Friday, October 26, 2018

Милан Кундера | ДАЙГДАЖ ТОГЛОСОН НЬ




I

Шатахууны заалт гэнэт тэгийг заахад спорт загварын машины жолооч залуу, машин нь арай дэндүү шатахуун иддэг гэж хэлэв. Охин (хорин хоёр орчим насны), “Дээр болсон шиг шатахуун дуусахгүй гэж найдъя,” гээд, жолоочид өмнө нь шатахуун дуусаж байсан хэд хэдэн газрыг санууллаа. Залуу санаа зовох юмгүй гэж хариулав, охинтой хамт явахад түүнд тохиолддог зүйл яг адал явдал шиг санагддаг аж. Охин эсэргүүцэв; хурдны зам дээр шатахуунгүй болох үед залуу эр биш, харин охин ганцаараа л адал явдалтай учирдаг гэнэ. Залуу эр нуугдаад, охин бүсгүй хүний дур булаам төрхөө урвуулан ашиглах хэрэгтэй болдог юм санж: Гараа өргөн машин зогсооно, хамгийн ойр шатахуун түгээгүүр лүү очно, дараа нь дахиад өөр машин зогсооно, тэгээд канистр дүүрэн шатахуунтай буцаж ирнэ. Залуу эр, охин энэ бүхнийг их зовлонтой ажил шиг ярих юм, түүнийг машиндаа суулгасан жолоочид бүгд тийм царай муутай хүмүүс байсан юм уу гэж асуув. Охин (эв хавгүй сээтгэнэсэн байртай) жолоочдын зарим нь их царайлаг байсан, гэхдээ тэр канистр бариад явж байгаа болохоор ямар нэг учир ургуулалгүй тэднээс салахаас өөр аргагүй болдог байсан гэв.
Залуу эр, “Заваан амьтан,” гэлээ. Охин, угтаа залуу л ёстой заваан амьтан болохыг хэлэв. Залууг ганцаараа машин жолоодож явахад ямар олон охин машинд нь дайгдсаныг бурхан л мэднэ гэнэ! Залуу машин жолоодонгоо гараа охины мөрөн дээр тавин духыг нь зөөлөн үнсэв. Охины өөрт нь хайртайг, хардаж байгааг мэдэж байлаа. Хардах тийм сайн зүйл биш л дээ, гэхдээ хэм хэмжээтэй бол (мөн даруу зантай хосолсон бол), хэдий тавгүйтүүлдэг ч гэлээ хардах занд сэтгэл хөдөлгөм тал ч бий. Үгүйдээ л залуу эрд тэгж санагдаж байв. Тэр ердөө хорин наймтай ч, өөрийгөө ахмад настайд тооцож, эмэгтэй хүний тухай эр хүний ухамсарлаж болох бүхнийг хэдийн мэдэж авсан гэж боддог. Хажууд нь сууж буй охины тухайд, гэнэн хонгор ааш аяг нь түүнд хамгаас таалагддаг аж.
Залуу эр замын баруун талд зуун метрийн цаана шатахуун түгээгүүр байгааг хэлэх тэмдгийг анзаарах үед шатахууны заалтын зүү аль хэдийн тэгийг заасан байв. Охин ашгүй сэтгэл амарлаа гэж хэлэв үү үгүй юү, залуу эр зүүн тийш эргэх дохио өгөөд, машинаа шатахуун түгээгүүр хүрэх шороон зам руу залсан ч дөнгөж хөдлөөд л зогсов. Шатахуун түгээгүүрийн өмнө шатахуун ачсан том ачааны машин зогсоод түгээгүүрийн танкийг дүүргэж байлаа. Залуу эр охинд, “Хүлээх болох нь,” гэж хэлээд машинаас буумагцаа комбинезонтой залуугаас чанга дуугаар, “Хэр удах вэ?” гэж асуулаа. Ажилтан, “Ер удахгүй,” гэв. Залуу эр, “Тэгж л байдаг юм,” гэлээ. Буцаж машиндаа суух гэж эргэхдээ охин машины нөгөө хаалгаар буусныг харав. Охин, “Би жаахан явж байгаад ирье,” гэлээ. Залуу эр охиныг эвгүй байдалд оруулах гэж зориуд, “Хаачих нь вэ?” гэж асуув. Тэр хоёр танилцаад нэг жилийн хугацаа өнгөрсөн ч охин одоо хэр залуугийн хажууд ичингүйрдэг хэвээр. Залууд ч охины ийнхүү ичингүйрэх таалагдана; юун түрүүнд, энэ бүрэг ичимхий зан нь түүний өмнөх танил бусад эмэгтэйчүүдээс нь өөр харагдуулдаг болохоор, хоёрт, тэр ертөнцийн бүх юм хувирч өөрчлөгддөгийг мэдэх учраас. Ийм ч учраас охины бүрэг ичимхий зан түүний хувьд үнэ цэнтэй зүйл ажээ.
_____________

II

Замд явах зуур охин залуугаас (тэр зогсолгүй хэдэн цагаар машин жолооджээ) ой модтой газар зогсохыг гуйхаасаа төвөгшөөж байлаа. Залуу эр гайхсан дүр эсгэн зогсож яах гэж байгааг асуухаар охин уурлана. Энэ ичимхий зан нь утгагүй, үеэ өнгөрөөсөн зүйл гэдгийг тэр мэднэ. Ажил дээрээ ичимхий зангаасаа болж удаа дараа тоглоом шоглоомын бай болж байгаагаа анзаарсан аж. Одоо улайх нь дээ гэж бодмогц л нүүр нь улайж орхино. Охин үнэндээ бол найзалдаг хүүхнүүд шигээ, биеэ барилгүй чөлөөтэй байхыг хүсдэг. Тэр бүү хэл, өөртөө итгэлтэй болох арга олсон аж: Хүн төрөхдөө, асар том байшингийн хэдэн сая өрөөнөөс нэгийг авах шиг, боломжит хэдэн сая биеэс нэгийг олж авдаг гэж тэр өөртөө давтан хэлнэ. Тэгэхээр хүний бие гэдэг санамсаргүй оногдсон, тухайн хүний зан байдалд ер ямар ч хамаагүй зүйл, яг түр зээлсэн бэлэн хувцас шиг. Үүнийг өөртөө янз бүрээр давтан хэлэх ч тэр яагаад ч юм өөртөө итгэлтэй болохгүй байлаа. Бие сэтгэл хоёр нь өөр хоорондоо зохицохгүй зөрчилддөг нь түүнд ер хамаагүй юм шиг санагдах ч биеэ байнга мэдэрдэг учир цаг үргэлж санаа зовно.

Охин
нэг жилийн өмнө танилцсан, хамт байхдаа аз жаргал мэдэрдэг энэ залуу эрийнхээ хажууд ч ялгаагүй санаа зовж үймэрч түгшинэ. Угтаа залуу түүний бие сэтгэл хоёрыг ялгаж авч үздэггүй, охин ч түүний хажууд бүрэн бүтэн байж чаддаг болохоор тийм аз жаргалтай байдаг биз. Аз жаргал гэж ямар нэг таарамжгүй зүйлгүй байхыг хэлэх ч, аз жаргал, эргэлзээ хоёр тийм ч ялгаатай биш болохоор охинд эргэлзэх юм мундахгүй байв. Жишээ нь, илүү царайлаг, илүү дур булаам хүүхнүүд (дээр нь тэд ер санаа зовдоггүй) хаа сайгүй, ийм хүүхнүүдийг таньдгаа ер нуудаггүй залуу эр ч илүү царайлаг, дур булаам хүүхэнд татагдан түүнийг хэзээ нэг цагт хаяж явна гэсэн бодол хааяа толгойд нь орж ирнэ. (Мэдээж, залуу тиймэрхүү хүүхнүүдтэй олонтоо танилцаж байснаа, сайн мэдэхээ хэлэх ч охин түүний насаар боддогоосоос илүү залуу гэдгийг мэдэлгүй яах вэ.) Охин залуу эр зөвхөн өөрийнх нь байгаасай гэж, өөрөө ч бүх бие сэтгэлээ зөвхөн түүнд зориулъя гэж хүсэх ч хэчнээн хичээлээ ч залуу эрд юу ч юм нэг зүйлийг огт өгч чадахгүй байгаа мэт санагддаг байв: Хөнгөмсөг өнгөц хайр эсвэл сээтэгнэх зангийн өгдөг тэр зүйлийг. Охин ноцтой байдал, хөнгөмсөг зан хоёрыг хослуулж чаддаггүйдээ өөрийгөө буруутгана
Гэхдээ яг одоо тэр санаа зовохгүй байв. Энэ мэт бодол ч санаанаас нь ул мөргүй арилжээ. Бие сэтгэл хөнгөн сайхан. Тэдний амралтын (охины жилийн турш хүсэн хүлээсэн арван дөрвөн хоногийн амралтын) эхний өдөр тэнгэр цэлмэг (охин бүхэл жилийн турш амралтаар тэнгэр цэлмэг байх болов уу гэж санаа зовсон юм), залуу эр ч түүнтэй цуг байна. Залуу, “Хаачих нь вэ?” гэхэд тэр ичиж улайн, юм хэлэлгүй машинаас холдсон байлаа. Охин шатахуун түгээгүүрийн эргэн тойронд бага зэрэг явав. Шатахуун түгээгүүр тариан талбайн дунд, хурдны замын хажууд, ойр хавьд өөр нүдэнд торох юмгүй газар байрлажээ. Зуун метр орчмын цаанаас (тэдний цааш явах зүгт) ой эхэлж байв. Охин тийшээ зүглэн, намхан бутны цаагуур ороод сэтгэл нь тайвширлаа. (Ганцаар зогсоод хайртай залуугаа харах түүнд таалагдав. Харин залуутай байнга хамт байвал энэ сайхан мэдрэмж үгүй болж мэднэ. Тэгэхээр охин зөвхөн ганцаараа байснаар  л энэ мэдрэмжээ хадгалж авч үлдэнэ гэсэн үг.)
Охин ойн төгөл дундаас зам руу гарахад шатахуун түгээгүүр харааны үзүүрт торойсон хэвээр байв. Шатахуун тээвэрлэдэг ачааны том машин аль хэдийн яваад, залуугийн спорт загварын машин түгээгүүрийн улаан зураас руу урагшилжээ. Охин зам даган алхлангаа хааяа хааяа гэдрэг хараа сунгаж машин ирж байгаа үгүйг шалгаж байв. Эцэст нь машин ирж явааг харлаа. Охин зогсоод замд танихгүй хүний машинд дайгдахаар дохио өгдөг хүн шиг л гараа гозойлголоо. Спорт загварын машин алгуур тоормослон охины яг хажууд зогсов. Залуу эр хаалга руу дөхөн, цонхоо буулгаад, инээмсэглэсээр асуув: “Авхай, та хаашаа явж байгаа юм бэ?” Охин сээтгэнэсэн дүртэй инээмсэглэн, “Та Быстрица руу явж байна уу?” гэж асуув. Залуу, “Тийм ээ, та суу л даа,” гээд хаалгаа нээлээ. Охин суумагц машин хөдлөв.
_____________

III

Залуу эр, охины санаа зовох юмгүй байгааг харах дуртай байв; учир нь охинд санаа зовох юм мундахгүй; ажил нь их хүнд (таагүй орчинд, үнэ хөлсгүй уртасгасан цагаар ажиллах нь элбэг), ээж нь гэртээ өвчтэй. Их ядардаг болохоор сэтгэл нь их хямарна, өөртөө итгэл муутай, хурдан түгшиж, даруй айдаст автаж шанална. Тиймээс ч залуу эр, охины баяр хөөртэй байгааг харах бүрдээ ах нь юм шиг дагаж баярладаг байлаа. Охин руу инээмсэглэн, “Өнөөдөр азтай байх чинь. Таван жил машин барьж байна, ийм хөөрхөн замын бүсгүйтэй таарч байсангүй,” гэв.
Залуугаас магтаалын үг сонсох бүрдээ баярладаг охин энэ эерэг байдлыг эвдэхгүй гэж, “Та ч сайхан залах юм аа,” гэлээ.
“Би залдаг хүн шиг байна уу?”
Охин, “Та эмэгтэй хүнд худлаа панаалдах дуртай юм байна,” гэв. Охин залуу эрийг үнэхээр эмэгтэй хүнд худлаа панаалдах дуртай гэж боддог тул энэ үгэнд нь хуучны айдсаас нь багахан холилджээ.

