Thursday, November 23, 2017

Кэтрин Мэнсфилд | ДЭЛГҮҮРИЙН ХҮҮХЭН

(өгүүллэг)
Бүхэл өдрийн турш нохой гаслам халуу шатлаа. Салхи газраар наалдан үлээж, өвст сондуулуудын хажуугаар шургалж, зам дагуу мөлхөлсөөр, нанги цагаан тоос шүүлтүүрээр шигшигдэж буй аятай нүүр өөд пургиж, хуурай арьсан дээр яр гарах гэж байгаа юм шиг л загатнуулна. Морьд маань тургилж аахилсаар арай гэж гэлдэрнэ. Ачаанд хөллөсөн нэг гүү өвчтэй; гэдсэн дээрээ томоос том ил шархтай байв. Гүү үе үе зогсоод, толгойгоо гэдрэг эргүүлэн бидэн рүү янцгаах гээд байгаа юм уу эсвэл уйлах гээд байгаа юм уу гэмээр харна. Болжмор хэдэн зуугаар жиргэлдэнэ. Хөх саарал тэнгэрийн доор болжморууд жиргэлдэх нь надад тэнгэрт олон тооны бараан үзгээр юу ч юм сараачиж зурах шиг сонсогдоно. Аалзны шүлсээр хучигдсан манука бут, нил цахирмаагаар энэ тэндээ будагдан эцэс төгсгөлгүй давалгаалан үргэлжлэх өвст сондуулаас өөр хараанд торох юм нэгээхэн ч үгүй.
            Жөү морио урагш давирав. Тэр хөх өнгийн хөвөн даавуун цамц, судалтай хилэн өмд, түрийтэй гутал өмсжээ. Хамраас нь цус гарч байсан юм уу гэмээр улаан улаан толботой цагаан алчуураар хүзүүгээ ороожээ. Өргөн саравчтай навтгар малгайных нь доороос цагаан үс нь цухуйна. Сахал үс нь тэр чигээрээ цагаан. Жөү эмээл дээрээ бээвийн амандаа бувтнасаар. Тэр өдөр Жөү:
            “Харах үгүй чинь надад хамаагүй
            Хадам эх минь өмнө минь байна!”
гэж нэг ч удаа дуулаагүй билээ.


            Нэг сарын турш л энэ дууг залхтал амандаа аялж байснаа одоо нэгэнт ингээд чимээгүй болчихтой нь зэрэг нэг л жигтэй нууцлаг санагдаад явчих шиг. Морьтойгоо хажууд минь зэрэгцэх Жимийн царай циркийн алиалагчийнх шиг л цонхийн цайж, хар нүд нь гялтганаад, үе үе уруулаа шилэмдэн норгоно. Тэр зузаан хантааз, хөх зотон өмд өмсөж, гөрмөл суран бүс бүсэлжээ. Бид үүр цайснаас хойш бараг ярилцсангүй. Үд дундын үед намгархаг горхины эрэгт хад жимс хавчуулсан нимгэн жигнэмэг, чангаанз идсэн.
            – Гэдэс яг тасрах нь ээ. Жим чи бидэн дундаа л хамгийн ухаалаг нь шүү дээ. Тэр нөгөө яриад байсан дэлгүүр чинь хаана билээ? Яагаа вэ, горхины ер хажууханд адуу бэлчээрлэх сайхан хашаатай дэлгүүр мэднэ гэж чи ярьдаг даа. Дэлгүүрийн найз чинь гар барилцаж амжилгүй шууд л виски гаргаж ирдэг дайлдаг гэлүү? Одоо л тэр дэлгүүрт чинь очмоор байна. Сониуч зан хөдлөөд л тэгж байгаа юм шүү, үгүй бол чиний үгэнд эргэлзсэн юм алга. Чи мэднэ дээ. Гэхдээ... гэж Жөү үгээ гүйцээлгүй орхилоо.
            Жим инээд алдав. – Жөү, гэхдээ тэр дэлгүүрт гар барилцаж амжилгүй чамд шууд өөр юм хүртээх цэнхэр нүдтэй, шар үстэй бүсгүй ч бас байдаг гэдгийг битгий мартаарай даа. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг юм шүү.
            – Халуунд тархи чинь бүр гашилчхаж гэж Жөү хариуг нь бариад морио өвдгөөрөө давирлаа. Бид алгуур сажлах зуур би зүүрмэглээд, хэцүүхэн зүүд зүүдлэв: Морьд маань ер урагш алхахгүй нэг л газраа зоогдож орхих шиг болов, тэгснээ гэнэт би дүүжин морин тоглоом дээр ганхаж байх юм, ээж минь зочны өрөөний хивсний тоосыг жигтэй их босголоо гэж намайг зэмлэлээ. Ээж минь, “Чи хивсний хээг нь юу ч үгүй элээчихлээ!” гэж хэлээд морины минь цулбуураас татав. Уйлагнах шахан сэрэхэд минь Жим над руу налаад доогтой инээмсэглэж байлаа.
