Thursday, November 23, 2017

Кэтрин Мэнсфилд | КИНО

(өгүүллэг)

Өглөөний найман цаг. Ада Мосс төмөр орон дээрээ тааз ширтэн хэвтэнэ. Блүмсбери дэх нэг байшингийн дээд давхрын арын хэсэгт байх өрөөнөөс нь өмнөх орой нь авчирч идсэн шарсан төмсний цаас, хөө тортог, нүүрний энгэсэг үнэртэнэ.
            “Ээ бурхан минь, ямар их даарч байна аа. Би яагаад сүүлийн үед өглөөгүүр ингэж даарч сэрэх болов оо. Өвдөг, хөл, нуруу ––ялангуяа нуруу минь–– мөсөөр хучигдсан мэт л байх юм. Гэтэл урьд нь ямар дулаахан сэрдэг байлаа даа. Турснаас болсон байна гэж үгүй. Би урьд ямар байсан яг тэр хэвээрээ байгаа. Харин би оройдоо шим тэжээлтэй халуун хоол идэхгүй байгаагаас л тэр биз” гэж Мосс бодлоо.
  ‘Шим тэжээлтэй халуун хоолнууд’, өег хар шар айргийн хамтаар таазаар цуварч өнгөрөв...
 “Одоо босоод, дорвитой сайн өглөөний цай уувал ч...” гэж тэр бодлоо. ‘Дорвитой сайн өглөөний цай’ томоос тос зүсээгүй цагаан хиаманд туугдсаар таазаар урсаж өнгөрөв. Мосс чичирсхийгээд орны даавуундаа шургалаа. Гэнэт байр түрээслэгч авгай өрөөнд заларч ирэв.
     – Мосс авхай танд захиа ирлээ.
   – Өө, танд тун их баярлалаа гэж Мосс бүр хэтэрхий гэмээр эелдгээр хариу хэлээд, – Та үнэхээр сайн хүн юм аа, ингэж өөртөө түвэг удах хэрэггүй л байсан юм гэж нэмэв.
            – Юуных нь түвэг байх вэ дээ. Таны хүлээгээд байсан тэр захиа юм болов уу гэж би бодлоо хэмээн байр түрээслэгч авгай даруу загналаа.
            – Тийм л дээ. Нээрэн тэр захиа байж магадгүй гэж Мосс хөгжилтэй дуу алдаад толгойгоо гилжийлгэн захиа өөд харц сунгаж инээмсэглэв. – Тэгвэл би лав гайхахгүй гэж Моссыг нэмж өгүүлтэл байрны эзэгтэй нүдээ бүлтийлгэн:
            – Би бол гайхна шүү, Мосс авхай. Харин ч гайхна шүү. Хэрэв боломжтой бол одоохон наад захиагаа задалж унших сан болов уу гэж танаас хүсэх байна. Миний оронд өөр ямар ч эзэгтэй байсан танд ийм шаардлага тавих байсан болов уу. Цаашид ийм байдалтай үргэлжлэх ямар ч арга алга, Мосс авхай, үнэхээр арга мухардлаа. Ажлын өдрүүд өнгөрлөө, амралтын өдрүүд залгалаа, та эхлээд захиа авсан гэсэн, дараа нь аваагүй бол хувирсан, тэгснээ өөр нэг захиа шууданд алга боллоо л гэж нэг хэлснээ дараа нь Брайтоны хэн ч гэлээ нэг захирал мягмар гарагт ирэх юм л гэсэн––би залхлаа, одоо бүр тэсэж тэвчих арга алга. Үнэ тэнгэрт хадаад, бяцхан хүү минь Францад амь зууж ядаж байгаа ийм цаг үед би ер яасан гэж таныг царайчлах болж байна вэ, Мосс авхай? Элиза дүү минь дөнгөж өчигдөрхөн надад хэлж байна билээ. ‘Минни, чи дэндүү өр зөөлөнтэй юм аа. Өөр хүн байсан бол тэр өрөөг хэд хэдэн хүнд дамжуулаад түрээсэлчихсэн байхгүй юү өдийд. Ийм хэцүү цаг үед хүн өөрийгөө л авч явахгүй бол бусад хүнээс тус ирнэ гэж үгүй’ гэж хэлсэн шүү. ‘Түүний их сургуульд сурч, Вэст Эндийн концертод дуулж явсан нь тэндээ л юм байгаа биз. Гэхдээ одоо Лиззигийн хэлсэнчлэн ноосон хувцсаа өөрөө угаагаад, алчуурын хэцэн дээр хатааж байгаа бол цаашид хэрхэх нь бараг тодорхой юм биш үү. Энэ бүхнийг шийдэж цаг чинь болоод бүр хэтрээд байна’ гэж Элиза минь ч надад сануулсан.
