэйблд ямар нэг зүйл болохгүй байгаа мэт санагджээ. Түүнд толь тусгаж, сойзонд хүрч, ингэснээрээ анхаарлыг нь гоо сайхны ширээн дээрх үс, арьс, хувцас цэвэрлэдэг элдэв хэрэгсэлд хандуулах гэж илт чармайх хатагтай Барнет энэ бодлыг нь улам бүр батлав –– “ямар нэг юм болохгүй байна, буруу байна” гэсэн тэр бодол дээш гарах үед улам хүчтэй болж, Кларисса Дэллоуэйтэй мэндлэх үед бүр нөмрөөд авах шиг болов; Мэйбл өрөөний нөгөө булан руу, толь өлгөсөн сүүдэртэй хэсэг рүү очоод харлаа. “Үгүй! Ер болохгүй байна!” Нөгөө байнга тэмцдэг шаналал, тэр сэтгэлд хүрэхгүй байгаа мэт мэдрэмж –– бүр багаасаа мэдэрсэн өөрийгөө бусдаас дорд үзэх тэр бодол –– ер цаг алдалгүй өршөөл энэрэлгүйгээр, биеэсээ сэгсэрч хаях аргагүй нягт шигүү байдалтай ирээд наалдаж орхилоо. Зарим шөнө гэртээ сэрээд Борроу[1] эсвэл Скотын[2] зохиолыг уншаад энэ бодлоосоо салж болдог сон; тийм ээ, тэр эрчүүд, эмэгтэйчүүд бүгд түүнийг хараад, нүдээ эхэлж анивчаад, дараа нь байдгаар нь онийлгон, “Мэйбл юу өмссөн юм бэ? Ямар аймшигтай харагдаж байна аа! Шинэ даашинз нь ямар муухай юм бэ!” гэж бодож байв. Энэ бүхэн түүний бүтэлгүй, аймхай зан, сэтгэлээр унахад хүргэдэг тэр өөдгүй ус хольсон цуснаас нь болсон хэрэг. Энэ зуур намхан жаахан оёдолчинтой олон цагийн турш ямар байхыг нь төлөвлөсөн өрөө бүхэлдээ өөдгүй, жигшүүртэй санагдаж эхэллээ; зочны өрөө нь ч олиггүй харагдана, өөрөө ч бас мэдээж хэрэг, хонгил дахь ширээн дээрх захидлуудад хүрэнгээ ихэмсгээр хацраа төмбийлгөж үлээгээд, чамирхан, “Ямар уйтгартай юм бэ!” гэж хэлэхдээ үгээр хэлэх аргагүй мулгуу, өрөвдмөөр, болхи харагдаж байлаа. Хатагтай Дэллоуэйн зочны өрөөнд хөл тавимагц энэ дүр төрх нь бүхэлдээ сүйрээд, баг нь унаад, бүх зүйл нь ил тод болж орхих нь тэр.

Тэр орой цайны аяганы хажууд сууж байх үед хатагтай Дэллоуэйн урилга ирэхэд түүнд хамгийн түрүүнд тэр мэдээж хэрэг загварлаг байж чадахгүй гэсэн бодол төрж билээ. Угаасаа загварлаг байх гэж оролдох нь утгагүй –– загвар гэдэг чинь эсгүүр гэсэн үг, стиль гэсэн үг, багадаа гучин гинея гэсэн үг –– харин өвөрмөц байж яагаад болохгүй гэж? Өөрийнхөөрөө байж яагаад болохгүй гэж? Босоод, ээжийнхээ хуучин загварын сэтгүүлийг, тэртээх Эзэнт гүрний үеэс үлдсэн Парисын загварын сэтгүүлийг авсан юм, тэр үеийн хүүхнүүд илүү хөөрхөн, илүү нэр хүндтэй, илүү эмэгтэйлэг байсан гэж бодоод, тэдэн шиг байх гэж чармайгаад –– гэхдээ мэдээж энэ тэнэг хэрэг –– даруухан, хуучны загвартай, гэхдээ тун дур булаам гэдэгтээ итгэн онгирч гайхуулах, ил тод, үнэндээ шийтгэвэл зохих байдлаар өөртөө дурлаж, биеэ тоосон дүр эсгэн хэсэг өөрийгөө зугаацуулсан.
Гэхдээ одоо өөрийгөө толинд харж зүрхэлсэнгүй. Энэ бүх аймшигтай нүүр тулж чадсангүй –– загварын сэтгүүлд тун дур булаам харагдсан урт хормой, ханцуйтай бэлхүүсээрээ сайн суусан цайвар шар, ярих юмгүй хуучин загвартай торгон даашинз түүнд, энд энэ эгэл жирийн хүмүүс дунд байхад нь ер огт зохисонгүй. Залуус зүүгээ хатгаг гэж тэнд байрлуулсан оёдолчны даавуун манекен шиг санагдана.
Роз Шоу түүний бодсончлон уруулаа егөөдсөн байртай жуумалзуулан түүнийг толгойноос хөл хүртэл нь хараад, “Хөөх, хонгор минь, наад чинь ёстой сайхан юм!” гэв –– Роз өөрөө хэзээ хэзээнийхээрээ, яг хүн бүр шиг, хамгийн сүүлийн үеийн загвараар хувцаслажээ.
Мэйбл, “бид бүгд цайны тавгийн ирмэг дээгүүр мөлхөх гэж оролдох ялаа шиг юм” гэж бодлоо, загалмайлан залбирч байгаа юм шиг, өвдөхийг нь болиулах, шаналлыг нь багасгах ид шид хайж байгаа юм шиг энэ бодлоо амандаа давтан шивнэв. Ийнхүү шаналж байх зуур гэнэт Шекспирийн зохиолд олон жилийн өмнө уншсан мөр санаанд нь орж ирээд, тэр дахин дахин давтлаа. “Мөлхөх гэж оролдох ялаа,” гэж дахин хэлэв. Дахин дахин хэлээд байвал ялаанууд нүдэнд нь харагдаад, тэр өөрөө гайхаж алмайран, мэдээгүй, хэлгүй болж хөшиж орхих байв. Далавчаа нийлүүлээд сүүтэй тавгаас гадагш аажуухан мөлхөж гарах ялаанууд харах шиг боллоо гэнэт; (толины өмнө зогсоод, Роз Шоугийн ярихыг сонсох зуураа) Роз Шоуг, тэнд байгаа хүн бүрийг ямар нэг юмнаас гадагш мултарч гарах гэсэн эсвэл ямар нэг юм руу шургаж орох гэсэн хатангир, өчүүхэн, зүдрүү ялаа болгож харах гэж байдгаараа хичээлээ. Гэхдээ тэднийг, бусад хүнийг тэгж харж чадсангүй. Харин өөрийгөө л ялаа болгож харж байлаа, тэр бол ялаа, харин бусад нь тэмээлзгэнэ, эрвээхий гэх мэт гоё сайхан шавж, хөнгөн эргэлдээд л, бүжиглээд л, далавчаа дэвээд л; тэр болохоор ганцаараа цайны тавгаас мөлхөн гарна. (Хүний сул талууд дундаас хамгийн зэвүүн нь болох атаач, жөтөөч зан Мэйблийн гол дутагдал.)