            – Ёстой алиа алдаж байх шив дээ. Ингэж муухай баригдах гэж! За яасан? ‘Баяртай’ гэх шиг л болсон доо гэж Жимийг хэлэхэд нь би,
            – Үгүй шүү! гэж эсэргүүцээд толгойгоо өргөн, – Ашгүй нэг айл таарах шив! гэж сэдвийг өөрчиллөө.


            Бид овооны бэлээр явж байв. Доор маань маоричуудын амьдардаг шиг нугарсан төмөр дээвэртэй байшин харагдлаа. Байшин замаас нэлээд хол, цэцэрлэг дотор байрлажээ. Эсрэг талд нь морины өргөн хашаа, жижиг горхи, зулзаган уд модон ой байна. Яндангаас нь турьгүй цэнхэр утаа эгц дээшээ суунаглах тэрхүү байшингаас нэг бүсгүй, араас нь нэг хүүхэд, хоньч нохойны хамтаар гарч ирэв. Хүүхэн гартаа хар өнгийн саваархуу юм барьжээ. Тэгээд бидэн рүү дохилоо.
            Морьд маань сүүлчийн нэг удаа урам орон урагш ухасхийж, Жөү малгайгаа авч, чанга гэгч нь хашхираад, цээжээ төвийлгөн: “Харах үгүй чинь надад хамаагүй...” хэмээн дуулж гарав. Нар цонхигор үүлсийг түрэн түлхэн гарч ирээд, эргэн тойрныг тод гэрлээрээ буллаа. Бүсгүйн шар үс, салхинд дэрвэх хормогч, үүрч яваа ангийн буу нь нарны гэрэлд гялтганана. Хүүхэд бүсгүйн араар нуугдаж, хамуутай шар нохой сүүлээ хөлөн завсраа хавчуулан байшин руу буцаж шургав. Бид жолоогоо татан мориноосоо буулаа.
            – Сайн байцгаана уу? гэж хашхираад бүсгүй цааш нь: – Би та гурвыг харцага шувуу юм байх л гэж бодлоо. Охин минь овоон дээрээс гурван бараан юм бууж ирж байна гэж хашхирахаар нь би, мулгуу амьтан шиг л ‘Харцага байж таарна’ гэж хэлсэн юм. Энд ч харцага ихтэй шүү. Та нар ч итгэхгүй дээ гэж ар араас нь урсгах нь тэр.
            Охин гээд байгаа нь бүсгүйн хормогчийн араас бидэн рүү нүд буландаж харснаа дахиад цааш нуугдчихав.
            – Нөхөр чинь хаачаа вэ? гэж Жим асуулаа.
            Бүсгүй нүүрээ үрчилзүүлэн нүдээ хурдан хурдан анивчсанаа:
            – Хонь хяргахаар явсан. Сар гаруй болж байна. Та нар энд буудаллах гэж байна уу? Удахгүй борооших бололтой гэв.
            – Тэгэлгүй яах вэ. Хатагтай, та тэгээд ганцаараа байгаа юм уу гэж Жөү хариуллаа.
            Бүсгүй хормогчийнхоо эмжээрийг хунин, бидний нэгнээс нөгөө рүү маань шилжин өлсгөлөн шувуу шиг л анхааралтай ширтэнэ. Жим энэ бүсгүйн тухай Жөүд хэрхэн молиго үмхүүлснийг бодоод би инээд алдлаа. Тийм ээ, бүсгүй цэнхэр нүд, шар үстэй гэдэг нь яах аргагүй үнэн юм, гэхдээ л хөөрхий аргагүй царай муутай аж. Хараад шоолохгүй байхын аргагүй; тэр хормогчийнх нь дор саваа, төмөр утаснаас өөр юу ч байхгүй юм шиг л санагдана. Үүдэн шүд нь уначихсан, махлаг улаан гартай хүүхэн хөлдөө хир даг болсон үдээстэй гутал углажээ.
            – Би явж морьдодоо өвс идүүлье гэж Жим хэлэв. – Танд адууны шарханд түрхчихээр эм байхгүй биз? Пой биеэ маажаад ёстой зовж байна!
            – За, байзнаарай! гэж хэлснийхээ дараагаар хүүхэн хэсэг дуугаа хураах зуур хамрын нүх нь амьсгал авч өгөх тоолонд нь сарталзаж харагдав. – Та нар энд буудаллаагүй нь дээр байх... Ерөөсөө болохгүй, өөр арга алга. Би морьдыг чинь өвсний хашаандаа оруулахгүй. Та нар яв. Надад та нарт өгөх юм алга гэж хүүхэн гэнэт бодлоо өөрчлөв.