            Энэ бүхнийг ер дуулсан шинжгүй орон дээрээ суух Мосс дугтуйг задлаад захиаг дуугүй уншлаа:

“Эрхэм хатагтай, захидлыг тань хүлээж авлаа. Бид одоогоор кино хийхгүй байгаа. Гэхдээ зургийг тань бүртгэж авлаа.
            Хүндэтгэн ёсолсон, Байквош Фильм Ко.”
            
Захидал Моссод онцгой сэтгэл ханамж мэдрүүлсэн бололтой тэрээр байрны эзэгтэйд хариу хэлэхээсээ өмнө хоёр ч удаа дахин уншив.
            – За, Пайн авхай, та ч хэлсэн үгэндээ харамсах нь дээ. Энэ захидал компанийн захирлаас ирж. Намайг дараагийн бямба гарагт гоёлын даашинзтай хүрэлцэн ирэх сэн болов уу гэж хүссэн байна.
            Гэвч байрны эзэгтэй түүнээс өрсөв; даруй ухасхийн захиаг нь шүүрээд:
            – Үнэхээр тэгсэн гэж үү? гэж хашхирлаа.
            – Алив захиаг минь буцааж өг. Бушуухан өг гэж байна шүү, өөдгүй шулмын эм гэж Мосс орилов. Унтлагын хувцасных нь ар тал цуурч урагдсан учир тэр орноосоо босож чадахгүй аж. – Наад чинь хувийн захиа шүү, алив өгөөдөх гэж хашхирах үед нь байрны эзэгтэй захиаг том товчтой хөхний даруулгадаа наасаар өрөөнөөс гарахаар ухарч байв.
            – За бүр иймдээ тулсан уу? За, Мосс авхай, өнөө орой найман цагаас өмнө түрээсээ төлөхгүй бол хэн өөдгүй шулмын эм болохыг харна аа, гайгүй гэж хэлээд байрны эзэгтэй цаана л учиртай толгойгоо дохин, – Энэ захиа чинь надад байж байг гэв. Тэгээд дуугаа өндөрсгөн, “Цаашид хэрэг болох биз!” гэж эхэлснээ, “Эрхэм авхай” гэж дуусгах нь дуу нь доош үлбийн уналаа.
            Хаалга савах чимээ гарч, Мосс өрөөндөө ганцаар үлдэв ээ. Орны даавуунаасаа ухасхийн мултарч, орны хажууд суув. Уурлаж цухалдсандаа татвалзан чичгэнэсээр, ногоон цэнхэр өнгийн том том зангирсан судастай тарган цагаан хөл рүүгээ хараа сунгалаа.
            – Муу жоом. Ёстой жинхэнэ жоом! Надаас захиаг минь булаах ямар байдгийг үзүүлээд өгнө өө гайгүй гэж амандаа бувтнан унтлагын хувцсаа тайлалгүй хувцаслаж эхлэв.
            – Энэ авгайд нэхээд байгаа түрээсийг нь төлчхөж чаддаг ч болоосой. Тэгвэл ёстой дахин мартахааргүй болтол нь загнах юм сан. Ёстой үртэс үлдэхгүй болтол нь загнахгүй юү гэж үглэсээр хөшүүр зүү авахаар шургуулга руугаа дөхөнгөө өөрийн дүрээ толинд харж дэмий мушилзан толгойгоо сэгсрэв. – За, хөгшин охин минь, энэ удаа яах аргагүй шалаанд орлоо доо, ямар ч эргэлзээгүй гэж амандаа бувтнатал, толинд туссан хүний дүрс өөдөөс нь нүүр амаа татвалзуулан харах нь тэр.
            – Тэнэг ч амьтан бол доо гэж өөрийгөө зэмлээд: – Одоо ер уйллаа гээд яах вэ дээ, их л удаж хамар нь улайна. Үгүй дээ, хувцаслаад гадагш гар, азаа турш, өөр арга үгүй гэлээ.
            Мосс орны толгойноос гоо сайхны хэрэгслийн цүнхээр аваад, ухаж, сэгсэрч, дотрыг нь гадагш эргүүлэв.
