Saturday, December 21, 2024

Хорхе Луис Борхес | Үнэмшил муутай дүр эсгэгч Том Кастро

 


Үнэмшил муутай дүр эсгэгч Том Кастро

 

Би түүнийг Том Кастро гэж нэрлэлээ. Учир нь 1950-аад онд Чилийн Талькауано, Сантьяго, Вальпараисо хотын гудамж, айлуудад түүнийг ингэж дууддаг байсан юм. Тэгээд ч одоо Кастро сүнсэнд хувирч эсвэл бямба гаригийн оройн зугаатай ярианы сэдэв болж тэр газар нутаг руу буцсан болохоор энэ нэрээ буцааж авах нь хамгийн зөв биз.[1] Уоппингийн төрөхийн бүртгэлд тэмдэглэснээр бол түүний нэр Артур Ортон, тэр 1834 оны долоодугаар сарын долоонд төрсөн ажээ.

Аав нь махны худалдагч болохыг, хүүхэд нас нь Лондоны захын дүүргийн уйтгар гунигтай, ядуу зүдүү амьдрал дунд өнгөрснийг, түүнчлэн тэр аль багаасаа далай тэнгисийн дуудлагыг сонсож байсныг бид мэднэ. Энэ сүүлийнх нь тийм ч онцгой зүйл биш. Англичуудын хувьд эцэг эхийн дарамтаас ангижрах хамгийн энгийн арга гэвэл “тэнгис далай руу зүглэх” шүү дээ. Бие даасан амьдрал ингэж л эхэлдэг.

Газарзүй судлал, тэр бүү хэл Библийн судар ч ийм аялалд зоригжуулдаг: “Тэнгисийн зүг завиа залж, далайд ажил хэрэг бүтээгч хүмүүс эзний бүтээл, гайхамшгийг гүн гүнзгий мэдэрнэ” (Магтуу 107:23-24). Ортон ягаан өнгийн тоосгоор барьсан, ядуу хорооллоосоо зугтаж, усанд онгоцонд суугаад тэнгис далай руу зүглэжээ. Вальпараисод Өмнөд загалмай од руу дадал болсноороо гансран хараад усан онгоцноосоо буулаа. Тэр эелдэг зантай, мулгуу амьтан байсан юм. Эрүүл ухаанаар яаж ч бодсон тэр үхэж магадгүй (угаас үхэх ч учиртай) байсан ч эргүүдүү баяр баясгалан, байнгын инээмсэглэл, хэмжээлшгүй дуулгавартай зангийнхаа ачаар тэр Кастрогийнхны хамгаалалтад орж, цаашид энэ айлын овгийг өөрийн нэрийн ард зүүх болов. Өмнөд Америкт амьдарч байсных нь ул мөр огт үлдээгүй ч энэ бүхэнд талархсаар байсныг нь гэрчлэх нэг зүйл бий: 1861 онд Австралид гэнэт гарч ирэхдээ тэр мөнөөх Том Кастро хэмээх нэрээ зүүсээр байжээ.

Кастро энэ зуур Сиднейд, Эбенезер Богль гэдэг хар арьст зарцтай танилцав. Богль төдий царайлаг биш ч, хүчтэй, амар тайван төрхтэй хүн байлаа. Нас ахисан хар арьстан эрийн төлөв байдалтай, бие бялдар нь боломжийн хөгжсөн, боломжийн эрх мэдэлтэй ч гэмээр. Антропологийн сурах бичигт энэ арьстанд огт байдаггүй хэмээн дурддаг тийм нэгэн чанар Богльд байсан юм шүү: Тэр сод ухаантан байлаа (Бид удалгүй үүнийг харна). Энэ төлөв даруу, сайн хүний эртний Африк гарал үүслээс нь эхтэй шунаг зан нь аажимдаа кальвинизмын заншил, уламжлалд дарагдаж бүдгэрчээ. Бурхан тэнгэрийнхээ хэлэх ярихыг сонсохоос бусдаар (бид энэ тухай дараа өгүүлнэ), Богльд аль ч талаар өрөөлөөс ялгарах юм үгүй. Гудамж хөндлөн гарахдаа  удаан гэгч нь хүлээж, зүүн баруун, өмнө хойноос ирж нэг л өдөр амь насыг нь авч одох аймшигт тэргийг ялгаж харах гэж удтал эргэлзэхэд хүргэдэг гүн бат тогтсон ичмээр айдсыг нь эс тооцвол тэр шүү дээ.

