Tuesday, July 12, 2022

Жон Чивер | Тав дөчин наймын галт тэрэг



Блэйк цахилгаан шатнаас гадагш хөл тавих үедээ бүсгүйг харжээ. Охид бүсгүйчүүдийг хүлээсэн эрчүүд голлосон цөөн хэдэн хүн үүдний танхимд цахилгаан шат руу хараад зогсож байв. Бүсгүй тэдний дунд байлаа. Царайг нь харж, үзэн ядсан, яах ийхээ бүрэн шийдсэн янзтай болохыг нь анзаараад л Блэйк бүсгүй өөрийг нь хүлээж байсныг ойлгосон аж. Блейк түүн рүү очсонгүй. Тэр хоёрт шийдэх асуудал үлдээгүй. Хэлж ярилцаад байх зүйл ч үгүй. Сургуульд нэг ангид хамт суралцаж байсан анд эсвэл ойр дотно харилцаатай байсан найз нөхөр маань уранхай ноорхой хувцастай, ядарч зовсон шинжтэй, ер нь дордож доройтсон байдалтай байхыг харахаараа гайхширч халаглахын зэрэгцээ бага ч атугай гэмших сэтгэл төрдөг дөө, яг тийм янзаар Блэйк эргэж хараад, хүлээлгийн танхимын нөгөө үзүүр дэх шилэн хаалга руу хандав. Вэстерн Юнион компанийн оффис дахь цаг тав арван наймыг зааж байлаа. Буухиа галт тэргэнд сууж амжина гэсэн үг. Эргэдэг хаалганы хажууд хүлээнгээ гадагш хартал бороо орсон хэвээр. Өнөөдөржингөө шавшсан юм. Борооны шиврээнд гудамжны дуу чимээ улам бүр тодордгийг тэр анзаарав. Гадагш гармагцаа цоглог нь аргагүй зүүн тийш, Мэдисоны өргөн чөлөөг чиглэн алхаллаа. Зам түгжирч, холд хотын нэг захаас нөгөө хүртэл хөндлөн туулж өнгөрдөг гудамжинд машины дохио хангинана. Явганы зам ч хүн ихтэй. Ажил тарж, оффисоосоо гарч ирэхийг нь зурвасхан харлаа гээд ер юу олж долооно гэж бодсон юм бол гэх бодол Блэйкийн толгойд зурсхийв. Арай араас нь мөшгиж байгаа юм биш биз?

Хотоор явахдаа Блэйк барагтай бол эргэж хардаггүй. Тэр л зангаараа энэ удаад ч арагш харсангүй. Цааш алхлангаа бороотой өдрийн төгсгөлд хотын их нүргээн дунд бүсгүйн хөлийн чимээг бусад дуу авианаас ялгаж чадах аятай (дэмий л) чих тавин чагнасхийв. Гудамжны нөгөө талд барилгын хана цоорч, онгорхой гарсан байхыг анзаарлаа. Хаалга, цонх, ер юуг ч юм нураагаад, өөр юу ч юм барьж босгох гэсэн ч ган төмөр зүйл явганы зам дээр ёрдойж, онгорхой цоорхойгоор өдрийн гэрэл тусна. Блэйк тэр цоорхойн эсрэг талд зогсоод дэлгүүрийн үзмэр лүү харав. Дотоод засал чимэглэл, эсвэл дуудлага худалдааны газар бололтой. Үзмэрийг нь яг л хүмүүсийн өөрсдөө тэндээ амьдарч, найз нөхдөө урьж дайлж цайлдаг өрөө шиг тохижуулжээ. Намхан ширээн дээр аяганууд, унших сэтгүүлүүд, ваартай цэцэг тавьсан хэдий ч цэцэг нь хэдийн хатаж хорчийсон, аяганууд нь хоосон, зочид нь ирээгүй мэт харагдана. Блэйк шилэн хананд өөрийн тусгалаа тодхон харлаа. Ардуур нь хүмүүс сүүдэр мэт урсан өнгөрнө. Гэнэт нөгөө хүүхний дүрс үзэгдэв. Маш ойрхон байсан учир Блэйк цочирдлоо. Ердөө ганц хоёрын алхмын цаана зогсож байх аж. Эргэж хараад, яах гээд араас нь мөшгөөд байгааг нь асууж болох байсан ч Блэйк бүсгүйтэй ярилцахын оронд, хэлбэр дүрсээ алдсан царайны тусгалаас нь даруй нүүр буруулж, гудамжаар цааш явав. Бүсгүй түүнд сайн санаж ирээгүй нь лав. Бүр цааш харуулъя гэж бодсон ч байж магад.

Огцом эргэхэд нь, бүсгүйн царайны тусгал бүрх малгайнх нь хүрээг шүргэж, хүзүүг нь даган борооны ус урсахыг Блэйк мэдрэв. Айдаст автан хөлс бурзайх шиг таагүй санагдана. Хүйтэн усан дусал нүүрнээс нь нүцгэн гар луу нь урсах, борооны ус зайлуулах хоолойн хуршмал, эхүүн үнэр ханхийх, хөл нь нороод хамар нь шуухитнаж магад гэсэн бодол зурсхийх давхцаад (бороонд алхлахад хэзээд ийм тухгүй сэтгэгдэл төрдөг дөө), араас нь мөшгөж буй явдал түүнд улам бүр айдас түгшүүр төрүүлж, түүний ямар ч хамгаалалтгүй бие махбодод хялбархан аюул занал учруулж болох мэт санагдав. Илүү тод гэрэлтэй Мэдисоны өргөн чөлөөний булан өмнө нь харагдана. Мэдисоны өргөн чөлөөнд хүрчихвэл аюулгүй болох мэт санагдлаа. Буланд, хоёр хаалгатай нарийн боовны мухлаг байна. Блэйк, хотоор хөндлөн өнгөрдөг гудамж дахь хаалгаар нь дотогш ороод, бусад хүмүүсийн адилаар самар, кофетой цагираган боов авч, Мэдисоны өргөн чөлөөн дэх хаалгаар нь гадагш гарав. Өргөн чөлөөгөөр доош уруудангаа, сонин сэтгүүл худалдаалдаг түцний хажууд түүнийг хүлээж зогсох бүсгүйг харлаа.

Хүүхэн тийм ч ухаалаг биш юм. Блэйк түүнээс ер ядах юмгүй салчхаж болох байлаа. Таксины нэг хаалгаар ороод, нөгөөгөөр нь гараад явчхаж болох байв. Гүйгээд зугтчихаж ч болох байсан. Гэхдээ зугтах юм бол, бүсгүй хүч хэрэглэх байх. Бүсгүй яах аргагүй урьдаас төлөвлөсөн гэсэн бодол Блэйкт төржээ. Блэйк төөрдөг байшин шиг байрласан олон барилга, газар доорх гарц, олон тооны цахилгаан шаттай өндөр барилга, хүн зон холхисон хүлээлгийн өрөөнүүдтэй учир араас нь дагаж яваа хүнээс түвэггүйхэн салчих боломжтой газар луу ойртов. Энэ хавийг тэр сайн мэднэ. Ингэж дүгнэхийн зэрэгцээ цагираг боовны үл мэдэг дулаан, чихэрлэг үнэрийг авсан нь түүнд урам зориг өгөв. Хүн ихтэй гудамжинд түүнд хор хохирол учруулна гэж бодох нь утгагүй хэрэг. Бүсгүй бусдад хууртсан, ганцаардсан, мулгуу нэгэн байж маарна. Тэгээд л ингэж аашилж байгаа биз. Блэйк ямар ч нөр нөлөөгүй хүн; түүнийг ажлын газраас нь галт тэрэгний буудал хүртэл мөшгөх ямар ч шаардлагагүй. Тэр чухал үр дагавартай нууц мэдэхгүй. Цүнхэнд нь байгаа тайлангуудад, нойтон гудамжинд борооны цувтай эрчүүдийг нойтон гудамжинд мөшгөж тагнахад хүргэх дайн, энх тайван, хар тамхины наймаа, устөрөгчийн тэсрэх бөмбөгтэй холбоотой олон улс даяар сүр дуулиан дагуулдаг мэдээлэл байхгүй. Өмнө нь, эрчүүдийн ордог баар харагдлаа. Ийм л амархан байж шүү дээ!

Гибсоны коктейль захиалаад, цонхоор мөнөөх бүсгүйд харагдахгүйн тулд тэйкенд хоёр эрийн дунд шахцалдан нугдайж суув. Баар гэртээ харихын өмнө ганц хундага юм уухаар ирсэн зорчигчдоор дүүрэн аж. Гутал, барьж яваа шүхэр дээрээ гадаах үдэш бүрэнхийн хуршмал үнэрийг тээсээр орж ирсэн тэдний дунд Блэйк коктейлиэсээ амсмагцаа тайвширч, түүнийг тойрон хүрээлсэн ихэнхдээ төдийлөн залуу гэхээргүй нүүр царайнуудыг шинжин харав. Эрчүүд санаа зовлоо зовлоо гэхэд, татварын хувь болон худалдааны албанд хэнийг томилох тухайд л санаа зовсон янзтай харагдана. Блэйк нөгөө хүүхний нэрийг санахыг хичээлээ. Дэнт авхай, Бэнт авхай, эсвэл Лэнт авхай ч байж магадгүй, нэг тиймэрхүү л нэр байсан. Нэрийг нь санахгүй байгаа тун хачин хэрэг шүү. Уг нь тэр хэр баргийн юм мартддаггүй ой тогтоолтоороо бахархдаг юм. Тэгээд ч тэдний хоорондын явдлаас хойш зургаан сар л өнгөрсөн.

Нэг өдөр, үдээс хойш, хүний нөөцийн албанаас бүсгүйг түүн рүү явуулсан. Блэйк нарийн бичиг хайж байсан юм. Хар үстэй, туранхай, бүрэгдүү эмэгтэй. Хорь гарч яваа байх. Энгийн хувцасласан, бие хаа нь сүртэй сайхан биш, нэг оймс нь бага зэрэг мушгирчихсан, гэхдээ зөөлөн намуун хоолойтой. Блэйк бүсгүйг туршиж үзэхээр шийдэв. Шинэ нарийн бичиг хэд хоног ажилласныхаа дараагаар, эмнэлэгт найман сар хэвтэж эмчлүүлсэн гэдгээ, ажилд орох амаргүй байсныг, түүнчлэн өөрт нь боломж олгосон Блэйкт талархаж буйгаа хэллээ. Үс нь хар, нүд нь хар; бүсгүй нэг л тийм таатай хар бараан өнгөний мэдрэмж Блэйкт төрүүлжээ. Илүү сайн таниад ирмэгц, бүсгүй их эмзэг, тиймээс ч ганцаардмал нэгэн юм шиг санагдав. Нэг удаа Блэйкт түүний амьдралыг хэрхэн төсөөлдөг тухайгаа (найз нөхөд, мөнгө хөрөнгө ихтэй, өнөр өтгөн, халуун дотно гэр бүлтэй) ярьж байхад нь, дутагдаж гачигдахтай холбоотой хачин мэдрэмж төрсөн. Бусад хүний амьдралыг байгаагаас нь хавьгүй сайхан төсөөлдөг нэгэн мэт санагдсан. Нэг удаа бүсгүйг ширээн дээр нь сарнай тавихад, Блэйк сарнайг нь хогны сав руу шидээд, “Би сарнайнд дургүй,” гэж хэлэв.

Нарийн бичгийн дарга ажилдаа чадамгай, цаг сайн баримталдаг, бичгийн машин сайн цохидог аж. Нэг л юм Блэйкийн санаанд нийцээгүй нь бүсгүйн бичгийн хэв байлаа. Эв хавгүй бичиг нь гадаад үзэмжтэй нь ер тохирохгүй байх шиг санагдсан аж. Арагш нь налуулж, бөөрөнхийдүү маягтай бичих байх гэж бодсон ч урагш нь нэг, арагш нь нэг налуулж, нэгэн жигд биш, эв хавгүй бичдэг байв. Сэтгэл санааны зөрчилдөөний хохирогч нэгэн байж таарна, тэр зөрчилдөөнийхөө нөлөөгөөр ингэж тасалдуулж, хайш яайш бичдэг байх гэж Блэйк таамаглалаа. Бүсгүй ажилд ороод, гурван долоо хоног болсны дараагаар тэд нэг орой ажил дээрээ оройтоход, Блэйк түүнд ажлын дараа уух юм авч өгөхийг санал болгожээ. “Та үнэхээр уумаар байгаа бол, манайд виски байгаа шүү,” гэж бүсгүй хариулсан аж.