            – За за, баярлалаа гэж Жөү үгээ сунган хэлээд намайг хажуу тийш нь татан: – Алив хүүхэнд юу ч юм санал болго. Энэ бүр ганцаараа байсаар удаж, ойлгож байгаа биз дээ? Алив нүдэнд дулаахан харагдах гээд үз, тэр шууд л зөөлрөөд ирнэ гэж их л учиртай юм хэлж байгаа аятай шивнэн өгүүлэв.
            Гэхдээ тэгж чармайх хэрэг гарсангүй, бүсгүй өөрөө шууд зөөлөрч орхив.
            – Буудалламаар байвал хүссэнээрээ л бол! гэж хэлэхдээ тэрээр мөрөө хавчиж байх аж. Надад ч... та нар буудаллана гэвэл би түрхлэг эм өгч болно шүү... За би одоохон аваад ирье.
            Бид цэцэрлэгийн нарийн замаар дээш өгслөө. Замын хоёр талаар байцай тарьжээ. Яг л удсан угаадас шиг үнэртэнэ. Оочин тоочин намуу, лиш цэцэг ургажээ. Цэцэрлэгийн нэг хэсгийг далайн хясаагаар заагласан нь охины тоглодог газар бололтой. Учир нь охин ээжээсээ салсан даруйдаа тийш гүйж ороод эвдэрхий хавчаараар газар малтаж эхэлсэн юм. Шар нохой үүд тэгнэн хэвтээд бөөсөө хазна. Хүүхэн нохойг өшиглөж орхив.
            – Алив зайл, өөдгүй амьтан. Дотор заваан байгаа. Өнөөдөр гэрээ цэвэрлэх завдал болсонгүй. Юм индүүдэж байсан юм. Алив ор ор.
            Дотор өрөө нэлээд том юм. Ханан дээр хуучин англи сэтгүүлийн хуудаснууд наажээ. Виктория хатан хаан ширээнд заларсны тавин жилийн ойн ёслолын зураг хамгийн сүүл үед хамаарах бололтой. Дээр нь угаалгын төмпөн тавьсан индүүний ширээ, түшлэггүй модон сандлууд, адууны хөөврөн бүрээстэй хар буйдан, хананд шахаж налуулсан хулсан сандлууд. Задгай зуухны дээдэх тавиурыг ягаан цаасаар бүрж, хатаасан шил, оймоос гадна ерөнхий сайд Ричард Седдоны өнгө оруулсан зургаар чимжээ. Өрөөнд дөрвөн хаалга харагдана. Үнэрээр нь бодвол нэг нь гал тогоо руу хөтөлж буй бололтой. Удаах нь “дэлгүүр” рүү, гурав дахь нь “арын хашаа” руу аваачих бол хамгийн сүүлийн хаалгаар нь би унтлагын өрөө олж харлаа. Таазны доогуур ялаанууд дүнгэнэлдэн эргэлдэнэ. Цонхны хөшгөнд ялаа наалдаг гэж бурамтай цаас тогтоосноос гадна гэрийн хошоонгор өлгөж хатаажээ.
            Бүсгүй түрхлэг эм авчрахаар дэлгүүр лүү орж би өрөөнд ганцаараа үлдэв. Хүүхэн юм хум тачигнуулан амандаа үглэж буй нь надад сонсогдоно.   
            – Жаахан эм байсан юм сан. Хааш нь тавьчихсан юм бол оо? Өргөст хэмхийн ард байна уу? Үгүй ээ алга.
            Би ширээнд өөртөө зай гарган суугаад хөлөө савчуулж эхлэв. Жөү өвсний хашаанд дуу дуулж, Жим майхны гадас зоож буй чимээ сонсогдоно. Нар жаргаж байна. Шинэ Зеландад үдшийн бүрий болно гэж үгүй, харин улс орны хэрцгий сүнс амь орж гадагш гарч ирснээ харсан зүйл рүүгээ тохуутай нь аргагүй мушилзаж байна уу гэмээр бүх зүйл аймшигтай харагддаг ––бүр нуруу хүйт даамаар шүү–– хагас цаг өнгөрөөд шууд харанхуй болно. Энэ муухай өрөөнд ганцаараа сууж байгаа минь надад айдас төрүүлэв. Хүүхэн хажуу өрөө рүү ороод, хайснаа олтлоо нэлээд удлаа. Бүсгүй тэнд юу хийгээд байгаа юм бол оо? Нэгэнтээ лангуугаа балбахыг нь, дараа нь ёолох шиг чимээ гаргаснаа ханиалгаад хоолойгоо засах нь сонсогдов. “Бушуулаач” гэж хашхирмаар санагдсан ч би ямар ч чимээ гаргалгүй хүлээлээ.
