Sunday, November 5, 2017

Кейт Шопен | НЭГ ЦАГИЙН ӨГҮҮЛЛЭГ

(өгүүллэг)
Хатагтай Мэллард зүрхний өвчтэй гэдгийг бүгд мэдэх учир нөхөр нь нас барсан тухай мэдээг аль болох болгоомжтой дуулгах гэж ихэд хичээжээ.
Дүү Жосефин нь түүнд энэ мэдээг хагас дутуу өгүүлбэрээр тойруулан хэлэв. Нөхрийнх нь найз Ричардс ч түүний хажууд зогсох аж. Төмөр замын осолд “нас барагсдын” нэрсийн жагсаалтад Брэнтли Мэллардын нэр багтсан тухай цахилгаан мэдээ анх ирэх үед Ричардс сонины редакцад байж таарчээ. Энэ гунигт мэдээний үнэн зөв эсэхийг дараагийн цахилгаанаар баталгаажуулахыг хүлээснийхээ дараа Ричардс өөр хэн нэгэн хүн энэ тухай хатагтайд гэнэт, болгоомжгүй дуулгаж орхих вий хэмээн санаа зовж яаран хөдөлсөн аж.
Хатагтай Мэллард мэдээг сонсоод ийм зүйл сонссон хүүхнүүд шиг гацаж хөшсөнгүй. Бусад бүсгүйчүүд бол ер хүлээн зөвшөөрөхгүй удах байсан биз. Харин хатагтай Мэллард тэр даруйд дүүдээ тэврүүлээд биеэ сул хаян уйллаа. Шаналлын шуурга нь эрчээ алдаж сулрахтай зэрэг Мэллард бүсгүй өрөө рүүгээ ганцаар явж одох нь тэр. Араас нь хэн ч явсангүй.
Мэллард бүсгүй өрөөндөө ороод нээлттэй цонхны өмнө тухтай, том буйдан дээрээ сууж авлаа. Биеийг нь бүрэн дарамталж, бүр цаашлаад сэтгэлийг хэмлэж эхэлсэн шаналал зовлолдоо дарагдан доош нугдайн унах шиг л болов.
Нээлттэй цонхоор хаврын шинэ агаарт сэргэсэн моддын орой  харагдана. Энэ модод гэрийнх нь өмнөх задгай талбайд ургадаг юм. Борооны ер бусын сайхан үнэр ханхийнэ. Доод гудамжнаас явуулын худалдаачны хашхирах чимээ сонсогдоно. Бүр цаана хаа нэгтээ хэн нэгэн дуулах нь ч түүний чихэнд хүрлээ. Дээврийн ирмэг доогуур үй олон болжмор жиргэлдэнэ.
Цонхноос нь баруун зүгт дээр дээрээсээ залгагдан, давхралдан үргэлжилсэн үүлсийн дундуур цэнхэр тэнгэр оочин тоочин үзэгдэнэ.
Бүсгүй арагш сандлын түшлэгт толгойгоо налаад чимээгүй суув. Унтахаасаа өмнө уйлсан жаахан хүүхэд унтсан хойноо уйлж байна гэж зүүдэлдэг шиг л хоолой нь зангирч багахан чичирхийлэхийг эс тооцвол ямар ч хөдөлгөөнгүй.
Тэр насаар нэлээд залуу; эрх мэдэл, хүч чадал илэрхийлсэн гэмээр цэвэрхэн, тайван царайтай. Гэхдээ одоо тэртээх тэнгэрт хөвөх үүлсийн аль нэгийг тогтож ширтсэн цэнхэр нүд нь дүнсийж орхижээ. Энэ харцнаас харахад бүсгүй түрхэн зуур юу ч юм бодоод өнгөрсөн бус, харин нэлээд нухацтай бодож эргэцүүлж буй бололтой.
Түүнд юу ч юм тохиолдох гээд, бүсгүй өөрөө ч айдас хүйдэстэй хүлээж байжээ. Гэхдээ тэр яг юу хүлээж байв аа? Бүсгүй өөрөө ч мэдэхгүй; нэрлэх хэлэх аргагүй эмзэг нарийн зүйл. Ямартай ч тэр зүйл тэнгэрээс доош зөөлөн урссаар, агаарт дүүрэн тархсан өнгө будаг, дуу чимээ, үнэрээрээ  дээрээс нь бууж буйг тэр мэдрэв.
Цээж нь төвийж догдлох сэтгэл төрлөө. Энэ зүйл түүнийг эзэмдэхээр ирж буйг бүсгүй ойлгоод, туранхай цагаан гар шигээ хүч дорой хүсэл зоригоороо сөрж эсэргүүцье гэж хичээнэ. 
