Sunday, November 5, 2017

Владимир Набоков | ДУУ ЧИМЭЭ

Цонхоо хаах хэрэгтэй байлаа. Борооны дусал цонхны ирмэгээс ойж зүймэл шал, түшлэгтэй сандал руу унана. Аварга том, мөнгөлөг өнгийн хий үзэгдэл хөнгөн, бүдэг бадаг чимээ гарган цэцэрлэг, навчис дундуур, жүржийн өнгөт элсэн дээгүүр нүүсээр. Борооны усны хоолой чанга, амьсгал боогдох мэт чимээ гаргана. Чи Бахын хөгжмийг тоглож байлаа. Төгөлдөр хуурын гялгар тагийг дээш сөхжээ. Тагийн доор хөгжмийн утас бэхэлсэн тавцан; жижиг алх дээш доош тонгочиж эдгээр утсыг зөөлөн тогшино. Хоргой бүтээлэг хунирсаар төгөлдөр хуурын сүүл рүү унжингаа хуудас нь нээлттэй нотын дэвтрийг ч доош унагажээ. Зургаадугаар сарын бороо цонх руу тасралтгүй шүрших зуур төгөлдөр хуурын товчлуурт шүргэх бөгжний чинь чимээ Бахын фугийн өрнөлтэй давхцан сонсогдоно. Чи цааш тоглонгоо, толгойгоо арагш багахан гэдийн, хөгжмийн хэмнэлд хөг нийлүүлэн хашхирна: “Бороо, бороо... Би чиний дууг давж гарна аа...”

Гэхдээ чи давж гарахгүй байв.

Би хилэн авс шиг харагдах цомгуудыг ширээн дээр чинь орхиод чам руу харангаа фуг, борооны чимээ хоёрыг зэрэг сонсоно. Тавиур, төгөлдөр хуурын таг, гэрлийн бүрхүүлийн урт болор унжуургаас үнэртэх нойтон лишийн үнэр надад сэнгэнэсэн мэдрэмж авчирна.

Мөнгөлөг өнгийн бороон хий үзэгдлүүд, долгионтох гэрэлд хуруугаа хөдөлгөхөд чинь зөөлөн чичрэх бөхгөр мөртэй чинь хөгжмийн хэмнэл үүсгэх нь ер бусын тэнцвэртэй мэт. Би цааш бодолд автахаар ертөнц надад ингэж санагдлаа: Нэг ижил, зохилдсон, хөг хоршлын хэм хэмжээнд нийцсэн. Тэр мөчид чи, би, лиш цэцэгс, бид бүгд төгөлдөр хуурын гар дээр хөгжмийн босоо нотууд болж хувирав. Ертөнцийн бүх зүйл ­– мод, ус, чи – нэг ижил бөөм дунд өөр өөр чичиргээ үүсгэх хөг хэмнэл болохыг би ухаарах шиг. Бүгд тэнцүү, бүгд ариун. Чи суудлаасаа босов. Бороо одоо хэр гэрлийн туяаг цавчсаар. Бараан өнгийн элсэн дээр хуримтлагдсан ус газар доогуур нэвчин өөр ертөнцөд хүрэх нүхэн суваг шиг харагдана. Вандан сандал дээр чиний мартсан теннисний цохиур дани шаазан шиг гялалзана; утас нь борооны усанд хүрэн өнгөтэй болоод, хүрээ нь найман өнцөгт үүсгэн тахийжээ.

Бид зөрөг зам руу ороход цоохор сүүдэр, ялзарсан мөөгний үнэрт толгой минь эргэв.

Би чамайг нар санамсаргүй туссан тэр үеийнхээр чинь дурсаж байна. Тохой чинь шовх цонхигор, харц чинь сүүмгэр. Чи ярих үедээ бугуйвч зүүсэн нарийн бугуйтай ясархаг жижиг гараа агаарын хоосон орон зайд хөдөлгөнө. Үс чинь чичрэх гэрэлтэй агаарт уусна. Чи тамхиа цухалдсан янзтай ар араас нь угсруулан татна. Утааг нь хамрынхаа хоёр нүхээр гаргаад, үнсийг нь товшиж унагана. Тагтаан саарал эдлэн чинь манайхаас таван верстийн зайд. Дотроо цуурайтай, чамин тансаг, сэрүүн. Хотын гял цал зурагт сэтгүүлд ч зураг нь гарч байсан. Би өглөө бүр унадаг дугуйныхаа ширэн суудалд суугаад, эхлээд ой дундуур зөрөг замаар, дараа нь тосгон дундуур төв цардмал замаар, эцэст нь өөр нэг зөрөг замаар салхи шиг хурдалсаар чам руу ирнэ. Нөхөр чинь есдүгээр сар дуустал гэрийн бараа харахгүй гэдэгт би зориг ордог байсан юм. Чи бид хоёрт айх юм үгүй – зарц нарын хов жив ярихаас ч, манайхны сэжиг авахаас ч айхгүй. Бид хоёр хувь тавиланд өөр өөрийнхөөрөө итгэдэг учир тэр.

 

Чиний дурлал ч бас дуу шиг чинь бөглүү. Чамайг зүгээр нэг хараад л дурласан гэдгийг чинь хэлж болохоор ч чи ер дурлалын тухай ярихгүй. Чи юм л бол дуугаа хураадаг тийм хүүхэн байсан. Гэхдээ хааяа дотор чинь ямар нэг юм тэсрэх шиг болно. Тэр үед том Бехштейн чинь нүргэлээд, чи сүүмгэр харцаа урагш хандуулаад, надад нөхөр эсвэл түүний салааны найзаас сонссон инээдтэй онигоогоо ярина. Би гарыг чинь санаж байна – хөхөвтөр судастай урт, цонхигор.

 

Бороо шаагьж, чи төгөлдөр хуур гайхалтай тоглож байсан тэр аз жаргалтай өдөр, хайр дурлалын маань эхний долоо хоногт бий болсон тэр оньсого шиг зүйлийн учир тайлагдах нь тэр. Чиний надад төдий нөлөөгүйг, би үнэндээ зөвхөн чамайг биш бүх дэлхийг хайрладгаа ухаарсан хэрэг. Сэтгэл минь олон мэдрэмтгий тэмтрүүлтэй болсон ч юм шиг, би далай тэнгисийн нөгөө талд, алс холд нүргэлэх Ниагара хүрхрээг ч, энүүхэн зөрөг зам дээр унах алтлаг бороон дуслыг ч мэдэрч байх шиг. Хус модны гялтганах их бие нүдэнд минь тусаж, би гэнэт гарын минь оронд жижиг нойтон навчтай муруй мөчир, хөлийн минь оронд газрын гүн рүү орж чийг шимэх хэдэн мянган нарийн үндэс байна гэж төсөөллөө. Бүх байгальтай ингэж бүрмөсөн нэгдэх, хөвсгөр шар урт иштэй мөөг, тэмээлзгэнэ, нарны цацраг байх ямар байдгийг мэдмээр санагдана. Би аз жаргалдаа автан гэнэт инээд алдаад, чамайг эгэм, шилэн хүзүүн дээр чинь үнслээ. Чамд шүлэг уншиж өгмөөр байвч, чи шүлэгт дургүй.

Царайд чинь үл мэдэг инээмсэглэл тодроод чи, “Борооны дараа сайхан байна шүү,” гэлээ. Дараа нь багахан бодлогошроод нэмж хэлэв: “Санаанд минь сая л орж ирлээ – би цай уух урилгатай юм байна шүү дээ, нөгөө нэр нь хэн билээ... Пал Палычийнд. Ёстой нэг уйтгартай хүн дээ. Гэхдээ яая гэх вэ, очихоос өөр аргагүй.”

Би Пал Палычийг хэзээнээс танина. Бид хамтдаа загасанд явдаг байсан юм, тэр гэнэт цангинасан тенор хоолойгоор “Үдшийн хонх” дууг дуулж эхэлдэг сэн. Тэр надад их таалагддаг байлаа. Шатам халуун дусал навчнаас уруул дээр минь унав. Би чамтай хамт явъя гэлээ.

Чи эргэлзэнгүй мөрөө хавчив. “Бид тэнд уйдаж үхэх байх даа. Ёстой аймшигтай.” Би бугуй руу чинь хараад санаа алдлаа. “Явалгүй болохгүй нь. Гутлаа солих хэрэгтэй.”

Будан татсан унтлагын өрөөнд чинь нар, доош буулгасан жалюзан хөшгөн завсраар тусаад алтлаг өнгийн хоёр шат үүсгэжээ. Чи бөглүү дуугаар нэг юм хэллээ. Хөшигний гадна талд модод таатай чимээ гарган, дээрх усан дуслаа гөвнө. Би дуу гарган инээмсэглээд чамайг зөөлөн, хөндий тэвэрлээ.

 

Энэ бүхэн ийм учиртай. Голын нэг эрэг дээр чиний цэцэрлэг нуга, нөгөө эрэг дээр тосгон байх аж. Төв замд дугуйны хэсэг бусаг гүн мөр гарчээ. Шавхай тод нил өнгөтэй, дугуйны мөр сүүтэй кофены өнгөтэй усаар дүүрсэн. Түлээ болгож бэлдсэн хар модны сүүдэр холоос онцгой ялгарч харагдана.

Бид хоёр нэлээд элэгдсэн зөрөг замаар сүүдэр дундуур явсаар хүнсний дэлгүүр, маргад ногоон өнгийн хаягтай дэн буудал, бууц, шинэ хадлан үнэртэх нар туссан малын хашааны өмнүүр өнгөрлөө.

Сургуулийн чулуун байшин шинэ, эргэн тойронд нь агч мод суулгажээ. Босгон дээр цагаан шилбэ нь гялалзах тосгоны хүүхэн алчуурынхаа усыг хувин руу базална.

Чи, “Пал Палыч гэртээ бий юү?” гэж асуулаа. Үсээ сүлжсэн, сэвхтэй хүүхэн над руу нүдээ онийлгон харав. “Бий, бий.” Хүүхэн хувингаа дуугарган хөлөөрөө түлхлээ. “Хатагтай, ор ор. Тэр урланд байгаа байх.”

Бид шир шир хийх чимээн дундуур, эхлээд харанхуй хонгилоор, дараа нь цэлгэр ангиар өнгөрлөө.

Явах зуур тэнгэрийн цэнхэр өнгөтэй газрын зураг нүдэнд минь тусав. Би Орос орон бүхэлдээ нарны гэрэл, хонхор хотгороос бүрдэж дээ гэж бодлоо. Нэг буланд бутарсан шохой гялтганана.

Цаахантаа, жижиг урланд нарсны үрдэс, модны цавуу таатай үнэртэнэ. Гадуур цамцаа тайлсан том биетэй Пал Палыч хөлөрчихсөн, зүүн хөлөө урагш сунгаад цагаан банзыг ёолуулан урамтай гэгч нь харуулдаж байв. Хөлөрсөн халзан толгой нь гэрэлд урагш хойш хөдөлнө. Харуулдсан модны нимгэн үрдэс тавиураас доошоо хуйларсан тууз шиг унана.

Би, “Пал Палыч, зочдоо хүлээж аваарай,” гэлээ.

Тэр сандран барьж тавихаа мэдэхээ болиод, чиний сунгасан гарыг дасал болсон байдлаар тоомсоргүй, журамтай үнссэнийхээ дараа нойтон хуруугаа алганд минь атгуулан надтай гар барив. Унжсан сахал, ер бусын гүн үрчлээтэй царай нь тосон баримлаар нялж орхисон мэт байв.

Пал Палыч гэмтэй мэт инээмсэглэн, “Өршөөгөөрэй, би хувцаслаж амжаагүй байна,” гэлээ. Цонхны ирмэг дээр цилиндр шиг өлгөсөн хоёр ханцуйвчаа гартаа яаран углав.