Ортон, ирээдүйн найз Богльтойгоо, нэг орой Сиднейн хүн гэх юмгүй гудамжны буланд аймшигтайгаар төсөөлсөн үхэлтэйгээ нүүр тулах гээд хичээн зогсох үед нь таарсан юм. Боглийг удаан гэгч нь шинжиж харсныхаа дараа Ортон түүн рүү гараа сунгаж, дор бүрнээ гайхаж алмайрсан хоёр эр төдий аюулгүй гудамжийг хөндлөн туулсан билээ. Одоо аль хэдийн алсарч одсон тэр нэгэн орой нэг хүн нөгөөдөө их л сүртэй өмөг түшиг болсон нь энэ. Аварга том биетэй, эргэлзэж тээнэгэлзсэн хар арьстныг Уоппингийн хэт тарган, мулгуу эр аварсан хэрэг. 1865 оны есдүгээр сард, Богль орон нутгийн сонинд зүрх шимшрүүлэм зар уншжээ.



[1] Би энэ төрлийн өөдгүй намтар ихэвчлэн сонины бямба гаргийн оройн нэмэлт дугаарт гардаг байсныг уншигчдад сануулах гэж энэ зүйрлэлийг ашиглалаа. (Х. Л. Б.)

Оскар Уайльд | Нууц гэх юмгүй Сфинкс

 



 

Би нэг үдээс хойш “Кафе де ля Пэ”-д хундагатай вермут дарсаа шимэн Парисын хосгүй сайхан, хөгийн муухай хосолсон амьдралыг харж суутал хэн нэгэн хүн намайг дуудах шиг болов. Эргээд хартал Лорд Мёрчисон байх нь тэр. Бид хоёр их сургуулиас хойш бараг арван жил уулзаагүй юм байна. Би түүнтэй дахин уулзсандаа баярлаж, чин сэтгэлээсээ гар барилаа. Бид Оксфордын их сургуульд их дотно найзууд байсан юм. Жеральд их царайлаг, өөдрөг, нэр төртэй хүн, надад ч их таалагддаг. Бодсон санаснаа нуулгүй хэлдгээ л больчихвол тэр нэг л өдөр их алдартай болно гэж боддог ч бид үнэндээ түүний энэ шулуун шударга занд дуртай байлаа. Тэр энэ удаа нэлээд өөрчлөгдсөн харагдав, сандраад түгшээд байгаа ч юм шиг. Энэ цаг үеийн байдалд түгшсэн хэрэг байж таарахгүй, учир нь Жеральд хэзээний консерватив үзэлтэй хүн, Пятикнижид ч, лордуудын танхимд ч ямагт итгэл дүүрэн явдаг. Тиймээс би энэ, эмэгтэй хүнтэй холбоотой асуудал байх гэж бодоод түүнээс гэрлэсэн эсэхийг нь асуутал,

­­–– Би эмэгтэйчүүдийг сайн ойлгодоггүй гэв.

–– Жеральд минь дээ, эмэгтэй хүнийг хайрлахад л болно, ойлгох хэрэггүй гэж би хэллээ.

–– Би хүнд итгэлгүйгээр хайрлаж чадахгүй.

–– Амьдралд чинь их нууцлаг юм тохиолдсон бололтой, Жеральд надад ярь л даа.

–– Энд хүн ихтэй байна. Тэрэг барья. Үгүй, шар тэрэг болохгүй, өөрийг барья... Энэ ногоон зүгээр...