         “Эхлээд ‘A B C’-д нэг аяга сайхан аагтайхан цай уучихвал цаашаа хаа л бол хаа хүрэхээр сэргээд ирнэ” гэж тэр шийдлээ. “Надад нэг шиллинг, гурван пенни бий.”
            Арван минутын дараа, энгэрээрээ улаан ягаан чимэгтэй хөх өнгийн сарж даашинз, нил ягаан алаг нүдэн цэцэгтэй хар малгай, цагаан бээлий, дээгүүрээ цагаантай гутал өмсөж, нэг шиллинг гурван пеннитэй цүнх барьсан махлаг бүсгүй:
            “Хамгаас харанхуй болсны дараа л үүр цайдгийг
            Хонгор минь, зовлонт өдрүүддээ бүү мартаарай”
гэж дуулж байв аа. Гэтэл толин доторх хүн түүнийг шоглон тохуурхаж, Мосс ч гадагш гарлаа. Гудамжинд саарал чулуун шатан дээгүүр бор бор хавчнууд ус цалгиулан мөлхөнө. Сүү зардаг хөвгүүн төмөр бидонуудаа тачигнуулан, хачин нарийнхан дуугаар орилсоор айлуудаар тойрч явна. Бритвейлерийн швейцар байшингийн гадна сүүгээ цалгиулж орхив. Сүүлгүй том бор муур хаанаас ч юм гарч ирээд асгасан сүүг чимээгүйхэн долооно. Үүнийг хараад Моссод ––живж байгаа ч юм шиг–– хачин мэдрэмж төржээ.
      ‘А В С’-д иртэл хаалганых нь завсраар юм хавчуулж онгойлгосон байв. Нэг эрэгтэй хүн бөөрөнхий талхтай тавиур барьсаар дотогш орлоо. Дотор, үсээ самнаж буй үйлчлэгч, кассаа нээж буй кассчинаас өөр хүн алга. Мосс өрөөний гол хүртэл явж зогссон ч тэдний хэн нь ч түүнийг анзаарахгүй байх шиг.
            – Манай залуу өчигдөр орой гэртээ ирсэн гэж үйлчлэгч уянгалуулан хэлэв.
            – Өө тийм үү, чиний нар гарч дээ! гэж кассчин бөвтнөлөө, хариуд нь.
            – Хэлээд яах вэ. Надад ийм хөөрхөн энгэрийн зүү авчирсан. Хар л даа, дээр нь ‘Дьеп’ гээд биччихсэн байгаа биз гэж үйлчлэгчийг хэлмэгц кассчин зүүг нь харахаар өрөөн дундуур гүйж хүрээд үйлчлэгчийн хоолойгоор тэврэв.
            – Өө тийм үү, чиний нар ч гарч дээ!
            – Хэлээд яах вэ. Ёстой мундаг эр шүү. Би ‘Сайн уу, аварга залуу минь’ гээд л тосоод авсан.
            – Өө тийм үү гэж гэж кассчин бөвтнөөд, буцаад байр луугаа гүйнгээ Моссыг бараг мөргөх шахав. “Чи ч болж өгчээ!” Мөнөөх эр тавиуртай бөөрөнхий талх барьсаар дахин орж ирээд, Моссын хажуугаар зөрлөө.
            – Авхай, би аяга цай авч болох уу? гэж Мосс асуув.
            Гэвч үйлчлэгч үсээ янзалсаар, нөгөө л янзаараа уянгалуулан: – Манайх хараахан онгойгоогүй байна гэснээ эргэн хараад кассчин бүсгүй рүү самаараа дохив.
            – Манайх онгойсон билүү?
            – Үгүй, онгойгоогүй гэж кассчиныг хэлмэгц Мосс гадагш гарлаа.
            “Кэринг Кросс руу явъя. Ер нь тийшээ очъё” гэж тэр шийдэв. “Цай уух хэрэггүй юм байна. Харин кофе ууя. Кофе цайнаас илүү шимтэй... Саяны охид ямар увайгүй юм бэ! Залуу өчигдөр орой ирсэн ч гэх шиг, ‘Дьеп’ гэсэн бичигтэй энгэрийн зүү авчирсан ч гэх шиг.” Бүсгүй зам хөндлөн гарлаа.