 Амьдардаг өрөө нь Блэйкт ханын шүүгээ шиг сэтгэгдэл төрүүлэв. Буланд нь хослол, малгайн хайрцгуудыг овоолжээ. Ор, аяганы шүүгээ, түүний одоо сууж буй сандлыг багтаах зайгүй шахам атал нэг хананд босоо төгөлдөр хуур байрлуулсан байлаа. Тавиур дээр нь Битховены сонатууд харагдана. Бүсгүй түүнд уух юм өгөөд, хувцсаа сольж, илүү тухтай юм өмсье гэв. Блэйк ч тэгэлгүй яах вэ хэмээлээ; угаасаа тэр үүнд л болж ирсэн юм чинь. Мань эрд ямар нэг эргэлзээ тээнэгэлзээ төрсөн бол тэр нь ер санаанаасаа аваад хаячхаж ядахааргүй эргэлзээ байсан нь лав. Бүсгүйн өөртөө итгэлгүй, нэг л тийм дутагдаж гачигдаж буй мэт мэдрэмж нь Блэйкийг энэ явдлаас үүдэх үр дагавраас хамгаалах мэт санагдлаа. Тэр хэзээд ийм өөртөө итгэлгүй эмэгтэйчүүдийг сонгодог.

Цаг орчмын дараа хувцсаа буцааагаад өмсөхдөө бүсгүй уйлж байв. Блэйк сэтгэл хангалуун, дулаан, нойрмог санагдаж эмэгтэйн уйлж буй тухайд төдийлөн санаа зовсонгүй. Хувцаслангаа бүсгүйн өрөөний цэвэрлэгч эмэгтэйд зурвас бичсэн нь аяганы шүүгээн дээр байгааг анзаарлаа. Хаалга нь бага зэрэг онгорхой угаалгын өрөөнөөс л гэрэл тусах бөгөөд энэ бүдэг гэрэлд ч мөнөөх аймшигтай мурий сарий таталгасан бичиг бүсгүйтэй огтхон ч зохицохгүй, өөр шалиг завхай нь дэндсэн эмэгтэйн бичиг байж таарах мэт Блэйкт санагдав. Маргааш нь хамгаас ухаалаг гэж бодсон тэр аргаа Блэйк ашиглажээ. Бүсгүйг үдийн цайндаа гарсан хойгуур, хүний нөөцийн алба руу утасдаж, түүнийг ажлаас хасахыг хүсэв. Өөрөө үдээс хойш чөлөө авлаа. Хэдэн хоногийн дараа, бүсгүй оффист түүнтэй уулзахаар ирэхэд, ресепшн охинд дотогш оруулахгүй байхыг даалгав. Түүнээс хойш өнөө оройг хүртэл дахиж уулзаагүй.

Блэйк хоёр дахь хундагаа уугаад, цаг руу хараад, буухиа галт тэрэгнээс хоцорсноо мэдлээ. Орон нутгийн тав дөчин наймын галт тэргэнд суухаас аргагүй болжээ. Баарнаас гарахад, гадаа бүдэг гэгээтэй, бороо орсон хэвээр. Галт тэрэгний зогсоол тийш алхлангаа ганц хоёр удаа эргэж харахад, аюулгүй юм шиг санагдлаа. Тэр хэр баргийн юм мартдаггүй хүн атал бааранд цагираг боовоо мартсанаа мэдээд, ухаан санаа нь төвлөрөхгүй байгааг ойлгов. Ой санамж нь ийнхүү будилсан нь таагүй сэтгэгдэл төрүүлжээ.

Сонин худалдаж авав. Орон нутгийн галт тэрэг түүнийг суухад хүн багатай байлаа. Тэр голын эрэг дагуу суудалд суугаад, борооны цуваа тайлав. Блэйк бол бор хүрэн үстэй туранхай эр. Түүнийх шиг цонхигор царай, саарал өнгийн нүд, таагүй дур сонирхолд татагддаг хүнд л юу юм гэхээс, ер ямар ч онцлох юмгүй хүн. Биеэ авч явах бичигдээгүй ёс горим байдгийг хүлээн зөвшөөрсөн аятай (яг л бид бүгд шиг) хувцасладаг. Цув нь мөөгний цайвар бор өнгөтэй. Малгай нь хар хүрэн; хослол нь ч мөн ялгаагүй. Зангианы хээ нь цөөн хэдэн тооны тод өнгийн утастайг эс тооцвол ийнхүү өнгөгүй гэмээр хувцасласан нь түүнд хамгаалалт болж байх шиг санагдана.

Вагонд суугаад хөрш хавийнхаас нь хүн байна уу шалгаж эргэн тойрноо нүд гүйлгэв. Түүнээс хэдэн суудлын урд, баруун гар талд хатагтай Комптон суужээ. Хатагтай инээмсэглэсэн ч инээмсэглэл нь дорхноо унтарлаа. Яах ийхийн зуургүй, аймшигтай арчигдав. Ноён Уоткинс Блэйкийн яг өмнө суужээ. Ноён Уоткинс үсээ засуулахаар болсноос гадна гадуур бие авч явах ёс горимыг зөрчсөн харагдана; тэр тансар хилэн хүрэм өмссөн байв. Блэйк тэр хоёр хэрэлдсэн учир ярилцахаа больсон.

 Хатагтай Комптоны инээмсэглэл хувьсхийн арчигдсаныг Блэйк огтхон ч ойшоож үзэхгүй. Комптоныхон Блэйкийнхний хажуугийн байшинд амьдардаг, хатагтай Комптон хүн хэрэгт хошуу дүрэхгүй байх ямар чухлыг огтхон ч ойлгодоггүй. Эхнэр Луиз нь хатагтай Комптонд хамаг зовлонгоо тоочдогийг Блэйк мэднэ; биеэ барьж чадахгүй уйлж дуулахыг нь болиулахын оронд хатагтай Комптон өөрийгөө нэг төрлийн наманчлуулагч ламтан гэж бодож төсөөлж явдаг бололтой, Блэйкийнхний хувийн амьдралыг сонирхоно гэж жигтэйхэн. Хамгийн сүүлд хэрхэн хэрэлдэж маргалдсанаа ч Луиз түүнд ярьснаас зайлахгүй. Блэйк нэг орой илүү цагаар ажиллаад ядруу амьтан гэртээ иртэл, Луиз оройн хоол юу ч бэлдээгүй зогсож байсан. Лонхтой жин нь бүр дундарчихсан, Блэйкийн баарнаас авсан гурван шилэн аяганд уруулын будаг нялагдсан байлаа. Блэйк гал тогооны өрөөнд ороод, араас нь дагаж орж ирсэн Луизад хандан, тэр өдөр сарын таван гэдгийг гал тогооны өрөөн дэх хуанли дээр харуулан, уг өдрийг тойруулан зурав. “Нэг долоо хоногийн дараа арван хоёрон, хоёр долоо хоногийн дараа арван есөн,” гэснээ арван есийн тоог тойруулан зурж, “Би хоёр долоо хоног чамтай ам нээхгүй. Тэгэхээр арван есөн хүртэл гэсэн үг,” хэмээлээ. Луиз уйлж, эсэргүүцсэн ч одоо нөхрөө гуйж гувшаад ямар ч нэмэргүй болоод найм есөн жил болж байв. Луиз хөгширсөн. Одоо нүүрний үрчлээ нь нууж далдлах аргагүй болж, оройн сониноо уншихаар нүдний шилээ хамар луугаа буулгахаараа нэг тийм онцгүй харь хүн шиг харагддаг. Сэтгэл татах цор ганц онцлог нь болох дур булаам байдал нь үгүй болсон. Есөн жилийн өмнө Блэйк өрөөнүүдийг холбосон хонгилд номын шүүгээ хийгээд, хүүхдүүддээ номоо үзүүлэхгүйн тулд модон хаалганууд нь түгжээ суулгажээ. Гэхдээ тэд удаан хугацаанд хөндийрсөн нь Блэйкт сүртэй санагдсангүй. Тэр эхнэртэйгээ хэрэлддэг, гэхдээ эхээс төрсөн эр хүн бүр тэгдэг. Энэ чинь хүний төрөлх араншин. Гэр бүлийн хосын дуу сонсогдох зочид буудлын дотор хашаа, агааржуулах хоолой, зуны үдшийн гудамж гэх мэт хаа сайгүй эвгүй муухай үгс дуулдана.

Блэйк, ноён Уоткинс хоёрын муудалцсан нь, Блэйкийн гэр бүлтэй хамаатай ч хатагтай Комптоны уруулаас инээмсэглэл нь юун даруй арчигдахаар хэмжээний ноцтой сүртэй асуудал биш. Уоткинсынхон байр хөлсөлдөг. Ноён Уоткинс өдрөөс өдөрт ёс зүйн дүрэм журмыг зөрчдөг төдийгүй (нэг удаа бүр сандаал углачихсан найм арван дөрвийн галт тэргэнд суухаар явж байсан), сурталчилгааны зураг зурж амь зуудаг. Блэйкийн ууган хүү (Чарли арван дөрөвтэй) Уоткинсын хүүтэй найзалж, Уоткинсынхны хөлсөлдөг хог новшиндоо дарагдсан байшинд цагийг өнгөрүүлэх болсон юм. Энэ нөхөрлөл түүний зан ааш, эмх цэгцэд нөлөөлж эхэлсэн. Удалгүй Уоткинсынд хооллож, улмаар хагас сайны шөнө тэднийд хонодог боллоо. Эд хогшлынхоо ихэнхийг тийш нь зөөж, ихэнх шөнийг тэнд өнгөрүүлж эхлэхтэй нь зэрэг Блэйк арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрэв. Тэр Чарлитай өөртэй нь ярилгүй, шууд ноён Уоткинстой ярилцсан. Тун сүртэй байж магадгүй зарим нэг зүйлийг хэлэхээс өөр аргагүйд хүрсэн. Ноён Уоткинсын хиртэй урт үс, тансар хилэн хүрэм нь тэр орой Блэйкийн зөв байсныг батална. Гэхдээ хатагтай Комптоны инээмсэглэл хувьсхийн сарнисан нь, ноён Уоткинсын үс хир даг болсон байгаа нь, Блэйк газрын гүнд тав дөчин наймын галт тэрэгний тухгүй суудалд суугаад сэтгэл амрахад саад болохгүй. Вагон гэр бүлээрээ хоноглосон тэсрэх бөмбөгнөөс хамгаалах подвал шиг ужиг, хачин үнэртэнэ. Таазнаас зорчигчдын толгой, мөр лүү тусах гэрэл бүдэгхэн. Цонхны шилэн дээрх хир тоос өөр нэг аяллаас үлдсэн борооны усанд мөр татуулан зурсхийж, дэлгэсэн сонин бүрийн ардаас гаанс, янжуурын утаа багшран суунаглах авч энэ бүхэн, Блэйк одоо аюулгүй болсныг илчилж, түрхэн зуурын аюул заналд өртсөний дараагаар хатагтай Комптон, ноён Уоткинс хоёрын тухайд бага ч атугай халуун дотно мэдрэмж түүнд төрлөө.

Галт тэрэг газар доорх хонгилоос дээш өгссөөр өдрийн бүдэг гэрэлд гарч, хот, захын хороолол Блэйкт араас нь мөшгиж буй бүсгүйг мартуулав. Эмэгтэйн талаар бодож эргэцүүлэх, гэмших сэтгэлд автахаас зайлсхийхийн тулд тэр оройн сониндоо анхаарлаа хандууллаа. Цонхоор харагдах орчныг нүд буландан харж байв. Аж үйлдвэрийн дүүрэг харагдах агаад өдрийн энэ цагт гунигтай сэтгэгдэл төрүүлнэ. Суурь машины байр, агуулах олноор эгнэж, дээр нь үүлсийн дунд багахан шаргал гэрэл зурсхийхийг Блэйк харлаа. “Ноён Блэйк,” гэж хэн нэгэн хэлэх нь тэр. Тэр дээш өндийн харав. Нөгөө эмэгтэй. Найгаж дайвлах вагонд тэнцвэрээ олохоор суудлын арын түшлэгээс нэг гараараа бариад зогсож байна. Яг тэр мөчид Блэйк бүсгүйн нэрийг саналаа: Дэнт авхай. “Сайн байна уу, Дэнт авхай?” гэж тэр мэндлэв.

“Би энд суувал болох уу?”

“Болох байх аа.”