Охины хардах сэтгэл залууд ихэнхдээ таалагддаггүй ч тэр энэ удаа сонсоогүй дүр үзүүлэв. Тэгээд ч охин энэ үгийг түүнд биш одоогийн энэ жолоочид хэлсэн юм чинь. Залуу тоосон шинжгүй асууж буй мэт харагдахын хичээлээ:
“Энэ танд таалагдахгүй байна уу?”
Охин, “Би таны найз охин байсан бол энэ мэдээж надад таалагдахгүй байсан,” гэв. Тэр энэ үгээрээ залууд далд санаа цухалзуулж байлаа. Гэхдээ өгүүлбэрийг төгсгөлийг танихгүй жолоочид хандаж хэлэв: “Гэхдээ би ямар таныг таних биш, надад ямар хамаа байна.”
“Эмэгтэй хүн танихгүй хүнийг найз залуугаасаа илүү амархан уучилдаг.” (Энэ удаа залуу эр охинд далд санаа цухалзуулав). “Бид бие биеэ танихгүй болохоор амар ойлголцоно гэсэн үг.”
Охин энэ өгүүлбэрийн далд санааг ойлгоогүй дүр эсгээд, зөвхөн танихгүй жолоочид хандаж хэлэв:
“Удахгүй салахын хооронд ойлголцлоо гээд яах юм?”
Залуу эр, “Яагаад болохгүй гэж?” гэж асуув.
“Би Быстрицад бууна шүү дээ.”
“Би таныг дагаад буувал яах вэ?”
Ингэж хэлмэгц охин залуу руу хараад, түүнийг хардах үедээ санаандаа төсөөлдөг яг тэр төрхөө олж харах нь тэр. Охин залуу өөрийг нь магтаж, өөртэй нь (замаас дайгдсан танихгүй хүүхэнтэй) сээтэгнэж байх үедээ ямар сурмаг байгааг хараад түгших сэтгэл төрж, түүнээс дутахгүй нүүрэмгий, өдсөн байдалтай хариу хэллээ:
“Та тэгээд намайг яах гэж байна даа?”
Залуу сээтэгнэсэн байртай, “Ийм хөөрхөн хүүхэнтэй юу хийхээ бодож ядах юу байх вэ дээ,” гэв. Тэр энэ удаа замын бүсгүйгээс илүүтэй өөрийн найз охиндоо хандан ярьжээ.
Энэ магтаалын өгүүлбэрийг сонсоод охинд залууг газар дээр нь бариад авч байгаа мэт, хуурч байгаад үнэнийг нь хэлүүлсэн мэт сэтгэгдэл төрж, залууг хоромхон зуур үзэн ядаад, “Та өөртөө арай л дэндүү итгэлтэй байгаа юм биш үү?” гэж сөргөлөө.
Залуу эр охиныг шинжин харж байв. Найз охиных нь урьд нь өдөнгүй дүртэй байсан царай одоо татвагнаж байх шиг. Охиныг өрөвдөн, хуучин (хүүхдэрхүү, энгийн) дүр төрхдөө буцаж ороосой гэж хүслээ. Охин руу дөхөж, мөрөөр нь тэврэн, энэ тоглоомыг дуусгах гэж нэрийг нь зөөлөн дуудав.
Гэвч охин гарыг нь тавиулан, “Та арай хэтэрч байгаа юм биш үү!” гэх нь тэр.
Охины эсэргүүцэлтэй тулгарсан залуу эр, “Уучлаарай, авхай,” гээд өөр юм хэлэлгүй өмнөх замаа харлаа.
_____________

IV

Охины залууг хардах сэтгэл гэнэт оргилсон шигээ даруй замхарч алга болов. Тэр энэ бүхэн тоглоом гэдгийг маш сайн ойлгосон аж. Залууг хардаж муухай ааш гаргасан нь харин ч инээдтэй санагдаж, яагаад ингэж аашилсныг нь залуу ойлгох вий гэж айж байлаа. Азаар, эмэгтэй хүн өмнө нь хийсэн зүйлээ дараа нь өөрчилж ойлгох чадвартай байдаг шүү дээ. Охин энэ чадвараа ашиглан, тэр залуу эрд уурлаж уцаарласандаа тусгүй муухай аашлаагүй, харин амралтын эхний өдөрт яг таарсан энэ тоглоомыг үргэлжүүлэх гэж л тэгж загнасан гэж шийдэн өөрийгөө дотроо өмөөрлөө.

Ийнхүү охин саяхан арай дэндүү шургуу зан гаргасан жолоочид муухай аашилсан, гэхдээ ердөө тэр даруй зөвшөөрөхгүй гэж л, залууг улам бүр өдөөх л гэж ингэж аашилсан замын бүсгүй болж хувирав. Залуу руу ялимгүй эргээд ялдам дуугаар, “Би таныг гомдооё гэж бодоогүй шүү, эрхэм ээ!” гэтэл өнөөх нь хариуд нь, “Өршөөгөөрэй, би таны биед дахиж хүрэхгүй,” гэлээ.
Залуугийн өөрийг нь ойлгоогүйд нь, яг хүсэмжлэх үед нь буцааж түлхсэнд нь охинд уурлаж байв. Охин тоглоомоо үргэлжлүүлэн тоглох гэсэн болохоор залуу ч уураа охины тоглож буй дүрд, өөрөөр хэлбэл замын бүсгүйд гаргалаа. Мань эр гэнэт өөрийн орох учиртай дүрд хувирах нь тэр: Охинд таалагдах гэж тойруу замаар сээтгэнэсэн яриа өдөхөө больж, эмэгтэй хүнтэй зоргоороо, ёжтой, өөртөө итгэлтэй харьцдаг танхай залуугийн дүрд тоглож эхэлсэн гэсэн үг.
Энэ дүр, өмнө нь охинтой халамжтай харьцдаг байсных нь яг эсрэг байв. Охинтой танилцахаасаа өмнө тэр эмэгтэйчүүдэд эелдэг гэхээс илүү ёхир ширүүн ханддаг байсан нь үнэн ч ер хэзээ ч харгис, өөдгүй зантай хүн байгаагүй, тийм зоргоороо, хэрцгий авир түүнээс огт гарахгүй. Хэдий тийм хүнтэй огт төсгүй ч, тийм хүн болох сон гэж мөрөөдөх үе түүнд байгаагүй гэж хэлэх аргагүй. Мэдээж хэрэг, тун утгагүй хүсэл мөрөөдөл л дөө, гэхдээ яая гэх вэ: Хүүхдэрхүү мөрөөдөл том хүний оюун санааны урхинд баригдахгүй, хааяа нас дээр гартал үргэлжилдэг хойно. Энэ хүүхэрхүү мөрөөдөл өөрт нь ноогдсон энэ дүрд биеллээ олох болжээ.
Залуу эрийн зай барьсан ёжтой байдал охинд боломж олгосон гэж хэлж болно. Охин өөрөөрөө байхаас мултарч байв. Учир нь тэр өөрөө үнэхээр хартай хүн аж. Хажууд нь сээтэгнүүр хархүү байна гэж бодохоо больж, залуугийн зожигдуу царайг харах үед л хардах сэтгэл нь намжив. Одоо хэн гэдгээ мартаад, дүрдээ орж бүрэн болно.
Түүний дүр? Ямар дүр билээ? Муухан уран зохиолоос гарсан тийм л дүр шүү дээ. Хаа нэгтээ очих гэж биш, харин жолоочид сээтэн хаях гэж л машинд гар өргөдөг хүүхэн. Гадаад төрхөө ашиглаж чаддаг дур булаам эмэгтэй. Охин энэ утгагүй романтик дүрд өөрөө ч гайхмаар амархан хувирч оров.
_____________