Чи бугуйвчаа гялсхийлгэн, “Та юу хийж байгаа юм бэ?” гэж асуулаа. Пал Палыч пиджакаа өмсөхөөр яарч байв. Шүлсээ үсчүүлэн, уруулын гийгүүлэгчүүд дээр бага зэрэг тултиран, “Зүгээр цаг нөгчөөж байгаа юм,” гэлээ. “Энэ жижиг тавиур ухаантай юм. Арай дуусаагүй. Зүлгүүрдэж, чийдэх хэрэгтэй. Харин үүнийг хар даа – ‘Ялаа’ гэдэг юм...” Тэр жижиг модон нисдэг тэрэгний загварыг алган завсраа хавчуулаад, үрж хүч өгмөгц загвар нь дээш дуу гарган хөөрөөд, тааз мөргөн доош унав.

Царайд чинь тэрхэн зуур эелдэг инээмсэглэл тодроод ариллаа. Пал Палыч, “Би ямар тэнэг юм бэ! Нөхөд минь, дээшээ гарцгаа. Энэ хаалга чахардаг юм. Өршөөгөөрэй. Алив би зам заая. Уучлаарай, өрөө заваан байгаа...” хэмээн урив.

Бид чахарсан шатаар дээш гарах зуур чи, “Намайг урьснаа мартсан бололтой,” гэж англиар хэлэв.

Би нуруутай чинь цуг нимгэн торгон цамцны чинь дөрвөлжин хээг харан араас чинь явж байлаа. Гэнэт доороос хашаанаас бололтой, тосгоны хүүхний цангинасан дуу хадах нь тэр: “Герасим, хөөе Герасим!” Гэнэт би, хорвоо ертөнц олон зуун жил ердөө энэ доор цангинах дуу, чиний торгон цамцны цаахантаах далны хөнгөн хөдөлгөөн, нарсан банзны үнэрийг нэгтгэн хөг хэмнэл үүсгэх гэж дэлгэрч, гандаж, хувьсан өөрчлөгдөж байсныг тодхон ойлгов.

 

Пал Палычийн өрөө нар туссан саруулхан хэдий ч арай л давчуу юм. Орны дээдэх хананд шар арслангийн дүрстэй улаан хивс хадаж тогтоожээ. Нөгөө хананд нь “Анна Каренина” романы нэг бүлгийг жаазанд хийн өлгөсөн байх бөгөөд тод, бүдэг олон үсгийг Толстойн царай тодрохоор нарийн байрлуулсан аж.

Гэрийн эзэн гараа үрсээр чамайг сандалд урив. Урих зуураа пиджакийн хормойгоороо ширээн дээрх цомгийг шүргэн газар унагах нь тэр. Пал Палыч цомгийг газраас авсныхаа дараа цай, тараг, амт муутай хэдэн жигнэмэг дээр нэмэрлэж шүүгээний шургуулгаас Ландрины хатуу чихрийн цэцгэн хээтэй хайрцаг гаргалаа. Урагш тонгойход нь арьсан дээр нь том батга харагдав. Цонхны тавцан дахь аалзны шүлс дунд шар хэдгэнэ орж үхжээ. Чи сандал дээрээс тоомсоргүй авсан сониныхоо хуудсыг дуугарган гэнэт, “Сараево гэж хаанах билээ?” гэж асуулаа. Пал Палыч цай аягалангаа, “Серб,” гэж хариулав.

Гар нь чичирсээр мөнгөн суурьтай шилэн аягатай уур савссан цай чам руу болгоомжтой сунгав.

Пал Палыч над руу харан, “За май. Жигнэмэг идэх сэн болов уу?.. Ер яагаад бөмбөг дэлбэлээд байгаа юм бол?” гээд мөрөө хүчтэй хавчлаа.

Би тэр үед томоос том шилэн хүндрүүлэгчийг хэд дэх удаагаа ч юм дахин шинжилж байв. Шилэн дотор, ягаандуу өнгийн тэнгэр доор алтлаг өнгийн элсэн ширхгээр бүрсэн Гэгээн Исакийн дуган. Чи хөхрөөд, чанга дуугаар уншив: “Худалдааны хоёрдугаар нэгдлийн гишүүн нөхөр Ерошиныг өчигдөр Квисисана зоогийн газар баривчлав. Ерошин худал амлалт өгөн...” Дахиад хөхрөв. “Үгүй дээ, цаашаа их ичмээр юм.”

Пал Палыч сандрав, царай нь хүрэн улаан гэмээр өнгөтэй болоод халбагаа доош алдлаа. Цонхны дөнгөж гаднахан агч мод гялтганана. Ачааны тэрэг так так дуугарсаар өнгөрөв. Хаанаас ч юм зөөлөн, цөхөрсөн дуу сонстлоо: “Зайр-маг!..”

 

Пал Палыч сургууль, согтуу хүн, голд үзэгдэх болсон алгана загасны тухай ярив. Би ч түүний байдал төрхийг шинжиж эхэллээ. Надад түүнийг анх удаа харж байгаа мэт сэтгэгдэл төрөв. Анх уулзахад төрсөн сэтгэгдэл огт өөрчлөгдөхгүй зүйл мэт сэтгэлд минь шингэжээ. Пал Палычийг бодох бүрд санаанд минь уруул дээрээ гүн шар сахалтайгаас гадна эрүүнд нь түүнтэй нь зохицсон жижиг сахал байсан санагдах юм. Орос хүний царайнд санаанаасаа сахал зохиох нь нэлээд түгээмэл үзэгдэл. Харин одоо би, юу ч гэмээр юм, дотоод нүдээрээ харах юм бол эрүү нь мөлгөр, сахалгүйгээс гадна бага зэрэг хонхордуу болохыг харж байна. Том махлаг хамартайн дээр зүүн зовхи дээрх жижиг үүг нь болдог сон бол зүсээд авчихмаар санагдана – гэхдээ энэ үүг авах нь түүнийг цааш харуулна гэсэн үг. Учир нь тэр жижиг үү Пал Палычийг бүхэлд нь тодорхойлж байв. Энэ бүхнийг анзааран түүнийг шинжсэнийхээ дараа сэтгэлээ овооны уруу түлхэх мэт зөөлөн нударч хүч өгөхөөр би одоо Пал Палычийн дотор орчих нь тэр. Түүний дотор таатай гэгч нь тараад, дотроос нь үрчгэр зовхи, цамцны цардсан захны үзүүр, халзан толгой дээр нь суух ялааг мэдэрлээ. Би одоо хуурай, тогтворгүй нүдээрээ бүгдийг шинжиж байна. Орны дээрх шар арслан одоо надад миний багын зүйл шиг танил. Товгор шилний цаадах өнгөт ил захидал ер бусын тансаг зугаатай зүйл болж хувирав. Одоо түшлэгийг нь нэгэнт өөриймссөн сандалд сууж буй миний өмнөх хүн чи биш, харин сургуульд хандив оруулсан огт танихгүй эмэгтэй болжээ. Би тэр даруй чиний дотор ч бас зовох юмгүй нэвтрээд, өвдөгний чинь дээрх татуургын тууз, түүнээс арай дээхэнтээх торон имжээр бие ялимгүй загатнуулахыг мэдрэн, чиний өмнөөс гадаа ямар халуун, уйтгартай байгааг, тамхи татмаар санагдаж байгааг бодлоо. Яг тэр мөчид чи цүнхнээсээ тамхины алтан хайрцгаа гаргаад тамхиа соруулдаа шургуулав. Ийнхүү би бүх юман дотор байлаа – чиний, тамхины, соруулын, сандран чүдэнз асаах гэж оролдох Пал Палычийн, шилэн хүндрүүлэгчийн, цонхны тавцан дахь үхсэн хэдгэнийн дотор.

 

Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн. Аймхай махлаг Пал Палыч хаана ч яваа юм, бүү мэд. Би түүний тухай ер нь бараг боддоггүй ч хааяа түүний дүр миний одоо үеийн цаг хугацаа, орон зайд шилжсэн байна гэж зүүдэлдэг юм. Тэр гандсан бүрх малгайгаа барьсаар өрөөнд орж ирээд, инээд хүрмээр сандарч тэвдэн мэндлээд, том алчуураар халзан толгой, улаа бутарсан шилэн хүзүүгээ арчина. Түүнтэй цуг чи хэзээ ямагт доогуураа бүстэй торгон нимгэн цамцтайгаа залхсан байртай зүүдэнд минь өнгөрнө.

 

Тэр ер бусын баяр хөөртэй өдөр надад ярих хүсэл бараг төрөхгүй байв. Би үйрмэг аарц халбагадангаа гарах дуу чимээ бүрд чих тавьж байлаа. Пал Палыч чимээгүй болохоор гэдэс нь хоржигнож байгаа нь сонстоно – зөөлөн хяхтнаан, бараг зэргийн хоржигноон. Тэр яаран хоолойгоо засаад, өөр ямар нэг юм ярьж эхэлнэ. Гацаад үгээ зөв сонгох гэж хөмсгөө зангидан, хуруугаараа ширээн дээр хэмнэлтэй товшиж байв. Намхан сандалд шигдээд тоосон шинжгүй чимээгүй суух чи толгойгоо хажуу тийш эргүүлэн, шовх тохойгоо өргөн, шилэн хүзүүн дэх сүлбээр зүүгээ засангаа над руу нэг харав. Чи намайг, бид хоёр хамт ирсэн болохоор Пал Палыч бидний учиртайг ойлгосон байх гэж бодож, түгшиж байна гэж бодож байна. Ингэж бодож байгаа чинь надад зугаатай санагдлаа. Би зориуд нөхөр, нөхрийн чинь ажлын тухай ярихад Пал Палычийн багахан ичиж улайх нь ч надад зугаатай байв.

 

Нар сургуулийн өмнөх агч модны доогуур тусна. Пал Палыч бидний ирсэнд талархан урагш мэхийн ёсолсныхоо дараа босгон дээр зогсон дахин нэг мэхийв. Гадаа ханан дахь дулаан хэмжигчийн шил наранд гялалзлаа.

Тосгоныг өнгөрч, гүүрээр гараад гэрт чинь хүрэх өгсүүр замаар өгсөх зуур би тохойноос чинь таттал чи баяр хөөртэй байгаагаа харуулан над руу инээмсэглэв. Надад гэнэт Пал Палычийн жижиг үрчлээ, гялалзсан гэгээн Исакийн дуганы тухай яримаар санагдсан ч ярьж эхэлмэгцээ амнаас минь буруу үг гарч, хачин утгагүй юм ярьж байгаа мэт санагдлаа. Өхөөрдсөн байртай, “Завхарсан юм,” гэхээр чинь би ярианыхаа сэдвийг өөрчиллөө. Би чамд юу хэрэгтэйг мэднэ: Энгийн мэдрэмж, энгийн үгс. Чи чимээгүй байх гэж хүчилдэггүй, байгаа чинь л тэр, яг чимээгүй үүлс, өвс ногоо шиг. Чимээгүй байна гэдэг нууцыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Чамд ч нууц мундахгүй их.

 

Хөвсгөр цамцтай ажилчин хадуураа цангинуулан ирлэж байв. Хадаж амжаагүй бэр цэцэг дээгүүр эрвээхэй ниснэ. Мөрөн дээрээ цайвар ногоон алчуур тохож, хар үсэндээ хонин нүдэн цэцэг хавчуулсан жаахан охин бидэн рүү дөхнө. Би түүнийг өмнө нь хоёр гурван удаа харсан, наранд борлосон урт хүзүү нь санаанд минь тод үлдэж. Охин бидний хажуугаар өнгөрөнгөө онигордуу нүдээрээ над руу анхааралтай харав. Дараа нь шуудуун дээгүүр болгоомжтой харайгаад яшил моддын араар далд орлоо. Хөгсгөр бутан дээгүүр мөнгөлөг чичиргээ хөвж өнгөрөв. Чи, “Энэ яг манай цэцэрлэгээр зугаалсан байх. Энэ амрагчдыг уу...” гэлээ. Хөгшин, тарган эм фокстерьер хав замаар эзнийхээ араас явна. Чи нохойд их хайртай. Жижиг амьтан чихээ арагш болгон, гэдсэн дээрээ мөлхөн, сүүлээ хаясаар бидэн рүү ирэв. Гараа сунгахаар чинь дээш харж хэвтээд чамд газрын зураг шиг саарал толботой ягаан гэдсээ харууллаа. Чи хавыг илэнгээ, “Ямар хөөрхөн амьтан бэ,” гэв.