“Би яг заваан, дорой, хөгшин ялаа болсон юм шиг санагдаж байна,” гэлээ. Өөрийгөө үгүйдээ аливаа юмнаас хоцорсон гэж бодохооргүй бусдаас ангид, ухаантай харагдуулах гэж өрөвдөм хулчгар өгүүлбэр хэлж итгэл олж авахаар Роберт Хэйднийг зогсоов, энэ хэлснийг нь сонсог гэж. Мэдээж, Роберт Хэйдн хариуд нь их эелдэг, их хөндий нэг юм хэлэхээр Мэйбл үүнийг нь даруй нэвт шувт ойлгоод, гадагш гармагц нь өөртөө мөн номоос авсан үгээ хэллээ: “Худлаа, худлаа, худлаа!”[3]
Үдэшлэг аливаа зүйлийг байгаагаас нь илүү жинхэнэ эсвэл илүү хуурамч харагдуулдаг гэж тэр бодлоо; Роберт Хэйдний зүрх сэтгэлийн гүнд юу байгааг хором зуур нэвт харж байв; бүх зүйлийг нэвт шувт харж байв. Тэр жинхэнэ зүйлийг харлаа. Жинхэнэ энэ байв, энэ зочны өрөө, энэ өөрийн бие, харин бусад нь хуурамч. Хатагтай Миланы жижиг урлан тэсэх аргагүй халуун, бүгчим, бохир. Даавуу, чанаж буй байцаа үнэртэнэ; гэхдээ л хатагтай Милан дөнгөж оёж дууссан даашинз өмссөн түүн рүү толь бариад харуулахад сэтгэл зүрх нь хэлэх аргагүй баяр хөөрөөр дүүрч билээ. Эргэн тойрон гэрэл бүрхээд, тэр шинээр бий болно. Шаналал, үрчлээснээсээ ангижирч, хүсэж мөрөөдсөнөөрөө ––сайхан бүсгүй болоод –– тэнд зогсож байв. Нэг мөч (тэр илүү удаан харж зүрхэлсэнгүй, Хатагтай Милан хормойны урт ямар байна гэж асууж байв), саарал үстэй, нууцлаг инээмсэглэсэн хөөрхөн охин өөрийн мөн чанар, сэтгэл нь тэндээс улаан сийлбэртэй зандан хүрээн түүн рүү дундаас харж байлаа; ердөө ихэмсэг, аминч зантайдаа үүний сайн, сайхан, зөв гэдгийг бодсон юм биш. Хатагтай Милан “даашинзны хормой илүү урт байвал дэмий” гэлээ; хатагтай Милан духаа маажин, бүх ухаан бодлоо дайчлан байж, “ер нь бол даашинзны хормой үүнээс богино байсандаа ч зүгээр” гэв; гэнэт хатагтай Миланд хайртайгаа, дэлхий дээр хүн бүрээс илүү чин сэтгэлээсээ хайртайгаа мэдэрлээ, түүний амандаа дүүрэн зүү зуугаад, царай нь минчийн улайгаад, нүд нь хавдчихсан мөлхөж байгааг, хүн өрөөл бусдын төлөө ингэхээс өөр аргагүй болсныг өрөвдөн уйлмаар санагдлаа, тэр бусад хүнийг хүн гэж бараг хардаггүй байж, өөрөө үдэшлэгт явдаг нэгэн, харин хатагтай Миланыг канар бялзуухайн тороо бүтээж эсвэл бялзуухайнд уруулынхаа завсар хавчуулан ургамлын үр өгч байгаагаар төсөөлөв; хүн ийм тэсвэр тэвчээртэй байгааг, ийм өчүүхэн, хомсхон, арчаагүй жаахан зүйлээс таашаал авч аз жаргалтай байгааг бодоод нүд нь нулимсаар дүүрлээ.
Гэхдээ энэ бүхэн нэгэн зуур арчигдан алга болов. Даашинз, өрөө, хайр, өрөвч зан, сийлбэртэй хүрээтэй толь, канар бялзуухайн тор –– бүгд алга болж, зөвхөн тэр өөрөө хатагтай Дэллоуэйн зочны өрөөнд гачлан шаналал дунд бодит байдлыг харан сэрэх нь тэр.
Энэ насандаа, хоёр хүүхэдтэй хүүхэн ингэж юм бүхэнд анхаарал хандуулах, одоо хэр бусдын юу бодож байгаад санаа зовох, өөрийн гэсэн зарчим, шийдвэргүй, бусад хүн шиг бодсоноо хэлж чадахгүй байх, “За тэр Шекспир! За тэр үхэл! Бид ахмадын жигнэмэг дэх урт хошуут цохноос өөр юу ч биш” ч гэдэг юм уу, бусад хүн юу гэдэг билээ тиймэрхүү юм хэлж чадахгүй байх ямар ч өөдгүй, ямар ч хувьгүй, ямар ч өрөвдмөөр юм бэ!
Толинд өөртэйгөө нүүр туллаа; зүүн мөрөндөө хүрлээ, шар даашинз руу нь тал бүрээс жад хатгаж байгаа шиг санагдан өрөө рүү орлоо. Роз Шоу шиг (Роз яг Боудика[4] шиг харагддаг) ширүүн эсвэл гунигтай биш, харин тэнэгдүү, ичимхий төрхтэй тэр сургуулийн охин шиг дэмий инээмсэглэн, зодуулсан золбин нохойг шиг өрөөнд хөлөө чирэн урагшилна, ямар нэг зураг эсвэл сийлбэр лүү харна. Хүн үдэшлэгт зураг харах гэж очдог юм шиг! Яагаад ингээд байгааг нь хүн бүр сайн мэднэ –– ичимхий учраас, дорд учраас тэр.
Тэр өөртөө, “Энэ цайны таваг дахь ялаа” гэлээ. “Яг дунд нь байна, гарч чадахгүй, сүүнд далавч нь өөр хоорондоо наалдчихсан.” Тэр ийнхүү бодсоор зураг руу үргэлжлүүлэн харав.
“Үнэхээр хоцрогдсон юм” гэж хэн нэгэнтэй ярих гэж яваа Чарльз Бэртийг замд нь зогсоон хэллээ. Чарльз хүн өөрийг нь ингэж зогсооход үнэн голоосоо дургүй.
“Хоцрогдсон” гэж хэлэхдээ даашинзаа биш харин зургийг хэлсэн гэдэгтээ өөрийгөө итгүүлэх гэсэн мэт. Чарльз ямар нэг магтсан утгатай юм, урам сэргээсэн үг хэлсэн бол энэ бүхэн хором зуур өөрчлөгдөх байв. “Мэйбл, чи өнөө орой гайхалтай харагдаж байна!” гэсэн бол амьдрал нь өөрчлөгдөх сөн. Гэсэн нь тэр удалгүй жинхэнэ амьдрал руу эргэж орохоос өөр аргагүй. Чарльз ч мэдээж тийм юм хэлэхгүй. Тэр угаасаа өөдгүй, муу санаатай хүн. Хүний хөөрхийлөлтэй, ядруу эсвэл эрүүл ухаанаар сэтгэх тэнхэлгүй болсон үед нь барьж авахдаа гаргуун.