V

Залуу эрийн амьдралдаа хамгаас их хүсдэг зүйл бол эрх чөлөөтэй амьдрах. Учир нь түүний амьдралаа хэрхэн өнгөрүүлэх нь урьдаас нарийн төлөвлөгдсөн байдаг. Ажил нь өдрийн найман цагийг нь аваад зогсохгүй, хуралд суух, гэртээ ажиллах гэх мэтээс болж өдрийн үлдсэн цагаа ч санаа зовж шаналж өнгөрүүлэхээс өөр аргагүй. Тэр бүү хэл, энэ шаналгаатай байдлаа хамт ажиллагсдын харцнаас ер нууж чаддаггүйгээс гадна сав л хийвэл хэрүүл маргааны сэдэв болдог хувийн амьдралдаа зарцуулах цаг заваас нь ч авна. Гэсэн ч арван дөрвөн хоногийн амралт ч энэ бүхнээс зугтаж, адал явдалтай учирч буй мэт мэдрэмж төрүүлсэнгүй. Бүх зүйлээ нарийн тодорхой төлөвлөхийн саарал сүүдэр энд ч бас тусжээ. Амралтын газар ховор болохоор Татрас дахь өрөөг зургаан сарын өмнө захиалах шаардлагатай болсноос гадна, өрөө захиалахын тулд ажлын газраасаа зөвшөөрөл олгосон захидал авах учиртай гэсэн учир удирдлага нь ч түүний хаана хэрхэн амрахыг мэдэж таарав.
Залуу энэ бүгдийг хэдийн зөвшөөрсөн ч түүнд үе үе хүн бүрийн өөрийг нь ажигладаг ер зугтах аргагүй шулуун дардан замаар явж байгаа юм шиг санагддаг байлаа. Яг одоо түүнд дахиад тэр шулуун замаараа явж буй мэт сэтгэгдэл төрж, даруй нэг хачин бодол толгойд нь орж ирэн, бодлын зам одоо машин бариад явж буй зам хоёр нэгдэж орхих нь тэр. Энэ ч түүнийг урьдаас төлөвлөөгүй бодолгүй үйлдэл хийхэд хүргэлээ.
Залуу эр охиноос, “Та хаашаа явж байгаа гэлээ?” гэж асуугаад “Банска Быстрицаруу,” гэсэн хариу сонсов.
“Та тийшээ ямар ажилтай яваа юм бэ?”
“Болзоотой.”
“Хэнтэй?”
“Нэг залуутай.”
Спорт загварын машин том уулзвар руу ойртоход, залуу эр замын тэмдгийг уншихаар тоормослоод баруун тийш эргэлээ.
“Та болзоондоо явахгүй бол яах вэ?”
“Энэ таны хувьд харамсалтай хэрэг болно доо. Учир нь та намайг харж хандах гэсэн үг.”
“Нове Замскы руу эргэснийг минь харсангүй юү?”
“Тэгсэн гэж үү? Та чинь солиороо юу!”
Залуу эр, “Айх хэрэггүй, би таныг харж хандана,” гэж учирлалаа.
Тэр хоёр ийнхүү ярьж явлаа – бие биеэ танихгүй жолооч, замын бүсгүй хоёр.
Тоглоом өөр горим руу шилжжээ. Машин Банска Быстрица хэмээх хүрэх газраас нь төдийгүй, энэ өглөө тэр хоёрын зорьж явсан жинхэнэ хүрэх газар Татрасаас нь ч, захиалсан өрөөнөөс нь ч огт өөр чигт явж байлаа. Зохиолд өрнөх амьдрал, жинхэнэ амьдрал хоёрын хил хязгаар холилдон бүдгэрчээ. Залуу эр өөрөөсөө мөн одоо хэр орхин явж чадаагүй өршөөлгүй шулуун замаасаа ч холдож байв.
“Гэхдээ та надад Татрас руу явж байгаа гэсэн шүү дээ.” Охин гайхжээ.
“Авхай минь, би хүссэн зүгтээ явдаг хүн. Би эрх чөлөөтэй, юу хүссэнээ өөрийн дураар хийдэг.”
_____________

VI

Тэднийг Нове Замскыд хүрэхэд шөнө болж байв.
Залуу эр энд урьд нь ирж байгаагүй болохоор хотын замын учрыг ойлгох гэж нэлээд цаг алджээ. Замаар өнгөрөх хүмүүсээс зочид буудал хаана байгааг асуух гэж хэд хэдэн удаа зогслоо. Зарим гудамжийг ухсанаас болж (асуусан бүх хүний хэлснээр) угтаа тэдний анх байсан газраас холгүй байсан зочид буудалд очих гэж хэдэн хэдэн буруу гудамж руу орж төөрсний дараа арван таван минутын дараа арай гэж зочид буудлын өмнө зогсов. Зочид буудал гаднаасаа сүр муутай, доожоогүй харагдах ч хотын цор ганц зочид буудал энэ, дээр нь залуу эр машин барьсаар ядарчээ. Охинд, “Намайг энд хүлээж бай,” гэж хэлээд машинаас гадагш гарлаа.
Машинаас гармагц тэр эргээд өөрөө болов. Гэнэт зорьсон газраасаа огт өөр газар байгаа нь урмыг нь хугалах шиг. Ийш зүглэ гэж хэн ч түүнийг албадаагүй, үнэндээ өөрөө ч энд ирье гэж хүсээгүй билээ. Гэнэтийн шийдвэр гаргасандаа өөрийгөө буруутгаж байсан ч энэ шийдвэртэйгээ эвлэрсэн нь дээр биз. Татрас дахь өрөө маргааш хүртэл хүлээж болно, тэгээд ч амралтынхаа эхний өдрөө гэнэтийн зүйл хийхэд болохгүй юм байхгүй.
Залуу утаатай, дуу чимээтэй, хүн хөлтэй ресторанаар өнгөрөөд, хүлээн авах руу очтол, түүнийг буцаагаад шатны хажуугийн үүдний өрөөний үзүүр рүү явуулах нь тэр. Тэнд шилэн цонхны ард, олон түлхүүр шигтгэсэн самбарын доор шаргал үстэй эмгэн суух аж. Залуу эр үлдсэн ганц өрөөний түлхүүрийг эмгэнээс арай гэж салгаж чадлаа.
Охин ч мөн ганцаар үлдмэгц өөрийн дүрээс гарав. Гэнэт таньж мэдэхгүй хотод ирсэн ч энэ түүнд онцгүй сэтгэгдэл төрүүлсэнгүй. Тэр, залуу эрд үнэхээр бие сэтгэлээ зориулсан болохоор түүний хийж буй зүйлд хэзээ ч эргэлзэж байгаагүй, байнга цаг мөч бүр түүнд итгэдэг юм. Гэх зуур замд өөр хүүхнүүд түүнийг машинтайгаа өнгөрөхийг хүлээж, уулзаж учирсан байж таарна гэсэн нөгөө л гайтай бодол санаанд нь орж ирэв. Яг одоо өөрийнх нь замаас дайгдаж байгаа шиг. Гэхдээ энэ бодол түүнд хардах сэтгэл төрүүлсэнгүй. Үнэндээ өнөөдөр тэр өөрийн харддаг бодох санах юмгүй шалиг хүүхний дүрд орсондоо баяртай байлаа. Охин одоо тэр хүүхнүүдийн зэвсгийг гартаа оруулснаар, найз залуудаа өмнө нь хүсэж байсан ёсоор хөнгөмөг, ичгүүргүй, шалиг загнаж чадахаар болсон мэт санагдана. Бүх хүүхний орыг зөвхөн тэр эзэлж чадах юм шиг, ингэснээр хайртай хүнийхээ бүхий л анхаарлыг (зөвхөн өөртөө) татаж, түүнийг зөвхөн өөрийнх байлгаж чадах юм шиг, яагаад ч юм сэтгэл нь ханах шиг болов.
Залуу машины хаалгыг нээж, охиныг ресторан руу аваачаад, дуу чимээ, хир тоос, тамхины утаан дунд, буланд хоосон ширээ олж харлаа.
_____________

VII

Охин өдсөн байртай, “За, та тэгээд намайг яаж харж хандах гэж байна даа?” гэв.
“Хоолноос өмнө юм уух сан болов уу?”
Охин угтаа архины төрлийн юм төдий уудаггүй, хааяа жаахан дарс шимэх нь бий, түүнд вермут дарсын амт хамгийн их таалагддаг аж. Гэхдээ энэ удаа зориуд, “Цагаан архи,” гэлээ.
Залуу эр, “Гайхалтай,” гэв. “Согтохгүй гэж найдъя.”
“Согтвол юу гэж?”
Залуу эр хариу хэлсэнгүй, зөөгчийг дуудаад хоёр хундага архи, үхрийн шарсан махтай захиалав. Удалгүй зөөгч царан дээр хоёр жижиг хундага авчраад тэдний өмнө тавилаа.
Залуу хундагаа өргөн, “Таны төлөө,” гэв.
“Илүү хөгжилтэй юм бодож олсонгүй юү?”

Залуу, охины яг юунд цухалдаж байгаагаа ойлгосонгүй. Одоо ингээд өөдөөс нь хараад сууж байхад, охины зөвхөн яриа нь ч биш бүх зан байдал, биеийн хөдөлгөөн, царайны хувирал нь ч өөрчлөгдөн, огт өөр хүн болсон байгааг анзаарав. Охин түүний сайн таньдаг, хорсон зэвүүцдэг хүүхнүүдтэй яг адилхан загнаж байлаа.
Залуу эр (хундагатайгаа гартаа барьсаар) хундаганы үгээ өөрчиллөө:
“За за, таны төлөө уухаа больё. Харин араатны хамгийн сайн талыг, хүний хамгийн муу талтай хослуулсан таны төрөл нэгтүүдийн төлөө ууя.”
Охин, “Төрөл нэгтүүд гэж та бүх эмэгтэй хүнийг хэлж байна уу?” гэв.
“Үгүй, зөвхөн тан шиг хүүхнүүдийг.”
“Ямартаа ч эмэгтэй хүнийг араатантай зүйрлэх тань надад тийм хөгжилтэй санагдсангүй.”
Залуу эр хундагаа урагш сунгасан хэвээр, “За за, тан шиг хүүхнүүдийн төлөө биш, харин таны сэтгэлийн төлөө ууя, болох уу?” гэв. “Толгойноос тань хэвлий рүү тань буухдаа бадран асаж, хэвлийнээс тань толгой руу тань өгсөхдөө унтарч оддог сэтгэлийн тань төлөө.”
Охин хундагаа өргөв: “За, хэвлий рүү минь буудаг сэтгэлийн минь төлөө.”
Залуу эр, “Дахиад нэг засвар хийе,” гэв. “Сэтгэлийн тань буудаг хэвлийний тань төлөө.”
Охин, “Хэвлийний минь төлөө,” гэхэд, хэвлийн хэсэг нь (одоо тэд ийнхүү нэрээр нь дуудахад) энэ үгэнд шууд хариулж байх шиг; охин хэвлийнхээ сөөм бүрийг мэдэрлээ.
Гэж байтал зөөгч тэдэнд шарсан мах авчрав. Залуу дахин архи, устай захиалаад (энэ удаа охины хөхний төлөө уув) энэ жигтэй, хөнгөмсөг байдлаар цааш үргэжлүүлэн ярилаа; охин завхай хүүхэн шиг аяглахдаа их чадварлаг байгаа нь залууг улам бүр цухалдуулж байлаа. Тэр садар хүүхэн шиг ингэж мундаг жүжиглэж байхыг бодоход өөр ч тийм завхай амьтан байж таарна гэж бодол залууд төржээ. Угаасаа энэ байдал төрх түүнд гаднын зүйлээс нэвчиж орсон биш, өөрийнхөөрөө байгаа нь энэ байж таарна, үгүйдээ далд нууц байсан зан төрх нь энэ тоглоомын ачаар ил гарч ирж байгаа хэрэг гэж залуу өөртөө хэлж байлаа. Охин өөрөө бол мэдээж хэрэг тоглоом тоглон өөрөөсөө өөр хүний дүрд хувирч байгаа гэж бодож байгаа биз, гэхдээ угтаа яг эсрэгээрээ байвал яана? Дүрд хувирснаар тэр өөрийн жинхэнэ дүр төрхөндөө орж байгаа биш гэж үү? Тоглоомын ачаар тэр биеэ барихаа больж байгаа биш гэж үү? Үгүй, түүний өөдөөс хараад суух энэ эмэгтэй, охины биед орсон өөр хүүхэн биш, харин охин өөрөө байлаа, өөр хэн ч биш. Залуу охин руу харах тусам жигшин зэвүүцэж байв.
Гэхдээ жигшин зэвүүцэхтэй нь зэрэгцэн өөр нэг мэдрэмж давхар төрсөн нь охин залуугаас хөндийрч танихгүй хүн болох тусам, залуу охины биеийг улам их хүсэмжилж байсан хэрэг аж. Охины сэтгэл огт танигдахгүй байдалтай болох тусам, бие нь улам бүр анхаарал татна. Охины бие залуугийн хувьд өрөвдөх сэтгэл, энхрийлэл, халамж, хайр, догдлолын манан дунд нуугдсан, тэр манан дунд бүр харагдахаа больсон (тийм ээ, бүр алга болсон) тэр бие махбод болж хувирч байв. Залууд охины биеийг анх удаа харж байгаа мэт сэтгэгдэл төрөв.
Охин гурав дахь хундагаа хоослоод, босож зогсоод сээтгэнэн мушилзсаар, “Өршөөгөөрэй,” гэлээ.
“Авхай, хаачих гэж байгааг тань асууж болох уу?”
“Таныг зөвшөөрвөл шээмээр байна,” гэж хэлээд охин ширээнүүд дундуур сүлжсээр хилэн хөшиг рүү зүглэв.
_____________