Фокстерьер хэсэг дээш харж хэвтээд, зөөлөн гийнаад, босож шуудуун дээгүүр харайгаад алга боллоо.

Чи цэцэрлэгийн намхан хаалга руу ойртоод тамхи татахаар шийдэн, цүнхэн доторхоо уудлаад зөөлөн гаслав. Тэгснээ, “Ямар тэнэг юм бэ. Соруулаа Пал Палычийнд орхичхож,” гээд мөрөнд минь хүрлээ. “Хонгор минь, гүйж очоод аваад ирэх үү? Соруулгүй тамхи татаж чадахгүйг минь мэднэ дээ.” Би анивчих сормуус, бүдэг инээмсэглэлийг чинь үнсээд чанга инээлээ.

Чи араас минь, “Хурдлаарай,” гэв. Би гүйж эхэллээ, яарах зүйл байгаа болохоор тэр биш, харин миний эргэн тойрон дахь бүх юм – бутны солонгорсон өнгө, нойтон өвсөн дээрх үүлсийн сүүдэр, өвс хадах төхөөрөмжийн урдхантаа арай гэж амжиж шуудуу руу үсрэх хөх ягаан цэцэгс – гүйж байсан болохоор л тэр.

 

Би арван минутын дараа хөлсөндөө баригдаад сургуулийн шатаар дээш гарч байв. Хүрэн хаалгыг нүдлээ. Дотор орны пүрш дуугарав. Би хаалганы бариулыг татаж үзсэн ч хаалга түгжээтэй аж. Пал Палычийн сандарсан хоолойгоор, “Хэн бэ?” гэх нь дуулдав.

Би, “Алив, хаалгаа нээ!” гэж хашхирлаа. Дахин пүрш дуугараад, нүцгэн хөл шал алгадах чимээ гарав. “Пал Палыч, хаалгаа яагаад түгжээ вэ?” Би ингэж асуусан даруйдаа нүд нь улайсан байгааг анзаарлаа.

“Алив, ор ор... Чамтай дахиад уулзах сайхан байлаа. Унтаж орхиж. Алив дотогшоо ор.”

Би түүн рүү харахгүйг хичээн, “Энд соруулаа орхисон гэнэ,” гэлээ.

Эцэст нь бид ногоон паалантай соруулыг чинь сандал доороос оллоо. Би соруулыг аваад халаасандаа хийв. Пал Палыч алчуураа аваад нусаа нийж байв.

Тэр гэнэт орон дээрээ суугаад, “Тэр их гайхалтай эмэгтэй,” гэх нь тэр. Санаа алдаад, над руу нэг хяламхийв. “Орос бүсгүйчүүдэд нэг тийм юм байдаг, нэг тийм...” Нүүр нь бүхэлдээ үрчлээтээд, тэр духаа маажлаа. “Нэг тийм...” Амандаа зөөлөн бувтнав. “Бусдын төлөө өөрийгөө золиослох сэтгэл. Ертөнцөд үүнээс агуу зүйл гэж үгүй. Ер бусын эрхэмсэг бусдын төлөө өөрийгөө золиослох сэтгэл.” Хоёр гараа толгойныхоо ард бариад, догдлонгуй инээмсэглэв.

“Ер бусын...” Пал Палыч чимээгүй болоод, гэнэт өөр өнгөөр, инээдийг минь хүргэх гэхдээ ярьдаг тэр өнгөөрөө асуув: “За тэгээд өөр юу гэмээр байна даа?” Надад түүнийг тэвэрмээр, сонсохыг хүссэн зөөлөн, дулаан үгийг нь хэлмээр санагдав. “Пал Палыч, та гадуур явах хэрэгтэй. Юунд энэ бүгчим өрөөнд уйтгарлаж суудаг юм бэ?”

Тэр дэмий гэсэн байртай гараа савлав. “Би харах юу байна бүгдийг нь харсан. Гадаа халуунд нозоорохоос өөр юу хийх вэ дээ...” Хавдсан нүд, сахлаа нухав. “Нээрэн орой загасанд явдаг ч юм билүү.” Зовхин дээрх үү нь жирвэсхийлээ.

Уг нь би түүнээс ингэж асуух ёстой байсан юм: “Хайрт Пал Палыч минь дээ, түрүүнд юунд нүүрээ дэр лүүгээ шургуулаад хэвтэж байсан юм бэ? Ханиад хүрсэн юм уу эсвэл өөр шалтгаан байна уу? Та ер эмэгтэй хүнд дурлаж үзсэн үү? Гадаа хурц нар гараад, хаа сайгүй ус тогтсон ийм сайхан өдөр юунд уйлсан юм бэ?..”

Би тэнд орхисон шилэн аяга, үсгээр зурсан Толстой, ширээн доорх чих шиг гогцоотой гутлыг хараад, “За, Пал Палыч аа, би явъя даа,” гэлээ.

Улаан шалан дээр хоёр ялаа суулаа. Нэг нь нөгөөгийнхөө дээр гарав. Дүнгэнэсээр нисээд явчихлаа.

Пал Палыч амьсгаагаа удаан гарган, “Гомдоллох юм алга,” гэв. “Би угаасаа сурчихсан юм. За, чи одоо яв даа.”

 

Би дахиад зөрөг замаар, яшил модны хажуугаар гүйж байх нь тэр. Би өрөөл бусдын зовлонгоор биеэ угаагаад, нулимсанд нь гял цал болсон мэт байв. Тийм баяр хөөртэй байсан мөч амьдралд минь төдий олон биш: Ердөө газар луу бөхийсөн мод, цоорхой бээлий, морины нүд харах мөч л... Бүх зүйл өөр хоорондоо зохицсон болохоор би тийм аз жаргалтай байсан хэрэг. Яг нэг хөдөлгөөн, гэрэл гэгээ шиг аз жаргалтай. Би урьд нь тоо томшгүй оршихуй, эд зүйл болж хуваагдсан байсан. Одоо нэг болсон. Маргааш дахиад хуваагдана. Орчлонгийн бүх зүйл ингэж дусал дуслаар эмх цэгцтэй болно. Би тэгэхэд давлагаан дээр байсан. Миний эргэн тойрон дахь бүх юм нэгдсэн нэг зохицлын нотууд болохыг би мэдэж байлаа; нэг мөчид нэгдэн нийлсэн дуу чимээнүүд хаанаас гарч байгааг, гарцаагүй тархан одохыг, тал тал тийшээ тархан одох ноот тус бүрээс төрөх шинэ аккордыг би мэдэж байв. Сэтгэлийн минь чих бүх зүйлийг сонсон ойлгоно.


 

Чи намайг цэцэрлэг дундуур чулуун замтай, нэг давхрын гадна тагтны шатны өмнө хүлээж байлаа. Чи надад даруй ингэж хэлэв: “Намайг эзгүйд нөхөр минь хотоос залгасан байна. Арван цагийн галт тэргээр ирж байгаа гэнэ. Ямар нэг болсон бололтой. Нэг тийшээ томилогдсон байж ч магад.”

Хөх цэгцгий элсэн дээгүүр саарал–цэнхэр салхи шиг үсчиж байв. Зогсоод, хоёр гурав алхаад, дахин зогсоод, дахин хэд хэд алхана... Хөх цэгцгий, миний барьсан соруул, чиний нүд, даашинз дээр чинь тусах нарны цоохор туяа... Өөрөөр байх аргагүй.

Чи хөмсгөө зангидан, “Би юу бодож байгааг чинь мэдэж байна,” гэв. “Чи хэн нэгэн түүнд ярих вий гэж санаа зовж байгаа биз. Гэхдээ тэр тоохгүй... Юу гээч, би...”

Би царай руу чинь эгцлэн харлаа. Чин сэтгэлээсээ эв эгц харав. Чамтай харц мөргөлдлөө. Нүд чинь үнэтэй номын зургийг хамгаалахад хэрэглэдэг завсрын нимгэн хуудсыг авчихсан юм шиг тунгалаг. Дуу чинь ч анх удаа тийм тунгалаг гарав. “Би юу гэж шийдсэн гээч? Аан гээ. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Нөхөртөө ч яг ингэж хэлнэ. Тэр надаас даруй сална. Тэгэхээр, хоёулаа намар гэхэд...”

Би чимээгүй байдлаараа яриаг чинь таслав. Чи гэдрэг багахан ухрахаар нарны цоохор туяа даашинзнаас чинь элс рүү гулсан уналаа.

Би чамд юу гэж хэлэлтэй билээ? Эрх чөлөө, бусдын хараат болох тухай ярьж чамд тийм ч хайртай биш гэдгээ ойлгуулах гэж үү? Үгүй, тэгж болохгүй.

Хэсэг хугацаа өнгөрөв. Энэ богино хугацаанд хорвоо дэлхийд олон зүйл болов: Хаана нэгэнтээ томоос том усан онгоц далайн гүнд живлээ, дайн гарлаа, сод ухаантан төрлөө. Хэсэг хугацаа өнгөрөв.

Би, “Май соруул чинь,” гэлээ. “Сандал доор уначхаж. Юу болсон гээч? Намайг ортол Пал Палыч...”

Чи, “За, чи одоо яв даа,” гээд эргээд шатаар хурдан гүйж гарав. Шилэн хаалганы бариулыг барьсан ч хаалгыг нээсэнгүй. Чамд яг там шиг санагдсан биз.

 

Би таатай нойтон орчинд, цэцэрлэг дунд хэсэг зогслоо. Дараа нь гараа халаасандаа хийгээд, гэрийн чинь эргэн тойрон дахь элстэй замаар хэсэг явав. Дугуй минь урд тагтан дээр байх юм. Би дугуйныхаа намхан жолоо руу нь бөхийгөөд цэцэрлэгийн замаар явлаа. Замын хоёр талд мэлхий. Би нэгийг нь санамсаргүй дайрчихлаа. Мэлхий дугуйн доор дуу гарган няцлагдав. Замын төгсгөлд вандан сандал. Би дугуйгаа мод руу налуулаад урин дуудсан цагаан өнгөтэй банзан дээр суулаа. Хэд хоногийн дараа би чамаас захиа авна, чи намайг дуудна, харин би буцаж очихгүй. Сүүлтэй төгөлдөр хуур, “Урлагийн шүүмж” сэтгүүлийн тоостой дугаарууд, дугуй хүрээтэй сүүдэр хөрөгтэй гэр чинь гайхалтай, гунигтай, холын холд хоцорлоо. Чамайг алдах таатай байлаа. Чи шилэн хаалгыг хүчтэй түлхээд явж одсон. Харин өөр нэг чи, догдлон үнсэхтэй минь зэрэгцэн цонхигор нүдээ нээсээр салж явсан.

 

Би орой болтол тэнд суулаа. Дэлэнч үл үзэгдэх нарийн утас татаж буй мэт дээш доош үсчиж байв. Гэнэт ойр нэгэнтээ гялсхийх зүйл нүдэнд минь тусав – чиний даашинз, чи...

Сүүлчийн чичиргээ замхраагүй байсан гэж үү? Тиймээс ч дахин ийшээ ирэх чинь, надад харагдахуйц газар зогсох чинь, ойртон ирж байгаа чинь намайг цухалдуулав. Би биеэ хүчлэн толгойгоо эргүүллээ. Энэ чи биш, нөгөө ногоондуу алчууртай охин байв – санаж байна уу, бидэнтэй замд таарсан охин? Бас инээд хүрэм гэдэстэй фокстерьер нь...

Тэд навчис дундах ойн цоорхойгоор ороод, өнгө алагласан цонхтой жижиг мухлаг хүрэх гүүрээр гарав. Охин уйдаад, цэцэрлэгээр чинь дэмий тэнэж явна, би түүнтэй танилцах ч магадгүй.