Чарльз, “Мэйбл шинэ даашинз өмсөж” гэлээ. Гэж хэлмэгц нь хөөрхий ялаа тэр чигээрээ цайны таваг дотор уначхав. Тэндээ живж үхсэн бол Чарльз баярлах байсан биз. Өөдгүй, сайхан сэтгэлийн үнэр ч үгүй, худлаа найрсаг дүр эсгэсэн амьтан. Хатагтай Милан түүний хажууд хавьгүй шударга, сайн хүн. Хүн үүнд итгээд үргэлж бодолдоо үнэнч байдаг болоосой. “Яагаад” гэж өөрөөсөө асуулаа –– Ингэж Чарльзад эрээ цээргүй хариу өгч уурласнаа, Чарльзын хэлдгээр бол “элийрсэн” гэдгээ харууллаа (Чарльз, “Элийрсэн юм уу хаашаа юм?” гээд тэнд зогсох хүүхнүүдтэй цуг хөхрөлдөв) –– “Яагаад,” гэж өөрөөсөө асуулаа, “Би яагаад бодолдоо үнэнч байж болдоггүй юм, хатагтай Миланы сайн, Чарльзын муу гэдэгт эргэлт буцалтгүй итгээд, энэ бодолдоо үнэнч байж яагаад болдоггүй юм бэ, канар бялзуухайн тухайд ч, өрөвч сэтгэл, хайр дурлалын тухайд ч шийдтэй байж болдог ч өрөө дүүрэн хүмүүс дунд орохоор яагаад даруй бодсон санаснаа өөрчлөх хэрэгтэй гэж болдог юм бэ?” Энэ бүхний буруутан нь түүний тэр хамгийн чухал үед үгнээсээ буцдаг, Мери Деннис, Вайолет Сэрль шиг далайн дун, үгний үүсэл, ургамал, археологи судлахад, цаашлаад төмс зүсээд соёолж гарахыг харахад чин сэтгэлээ зориулж чаддаггүй зэвүүн, дорой, урвагч зан нь.
Гэх зуур хатагтай Холман түүнийг хараад довтолгож ирэв. Гэр бүлийнхэн нь байнга шатаар доош өнхөрч унаж эсвэл улаан эсэргэнэ тусаж байдаг хүний хувиар хатагтай Холман мэдээж хэрэг юун хүний даашинз харах манатай байв. Мэйбл түүнд бор бургас найм, есдүгээр сард үр жимсээ өгдөг үгүйг хэлж болох сон болов уу? Ёстой тэсэх аргагүй уйтгартай яриа! Өөрт нь хүмүүсийн яаж нэг ажилд зарж, ашиглачихъя даа гэдэг байр зардаг хүн, эсвэл шуудан түгээгч хүүхэд шиг хандаж байгаад үнэхээр цухалджээ. Жинхэнэ үнэгүйднэ гэдэг чинь энэ дээ гэж бодон жинхэнэ, бодит зүйлд шүүрч авахыг хичээн, нөгөөтээгүүр угаалгын өрөө зүүн талд байхын учир болон гэрийн дээд давхарт халуун ус хэрхэн гарвал зохих тухайд ухаалаг хариулт хэлэх гэж оролдоно; нүдний үзүүрт байнга шар даашинзных нь бөөрөнхий толинд туссан дүрс харагдана, толинд хүмүүс гутлын товч эсвэл шанаган хорхой шиг жижиг тусна; ийм зоосны дайтай зүйл яаж тэр бүх гутрал, шаналал, өөрийгөө үзэн ядах, чармайх, сэргэж дордохын эх үүсвэр болдог байна вэ? Бүр хачин нь толинд энэ зүйл, өөрөөр хэлбэл Мэйбл Уэринг бүгдээс тусдаа хол харагдана; хатагтай Холман (хар товч) түүн рүү тонгойн том хүү нь их гүйгээд зүрхээ ядраагаад байгааг ярина, гэхдээ толинд тэр ч бас бусад бүх зүйлээс хол харагдана; урагш бөхийн, гар хөлөө савчуулах хар цэг чимээгүй бодлогошрон суух шар цэгт бодож санаснаа ойлгуулах аргагүй, хоёул худал дүр эсгэнэ.
“Хөвгүүдийг чимээгүй байлгах ямар ч аргагүй юм” гэсэншүү юм нэг нь хэллээ.
Хайр халамж төдий хүртэж байгаагүй ч хайрлуулах эрхтэй гэдэгтээ итгэн ямар нэг боломж гармагц шууд шүүрээд тас зуудаг хатагтай Холман (уг нь ч хайр халамж хүртэхэд болохгүй юмгүй, энэ өглөө л гэхэд жаахан охин нь өвдгөө гэмтээчихсэн аж) энэ боломжийг ч алдсангүй, нэг фунт байх ёстой атал хагас пенни хүртсэн юм шиг эргэлзэнгүй шүүрч аваад цүнх рүүгээ хийлээ, олдсоноор нь л болгохоос доо, хэдий өөдгүй, харамсмаар хэрэг ч гэлээ цаг хэцүү, их хэцүү юм хойно; гомдож гутарсан хатагтай Холман чих дөжрүүлэм муухай дуугаар охин нь хэрхэн өвдгөө гэмтээсэн тухай ярьсаар. Хүний энэ шунал, шаргуу зан ямар ч өрөвдмөөр юм бэ, анхаарал татах гэж гуаглан, далавчаа байдгаар нь дэвэх тураг гогой шиг – үнэхээр өрөвдмөөр юм, хүн ийм зүйл хараад, хараагүй мэт байж тэсэх юм биш!