VIII

Охин сая хэлсэн үгээрээ ­--хэдий гэм хоргүй үг ч гэлээ-- залуу эрийг гайхширалд оруулснаа мэдэж байлаа. Залуу өмнө нь түүний ингэж ярьж байхыг огт сонсоогүй. Өөр ямар ч үг түүний тоглож буй дүрийн зан байдлыг тодотгож чадахгүй. Тийм ээ, энэ бүхэн охинд сайхан санагдаж байв, тэр зугаацаж байлаа. Тоглоомдоо бүр оржээ. Одоог хүртэл хэзээ ч мэдэрч байгаагүй тэр л зүйлээ мэдэрлээ: Юунд ч санаа зовохгүй байх.
Хийж буй үйл хөдлөл бүрдээ санаа зовдог тэр гэнэт ер бусын тайван амгалан болжээ. Дунд нь гэнэт орсон энэ өөр хүний амьдрал ичих зовох юмгүй, ямар нэг намтаргүй, өнгөрсөнгүй, ирээдүйгүй, ямар ч хариуцлага хүлээхгүй тийм амьдрал аж; ер бусын эрх чөлөөтэй амьдрал. Охин, замд машинд дайгдсан бүсгүйн хувиар, хүссэнээ хийж болно, яасан ч түүний эрх. Хүссэнээ хэлж, хийж, мэдэрч болно.
Ресторан дундуур өнгөрч байхдаа ширээнд суусан хүн бүр өөрийг нь дагуулан харж буй нь анхаарлыг нь татав. Тэр өмнө нь ийм юм мэдэрч байгаагүй: Ичгүүргүй баяр хөөр бүх биеийг нь эзэмдлээ. Энэ мөчийг хүртэл хөхнөөсөө ичдэг, хөх нь биеэс нь товойн, ялгарч харагдаж байгаа нь ичмээр, байж боломгүй зүйл гэж боддог арван дөрөвтэй охины зангаасаа хэзээ ч бүрэн салаагүй сэн. Тэр царайлаг, бие хаа сайтай гэдгээрээ далдуур бахархдаг ч даруй ичингүйрэн өөр зүйл бодохыг хичээдэг байв. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг зөвхөн бэлгийн тачаал өдөөх зорилготой гэж бодон, жигших сэтгэл төрж, биеэ зөвхөн хайртай хүндээ түүний өмч мэт зориулахыг мөрөөдөнө. Гудамжинд эрчүүд хөх рүү харахаар зөвхөн өөрт нь мөн хайртай хүнд нь хамаатай зүйлийг өөр бусад булаан авч байгаа мэт санагдана. Гэхдээ тэр одоо замд дайгдсан бүсгүй байлаа, ямар ч төөрөггүй нэгэн. Тэр, энэ дүрд орсноор хайр дурлалын ялдам зөөлөн хорионоос гарч, биеэ гүн гүнзгий мэдэрч эхэлжээ. Танихгүй хүмүүс өөрийг нь дагуулан харах тусам дур тачаал нь улам бүр нэмэгдэж байв.
Сүүлийн ширээний хажуугаар өнгөрч байтал нэг согтуу эр амьдрал үзсэн гэдгээ батлах гэсэн мэт францаар, “Combien, mademoiselle?”[1] гэлээ.
Охин хэлснийг нь ойлгоод, хөхөө урагш түрээд, таазныхаа хөдлөх бүрийг мэдэрсээр хилэн хөшигний цаагуур далд орох нь тэр.
_____________

IX

Энэ их сонирхолтой тоглоом байлаа. Сонирхолтой гэдэг нь харваас илт. Жишээ нь, залуу эр өөрөө танихгүй жолоочийн дүрд маш сайн тоглож байгаа ч замд дайгдсан бүсгүйгээс өөрийн найз охиныг олж харахгүй байж чадсангүй. Энэ үнэхээр тэсэхийн аргагүй зүйл шүү. Залуу найз охиныхоо танихгүй хүн өдөж байгааг харахын, (охин ирээдүйд өөрийг нь араар нь тавих бол) өөрийг нь араар нь тавихдаа ямархуу байдалтай байхыг харахын, юу хэлэхийг нь сонсохын гунигийг гүн гүнзгий мэдэрчээ. Найз охин нь ийнхүү хуншгүй загнах болсны шалтгаан нь өөрөө гэдгийг ч ойлгож байв.
Залуу охиныг хайрлахаас илүү шүтэн биширдэг болохоор энэ бүхэн бүр ч тэсэмгүй. Охины үнэн дүр төрх зөвхөн үнэнч, цэвэр ариун байхад л гарч ирдэг, харин энэ орчноос гармагц охины жинхэнэ дүр төрх үгүй болдог мэт санагдана. Энэ хил хязгаарыг давмагц охин өөрийнхөөрөө байхаа болино, яг ус буцлах хэмд хүрмэгц ус байхаа больж, уур болон дэгддэг шиг. Охины тэрхүү аймшигтай хил хязгаарыг зовох юмгүй эвлэг гэгч давж гарахыг хараад залуу эр цухалдаж байв.
Охин ариун цэврийн өрөөнөөс буцаж ирээд, “Тэнд нэг хүн надаас ‘Combien, mademoiselle?’ гэж асуусан,” гэж гомдоллолоо.
Залуу эр, “Гайхах юу байна?” гэв. “Чи угаасаа биеэ үнэлэгч шиг харагдаж байна.”
“Тэглээ гээд би ер тоохгүй гэдгийг мэднэ биз дээ?”
“Тэгвэл тэр хүнтэйгээ яваач!”
“Гэхдээ та байна шүү дээ.”
“Миний дараа түүнтэй явахад болохгүй юмгүй. Очиж тохир.”
“Тэр надад таалагдахгүй байна.”
“Гэхдээ нэг шөнө хэдэн ч эртэй унтсан чамд хамаагүй шүү дээ.”
“Дажгүй царайлаг бол болохгүй нь юу байна.”
“Чи тэдэнтэй цувруулан унтах дуртай юу эсвэл нэг дор уу?”
Охин, “Аль нь ч болно,” гэв.
Яриа улам бүр бүдүүлэг болж байлаа. Охин бага зэрэг гайхсан ч эсэргүүцсэнгүй. Хүн тоглож байхдаа ч эрх чөлөөтэй байж чадахгүй, тоглоом тоглогчийн хувьд нэг төрлийн урхи л гэсэн үг. Энэ зөвхөн тоглоом байсан бол, тэр хоёр ч үнэхээр бие биеэ танихгүй хоёр хүн байсан бол замд дайгдсан бүсгүй доромжлуулсандаа гомдоод аль хэдийн явчих байсан. Гэхдээ тоглоомоос зугтах аргагүй. Хөл бөмбөгийн баг тэмцээнээс өмнө талбайгаас зугтаж чадахгүй, шатрын дүрсүүд хөлгөөсөө хальж гарч болохгүй: тоглоомын талбар урьдаас тодорхой. Охин энэ ердөө тоглоом учир бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгээ ойлгож байлаа. Тоглоом хэдий чинээ хэтэрнэ, төдий чинээ тоглоом шиг болж, тэр ч дуулгавартай үргэлжлүүлэн тоглох учиртай. Одоо гэнэт ухаан орж, мансуурсан сэтгэлээ сэхээ авахуулж, тоглоомоос зайгаа барих огт тус болохгүй. Энэ ердөө тоглоом байсан болохоор түүнд айх сэтгэл төрөхгүй, тоглоомыг эсэргүүцэхгүй, харин ч тоглоомд улам гүнзгий орж байлаа.
Залуу эр зөөгчийг дуудаад тооцоогоо хийснийхээ дараа нь босож зогсоод охинд, “Алив явъя,” гэлээ.
Охин гайхсан байртай, “Хаашаа?” гэв.
“Асуухаа болиод зүгээр намайг дагаад яв.”
“Та надтай яаж яриад байна?”
“Биеэ үнэлэгчтэй ярьдгаараа ярьж байна.”
_____________