Ингээд бид удалгүй Мадлений зүг өргөн чөлөөгөөр уруудаж явав.

–– Хаашаа явах вэ? гэж намайг асуутал тэр:

–– Хаашаа ч яах вэ, Буагийн ресторанд хоол идье. Чи надад юу хийж байгаагаа ярь гэв.

–– Би эхлээд чиний яриаг сонсмоор байна. Тэр нууцлаг юмаа ярь.

Тэр халааснаасаа мөнгөн цоожтой жижиг ширэн хавтас гаргаад надад өгөх юм. Аваад нээж үзтэл минь дотор нь эмэгтэй хүний зураг байна. Өндөр нуруу, туранхай бие, том нүд, задгай үстэй тэр бүсгүй нэг л хачин харагдана, үзмэрч ч юм шиг, үнэтэй ангийн арьсан дээл өмсчхөж.

–– Энэ царайг хараад юу бодогдож байна? Итгэж болох хүн үү? гэж Жеральд лавлав.

Би зургийг сайтар харлаа. Бүсгүй ямар нэг юм нуугаад байх шиг. Гэхдээ тэр нуугаад байгаа нь сайн зүйл үү, муу зүйл үү бүү мэд. Их нууцлаг гоо үзэсгэлэнтэй бүсгүй; уруулд нь тодрох инээмсэглэлийг яагаад ч өхөөрдөм гэж хэлэмгүй.

–– За, юу гэмээр байна? гэж Жеральд тэсвэр алдан асуув.

–– Булган дээлтэй Жоконда. Надад түүний тухай ярь л даа.

Жеральд, –– Одоо дэмий, хоолны дараа болъё гээд өөр юм ярьж эхлэв.

Зөөгч бидэнд кофе, тамхи авчирч өгсний дараа би түүнийг ярина гэснээ ярь гэж шавдуултал тэр ч суудлаасаа босож, өрөөн дотуур дээш доош холхисноо буйдан дээр суун надад энэ түүхийг ярьсан билээ:

“Нэг орой цаг тав болж байх үед би Бонд гудамжаар явж байлаа. Замд тэрэг ихтэй, түгжрээд урагш ер ахихгүй болжээ. Нэг мөч явган хүний замын хажууд дээвэр нь задгай жижиг шар тэрэг зогсож байсан нь яагаад ч юм анхаарлыг минь татав. Тэрэг дотор чамд зургийг нь харуулсан тэр хүүхэн сууж байлаа. Сэтгэл минь маш их хөдөлж, би тэр шөнөдөө болон маргааш нь өдрийн турш зөвхөн түүний тухай бодов.

Маргааш нь би нөгөө л гайтай гудамжаар дээш доош холхиж, тэрэг бүрийг нарийвчлан шалгаж, өнөөх шар тэрэг ирэг гээд хүлээлээ, гэхдээ тэр нэрийг нь мэдэхгүй үзэсгэлэнт бүсгүйгээ олж харсангүй. Эцэст нь тэр ердөө зүүд төдий зүйл байж гэж бодол надад төрөв. Долоо хоногийн дараа би Мадам де Растельтэй оройн хоол идсэн юм байна. Найман цаг хооллоно гэж байсан ч цаг найм хагас болчхоод байхад биднийг зочны өрөөнд хүлээлгэсээр байлаа. Эцэст нь нэг зарц хаалга нээгээд Леди Алрой ирснийг зарлав. Энэ миний хайсан хүүхэн байлаа. Саарал торон гивлүүртэй тэрээр сарны гэрэл шиг алгуур дотогш орж ирэв ээ. Бүгд намайг түүнийг ширээнд уриасай гэж хүлээж байсан нь надад маш их таалагдсан шүү. Ширээнд суусныхаа дараа би огт юу ч бодолгүй,

–– Леди Алрой, би хэд хоногийн өмнө таныг Бонд гудамжинд харсан гэлээ.