“Баярлалаа. Та тун эелдэг юм. Би танд ингэж түвэг удах гээгүй юм. Тэгж түвэг удах хүсэл надад алга...” Толгойгоо өндийлгөн бүсгүйг харахад Блэйкт айдас төрсөн ч бүрэг дууг нь сонсоод сэтгэл тайвшрав. Суудал тавьж өгөх гэсэн мэт доороо утга учиргүй ондолзсонд, бүсгүй доош суулаа. Тэгснээ санаа алдав. Нойтон хувцас нь Блэйкт үнэртэнэ. Бүсгүй хямдхан өрвөлөг өд хатгасан, хэлбэргүй, хар малгай өмсжээ. Нимгэн даавуун пальто, бээлий өмсөж, том цүнх авч явна.

“Танайх ийшээ байдаг юм уу, Дэнт авхай?”

“Үгүй.”

Дэнт авхай цүнхээ нээгээд, алчуураа гаргаж ирэв. Тэр уйлж эхэлжээ. Блэйк эргэн тойронд нь тэднийг ажиглаж буй хүн байгаа эсэхийг шалган нүд гүйлгэлээ. Үгүй ээ, тэднийг тоосон хүн алга. Тэр оройн галт тэргэнд мянган зорчигчтой цуг яваа. Тэдний хувцас хунарыг, бээлий нь цоорхой эсэхийг анзаарч, хэрэв тэд унтаад, амандаа гүнгэнэвэл чухам юунд санаагаа чилээсэн юм бол гэж бодож эргэцүүлнэ. Сониндоо хамраа шургуулахаасаа өмнө бүгдийг нь ангилсан. Баян, ядуу, гайхалтай, уйтгартай, хөрш, хөндлөнгийн хүн гэх мэтээр тодорхойлсон, гэвч тэр мянган хүний хэн нь ч уйлаагүй. Бүсгүйг цүнхээ нээхэд нь Блэйк сүрчигнийх нь үнэрийг санав. Тэднийд юм уухаар очсон тэр шөнө энэ үнэр арьсан дээр нь наалдчихсан.

 “Би хүнд өвчтэй байсан,” гэж эмэгтэй хэллээ. “Хоёр долоо хоног хэвтсэний эцэст анх удаа л гадагшаа гарч байгаа минь энэ. Би аймшигтай өвдсөн.”

“Тун харамсалтай юм болжээ, Дэнт авхай,” гэж Блэйк ноён Уоткинс, хатагтай Комптон хоёрт сонсогдохуйц чангаар хэллээ. “Та одоо хаана ажиллаж байгаа вэ?”

“Юу?”

“Та одоо хаана ажиллаж байгаа вэ?”

“Битгий инээд хүргээд бай,” гэж бүсгүй зөөлөн дуугаар хэлэв.

“Ойлгосонгүй.”

“Чи тэдний ухаан санааг хордуулсан.”

Блэйк мөрөө цэхлээд, далаа хавчлаа. Энэ түрхэн зуурын хүчилсэн хөдөлгөөн нь эндээс өөр газар байх хүслийг нь илэрхийлж байв. Энэ хүүхэн гарцаагүй гай удна. Блэйк гүн амьсгаа авлаа. Аюул занал багатай орчинд байгаа гэдгээ өөртөө батлахаар бүдэг гэрэлтэй, хүн багатай вагоныг нүд гүйлгэн харав. Хүүхэн хүндээр амьсгалж, бороонд нэвчсэн пальтоных нь үнэр ханхийнэ. Галт тэрэг зогсов. Гэлэнмаа, комбинезонтой эрийн хамтаар буулаа. Галт тэрэг хөдөлмөгц Блэйк малгайгаа өмсөж, цуваа авахыг завдав.

“Чи яах гэж байна?”

“Дараагийн галт тэргэнд сууя.”

“Үгүй шүү, үгүй, үгүй, үгүй.” Бүсгүй нүүрээ түүний чихэнд наах шахам ойртуулсан учир Блэйк хацар дээрээ халуун амьсгалыг нь мэдрэв. “Тэгэх гээд үзээрэй. Надаас зугтах гээд үзээрэй. Би гар буутай яваа; зугтах гэвэл чинь буудчихна шүү. Гэхдээ надад чамайг алах хүсэл алга. Зүгээр л ярилцах гэсэн юм. Хөдөлсний хэрэггүй, буудчихна шүү. Битгий хөдөл, ойлгосон уу?”

Блэйк суудалдаа огцом суулаа. Босоод, тусламж эрэн хашхирахыг хүслээ гэхэд, тэгж хашхирч чадахгүй байв. Хэл нь хоёр дахин хөөж томроод, хөдлөх гэхэд нь тагнайд нь аймшигтай наалдчихсан байлаа. Хөл нь хөшжээ.  Зүрх нь хүчтэй савлахаа болиосой, тэгвэл чухам ямаршуу аюул заналд өртөөд байгаагаа шүүж тунгаах юм сан гэж бодов. Эмэгтэй хажууханд нь суугаад, цүнхэн дэх гар буугаа гэдэс рүү нь чиглүүлсэн байлаа.

“Чи одоо намайг ойлгосон биз? Тоглоогүй гэдгийг нь ойлгоо биз дээ?” гэж бүсгүй хэлэв. Блэйк ярих гэсэн боловч дуу нь гарсангүй. Толгой дохилоо. “Одоо хоёулаа хэсэг зуур чимээгүй сууя. Их догдлохоор ухаан санаа минь самуурчих юм. Намайг бодол санаагаа цэгцэлтэл жаахан чимээгүй сууя,” гэж бүсгүй хэллээ.

Хэн нэгэн тусалж таарна, гэж Блэйк бодов. Ер удахгүй. Түүний харцыг, эсвэл бүсгүйн хажууд нь хачин жигтэй суусныг хараад, хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцоно, тэгээд энэ бүхэн төгсгөл болно. Аюул заналд өртөөд байгааг нь анзаарах хүртэл хүлээх хэрэгтэй. Блэйк цонхоор гол мөрөн, тэнгэрийг харав. Борооны үүл цонхны халхавч шиг л хөшиглөн бууж, түүнийг гадагш харах зуур, тэнгэрийн хаяан дахь улаан шаргал гэрэл нүд гялбам тодорлоо. Хурц гэрэл гол мөрний давлагаан дээгүүр тархаж (гэрэл нүүж байгааг тэр харж байв), зууханд асах ёлтгор цог шиг гэрлээр голын эргийг тармуурдаад, унтарчихлаа. Тусламж удахгүй ирнэ, гэж тэр бодов. Галт тэрэг дахин зогсохоос өмнө хэн нэгэн хүн түүнд тусална; гэвч галт тэрэг зогсож, хүмүүс бууж суух зуур, хажууд нь суугаа бүсгүйн амийг нь хэлтрүүлсний ачаар Блэйк амьтай голтой хэвээр байв. Хэн ч түүнд туслахгүй гэх магадлалтай Блэйк нүүр тулж чадахгүй. Түүний амь нас аюул заналд өртөөд байгааг хүмүүс анзаарахгүй, мөн хатагтай Комптон түүнийг Шэйди хиллд оройн хоол хамт идэхээр ядуу зүдүү хамаатнаа авч яваа гэж бодсон гэх магадлалыг тэр дараа нь тунгаах байлаа. Тэгтэл хатсан аманд нь шүлс дүүрч, тэр ярьж чадахтайгаа болов.

“Дэнт авхай?”

“За?”

“Та яг юу хүсээд байгаа юм бэ?”

“Би чамтай ярилцмаар байна.”

“Та оффист минь ирж болно шүү дээ.”

“Үгүй шүү. Би тийшээ чинь хоёр долоо хоногийн турш өдөр бүр очсон.”

“Та цаг тохирч болно.”

“Үгүй. Бид энд ярилцсан нь дээр. Би чамд захиа бичсэн ч гадагш гарч захиагаа явуулж чадахааргүй өвдсөн. Би захиандаа бүхий л бодлоо бичсэн. Би аяллаар явах дуртай. Галт тэргэнд дуртай. Гэхдээ би хэзээ ч аялах мөнгөтэй байгаагүй. Чи гаднах энэ байгалийг орой бүр харсаар, одоо анзаарахаа больсон биз, харин удтал хэвтэрт байсан хүнд бол энэ тун сайхан байна. Бурхныг гол мөрөнд ч, уул нуруунд ч байхгүй гэлцдэг ч миний бодлоор тэр тэнд байгаа. Цэцэн ухаан хаана байна? Ухаарлын орон хаана байна? Надад байхгүй гэж гүн гүнзгий ангал хэлнэ; надад ч байхгүй гэж далай тэнгис хэлнэ. Бид хүчийг өөрсдийн чихээр сонссон гэж сүйрэл, үхэл хэлнэ.

“Юу бодож байгааг чинь би мэднэ,” гэж бүсгүй хэллээ. “Чи намайг галзуурчхаж гэж бодож байгаа, тийм ээ, би дахиад өвдсөн, гэхдээ одоо би эдгэрнэ. Чамтай ярьснаар бие сэтгэл минь дээрдэнэ. Чамтай ажиллахаар ирэхээсээ өмнө би хэзээ ямагт эмнэлэгт байсан, гэвч тэд намайг эмчлэх гэж оролдоогүй, харин ердөө өөртөө итгэх итгэлийг минь үгүй хийхийг хичээсэн. Би гурван сарын турш ажил хийгээгүй. Би чамайг цааш нь харууллаа ч тэд намайг буцаагаад эмнэлэгт хэвтүүлэхээс өөр яах ч үгүй, тэгэхээр надад айх юм байхгүй гэдгийг ойлгож байгаа биз дээ? Гэхдээ хоёулаа дахиад жаахан чимээгүй сууя. Би тайвшрах хэрэгтэй байна.”


Галт тэрэг голын эрэг даган өгсөх зуур Блэйк зугтах төлөвлөгөө боловсруулах гэж хүчилсэн хэдий ч амь насанд нь шууд заналхийлж буйгаас үүдэн төлөвлөгөө боловсруулахын оронд, энэ хүүхнээс зугтаж ямар олон арга зам байсныг эргэцүүллээ. Ийнхүү харамсан бодмогцоо ингэх нь ямар ч нэмэргүй гэдгийг ухаарав. Бүсгүйн бүрэг ичимхий зан, өөртөө итгэлгүй байдал, савраар самардчихсан юм шиг бичгийн хэвийг нь анзаараад анхаарч болгоомжлоогүй гэдэгтээ харамсахтай агаар нэг байлаа, энэ.  Одоо түүнд алдаагаа засах боломж байхгүй, тэр ч (насанд хүрснээсээ хойш магадгүй анх удаа) өөрийн алдаандаа бүрэн харамсав. Цонхоор хартал, бараг харанхуй гэмээр болсон голд загасчилж буй хэдэн эр, дараа нь, давлагаанд хөөгдөж голын эрэг дээр хаягдсан өөдөс цуудсыг зүйгээд хадчихсан юи шиг төрхтэй намсархай завины овоохой харагдлаа.

Ноён Уоткинс дугхийжээ. Хурхирч байв. Хатагтай Комптон сониноо уншина. Галт тэрэг чихарсаар, өөр нэг буудалд тэнхээгээ барсан мэт зогсов. Хот руу явахаар цөөн хэдэн зорчигчийн хүлээж буй өмнөд рүү хөдлөх тавцан харагдана. Үдийн хоолны саваа барьсан ажилчин, ганган хувцасласан эмэгтэй, чемодантай эр гурав галт тэрэг хүлээнэ. Тэд өөр хоорондоо зайтай зогсжээ. Арын хананд нь сурталчилгаа наасан байх аж. Хундагатай дарс тулгаж буй хосын зураг, “Муурны савар” хаймар улны зураг, хавай бүжигчний зураг. Тэдний хөөр баясгалан, тавцан дээр тогтсон шалбаагнаас давж чадахгүй, тэндээ дуусна. Тавцан ч, хүмүүс ч ганцаардсан харагдана. Галт тэрэг зогсоолоос хөдөлж, захын хорооллын оочин тоочин гэрэл дунд орсноо, харанхуй хээр тал, гол мөрөн рүү зүглэв.

“Шэйди хиллд хүрэхээс өмнө захиаг минь унш,” гэж бүсгүй хэллээ. “Суудал дээр байгаа. Алив ав. Би чам руу шуудангаар илгээх гэсэн ч гадагш гарч чадахгүй өвчтэй хэвтсэн. Хоёр долоо хоног гадагш огт гараагүй. Гурван сар ямар ч ажил хийгээгүй. Байр хөлслөгч эмэгтэйгээс өөр хэнтэй ч яриагүй. Алив, гуйя, захиаг минь унш.”