X

Тэр хоёр гэрэл муутай шатаар дээш гарлаа. Ариун цэврийн өрөөний хажуугийн шатны тавцан дээр архинд бага зэрэг халсан хэдэн эр зогсоно. Залуу эр гараа сунган охиныг араас нь тэврээд, хөхийг нь базлаа. Ариун цэврийн өрөөний хажууд зогсох эрчүүд үүнийг анзаараад элдэв шалиг үг хэлэх нь тэр. Охин залуугаас мултрах гэсэн ч залуу, “Битгий маягла,” гэж хашгирав. Үүнийг хараад эрчүүд улам бүр гаарч, охинд хэлэхээс ичмээр муухай үг чулуудав. Охин, залуу эртэй цуг хоёр давхар руу гарахад залуу өрөөний хаалгыг нээгээд гэрэл асаалаа.
Жижиг өрөөнд хоёр ор, жижиг ширээ, сандал, тосгуур байх аж. Залуу эр хаалгаа түгжээд охин руу эргэж харав. Охин эрээ цээргүй, шалиг байдалтай өөдөөс нь харна. Залуу охин руу хараад, энэ завхай харцны цаана өөрийн өхөөрдөн хайрладаг тэр танил дүр төрхийг олж харах гэж хичээв. Энэ, нэвт харагдах хоёр дүрсийг дээр дээрээс нь давхарлаж тавиад дурангаар харахтай төстэй юм. Давхарлан тавьсан хоёр дүрс түүнд найз охин нь дүр бүхэнд хувирах чадвартайг, охины сэтгэл ер бусын тааварлашгүй болохыг, энэ сэтгэлд хуурамч зантай цуг үнэнч зан, гэнэн хонгор байдалтай цуг урвалт, сээтэгнүүр зантай цуг цэвэр ариун байдал ч багтсаныг харууллаа. Энэ замбааргүй юм түүнд овоолсон хог дунд ямар олон янзын зүйл холилдож байдаг билээ яг тийм заваан, сэжиг хүрмээр санагджээ. Энэ хоёр дүрс өөр хоорондоо холилдоод, залуу эр найз охиных нь бусад хүүхнээс ялгарах онцлог гэгч нь үнэндээ өнгөц зүйл болохыг, охин сэтгэлийн гүн дэх бүх бодол санаа, мэдрэмж, алдаа доголдлоороо ч бусад хүүхнүүдээс ялгарах юмгүйг харав. Энэ ч түүнд далд айдас, атаархах сэтгэлээ зөвтгөх шалтгаан боллоо. Охины хувь хүний онцлогийг тусгаж буй мэт харагдах зарим дүр төрх үнэндээ түүн рүү харж буй хүнийг, жишээ нь залуу эрийг өөрийг нь төөрөгдүүлэх тусгалаас өөр юу ч биш аж. Хайртай охин нь залуу эрийн өөрийн хүсэл тачаал, бодол, итгэл үнэмшлээс бүтсэн зүйл шиг байх атал одоо өмнө зогсож буй охин гутарч цөхөрмөөр харийн, гутарч цөхөрмөөр олон хэлбэртэй санагдаж байв. Залуу эр охиныг үзэн ядаж байлаа.
Залуу охинд, “Юугаа хүлээсэн юм бэ? Хувцсаа тайл,” гэв.
Охин сээтгэнэсэн байдалтай толгойгоо гудайгаад, “Тэгэх хэрэг байна уу?” гэж хариу өчлөө.
Охины ярианы өнгө залууд маш танил санагдав; олон жилийн өмнө хэн нэгэн хүүхэн түүнд яг ингэж хэлсэн байж таарна, гэхдээ залуу хэн гэдгийг нь санасангүй. Залуу охиныг доромжлохыг хүсэж байв. Машинд дайгдсан бүсгүйг биш, өөрийн найз охиноо. Тоглоом, амьдрал хоёр холилдов. Замаас дайгдсан бүсгүйг доромжилж тоглох нь одоо найз охиноо доромжлох шалтгаас өөр юу ч биш. Тэр тоглоом тоглож байгаагаа мартжээ. Ердөө өмнө нь зогсох бүсгүйг үзэн ядах аж. Охин руу хараад, түрийвчээсээ тавин крон гаргаж ирээд өөдөөс нь сунгав: “Хангалттай юу?”
Охин тавин кроныг аваад, “Та тийм ч өгөөмөр биш юм,” гэв.
Залуу эр, “Чи угаасаа илүү үнэ хүрэхгүй,” гэлээ.
Охин залуу руу налав: “Та надад аятайхан хандаж болохгүй юү. Жаахан эелдэг бай даа. Хичээгээд үз!”
Охин залуу эрийг тэврээд, уруулаа уруул руу нь аваачив. Гэвч залуу бүсгүйн уруулыг хуруугаараа хаагаад, зөөлөн түлхэв: “Би зөвхөн хайртай бүсгүйгээ үнсдэг.”
“Тэгээд надад хайргүй хэрэг үү?”
“Хайргүй.”
“Хэнд хайртай юм?”
“Энэ чамд ямар хамаатай юм бэ? Хувцсаа тайл!”
_____________

XI

Охин урьд нь хэзээ ч ингэж хувцсаа тайчиж байсангүй. Залуугийн өмнө хувцсаа тайлах зуур (харанхуйн нууж чаддаггүй) ичих, айх, толгой эргэх бүхий л мэдрэмж нь арилж оджээ. Одоо чийдэнгийн гэрэл доор өөртөө итгэлтэй, нүүрэмгүй дүртэй зогсонгоо, өмнө огт мэддэггүй байсан атал хувцсаа удаан, тачаангуй тайчихыг яаж ийм хурдан сурснаа гайхлаа. Залуугаас харцаа салгалгүй, хувцсаа нэг нэгээр нь өдсөн байдалтай тайлж, ийнхүү тайчих хөдөлгөөн бүрээсээ таашаал авав.
Гэхдээ удалгүй залуугийн өмнө чармай нүцгэлмэгцээ санаанд нь энэ тоглоомыг цаашид үргэлжлүүлж чадахгүй, хувцсаа тайлснаар хуурамч багаа авснаас өөрцгүй болсон гэсэн бодол төрөв. Нүцгэлснээр тэр одоо өөрөөрөө байх болсон, залуу ч түүн рүү нэг алхаад ямар нэг хөдөлгөөнөөр энэ бүхнийг арчилж үгүй хийнэ, дараа нь тэд хамгаас дотно янаг байдлаар энгэр зөрүүлнэ гэж найдлаа. Ийнхүү охин залуугийн өмнө шалдан зогсоод, тоглоом тоглохоо больсон аж. Ичээд, өмнө нь яаж инээмсэглэдэг байсан яг тэгж --ичингүйрч гайхан-- инээмсэглэнэ.
Гэвч залуу эр ер хөдөлсөнгүй, тоглоомыг дуусгах ямар нэг хөдөлгөөн хийсэнгүй. Тэр танил инээмсэглэлээ анзаарсангүй, харин өөрийн үзэн яддаг найз охины гоолиг, харь биеийг л харж байв. Үзэн ядсандаа одоо ямар ч эмзэг нарийн зүйл мэдрэхээ больжээ. Охин өөр рүү дөхөх гэсэн ч залуу эр, “Наанаа байж бай, би чамайг сайн хармаар байна,” гэв.
Залуу эр одоо охинтой биеэ үнэлэгч шиг харьцахыг л хүсэж байлаа. Гэхдээ тэр өмнө нь биеэ үнэлэгчтэй унтаж байгаагүй, тэдний тухай ердөө ном, хүмүүсийн ярианаас л мэднэ. Тиймээс санаанд нь юун түрүүнд, төгөлдөр хуурын гялалзсан таган дээр бүжиг хийх хар дотоож, хар шилэн оймстой бүсгүйн дүр буув. Зочид буудлын өрөөнд төгөлдөр хуур байсангүй, ердөө хана руу налуулсан, дээрээ бүтээлэгтэй жижиг ширээ байх аж. Залуу эр охинд ширээн дээр гар гэж тушаав. Охин гуйж байгаа мэт хөдөлгөөн хийтэл залуу, “Чамд мөнгө төлсөн дөө,” гэлээ.
Охин залуугийн харцанд шийдэмгий төрх олж хараад, яавал зохистойг мэдэхгүй ч тоглоомоо цааш үргэлжлүүлэх гэж оролдов. Нүдэнд нь нулимс цийлэгнэсээр ширээн дээр гарлаа. Ширээ хааш хаашаа нэг метр орчим, нэг хөл нь догонцсон эд аж. Охин ширээн дээр гарч зогсоод унахаас айлаа.
Гэвч залуу эр энэ нүцгэн биеийг өмнөө харж байгаадаа сэтгэл хангалуун; охины ичингүйрэн айж байгаа нь түүнийг улам захирангуй болгоно. Энэ биеийг өөр хүмүүс ч харсан, цаашид ч харна гэсэн бодол төрж охиныг бүх байрлалаар, бүх талаас нь хармаар санагдлаа. Залуу эр бүдүүлэг, тачаангуй загнаж байв. Охины өмнө нь огт сонсож байгаагүй үг өгүүлбэрийг хэлж байлаа. Охинд болимоор, тоглоомоос гармаар санагдав. Залууг нэрээр нь дуудлаа, гэвч залуу өөртэй нь ингэж дотно өнгөөр ярих эрх түүнд байхгүй гэж хашгирав. Охин эцэст нь гайхаж уйлах шахан тушаалыг нь дагалаа, урагш тонгойн, доош суун ёслоод, твист бүжиг хийх байгаа мэт таазаа хөдөлгөлөө. Илүү хүчтэй хөдөлтөл ширээний бүтээлэг гулсаж, охин унах шахав. Залуу түүнийг шүүрч аваад, ор луу аваачлаа.
Залуу, охин хоёр энгэр зөрүүлэв. Охин энэ бүтэлгүй тоглоом дуусаж, тэр хоёр өмнөх шигээ байж, бие биеэ чин сэтгэлээсээ хайрлана гэж бодон баярлажээ. Залууг уруул дээр нь үнсэх гэсэн ч тэр охиныг түлхээд, зөвхөн хайртай бүсгүйгээ үнсдэг гэж дахин хэлж, охин ч цухиран уйллаа. Гэвч залуу эр түүнд уйлахыг ч зөвшөөрсөнгүй, залуугийн ууртай дур тачаал охины биеийг аажим эзэмдэн, гомдох сэтгэлийг нь тайвшруулав. Удалгүй орон дээр өөр хоорондоо гайхалтай нэгдсэн, дур тачаалаар дүүрэн, бие биеэ үл таних хоёр бие хэвтэж байлаа. Энэ үнэндээ охины хамгаас айдаг, санаа зовинон зугтах гэж оролддог зүйл байв: Сэтгэлийн хөдөлгөөн, хайр дурлалгүй энгэр зөрүүлэх. Тэр хориглосон хил хязгаарыг давснаа, түүнээс цааш ямар ч саадгүй, бүрэн эрхтэй урагшилснаа мэдэж байлаа. Харин ухамсрын нэг үзүүрт, одоог хүртэл ийм таашаалыг, хил хязгаарын цаадах одоогийнх шиг ийм таашаалыг хүртэж байгаагүйгээ бодоод айх сэтгэл төрнө.
_____________

XII

Удалгүй бүх юм дууслаа. Залуу эр охиноос холдоод, орны дээдэх урт утастай унтраалгыг дарж гэрлээ унтраав. Охины царайг хармааргүй байсан хэрэг. Тоглоом дууссаныг мэдсэн ч өмнөх харилцаагаа сэргээхийг хүссэнгүй, өмнөх рүүгээ буцаж очихоос айдас төрнө. Охины биед хүрэхгүй хичээн, харанхуйд хажуугаар нь хэвтлээ.
Хэсэг хугацааны дараа охины мэгшин уйлахыг сонсов. Охины гар ичингүйрсэн хүүхдэрхүү байдалтай түүний гарт хүрлээ. Хүрээд удалгүй татав, дахиад хүрэв, тэгээд гуйсан, уйлагнасан дуу нам гүмийг эвдэн, залуу эрийг нэрээр нь дуудан, “Энэ би байна шүү дээ, би байна...” гэх нь сонстов.
Залуу чимээгүй, хөдлөлгүй хэвтсээр, охины нэг үл мэдэгдэхийг өөр үл мэдэгдэхээр тодорхойлж буй өгүүлбэр харамсалтай нь ямар ч утгагүйг ойлгож байлаа.
Охин мэгшиж байснаа удалгүй чангаар цухиран уйлж эхлэв. Нөгөө л өрөвдмөөр өгүүлбэрээ давтан, “Энэ би байна шүү дээ, би байна, би байна...” гэж байлаа.
Залуу эр охиныг тайтгаруулахын тулд өөрт нь өрөвдөх сэтгэл төрөг гэж хичээлээ (өрөвдөх сэтгэл тийм амар төрөхгүй байсан тул их хичээх хэрэгтэй болов). Цааш амралтын арван гурван хоног үлдсэн ажээ.
_____________




[1] Авхай, хэд вэ?