Би аажуухан босоод, дугуйгаа аажим жийсээр, хөл хөдөлгөөнгүй цэцэрлэгээр өнгөрөөд, төв зам руу, сүр төгөлдөр жаргаж буй нарны гэрэлд гараад, эргэх замын эцэст хүрэхээс нь өмнө морин тэргийг гүйцлээ. Танай тэрэгчин Семен тикир тикир чимээ гарган галт тэрэгний зогсоол руу явж байгаа нь энэ. Намайг хармагцаа саравчтай малгайгаа аажим аваад, толгойн ардах шаргал туг үсээ илээд, малгайгаа дахин өмсөв. Суудлын хэсэгт дөрвөлжин хээтэй бүтээлэг эвхээстэй. Хар морины нүдэнд ер бусын гялбаа тусав. Би замаар доош дөрөөгөө жийлгүй нисэх шахан гол руу буугаад, гүүрэн дээрээс доор эргийн кабины урт тавцан дээр загасны дэгээ барьсаар суух Пал Палычийн бүрх малгай, шувтандуу мөрийг харлаа. Тоормослоод, гүүрний төмөр хашлагаас барьж зогсов.

“Пал Палыч! Загас баригдаж байна уу?” Тэр дээш хараад, өхөөрдөм байдалтай, чин сэтгэлээсээ гар даллав.

Ягаан өнгийн толь шиг усан мандлаас сарьсан багваахай сум шиг ухасхийнэ. Навчсын тусгал хар торон нэхээс шиг харагдана. Пал Палыч холоос надад нэг юм хэлсээр гар даллана. Хоёр дахь өөр нэг Пал Палыч хар давлагаан дунд чичирсхийнэ. Би инээд алдан төмөр хашлагаас холдлоо.

Сайтар дагтаршсан зөрөг зам дээгүүр чимээгүй хурдалсаар модон байшингийн өмнүүр өнгөрөхөд бүүдгэр агаарт тогтсон үхэр мөөрөх дуу ард минь үлдэв. Ганц хоёр зэрлэг шувуу гуагласаар агаарт хөөрлөө. Гэх зуур цаахантаа, төв замд, жаргаж буй нарны төгсгөлгүй туяанд багахан униар татсан талбайн дунд, анир чимээгүй.


Владимир Набоков (1899 – 1977) орос гаралтай америк зохиолч, яруу найрагч, орчуулагч. Орост төрсөн тэрээр эхний есөн романаа Берлинд амьдарч байхдаа (1926–1938) орос хэлээр бичсэн ч Америк руу нүүж, англиар бүтээлээ туурвиж эхэлснийхээ дараагаар л олон улсад алдаршжээ. Набоков бүтээлийнхээ үйл явдлыг нарийн төвөгтэй байдлаар төлөвлөж, үгийн давхар утгаар наадан, хурц зоригтой зүйрлэл ашиглаж, уран яруу бичдэгээрээ алдартай. “Лолита”, “Бүдэг дөл” роман, “Дохио тэмдэг”, “Фиалтагийн хавар”, “Үл таних газар нутаг” өгүүллэгүүд нь хамгаас илүү танигдсан.

Жон Чивер | ЭМЧИЛГЭЭ

(өгүүллэг)