            “Бурхан минь, ямар хэцүүхэн амьдардаг юм бэ!” гэж би бодлоо. “Энэ аймхай хүүхэд, хамуутай нохой хоёртой өдөр хоногийг барна гээд бод доо. Хувцас хунар индүүднэ гэх мэт. Бүсгүй солиорчхож, мэдээж хэрэг солиорчхож! Энд ер хэр удсан юм бол? Надад ер амьдралаа ярих болов уу?”
            Тэрхэн мөчид хүүхэн хаалгаар толгойгоо цухуйлган,
            – Та нар юу асуусан билээ? гэв.
            – Түрхлэг эм.
            – Өө, би мартчихаж. Олчихлоо. Шилтэй өргөст хэмхийн өмнө байж.
            Лонхтой эмээ над руу сунгав.
            – Та их ядарсан харагдаж байна шүү! Үнэхээр ядарч! Би даруйхан хэдэн бин хайраад орхиё! Дэлгүүрт үхрийн хэл ч байх учиртай. Хүсвэл байцай чанаж өгсөн ч болно.
            – За за гээд би түүн рүү инээмсэглээд цааш нь: – Өвсний хашаа руу гаръя. Охиныг цайнд явуулчих гэлээ.
            Бүсгүй уруулаа цорвойлгон толгой сэгсрэв.
            – Үгүй дээ. Тэгэх хэрэггүй. Би охинд аяны тогоотой сүү, идэх юм өгөөд доош нь явуулъя. Маргааш явахад чинь зориулж хоол хүнс бэлдэх үү?
            – Баярлалаа.
            Бүсгүй өрөөнөөс гарч ирээд үүдэнд зогсов.
            – Охин хэдтэй вэ?
            – Дараа Зул сараар зургаа хүрнэ. Намайг ч их зовоосон шүү. Төрөөд нэг сар болсны дараа сүү минь татарчихсан. Охин ч байсхийгээд өвчин эргүүлээд л.
            – Тантай ер төсгүй юм. Эцгийгээ дуурайсан юм уу?
            Хүүхэн өмнө нь биднийг буудаллуулахгүй гэж яаж бархирч байсан билээ яг эр янзаараа над руу бархирав.
            – Үгүй, тийм биш. Охин минь надтай усны дусал шиг адилхан. Хэн ч харсан тэгж л хэлнэ. Элсэ, шороогоор тоглохоо боль, гэртээ ор.
            Би өвсний хашаан дээгүүр даван Жөү рүү очлоо.
            – Хөгшин жингэр дэлгүүрээсээ юу гаргаж ирж байна? гэж тэр асуув.
            – Мэдэхгүй. Хараагүй.
            – Ёстой солиотой юм аа. Жим чамайг хараагаад л байна билээ. Юугаа хийгээд, хаагуур яваад байгаа юм?
            – Хүүхэн энэ нэг юмаа олохгүй байсан юм. Намайг тайван орхи, сүрхий ухаалаг амьтан болж гэнэ!
            Жөү үсээ угааж, духныхаа дундуур хоёр хувааж самнаад, цамцныхаа гадуур хүрмээ углаж товчилжээ. Тэр гэнэтхэн жуумалзан инээмсэглэв.
            Жим түрхлэг эмийг гараас минь шүүрч авлаа. Би уд модтой адуу бэлчээрлэх хашааны төгсгөлд хүрч, горхины усанд биеэ угаав. Ус тос шиг л зөөлөн, цэвэрхэн аж. Өвс, зэгс ургасан горхины хөвөөгөөр цагаан хөөс цахарна. Би усан дотор хэвтээд дээш модод руу харлаа. Модод хөдөлгөөнгүй байснаа гэнэт чичирсхийгээд дахин хөдөлгөөнгүй болно. Агаарт бороо үнэртэнэ. Майхан руу буцаж ирсэн хойноо л би нөгөө хүүхэн, охин хоёрыг саналаа. Жим галын хажууд хэвтээд гал дээрх тогоо руу харж байв.
            Би Жөү хаачсаныг, охин бидэнд хоол авчирсан үгүйг асуулаа.
            Жим “Пүфф” гэсэн чимээ гаргаад газар хөрвөөн дээш харж хэвтсэнээ: – Жөүгийн яаж гоёж гоодож байгааг хараагүй юү? ‘Новш гэж, хүүхэн шөнө хамаагүй дээр харагддаг юм байна. Яах аргаггүй эмэгтэй хүн юм!’ гэж хэлээд байшин руу буцаад орчихсон гэв.
            – Жөү тэр бүсгүйд татагдсан байж болно. Чамд харин би байна шүү дээ.