Блэйк суудал дээр бүсгүйн тавьсан газраас захиаг нь авав. Захидлын хямдсан цаас гарт нь сэжгийн, заваан мэдрэгдэв. Захидлыг олон дахин эвхэж дэлгэжээ. “Хайрт нөхөр минь,” гэж бүсгүй мөнөөх янзаараа хайш яайш таваргуулан бичжээ, “хоёр хүний хайр сэтгэл тэднийг бурхны хайр тийш хөтөлдөг гэлцдэг, гэхдээ энэ үнэн гэж үү? Би чамайг шөнө бүр зүүдэлдэг. Дотор минь аймшигтай дур хүсэл оргилж байна. Би хэзээд зүүдлэх авьяастай байсан. Мягмар гарагт би цусаар бургилж буй галт уул зүүдэлсэн. Намайг эмнэлэгт байхад, тэд намайг эмчилнэ гэсэн ч угтаа өөртөө итгэх итгэлийг минь үгүй хийхийг хичээсэн. Тэд намайг оёдол хатгамал, сагс сүлжих тухай л зүүдлээсэй гэж хүссэн ч би зүүд зүүдлэх авьяас чадвараа хамгаалж чадсан. Би зөн билигтэй. Харилцуур утас хэзээ дуугарахыг хэлж чадна. Энэ насандаа би хэзээ ч жинхэнэ найзтай байгаагүй...”

Галт тэрэг дахиад зогсов. Өөр тавцан, хундага тулган ууж буй хос, хаймар ул, хавай бүжигчний өөр нэг зураг. Бүсгүй гэнэтхэн нүүрээ Блэйкийнх рүү ойртуулан, чихэнд нь шивнэв. “Юу бодож байгааг чинь би мэднэ. Царайнаас чинь илт байна. Шэйди хиллд надаас салчихна гэж бодож байгаа биз, тийм үү? Яалаа гэж дээ, би үүнийг олон долоо хоногийн турш төлөвлөсөн. Би энэ тухай л бодсон. Ярихыг минь чимээгүй сонсох юм бол би чамд муу юм хийхгүй. Би ад чөтгөрийн тухай их боддог. Хорвоо ертөнцөд ад чөтгөрүүд байдаг бол, ад чөтгөрийг төлөөлөх хүмүүс байдаг бол, тэднийг устгах нь бидний үүрэг биз дээ? Сул дорой хүмүүсийг ангуучилдгийг чинь би мэднэ. Ямар ч эргэлзээгүй. Заримдаа зүгээр л чамайг алчихмаар санагддаг. Аз жаргалд хүрэхэд минь чи л саад болоод байгаа юм шиг ч санагддаг. Заримдаа...”

Бүсгүй буугаа Блэйкийн биед хүргэв. Блэйк хэвлийн хэсэгтээ бууны амыг мэдэрлээ. Ийм зайнаас бууны сум бие нь нэвтэрлээ гэхэд орсон газартаа жижигхэн нүх үлдээнэ, харин биеэс гарсан газарт нь хөл бөмбөгийн бөмбөг шиг том нүх гарна. Дайны үеэр үзэж харсан булшлаагүй цогцсуудаа Блэйк санав. Дурсамж санаанд нь даруй буулаа: гэдэс дотор, нүд, үйрсэн яс, өтгөн болон бусад бохир заваан зүйл.

“Би амьдралдаа ердөө жаахан хайр л хүссэн юм,” гэж бүсгүй хэлэв. Буугаа хүчтэй тулгахаа больжээ. Ноён Уоткинс унтсаар. Хатагтай Комптон өвөр дээрээ гараа тавиад тайван сууж байна. Вагон зөөлөн гуйвсхийн, үүнийг даган цонхнууд хооронд өлгөгдсөн пальтонууд, мөөгний өнгөтэй борооны цувнууд хөнгөн найгалзав. Блэйк өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч цонхны тавцанг тохойлдож, зүүн хөлөөрөө уурын хоолойг жийсэн байлаа. Вагон дүнсгэр анги танхим шиг үнэртэнэ. Зорчигчид нойронд автан, бие биеэсээ хөндийрсөн мэт санагдаж, халуун агаар, нойтон хувцас, бүдэг гэрлээс хэзээ ч зугтаж чадахгүй мэт сэтгэгдэл Блэйкт төрлөө. Өөрийгөө хуурах юм бодож сэтгэл санаагаа өөд татъя гэж бодсон ч өөрийгөө хуурах, итгэл найдвар төрүүлэх ямар ч эрч хүч үлдээгүй аж.

Кондуктор хаалгаараа толгойгоо цухуйлган, “Шэйди хилл, дараагийн зогсоол, Шэйди хилл,” гэж зарлав.

“За алив, өмнө минь гараад яв,” гэж бүсгүй хэллээ.

Ноён Уоткинс гэнэтхэн сэрээд, цув, малгайгаа өмсөн, хатагтай Комптон руу харж инээмсэглэв. Хатагтай эх хүний ая намбаар ачаа бараагаа цуглуулж байх аж. Тэд хаалга руу хамтдаа урагшлав. Блэйк тэдэнд нэгдсэн ч хөршүүдийн хэн нь ч түүнтэй ярьсангүй, ар нь дагаж яваа эмэгтэйг ч анзаарахгүй байгаа бололтой. Кондуктор хаалгыг савж нээхэд, буухиа галт тэргэнд сууж амжаагүй өөр хэдэн хөрш нь аян замаа дуусгаж гэрийн бараа харах санаатай хажуугийн вагоны үлбэгэр гэрэлд хүлээн зогсож байгаа нь харагдав. Блэйк толгойгоо дээш өргөн, онгорхой хаалгаар, хотхоны гаднах хаягдмал харш, модонд хадсан “нэвтрэхийг хориглоно” гэх бичиг, нефтийн ёмкостиудыг харлаа. Гүүрний цементэн тулгуур багана онгорхой хаалганы хажуугаар тун ойрхон, гараа сунгаад хүрчхэж болохоор зайд өнгөрөв. Хойд зүгт хөдлөх галт тэрэгний тавцан дээрх эхний гэрлийн шон, хар болон алтлаг өнгөөр бичсэн “шэйди хилл” гэх бичиг, сууц өмчлөгчдийн холбооны арчилдаг бяцхан зүлэг, цэцгийн мандал, үүний дараагаар таксины зогсоол, хуучны хэв маягтай агуулах харагдлаа. Дахиад бороо орж эхэлжээ; энэ удаа бүр хувингаар цутгах мэт асгаруулж байв. Ус цалгих чимээ сонсогдож, тогтоол ус, толигор зам дээр гэрэл тусан ойж, ус дусах, цалгих чимээ түүнд хоргодох байрыг сануулна. Амьдралынх нь бүрмөсөн мартагдсан мөчлөгт хамаарах мэт тун хөнгөн, хачин бодол.

Бүсгүйг араасаа дагуулсаар доош шатаар буулаа. Зогсоолын хажууд арван хэдэн машин асаалттай хүлээж зогсоно. Вагон бүрээс зорчигч буулаа; Блэйк тэдний ихэнхийг таних хэдий ч хэн нь ч түүнийг машиндаа дайж авч явъя гэж санал болгосонгүй. Зорчигчид борооноос зугтаан тавцан дээр хоргодохоор нэг хоёроороо салж явахтай зэрэгцэн машинууд тэднийг дуудан дохиогоо хангинуулав. Гэртээ харих, уух, хурьцах, оройн хоолоо идэх цаг; Блэйк овоон дээр асах гэрлүүдийг харлаа. Бороонд гялтагнах энэ гэрэлд хүмүүс хүүхдүүдээ усанд оруулж, мах шарж, аяга тавгаа угааж байгаа. Гэрийн эзэд нэг нэгээрээ машиндаа суун, ердөө дөрвөн хүн үлдэв. Унаагүй хоцорсон хоёр зорчигч тосгоны цор ганц таксинд суулаа. “Уучлаарай, хонгор минь, манай бүх цаг хоцорч явдаг бололтой,” гэсээр нэг эмэгтэй хэдэн минутын дараа ирж нөхрөө авав. Үлдсэн ганц эр бугуйн цаг руугаа нэг, бороо руу нэг хараад, бороонд дундуур алхалж одоход, Блэйк үдэшлэгээс тарж яваа найзтайгаа биш, харин аргагүйн эрхэнд сэтгэл, зүрхээрээ салж буй андтайгаа салах ёс хийхийг хүсэх аятай араас нь харлаа. Мөнөөх эрийн явган хүний замыг чиглэн машины зогсоолоор хөндлөн гарч буй хөлийн чимээ дуулдаад, удалгүй бүдгэрч замхарлаа. Галт тэрэгний буудалд нэг утас дуугарч эхлэв. Жигд хэмнэлтэй, чанга, уйтай дуунд хэн ч хариу өгсөнгүй. Олбани руу хөдлөх дараагийн галт тэрэгний талаар хэн нэгэн лавлах гэсэн ч өртөө хариуцагч ноён Флэннаган гэрээ барааджээ. Явахаасаа өмнө бүх гэрлээ асаасан харагдана. Хүлээлгийн хоосон өрөөнд бүх гэрэл асаж байна. Тавцангийн дээгүүр, доогуур, өөр хоорондоо тодорхой зайтай, цагаан тугалган өнгөтэй, ямар ч зорилгогүй, бүдэг, жигтэй уйтай гэрэл асна. Хавай бүжигчин, хундага тулган уух хос, хаймар улыг гэрэлтүүлнэ.

“Би энд өмнө нь хэзээ ч ирж байгаагүй. Арай өөр байх гэж бодсон юм. Ийм хариугүй харагдана гэж мэдсэнгүй. Алив гэрлээс гаръя. Тийшээ яв,” гэж бүсгүй хэллээ.

Блэйкийн хөл өвдөх шиг санагдав. Ямар ч тамир тэнхээ үлдээгүй бололтой. “Алив яв,” гэж бүсгүй шавдуулав.

Өртөөний хойд талд төмөр замын ачааны агуулах, нүүрсний талбайнаас гадна махны худалдагч, нарийн боовны газрын эзэн, өртөөний даамал гурвын бүтэн сайн өдөрт загасчилдаг жижиг завинуудаа аргамжилсан усан зогсоол байна. Завинууд одоо бороонд хажуу ирмэгээ хүртэл усанд автжээ. Блэйк ачааны агуулахыг чиглэн алхангаа, газар юу ч юм хөдлөх, хяхтнах чимээ сонсоод хартал, нэг хулгана цаасан уутнаас толгойгоо гаргаад түүн рүү харж байв. Тэгснээ уутаа зуугаад, усны хоолой руу чирээд орчих нь тэр.

“Зогс,” гэж бүсгүй хэллээ. “Эргэж хар. Би чамайг өрөвдөх ёстой. Наад хөөрхийлөлтэй царайгаа хараач. Гэхдээ намайг ямар зовлон үзэж туулсныг чи мэдэхгүй. Би өдрийн цагаар гадагшаа гарахаас айдаг. Хөх тэнгэр дээрээс минь хөмөрчихнө гэж айдаг. Би яг аймхай бөжин шиг. Орой харуй бүрий ороход л дээрддэг. Гэсэн ч би чамаас хавьгүй дээр. Би одоо ч хааяадаа сайхан зүүд зүүдэлдэг. Зугаалга, диваажин, хүн төрөлхтний ах дүүсийн харилцаа, сарны гэрэлд харагдах цайз, эргээрээ дүүрэн уд модтой гол мөрөн, харь холын хотуудыг зүүдэлдэг, тэгээд ч би хайрын тухайд чамаас илүү ихийг мэднэ.”

Харлаж бараантах голоос завины ил хөдөлгүүрийн дүнгэнээн сонсогдож, өнгөрч одсон зунууд, өнгөрч одсон зугаа цэнгээний тааламжтай, тодхон дурсамжийг харанхуй усан дээгүүр араасаа дагуулав. Блэйкт чихүүдэс төрж, тэрээр харанхуй уулс, дуу дуулах хүүхдүүдийн тухай бодлоо. “Тэд намайг эмчилнэ гэсэн ч үнэндээ,” гэж бүсгүй хэлэв. “Тэд...” Хойд зүгээс айсуй галт тэрэгний нүргэлэх чимээ бүсгүйн дууг дарсан ч тэрээр цааш үргэлжүүлэн ярьсаар байв. Галт тэрэг Блэйкийн чих, хүмүүсийн ууж, идэж, унтаж, уншиж буй цонхыг дүүргэм их дуу хадаасаар өнгөрлөө. Гүүрнээс цааш далд ороход, дуу нь ч мөн бүдгэрэн, бүсгүйн түүн рүү, “Доошоо сөхөр! Сөхөр! Хэлснээр минь хий. Алив доошоо сөхөр!” гэж хашхирч буйг Блэйк сонсов.