Энэ явдал зун болсон юм. Нью-Йоркод ч, миний амьдардаг дүүрэгт ч их халуун шатаж байсан нь санаанд минь үлджээ. Би эхнэр Рачельтэйгээ хэрэлдээд, тэр ч хүүхдүүдээ машиндаа суулгаж аваад явж одсон. Нууцаар дурандагчийг би анх тэднийг явснаас хагас сарын дараа харсан ––түүнээс өмнө байсан эсэхийг бүү мэд–– гэхдээ л Рачелийн явах, түүний ирэх хоёрын хооронд ямар нэг холбоо байгаа болов уу. Рачель эргэж ирэхгүй л байлаа. Тэр өмнө нь намайг хоёр удаа хаяж явсан –– хоёр дахид нь бид салсан ч эргээд нийлсэн. Ийнхүү намайг хаяж явах бүрд нь надад аз жаргалтай гэхгүй ч нэг тийм өөрийгөө хүндлэх сэтгэл төрж тайвширдаг байв. Энэ явдал зун болсныг хэлсэн дээ, эхнэр минь хэрүүл хийх гэж зун болохыг хүлээсэнд би нэг талаас баярлаж байлаа.
Ингэснээр салсан гэдгээ даруй баталгаажуулах шаардлагагүй болох юм. Бид хэд хэдэн удаа салж нийлсэн ч арван гурван жилийг хамтдаа өнгөрүүлж, гурван хүүхдээс гадна хэд хэдэн банканд дундын данстай болжээ. Рачель ч бас над шиг салснаа баталгаажуулах ажлыг ес, аравдугаар сар хүртэл хойшлуулахаар шийдэж гэж би бодлоо.
Би зун салсандаа баяртай байв. Учир нь зун миний ажил барж давах аргагүй овоорч, орой гэхэд би гараа өргөж дийлэхээргүй ядарч орхидог юм. Тэгээд ч зун ганцаараа байх надад илүү амар гэдгийг би урьдын туршлагаасаа мэднэ. Шүүх хурлаар энэ байрыг Рачельд өгөх нь гарцаагүй, гэтэл би энэ байрандаа их дуртай, тэгэхээр энэ хэдэн сар миний байрандаа байх сүүлийн боломж гэж ч бодож байлаа. Гэхдээ гэрт огт асуудал гараагүй гэх аргагүй. Эхлээд нохой, дараа нь муур гэрээс зугтчихав. Гэж байтал нэг шөнө гэртээ ирэхэд минь манай гэрийн үйлчлэгч хатагтай Морин шал согтуу байх юм.
Хатагтай Морин нөхөр нь дайны дараа Германд алба хааж байхдаа өөр эмэгтэйд сэтгэл алдарсан тухай ярьж уйлаад өмнө минь өвдөг сөхрөв. Эхнэр хүүхэдгүй хоосон гэрт зуны орой ийнхүү хоёулхнаа үлдэх их хачин байлаа. Ийм хачин явдал болохоор хүн урьд гаргасан шийдвэрээсээ буцдаг шүү дээ. Би хатагтай Мориныг кофегоор дайлаад, хагас сарын цалинг нь урьдчилж өгөөд, машинаараа гэрт нь аваачлаа. Бид хоёр баяртай гэсээр салах үед хатагтай Морины сэтгэл гайгүй уужраад, согтуу нь ч гарч байх шиг санагдав. Би ч энэ хачин явдлыг мартъя гэж бодлоо. Тэгээд энэ явдлын дараа зуныг хэрхэн өнгөрүүлэхээ ерөнхийд нь төлөвлөхөөр шийдэв.
Хүн өөрийгөө романтик, бэлгийн харилцааны хувьд идэвхтэй ч, гамшиг хөнөөл учруулах тийм гэрлэлтээс эдгээж илааршуулж болно гэж би бодсон юм л даа. Гэхдээ эмчилгээний гам барьж байгаа хар тамхины донтон шиг л алхам бүрээ сайтар төлөвлөх хэрэгтэй. Би утас дуугарахад ер авахгүй байхаар шийдлээ, Рачель магадгүй харамсаад залгаж байх ч юм билүү. Үүнээс гадна биднийг буцааж эвлэрүүлэх магадлалтай өөр бусад зүйлийг ч нарийн тооцож үзэв. Жишээ нь, таван өдрийн турш бороо орох, хүүхдүүдийн хэн нэг нь халуурах, захианд хэцүү шаналгаатай зүйл бичсэн байгааг унших нь Рачелийн хувьд даруй утас шүүрч авах хангалттай шалтаг болох нь гарцаагүй. Би ч энэ сүйрсэн харилцааг цаашид үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд ормооргүй байна. Эхний хэдэн сарыг яг эмчилгээнд хамрагдаж байгаа юм шиг өнгөрүүлэх учиртай гэж бодсоор би яах ийхээ нарийн сайн төлөвлөлөө. Өглөө найман цаг арван минутын галт тэргээр хот орж, орой зургаа хагасын галт тэргээр буцаж ирнэ. Зун харуй бүрийд хоосон гэрт ганцаар байх дэмий тул галт тэрэгний буудлаас машиндаа суугаад “Орфеогийн баар” гэдэг гайгүй газар очно. Тэнд угаасаа ярих хүн мундахгүй, би ч тэр зуур хэдэн хундага мартини уугаад, үхрийн шарсан мах иднэ. Дараа нь Стоунибрукийн задгай кинотеатрт очиж хоёр кино ар араас нь угсруулан үзнэ. Би энэ бүгдэд ––мартини, үхрийн шарсан мах, задгай кинотеатр зэрэгт–– нэг ёсондоо мансуурч, цаг нөхцөөх гэж байгаа хэрэг. Ажлынхнаасаа гадна өөр хэнтэй ч уулзаагүй нь дээр.
Харамсалтай нь ганцаараа байхаар нүд нь тийм ч амар анилддаггүй болохоор одоо нойр хулжих гэдэг хэцүүхэн асуудал тулгарав. Кинотеатраас гэртээ ирээд даруй унтах ч хэдхэн цаг болоод л сэрж орхино. Би ч сэрүүн байх цаг хугацаагаа боломжоороо ашиглахаар шийдлээ. Бороо орж байвал, бороо, тэнгэр дуугарах чимээг сонсъё. Бороо орохгүй бол, холд замын боомтоор өнгөрч буй ачааны тэрэгний чимээг чагная. Энэ чимээ надад Их Хямралын үеийг хэрхэн замаар дэмий тэнэж өнгөрүүлснийг минь сануулдаг юм л даа. Тахиа, лаазтай хүнс, нунтаг саван, тавилга дүүртэл нь ачсан ачааны тэрэгнүүд замын боомтоор ар араасаа цуваад л. Энэ чимээг сонсохоор харанхуй орчин, машины урд гэрэл санаанд минь буудаг –– энэ чимээ чихэнд таатай сонсогддог болохоор залуу нас минь ч санаанд орж ирэх нь дамжиггүй. Хааяа бороо, замаар өнгөрөх машины чимээ гэх мэтэд анхаарал минь сарниад би дахин унтдаг ч, нэг шөнө ер яагаад ч нойр хүрэхгүй болохоор арга ядаад шатаар доош бууж ном уншихаар шийдлээ.
Зочны өрөөний гэрлийг асаагаад, Рачелийн номын сан руу харлаа. Лин Ютань гэдэг зохиолчийн номыг сонгоод, мөлхөө чийдэнгийн доор, буйдан дээр суугаад уншиж эхлэв. Манай зочны өрөө их тохилог. Энэ ном ч янз нь гайгүй сонирхолтой бололтой. Манай энэ хавийн айлууд үүдээ барагтай бол түгждэггүй, зуны шөнө энэ хувийн гудамжаар ч хүн амьтан холхино гэж үгүй. Амьтан мэдээж байлгүй яах вэ, гэхдээ бүгд тэжээвэр, шөнө галт тэрэгний замын хажуугийн шар шувууны дуунаас өөр ямар ч чимээгүй. Гэрт үнэхээр чимээгүй оргино. Барстовын нохой хар дарж зүүдлээд сэрсэн юм шиг ганц хоёр хавлав. Эргэн тойрон дахиад анир чимээгүй боллоо. Гэнэт ойрхон хаа нэгтээ хүн хөдлөх, ханиалгах чимээ сонсогдов.
Бие зарсхийлээ ––ямар жигтэйхэн санагддагийг та мэдэх хойно–– би хэн нэгэн хүн намайг сэм ширтэж байгааг мэдэрсэн ч толгойгоо өндийлгөж харсангүй. Хүнд зөн совин гэдэг зүйл үнэхээр заяасан эсэхийг хэлж мэдэхгүй ч минийхээр тийм юм байдаггүй гээд бодчихвол амар юм шиг ээ. Тэр хүн зүгээр нэг сэм харах ч биш бүр зочны өрөөний маань цонхоор ширтэн, миний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцож байгааг юм шиг санагдаад явчхав. Харанхуй өрөөнд том гэрлийн доор сууж байгаа болохоор надад зугтах газар байсангүй. Би ч номынхоо хуудсыг эргүүлэн уншиж байгаа дүр эсгэлээ. Гэнэт надад гадаа байгаа мулгуу амьтны айдсаас ч илүү айдас төрөв. Би энэ хүн ханиах, явах чимээ, намайг сэм ажиглаад байгаа юм шиг тэр мэдрэмж миний өөрийн санаанаасаа зохиосон зүйл юм биш биз гэж айсаар толгойгоо өндийлгөлөө.
Түүнийг нэг хальт харах нь ч харлаа, тэр ч намайг хараг гэж байсан биз; мушилзах шиг болов. Би ч гэрлээ унтраалаа, гэхдээ гадаа их харанхуй, дээр нь нүд минь тод гэрэлд дассан учир цонхонд ер ямар ч дүрс туссан ялгаж чадахааргүй байв. Би хонгил руу гүйхээрээ хүрч, урд хаалганы гаднах чийдэнг асаалаа. Чийдэнгийн гэрэл тод биш ч, зүлгэн дээр байгаа хүнийг яаж ийгээд ялгаж дөнгөхүйц юм. Гэхдээ намайг цонхонд ойртоход зүлгэн дээр ч, түүний сууж байсан газар ч хүн байсангүй. Мэдээж тэр хүн хаана л бол хаана нуугдаж болно шүү дээ.
Явган хүний замын хажууд мэлрэг цэцэг тарьсан овоолоостой шороо, багсайтал ургасан голт бор цэцэгс, навчийг нь тайрсан агч мод бий. Би самурайн хуучин сэлмээ шүүрч аваад түүний араас хөөж мөшгөх гэсэн юм биш шүү. Би тийм хүн биш. Харин ердөө л үүдний чийдэнгээ унтраагаад, харанхуйд энэ ер юун хүн байж болохыг бодож зогслоо.
Би шөнө огт унтдаггүй хүмүүс байдаг гэж сонссон ч тийм хүн ер танихгүй; тэгээд энэ төмөр зам дагуух дан байрнуудын нэгнээс гарч ирсэн солиотой өвгөн байсан хэрэг гэж таамаглалаа. Магадгүй, бүх зүйлийг эергээр ––үгүйдээ л тайвнаар–– бодох шийдвэр гаргасан, угаасаа ч тэгэх шаардлагатай байсан тул би, түүнийг өтөл насандаа гэрээсээ хөөгдөн, шөнө дунд эргүүл цагдаа, элдэв ноходтой зэрэгцэн таньж мэдэхгүй газар тэнэж яваад ердөө Лин Ютань уншиж буй эр, өвчтэй хүүхдэдээ эм өгч буй хүүхэн эсвэл хөргөгчөөсөө чинжүүтэй чанасан хүрэн шош гарган идэж буй хүнээс өөр юм олж хараагүй хөөрхий өвгөн байж гэж бодож өрөвдөв. Харанхуй шатаар дээш гарч байхад минь тэнгэр дуугарч, хормын дараа зуны ширүүн бороо асгарч эхлэхэд би хөөрхий дурандагч минь энэ аадар борооноор хол гэртээ яаж харина даа гэж санаа зовлоо.
Цаг өглөөний дөрөв өнгөрчээ; би харанхуйд борооны чимээ, эрт ээлжийн галт тэрэгний дууг сонсоно. Галт тэрэг Буффало, Чикаго, Фар Вестээс ирээд Олбанигээр дамжин үүр цүүрээр голын эргээр урагшилна. Би тэдний ихэнхэд сууж үзсэн. Харанхуйд хэвтээд шөнийн вагоны гашуун агаар, унтлагын хувцасны үнэр, галт тэрэгний рестораны усны амт, Клевланд эсвэл Чикагод өдөржин байгаад Нью-Йоркод шинэ өдөр эхлүүлэх үеийн тэр мэдрэмж ялангуяа хэдэн жил хол газар байсан бол, ялангуяа зун цагт ямар байдгийг саналаа. Харанхуйд, галт тэрэгний гэрэлгүй вагон, өглөөний цайтай ширээ, тэр танил үнэрээ төсөөлөв.
Маргааш нь нойр минь маш их хүрч байсан ч би тэвчээр заан ажлаа дуусгаад, галт тэргээр харих замдаа зүүрмэглэлээ. Тэр үед унтвал унтах л байсан биз, гэхдээ тэгж аз туршаад яах вэ гээд би Орфеогийн баар, задгай кинотеатрт очдогоороо очив. Ёстой муухай хоёр кино үзлээ. Бүр мангуурсан болохоор орондоо оров уу, үгүй юү шууд унтсан ч утас дуугараад сэрээчхэв. Цаг хоёр болж байна. Би утас дуугарахаа болихыг хүлээн орондоо хэвтлээ. Шөнийн чимээ ––салхи эсвэл замын чимээ–– нойр хүргэхээсээ өнгөрсөн, нойр аль хэдийн хулжсан болохоор би доош буув. Нууцаар дурандагч ирнэ гэж бодоогүй ч харанхуйд мөлхөө чийдэн их тод харагдаж байсан тул би үүдний гэрлээ асаагаад Лин Ютанийн номоо уншиж эхэллээ. Барстовын нохой хуцахыг сонсоод, номоо тавиад, дурандагч минь ирсэн эсэхэд итгэлтэй болохын тулд том цонх руу ширтлээ, тэр ирдэг юм гэхэд намайг харахаас нь өмнө би түүнийг харах байв.
Үнэндээ би юу ч харсангүй, гэхдээ л хэдэн минутын дараа дахиад хөшиж орхилоо, нэг хүн намайг яах аргагүй ажиглаад байв. Би номоо дахин шүүрч авлаа, унших гэсэндээ биш, харин түүний эргэн ирснийг тоохгүй байгаагаа харуулах гэж. Өрөө олон цонхтой болохоор дурандагч яг аль цонхны ард зогсож байж болохыг мэдэх амаргүй. Гэнэт тэр яг ард минь байгааг ойлгоод, би айхын дээдээр айж, гэрлээ унтраалгүй үсэрч босмогцоо төгөлдөр хуурын дээрх нарийн цонхонд түүний царайг харах нь тэр. Би, “Эндээс тонил,” гэж хамаг байдгаараа хашгирлаа. “Рачель байхгүй! Явчихсан! Энд хараад байх юм байхгүй! Намайг тайван орхи!” Цонх руу гүйж хүрэхэд минь тэр хэдийн явчихсан байв. Дараа нь хүнгүй хоосон гэрт ингэж хамаг байдгаараа хашгирч байгааг бодоход би галзуурсан юм биш байгаа гэж ч бодлоо. Цонхонд туссан тэр царай туссан миний төсөөлөл юм биш биз гэж бодсоор гар чийдэнгээ авч гадагш гарав.
Гар чийдэнгээ асаан нарийн цонхны доорх цэцгийн мандлыг шалгалаа, тэр энд ирсэн нь тодорхой болов. Газар хөлийн мөр гарч, цэцгэн дээгүүр гишгэчсэн байлаа. Цэцгийн мандлаас зүлэг хүртэл мөрийг нь дагаж яваад би эрэгтэй хүний лакдсан арьсан шаахай оллоо. Багахан хуучирч, арьс нь хагарсан, өвгөн хүний шаахай байв. Ямартаа ч гэрийн үйлчлэгчид ийм шаахай өмсдөггүйг би мэднэ. Дурандагч хөршүүдийн маань нэг байж магадгүй. Би шаахайг авч хашаан дээгүүр Барстовын овоолсон бордооны зүг шидээд, гэртээ орж гэрлээ унтраагаад, шатаар дээш гарлаа.
Би маргааш нь цагдаад мэдэгдье гэж хэд хэдэн удаа бодсон ч яг тодорхой шийд гаргаж чадсангүй. Орой нь Орфеогийн бааранд зогсон шарсан мах болохыг хүлээнгээ энэ тухай дахин нэг бодов. Үнэндээ болсон явдал инээдтэй мэт санагдах ч би түүний царайг цонхоор дахин нэг удаа харахаас айж байлаа, бодож тусам улам айж байв. Амьдрал минь яг зөв замдаа орох гэж буй энэ үед ийм юм тохиолддог нь бас юу вэ. Гадаа харанхуй болж байв. Би утасны бүхээгт орж, цагдаа руу залгалаа. Хааяа галт тэрэгний зогсоол дээр хөдөлгөөн зохицуулдаг Стенли Мэдисон утас авав. Манай гэрийн ойр хавиар сэжигтэй этгээд холхиод байна гэж хэлтэл тэр, “Тийм үү?” гээд, надаас Рачель гэртээ байгаа эсэхийг асуув. Манай дүүрэг анх байгуулагдсан 1916 оноос хойш цагдаагийн газарт ийм төрлийн гомдол ер ирж байгаагүй юм гэнэ. Ярианд нь амьдарч буй дүүргээрээ бахархах өнгө тод мэдрэгдэж байлаа. Би угаасаа өөрийгөө эвгүй байдалд оруулна гэдгээ мэдэж байсан юм. Стенли ч, би энэ хавийн орон байрны үнийг унагах гэж зориуд ингэж ярьж байгаа юм шиг загнаж байв. Таван хүнтэй цагдаагийн баг хангалтгүй, угаасаа маш бага цалин авч, дэндүү хүнд нөхцөлд ажилладаг, би үүдэндээ хамгаалагч зогсоомоор байгаа бол оршин суугчдын хурал дээр цагдаагийн хэлтсийг өргөжүүлэх санал гаргах хэрэгтэй юм гэнэ. Дууны өнгө нь дайсагнасан байдалтай байх вий гэж ихэд болгоомжилж байлаа, ярианыхаа төгсгөлд Рачель болон хүүхдүүдийн тухай асуув. Би утасны бүхээгээс гарах үедээ буруу юм хийснээ мэдэж байлаа.