            – Болгоомжтой байгаач, бүдүүн ээ; битгий унтаад бай! гэж таксины жолооч хашхирав. Мосс сонсоогүй дүр эсгэлээ.
            “Үгүй дээ, Кэринг Кросс руу явахаа больё. Шууд л Киг эн Кажит оръё. Тэндэх өглөө есөн цагт онгойдог. Ноён Кажит өглөөний шуудангаар мэдээ авсан ч юм билүү... Таныг ийм эрт ирсэнд баярлалаа, Мосс авхай... Кинонд тоглох эмэгтэй хүн хайж байгаа тухай мэдээ нэг агентлагаас ирсэн... Та тэр дүрд яг тохирно. Би танд картыг нь өгье. Та очоод уулзаарай. Долоо хоногт гурван фунтийн цалинтай; бүх зүйлийг цаанаас нь даана. Би таны оронд байсан бол шууд очоод л бүртгүүлэх сэн. Эрт ирсэн тань үнэхээр сайн боллоо шүү...”
            Гэвч Киг эн Кажитад хонгилын хулдаасан шалыг арчиж буй цэвэрлэгчээс өөр хүн байсангүй.
            – Авхай, одоогоор энд хэн ч алга гэж тэр хэллээ.
            – Ноён Кажит ирээгүй юү? За тэгвэл би суугаад жаахан хүлээе дээ гэж хэлээд Мосс хувин, сойзны дээгүүр харайн дотогш орохыг завдтал:
            – Хүлээлгийн өрөөнд хүлээж болохгүй, авхай. Би арай дуусаагүй байна. Тэгээд ч ноён Кажит хагас сайнд арван нэг гучаас өмнө ирнэ гэж үгүй юм. Заримдаа бүр огт ирдэггүй гээд цэвэрлэгч хүүхэн шал арчсаар түүн рүү дөхөв.
            – Үгүй дээ, би ямар тэнэг юм бэ. Өнөөдөр хагас сайн гэдгийг бүр мартаж орхиж гэж Мосс уулга алдлаа.
            – Алив хөлөө тат даа гэж цэвэрлэгчийг хэлсний дараа Мосс дахиад гадагш гарсан байв аа.
            Бэйт эн Битэм кино нэгтгэл хөл хөдөлгөөн ихтэйгээрээ бусдаас ялгарна. Үүдний хонгилд оров уу үгүй юү хүмүүсийн яриа сонсогдож, хүн бүр тэнд цугларна, бүгд бие биеэ танина. Түрүүлж ирсэн нь сандал дээр заларч, хожуу ирсэн нь эртэч зочдын өвөр дээр сууна. Эрчүүд үл тоомсорлосон байдалтай хана руу налан зогсох буюу өөрсдийг нь нь бишрэн ширтэх бүсгүйчүүдийн өмнө хувцас хунараа засаж янзална.
            – Сайн уу? Дахиад л уулзах шив гэж Мосс хөгжилтэй нь аргагүй хашхирлаа.
            Залуу ноён Клэйтон таягаа банжо хөгжим шиг бариад “Ноён Роберт Э. Лийг хүлээж байна даа” гэж дуулав.
            Мосс хуучирч муудсан энгэсгийн хөвөн гаргаж ирэн хамраа товшингоо:
            – Ноён Битэм ирээгүй юм уу? гэж асуутал:
            – Ирэлгүй яах вэ. Ирээд мянган жил болж байна. Бид гарч ирэхийг нь бараг цаг гаруй хүлээлээ гэж бүгд нэгэн дуугаар орилолдлоо. Мосс дахин цааш лавлав:
            – Бурхан минь! Ажил гарах болов уу, яах бол?
            – Өмнөд Африк руу явах цөөн хэдэн ажил гарсан. Хоёр жилийн хугацаатай сард зуун тавин фунтийн цалинтай гэж Клэйтон хэлэхэд бүгд дахиад нэгэн дуугаар орилолдов:
            – Үгүй дээ! Та нээрэн хачин хүн шүү, ноён Клэйтон. Ёстой ховор хүн байгаа биз? Олдошгүй эрдэнэ байгаа биз? Ноён Клэйтон, та сэтгэлийг минь сэргээчихлээ. Ёстой хөгжилтэй байгаа биз?
            Хар үстэй, гунигтай царайтай охин Моссын гарт хүрлээ.