Гэтэл энэ орой шар даашинзаа өмсөөд өчүүхэн ч атугай гунихгүй юм шүү гэж бодсон сон, бүгдийг өөртөө авмаар санагдсан. Тэр (Мэйбл толинд харсаар байлаа, ер бусын сүр жавхлантай хөх өнгөн дунд уусан орлоо) түүнийг дорд үзэж, түүнд дургүйцэж байгааг, намаг дотор ганцааранг нь орхин одсоныг мэдэж байлаа, ийм сул дорой, итгэлгүй амьтан болохоор нь тэр; шар даашинз нь одоо түүнд оноосон шийтгэл шиг болжээ, тэр угаасаа шийтгүүлэх учиртай, Роз Шоу шиг дугуй хунгийн сөдөн захтай бие барьсан цэмцгэр ногоон даашинз өмссөн байлаа ч ялгаагүй ийм юм болох л байсан; түүнд мултрах арга ер, ер огт байхгүй гэж бодов. Гэхдээ үүнд цор ганц тэр буруутай биш. Гол нь арван гишүүнтэй өнөр өтгөн айлын хүүхэд байснаас; байнга мөнгөгүйдэж, байнга хэмнэж нарийлах болдог байснаас болсон хэрэг; ээж нь байнга лааз, шатны элэгдсэн хулдаас цуглуулдаг сан, гэрт нь ч багахан хэр нь ноцтой гай зовлон байнга тохиолдоно –– шууд сүйрчихээр том юм биш л дээ, жишээ нь, малын хашаа нурна, гэхдээ бүхэлдээ биш; хамгийн том ах нь өөрөөсөө доод зиндааны нэгэнтэй гэр бүл болно, гэхдээ бүр хамаагүй  доод зиндааных биш –– амьдралд нь сүртэй адал явдал гэх юм огт болохгүй. Зуны амралтын газар хамаг олсноо үрж дуусгана; урд тал нь тэнгис рүү хардаггүй ч далайн эрэгт гэж хэлж болох газар бүр нагац эсвэл авга ах эгч нь амьдарна. Яг л тэдэн шиг –– бүх зүйлийг холоос нүдээ онийлгон харсаншуу болно. Мэйбл ч яг тэгсэн –– тэр угаасаа нагац эгч нартайгаа маш адилхан. Сэр Хенри Лоуренс[5] шиг баатар, эзэнт гүрнийг байгуулалцсан хүнтэй гэрлээд Энэтхэгт амьдрах бүх найдлага нь үгүй болсон (одоо ч толгойгоо боосон энэтхэг хүн харахаар сэтгэл нь хөдөлдөг). Шүүхэд тогтвортой, байнгын гэхдээ доогуур тушаалын алба хашдаг Хьюберт гэгчтэй гэрлэсэн, жижгэвтэр байшинд аятайхан гэрийн үйлчлэгч энэ тэргүйгээр, махгүй хоол эсвэл зүгээр маслотай талх идээд амьдарч болгоод байгаа ч, хааяа –– энэ зуур хатагтай Холман түүний одоог хүртэл харсан хамгийн хатангир, хамгийн юм ойлгодоггүй амьтан гэдэгт бүрэн дүүрэн итгээд явж одов, мэдээж хэрэг Мэйблийн хачин хувцас, ядмаг төрхийг хүн бүрд ярина –– хааяа, гэж бодлоо Мэйбл Уэринг, ил галын өмнө чалчаа шаазгай шиг хөхрөлдөн зогсох Чарльз Бэрт, Роз Шоу хоёр дээр очиж чадахгүйдээ хөх буйдан дээр ганцаар уйдан дэр базлан суунгаа, –– хааяа өнгөрсөн шөнийнх шиг орондоо ном унших эсвэл жишээ нь Улаан өндөгний баяраар наранд далайн эргийн элсэн дээр хэвтэх шиг –– за, санаж л байг дээ –– аз жаргалтай мөчүүд байгаагүй гэхгүй; шаазан өндөг шиг гөлгөр, хатуу, хөв хөх тэнгэрийн доор ташуурдуулсан юм шиг мушгирсан бүдэг зүлэг, давалгааны аялгуу ––“Чишшш, чишшш” гэнэ, араас нь сэлүүр татах хүүхдүүдийн бархиралдах сонстоно –– тийм ээ, энэ тэнгэрлэг мөч, тэр тэнд хэвтээд, сүмийн ёслолын ширээн дээр байрлуулсан хурга шиг ертөнц гэдэг маш үзэсгэлэнтэй шигээ маш харгис Охин тэнгэрийн алганд байгаагаа мэдэрнэ (хүн ийм утгагүй зүйл мөрөөдөж болно, хүнд хэлэхгүй л бол болоо). Хааяа Хьюберттэй хамт байхад, Ням гарагийн үдийн хоолны мах хэрчиж байхад, ер гэв гэнэт, захиа задалж эсвэл өрөөнд орж ирэх үед ийм тэнгэрлэг мөч тохиолдоно, гэхдээ зөвхөн өөртөө л хадгална (өөр хэнд ч хэлэхгүй), “Тийм ээ, энэ. Боллоо. Боллоо!” гэж өөртөө хэлнэ. Гэхдээ яг үүн шиг хачин явдал ч болно –– бүр бүх зүйл бэлэн, яг тохиромжтой мөчид ––– хөгжим, гадаа агаар, амралт гээд бүх зүйл бэлэн байхад –– ер юу ч болохгүй. Яагаад ч аз жаргалтай болохгүй. Бүх зүйл уйтгартай, арай дэндүү уйтгартай санагдана.
Энэ, өчүүхэн мөн чанараас нь болж байгаа хэрэг, гарцаагүй! Тэр хэзээд уур уцаартай, сул дорой, муу ээж, яг харуй бүрийд сүүмэлзэх шиг тогтворгүй хань байсан,  Хербертээс бусад бүх ах, эгч, дүү шигээ онцгой зүйлгүй, тодрох юмгүй нэгэн байсан – бүгд юу ч хийдэггүй, ус холилдсон цустай хөөрхийс. Гэхдээ энэ мөлхсөн, хөдөлж ядсан амьдралд тэр гэнэт давалгаан дээр гарсан мэт болно. Гэнэт тэр золгүй ялаа ––энэ ялаа, таваг хоёрын тухай санаанаас нь гарахгүй үлгэрийг тэр хаанаас уншсан юм бол?–– тавгаас гараад ирлээ. Тийм ээ, түүнд ийм мөч тохиолддог. Гэхдээ дөч гарснаас хойш тохиолдох нь улам бүр багассан. Удах тусам ийнхүү тэмцэлдэх нь улам бүр багассаар, нэг өдөр юу ч үлдэхгүй. Ямар гашуудалтай юм бэ! Ямар тэсэшгүй юм бэ! Өөрөөсөө ичихэд хүрлээ!
Маргааш нь Лондоны номын сан орохоор шийдлээ. Аз таарвал ямар нэг санваартан эсвэл урьд өмнө нь нэрийг нь дуулдаагүй америк зохиолчийн бичсэн нэг тийм гайхалтай хэрэг болохоор ном олж магад; эсвэл Стрэндээр явж аз таарвал уурхайн амьдралын тухай хүүрнэдэг цайны газар орж даруй огт өөр хүн болно. Тэр чигээрээ өөрчлөгдөнө. Дүрэмт хувцас өмсөнө; гэлэнмаа гэж дуудуулна; элдэв хувцасны тухай дахиад хэзээ ч санаа шаналахгүй. Үүнээс хойш Чарльз Бэрт, хатагтай Милан, энэ эсвэл нөгөө өрөөний тухай ер юу ч бодохгүй, байнга, өдөр бүр, наранд хэвтэж байгаа юм шиг, мах хэрчиж байгаа юм шиг байх болно. Байнга тийм байх болно!
Тэр хөх буйдангаас бослоо, толин доторх шар товч ч бослоо, Чарльз, Роз хоёр луу тэдний юугаар ч дутахгүй гэдгээ харуулах гэсэн шиг гар даллалаа, шар товч толиноос гарсан байв, Мэйбл, хатагтай Дэллоуэй рүү очиж, “За баяртай” гэхэд бүх жад чээж рүү нь хатгасан байв.
Хэзээд дур булаам дүртэй байдаг хатагтай Дэллоуэй, “Гэхдээ явахад арай л эрт байна шүү дээ” гэлээ.
Мэйбл Уэринг, “Явалгүй горьгүй нь” гэлээ. “Гэхдээ” гэж нэмж хэллээ, чанга ярих гэж тусам хөгийн сонсогдох сул, чичирхийлсэн хоолойгоороо. “Би энд цагийг үнэхээр сайхан өнгөрүүллээ.”
Шатан дээр таарсан ноён Дэллоуэйд ч, “Би энд цагийг үнэхээр сайхан өнгөрүүллээ” гэж хэлэв.
Шатаар доош бууж байхдаа, “Худлаа, худлаа, худлаа!” гэж өөртөө шивнэлээ. Хувцсаа өмсөхөд нь туслах хатагтай Барнетэд талархангаа, “Шууд таваг руугаа!” гэж амандаа хэлээд, хорин жил өмссөн хятад загварын нөмрөгөөрөө биеэ чанга гэгч нь ороолоо.