Тэр доош өвдөглөн суулаа. Толгойгоо гудайлгав. “За болж байна,” гэж бүсгүй хэллээ. “Хэлснийг нь хийх юм бол би чамд хор хөнөөл учруулахгүй. Учир нь надад тэгэх хүсэл алга. Би чамд тусалмаар байна. Гэвч царайг чинь харахаар чамд яагаад ч тусалж чадахгүй юм шиг хааяадаа санагдах юм. Хааяадаа, би эрүүл ухаантай, хайр энэрэл дүүрэн, илүү дээр байсан бол—тийм ээ, байгаагаасаа илүү дээр—бас залуу , гоо үзэсгэлэнтэй байсан бол, чамд зөв замыг харуулъя гэхэд минь, чи надаас болгоомжлохгүй байсан юм шиг надад санагддаг. Би чамаас илүү дээр хүн, илүү дээр хүн, би цаг зав, амьдралаа ингэж дэмий үрэх ёсгүй. Нүүрээ газарт наа. Нүүрээ газарт наа! Хэлснээр минь хий. Нүүрээ газарт наа.”

Блэйк доош газарт наалдлаа. Нүүрс нүүрэнд нь хүрэв. Тэр уйлсаар газарт наалдаж хэвтэв. “Би одоо дээрдлээ. Би одоо чамаас салж болно, энэ бүхнээс салж болно, учир нь надад хайр энэрэлтэй, ухаалаг зан чанар бий, би үүнийгээ дахиж олоод, хэрэглэж болно. Би одоо энэ бүхнийг ардаа орхино,” гэж бүсгүй хэллээ. Удалгүй бүсгүйн хайрга чулуун дээгүүр дэргэдээс нь холдох хөлийн чимээ Блэйкт дуулдав. Тавцангийн хатуу гадаргуугаас гарах илүү холын, илүү тодхон чимээ сонсогдлоо. Блэйк толгойгоо өндийлгөв. Бүсгүй явган хүний модон гүүрний шатаар дээш өгсөж, гүүрээр гараад, нөгөө талын тавцан руу уруудаж байна. Бүдэг гэрэлд бүсгүй аюул заналгүй, нүдэнд тусах зүйлгүй, жижигхэн харагдана. Блэйк болгоомжлонгуй өндийн, бүсгүйн түүнийг аль хэдийн мартсныг байдал төрхөөс нь ойлгоод дээш бослоо; бүсгүй хүссэнээ гүйцэлдүүлсэн, Блэйк аюулгүй. Тэр босож, газар унасан малгайгаа аваад, гэрийн зүг алхлав. 

 

Жон Чивер (1912 – 1982) америк роман, өгүүллэгийн зохиолч. “Захын дүүргийн Чехов” гэх хочтой. “Аварга том радио”, “Дүү минь, баяртай”, “Тав дөчин наймын галт тэрэг”, “Хөдөөгийн нөхөр”, “Сэлэгч” зэрэг өгүүллэгээрээ алдаршсан энэхүү зохиолч хүний мөн чанарын хоёрдмол байдлын тухайд гол төлөв өгүүлдэг. Дүрүүд нь гадаад нийгэм дэх нэр хүнд, дотоод сэтгэлийн доройтол хоёрынхоо дунд гацсан байх нь түгээмэл. Өгүүллэгийн түүвэр нь 1979 онд Пулицерийн шагнал, Америкийн үндэсний ном шүүмжлэгчдийн шагналаас гадна 1981 онд Үндэсний номын шагналыг хүртсэн.

Tuesday, June 7, 2022

Доналд Бартелм | Сургууль

 

Доналд Бартелм

Сургууль

(өгүүллэг)


Бид сурагчдыг бүгдийг нь гадагш мод суулгуулахаар гаргасан юм. Учир юу вэ гэвээс, бид бодохдоо... энэ чинь тэдний олж авах учиртай боловсролын нэгээхэн хэсэг шүү дээ; тэд модны үндэс ямар бүтэцтэйг хараг гэж, хариуцлага гэж юу байдгийг ойлгог, өрөөл бусдыг халамжилж сураг, хувь хүний хариуцлагатай болог гэж л. Юу гэх гээд байгааг минь та ойлгосон байх. Тарьсан мод маань бүгд үхсэн. Жүржийн мод байсан юм. Чухам юунаас болсон юм бүү мэд, ямартай ч бүгд үхсэн. Хөрс ялзмагтай холбоотой байх, эсвэл бидний мод үржүүлгийн газраас авсан суулгац тийм сайн байгаагүй биз. Бид энэ талаар гомдол мэдүүлсэн. Манай анги гучин сурагчтай, сурагч бүр нэг мод тарьсан гэхээр нийт гучин мод үхсэн гэсэн үг. Хүүхдүүд үхчихсэн бяцхан бор мөчир лүүгээ хараад л, үнэхээр сэтгэл гутармаар.

Уг нь ч учиргүй гуньхраад байх хэрэг биш л дээ, гэвч суулгасан моднууд маань үхсэнээс хойш нэг долоо хоногийн дараагаар могойнууд бүгд үхчих нь тэр. Могойны тухайд миний бодол гэвэл... нөгөө юу, могойнууд энэ ертөнцийг орхиж одсоны шалтгаан гэвэл... ажил хаялтаас болоод дөрвөн хоногийн туршид бойлер ажиллаагүй, үүнээс болсон байх магадлалтай. Ажил хаялттай холбоотойгоор үүнийг сурагчдад тайлбарлаж ойлгуулж болно. Би юу гэх гээд байна вэ гэхээр, ямар ч эцэг эх ажил хаялт зарлаж буй хүмүүсийн жагсах зурвас руу хүүхдээ нэвтрэхийг зөвшөөрөхгүй, сурагчид ч ажил хаялт болж байгааг, ажил хаялт гэж юу болохыг мэднэ. Тиймээс ч ажил хэвийн горимоороо үргэлжилж эхлэхэд, могойнууд үхсэн байхыг хараад хүүхдүүд тэгтлээ үймрээгүй.

Ургамал ногоо тарьсан цэцэрлэгийн хувьд гэвэл, ерөнхийдөө хэт усалснаас үүдэлтэй болов уу, гэхдээ одоо сурагчид ургамлыг хэт услах хэрэггүй гэдгийг мэддэг болсон. Хүүхдүүд ургамалдаа маш их хайртай байсан учир, зарим нь... бидний нүдийг хариулж байгаад арай л их усалчихсан байх. Эсвэл магадгүй... хэдийгээр өмнө нь бидэнд ийм явдал тохиолдсон ч гэлээ би шууд л хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлмээргүй байна. Юу гэхээр, ийм магадлал байж болох юм гэсэн бодол бидэнд төрсөн. Бид яагаад ингэж бодсон бэ гэвэл, үүнээс өмнө чичүүлүүд, цагаан оготнууд, гүлмэрүүд үхсэн... Хүүхдүүд одоо үгүйдээ л амьтдыг гялгар уутанд хийж авч явж болохгүй гэдгийг ойлгосон.

Аквариумын загаснууд тийм урт наслахгүй гэдэг нь угаас тодорхой байсан, ер гайхах явдалгүй. Бүр анхнаасаа ойлгомжтой, хачин мурилзаж сэлээд л, нэг харахад гэдсээ дээш нь харуулаад, усны мандал дээр хөвж байдаг юм. Гэхдээ сургалтын хөтөлбөрт ийм хичээл орсон учир, аквариумын загас шаардлагатай, бидэнд үүнээс сэргийлэх боломж байхгүй, ердөө л үүнийг аль болох хурдхан шиг өнгөрүүлэхийг хичээнэ.

Бид гөлөгтэй болох ёсгүй байсан.

Сургуульд гөлөг тэжээнэ гэсэн юм сургалтын хөтөлбөрт байхгүй, ердөө л Мэрдок охин Гристедийн ачааны машины доор гөлөг байхыг хараад, жолооч ачаагаа буулгаад хөдлөхөд гөлөг машинд дайруулна гэж айсандаа гөлгийг цүнхэндээ хийгээд сургууль дээр аваад ирсэн юм билээ. Ингээд л бид гөлөгтэй болсон. Анх харахад л надад, “Бурхан минь, энэ хоёр долоо хоногоос илүү наслахгүй,” гэсэн бодол төрсөн, тэгээд дараа нь... Юм болдгоороо болсон. Ер нь бол гөлөг анги танхимд ч байх ёсгүй, бидэнд энэ талаар тодорхой заасан дүрэм журам бий. Гэвч гөлгийг хэдийн ангид аваад ирсэн, нөгөөх нь сурагчдын өмнүүр дэгдэж гүйгээд, хав хав хавлаад байхад, хүүхдүүдэд ангид нохойн гөлөг тэжээж болохгүй гэж яаж хэлэх билээ дээ. Гөлөгт “Эдгар” гэж нэр өгсөн... тийм ээ, миний нэр. Сурагчид гөлөгнийхөө араас гүйлдээд, “Алив, Эдгар, сайн байна, Эдгар,” гэж хашхиралдана. Дараа нь учиргүй хөхрөлдөнө. Далдуур егөөдөх тэдэнд таалагддаг. Надад ч бас таалагдсан. Надаар доог тохуу хийхэд би дургүйцэхгүй. Сурагчид багажны шүүгээнд гөлгөндөө зориулж үүр барьсан. Гөлөг маань яагаад үхчихсэн юм бүү мэд. Нохойны тахал өвчин[1] туссан байх. Вакцин ч хийлгээгүй биз. Би ийм юм болно гэдгийг мэдэж байсан учир өглөө бүр хүүхдүүдээс урьтаж сургууль дээр ирж шүүгээг шалгаж байлаа. Үхчихсэн байхыг нь хараад цэвэрлэгчид өгсөн.

Түүнээс гадна, бид “Хүүхдэд тусалъя” хөтөлбөрийн хүрээд ангиараа өнчин солонгос хүүхэд үрчилж авсан юм. Хүүхэд бүрээс сардаа 25 цент хандивт авч шуудангаар явуулахаар тохирсон. Тэр ёстой золгүй хүүхэд, нэр нь Ким гэсэн; бид түүнийг арай хожуу үрчилж авсан байх, эсвэл өөр шалтгаантай ч байж мэднэ. Бидэнд ирүүлсэн захианд нас барсан шалтгааныг нь бичээгүй, харин өөр хүүхэд үрчилж авж болно гэж санал болгоод, зарим сонирхолтой түүх намтартай хүүхдийн талаар өгүүлсэн байв. Гэхдээ бид дахиж хүүхэд үрчилж зүрхэлсэнгүй. Сурагчид энэ явдлыг арай л гэж давж гараад, энэ сургууль ер нь муу ёртой юм байна гэж сэжиглэж эхэлсэн бололтой. (Надад энэ талаар хэн ч нарийн тодорхой юм хэлээгүй учир би ердөө ингэж таамаглаж байгаа юм.) Миний хувьд, би энэ сургуулийг муу ёртой гэж бодохгүй байна, би үүнээс дээр ч сургууль үзсэн, доор ч сургууль үзсэн. Ердөө л золгүй явдлууд санамсаргүй байдлаар ар араасаа цуварсан хэрэг. Жишээлбэл, сургуульд хүүхдээ явуулдаг эцэг эхчүүдийн дунд нас барах явдал хэвийн бус гэмээр их тохиолдсон. Хоёр хүн цус харваж, хоёр хүн амиа хорлож, нэг хүн усанд живж, дөрвөн хүн замын ослоор нас барсан байх. Түүнчлэн эмээ өвөө нарын дунд ч нас баралт жам ёсоороо өндөр, эсвэл энэ жил ердийнхөөс арай өндөр гарсан байх. Эцэст нь мөнөөх эмгэнэлт явдал.

Мэтью Уэйн, Тони Маврогордо хоёр, засгийн газрын шинэ барилга барихаар суурийн нүх ухсан газар тоглож байх үед уг эмгэнэлт явдал тохиолдсон. Суурь нүхтэй залгуулаад том том дүнз хураачихсан байсан юм. Энэ талаар шүүхэд зарга мэдүүлсэн, эцэг эхчүүдийн хэлэхээр, дүнзнүүдийг хайш яайш хураасан байсан бололтой. Хэнийх нь зөв, хэнийх нь бурууг мэдэх юм надад алга. Угаасаа их хачин жил болж өнгөрч байна.

Билли Брэндтийн аав гэрт нь дайрч орж ирсэн багтай хүнтэй ноцолдож байгаад хутгалуулж нас барсныг дурдах ч юм биш.