            – Би өчигдөр нэг ажил алдчихсан. Эхлээд сар хагасын турш мужуудад, дараа нь Вэст Эндэд ажиллах байсан юм. Би арай биерхүү байсан бол тэр ажилд гарцаагүй тэнцэх байсан гэсэн. Менежер нь тэгж хэлж байна билээ. Жаахан махлаг байсан бол яг тохирох хүн байна гэж хэлсэн шүү гэж хэлээд охин Мосс руу харлаа. Малгайн саравчных нь доохон байх гүн улаан өнгийн хиртэй сарнай цэцэг эзэнтэйгээ цуг цохилтод өртөж нэрвэгдсэн мэт харагдана.
            – Үгүй дээ, ямар онцгүй юм бэ гэж хэлэхдээ Мосс төдий тоогоогүй мэт дүр эсгэхийг хичээж байлаа. “Ямар дүр байсан юм бол––асууж болох уу?”
            Гэвч хар үстэй, гунигтай царайтай охин түүнийг бодлыг хэдийн таачихсан, ядруу харцанд нь дургүйцсэн аяс тодорлоо.
            – Үгүй дээ, танд тохирохгүй ээ. Залуу хүн хайж байна билээ. Юу, над шиг хар үстэй испани маягийн төрхтэй, гэхдээ жаахан махлаг л байх хэрэгтэй гэсэн.
            Дотор хаалга онгойж, цамцныхаа ханцуйг шамласан ноён Битэм гарч ирэв. Нэг гараараа хаалгаа барьсан хэвээр. Хэлэх юмаа дусгаад даруй дотогш буцаад орох нь илт. Нөгөө гараа өргөн:
            – За юу гээч, бүсгүйчүүд ээ гээд тэр түр зогсосхийлээ. Нөгөөх л янзаараа ярзайтал инээмсэглэснээ: “хөвхүүд ээ” гэж нэмэв. Хүлээлгийн өрөөнийхөн нирхийтэл инээд алдаж, ноён Битэм ч тэднийг чимээгүй болгохын тулд хоёр гараа өргөхөөс өөр аргагүй боллоо. “Өнөөдөр хүлээгээд ямар ч нэмэргүй. Нэг дэхэд ирээрэй. Би нэг дэхэд хэдэн газраас дуудлага хүлээж байгаа.”
            Мосс найдваргүйхэн урагш ухасхийв: – Ноён Битэм, танд мэдээ ирсэн болов уу...
            – За алив юу билээ гэж ноён Битэм аажуухан хэлээд, өөдөөс нь ширтэв. Тэр Моссыг долоо хоногт ердөө дөрвөн удаа харж байсан шүү дээ. Хэдэн ч долоо хоног болов доо? – За, та чинь хэн билээ?
            – Ада Мосс.
            – Тийм дээ, тэгэлгүй яах вэ, хонгор минь. Одоогоор мэдээ алга. Би өнөөдөр хорин есөн бүсгүйн захиалга авсан. Гэхдээ бүгд л залуу, хөнгөн шингэн байх хэрэгтэй гэх юм. Бас арван зургаан захиалга ирсэн ч элсний бүжиг мэддэг байх хэрэгтэй гэнэ билээ. Юу гээч, хонгор минь, би хөмсгөө тултал ажилд дарагдчихаад байна. Дараагийн нэг дэхэд ир. Түүнээс өмнө ирээд нэмэргүй гэж хэлээд ноён Битэм аль байдгаа мишилзэн Моссын тарган нурууг зөөлөн алгадаж: – Сэтгэлээр унахгүй шүү, бүсгүй минь, сэтгэлээр унаж болохгүй гэв.
            Норт-Ийст кино нэгтгэлийн шатан дээр дүүрэн хүмүүс дугаарлаж байлаа. Мосс шаргал үстэй хүүхэд шиг царайтай бүсгүйн хажууд очиж зогсов. Интоороор чимэглэсэн нэхмэл малгайтай гучин настай хүүхэд шиг бүсгүй.
            – Ямар их хүнтэй байна вэ? Онцгой юм болж байгаа юм уу? гэж Моссыг асуутал:
            – Та мэдээгүй юм уу? гэж хүүхэд бүсгүй цонхигор нүдээ нээн өгүүлэв: – Царайлаг гучин есөн бүсгүй авна гэсэн дуудлага ирсэн. Бид хэдэн цагийн турш хүлээж байна. Та энэ кино нэгтгэлд урьд нь ажиллаж байсан уу?
            Мосс толгойгоо гилжийлгэв: – Үгүй би ажиллаж байгаагүй.