            – Үгүй дээ, аан гээч. Би ойлгохгүй юм. Би ийшээ ирээд дөрвөн жил болж байв. Тэгээд энд хоёр хоног байрласан юм. Энэ хүүхний нөхрийг би Вэст Костод байхаас нь танина. Бүрээ мэт хүнгэнэсэн дуутай, том биетэй сайхан залуу. Бүсгүй тэнд баарны зөөгч байсан юм. Шилэн хүүхэлдэй шиг л хөөрхөн амьтан. Тэр үед нийтийн тээврийн автобус ийшээ сард хоёр удаа ирдэг байв. Нейпир лүү төмөр зам тавигдахаас өмнө л дөө. Бүсгүй ч гэж яахаас ч буцахгүй амьтан байсан. Надад нэг удаа зуун хорин таван янзаар үнсэлцэж чаддагаа нууцхан хэлж байсан юм шүү.
            – Боль доо, Жим. Адилхан хүн биш байлгүй дээ!
            – Мэдээж, мөн байлгүй яах вэ. Ер ойлгох юм биш. Нөхөр нь түүнийг хаяад явчихсан бололтой. Хонь хяргахаар явсан гээд байгаа нь тийм л учиртай байх. Амьдрал аа гэж! Одоо энд маоричууд, тэнүүлчдээс өөр хэн ч ирэхгүй!
            Харанхуйд охины хормогч гэрэлтэж харагдлаа. Тэр нэг гартаа сагс, нөгөө гартаа аяны тогоо барьсаар нарийн жимээр бидэн рүү өгсөж ирэв. Намайг сагсыг задалж харахад ч охин хажууд маань зогссоор.
            – Алив нааш ир гэж Жим хуруугаа инчдэн охиныг дуудлаа.
            Охин түүн рүү очиход, майхны дотроос дэнлүүний гэрэл охин дээр тод тусав. Цайвар үс, ядруу харцтай, турь муутай жаахан охин. Хөлөө салган, гэдсээ урагш түрэн зогсоно.
            – Чи бүхэл өдөржин юу хийдэг вэ? гэж Жим асуув.
            Охин чигчий хуруугаараа нулимсаа арчин, гараа харсныхаа дараа “Зурдаг” гэв.
            – Аан! Юу зурдаг гэж? Алив чихээ оролдохоо боль!
            – Зураг.
            – Юун дээр?
            – Жигнэмгийн цаасан дээр, ээжийнхээ харандаагаар.
            – За тэр! Чи ярихаа хүрвэл сайн ярьдаг юм байна аа гээд Жим түүн рүү харан: – Майлдаг хонь, мөөрдөг үхэр зурдаг уу? гэж асуув.
            – Үгүй, бүх юмыг зурдаг. Та нарыг явсны дараа би бүгдийг чинь зурна. “Морьдыг чинь, майхныг чинь, тэр эгчийг ч” гээд охин над руу хуруугаараа заан: “Горхинд ямар ч хувцасгүй байгаагаар нь. Би түүнийг нууцаар харсан” гэлээ.
            – Их баярлалаа. Сайн ярилаа шүү. Аав чинь хаачсан юм? гэж Жим асуув.
            Охин уруулаа цорвойлгоод: – Хэлэхгүй! Таны царай надад таалагдахгүй байна гэж хэлээд нөгөө чихээ ухаж эхэллээ.
            – За алив, сагсаа аваад гэртээ харь, нөгөө хүнд хоол бэлэн болсон гэж хэл гэж би охинд хэлэв.
            – Хэлмээргүй байна.
            – Тэгж байж алгадуулав даа гэж Жим уцаарлалаа.
            – Үгүй ээ, би ээждээ хэлье, хэлье гэсээр охин зугтаж одов.
            Бид хоёр цадталаа идээд, тамхиа татаж эхлээд байтал Жөү лонхтой виски барьсаар халамцаж улаа бутарсан царайтай амьтан хүрч ирэв.
            – Алив ууцгаа! Аяга хаана байна, дөхүүл дээ гэж лонхтойгоо дээш өргөн харуулсаар бархирна.
            – Зуун  хорин таван янзаар гэж би Жимд шивгэлээ.
            – Юу гээд байна? Амаа татаарай гэж Жөү хашхирснаа: – Намайг байнга элдвээр хэлж байх юм. Ням гарагийн сургуулийн үдэшлэгийн хүүхэд шиг л хамаагүй бурна шүү. Хүүхэн өнөө орой бидэнтэй сууж жаахан хууч хөөрье гэж байна. Би... гэсээр гараа дээш өргөн савлаж: – Би түүнийг аргалсан гэлээ.
            – Тэр ч гарцаагүй гэж хэлмэгцээ Жим инээд алдав. – Гэхдээ тэр чамд нөхөр нь хаачсаныг хэлсэн үү?