Тэр шөнө кино үзэж байхад минь ер бусын ширүүн аадар бороо орж эхлээд өглөө болтол үргэлжлэв. Дурандагч гэрээсээ гараагүй байх, би царайг нь ч харсангүй, чимээг нь ч сонссонгүй. Гэхдээ тэр маргааш шөнө нь дахиад ирлээ. Би түүний гурван цагийн үед ирээд, нэг цаг болоод явахыг нь сонссон ч номоосоо өндийж харсангүй. Би одоо түүний ер гэмгүй амьтан болохыг ойлгосон. Гэхдээ яг хэн болохыг нь мэдмээр байна. Тэгвэл би дэмий шаналахаа больж, эмчилгээгээ тайван амгалан үргэлжлүүлэх боломжтой болно. Би энэ ер хэн байж болох вэ гэж бодсоор шатаар дээш гарлаа. Манай энэ хавьд амьдардаг нь тодорхой. Манай найзуудын, хөршүүдийн зун цагт тэдэн дээр ирж амарч байгаа мэдрэл муутай хамаатан нь юм биш биз? Таньдаг хүн бүрээ нэг бүрчлэн бодоод тэд этгээд гаж зантай авга эсвэл өвөөтэй байж болох уу гэж ч бодлоо. Энэ танихгүй хүний дүрийг харанхуй шөнө дундаас тодхон хараад авбал санаа минь амрах гээд байв.
Би өглөө галт тэрэгний буудлын тавцан дээрх хүмүүс дунд тэр хүнийх байж болох царайг хайлаа. Үнэндээ царайг нь тийм сайн хараагүй ч дахин харвал танина гэдэгтээ итгэлтэй байв. Гэнэт би хайсан царайгаа олох нь тэр. Ер тэр дороо шүү. Тэр хүн тавцан дээр, хүмүүсийн дунд найм арвын галт тэрэг хүлээж байлаа. Миний таньдаг эрхэм.
Бленхоллоу орох замын хажуугийн том шар байшинд суудаг Херберт Марстон байв, энэ хүн. Би эхэндээ бага зэрэг эргэлзэж байсан ч төрх байдлаас нь тэр гэж даруй ойлгосон юм. Тэр гэмтэй, айсан байртай байв. Би түүн рүү дөхөж очоод бодсоноо хэлье гэж бодлоо. “Шөнө манай гэр доторхыг сэм дурандах тань ч яах вэ, харин эхнэрийн минь тарьсан цэцгийг гишгэчихгүй байж болох уу?” гэж хэлэх гэсэн юм. Гэвч хэлсэнгүй, учир нь тэр ганцаараа биш, эхнэр охин хоёртойгоо цуг явж байв. Би хүлээлгийн танхимын буланд зогсоод тэднийг дагуулан харлаа.
Ноён Марстоны царай төрхөд ч, байр байдалд ч анхаарал татах юм байсангүй –– магад өөрийг нь зүгээр орхих гэж байгааг минь анзаарсан биз. Өндөр нуруутай, бууралтсан үстэй, залуудаа царайлаг байсныг нь харуулах ясархаг нүүртэй. Хүн худал дүр эсгэж байгаа бол энэ нь нүүр царай нь татвалзах зэрэг шинж тэмдгээр илэрнэ гэдэгт итгэх итгэл минь тийм амар алдрахгүй ч би тэр өглөө ноён Марстоны царайд тийм шинж тэмдэг хайгаад ер ололгүй бууж өгсөн юм. Тэр шийдэмгий, шударга хүн шиг харагдаж байв –– ер ажил олдоггүй Чаки Ивинээс, хүү нь саа өвчин туссан Ларри Спенсерээс, тавцан дээр галт тэрэг ирэхийг хүлээж буй бусад эрчүүдээс яах аргагүй илүү. Би дараа нь охин Лиди рүү нь харлаа. Лиди манай эндхийн хамгийн хөөрхөн охидын нэг. Би урьд нэг удаа түүнтэй галт тэргэнд тааралдахад тэр Улаан загалмайд сайн дураар ажиллаж, захидал харилцаа хариуцдаг гэж ярьж байсан. Тэр өглөө ханцуйгүй цэнхэр даашинзтай, их хөөрхөн, өхөөрдөм харагдаж байв, би түүнийг гомдоох зүйл огт хийхгүй. Дараа нь би хатагтай Марстон руу хараад, миний хайсан шинж тэмдэг царайд нь тодорч байгааг анзаарсан ч тэр ер яалаа гэж нөхрийнхөө гэнэн томоогүй зангаас болж шаналах ёстойг ойлгосонгүй. Гадаа маш халуун байсан ч хатагтай Марстон хүрэн өнгийн хослол өмсөөд, мөрөн дээгүүрээ ангийн арьс тохжээ. Царай нь гөлийж цонхийсон хэрнээ мушилзсан дүртэй. Гал тэрэг хүлээж байхдаа ч учир битүүлэг инээмсэглээд л. Олон жилийн өмнө их хүчтэй, магадгүй дур тачаал өдөөсөн зүйл туулаад царай нь ингээд тогтсон юм уу гэмээр. Гэхдээ олон жил залбирч мацаг барихаар, тэр хүчтэй зүйлийн үлдээсэн тэмдэг дарагдаж бүдгэрээд, ердөө ам, нүдний эргэн тойронд хатагтай Марстоныг зөрүүд хэрнээ багахан өхөөрдөм дүр төрхтэй болгох үрчлээс л үлдэж. Би, нөхөр нь халаадаа өмсөөд айлын арын хашаагаар сэлгүүцэж явахад хатагтай Марстон нөхрийнхөө хойноос залбирч байдаг биз гэж бодлоо. Намайг хэн сэм дурандаад байгаа нь сэтгэлийг минь чилээж байсан ч одоо хэн гэдгийг нь мэдсэн ч санаа минь амарсангүй. Буурал үстэй эрхмийн хөөрхөн охин, эхнэр хоёртойгоо зогсож байгааг харах сэтгэлийг минь бүр ч үймрүүлэх нь тэр.
Тэр орой би хотод үлдэж, коктейл үдэшлэгт явахаар шийдлээ. Үдэшлэг том зочид буудлын дээд давхрын байранд болох байв. Би тэнд очмогцоо хамтдаа оройн хоол идчих хүн олох санаатай задгай дээвэр рүү гарлаа. Шинэ гуталтай хөөрхөн охин олъё гэж бодож байсан ч, тэр өдөр хорвоогийн хамаг хөөрхөн охин газрын гаваар орсон бололтой. Дээвэр дээр буурал үстэй нэг хүүхэн зогсож байв, хажууд нь унжиж санжсан малгайтай өөр нэг хүүхнээс гадна миний урьд нь хэд хэдэн удаа таарсан алдартай жүжигчин Грейс Харрис хань болжээ. Грейс Харрис цонхигор царайтай, нас дээр гарсан хөөрхөн хүүхэн л дээ, би түүнтэй урьд нь нэг удаа уулзсан ч надад түүнтэй яриад байх юм олдоогүй. Харин тэр орой Грейс Харрис над руу харж инээмсэглэв. Би түүн рүү хариу инээмсэглээд, баар руу довтолгох Харри Пүрселлийг хань татлаа. Бид хамтдаа ганц хоёр хундага юм уунгаа дэмий ярив. Намайг өрөө рүү эргэж харах тоолонд Грейс Харрис над руу өрөвдсөн байртай харад байх юм. Яагаад тэгж хараад байгааг нь ойлгосонгүй, намайг хүнтэй андуурсан бололтой. Насыг нь нуусан нил өнгийн нүдтэй хүүхнүүдийн ихэнх нь ер жигтэй харалган байдаг, би мэдэлгүй яах вэ: Тэр өрөөний нөгөө булан дахийг ч харахгүй байгаа. Цаг орой болсон ч, надад яарах юм үгүй, би уусаар байлаа. Харри угаалгын өрөө рүү зүглээд би ганцаараа үлдэв. Яагаад ч юм надад тэр их удах шиг санагдлаа. Тэр үед өрөөний нөгөө буланд хүнтэй ярьж байсан Грейс Харрис над руу ойртов. Надад тулж ирээд, цасан цагаан гараараа гарыг минь атгаад, “Хөөрхий хүүхэд,” гэж шивнэв. “Хөөрхий хүүхэд.”
Би хүүхэд биш, хөөрхийлөөд байх ч юм үгүй, энэ одоо хажуунаас холдоод өгөөсэй гэж бодлоо. Уг нь Грейс Харрис их ухаалаг царайтай ч тэр орой их гунигтай, санаа нь үймэрсэн шинжтэй байв. Гунигтайгаар, “Би хүзүүгээр чинь олс ороож байгааг харлаа,” гэв. Тэгээд гараа пиджак дээрээс минь аваад өрөөнөөс гарчхав. Тэр гэртээ харьсан байх, би түүнийг тэнд дахиж хараагүй. Харри угаалгын өрөөнөөс гарч ирэхэд би түүнд юу болсныг хэлэлгүй, өөрөө ч энэ бүгдийг мартахаар шийдэв. Би үдэшлэгт бодсоноосоо ч удаан байгаад, шөнийн галт тэргээр гэртээ ирлээ.
Усанд ороод, унтлагын хувцсаа өмсөөд, хэвтсэнээ санаж байна. Нүдээ анив уу, үгүй юү Грейс Харрисын хэлсэн олсыг харлаа. Үзүүрт нь цаазын гогцоо байв. Би Грейс Харрисын юу гэх гэснийг анхнаасаа ойлгосон: Тэр өөрийгөө боомилно гэдгийг минь зөн совингоороо мэдрээд сануулсан хэрэг. Олс аажим аажмаар ухамсар руу минь бууж байх шиг. Би нүдээ нээгээд, өглөө хийх ёстой ажлаа бодлоо. Гэвч нүдээ дахиад анихаар хоосон орой зай харагдаад, олс тэр хоосон руу хөндлөвчнөөс доош унжуулсан мэт буугаад тэндээ тогтож байв. Би нүдээ нээгээд, ажлынхаа тухай дахин бодсон ч нүдээ дахиад анихаар дахиад нөгөө дүүжлээстэй олсоо харж байлаа. Тэр шөнө нүдээ анин унтах гэж оролдох бүрд минь унтана гэдэг сохор хүний шаналал шиг л санагдаж байв. Харагдах юм огт үгүй болсон болохоор тэр дээрэнгүй олсыг харанхуйгаас хэн ч гаргаж авч чадахгүй байх шиг.
Би орноосоо босоод, шатаар доош буун Лин Ютанийн номыг дэлгэлээ. Уншиж эхлээд төд удалгүй ноён Марстоны гадаа зүлгэн дундуур явж байгааг сонсов. Би одоо үгүйдээ түүний юу харах гээд байгааг нь мэдэж авсан байв. Айлаа. Гэрлээ унтраагаад, босож зогслоо. Цонхны гадна харанхуй, би түүнийг олж харахгүй байв. Гэрт ямар нэг олс байгаа билүү гэж бодтол хүүгийн минь жижиг завины олс санаанд минь оров. Би завь байгаа зоорь руу яаран буулаа. Завь мод хөрөөддөг тавцан дээр байв, олс нь хүн өөрийгөө дүүжлэхэд хангалттай урт юм. Дээш гүйсээр галт тогооны өрөөнд орж, хутга аваад олсыг тас огтоллоо. Дараа нь сонин авч зууханд хийгээд, яндангийн хаалтыг аван олсыг шатаалаа. Тэгээд хамгийн дээд давхар руу шатаар гүйхээрээ гарч орондоо орлоо. Одоо айх юмгүй санагдав.
Хамгийн сүүлд хэзээ ингэж бат бөх унтсанаа ч санах юм алга. Гэхдээ л өглөө нэг хачин мэдрэмж төрөөд, цонхоор харахад цаг агаар сайхан байсан ч гадагш гармааргүй санагдав. Тэнгэр, нарны туяа, бүх зүйл бүдэг бадаг, хол харагдаж байв, бүгдийг нь холоос харж байгаа юм шиг. Марстоныхонтой дахиж таарахгүйн тулд найм арвын галт тэргээр явахаа болиод түүний дараагийн галт тэргэнд суулаа. Тэр олс санаанд минь байсан хэвээр, би галт тэргээр явах замдаа нэг өөдгүй олсыг нэг хоёр удаа харлаа. Өглөөг арай гэж өнгөрүүлээд, үдэд ажлаасаа гарч явахдаа нарийн бичигтээ үдээс хойш буцаж ирэхгүй гэдгээ хэлэв. Би Натан Шийтэй их сургуулийн клубт уулзахаар тохирсон юм. Тэнд эртхэн очоод бааранд нь нэг хундага мартини уулаа. Дасал болсон зуршлынхаа тухай найздаа ярьж буй настай эрхмийн хажууд зогсох зуур толгой руу нь төмпөн дүүрэн эрдэнэ шиш асгамаар санагдаж байв. Гэхдээ би мартини дарсаа чимээгүй шимэнгээ, баарны үйлчлэгчийн цаг руу харлаа. Цаг нь гааны ликёрын урт хүзүүтэй лонхон зүүлттэй юм. Ший ирэхээр би түүнтэй цуг хоёр хундага юм уулаа. Жин архины мансууруулах нөлөөний ачаар үдийн хоол асуудалгүй өнгөрөв.
Бид Парк өргөн чөлөөнд салтал, уусан мартини минь надаас нүүр буруулан би дахиад нөгөө олсоо харлаа. Үдээс хойш цаг хоёр болж, гадаа нартай байсан ч надад харуй бүрий болсон мэт санагдав. Би Корн Иксченж банк руу очиж таван зуун долларын чекээ задлуулж, Брүк Бродерс дэлгүүрээс янз бүрийн зангиа, хайрцаг навчин тамхи аваад, дээд давхарт гарч хослол сонирхлоо. Дэлгүүрт үйлчлүүлэгч гэх юм бараг үгүй байв. Тэдэн дунд ганцаараа яваа мэт харагдах залуу бүсгүй анхаарлыг минь татав. Нөхөртөө авах юм харж байх шиг. Шар үстэй, цагаан арьс нь нимгэн цаас шиг толигор, булбарай. Их халуун байсан ч ер халууцсан шинжгүй, Рай эсвэл Гринвичээс галт тэргээр энэ хүртэл явсан ч гэртээ дөнгөж усанд орсон юм шиг цэвэр цэмцгэр хэвээр. Гар, хөл нь тэгшхэн, дур булаам, царай нь ухаалаг гэрийн эзэгтэйн гэмээр дүр төрхтэй; энэ дүр нь гал, хөлийн дур татам байдлыг нь улам ч тодруулж байх шиг. Тэр явсаар цахилгаан шатны хажууд зогсоод товчийг нь дарав. Би яаран хажууд нь очиж зогслоо. Бид хамтдаа доош буугаад, би түүнийг даган Мадисоны гудамж хүртэл явав. Явган хүний зам хөл хөдөлгөөн ихтэй, би ч түүний хажууд явсаар байлаа. Тэр над руу нэг хараад, дагаж явааг минь ойлгосон ч би түүний ойр орчны хүмүүсээс тийм амар тусламж гуйхгүйг мэдэж байв. Бүсгүй буланд зогсоод, гэрлэн дохио өөрчлөгдөхийг хүлээв. Би ч хажууд нь хүлээлээ. Түүнд маш зөөлөн дуугаар, “Хатагтай, шагайг тань барьж болох сон болов уу? Надад өөр хүсэх юм алга. Энэ амьдралыг минь аварна,” гэж хэлэхгүйг хичээн зогсож байлаа. Тэр дахиж над руу эргэж харсангүй, би ч түүний айж байгааг ойлгов. Түүнийг гарц хөндлөн гарахаар би ч бас гарц хөндлөн гарлаа. Харин толгой дотор минь нэг дуу, “Шагайг тань нэг л удаа барья. Энэ амьдралыг минь аварна. Би зүгээр шагайг тань л баримаар байна. Мөнгө төлсөн ч болно,” гэж гуйж байв. Би түрийвчээсээ цаасан мөнгө гаргалаа.
Гэж байтал араас минь нэг хүн нэрийг минь дуудаж байв. Би манай ажлаар орж гардаг зар сурталчилгааны газрын худалдагчийн нөхөрсөг дууг танимагцаа түрийвчээ халаасандаа хийгээд, гудамж хөндлөн гарч олон хүн дунд оръё гэлээ.
Би эхлээд Парк өргөн чөлөө, дараа нь Лексингтон хүртэл яваад, кинотеатр руу орлоо.
Хүйтэн агаар үлээх хуучин агааржуулагчийн чимээ Чикаго, Фар Вестээс өглөөний галт тэргэнд сууж явахад голын зүгээс үлээх салхийг санагдуулж байв. Үүдний танхим хүнгүй, надад ордонд эсвэл сүмд орж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Би шатаар дээш гартал шат дээшлээд огцом эргэмэгцээ ямар ч сүр жавхлангүй болж орхив. Шатны тавцан нь хиртэй, хана нь хоосон. Би шатаар цааш явсаар тагтанд хүрээд, тэнд харанхуйд одоо юу ч намайг аврахгүй, ямар ч хөөрхөн охин шинэ гутлаа өмсөөд өмнө минь гарч ирэхгүй гэж бодов.
Би галт тэргэнд суугаад гэртээ харилаа. Орфеогийн баараар ч, кинотеатраар дайрах аргагүй ядарсан байв. Галт тэрэгний буудлаас машиндаа сууж гэртээ ирээд, машинаа гараашид тавилаа. Би гараашид ормогцоо л гэрт утас дуугарч байгааг сонссон ч хашаанд зогсоод утас чимээгүй болохыг хүлээв. Зочны өрөөнд орж ирээд хүүхдүүд явахаасаа өмнө гараараа хана халтартуулсан байхыг хараад, тэр халтартсан хэсэг нэлээд доор байсан тул үнсэх гэж доош сөхөрч суулаа.
Дараа нь зочны өрөөнд хэсэг суув. Унтаж орхиж, сэрэхэд минь цаг нэлээд орой болсон байв. Хажуу байрнууд бүгд харанхуй. Би гэрлээ асаалаа. Дурандагч минь одоо шаахай, халаадаа өмсөж байгаа биз. Тэгээд арын хашаа, цэцэрлэгээр тэнүүчилж эхэлнэ. Хатагтай Марстон сөхөрч суугаад залбирч байгаа биз. Би ч Лин Ютаний номоо аваад уншиж эхэллээ. Барстовын нохой хуцах дуулдана. Дараа нь утас дахин дуугарав.
Би Рачелийн дууг сонсмогцоо, “Хайрт минь!” гэж хашгирлаа. “Хайрт минь! Хонгор минь!” Рачель уйлж байв. Тэд Сийл усан онгоцны зогсоол дээр байгаа юм гэнэ. Долоо хоногийн турш бороо орж, Тоби дөч гартал халуурсан юм байх. “Би одоо замд гарлаа,” гэлээ би. “Маргааш наана чинь очно. Маргааш өглөө очно. Хайрт минь!”
Ингээд гүйцээ. Бүх юм дууссан. Би цүнхээ бэлдээд, хөргөгчөө салгаад, шөнөжин машин барилаа. Бид тэр цагаас хойш аз жаргалтай байна. Миний мэдэхээр, ноён Марстон дахиж шөнө дөлөөр манай энэ хавиар үзэгдээгүй, гэхдээ би түүнийг галт тэрэгний буудал, хотын клубт хэд хэдэн удаа харсан. Охин Лиди нь дараа сард хуримаа хийнэ. Цонхигор царайтай эхнэр нь буяны ажилд бие сэтгэлээ зориулсан гэж шагнал авсан. Ер нь бол бүгд сайн.