Орчуулсан: Г. Сугиррагчаа

Friday, October 12, 2018

Раймонд Карвер | СҮҮДРЭВЧ


(өгүүллэг)



Тэр өглөө Холли гэдсэн дээр минь Тичерс виски асгаад, бүгдийг нь долоов. Тэгснээ үдээс хойш нь цонхоор үсрэх гэж оролдлоо.
Би, “Холли, бид ийм байдалтай цааш үргэлжлүүлж болохгүй. Энэ бүгдэд цэг тавих хэрэгтэй,” гэлээ.
Бид дээд давхрын люкс өрөөний буйдан дээр сууж байсан юм. Өөр бусад сул өрөө ч байгаа л даа. Гэхдээ бидэнд люкс өрөө хэрэгтэй, чөлөөтэй босож явж, ярилцаж болох тийм өрөө. Тиймээс ч бид тэр өглөө замын зочид буудлын захиргааны байрыг түгжээд, дээд давхрын люкс өрөөнд төвхнөсөн юм.
Холли, “Дуэйн, би ингэж байж тэсэхгүй,” гэв.
Бид хоёр вискигээ мөс, устай холин ууж байлаа. Хоёул өглөөнөөс үд болтол бага зэрэг унтаад авсан. Дараа нь тэр босоод, дотуур хувцастайгаа цонхоор доош үсэрнэ гэж намайг сүрдүүлсэн. Би босож түүнийг барьж хориглох хэрэгтэй болсон шүү. Бид ердөө хоёр давхарт байгаа ч юмыг яаж мэдэх вэ.
Холли, “Одоо болоо,” гэв. “Цаашид тэсэхгүй нь.”
Дараа нь хацраа хоёр гараараа шахан, нүдээ аниад, толгойгоо хойш урагш савлан дүнгэнэх чимээ гаргалаа.
Би түүнийг ийм байдалтай харж тэсэхгүй.
Би учрыг нь мэдэж байсан ч, “Юу тэсэхгүй гэж?” гэж асуулаа.
Тэр, “Би чамд энэ бүгдийг дахиж ярих шаардлагагүй,” гэв. “Би хяналтгүй болсон. Бахархах юмгүй болсон. Би урьд нь бахархах юмтай бүсгүй байсан юм шүү.”
Холли гуч дөнгөж гарсан, царайлаг хүүхэн л дээ. Өндөр нуруу, урт хар үс, ногоон нүдтэй. Би түүнээс өөр ногоон нүдтэй хүүхэн танихгүй. Би урьд нь түүний ногоон нүдний тухай ямар нэг юм хэлдэг байлаа, тэр ч ногоон нүдтэй учир ямар нэг онцгой зорилготой төрсөн гэдэгтээ итгэдгээ надад хэлсэн.
Би мэдэлгүй яах вэ!
Би болсон бүхэнд харамсаж шаналж байна.
Доод давхарт ажлын өрөөнд утас дуугарах сонсогдоно. Бүхэл өдөржин хангинаад л. Би бүр нойрондоо ч утас дуугарахыг сонссон гээд бод доо. Нүдээ нээгээд тааз руу харна, утас дуугарахыг сонсоно, бидэнд юу тохиолдсныг бодно.
Магадгүй би шал руу харах хэрэгтэй байх.
Тэр, “Би гомдсон,” гэв. “Бүр голдоо ортол гомдсон. Надад ёстой муухай байна. Үүнээс ёрын юм гэж байхгүй, надад үнэхээр муухай байна.”
Би, “Холли,” гэлээ.

Биднийг ийшээ анх нүүж ирмэгц зочид буудлыг ажил хариуцуулахаар нь бид амьдрал маань одоо л нэг цэгцрэх нь гэж бодсон юм. Байрны хөлс төлөхгүй, хоол, унаа гэх мэт үнэгүйн дээр сардаа гурван зуун доллар авна. Үүнээс сайхан ажил гэж ер байх уу даа.
Холли төлбөр, тооцоо хариуцдаг байв. Тэр угаасаа тоо тооцоонд мундаг; салангид олон жижиг байрын ихэнхийг хүнд хөлсөлсөн. Хүмүүстэй харилцах дуртай, хүмүүс ч өөрт нь дуртай. Би зүлэг хяргаж, хогийн ургамал зулгааж, усан сан цэвэрлэж, бага сага засварын ажил хийнэ.
Эхний жил ямар ч асуудал гараагүй. Би шөнө өөр ажил давхар хийгээд, бид ч гайгүй мөнгөтэй болж байв. Бидэнд өөрсдийн төлөвлөгөө байлаа. Тэгж байтал нэг өглөө, за мэдэхгүй дээ. Намайг угаалгын өрөөний хавтан наахаар нэг байранд ортол мөнөөх жижиг биетэй мексик үйлчлэгч бүсгүй тэндхийг цэвэрлэж байв. Холли түүнийг ажилд авсан юм. Бид өмнө нь таарч ойр зуур яриа өрнүүлсэн ч тэр үйлчлэгч миний нүдэнд төдий өртөөгүй. Намайг “Эрхэм ээ” гэж дууддаг байсан нь л санаанд үлдэж.
За тэр ч яах вэ.
Тэр өглөөнөөс хойш би түүнийг анхаарах болсон. Жижиг цагаан шүдтэй, цэмцгэр жаахан биетэй. Би уруул руу нь их хардаг байж.
Тэр намайг нэрээр минь дуудах болов.
Би нэг өглөө угаалгын өрөөний цоргоны хаймар сольж байтал тэр орж ирээд зурагт асаасан. Үйлчлэгчид угаасаа өрөө цэвэрлэж байхдаа байнга зурагт асаадаг юм. Би хаймар солихоо болиод угаалгын өрөөнөөс гарлаа. Тэр намайг хараад гайхах шиг болов. Инээмсэглээд, нэрээр минь дуудах нь тэр.
Ингэж хэлсний дараахан бид хоёр хамтдаа орон дээр хэвтэж байлаа.
Би, “Холли, чи одоо ч гэсэн бахархах юмтай бүсгүй шүү дээ,” гэлээ. “Чи хамгийн шилдэг нь. Алив л дээ, Холли.”
Холли толгой сэгсрэв. “Дотор минь нэг юм үгүй болсон. Үгүй болтлоо удсан ч одоо арилж алга болсон. Чи миний дотроос нэг юм авч хаясан, яг сүхээр цавчиж байгаа юм шиг. Одоо бүх юм бохирдсон.”
Тэр вискигээ ууж дуусгаад, уйлж эхлэв. Би түүнийг тэврэхээр бослоо. Гэлээ ч ямар ч нэмэр болсонгүй.
Би хундагуудаа дүүргээд, цонхоор гадагш харлаа.
Өөр мужийн дугаартай хоёр машин зочид буудлын захиргааны байрын өмнө зогсчихсон, жолоочид нь үүдэнд ярилцана. Нэг нь нөгөөдөө нэг юм хэлээд, байрнуудын зүг хараад эрүүгээ барив. Тэнд бас нэг эмэгтэй байна, цонх руу нүүрээ наагаад, нүдээ саравчлан дотогш харах гэлээ. Тэгснээ хаалга угзчиж үзэв.
Доод давхрын утас хангинаж эхэллээ.
Холли, “Чи сая надтай унтахдаа ч түүнийгээ бодож байсан,” гэв. “Би ингэж байж тэсэхгүй, Дуэйн.”
Би хундагатай аваад түүнд өгөөд, “Холли,” гэлээ.
Тэр, “Үнэн шүү дээ, Дуэйн,” гэлээ. “Маргах гэсний хэрэггүй.” Ердөө дотоож, хөхний даруулгатай Холли хундагатай вискигээ барьсаар өрөөн дотуур дээш доош холхив.
Тэгснээ, “Чи гэрлэлтээсээ нүүр буруулсан. Бидний хоорондох итгэлцлийг эвдсэн,” гэв.
Би өвдөг сөхрөөд, гуйж эхэллээ. Гэхдээ дотроо Хуанитаг бодож байв. Ичмээр юм. Надад ч, энэ хорвоо ертөнцийн хүмүүст ч юу болоод байгааг мэдэх юм алга.
Би, “Холли, хонгор минь, би чамд хайртай,” гэлээ.
Гадна талбайгаас машины дохио дуугараад, болиод, дахин дуугарав.
Холли нулимсаа арчлаа. “Надад виски аягал,” гэв. “Энэ их устай болж. Тэд гайтай дохиогоо дуугаргаж л байг, яавал яаг. Надад хамаагүй. Би Невада руу нүүлээ.”
Би, “Невада руу нүүх хэрэг юу байна,” гэлээ. “Тэнэг юм ярих юм.”
Тэр, “Би тэнэг юм яриагүй,” гэв. “Невада руу нүүх юу нь тэнэг байгаа юм? Чи энд тэр цэвэрлэгч хүүхэнтэйгээ үлд. Би Невада руу нүүлээ. Би тийшээ нүүхгүй бол амиа хорлоно.”
Би, “Холли!” гэлээ.
Тэр, “Холли гэнэ шүү!” гэв.
Холли буйдан дээр суугаад, өвдгөө эвхэж эрүүн доороо аваачив.
Тэгээд “Надад виски хундагал, өөдгүй новш,” гэв. “Муусайн новшууд дохиогоо хангинуулж л байг. Травелождоо очиж заваараг. Цэвэрлэгч хүүхэн чинь одоо тэндхийг цэвэрлэж байгаа юу? Алив виски хундагал, өөдгүй новш!”
Холли уруулаа жимийсээр над  руу нөгөө харцаараа харав.
Архи уух нээрэн хөгийн шүү. Одоо ингээд бодоход бид хамаг чухал юмаа архи ууж байхдаа шийдсэн байх юм. Архинаас гарах тухай ярихдаа ч гал тогооны ширээ эсвэл зугаалж яваа газрын вандан ширээн дээр хайрцаг шар айраг эсвэл виски тавиад сууна. Ийшээ нүүж, замын зочид буудлын ажлыг хариуцахаар шийд гаргахдаа ч хэдэн шөнө дараалан ууж энэ ажлын давуу, сул талыг ярилцсан сан.
Би Тичерс вискиний үлдсэнийг хундаганууддаа хийгээд, мөс ус нэмлээ.
Холли буйдангаасаа босоод, орон дээр тэрийн хэвтэв.
“Чи түүнтэйгээ энэ орон дээр унтсан уу?”
Надад хэлэх юм алга. Санаанд минь ямар ч үг үлдээгүй юм шиг. Би түүн рүү хундагатай виски сунгаад, сандал дээр суулаа. Вискигээ уунгаа, цаашид бүх зүйл өөрчлөгдөх нь гэж бодов.
Тэр, “Дуэйн,” гэв.
“Холли?”
Зүрх минь шимшрэх шиг болов. Хүлээлээ.
Би Холлид чин сэтгэлээсээ хайртай байсан юм.