            Жөү дээш харав: – Хонь хяргаж яваа! Тэгж хэлснийг нь чи ч сонсоо биз дээ, эргүү амьтан!
            Хүүхэн өрөөгөө цэвэрлэснээр барахгүй ширээн дээрээ ч турк лиш цэцэг багцалж тавьсан байв. Би хүүхэнтэй цуг ширээний нэг талд, Жөү Жим хоёр нөгөө талд нь суулаа. Ширээн дээр тосон дэн, лонхтой виски, аяганууд, шилэн ваартай ус тавьжээ. Охин түшлэггүй модон сандлуудын нэгэн дээр тохойлдон газар өвдөглөн суугаад пергамент цаасан дээр юу ч юм зурна. Горхинд усанд орж байгааг минь зурж байгаа юм биш биз гэж би түгшисхийлээ. Гэхдээ Жөү шөнийн хувирлын тухайд үнэн хэлжээ. Бүсгүйн үс цэвэрхэн толийж, хоёр хацарт нь ухаа туяа гүйж, нүд нь гялтганана. Тэр хоёр ширээний доогуур хөлөө шүргэлцүүлж байгааг Жим бид хоёр ойлгож байлаа. Бүсгүй цэнхэр хормогчоо тайлж, цагаан даавуун пиджак, хар бошинз өмсжээ. Охины үсийг хөх сатин туузаар гоёсон байв. Ялаанууд тааз руу дүнгэнэн шургачиж, ширээ рүү унах бүгчим өрөөнд бид аажим алгуур ууж гарлаа.
            Хүүхэн ширээг нударгаараа балбаснаа: “Одоо намайг сонс!” гэж орилов. “Би гэрлээд зургаан жил болж байна. Энэ хугацаанд дөрвөн удаа үр зулбасан. Би нөхөртөө хэлсэн шүү дээ. Би ‘Чи намайг ер энд юу хийж байна гэж бодоод байгаа юм? Хэрэв Вэст Костод байсан бол би чамайг хүүхэд алсан хэргээр шүүхэд өгөх сөн’ гэсэн. Би түүнд хэчнээн удаа хэллээ дээ. ‘Чи миний сэтгэлийг эмтэлж, залуу насны гоо сайхныг минь сүйдэлсэн. Яах гэж тэр вэ?’ гэсэн. Үүнд л сэтгэл минь шархлаад байгаа юм” гэж бүсгүй орь дуу тавиад толгойгоо базлан бидэн рүү харлаа. Цааш нь хурдан шулганан: “Зарим хэдэн өдөр, заримдаа бүр сарын турш энэ л хоёр үг цээжинд минь хадаатай дахин дахин сонсогдоод байдаг юм. ‘Яах гэж? Яах гэж?’ гээд л. Хааяа төмс чанаж байгаад тогооныхоо тагийг авч сэрээгээр хатган эргүүлэх үед ус буцлан хөөсрөх чимээ ‘Яах гэж? Яах гэж?’ гэж байгаа юм шиг сонсогдоно шүү дээ. Ёстой тэсэх юм биш. Хэргийн учир нь төмс чанах, хүүхэд асрах энэ бүхэнд байгаа юм биш. Хамгийн гол нь...” гэж бүсгүй эхэр татаад, “... юу гэх гэснийг минь ноён Жөү ойлгож байгаа” гэлээ.
            – Ойлголгүй яах вэ гэж Жөү толгойгоо маажсаар хэлэв.
            Бүсгүй ширээн дээгүүр тэгнэн цааш нь ингэж ярилаа: – Хамгийн гол нь тэр намайг дэндүү их ганцааранг минь орхидог байсан. Ийшээ автобус ирэхээ больсны дараа тэр хэдэн өдрөөр, заримаа сараар яваад өгнө. Би эндээ үлдээд дэлгүүрээ харж хандана. Тэр эргэж ирэхээрээ их л эрч хүчтэй болчихсон ‘За, сайн уу хө, чи ч үзүүлээд өгч байх шив дээ. Алив ирээд нэг үнс дээ’ гэнэ шүү дээ. Би хааяа онцгүй зан гаргадаг байсан, тэр ч удахгүй яваад өгнө. Аятайхан зангасан ч ялгаагүй, намайг хурууныхаа үзүүрт хөдөлгөж байгаад л ‘За баяртай, би явлаа’ гэнэ. Би түүнийг тогтоож барьж чадна гэж үү? Ер яаж чадах билээ дээ!
            – Ээж ээ, би тэднийг овоон дээр, харин нохой бид гурвын овооны бэлд байгаагаар зурчихлаа гэж охин хашхиртал:
            – Амаа хамхи чи! гэж хүүхэн ориллоо.