Нэг өдөр бид ангидаа хэлэлцүүлэг явууллаа. “Тэд бүгд хаашаа явсан бэ?” гэж сурагчид надаас асуув. Тэр мод, аквариумын загас, Эдгар, эцэг эхчүүд, Мэтью, Тони, тэд бүгд хаачсан бэ? Би, “Би мэдэхгүй, мэдэхгүй,” гэж хариулсан. “Хэн мэдэх вэ?” гэхэд нь, “ Хэн ч мэдэхгүй,” гэж хэллээ. “Амьдралыг утга учиртай болгодог зүйл нь үхэл юм уу?” гэж асуухад нь, “Үгүй, амьдралыг утга учиртай болгодог зүйл нь амьдрал өөрөө юм,” гэж хэлэв. “Гэхдээ өдөр тутмын амьдралын гарцаагүй хүлээн зөвшөөрөгдсөн нэгийн хэвийн уйтгартай үйл явцыг тодорхой чиглэлд хандуулж утга учир өгдөг суурь өгөгдөл нь үхэл биш гэж үү?” гэж сурагчид асуулаа.

“Тийм ээ, магадгүй л юм.”

“Бидэнд энэ таалагдахгүй байна.”

“Мэдээж, тэгэлгүй яах вэ.”

“Ёстой ичмээр юм!

“Тийм шүү.”

“Бид хүмүүс яаж хурьцдагийг хармаар байна. Та Элентэй (манай туслах багш) одоо хурьцаж болох уу?” гэж сурагчид хэлэв.

Элен надад таалагддаг, гэхдээ би “Үгүй ээ, би түүнтэй хурьцахгүй,” гэлээ.

“Бид энэ талаар маш их юм сонссон ч, ер харж байгаагүй.”

“Тэгвэл би ажлаасаа хөөгдөнө, тэгээд ч тэр ажлыг бусдад харуулахын тулд хийдэггүй юм,” гэж би сурагчдад тайлбарлав. Элен цонхоор гадагш харна.

“Тэг л дээ, бид гуйж байна шүү дээ, та Элентэй хурьц л даа, бид амьдралын үнэ цэнийг мэдэрмээр байна, бид айж байна.”

Би тэдэнд ер айх хэрэггүй, амьдралын үнэ цэн хаа сайгүй бий, (хэдийгээр би өөрөө үе үе айдаг ч гэлээ) гэж учирлалаа. Элен над руу ойртож, намайг тэврэв. Би түүнийг хөмсөг дээр нь хэдэнтээ үнслээ. Бид тэврэлдэв. Хүүхдүүд догдолцгоожээ. Гэтэл хаалга тогших чимээ гарч, очиж хаалгыг нээхэд минь, шинэ чичүүл дотогш орж ирэх нь тэр. Сурагчид жигтэй их баярлаж хөөрцгөөв.

 

 

Орчуулсан: Г. Сугиррагчаа



[1] Distemper

Tuesday, May 3, 2022

Чарльз Буковски | ЭРГЭЖ ИРСЭН НЬ


(өгүүллэг)


Би Рэмпартын автобусны зогсоолд буугаад, Коронадо руу хэсэг явж, өгсүүрээр дээш өгсөн гэрийнхээ үүдэнд зогсов. Нар гарыг минь ээх зуур хэсэг хүлээгээд, дараа нь түлхүүрээ олоод, хаалгыг нээгээд, дээд давхарт гарлаа.
Мэж, “Хэн бэ?” гэв.
Би хариу хэлсэнгүй. Аажуухан дээш өгслөө. Царай минь зонхийж, бие минь тамирджээ.
“Хэн бэ? Хэн бэ гэж байна шүү!”
“Мэж, сандрах хэрэггүй, би байна.”
Би шатны дээд гишгүүрт зогсов. Мэж ногоон торгон хуучин даашинзаа өмсчихсөн буйдан дээр сууж байна. Гартаа мөстэй вискитэй хундага барьжээ; тэр угаасаа ингэж уух дуртай.
Мэж, “Хайрт минь,” гээд над руу үсэрч ирэв. Баярласан бололтой, намайг үнслээ.
“Харри, энэ үнэхээр чи гэж үү?”
“Магадгүй, тэсэж чадвал ч. Унтлагын өрөөнд хүн байгаа юм уу?”
“Яалаа гэж дээ! Юм уух уу?”
“Ууж болохгүй гэсэн. Чанасан тахиа, зөөлөн болгосон өндөг л идэх юм байх. Жагсаалт гаргаж өгсөн.”
“Муусайн новшнууд. Суу. Усанд орох уу? Юм ид.”
“Үгүй, жаахан байзная.”
Би сандалд суугаад, “Мөнгө хэр үлдсэн бэ?” гэж асуулаа.
“Арван таван доллар.”
“Хурдан үрсэн байх шив.”
“Юу...”
“Байрны хөлсөө төлсөн үү?”
“Хагас сар төлөөгүй. Харри, би ажилд ороогүй л байна.”
“Би мэднэ ээ. Машин ойр хавьд харагдсангүй. Хаана байгаа юм?”
“Муу мэдээтэй. Нэг хүнд унуулсан чинь юм мөргөчихсөн. Чамайг ирэхээс өмнө засуулж амжина гэж бодсон юм. Одоо булангийн завсарчинд байгаа.”
“Асаж байгаа юм уу?”
“Асна, урд талыг нь засаг гэж өгсөн юм,”
“Урд тал нь цөмрөх яах вэ. Радиатор, гэрэл нь зүгээр байвал унаж болно.”
“Харри, боль доо! Би зөв гэж бодсоноо л хийж байна шүү дээ!”
“Би удахгүй.”
“Харри, хаачих нь вэ?”
“Машинаа шалгая.”
“Маргааш шалга. Харри, бие чинь сайнгүй байна. Суу, ярилцъя.”
“Би удахгүй. Чи мэднэ дээ, би ажил дутуу орхих дургүй.”
“Харри. Арай ч дээ!”
“Нэг маань энэ завийг живүүлэлгүй авч үлдэх хэрэгтэй. Чи авч үлдэхгүй нь ойлгомжтой болохоор..!”
“Нээрэн шүү, Харри. Би өдөр бүр гадуур явж ажил хайсан. Ямар ч ажил олоогүй.”
“Арван таван доллараа.”
Мэж цүнхээ аваад ухаж эхлэв.
“Надад орой лонх дарс авах мөнгө үлдээ. Энэ лонх дуусах нь. Эргэж ирснийг чинь тэмдэглэе.”
“Тэгэлгүй яах вэ, Мэж.”
Мэж цүнхнээсээ нэг аравт дөрвөн нэгт гаргаж ирээд над руу сунгав. Би цүнхийг нь шүүрч аваад доош нь сэгсэрлээ. Доторх нь тэр чигтээ орон дээр тарж унав. Бутархай мөнгө, жижиг лонхтой порто дарс, нэг нэгт, нэг тавт. Мэж тавтыг авах гэж ухасхийсэн ч би түүнээс түрүүлж шүүрээд, нүүрийг нь дээш өндийлгөөд алгадлаа.
“Өөдгүй новш! Ер хэвээрээ байх шив. Новшийн амьтан яг хэвээрээ.”
Тэгээд л би үхэхгүй байгаа юм.”
“Дахиад цохих юм бол би явна шүү.”
“Чамайг зодох дургүйг минь мэднэ биз дээ, хонгор минь.”
“Намайг зодох ч яах вэ, чаддаг юм бол гарч эр хүнтэй зодолдооч. Айж байгаа биз дээ?”
“Юун тэнэг юм ярьдаг юм бэ?”
Би тавтыг аваад доош буулаа.

Машин засварын газар байшингийн буланд. Намайг дотогш орох үед нэг япон залуу машинд шинээр тавьсан урд гуперт гялалзсан будаг түрхэж байлаа. Би хажууд нь очоод,
“Бурхан минь, жинхэнэ Рембрандт болоо шив,” гэлээ.
“Энэ таны машин уу?”
“Тийм. Хэдийг төлөх вэ?”
“Далан таван доллар.”
“Юу?”
“Далан таван доллар. Энэ машиныг нэг хатагтай авчирсан.”
Үүнийг нэг янхан авчирсан. Аан гээ, энэ машины өмнөх үнэ нь ч далан таван доллар хүрэхгүй, одоо ч ялгаагүй. Би наадхыг чинь машины сэг зардаг газраас таван доллараар авсан юм.”
“Гэхдээ эрхэм ээ, хатагтай хэлэхдээ...”
“Хэн?”
“Юу, тэр хүүхэн хэлэхдээ...”
“Тэр надад хамаагүй. Би эмнэлгээс дөнгөж гараад байна. Чамд дараа нь цувуулаад төлж болох юм. Би одоогоор ажилгүй, надад машин хэрэгтэй байна. Бүр яг одоо. Ажилд орохоороо чамд мөнгийг чинь төлье. Жолооны үнэмлэхээ үзүүлсэн ч яах вэ. Чи миний хаана суудгийг мэднэ дээ. Хүсвэл би жолооны үнэмлэхээ авчирч харуулъя.”
“Яг одоо хэдийг төлж чадах вэ?”
“Таван доллар.”
“Арай л бага байна.”
“Би хэлсэн дээ! Эмнэлгээс дөнгөж гараад байна. Ажилд орохоороо төлье. Тавыг ав эсвэл би машинаа чамд орхиё.”
Тэр, “За,” гэв. “Танд итгэж байна. Тавыгаа өгчих.”
“Энэ тавтыг олж авах гэж юу болсныг мэдсэн бол ч.”
“Юу болсон юм?”
“За, хэрэггүй дээ.”
Тэр тавтыг авч, би машинаа авлаа. Машин минь асаж байв. Банкны тал хэртэй бензинтэй юм. Би тос, усыг нь харсангүй. Дахиад машин унах ямаршуу байх нь вэ гэдгийг мэдэх гэж жаахан явлаа. Дажгүй байв. Дараа нь архины мухлагийн өмнө зогслоо.
Хиртэй хормогчтой өвгөн, “Харри!” гэв.
Эхнэр нь ч, “Өө, Харри!” гэлээ.
Хиртэй хормогчтой өвгөн, “Хаагуур яваад байна даа?” гэв.
“Аризонад. Газрын ажлаар.”
Эмгэн, “Сол, хараа биз?” гэв. “Энэ их ухаантай хүн гэж би чамд хэлсэн дээ. Толгой нь ажилладаг хүн харваас андашгүй.”
Би, “За, хоёр багц Миллер шар айраг, лонхтойгоос нь,” гэлээ. “Өрөн дээр нэмээд биччих.”
Өвгөн, “Байзнаарай,” гэлээ.
“Яасан бэ? Би өрөө цаг тухайд нь төлдөггүй гэж үү? Онцгүй зан гаргах ямар хэрэг байна?”
“Харри, чи зүгээр. Чиний хүүхэн л. 13 доллар 75 центийн юм авсан байна.”
“13 доллар 75 цент ээ? Ямар хамаа байна? Би урьд нь өрөө хорин доллар хүргээд дараа нь төлөөгүй гэж үү?”
“Тэр ч тийм л дээ, Харри, гэхдээ...”
“Гэхдээ юу гэж? Өөр газраас юм худалдаж ав гэж үү? Энэ тооцоогоо төл гэж үү? Ердөө хоёр багц шар айраг авахад тэгэх хэрэг юу байна?”
Өвгөн, “Харри, за за,” гэв.
“За. Торонд хийчих. Нэг хайрцаг Пол Мол, хоёр хайрцаг Дач Мастерс тамхи.”
“Харри, за...”