Орчуулсан Г. Сугиррагчаа


[1] Жорж Борроу: Англи зохиолч (1803-1881).
[2] Вальтер Скотт: Англиар бичдэг швед зохиолч (1771- 1832).
[3] Шекспир. Хоёрдугаар Ричард, IV бүлэг, I үзэгдэл.
[4] МЭ 80-аад онд Британи дахь Ромын дарангуйлагчдын эсрэг тэмцэл эхлүүлсэн хатан хаан.
[5] Английн генерал (1806-1857).

Sunday, November 5, 2017

Казүо Ишигүро | ГЭР БҮЛИЙН ОРОЙН ХООЛ

(өгүүллэг)

Фугу гэж Япон хавийн Номхон далайн эргээс барьдаг загас. Ээж минь энэ загасыг идээд хордож нас барснаас хойш би фугуг онцгой анхаарч үздэг болсон гэхэд болно. Хор, загасны бэлгийн булчирхайд, амархан хагардаг хоёр уутан дотор нь байдаг юм. Загасаа цэвэрлэхдээ энэ хоёр уутыг болгоомжтой авч хаях хэрэгтэй, үгүй бол хор загасны судас руу нэвчинэ... Харамсалтай нь, загасаа зөв цэвэрлэсэн үү эсвэл ямар нэг алдаа гаргасан уу гэдгийг хэлэхэд бэрх. Идэж байж л мэднэ гэсэн үг. Яг ээжид минь тохиолдсон шиг.
Хүн фугу загасанд хордвол бие нь аймшигтай өвдөж, ихэнхдээ нас бардаг. Хортой загасыг оройн хоолон дээр идсэн байлаа гэхэд голдуу орондоо орсон хойноо нас барна. Хэдэн цаг тэсэхийн аргагүй өвдөөд өглөө гэхэд нас барсан байна гэсэн үг. Энэ загасыг Японд дайны дараа их түгээмэл хэрэглэх болсон юм. Фугугаар хэрхэн хоол бэлдэх тухай нарийн дүрэм журам тогтоох хүртэл хүмүүс загасны хортой уутыг өөрийн гал тогоондоо авч хаяад хөршүүдээ дайлдаг уламжлал тогтсон байлаа.
Ээжийг нас барахад би Калифорнид байсан юм. Би тэр үед эцэг эхтэйгээ таарамж муутай байснаас гадна хоёр жилийн дараа Токиод иртлээ ээж минь хэрхэн нас барсан тухай бараг юу ч мэдээгүй. Ээж минь угтаа фугу огт иддэггүй ч тэр удаа сургуульд хамт сурч байсан хуучны найз нь уриад, татгалзах аргагүй байдалд орсон гэсэн. Онгоцны буудлаас Камакура дүүрэг дэх гэр рүүгээ буцах замдаа аав надад энэ бүгдийг ярив. Биднийг гэртээ хүрэх үед намрын налгар нар жаргах гэж байлаа.
Аав надаас, “Чи онгоцонд юм идсэн үү?” гэж асуув. Бид цайны өрөөний татами шалан дээр сууж байлаа.
“Хөнгөн зууш өгч байна билээ.”
“Өлсөж байгаа байлгүй. Кикуког ирмэгц хамтдаа хооллоё.”
Аав минь том дөрвөлжин эрүүтэй, өтгөн хар хөмсгөө байнга зангиддаг, сүртэй том биетэй хүн. Одоо эргээд санахад Чү Эн-лайтай их төстэй байсан санагдах юм. Гэхдээ аав, самурайн үр удам гэдгээрээ бахархдаг болохоор ингэж адилтгахад дуртай байхгүй нь ойлгомжтой. Түүний энэ сүр бараанаас болоод нэг өрөөнд амар тайван яриа өрнүүлэх төдий амаргүй; өгүүлбэр бүрээ дүгнэлт хийж байгаа юм шиг төгсгөдөг нь уур амьсгалыг улам хүндрүүлнэ.
Аавын өмнө суух зуур гэнэт санаанд минь хүүхэд насны дурсамж орж ирэв: Тэр намайг “эмгэн шиг яншлаа” гэж толгой руу минь хэд хэдэн удаа тоншиж билээ. Намайг онгоцны буудалд бууснаас хойш бид хэдэн үг солиод л удаан гэгч нь дуугаа хурааж байв.
Бид ийнхүү удаан гэгч нь дуугаа хураасны дараа би, “Пүүст тохиолдсон явдалд харамсаж байна,” гэлээ. Аав толгой дохисноо,
“Энэ явдал түүгээр дуусаагүй,” гэв. “Пүүс дампуурсны дараа Ватанабэ амиа хорлосон. Цаашид ичиж амьдармааргүй байсан биз.”
“Тийм байх.”
“Бид хоёр арван долоон жил түншилсэн. Тэр үнэхээр нэр төрөө эрхэмлэдэг хүн байсан. Би түүнийг их хүндэлдэг байлаа.”
Би, “Та шинээр бизнес эрхлэх үү?” гэж асуулаа.
“Би одоо тэтгэвэртээ гарсан. Шинэ пүүс байгуулахад нас бие гүйцэхгүй болж. Одоо бизнесийн орчин ч өөр болсон. Гадаадуудтай хамтарна. Тэдний хэлснээр хийнэ. Яаж яваад ийм байдалд орсныг ч мэдэх юм алга. Ватанабэ ч ойлгодоггүй сэн.” Аав санаа алдав. “Сайн хүн. Өөрийн гэсэн зарчимтай.”
Цайны өрөө модтой хашаа руу харна. Сууж буй газраас минь нүдэнд ил харагдах энэ худгийг би багадаа сүнстэй гэж боддог байсан юм. Худаг одоо ногоон навчис дунд тод ялгарч харагдаж байна. Нар одоо бүр доошлоод, хашааны ихэнх хэсгийг сүүдэртүүлжээ.
Аав, “За тэр яах вэ. Гэртээ ирсэн чинь сайн хэрэг боллоо,” гэв. “Хэсэгтээ байна биз дээ?”
“Яахаа сайн мэдэхгүй байна.”
“Би одоо хуучныг мартахад бэлэн. Ээж чинь ч чамайг эргэж ирээсэй гэж хүсдэг байсан. Чиний зан байдалд санаа нь зовдог байсан.”
“Ойлгож байгаад баярлалаа. Гэхдээ би үнэхээр яахаа сайн мэдэхгүй байна.”
Аав, “Одоо эргээд бодоход чамайг муу санасандаа тийм зүйл хийсэн гэсэн бодол надад ер төрөхөө больсон,” гэж үргэлжлүүлэв. “Чи гаднын муу нөлөөнд л автсан байх; залуу хүн алдаж онохыг алийг тэр гэх вэ.”
“Таны хэлснээр энэ бүгдийг мартсан нь дээр биз дээ.”     
“Хүссэнээрээ бол. Цай нэмэх үү?”
Яг тэр үед байшинд нэг охины дуу цуурайтав.
Аав, “Кикуко эцэст нь нэг ирэх шив,” гэж хэлээд дээш өндийн бослоо.