            Өрөөнд тод гэрэл гялсхийж, тэнгэр дуугарах сонсогдов.
            – Нөхөр чинь эзгүй яваа нь сайн болж дээ. Би гурван өдрийн турш үүнийг бодож явлаа гэж Жөү хэллээ.
            – Нөхөр чинь хаана байгаа юм бэ гэж Жим аяархан асуув.
            Хүүхэн цурхиран уйлаад, ширээ рүү толгойгоо шаан унаснаа: – Жим, тэр хонь хяргахаар намайг дахиад ганцааранг минь орхиод явсан гэж орь дуу тавив.
            – Алив аяганууд хаана байна? Дахиад нэг ууцгаая. Явчихсан нөхрийн хойноос цув нөмрөөд яах вэ! Алив Жим, хараал идсэн хөхөө минь! гэж Жөү дагаж орилов.
            Хүүхэн пиджакныхаа ханцуйгаар нулимсаа арчин: – Ноён Жөү, та ч жинхэнэ эр хүн юм аа. Надад бусадтай хуваалцах нууц байдаг сан бол би танд санаа зоволгүй хэлэх сэн. Үүний төлөө ганц хундага хөнтөрсөн ч яах вэ гэлээ.
            Аянга цахилгаан улам бүр тод гялсхийж, тэнгэрийн дуу улам ойрхон дуулдах болов. Жим бид хоёр ам нээсэнгүй. Охин ч модон сандлаасаа ер хөдлөөгүй аж. Хэлээ гадагш цухуйлган зурж буй зургаа үе үе үлээнэ.
            Хүүхэн Жөүд хандан: “Энэ ганцаардал гэж мөн хэцүү эд юм аа” гэлээ.  Жөү ч өөдөөс нь талимааран харах аж. Хүүхэн залгуулан: “Энд ханьсах хүнгүй, амьдралаас тасарч орхино гэдэг ёстой тэсэшгүй” гэлээ. Жөү ширээн дээгүүр гараа сунган хүүхний гарыг атгав. Ус, виски дамжуулах үед тэдний сууж буй энэ байрлал тун ч тохьгүй харагдсан ч тэд гараа тавилцсангүй. Би арагш сандлын түшлэгээ налаад, охин руу эргэлээ. Охин даруй урлагийн бүтээлээ дээгүүр нь тэгнэн надаас нуун, өөдөөс минь муухай хараад:
            – Харж болохгүй гэв.
            – Алив ээ, битгий муу зан гарга л даа гэсээ Жим бидэн рүү ирэв. Бид хоёр нэлээд халамцсандаа охиноос зургаа бидэнд үзүүлээч гэж гуйж гувшлаа. Зургууд нь их ер бусын хэр нь жигшмээр бүдүүлэг аястай аж. Солиотой хүн цэвэр солиотой хүний ухаанаар л ийм юм зурах байх гэмээр. Охины ухаан санаа эрүүл биш гэдэг нь харваас илт. Зургаа бидэнд үзүүлэнгээ охин учиргүй догдолж, салганан хөхөрч гараа урагш сунгаж байв.
            – Ээж ээ, би таны хэзээ ч зурж болохгүй гэсэн юмыг зурлаа. Яг одоо гэж охин хашхирлаа.
            Бүсгүй ширээнээс ухасхийн босоод, охины толгой дундуур дэлсэж орхив.
            – Дахиад ингэж хэлбэл чинь чамайг  үхтэл чинь балбаад хаячихна шүү гэж чарлалаа.
            Жөү үүнийг анзаарах сөгөөгүй согтжээ. Жим хүүхний гараас шүүрч авлаа. Охин ер уйлсангүй, цонх руу очоод наалддаг цааснаас ялаануудыг салгаж эхлэв.
            Бид ширээ рүүгээ буцлаа. Жим бид хоёр нэг талд нь, Жөү хүүхэнтэй мөрөө нийлүүлэн нөгөө талд нь суув. Цахилгаан цахих сонсогдоод, бид “Энэ их ойрхон уналаа”, “Одоо дахиад аянга цахих нь” гэх мэт утгагүй үгс хэлэлцлээ. Бороо шаагьж, төмөр дээврийг ширүүн бөмбөрдөж эхлэхтэй зэрэг Жөү “За алив хөдөлье... Аажим газар дөхье” үгээ зөөж ядан хэлэв.
            – Шөнөдөө эндээ хоноглосон нь дээр байх гэж бүсгүй хэллээ.
            – Тийм шүү гэж хэлэх үедээ Жөү бүсгүйн ийнхүү санал болгохыг нь урьдаас мэдэж байсан шинжтэй байв.