Би дахиад шатаар өгслөө. Дээд давхарт гарав.
“Өө Харри, шар айраг аваа юу! Харри, битгий уу. Ууж байгаад үхвэл яана!”
“Тийм дээ, Мэж, харамсалтай юм болно. Гэхдээ энэ, эмч нарын мэдэх юм биш. Алив надад шар айраг задлаад аль. Ядарч үхлээ. Тэр гайтай эмнэлгээс гараад яг хоёр цаг боллоо.”
Мэж лонх шар айраг, хоёр шилэн аяга барьсаар эргэж ирэв. Өндөр өсгийтөө өмсжээ, хөлөө ачиж суухаар дотоож нь харагдав. Дажгүй хүүхэн шүү. Царайг нь эс тооцвол.
“Машинаа авсан уу?”
“Авсан.”
“Тэр жижиг биетэй япон дажгүй залуу байгаа биз?”
“Дажгүй байхгүй гээд яах вэ.”
“Юу гэж байгаа юм? Машиныг засаагүй байна уу?”
“За за, дажгүй залуу байна лээ. Чи түүнийг ийш нь авчирсан уу?”
“Харри, хэрүүл өдөх хэрэггүй шүү. Би япончуудтай унтдаггүй!”
Мэж босов. Гэдэс нь одоо хэр махгүй. Өгзөг, хөл, гуя нь яг миний хүссэнээр. Ёстой өлөгчин! Би хагас лонх шар айргаа хөнтрөөд, түүн рүү ойртлоо.
“Мэж, би чамд ёстой үхдэг шүү дээ, хонгор минь. Чиний төлөө хүн алсан ч чадна. Мэднэ биз дээ?”
Би түүн рүү бүр ойртлоо. Тэр багахан мушилзав. Би шар айрагны лонхоо шидээд босож, гар дахь дарсыг нь дуустал нь хөнтөрлөө. Олон хоногийн дараа анх удаа ингэж сэтгэл хөнгөрөх гэж. Бид, хоёр биедээ ойртлоо. Тэр галзуу улаан уруулаа долоов. Би түүнийг хоёр гараагаа хүчтэй түлхлээ. Тэр буйдан руу унав.
“Ичдэггүй янхан! Чи Голдбартад 13 доллар 75 центийн өр тавьсан юм уу?”
“Мэдэхгүй.”
Мэжийн даашинз дээш өгзөг рүү нь хунирчээ.
“Ичдэггүй янхан!”
“Намайг янхан гэхээ боль!”
“13.75!”
“Надад ёстой мэдэх юм алга!”
Би дээр нь гараад, нүүр, уруулыг нь үнсэж эхэллээ. Хөх, өгзөг, хөлийг нь иллээ. Тэр уйлж байв.
“Намайг... янхан гэж... битгий хэл... битгий... битгий... Харри, чамд хайртайг минь мэднэ дээ!”
Би босоод хивсний голд зогслоо.
“Би чамайг болгоод өгнө өө.”
Мэж инээв.
Би түүнийг босгоод, унтлагын өрөөнд аваачин ор луу шидлээ.
“Харри, чи эмнэлгээс дөнгөж гарсан шүү дээ!”
“Сайн л биз! Хагас сар цуглуулсан үрийн шингэнээ чамд тушаая.”
“Заваан юм ярихаа боль!”
“Солиор!”
Би ор луу үсэрч гарлаа. Хувцсаа аль хэдийн шударч тайлсан байсан юм.
Түүнийг илж таалсаар даашинзыг нь сөхлөө. Мах шөл нь таарсан хүүхэн.
Би удалгүй дотоожийг нь тайллаа. Хуучных шигээ түүний дотор орсон байлаа.
Найм, есөн удаа удаан зөөлөн хөдөллөө. Тэр, “Намайг тэр заваан японтой унтсан гэж бодоогүй биз дээ?” гэж асуув.
Би чамайг заваан юм болгонтой унтдаг гэж бодож байна.”
Тэр биеэ татаад намайг өөрөөсөө гаргав.
Би, “Яадаг новш вэ!” гэлээ.
“Харри, чи миний чамд хайртайг мэднэ дээ. Ингэж ярих чинь надад таалагдахгүй байна!”
“За за, чи заваан японтой унтахгүй нь тодорхой. Тоглож байхад.”
Мэж хөлөө дэлгээд би дахиад түүний дотор орлоо.
“Оох! Залуу минь, ямар ч удав даа!”
“Нээрэн үү?”
“Юу гэж байгаа юм? Дахиад хэрүүл өдөөд байна уу?”
“Үгүй үгүй! Би чамд хайртай, хонгор минь.”
Би уруул дээр нь үнсээд, хөдөлсөн хэвээр.
Тэр, “Харри,” гэв.
Би, “Мэж,” гэлээ.
Түүний зөв.
Үнэхээр уджээ.
Би өвгөнд 13 доллар 75 цент, хоёр багц шар айраг, янжуур, навчин тамхины өртэй. Лос-Анжелесийн эмнэлэгт 225 доллар, тэр заваан японд 70 доллар, дээр нь хий, цахилгаан, ус гэх мэтийн төлбөр. Бид бие биедээ наалдлаа, нэг таазан доор.
Бид хоёр хамтдаа байлаа.

Friday, June 28, 2019

Чарльз Буковски | ХОТЫН ХАМГИЙН ХӨӨРХӨН ХҮҮХЭН


(өгүүллэг)