Хуанита бид хоёр нөгөө ажлаа долоо хоногийн таван өдөр арваас арван нэгэн цагийн хооронд амжуулдаг байв. Хуанита тэр үед аль өрөөг цэвэрлэж байна тэнд нь. Түүнийг өрөө цэвэрлэх зуур, би дотогш ороод, хаалгаа хаана.
Гэхдээ ихэнхдээ арван нэгэн тоотод. Арван нэгэн тоот бидний азтай өрөө.
Бид бие биедээ нялуурах ч ажлаа хурдан амжуулна. Ер нь бол дажгүй.
Би Холли уг нь үүнийг сүр болгохгүй гэж бодсон. Зүгээр сүр болгохгүйг хичээхэд л хангалттай юм шиг санагдсан гэх үү дээ.
Би оройн ажилдаа анхаарсан хэвээр. Угтаа циркийн сармагчин ч хийж дөнгөх ажил. Гэхдээ л ажил төрөл маань хурдтай доройтож эхэллээ. Бидэнд ч ажилдаа анхаарах хүсэл үгүй болсон байв.
Би усан санг цэвэрлэхээ больсон. Ус нь ногоорч замагтаад, зочид ч орохоо болив. Би цорго засахаа, хавтан солихоо, тэнд энд будаг нялахаа ч болилоо. Үнэндээ бид хоёрт архи уухаас өөр юу ч хийх хүсэл үлдээгүй. Архи уух ч бас цаг хугацаа, хичээл зүтгэл шаардсан ажил шүү.
Холли зочдыг бүртгэхээ больжээ. Нэг бол илүү мөнгө авна эсвэл огт авахгүй. Хааяа гурван хүнийг ганц ортой өрөөнд оруулна эсвэл хоёр хүний ортой өрөөнд ганц хүн оруулна. Ер нь бол гомдол санал тасрахгүй, заримдаа бүр хэрүүл уруул ч гарна. Хүмүүс цүнхээ аваад өөр буудал хайхаар зүглэнэ.
Гээд удсангүй зочид буудлын удирдлагаас захиа ирэх нь тэр. Удалгүй дахиад нэг захиа, бүр баталгаат шуудангаар шүү.
Утсаар залгаад л. Хотоос хүн явуулсан гэж ч байв.
Гэхдээ бид ер тоохоо больсон сон. Энд угаасаа удахгүйгээ ч мэднэ. Амьдрал маань сүйрээд, бид гэнэтийн өөрчлөлтөд бэлдэж байв.
Холли ухаантай бүсгүй. Үүнийг эхлээд тэр анзаарсан.

Бид цаашид хэрхэхээ шөнөжин ярилцсаныхаа дараа бямба гарагийн өглөө сэрлээ. Нүдээ нээгээд, хоёр биеийнхээ царайг харахын тулд орон дээрээ хөрвөн бие бие рүүгээ эргэлээ. Тэр үед хоёул ойлгов. Бид нэг юмны төгсгөлд иржээ, одоо шинээр хаанаас эхлэхээ шийдэх хэрэгтэй.
Хоёул босоод, хувцсаа өмсөөд, кофе уугаад энэ тухай ярилцахаар болов. Юу ч бидний анхаарлыг сарниулах учиргүй. Утас ч, зочид ч.
Би тэр үед Тичерс вискийг гаргасан юм. Хаалгаа түгжээд, мөс, хундага, лонхоо аваад шатаар дээш гарав. Эхлээд өнгөт зурагт хэсэг үзлээ, жаахан инээлдэж наргилаа, доор утас хангинахыг тоосонгүй. Хоол идэхээр гадагш гарч автоматаас бяслагтай шарсан төмс авав.
Бүх зүйл болоод өнгөрсөн, одоо юу ч болсон хамаагүй гэх хачин хөгийн уур амьсгал бий болжээ.

Холли, “Бид гэрлэхээсээ өмнө ямар хүүхдээрээ байсныг санаж байна уу?” гэв. “Их том юм төлөвлөж, мөрөөддөг сөн.” Тэр орон дээр өвдгөө эвхэн, вискигээ барьж сууна.
“Саналгүй яах вэ, Холли.”
“Би чамаас өмнө найз залуутай байсан. Нэр нь Вайет. Харин чиний нэр Дуэйн. Вайет, Дуэйн хоёр. Би тэр жилүүдэд ямар их юм алдсан бол? Чи миний хувьд хамгаас чухал байсан, яг нөгөө дуунд гардаг шиг.”
Би, “Холли, чи бол гайхалтай бүсгүй,” гэлээ. “Чамд асар их боломж байсныг би мэднэ.”
Тэр, “Гэхдээ би боломжоо ашиглаагүй! Гэр бүлээсээ нүүр буруулаагүй” гэв.
Би, “Холли, боль доо,” гэлээ. “Одоо ингэх ямар хэрэг байна? Хоёр биеэ дэмий зовоогоод яах вэ. Одоо цаашид яах тухайгаа л ярья.”
Холли, “Аан гээ,” гэв. “Якимагаас холгүй Террас Хайтсыг өнгөрсний дараа хуучин ферм байдгийг санаж байна уу? Бид нэг удаа машинаар явангаа дайрч гарсан даа. Их халуунд шороон замаар яваад л, тоос босоод л. Явсаар явсаар тэр хуучин фермд ирээд, чи айлаас аяга ус өгөөч гэж гуйж байсан даа? Чи одоо дахиад тэгж явна гэж төсөөлж чадах уу? Айл руу очоод, уух ус өгөөч гэж гуйж чадах уу?”
Холли цааш нь, “Тэр хөгшид одоо нас бараа биз,” гэв. “Оршуулгын газар зэрэгцээд хэвтэж байж таарна. Биднийг дотогш орж бялуу ид гэснийг санаж байна уу? Дараа нь бидэнд тэр хавийг үзүүлсэн. Тэнд нэг сүүдрэвч байсан. Моддын дунд. Шовгордуу дээвэртэй, будаг нь холцорсон, шатан дээр нь хөвд ургасан байсан даа. Эмгэн, олон жилийн өмнө, их олон жилийн өмнө тэнд ням гараг бүр хөгжим тоглохоор хүмүүс ирдэг байсан гэж хэлж байсан. Хүмүүс суугаад чагнадаг байсан юм байх. Би, бид хөгшрөөд тэдэн шиг болно гэж бодож билээ. Нэр хүндтэй. Амар тайван. Хүмүүс манайд зочилно.”
Би юм хэлэх гээд чадсангүй. Тэгээд, “Холли, бид энэ үеийг ч бас эргэж санана шүү дээ,” гэлээ. “Бид, ‘Санаж байна уу, усан сан нь жигтэйхэн заваарсан замын зочид буудал байсан даа,’ гэх болно,” гэлээ. “Холли, юу гэх гэснийг минь ойлгож байна уу?”
Гэвч Холли хундагаа барин орон дээр суусаар.
Би хараад ойлгоогүйг нь ойлголоо.
Би цонх руу очоод, хөшгөн завсраар харав. Доор нэг хүн нэг юм хэлээд, захиргааны байрны хаалгыг балбаж байна. Би зогссон газраасаа хөдөлсөнгүй, Холли надад ямар нэг дохио өгөөсэй гэж дотроо залбирлаа. Холли надад зам зааг гэж залбирлаа.
Машин асах чимээ сонсогдов. Дараа нь өөр нэг машин. Хоёр машин гэрлээ байшин руу тусгаад, ар араасаа явсаар зам руу оров.
Холли, “Дуэйн,” гэлээ.
Энэ удаад ч бас түүний зөв байв.