Орчуулсан: Г. Сугиррагчаа

Кейт Шопен | НЭГ ЦАГИЙН ӨГҮҮЛЛЭГ

(өгүүллэг)
Хатагтай Мэллард зүрхний өвчтэй гэдгийг бүгд мэдэх учир нөхөр нь нас барсан тухай мэдээг аль болох болгоомжтой дуулгах гэж ихэд хичээжээ.
Дүү Жосефин нь түүнд энэ мэдээг хагас дутуу өгүүлбэрээр тойруулан хэлэв. Нөхрийнх нь найз Ричардс ч түүний хажууд зогсох аж. Төмөр замын осолд “нас барагсдын” нэрсийн жагсаалтад Брэнтли Мэллардын нэр багтсан тухай цахилгаан мэдээ анх ирэх үед Ричардс сонины редакцад байж таарчээ. Энэ гунигт мэдээний үнэн зөв эсэхийг дараагийн цахилгаанаар баталгаажуулахыг хүлээснийхээ дараа Ричардс өөр хэн нэгэн хүн энэ тухай хатагтайд гэнэт, болгоомжгүй дуулгаж орхих вий хэмээн санаа зовж яаран хөдөлсөн аж.
Хатагтай Мэллард мэдээг сонсоод ийм зүйл сонссон хүүхнүүд шиг гацаж хөшсөнгүй. Бусад бүсгүйчүүд бол ер хүлээн зөвшөөрөхгүй удах байсан биз. Харин хатагтай Мэллард тэр даруйд дүүдээ тэврүүлээд биеэ сул хаян уйллаа. Шаналлын шуурга нь эрчээ алдаж сулрахтай зэрэг Мэллард бүсгүй өрөө рүүгээ ганцаар явж одох нь тэр. Араас нь хэн ч явсангүй.
Мэллард бүсгүй өрөөндөө ороод нээлттэй цонхны өмнө тухтай, том буйдан дээрээ сууж авлаа. Биеийг нь бүрэн дарамталж, бүр цаашлаад сэтгэлийг хэмлэж эхэлсэн шаналал зовлолдоо дарагдан доош нугдайн унах шиг л болов.
Нээлттэй цонхоор хаврын шинэ агаарт сэргэсэн моддын орой  харагдана. Энэ модод гэрийнх нь өмнөх задгай талбайд ургадаг юм. Борооны ер бусын сайхан үнэр ханхийнэ. Доод гудамжнаас явуулын худалдаачны хашхирах чимээ сонсогдоно. Бүр цаана хаа нэгтээ хэн нэгэн дуулах нь ч түүний чихэнд хүрлээ. Дээврийн ирмэг доогуур үй олон болжмор жиргэлдэнэ.
Цонхноос нь баруун зүгт дээр дээрээсээ залгагдан, давхралдан үргэлжилсэн үүлсийн дундуур цэнхэр тэнгэр оочин тоочин үзэгдэнэ.
Бүсгүй арагш сандлын түшлэгт толгойгоо налаад чимээгүй суув. Унтахаасаа өмнө уйлсан жаахан хүүхэд унтсан хойноо уйлж байна гэж зүүдэлдэг шиг л хоолой нь зангирч багахан чичирхийлэхийг эс тооцвол ямар ч хөдөлгөөнгүй.
Тэр насаар нэлээд залуу; эрх мэдэл, хүч чадал илэрхийлсэн гэмээр цэвэрхэн, тайван царайтай. Гэхдээ одоо тэртээх тэнгэрт хөвөх үүлсийн аль нэгийг тогтож ширтсэн цэнхэр нүд нь дүнсийж орхижээ. Энэ харцнаас харахад бүсгүй түрхэн зуур юу ч юм бодоод өнгөрсөн бус, харин нэлээд нухацтай бодож эргэцүүлж буй бололтой.
Түүнд юу ч юм тохиолдох гээд, бүсгүй өөрөө ч айдас хүйдэстэй хүлээж байжээ. Гэхдээ тэр яг юу хүлээж байв аа? Бүсгүй өөрөө ч мэдэхгүй; нэрлэх хэлэх аргагүй эмзэг нарийн зүйл. Ямартай ч тэр зүйл тэнгэрээс доош зөөлөн урссаар, агаарт дүүрэн тархсан өнгө будаг, дуу чимээ, үнэрээрээ  дээрээс нь бууж буйг тэр мэдрэв.
Цээж нь төвийж догдлох сэтгэл төрлөө. Энэ зүйл түүнийг эзэмдэхээр ирж буйг бүсгүй ойлгоод, туранхай цагаан гар шигээ хүч дорой хүсэл зоригоороо сөрж эсэргүүцье гэж хичээнэ. 
Биеэ сул тавимагц багахан ангайсан уруулын дундаас нь зөөлөн шивнээн урсаж гарчээ. Амьсгаагаа дарж ядан: “Би эрх чөлөөтэй, эрх чөлөөтэй, эрх чөлөөтэй!” гэж хэлсэн аж. Нүд нь тэрхэн зуур хоосон гөлийснөө, даруй айдас хүйдсээр дүүрчээ. Тэгснээ гялтганаад амилаад ирэх нь тэр. Зүрх нь хурдан цохилон, судсаар нь урсах цус биеийнх нь ямх бүрийг бүлээцүүлж тайвшруулна.
“Ямар өөдгүй юм бодож, хөхөн баясав даа” гэж бодоод өнгөрлөө. Ухаалгаар сэтгэж эхлэхтэй зэрэг дэмий зүйл бодсоноо ухаарч, санаанаасаа үлдэн хөөв.
Үхэлтэй учран золгосон тэр эелдэг зөөлөн хоёр гарыг хараад дахин уйлж эхэлнэ гэдгээ бүсгүй мэдэлгүй яах вэ; өөдөөс нь нэг ч удаа хайр энэрлийн харц илгээгээгүй тэр хөшүүн, саарал, үхмэл царай... Гэхдээ тэр шаналалт мөчийн дараах он жилүүд зөвхөн түүнийх, өөрийнх нь байх болно. Бүсгүй тэр л он жилүүдийг угтан авахаар хоёр алгаа дэлгэлээ.
Ирэх жилүүдэд тэр зөвхөн өөрийнхөө төлөө л амьдарна; өөр хэний ч төлөө биш. Түүний хүсэл бодлыг одоо хэн ч няцаахгүй. Эрчүүд, хүүхнүүдийн бие биедээ өөрийн хүслээ тулгах эрхтэй гэж итгэн цөхрөлтгүй шаарддаг тэр зан ч одоо түүнд хамаагүй. Ухамсар нь гэнэт сэрэх шиг санагдсан тэрхэн мөчид зорилго нь зөөлөн ч бай, хэрцгий ч бай ялгаагүй үйлдсэн хэрэг нь яагаад ч зөөлөрч хөнгөрөхгүйг бүсгүй ойлгов.
Гэхдээ бүсгүй түүнийг хайрласан---заримдаа л. Ихэнхдээ хайрлаагүй. Гэвч энэ ямар хамаатай юм бэ? Яг одоо мэдэрч буй хамгаас хүчтэй мэдрэмж буюу өөртөө итгэх итгэлтэй нь харьцуулахад тэр хайр дурлал гэдэг оньсого шиг зүйл ер юу билээ дээ?
“Би эрх чөлөөтэй! Бие минь ч, сэтгэл минь ч эрх чөлөөтэй!” гэж тэр шивнэсээр.
Жосефин хаалганы өмнө өвдөглөж суугаад, цоожны нүхэнд уруулаа наан, дотогш оруулахыг гуйна. “Луйс, хаалгаа нээ! Гуйж байна, хаалгаа нээ, битгий л тэнэг юм хийгээрэй дээ. Луйс, чи юу хийгээд байгаа юм бэ? Бурхныг бодож хаалгаа нээ л дээ.”
“Эндээс яв. Би ямар ч тэнэг юм хийгээгүй.” Үгүй дээ, харин ч тэр онгорхой цонхоор урсан орж ирэх мөнхийн усыг хүртэж байна.
Өмнө нь тодорч харагдсан тэр өдрүүдэд хүсэл мөрөөдөл нь жигүүр дэлгэн ниснэ. Хаврын өдрүүд, зуны өдрүүд, зөвхөн өөрийнх нь болох тэр бүх өдрүүд. Урт удаан наслах сан гэж амандаа залбирлаа. Гэтэл ердөө өчигдөрхөн л урт удаан насална гэхээс жихүүдэс төрж байсан шүү дээ.
Дүү охин нь шаардаад байсанд тэссэнгүй сандлаасаа босож хаалгаа нээлээ. Харцанд нь эрч хүчтэй бардам төрх тодорч, өөрийн мэдэлгүй ялалтын охин тэнгэр шиг л биеэ авч явна. Дүүгээ бэлхүүсээр нь тэврээд, хоёул шатаар доош буулаа. Ричардс доод давхарт тэднийг хүлээх аж.
Яг энэ үед хэн нэгэн хүн урд хаалгыг түлхүүрдэн онгойлгох дуулдав. Чемодан, шүхрээ барьсан, аян замын тоосонд дарагдсан Брэнтли Мэллард орж иржээ. Тэр ослын газраас хол байсан төдийгүй осол болсныг ч мэдээгүй байлаа. Жосефин жигтэй чанга хашхирч, Ричардс түүнийг эхнэрээс нь нуух гэсэн мэт өмнүүр нь хөндөлдөхөд Брэнтли Мэллард бүр мэл гайхав.
Эмч нар ирээд бүсгүйг зүрхний өвчнөөр нас барсан гэв. Гэнэт баярлаж хөөрөхөд зүрх нь тэсээгүй ажээ.