Image result for bukowskiКасс бол эгч дүү тавын хамгийн отгон, хамгийн хөөрхөн нь. Касс бол хотын хамгийн хөөрхөн охин. Могой шиг уян налархай, халуу шатсан бие, биетэйгээ яг тохирсон нүдтэй. Касс бол шингэн урсамтгай гал. Яагаад ч тогтоож барьж дийлэмгүй хэлбэр дүрс дотор хашигдсан сэтгэл шиг. Торго шиг урт хар үс нь биеийнх нь уян налархай хөдөлгөөнийг дагаж намирна. Сэтгэл санаа нь нэг бол хөөрч дэгдэнэ, нэг бол гуньхарч гутарна. Кассын хувьд дундыг барих гэсэн зүйл үгүй. Зарим хүн түүнийг солиотой гэнэ. Уйтгартай амьтад угаас өөр юу ч гэх вэ дээ. Уйтгартай амьтад Кассыг ойлгохгүй. Эрчүүдийн хувьд Касс ердөө л секс машин, солиотой байна уу үгүй юү ямар ч хамаагүй. Касс эрчүүдтэй бүжиглэнэ, сээтгэнэнэ, үнсэлдэнэ, гэвч ганц хоёр тохиолдлоос бусдаар унтаж хэвтэх болмогц яаж ийгээд зугтаж одно.
Эгч нар нь түүнийг гоо үзэсгэлэнгээ буруу ашиглаж байна, оюун ухаанаа огт ашиглахгүй байна гэж буруутгах авч Касс ухаантай, сэтгэлтэй охин; зураг зурна, бүжиглэнэ, дуулна, шавраар элдэв баримал урлана, хүмүүс өвдөж зовж, сэтгэлээр унасан үед тэдний өмнөөс чин сэтгэлээсээ санаа зовнино. Толгой нь хүн хүнийхээс өөр ажиллана, ер хар амьдралын ухаантай гэмээргүй. Эгч нар нь Касст эхлээд эрчүүдийг нь өөртөө татлаа гэж атаархана, дараа нь эрчүүдийг нь ер ашигласангүй гэж уурлана. Касс хамгийн царай муутай эрчүүдэд эелдэг ханддаг заншилтай; царайлаг гэгддэг эрчүүд дотрыг нь муухайруулдаг юм гэнэ билээ, “Ямар ч хүсэл эрмэлзэлгүй, ямар ч урамгүй. Төгс хэлбэртэй хамар, чихнээсээ өөр юу ч бодох сөгөөгүй... тэр чигтээ өнгөц, ямар ч доторгүй...” гэж билээ. Касс яг л солиорчхоо юу даа гэмээр аашилдаг, аашилж загнахыг нь хараад зарим хүн “энэ солиорчхож” гэдэг. Аав нь архиа гударсаар талийсан, ээж нь охидоо орхиод зугтсан. Охид нь эхлээд хамаатных руугаа, тэндээсээ гэлэнмаа нарын сүм рүү шилжсэн. Гэлэнмаагийн сүм ёстой уйтгар гунигийн өлгий байж, ялангуяа Кассын хувьд. Охид Касст атаархаж, Касс тэдэнтэй зодолдоно. Хоёр ч удаагийн зодоонд биеэ хамгаалаад, солгой гараа тэр чигт нь сахлын хутганы сорвиор дүүргэсэн. Түүнээс гадна зүүн хацар дээр нь арилшгүй сорви үлдсэн ч хөөрхөн царайг нь гутаах биш харин ч тодотгожээ. Би түүнтэй гэлэнмаа нарын сүмээс гарснаас нь хойш хэдэн өдрийн дараа Вэст Энд бааранд таарсан. Тэр охидын хамгийн отгон нь учир эгч нараасаа сүүлд сүмийг орхисон аж. Би хотын хамгийн царай муутай эр байх, тэгээд л Касс намайг сонгоо юм болов уу.
– Юм уух уу? гэж би түүнээс асуулаа.
– Мэдээж, яагаад болохгүй гэж?
Тэр оройн ярианд маань ямар ч онц содон зүйл байгаагүй, бүү мэд дээ, Касс надад тийм сэтгэгдэл үлдээсэн ч байж магад. Тэр намайг сонгосон, тэгээд л болоо. Ямар ч дарамт шахалтгүй. Юм уух дуртай, сайн ч ууж байв. Насанд хүрээгүй нь харваас илт боловч баарныхан түүнд архиар үйлчилнэ. Касс хуурамч үнэмлэхтэй ч байж магад, мэдэхгүй юм даа. Ямартай ч Касс угаалгын өрөөнөөс буцаж ирэх бүрдээ хажууд минь суусан, надад ч өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн. Тэр хотын хамгийн хөөрхөн хүүхэн төдийгүй миний амьдралдаа харсан хамгийн хөөрхөн хүүхэн. Би бүсэлхийгээр нь тэврээд нэг удаа үнслээ.
– Би хөөрхөн үү? гэж тэр асуув.
– Мэдээж хэрэг, гэхдээ чамд өөр нэг юм бий... гадаад үзэмжээс гадна нэг юм...
– Намайг хүмүүс дэндүү хөөрхөн гэж буруутгадаг. Чинийхээр, би үнэхээр тийм хөөрхөн гэж үү?
– Хөөрхөн гэж хэлэхэд хангалтгүй, чамд өөр үг хэрэгтэй.
Касс жижиг цүнх рүүгээ гараа сунгав. Алчуураа авах нь дээ гэж бодтол, малгайны урт хатгуур зүү гаргаад ирлээ. Намайг ухасхийж амжихаас өмнө хатгуур зүүгээр хамрынхаа нүхний дээгүүр нэвт хатгачхав. Би балмагдаж цочирдлоо. Касс над руу харж инээгээд, “Одоо ч намайг хөөрхөн гэж бодож байна уу? За, залуу минь, юу гэж бодож байна даа?” хэмээх нь тэр. Би хатгуур зүүг хамраас нь сугалаад, цусыг нь алчуураараа дарав. Хэдэн хүн, үүний дунд бармен ч, Кассын яаж аяглахыг харжээ. Бармен бидэн рүү дөхөөд, Касст хандаж:
– Хөөе, аятайхан байна шүү. Чадахгүй бол зайлаарай. Элдэв наргианаар чинь дутаагүй шүү гэлээ.
– Чи өөрөө зайл! гэж Касс хариуг нь барив.
– Наад нэг юмаа аятайхан авч яв! гэж бармен намайг зандарлаа.
– Тэр одоо зүгээр ээ гэж би хариу хэлэв.
– Энэ миний хамар, яасан ч миний дур.
Image result for most beautiful woman in town bukowski
– Үгүй дээ, надад ч онцгүй санагдлаа.
– Би хамраа хатгуур зүүгээр сүлбэхээр чамд онцгүй санагдсан хэрэг үү?
– Тэгсэн, би үнэнээсээ хэлж байна.
– За за, би дахиж тэгэхгүй. Алив битгий урвагнаад бай.
Намайг үнсэв. Мушилзсаар, хамраа алчуураар дарсаар үнсэх аядсан гэвэл илүү зөв биз. Баар хаамагц, хоёул манайд очихоор бослоо. Би хэдэн пиво аваад, хоёул сууж ярилцав. Кассын ямар эелдэг халамжтай хүн гэдгийг тэгэхэд л би ойлгосон юм. Тэр өөрөө ч мэдэлгүй бие сэтгэлээ бусдад зориулж явдаг аж. Гэхдээ л өнөөх янзаараа үе үе галзуу, учир авцалдаагүй аашилна. Шизо. Сэтгэлтэй, хөөрхөн шизо. Хэн нэгэн эр эсвэл ямар нэг зүйл нэг л өдөр түүнийг бүрмөсөн сүйдлэх нь гарцаагүй. Би л биш байгаасай гэж найдъя. Бид хоёр орондоо орж, намайг гэрэл унтраасны дараа, Касс:
– Чи одоо хиймээр байна уу? Эсвэл өглөө юү? гэж асуув.
– Өглөө гэж би хэлээд цааш эргэлээ.
Өглөө нь би босож, кофе бэлдээд, түүнд ор луу авчирч өглөө. Касс инээв.
– Шөнө хийхээс татгалзсан анхны хүн нь чи болсон.
– Зүгээр дээ, хийхгүй ч байсан болно.
– Үгүй, би одоо хиймээр байна. Алив жаахан сэргээдэхье.
Касс угаалгын өрөөнд ороод хэсэг азнаад гарч ирлээ. Гайхалтай харагдана, урт хар үс нь гялтганаад, нүд уруул нь гялалзаад, бүхий л бие нь гял цал... Сайхан зүйл үзүүлж буйдаа итгэлтэйгээр тайван гэгч нь хувцсаа тайлж, орны даавуун доогуур шургалав.
– Алив, хайрт залуу минь.
Би оронд орлоо. Тэр ер биеэ барилгүйгээр, яаралгүй үнсэлцэх юм. Би бүх биеийг нь, үсийг нь иллээ. Дээр нь гарав. Халуун, бариу. Удаан үргэлжлүүлэхийн тулд аажим алгуур хөдлөв. Касс яг нүд рүү минь эгц ширтэнэ.
– Чамайг хэн гэдэг вэ? гэж би асуулаа.
– Мэдлээ гээд ямар хэрэг байна? гэж Касс сөргөв.
Би инээд алдаад, үргэлжлүүллээ. Дараа нь Касс хувцаслаад, би машинаараа түүнийг бааранд хүргэж өгөв. Гэхдээ Кассыг мартах амаргүй аж. Би тэр үед ажилгүй, үдээс хойш хоёр цаг хүртэл унтаад, босож сонин уншдаг байв. Намайг угаалгын онгоцонд хэвтэж байтал Касс гартаа зааны чих хэмээх ургамлын далбагар навч барьсаар орж ирэх нь тэр.
– Чамайг усанд орж байгаа гэж яг мэдсэн юм аа. Тэгээд л эрхтнийг чинь далдлах юм авчирлаа, байгалиараа хөвүүн минь гэж тэр хэлэв.
Зааны чихийн навчаа онгоцонд хэвтэх над руу шидлээ.
– Намайг онгоцонд байна гэж яаж мэдсэн юм?
– Би мэднэ.
Касс бараг өдөр бүр намайг яг угаалгын онгоцонд байхад ирнэ. Усанд орох цаг минь өөр өөр, гэвч тэр бараг алдахгүй. Зааны чихийн навчаа барьсаар ороод ирнэ. Тэгээд бид хоёр загас наадуулна. Нэг хоёр шөнө тэр утасдаад, би түүнийг шоронгоос батлан даалтаар гаргасан. Согтуу хөлчүү, зодоон цохион хийсэн юм байх.
– Муусайн новшнууд, архи авч өгөхөөрөө орондоо оруулж болно гэж боддог гэж тэр хэлэв.
– Гэхдээ тэднээр уух юм даалгамагцаа л чи асуудал үүсгэж байгаа хэрэг шүү дээ.
– Намайг, өөрийг минь сонирхож байна гэж бодсон юм; зөвхөн биеийг минь биш.
– Би чамайг ч, биеийг чинь ч сонирхоно. Гэхдээ ихэнх хүн биеэс чинь цаашхыг харахгүй л болов уу.
Би зургаан сарын турш хотоос гарч, дэмий сэлгүүцэж яваад буцаж ирэв. Кассыг хэзээ ч мартаагүй, гэхдээ бид хоёр жаахан тар тур хийсэн, тэгээд ч би хаашаа ч хамаагүй явах гээд хөлийн ул загатнаад, тогтож сууж чадахгүй байлаа. Эргэж ирээд түүнийг олохгүй байх гэж бодсон ч Уэст Энд бааранд хөл тавиад, гучин минут болов уу үгүй юү тэр дотогш орж ирээд хажууд минь суув.
– За, хөгийн новш, буцаад ирээ шив.
Би түүнд уух юм захиаллаа. Тэгээд түүн рүү харав. Өндөр захтай даашинз өмсчхөж. Ингэж хувцасласан байхыг нь ер хараагүй юм байна. Хоёр нүднийхээ доор шилэн толгойтой зүү нэвт сүлбэжээ. Зүү нь цааш нэвт орчихсон ердөө толгой нь харагдана.
– Чөтгөр алгад гэж, царай зүсээ сүйтгэсээр байх шив?
– Үгүй ээ, энэ чинь моод, мангар амьтан.
– Чи галзуурчээ.
– Би чамайг санасан.
– Өөр хүнтэй болсон уу?
– Үгүй, болоогүй. Чи л байгаа. Гэхдээ би одоо ажиллаж байгаа. Арван доллар. Чамд бол үнэгүй.
– Наад зүүгээ ав.
– Үгүй ээ, энэ чинь моод.
– Надад таалагдахгүй байна.
– Нээрэн үү?
– Тэгэлгүй яах вэ, онцгүй байна.
Касс хатгуур зүүгээ сугалаад, цүнхэндээ хийв.
– Чи яагаад хөөрхөн царай зүсээ сүйтгэж байдаг юм бэ? Зүгээр байгаагаар нь орхичхож болдоггүй юм уу? гэж би асуулаа.
– Хүмүүс намайг хөөрхөн царайнаас цаашгүй гэж боддог болохоор тэр. Гоо үзэсгэлэн юу ч биш шүү дээ, удаан үргэлжлэхгүй. Царай муутай байгаа чинь ямар азтай хэрэг вэ гэдгийг чи ер мэдэхгүй байна. Хүмүүс чамд татагдлаа гэхэд энэ царайнаас чинь өөр ямар зүйлээс болсон байж таарна.
– За за. Би азтай юм байна.
– Би чамайг царай муутай гэх гээгүй. Хүмүүс л чамайг царай муутай гэж боддог. Гэхдээ чи ер бусын гайхалтай царайтай.
– Баярлалаа.
Бид хундагаа сэлбэв.
– Чи юу хийгээд байна даа? гэж Касс асуулаа.
– Юу ч хийгээгүй. Ажил хийх ямар ч хүсэл алга. Дур алга.
– Би ч ялгаагүй. Чи эмэгтэй байсан бол биеэ үнэлэхгүй юү.
– Танихгүй олон хүнтэй тийм дотно харилцаанд орж би тэсэхгүй байх аа. Дороо залхана.
– Тийм шүү. Үнэхээр залхмаар. Бүх юм залхмаар.
Image result for most beautiful woman in town bukowski
Бид хамтдаа гарлаа. Гудамжинд хүмүүс Касс руу ширтсээр. Тэр хөөрхөн хүүхэн, магадгүй урьд урьдынхаасаа ч хөөрхөн болж. Хоёул манайд очоод, би лонх дарс онгойлгож, ярилцлаа. Касс бид хоёр яриа нийлдэг. Тэр хэсэг яриад, би сонсоно, дараа нь би ярина. Яриа хөөрөө маань ямар ч зовлонгүй хөвөрнө. Хамтдаа нууцаа олж нээнэ. Дажгүй нууц олж нээмэгц Касс хөхрөөд л, хөхрөөд л... зөвхөн тэр л тэгж хөхөрч чадна. Яг гал шиг баяр хөөр. Ярилцах зуураа үнсэлдэнэ, бие бие рүүгээ улам шургална. Бүр тачаадаад, орондоо орлоо. Кассыг өндөр захтай даашинзаа тайлахад нь л би харлаа: хүзүүнд нь өргөс шиг арзгар, аймшигтай муухай сорви. Том, өргөн.
– Тэнэг хүүхэн, яаж байгаа чинь энэ вэ? гэж би орноосоо ориллоо.
– Нэг орой хагархай шилээр зүссэн юм. Би одоо чамд таалагдахгүй байна уу? Би одоо ч хөөрхөн хэвээрээ юү?
Би түүнийг доош нь ор луу татаад үнслээ. Тэр гэдрэг түлхээд инээв: – Зарим эр надад арван доллар төлөөд, хувцсаа тайлмагц минь, хийхээ больчихдог. Арван доллар нь надад үлдэнэ. Ёстой хөгжилтэй.
– Тийм ээ. Инээдээ барьж дийлэхгүй нь... Касс, муу өлөгчин минь, би чамд хайртай... биеэ сүйтгэхээ болиоч; би чам шиг хөөрхөн хүүхэнтэй учирч байгаагүй.
Бид дахиад үнсэлцлээ. Касс чимээгүйхэн уйлна. Би нулимсыг нь мэдэрнэ. Урт хар үс нь хажууд минь үхлийн туг шиг дэлгэгджээ. Бид алгуур, дүнсгэр, гайхалтай загас наадууллаа. Өглөө нь Касс босоод, өглөөний унд бэлдэж байв. Тун тайван, аз жаргалтай байх шиг. Дуулаад л. Би орондоо хэвтээд аз жаргалтай түүнийгээ харж баясав. Эцэст нь Касс дэргэд минь ирж, сэгсрээд:
– Бос, новш минь! Наад нүүр, боов хоёр луугаа ус шавшаад, ирж цайгаа уу! гэлээ.
Тэр өдөр би Кассыг эрэг рүү аваачив. Ажлын өдөр, зун хараахан эхлээгүй, эрэг гайхалтай нам жим. Ноорхой юм хэдэрсэн эргийн тэнүүлчид элснээс дээш зүлгэн дээр унтана. Бусад нь вандан сандал зээр залраад, ганц лонх юмаа хувааж хүртэнэ. Цахлайнууд бодож санасан юмгүй хэр нь төөрч будилсан аятай эргэлдэнэ. Дал, наятай эмгэд вандан дээр суугаад, олон жилийн өмнө амьдралын хурд, мангуурал дунд амиа алдсан нөхрийнхөө үлдээсэн үл хөдлөх хөрөнгийг зарах эсэхээ хэлэлцэнэ. Ямартай ч амгалан тайван нөмрөөд, бид хоёр алхалсаар, зүлгэн дээр тэрийн хэвтээд, төдий ярилцсангүй. Хамтдаа байгаа маань хангалттай сайхан санагдана. Би хоёр сэндвич, шарсан төмс, уух юм аваад, Касстай цуг элсэн дээр сууж идэж уув. Тэгээд Кассыг тэврээд, хоёул цаг хэртэй дугхийлээ. Яагаад ч юм бүү мэд, энэ загас наадуулахаас ч илүү таатай санагдав. Ямар ч саадгүй урсаад л. Сэрээд машинаараа манайх руу буцаж, би оройн хоол бэлдлээ. Оройн хоолны дараа би Касст хамт амьдрах санал тавив. Тэр хэсэг хүлээзнээд, над руу ширтээд, алгуурхнаар, “Үгүй” гэлээ. Би түүнийг баар луу хүргэж, уух юм авч өгөөд, гарч явав. Маргааш нь би үйлдвэрт ажилд орж, тэр долоо хоногийн турш ажиллалаа. Эцэж ядарсан ч тэр баасан гаргийн орой би Уэст Энд бааранд очсон юм. Суугаад, Кассыг хүлээлээ. Цаг хугацаа урссаар. Нэлээд согтоод байтал, бармен надад: – Найз охинд чинь тохиолдсон зүйлд харамсаж байна гэх нь тэр.
– Яасан гэж? хэмээн би асуулаа.
– Уучлаарай, чи мэдээгүй юм уу?
– Үгүй.
– Амиа хорлосон. Өчигдөр оршуулсан.
– Оршуулсан гэнэ ээ? гэж би асуув. Касс юу юугүй үүдээр алхалсаар орж ирэх юм шиг санагдаж байсан шүү дээ. Яаж нас барсан байх юм?
– Эгч нар нь оршуулсан.
– Амиа хорлосон гэнэ ээ? Яаж гэдгийг нь хэлж болох уу?
– Хоолойгоо хэрчсэн.
– Тийм вий. Дахиад нэг хундагыг авъя.
Би баар тарах хүртэл уулаа. Касс эгч дүү тавын хамгийн хөөрхөн нь, хотын хамгийн хөөрхөн хүүхэн байсан. Би гэр лүүгээ ямартай ч машинаа барьж хүрлээ. Тэр “үгүй” гэсэн хариултыг нь хүлээж авахын оронд надтай хамт амьдар гэж шалж ятгасан ч болоосой гэж бодсоор. Яаж ч бодсон энэ бүхэн түүнд чухал байж шүү дээ. Би ер үл ойшоож, хайхрамжгүй хандаж, залхуурсан. Би түүнийг хөнөөсөн шигээ өөрөө ч далдрах ёстой. Би нохой шиг загнасан. Үгүй ээ, нохой энд ямар буруутай юм бэ? Би босож, лонх дарс олоод, лонхноос аажуухан ууж эхэллээ. Хотын хамгийн хөөрхөн охин Касс хорьтойдоо тэнгэрт хальсан. Гадаа нэг хүн машиныхаа дохиог хангинуулна. Их чанга, тасралтгүй хангинуулна. Би лонхоо доош тавиад, “ЧӨТГӨР АЛГАД ГЭЖ, НОВШ ОО, ДУУГАА АЯДААЧ!” гэж бархирлаа. Шөнө алгуур дөхсөөр, надад хийх зүйл байсангүй.
--


Орчуулсан: Г. Сугиррагчаа