            – Энэ кино нэгтгэлд тоглоход ч их дажгүй шүү. Манай найзын нэг найз нь энд өдөрт гучин фунт авдаг юм... Та кинонд тоглож байсан уу? гэж хүүхэд бүсгүй асуулаа.
            – Юу, би мэргэжлийн жүжигчин биш л дээ гэж Мосс үнэнээ өчив. – Би контральто хоолойтой дуучин. Гэхдээ сүүлийн үед ажил жаахан явцгүй болоод, олдох нь ч ховордлоо.
            – Харин тийм байгаа биз?
            – Би Хөгжмийн коллежид тун сайн боловсрол авсан. Дууны уралдаанд мөнгөн медаль ч хүртэж байлаа. Вэст Эндийн концертод үе үе дуулдаг байсан шүү. Гэхдээ өөр юм туршиж үзмээр санагдаад, азаа үзье гэж л... Мосс ярилаа.
            – Харин тийм байгаа биз?
            Яг тэр үед шатны дээд тавцанд хөөрхөн бичээч бүсгүй гарч ирлээ:
            – Та нар бүгдээрээ Норт-Ийстийн дуудлагыг хүлээж байна уу?
            – Тийм! гэж бүгд нэг дуугаар орилолдов.
            – За, тэр чинь цуцлагдсан. Надад дөнгөж сая утсаар хэллээ.
            – Арай ч дээ! Бидний гаргасан зардал яах болж байна? гэж хэн нэгэн хашхирав.
            Бичээч доош тэдэн рүү хараад тэсэлгүй хөхөрлөө:
            – Үгүй дээ, та нарт угаасаа мөнгө төлөхгүй байсан шүү дээ. Норт-Ийст нэгтгэл олны хэсгийнхэнд мөнгө төлдөггүй юм.
            Битер Оранж нэгтгэл ердөө ганц жижиг дугуй цонхтой аж. Хүлээлгийн өрөө ч гэх юмгүй. Мосс цонхыг тогшихтой зэрэг нэг бүсгүй дөхөн ирж “За?” гэв. Дотор өөр хүн байхгүй бололтой.
            – Продюсертэй уулзаж болох сон болов уу? хэмээн Мосс аятайхан хэллээ. Охин нүдээ анин цонхны тавцан тулаад хэсэг зуур зүүрмэглэж орхих шиг. Мосс охин руу харж инээмсэглэв. Охин хөмсөг зангидаад зогсохгүй эвгүй муухай үнэр авсан аятай хамраа үрчийлгэлээ. Гэнэт эргэж явснаа цаас барьсаар буцан ирж Мосс руу түлхэв.
            – Анкет бөглөчих гээд цонхоо доош нь татаж тасхийтэл хаалаа.
            “Та онгоц жолоодож; өндрөөс шумбаж; машин барьж; морь бусгуулж; буугаар буудаж чадах уу?” гэж бичжээ, анкетад. Гудамжаар явангаа Мосс өөрөөсөө эдгээр асуултыг асуув. Жихүүн салхи хүчтэй үлээнэ. Салхи түүн рүү сэхээ өгөлгүй довтолж, нүүр нүдгүй балбаж, тохуурхан шоглоно. Салхи бүсгүйн энэ асуултуудад хариулж чадахгүй гэдгийг нь мэджээ. Сквэр цэцэрлэгт Мосс жижиг хогийн төмөр хувин олоод анкетыг тийш нь шидлээ. Тэгээд вандан сандлуудын нэгэн дээр суугаад хамартаа энгэсэг түрхэв. Гэвч халаасны толинд дүрс нь туссан хүн өөдөөс нь жигтэй муухай харах нь Моссод тэсэхийн аргагүй санагдлаа; тэр сайн гэгч нь уйлаад авав. Тэгтэл сэтгэл санаа нь ч сэргээд ирэх нь тэр.