Насны хувьд их зөрөөтэй ч би дүү охинтойгоо хэзээд ойр дотно байсан юм. Тэр намайг хараад их догдолсон бололтой, биеэ барьж чадахгүй учиргүй хөхрөөд байв. Гэхдээ аав Осака хот, их сургуулийнх нь тухай ар араас нь асуултаар булахаар Кикуко жаахан тайвшраад, аавын асуусанд товч тодорхой хариуллаа. Кикуко дараа нь надад хэдэн хэдэн асуулт тавьсан ч хамаагүй юм асуугаад буруу сэдэв хөндчих вий гэж санаа зовсон байдалтай байв. Удалгүй бид Кикуког ирэхийн өмнө ярьж байснаасаа ч бага яриа өрнүүлэх аястай боллоо. Аав босоод, “За, би хоол бэлдье,” гэв. “Би одоо өөрөө гал тогоо барих болсон шүү дээ. Чи Кикукотой ханиндаа байж бай.”
Аавыг өрөөнөөс гармагц дүү минь харваас илт тайвшрав. Хэдэн минутын дараа тэр Осака хот дахь найзууд, их сургуулийн хичээлийнхээ тухай чөлөөтэй ярьж байлаа. Дүү минь гэнэт гарч цэцэрлэгээр явъя гэж санал болгоод өөрөө гадна тагт руу хүрч очив. Бид тагтны хашлагын хажууд тавьсан сүрлэн шаахайг хөлдөө углаад цэцэрлэг рүү гарлаа. Нар жаргах гэж байв.
Кикуко тамхиа асаангаа, “Хагас цаг тамхи татмаар санагдаад байж ядлаа,” гэв.
“Тэгээд татахгүй яагаа вэ?”
Тэр гэр рүү хулгасан байртай заагаад, дэггүй хүүхэд шиг мушилзав.
Би, “Аан за за,” гэлээ.
“Юу гээч? Би найз залуутай болсон.”
“Тийм үү?”
“Гэхдээ би яахаа сайн мэдэхгүй байна. Шийдэж амжаагүй л байна.”
“Мэдээж тэгэлгүй яах вэ.”
“Найз залуу минь Америк явах гэж байгаа юм. Намайг сургуулиа төгсмөгц хамт явмаар байна гэсэн.”
“Тийм вий. Тэгээд чи Америк явмаар байгаа юм уу?”
“Тийшээ очвол бид замд дайгдаж зугаална.” Кикуко надад эрхий хуруугаа гозолзуулан яаж машин барихаа харуулав. “Аюултай л гэдэг юм. Гэхдээ би Осакад замд дайгдаж үзсэн, яагаа ч үгүй.”
“Чи тэгээд юунд нь эргэлзээд байгаа юм бэ?”
Бид бутан дундуур сүлжсэн нарийн зөргөөр явж байлаа. Зөрөг худаг хүрээд дуусаж байв. Ийнхүү алхлах зуур, Кикуко тамхиа театрын жүжигчин шиг үнэмшил муутайхан сорж байлаа.
“Юу. Би Осакад олон найзтай. Тэнд амьдрал их боломжийн. Надад энэ бүгдийг орхиод явахад хэцүү байна. Тэгээд ч Суйчигийн тухайд, тэр надад таалагдах нь таалагддаг ч би түүнтэй өдрийн ихэнхийг хамтдаа өнгөрүүлж чадах үгүйгээ мэдэхгүй байна. Ойлгож байна уу?”
“Сайн ойлгож байна.”
Кикуко дахин мушилзаад, өмнө минь гараад худаг хүртэл явав. Намайг араас нь хүрч очиход тэр эргэж хараад, “Энэ худаг сүнстэй гэдэг байснаа санаж байна уу?” гэв.
“Тийм ээ, санаж байна.”
Бид хоёр худаг руу тонгойж харлаа.
Тэр, “Ээж, чиний тэр шөнө харсан юмыг чинь ногооны захын худалдагч эмгэн байсан гэж надад хэлдэг байж билээ,” гэлээ. “Би ээжийн хэлсэнд хэзээ ч итгээгүй, ийшээ хэзээ ч ганцаараа ирж байгаагүй.”
“Ээж надад ч тэгж хэлдэг байсан. Тэр битгий хэл тэр эмгэн сүнс гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж ч хэлсэн. Замаа товчилж манай хашаан дундуур явж байсан юм байх. Энэ хашааг давах амаргүй байсан биз.”
Кикуко инээд алдаад, худаг руу нуруугаа харуулж зогсоод цэцэрлэгийн зүг ширтэн, дууны өнгөө өөрчилж, “Юу гээч, ээж чамайг үнэндээ ер буруутгаагүй шүү дээ,” гэв. Би юм хэлсэнгүй. “Чамайг сайн хүмүүжүүлээгүй аав тэр хоёрын өөрсдийнх нь л буруу гэж надад байнга хэлдэг байсан. Намайг хүмүүжүүлэхдээ илүү анхаарсан учраас би ийм сайн байгаа юм гэж ч хэлдэг сэн.” Тэгснээ толгойгоо дээш болгоод, дахиад дэггүй хүүхэд шиг мушилзаад, “Хөөрхий ээж минь,” гэлээ.
“Тийм ээ. Хөөрхий ээж минь.”
“Чи одоо Калифорни руугаа буцах уу?”
“Мэдэх юм алга. Бодох хэрэгтэй байна.”
“Найз охин чинь яасан? Вики?”
“Бидний харилцаа дууссан. Калифорнид минийх гээд байх юм үлдээгүй.”
“Би тийшээ явсан нь дээр үү?”
“Яагаад болохгүй гэж? Чамд таалагдах ч юм билүү.” Би гэр рүү харц чулуудлаа. “Дотогшоо орсон нь дээр байх. Аавд тусламж хэрэгтэй ч юм билүү.”
Гэвч дүү минь дахин худаг руу тонгойн харж байв. “Би ямар ч сүнс харахгүй байна.” Дуу нь бага зэрэг цуурайтлаа.
“Пүүс нь дампуурахаар аав сэтгэлээр унасан уу?”
“Мэдэхгүй. Аав ямар санаа бодлоо ил гаргах биш.” Кикуко гэнэт дээш өндийгөөд, над руу эргэж харав. “Аав чамд өвгөн Ватанабэгийн яасныг ярьсан уу?”
“Амиа хорлосон гэсэн.”
“Амиа хорлоод зогсоогүй. Өөртэйгөө цуг гэрийнхнийгээ авч явсан. Эхнэр, хоёр жаахан охиноо.”
“Үгүй байлгүй дээ?”
“Тэгсэн. Их хөөрхөн хоёр охинтой байсан юм. Унтаж байхад нь хийн зуухаа асаасан гэсэн. Дараа нь гэдэс рүүгээ махны хутга зоосон.”
“Аав түрүүхэн надад Ватанабэ бол өөрийн гэсэн зарчимтай хүн байсан гэж хэлсэн.”
“Яаж тэгж бодож чадаж байна аа,” гээд дүү минь худаг руу дахиж шагайв.
“Болгоомжтой! Унах гэж байгаа юм.”
Кикуко, “Энд ямар юмны сүнс байх вэ,” гэв. “Чи надад дандаа худлаа хэлдэг байсан.”
“Гэхдээ би сүнс худагт байдаг гэж хэлээгүй шүү дээ.”
“Тэгээд хаана байна гэж?”
Бид хоёр харцаа мод, бутан дээгүүр гүйлгэн харлаа. Харуй бүрий цэцэрлэгийг нөмрөн авах гэж байв. Би биднээс холгүйхэн мод, бутгүй хэсэг газар руу заалаа.