Биеэ сул тавимагц багахан ангайсан уруулын дундаас нь зөөлөн шивнээн урсаж гарчээ. Амьсгаагаа дарж ядан: “Би эрх чөлөөтэй, эрх чөлөөтэй, эрх чөлөөтэй!” гэж хэлсэн аж. Нүд нь тэрхэн зуур хоосон гөлийснөө, даруй айдас хүйдсээр дүүрчээ. Тэгснээ гялтганаад амилаад ирэх нь тэр. Зүрх нь хурдан цохилон, судсаар нь урсах цус биеийнх нь ямх бүрийг бүлээцүүлж тайвшруулна.
“Ямар өөдгүй юм бодож, хөхөн баясав даа” гэж бодоод өнгөрлөө. Ухаалгаар сэтгэж эхлэхтэй зэрэг дэмий зүйл бодсоноо ухаарч, санаанаасаа үлдэн хөөв.
Үхэлтэй учран золгосон тэр эелдэг зөөлөн хоёр гарыг хараад дахин уйлж эхэлнэ гэдгээ бүсгүй мэдэлгүй яах вэ; өөдөөс нь нэг ч удаа хайр энэрлийн харц илгээгээгүй тэр хөшүүн, саарал, үхмэл царай... Гэхдээ тэр шаналалт мөчийн дараах он жилүүд зөвхөн түүнийх, өөрийнх нь байх болно. Бүсгүй тэр л он жилүүдийг угтан авахаар хоёр алгаа дэлгэлээ.
Ирэх жилүүдэд тэр зөвхөн өөрийнхөө төлөө л амьдарна; өөр хэний ч төлөө биш. Түүний хүсэл бодлыг одоо хэн ч няцаахгүй. Эрчүүд, хүүхнүүдийн бие биедээ өөрийн хүслээ тулгах эрхтэй гэж итгэн цөхрөлтгүй шаарддаг тэр зан ч одоо түүнд хамаагүй. Ухамсар нь гэнэт сэрэх шиг санагдсан тэрхэн мөчид зорилго нь зөөлөн ч бай, хэрцгий ч бай ялгаагүй үйлдсэн хэрэг нь яагаад ч зөөлөрч хөнгөрөхгүйг бүсгүй ойлгов.
Гэхдээ бүсгүй түүнийг хайрласан---заримдаа л. Ихэнхдээ хайрлаагүй. Гэвч энэ ямар хамаатай юм бэ? Яг одоо мэдэрч буй хамгаас хүчтэй мэдрэмж буюу өөртөө итгэх итгэлтэй нь харьцуулахад тэр хайр дурлал гэдэг оньсого шиг зүйл ер юу билээ дээ?
“Би эрх чөлөөтэй! Бие минь ч, сэтгэл минь ч эрх чөлөөтэй!” гэж тэр шивнэсээр.
Жосефин хаалганы өмнө өвдөглөж суугаад, цоожны нүхэнд уруулаа наан, дотогш оруулахыг гуйна. “Луйс, хаалгаа нээ! Гуйж байна, хаалгаа нээ, битгий л тэнэг юм хийгээрэй дээ. Луйс, чи юу хийгээд байгаа юм бэ? Бурхныг бодож хаалгаа нээ л дээ.”
“Эндээс яв. Би ямар ч тэнэг юм хийгээгүй.” Үгүй дээ, харин ч тэр онгорхой цонхоор урсан орж ирэх мөнхийн усыг хүртэж байна.
Өмнө нь тодорч харагдсан тэр өдрүүдэд хүсэл мөрөөдөл нь жигүүр дэлгэн ниснэ. Хаврын өдрүүд, зуны өдрүүд, зөвхөн өөрийнх нь болох тэр бүх өдрүүд. Урт удаан наслах сан гэж амандаа залбирлаа. Гэтэл ердөө өчигдөрхөн л урт удаан насална гэхээс жихүүдэс төрж байсан шүү дээ.
Дүү охин нь шаардаад байсанд тэссэнгүй сандлаасаа босож хаалгаа нээлээ. Харцанд нь эрч хүчтэй бардам төрх тодорч, өөрийн мэдэлгүй ялалтын охин тэнгэр шиг л биеэ авч явна. Дүүгээ бэлхүүсээр нь тэврээд, хоёул шатаар доош буулаа. Ричардс доод давхарт тэднийг хүлээх аж.
Яг энэ үед хэн нэгэн хүн урд хаалгыг түлхүүрдэн онгойлгох дуулдав. Чемодан, шүхрээ барьсан, аян замын тоосонд дарагдсан Брэнтли Мэллард орж иржээ. Тэр ослын газраас хол байсан төдийгүй осол болсныг ч мэдээгүй байлаа. Жосефин жигтэй чанга хашхирч, Ричардс түүнийг эхнэрээс нь нуух гэсэн мэт өмнүүр нь хөндөлдөхөд Брэнтли Мэллард бүр мэл гайхав.
Эмч нар ирээд бүсгүйг зүрхний өвчнөөр нас барсан гэв. Гэнэт баярлаж хөөрөхөд зүрх нь тэсээгүй ажээ.

Орчуулсан: Г. Сугиррагчаа

No comments:

Post a Comment