Орчуулсан: Г. Сугиррагчаа

СОМЕРТОНЫ ЭРИЙН ЕР БУСЫН ҮХЭЛ


1948 оны 11-р сарын 30-нд Жон Леонс эхнэртэйгээ Австралийн зүүн хэсэгт байх Сомертоны эргээр зугаалж яваад хослол өмссөн нэгэн согтуу эрхэм тамхи татах гэж оролдож байгааг харжээ. Маргааш өглөө нь Леонсынхон усанд сэлэхээр эрэг дээр ирээд, өнөөх хүн байсан газраа хэвээр байгааг харсан байна – тэр эр ер хөдөлгөөнгүй болсон байв. Урьд шөнө нь үхсэн гэсэн үг. Дутуу татсан тамхи нь цамцны ханцуй дээр нь тавиатай байжээ.
 Хачин жигтэй ч гэлээ иймэрхүү явдал болоход гайхах зүйл юу байх вэ. Гэхдээ цогцсыг орон нутгийн эмнэлэгрүү аваачсаны дараа хэрэг бүр ч жигтэй болж эхэлсэн аж.
 Юун түрүүнд, цогцсоос ямар ч үнэмлэх, бичиг баримт гарсангүй. Түрийвч, мөнгө ч байсангүй. Хувцасны шошгыг нь нэг бүрчлэн тасалж авсан байв. Халааснаас нь автобусны билет, галт тэргэнд суух хэрэглээгүй тасалбар, бохь, Кенситас брендийн тамхи бүхий Арми Клуб тамхины хайрцаг, самнууд гарав. Хачирхалтай нь, тэр гутлаа оймсгүй өмссөн байв. Шинжилгээгээр, энэ эр шөнө хоёр цагийн үед зүрх нь зогсож нас барсан гэсэн дүгнэлт гарлаа. Шинжилгээ хийсэн эмч түүнийг байгалийн жамаар үхсэн гэж үзэхгүй байв. Энэ ер бусын эрхмийг хурдан үйлчилгээтэй, ул мөр үлдээдэггүй хороор хордуулсан гэж шинжилгээний эмч үзлээ. Ердөө хоёр төрлийн хор л ийм төрлийн үйлчилгээ үзүүлж чадна гэсэн дүгнэлтийг бүр сүүлд нэг их сургуулийн профессор дэвшүүлсэн юм.
Нас барсан эр болон алуурчныг олох ажилд сар гаруйн хугацаанд ямар ч ахиц гаргасангүй. Харин дараа жилийн 1-р сарын 12-нд Аделаидын галт тэрэгний буудлын тээш хадгалах газар энэ эрхмийн чемоданыг олсон байна. Чемоданаас гарсан зүйлсэд, түүний халааснаас гарсан зүйлсийн нэгэн адил онц ноцтой юм ажиглагдсангүй: Халаасан дахь оёдлыг оёсонтой адил улаан шар өнгийн утас, Кийн гэсэн нэрийн шошго бүхий гурван хувцас, жижиг хутга, фломастер. Хэргийг тайлах ямар ч учиг гарсангүй, Кийн гэдэг нь ч энэ хүний өөрийн нэр байж таарахгүй байв – хувцаснуудыг комиссоос авсан эсвэл зориудаар хуурамч шошго хадсан байх.
1949 оны 4-р сард Аделаидын их сургуулийн профессор цогцост дахин нэг удаа шинжилгээ хийж, урьд хэний ч олоогүй нэгэн зүйлийг олсон нь тэр эрийн өмдөн дэх нууц халаас байлаа. Халааснаас “Тамам Шуд” гэсэн үг бүхий цаасны тасархай гарав. Энэ цаасны тасархайг Омар Хайямын “Рубайат” хэмээх шүлгийн түүврийн номоос авсан болж таарлаа. “Тамам Шуд” гэдэг нь “Төгсөв” гэсэн утгатай үг бөгөөд номын төгсгөл хэсэгт байдаг аж.
Ард иргэдийн тусламжтайгаар олон сар хайсны эцэст цагдаа нар энэ үгийг тасалж авсан номыг олсноос гадна номын арын нүүр дэх утасны дугаараар эзнийг нь ч мэдэж авчээ. Сувилагч Жессика Томсон гэх мэтэгтэй энэ номыг дайны үеэр танил залуудаа өгснөө мэдэгдсэн байна. Гэхдээ тэр танил нь эрэг дээр олдсон хүн биш, харин Альфред Боксолл гэх тэр үед эсэн мэнд амьдарч байсан нэгэн аж. Цагдаа нар Альфред Боксоллыг олж уулзаад, Томсоны өгсөн номыг одоо хэр хадгалж байгааг нь олж мэдсэн байна. Гэхдээ л Томсонд цогцсоос авсан нүүрний хэвийг харуулахад тэр чичирч, ухаан алдах шахжээ – гэсэн ч тэр нас барсан эрийг танихгүй гэсэн хэвээр байв.
Номын арын нүүрэнд утасны дугаараас гадна ар араас нь залган бичсэн үсгүүдээс бүрдсэн код олдсон бөгөөд энэ код одоог хүртэл бүрэн тайлагдаагүй.
Хатагтай Томсон ямар нэг зүйл мэдэж байсан үгүйг мэдэхгүй юм, ямартаа ч тэрээр 2007 онд нас бартлаа энэ хэргийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй. Түүний охин Кейт, ээж нь тэр хүнийг гарцаагүй таньснаа, гэхдээ хэн гэдгийг нь хэлж чадахгүйгээ, учир нь энэ, орон нутгийн цагдаагийн хэрээс хэтэрсэн хэрэг гэж бодож байгаагаа хэлж байсан гэж ярьжээ. Томсоны тухай олон янзын таамаглал байдгаас түүнийг Зөвлөлтийн тагнуул байсан гэдэг нь хамгийн магадлал өндөртэй гэж Кейт мөн хэлсэн байна. Австралийн 60 минут нэвтрүүлэгт оролцохдоо тэрээр, “Ээж минь тун учир битүүлэг хүн байсан,” гээд ээжийнхээ оросоор сайн ярьдаг гэж байсныг дурсжээ. Гэхдээ Кейт ээжийнхээ орос хэл яг яаж сурсныг мэдэхгүй аж.
Томсоны гэр бүл ээжийгээ Сомертоны эртэй дотно харилцаатай байсан, Жессикагийн хүү, Робин Томсон ч энэ харилцаанаас төрсөн байх гэж таамагладаг аж. Энэ хэргийг олон жил судалсан Аделиадын их сургуулийн профессор Дерек Эббот одоо хэдийн талийгч болсон Робин Томсон, Сомертоны эртэй ижил төрлийн генетикийн онцлогтой байсан гэж ярьсан байна. Тэдний шүд, чихний хэлбэрээс харахад энэ хоёр хүн хоорондоо ургийн холбоотой байсан байх магадлал өндөр гэнэ. Томсоны гэр бүлийн зарим гишүүд болон профессор Эббот ДНА шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ч шүүхээс энэ хүсэлтийг үндэслэлгүй гэсэн шалтгаанаар удаа дараа няцаасан байна.
Гэхдээ л профессор Эббот Жессика Томсоныг тагнуул байсан гэдэгт итгэдэггүй аж. “Би Томсоны дотно найзуудаас асуусан, тэд Жессика орос хэл шиг хэцүү хэл сурах тэвчээртэй хүн байгаагүй гэж байна лээ,” гэж Эббот бичсэн байна. Ганц хоёр үг хэллэг мэддэг байсныг үгүйсгэхгүй, гэхдээ саадгүй ярьдаг байсан уу гэвэл үгүй.
Профессор Эббот Сомертоны эрийн бусдад хорлогдсон гэдэгт ч итгэдэггүй гэнэ. Түүний хэлж байгаагаар, тэр үеийн эмч нар үхлийн шалтгаан тодорхойгүй үед юм л бол хор уусан гэж дүгнэдэг байж. Тэгээд ч биеэс нь ямар ч хорын ул мөр илрээгүйг санах хэрэгтэй гэж тэр хэлж байна. “Түүнээс гадна задлан шинжилгээгээр цогцсын дэлүү хэвийн хэмжээнээс гурав дахин том гарсан нь хорт хавдар, үгүй бол бактерийн эсвэл вирусын халдвар байсныг харуулж байгаа юм.”
Эббот номын арын нүүр дээрх үсгүүдийг ч нууц код гэж үздэггүй аж. Түүнийхээр бол эдгээр нь мартахгүй санах зорилгоор товчилж тэмдэглэсэн үсгүүд эсвэл романтик шүлгийн товчлол юм гэнэ. “Гэхдээ л эдгээрийг яг Рубайат шүлгүүд шиг дөрвөн мөрөөр бичсэн нь сонирхолтой юм.”

Эббот хэдий энэ сэдвээр олон судалгаа хийж байгаа ч тэр ч бас хүн бүхний мэдэх тэр л тодорхой тооны эх сурвалж, учиг дээр үндэслэж эдгээр дүгнэлтийг гаргаж ирсэн. Сомертоны эр тагнуул байсан уу? Тэр Жессика Томсонтой харилцаатай байсан уу? Одоогоор шинэ учиг бараг гарахгүй л байна – гэхдээ л ДНА шинжилгээ ямар нэг учиг тайлж болно. Тэр болтол Сомертоны эр далан жилийн өмнө анх олдсон шигээ ер бусын тайлшгүй хэвээр үлдэнэ.