“Би тэр сүнсийг яг тэнд харсан. Яг тэнд.”
Хоёул миний заасан зүг рүү харав.
“Ямархуу юм байсан бэ?”
“Би сайн харж чадаагүй. Харанхуй байсан.”
“Гэхдээ л чи ямар нэг юм харсан байлгүй.”
“Эмгэн хүн байсан; тэнд зогсоод над руу харж байсан.”
Бид хоёр тийшээ ховстуулсан мэт харж байв.
Би, “Цагаан кимоно өмссөн байсан,” гэлээ. “Үс нь бага зэрэг задарчихсан, салхинд хийсээд л.”
Кикуко тохойгоороо гар руу минь ёвров. “Боль. Чи дахиад л намайг айлгах гээд байна.” Тамхиа газар хаян дээр нь гишгээд, хөлөөрөө нарсны шилмүүс өшигчин булснаа нөгөө л дүрсгүй байдлаараа мушилзан, “Хоол болж уу, харъя,” гэлээ.
Аав гал тогооны өрөөнд зогсож байв, бидэн рүү нэг хараад хийж буй ажлаа үргэлжлүүлэв.
Кикуко инээд алдан, “Аав ганц бие амьдрах болсноосоо хойш мундаг тогооч болсон,” гэлээ. Аав толгойгоо эргүүлэн Кикуко руу эвгүй харснаа, “Би хоол сайн хийдгээрээ тийм ч бахархахгүй л байна шүү,” гэлээ. “Алив тусал.”
Дүү минь хөшсөн мэт хэсэг байрандаа зогсоод, урагш алхан, шүүгээнээс өлгөөтэй хормогч татаж авав.
Аав Кикукод, “Одоо энэ ногоог чанаад л болоо,” гэв. “Бусад нь бэлэн.” Над руу хэсэг харж байснаа, “Чи гэр ямархуу болж вэ хармаар байгаа биз дээ?” гээд барьж байсан савхаа тавив. “Гэртээ ирэлгүй их удаж шүү.”
Аавтай цуг гал тогооноос гарах үедээ би Кикуко руу эргэж харлаа. Гэвч тэр цааш харсан байв.
Аав, “Кикуко их сайн охин,” гэж зөөлөн дуугаар хэллээ.
Би аавыг даган өрөө өрөө дамжин явлаа. Манай байшин ямар томыг мартсан байв. Бид гүйдэг хаалга нээн өрөөнөөс өрөө рүү орж байв. Өрөөнүүд хоосон эвгүй юм. Нэг өрөөнд гэрэл ассангүй, бид цонхоор тусах бүдэг гэрэлд хоосон хана, татами шал руу харлаа.
Аав, “Энэ байшин ганц бие хүнд арай л том юм,” гэлээ. “Би өрөөнүүдийн ихэнхийг бараг ашигладаггүй.”
Гэх зуур аав өөр нэг өрөө рүү оров. Эндэх сонин сэтгүүл, номоор дүүрэн байлаа. Хананд уран зураг тогтоож, вааранд цэцэг хийсэн байв. Өрөөний булан дахь явган ширээн дээрх нэг зүйл анхаарлыг минь татахаар ойртоод хартал хүүхдэд зориулсан дайны усан онгоцны угсардаг загвар байлаа. Загварыг сонин дээр тавиад, эргэн тойронд нь жижиг саарал хэсгүүд тараажээ.
Аав инээгээд, ширээ рүү дөхөж загварыг гартаа аваад, “Пүүс дампуурснаас хойш би их завтай болсон,” гээд дахиад инээв. Гэхдээ энэ удаа нэг хачин инээлээ. Гэнэт царай нь эелдэг дөлгөөн гэмээр дүртэй болов. “Бүр хэтэрхий их завтай болсон шүү.”
Би, “Хачин санагдаж байна,” гэлээ. “Өмнө нь та байнга л завгүй байдаг сан.”
Аав, “Бүр арай л дэндүү завгүй байсан ч юм уу,” гээд над руу харж инээмсэглэв. “Гэр бүлдээ илүү анхаарал тавих хэрэгтэй байсан бололтой.”
Би инээлээ. Аав дайны онгоцоо удтал шинжин харснаа гэнэт толгойгоо өндийлгөв. “Уг нь чамд хэлээгүй нь дээр гэж бодсон юм. Гэхдээ одоо хэлсэн нь дээр санагдаж байна. Миний бодлоор ээжийн чинь нас барсан нь санаандгүй хэрэг байгаагүй. Ээж чинь их олон юманд санаа их зовж үймэрдгээс гадна зарим нэг юманд урам хугарсан байсан.”
Бид хоёр дайны хуванцар усан онгоц руу хэсэг харлаа.
Би эцэст нь, “Мэдээж, ээж намайг байнга энд амьдарна гэж бодоогүй биз,” гэлээ.
“Чи ер ойлгоогүй юм шив. Зарим эцэг эхийн юу гэж боддогийг ер ойлгох аргагүй. Тэд зүгээр ч нэг хүүхдээсээ хол байгаадаа шаналж байгаа юм биш. Угаасаа хол байхаас өөр аргагүй бол шалтгааныг нь мэдсэнээс мэдээгүй нь дээр байдаг юм.” Аав усан онгоцоо гартаа эргүүлж тойруулав. “Энэ их буу зөөдөг завийг арай муухан наасан байна уу, юу гэж бодож байна?”
“Магадгүй. Гэхдээ дажгүй харагдаж байна.”
“Би дайны үеэр яг үүн шиг усан онгоц дээр ажилладаг байсан. Гэхдээ би уг нь нисэх хүчинд элсэхийг хүсдэг байж билээ. Би ингэж боддог байсан юм: Усан онгоцтой яваа үед дайсны суманд өртвөл усанд амь тавин тэмцэж хэн нэгэн ирж аврахыг хүлээх хэрэгтэй болно. Харин онгоцтой яваа бол чамд ямар ч тохиолдолд сүүлийн зэвсэг гэж нэг юм бий.” Аав загвараа ширээ рүү буцааж тавив. “Чи дайныг дэмждэггүй байх, тийм үү?”
“Үгүй, дайн надад ямар ч хамаагүй.”
Аав өрөөн дотуураа гүйлгэж хараад, “Хоол удахгүй бэлэн болно,” гэлээ. “Чи өлссөн байлгүй.”
Гал тогооны хажуугийн бүдэг гэрэлтэй өрөөнд хоол идэхээр бэлдсэн байв. Тэнд ширээн дээрх том дэнлүүг асаажээ. Өрөөний бусад булан гэрэлгүй, сүүдэртэж харагдана. Бид хоол идэхээсээ өмнө бие биедээ мэхийлээ.
Бид хоолны үеэр бараг ярьсангүй. Хоол амттай болсон байна гэх мэт үг хэлэхэд минь Кикуко хөхрөв. Тэр өмнөх шигээ биеэ барьсан, айсан дүртэй болсон байв. Аав хэсэгтээ юм хэлсэнгүй. Эцэст нь надад хандаж:
“Японд буцаж ирэх хачин байгаа биз?” гэв.
“Тийм, бага зэрэг хачин байна.”
“Америкаас ийшээ ирсэндээ харамсаж эхэлсэн үү?”