            – За, энэ ч ард хоцорлоо доо гэж тэр санаа алдав. “Хөлөө амраагаад авсан минь сайн боллоо. Хамар минь ч удахгүй салхинд хатчихна... Энд их сайхан юм аа. Тэр болжморуудыг хараач. Жив. Жив. Ямар ойрхон ирдэг юм бэ. Хүмүүс эднийг тэжээдэг бололтой. Үгүй дээ, надад та нарт өгөх юм алга даа, дэггүй жаахан амьтад минь...” Бүсгүй шувуудаас хараагаа буруулав. Энэ эсрэг талын том байшин чинь юу билээ––Кафе де Мадрид уу? Бурхан минь, яаж доош өнхрөв дөө, тэр жаахан хүүхэд! Хөөрхий амьтан! Гэхдээ санаа зовох хэрэггүй... Өнөө орой найман цагт... Кафе де Мадрид. “Би дотогшоо ороод суугаад аяга кофе ууж болно” гэж Мосс бодлоо. “Энэ угаасаа уран бүтээлчдэд яг тохирсон газар. Надад аз таарч ч магад... Арьсан дээлтэй, хар үстэй царайлаг эрхэм найзтайгаа цуг орж ирээд ширээнд минь сууж ч магад. ‘Үгүй дээ, анд минь, би контральто хоолой хайж бүхий л Лондоноор яваад олж чадаагүй юм шүү дээ. Та мэднэ дээ, хөгжим ч амар эд биш шүү. Хар л даа.’” Тэгээд Мосс өөртөө ингэж хэлж байгаагаа сонслоо: “Уучлаарай, би контральто хоолойтой л доо, энэ дүрд ч олон удаа дуулж байсан... ‘Гайхалтай! Ажлын өрөөнд минь ороод ир, таны дуулахыг нэг сонсмоор байна’ ... Долоо хоногт арван фунт... Би яалаа гэж сандрах вэ дээ? Би ер сандраагүй. Би яагаад Кафе де Мадрид руу очиж болохгүй гэж? Би нэр төртэй эмэгтэй хүн––контральто хоолойтой дуучин. Өнөөдөр огт юу ч идээгүй болохоор л чичирч байгаа юм... ‘Хоолойгоо шалгуулах ганц дуу дуулах сан болов уу, хатагтай’ ... За за, хатагтай Пайн. Кафе де Мадрид. Тэд оройдоо концерт үзүүлдэг... ‘Яагаад эхлэхгүй байна вэ?’ Контральто дуучин нь ирээгүй гэнэ... ‘Уучлаарай, би контральто хоолойтой л доо, энэ дүрд ч олон удаа дуулж байсан.’”
            Кафед бараг харанхуй байв. Эрчүүд, дал модод, улаан хилэн суудлууд, цагаан гантиг ширээнүүд, хормогчтой зөөгчид; Мосс тэдний дундуур алхаллаа. Түүнийг сандалд суув уу үгүй юү толгой дээрээ багахан завь шиг жижигхэн малгай тавьсан махлаг эрхэм эсрэг талын сандал дээр суучхав.
            – Оройн мэнд! гэж хэлэхээр нь Мосс хариуд нь хөгжилтэйгөөр:
            – Оройн мэнд! гэлээ.
            – Сайхан орой байна шүү гэж махлаг эрхэм хэлэв.
            – Тийм ээ, үнэхээр сайхан. Ёстой аятайхан байгаа биз? гэж Мосс хэллээ.
            Мөнөөх эр болцгор тарган хуруугаа инчдэн зөөгчийг дуудаад: – Надад том виски авчир гэснээ Мосс руу эргэн: – Та юу уух вэ? гэв.
            – Хэрэв зөвшөөрвөл би брэнди авъя даа.
            Таван минутын дараа махлаг эрхэм ширээ рүү налаад, навчин тамхиа нэг сорон бүсгүйн нүүр өөд утааг нь үлээж байв.
            – Энэ ч сайхан тууз байна шүү гэж тэр эр хэллээ.
            Толгой нь урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр лугшиж байснаа намдах хүртэл Моссын царай улайв.
            – Би ягаан өнгөнд их дуртай юм аа гэж Мосс хэллээ.
            Махлаг эрхэм ширээн дээр хуруугаараа тогшин Моссыг ажиж байснаа:
            – Мах сайтай хэр нь чанга байх ч сайхан шүү гэв.
            Мосс инээдээ барьж чадалгүй чангаар хөхөрсөндөө өөрөө ч гайхлаа.
            Таван минутын дараа махлаг эрхэм гүн амьсгаа аваад: – За, би танайд очих уу эсвэл чи манайд ирэх үү? гэв.
            – Хэрэв зөвшөөрвөл би танайд очъё гэж Мосс хэлээд жижиг завийг даган кафенаас хөвж одлоо.

--
Орчуулсан: Г.Сугиррагчаа

No comments:

Post a Comment