Орчуулсан: Г. Сугиррагчаа

Friday, September 21, 2018

Кэтрин Мэнсфилд | КАНАР БЯЛЗУУХАЙ





... Урд хаалганы баруунтаах том хадаасыг харж байна уу? Би тийшээ одоо ч харж чаддаггүй хэдий ч аваад хаячихъя гэхээр зүрх хүрэхгүй юм. Намайг талийж одсоны дараа ч хадаас хананд хадаатай хэвээр байна гэж бодоход сэтгэлд өег санагдана. “Тэнд шувууны тор өлгөөтэй байсан бололтой” гэж хүмүүсийн ярилцахыг сонсоод сэтгэл амарна, ямартаа ч тэр минь бүрмөсөн мартагдаагүй л юм байна.
... Хонгорхон минь ямар гайхалтай дуулдаг байсныг та төсөөлөх ч үгүй. Бусад канар бялзуухайн жиргэхээс эрс өөр. Түүний дуулахыг сонсоод би ганцаараа биширсэн юм биш шүү. Өөр хүмүүс ч үүдэнд маань зогсоод, хиймэл жүржийн хажууд хашаан дээгүүр тэгнээд ухаан алдан чагнаж байхыг би бишгүй харсан. Та мэдээж “утгагүй хэрэг” гэх байх (гэхдээ түүний минь жиргэхийг сонссон бол тэгж хэлэх нь юу л бол), надад бол хонгорхон минь дуугаа бүр эхнээс нь дуустал дуулж байх шиг санагддаг сан.
Намайг орой тийш гэрээ цэвэрлэж дуусаад, цамцаа сольж, энд үүдний тавцанд оёх юмаа барьсаар гарч ирэхэд, бялзуухай минь анхаарлыг минь татах гэсэн аятай нэг хөндлөвчөөс нөгөө рүү хоп-хоп-хоп үсэрч, торныхоо төмөр сараалжийг хошуугаараа зөөлөн тоншиж, яг л мэргэжлийн дуучин шиг жаахан ус балгаад, чамин тансаг дуулж эхлэхтэй зэрэг би зүүгээ доош нь тавиад чих тавина. Үгээр дүрслэхийн аргагүй; ямар тансаг дуулдгийг нь танд ойлгуулж чаддаг ч болоосой.
... Би түүндээ хайртай байлаа. Ямар их хайртай байсан гээч! Хүн энэ хорвоод юунд хайртай байх нь тийм ч чухал биш. Гэхдээ л юуг ч бай, хэнийг ч бай хамаагүй хайрлах л хэрэгтэй. Мэдээж хэрэг бяцхан байшин, цэцэрлэг минь байлгүй л яах вэ, гэвч яагаад ч юм бүү мэд надад нэг л хангалтгүй санагддаг сан. Цэцэгс тантай харилцаа үүсгэж чадах ч энэрч ойлгоно гэж үгүй. Тэрчлэн би үдшийн гялаан одонд хайртай байлаа. Тэнэг сонсогдож байна уу? Би нар жаргасны дараа арын хашаа руугаа гараад, хар бараан эвкалипт модны дээгүүр үдшийн гялаан тодрохыг хүлээнэ. Тэгээд “За хонгорхон минь, хүрээд ирэв үү” гэж шивнэнэ. Тэрхэн мөчид үдшийн гялаан зөвхөн надад л зориулж гялалзаж байх шиг санагддаг сан. Тэр ч үүнийг ойлгож байх шиг... энэ яг санагалзал шиг, гэхдээ яг ч санагалзал биш. Эсвэл харуусал юм уу... харуусалд илүү ойр юм даа. Гэхдээ юунд харуусна гэж? Би харин ч талархах зүйл олонтой биш үү?
... Гэхдээ тэр амьдралд минь орж ирснээс хойш би үдшийн гялаанаа мартсан; надад одоо тэр хэрэггүй. Хачин юм шүү. Мөнөөх хятад эр шувуухайг бяцхан торонд нь хийчихсэн худалдахаар манай үүдэнд ирэхэд, хонгорхон минь хөөрхий бяцхан алгарууд шиг далавчаа аль байдгаар нь савчин тэвдэхийн оронд зөөлхөн дуугаар “жив жив” гэж билээ. Яг тэгэхэд л би эвкалипт модны дээгүүр гялсхийх үдшийн гялаандаа хэлдэг шигээ “За хонгорхон минь, хүрээд ирэв үү” гэж дуу алдсан. Тэр мөчөөс хойш хонгорхон минь минийх болсон.
... Тэр бид хоёр бие биеийнхээ амьдралыг хэрхэн хуваалцаж байснаа одоо эргэн дурсахад ч надад гайхалтай санагддаг. Өглөө би доош бууж, торыг нь бүтээсэн давуугаа авахад бялзуухай минь нойрмог зөөлөн дуугарч надтай мэндчилнэ. “Эзэгтэй! Эзэгтэй!” гэж байгааг нь би шууд л ойлгоно. Тэгээд би түүнийгээ тортой нь гадагш гаргаж, хадааснаас өлгөөд, гурван залуугийнхаа өглөөний ундыг бэлтгэнэ. Гэртээ хоёулхнаа үлдтэлээ бялзуухайгаа дотогш оруулахгүй. Үүний дараа угаалга цэвэрлэгээ эхэлнэ дээ. Энэ ямар зугаатай гээч. Би ширээний буланд сонин дэлгээд, бялзуухайгаа тортой нь сонин дээр тавихад тэр минь юу болох гэж буйг ойлгосон аятай далавчаа дэвж гарна шүү дээ. “Ёстой нэг жүжгийн амьтан шүү” гэж би түүнийгээ зэмлэнэ. Доош тэвшийг нь шударч цэвэрлээд, шинэ элс асгаад, үр болон усны савыг нь тус тус дүүргэж, хөндлөвчүүдийн хооронд жаахан ажигана, улаан чинжүү хавчуулна. Бялзуухай минь энэ бүхнийг ойлгохын дээдээр ойлгож, талархан хүлээн авдаг байсан нь гарцаагүй. Бүр цаанаасаа л цэвэрч цэмцгэр амьтан сан, тэр минь. Хөндлөвч модоо хэзээ ч бохирдуулж толботуулахгүй. Усанд орох ямар дуртайг нь нэг хараад л та, “нээрэн цэвэр цэмцгэр байх дуртай амьтан юм гээч” гэж дуу алдана шүү. Хамгийн сүүлд усны онгоцыг нь тавина даа. Торонд онгоцыг нь хиймэгц хонгорхон минь шууд л шумбаад орж явчихна. Эхлээд нэг далавчаа, дараа нь нөгөөг нь эрвэлзүүлнэ, тэгснээ толгойгоо дүрнэ, энгэр цээжнийхээ өд сөдийг норгоно. Гал тогоогоор нэг ус цацагдах ч бялзуухай минь уснаасаа гарахгүй. “Одоо болно. Худлаа гайхуулаад л” гэж би түүндээ хэлнэ. Эцэст нь хонгорхон минь онгоцноосоо гарч, нэг хөл дээрээ зогсоод, өд сөд рүүгээ хошуугаа шургуулаад биеэ хатаана даа. Тэгээд нэг чичирч, нэг биеэ сэгсэрч, нэг шулганаад, хоолойгоо дээш өргөн.... Бурхан минь, эргэн дурсаж ч тэсэхгүй нь ээ. Би тэр үед хутга зүлгэж байж таарна. Вандан дээр хутгануудыг зүлгэх зуур тэд ч бас дуулах шиг л санагддаг сан.
... Хань, тийм ээ, тэр яах аргагүй хань нөхөр байж. Төгс хань. Ганцаар амьдарч буй хүнд ханьсах нэгэн ямар чухал гээч. Мэдээж хэрэг, гурван залуу маань орой бүр хоолоо идэхээр гэртээ ирнэ, дараа нь зочны өрөөнд ороод сониноо уншицгаана. Гэхдээ өдрийг минь дүүргэсэн тэр жижиг сажиг зүйлсийг тэд сонирхохгүй, сонирхоно гэж ч би горьдохгүй. Яасан гэж сонирхох юм? Би тэдний хувьд хэн ч биш. Үнэндээ нэг орой би шатан дээр миний тухай “мануухай” гэж ярихыг нь сонссон юм чинь. Хамаагүй ээ. Огт хамаагүй. Би өчүүхэн төдий ч атугай тоохгүй. Угаасаа ойлгож ядах юмгүй. Тэд залуу байна. Би яалаа гэж тоох юм? Гэхдээ тэр орой би гэртээ ганцаархнаа үлдээгүйдээ ихэд талархаж байснаа санаж байна. Тэднийг гадагш гарсны дараа би хонгорхондоо ингэж хэлсэн: “Эзэгтэйг чинь тэд юу гэж дуудаж байна гээч?” Гэтэл тэр минь толгойгоо гилжийлгэн, гялалзсан нүдээрээ өөдөөс минь ширтэхэд би инээдээ барьж дийлээгүй. Түүнд минь их зугаатай санагдсан бололтой.
... Та шувуу тэжээж байсан уу? Үгүй бол энэ бүхэн танд арай л хэтрүүлсэн санагдаж магадгүй. Шувуу гэдэг бол нохой, муу шиг биш, зүрх сэтгэл гэх юмгүй, хүйтэн хөндий амьтад шүү дээ гэж хүмүүс боддог. Даваа гараг бүрд манай цэвэрлэгч хүүхэн надаас яагаад “хөөрхөн фокс террьер” тэжээдэггүйг минь асууж, “Канар бялзуухай хүнд тайтгарал өгөхгүй шүү дээ” гэдэг сэн. Худал. Ёстой худал. Би нэг шөнө юу болсныг тодхон санаж байна. Би их муухай зүүд зүүдлээд (хүний зүүд хааяа ёстой хэрцгий байдаг шүү), сэрсэн хойноо ч зүүднийхээ нөлөөнөөс гарч чадахгүй байж билээ. Тэгээд халаадаа углаад аяга ус уух санаатай доош гал тогоо руу буув. Өвлийн шөнө ширүүн аадар шаагьж байлаа. Би нойрноосоо бүрэн сэрээгүй байсан биз, гэхдээ л жалюз хөшиггүй цонхоор шөнийн харанхуй дотогш намайг сэм дурандаж байх шиг санагдав. Надад “Би ямар муухай зүүд зүүдэлсэн гээч” эсвэл “Намайг харанхуйгаас нуугаач” гэж хэлж, дотроо уудалчих хүн үгүй гэдэг нь санаанд минь ороод, тэрхэн зуур тэсэхийн аргагүй боллоо. Нэг минут хэртэй нүүрээ дарж зогслоо. Гэнэтхэн л “Хөөрхөн өө! Хөөрхөн өө!” гэх чимээ дуулдав. Түүний минь тор ширээн дээр байсан юм. Дээрх бүтээлэг нь ялимгүй хэлтийгээд, өчүүхэн төдий гэрэл торонд туссан аж. “Хөөрхөн өө, хөөрхөн өө! гэж хонгорхон минь дахин нэгэнтээ жиргэлээ. “Эзэгтэй минь, би энд байна, би энд байна!” гэж байгаа юм шиг л. Сэтгэл минь жигтэй их тайвшраад, бүр нүдэнд нулимс бүрэлзээд ирэх нь тэр.
... Гэхдээ тэр одоо байхгүй болсон. Би дахиж өөр ямар ч шувуу, ямар ч амьтан тэжээхгүй. Тэжээх чадах ч үгүй. Түүнийгээ нүд нь бүүдийгээд, сарвуу нь хумигдаад гэдрэг харан хэвтэж байхад нь олж, хонгорхныхоо дуулахыг дахиж хэзээ ч сонсохгүй гэдгээ ойлгомогц л дотор минь нэг зүйл үхчих шиг санагдсан. Цээж минь түүний тор шиг л хоосорчихсон. Би үүнийг давж гарах учиртай. Мэдээж хэрэг. Давах ёстой. Хүн цаг хугацааны эрхээр ямар ч зовлонг давдаг. Тэгээд ч хүмүүс намайг хөгжилтэй зантай гэлцдэг. Тэдний зөв. Бурхны авралаар би үнэхээр хөгжилтэй зантай шүү.
... Аймшигтай гутранги зан гаргахгүй, учиргүй уйлагнан дурсаж сүйд болохгүй ч гэлээ хүнд хааяа үнэхээр уй гашууд автчих шиг санагддагийг нуух юун. Яг нэрлээд хэлчих аргагүй, нэг л хачин. Өвчин, ядуу зүдүү амьдрал, үхэл гэх мэт хэн хүний мэдэх зовлон гунигийн тухай би ярьсан юм биш ээ. Үгүй, энэ өөр зүйл. Тэртээ гүнд, бүр сэтгэлийн мухарт амьсгал шиг л хүний нэг хэсэг болчихсон зүйл... Хэчнээн их ажиллалаа ч, аль байдгаараа ядарлаа ч сэхээ авах төдийд л ухаарах юм даа, өнөөх чинь тэндээ хүлээж л байна. Хүн бүрд тэгж санагддаг болов уу? Бүү мэд дээ. Хөгжилтэй, хөөрхөн дууных нь цаана ердөө энэ... энэ гуниг нуугдаж байгаа нь ер жигтэй биш гэж үү? Гэхдээ ер яг юу билээ дээ, энэ миний сонссон зүйл?

Орчуулсан Г. Сугиррагчаа