“Бага зэрэг. Гэхдээ тийм ч сүртэй биш. Угаасаа тэнд минийх гэх юм үлдээгүй. Хэдэн хоосон өрөө л байгаа.”
“Тийм байж.”
Би аавын царай руу харлаа. Тэр бүдэг гэрэлд хөшөө шиг аймаар харагдаж байв. Бид чимээгүй хоолоо идлээ.
Гэнэт өрөөний нөгөө хананд өлгөөтэй гэрэл зураг хараанд минь өртөв. Би хоолоо идэж байгаад гэнэт хөшиж орхилоо. Нөгөө хоёр ч үүнийг анзааран над руу харав. Би аавын мөрөн дээгүүр харанхуй руу ширтэж байсан юм.
“Тэр хэн бэ? Тэр зураг дээрх?”
“Аль зураг?” Аав харцыг минь дагуулан суудал дээрээ ялимгүй эргэв.
“Тэр хамгийн доор байгаа нь. Цагаан кимонотой эмгэн байна даа.”
Аав савхаа доош тавиад, эхлээд зураг руу, дараа нь над руу харлаа. “Ээж чинь л байна шүү дээ.” Их хөндий дуугаар хэлэв. “Ээжийгээ танихгүй байгаа юм уу?”
Хэсэг зуур хэн ч юу ч хэлсэнгүй, дараа нь Кикуко босоод, зургийг хананаас буулган, ширээ рүү буцаж ирээд надад өгөв.
Би, “Ээж их хөгшин харагдаж байна,” гэлээ.
Аав, “Нас барахаасаа өмнөхөн авахуулсан юм,” гэв.
“Харанхуйд сайн харсангүй.”
Би толгойгоо дээш өндийлгөн, аавын над руу гараа сунгасан байгааг хараад зургийг түүнд өглөө. Аав зургийг анхааралтай хараад Кикуко руу сунгав. Дүү минь дуулгавартай нь аргагүй дахин босоод, зургийг хананд байсан газар нь өлгөлөө.
Ширээний голд тагийг нь аваагүй том төмпөн тавьсан байв. Кикуко буцаж суудалдаа суусны дараа аав урагш тонгойн төмпөнгийн тагийг авлаа. Төмпөнгөөс уур гараад дээш дэнлүү рүү мушгиран хөөрөв. Аав төмпөнг над руу зөөлөн түлхээд, “Чи өлссөн биз,” гэв. Аавын нүүрний тал сүүдэртсэн байлаа.
“Баярлалаа.” Би савхаа барьсаар урагш дөхлөө. Халуун уур гар түлэх шахав. “Энэ юу вэ?”
“Загас.”
“Сайхан үнэртэй юм аа.”
Шөлөн дунд нимгэн урт хэрчиж, бөөрөнхийлөн давхарлаж тавьсан загасны мах байв. Би нэгийг аваад аягандаа хийлээ.
“Ав ав. Цаана нь байгаа.”
“Баярлалаа.” Би хэдэн хэрчим мах нэмж аваад, төмпөнг аав руу түлхээд, аавын ч бас хэдэн хэрчим мах аягандаа хийхийг харлаа. Дараа нь бид хоёр Кикукогийн аягандаа мах хийхийг харав.
Аав багахан мэхийгээд, дахин, “Чи өлссөн биз,” гэлээ. Загасны махнаас авч амандаа хийгээд идэж эхлэв. Би ч бас хэрчим мах савхдаж амандаа хийлээ. Хэлэнд минь зөөлөн махны амт мэдрэгдэв.
Би, “Их гоё юм,” гэлээ. “Энэ юу гэдэг загас вэ?”
“Зүгээр байдаг л нэг загас.”
“Их амттай юм.”
Бид гурав чимээгүй идлээ. Хэдэн минут өнгөрөв.
“Нэмэх үү?”
“Нэмэхээр байгаа юм уу?”
“Бид гуравт хангалттай байгаа.” Аав төмпөнгийн тагийг дахин сөхтөл, дахиад халуун уур гарав. Бид гурвуулаа урагш болж аягандаа загас тасалж авлаа.
Би аавд, “Май, сүүлийнхийг нь та ав,” гэлээ.
“Баярлалаа.”
Бид хоолоо идэж дуусмагц, аав цадсан байртай гараа урагш сунгаад эвшээгээд, “Кикуко, бидэнд цай бэлдэнэ байгаа,” гэлээ.
Дүү минь аав руу хараад юм хэлэлгүй өрөөнөөс гарч явав. Аав босож зогслоо. “Нөгөө өрөөнд оръё. Энд бүгчим байна.”
Би босоод, аавыг даган цайны өрөө рүү орлоо. Том гүйдэг хаалга нээлттэй, цэцэрлэгээс салхи зөөлөн үлээж байв. Бид хоёр хэсэг чимээгүй суулаа.
Би эцэст нь, “Аав аа,” гэлээ.
“За?”
“Кикуко надад Ватанабэ-Сан амиа хорлохоос гадна гэр бүлийнхнээ бүгдийг нь цааш нь харуулсан гэж хэлсэн.”
Аав харцаа буруулан толгой дохиод, хэсэг зуур гүн бодолд автах шиг боллоо. Эцэст нь, “Ватанабэ ажилдаа бүхнээ зориулсан хүн байсан,” гэв. “Пүүс дампуурсан нь түүнд хүнд цохилт болсон. Тэгээд юу хийж байгаагаа ухаарах тэнхэлгүй болсон биз.”
“Та түүний хийсэн зүйлийг буруу гэж бодож байна уу?”
“Юу, тэгэлгүй яах вэ. Буруу биш гэж үү?”
“Мэдээж, буруу байлгүй яах вэ.”
“Хүнд ажлаас гадна олон юм бий.”
“Тийм.”
Бид дахиад чимээгүй боллоо. Цэцэрлэгээс царцааны дуу сонстоно. Би гадагш харанхуй руу харлаа. Худаг одоо харагдахаа больсон байв.
Аав надаас, “Чи одоо юу хийе гэж бодож байна?” гэж асуув. “Хэсэгтээ Японд байх уу?”
“Үнэндээ ер бодсон юм алга.”
“Энд амьдармаар байвал, юу, энэ гэрт баймаар байвал, хүссэнээрээ байж болно шүү. Мэдээж, өвгөн хүнтэй хамт, уйдна гэхгүй бол шүү дээ.”
“Баярлалаа. Би бодож үзнэ ээ.”
Би дахиад гадагш харанхуй руу харлаа.
Аав, “Энэ гэр одоо аргагүй уйтгартай болсон,” гэв. “Чи ер удалгүй Америк руугаа буцъя л гэх байх даа.”
“Магадгүй. Сайн мэдэхгүй л байна.”
“Буцъя л гэх байх даа.”
Аав хэсэг гарынхаа арыг шинжээд, толгойгоо өндийлгөн санаа алдаад, “Кикуко дараа хавар сургуулиа төгсөнө,” гэв. “Магадгүй төгсөөд тэр ч бас гэртээ ирэх байх. Тэр их сайн охин шүү.”
“Ирэх байх аа.”
“Тэгвэл бүх юм одоогийнхоосоо дээрдэнэ.”
“Тийм ээ, гарцаагүй дээрдэнэ.”
Бид дахиад чимээгүй болоод, Кикукогийн бидэнд цай авчрахыг хүлээлээ.

Орчуулсан: Г.Сугиррагчаа