            – Майхнаас юмнуудаа оруулаад ир. Та хоёр охинтой цуг дэлгүүрт унтаж болно. Охин тэнд унтаад дасчихсан. Та нар дургүйцэх бол... гэлээ.
            – Ээж ээ, би ер тэнд унтаж байгаагүй шүү дээ гэж охин яриаг нь таслав.
            – Битгий худлаа яриад бай! Ноён Жөү энэ өрөөнд унтаг.
            Ингэж хуваарилах нь ер утгагүй байсан ч одоо тэднийг эсэргүүцэх аргагүй болжээ. Хяналтаас хэдийн гарчхаж. Хүүхэн цааш хэрхэхийг шийдэж байх зуур Жөү нэг л хачин дуугаа хураагаад сахлаа зулгааж суув. Царай нь улайж, нүд нь улцайжээ.
            – Бидэнд дэнлүү өг. Би морины хашаа руу явлаа гэж Жим хэлэв. Бид хоёр хамтдаа гадагш гарлаа. Бороон дуслууд нүүрэн дээр бууна. Түймэр гарсан аятай эргэн тойрон цайран гэрэлтжээ. Бид адал явдалд баясан хөөрсөн жаахан хүүхдүүд шиг л инээж хөхрөн, бие бие рүүгээ хашхирсаар байшин руу иртэл хүүхэд хэдийн дэлгүүрийн лангуун дээр ор засан хэвтсэн байв.
            Хүүхэн бидэнд дэнлүү авчирч өглөө. Жөү Жимээс багцаа авч, хаалга хаагдав.
            – Сайхан амраарай гэж Жөү хашхирлаа.
            Жим бид хоёр шуудайтай төмс дээр суугаад элгээ хөштөл инээлдэв. Сонгино, гахайн утсан мат таазнаас дүүжилжээ. Хаашаа л харна “Аяллын Кофе”, лаазалсан махны сурталчилгаа нүдэнд тусна. Бид сурталчилгаанууд руу заан, инээд ханиадаа давж гаран дээрх бичгийг нь үсэглэх гэж оролдож байлаа. Лангуун дээр хэвтсэн охин бидэн рүү ширтэнэ. Тэр хөнжлөө хуу татаад, саарал өнгийн үслэг даавуун унтлагын хувцастайгаа газар бууж ирээд хөлөө хооронд нь үрэв. Бид охиныг ер тоосонгүй.
            – Та нар юугаа шоолж инээлдээд байгаа юм? гэж охин цухалдангуй асуув.
            – Та нарыг! гэж Жим хашхирлаа. – Танай уугал овгийнхныг, охин минь.
            Охин дүрсхийн уурлаж, гараа зангидан өөрийгөө нүдээд: – Намайг шоолно гэнэ ээ. Муу өөдгүй... гэлээ. Жим охин руу ухасхийн хүрч лангуу өөд түлхээд:
            – Алив явж унт, ухаантай амьтан минь. Май энэ харандаа, зураг зур. Ээжийнхээ дансны дэвтэр дээр зурсан ч болно гэв.
            Борооны чимээтэй зэрэгцэн хажуу өрөөнөөс Жөүгийн ор чахрах сонсогдоно. Хаалга нэг нээгдээд, дараа нь хаагдах чимээ гарав.
            – Энэ ганцаардал гэж мөн хэцүү эд юм аа гэж Жим шивгэнэлээ.
            – Зуун хорин таван янзаар! Хөөрхий дөө ах минь!
            Охин дэвтрийн хуудсыг ураад над руу шидэв. – Май. Намайг энд та хоёртой хонуулсны хариуг би ээжээс ингэж авлаа. Хэзээ ч зурж болохгүй гэсэн тэр зүйлийг нь зурсан. Зурвал намайг буудна гэснийг нь зурсан. Надад хамаагүй! Хамаагүй!
            Охин нэг эрэгтэй хүнийг ангийн буугаар буудаад, дараа нь түүнийгээ оршуулахаар нүх ухаж буй эмэгтэй хүн зуржээ.
            Охин лангуунаас буугаад, хумсаа мэрэн газар хэвтэв.
            Жим бид хоёр үүр цайтал зургийг хажуудаа тавин суулаа. Бороо зогсов. Жаал охин чангаар амьсгалан унтана. Бид босоод байшингаас гарч адууны хашаа руу зүглэв. Ягаан тэнгэрт цагаан үүлс хөвж, хүйтэн салхи үлээнэ. Агаараас нойтон өвс үнэртэнэ.
            Биднийг мориндоо мордож байтал Жөү гарч ирээд явж бай гэж дохиод:
            – Би араас чинь очно оо гэв.
            Зам эргэхтэй зэрэг дэлгүүр байшин нүднээс далд орлоо.

--
Орчуулсан Г.Сугиррагчаа

No comments:

Post a Comment