Түүний царай цонхийн цайж, зөөлөн дуугаар надад,

–– Битгий чанга яриач; хүн амьтан дуулчих вий гэв.

Яриагаа онцгүй эхэлсэндээ би өөрийгөө зүхээд, даруй франц жүжгийн талаар ярилаа. Бүсгүй нэг хэвийн уянгалсан дуугаар тун бага ярих аж; хэн нэгэн хүн яриаг нь сонсчих вий гэж эмээж байгаа юм шиг. Би тэсэж ядан, мулгуу амьтан шиг дурласан мэт санагдаж байлаа. Дээр нь түүний тэр ер бусын нууцлаг байдал сэтгэлийг минь эзэмдэнэ. Хоолны дараа тэр даруй явахаар болж би түүнээс дахин уулзаж болох эсэхийг асуулаа. Бүсгүй хэсэг зуур шийдэж яван биднийг хүн амьтан харж байна уу гэсэн шиг эргэн тойрноо ажиглаад эцэст нь ‘За, маргааш дөрөв дөчин тавд’ гэв. Би Мадам Растелиэс түүний талаар ярьж өгөөч гэж хүссэн ч ердөө л Парк Лейнд том сайхан байшинтай, бэлэвсэн эхнэр гэдгээс өөр юм хэлсэнгүй. Дараа нь тэр бэлэвсэн хүүхнүүдийн тухай шинжлэх ухааны үндэслэлтэй гэсэн диссертацирхуу юм ярьж, төгс гэрлэлтийн жишээ авч тайлбарлаж эхлэхээр би даруй гэртээ харихаар гарлаа.

Би маргааш нь яг цагтаа Парк Лейн рүү очив. Гэтэл гэрийн үйлчлэгч нь ‘Леди Алрой түрүүхэнд гадагш гарсан’ гэж хэлэх нь тэр. Миний урам хугарч, гайхаж алмайрсаар клуб рүү явж хүрлээ. Удтал бодсоны эцэст түүнд захиа бичиж, надтай дахин нэг удаа уулзах боломжтой үгүйг нь асуулаа. Хэд хоног ер хариу ирсэнгүй, эцэст нь би түүнээс ‘Ням гарагт дөрвөн цагт гэртээ байна’ гэсэн зурвас авав. Зурвасын доод хэсэгт нэг хачирхалтай өгүүлбэр нэмж бичжээ: ‘Надад дахиж захиа бичихгүй байхыг хичээнгүйлэн гуйя, учрыг нь би танд өөрөө хэлэмз.’

Тэр ням гарагт намайг хүлээж авлаа, их дур булаам харагдаж байлаа. Гэхдээ салахын өмнө түүнд дахин захиа бичих бол дугтуйн дээр ‘Ногоон гудамж дахь Уайтэкерийн номын сангийн хатагтай Ноксод’ гэж бичихийг хүсээд, ‘Надад өөрийн хаягаар захиа авахаас болгоомжлох шалтгаан бий’ гэж учирлав.

Бид хэсэгтээ ойр ойрхон уулзлаа. Тэр байнга л нууцлаг дүртэй байдаг сан. Би түүнийг хэн нэгэн эрийн дарамтад байдаг хэрэг гэж таамагласан ч хүнээс ингэж зайгаа барьдаг хүнийг ер хэн дарамталж чадах билээ дээ. Миний хувьд ер ямар ч үр дүнд хүрэмгүй санагдана; тэр яг музейд байдаг болор бөмбөлөг шиг, нэг мөч тунгалаг харагдсанаа дараа нь нэг харахад будантай болж орхино. Эцэст нь би түүнийг эхнэр минь болооч гэж гуйхаар шийдлээ: Түүнтэй уулзах бүрд үзүүлдэг нууцлаг байдлаас нь залхаж цөхрөөд байсан юм. Захиандаа дараагийн даваа гарагт зургаан цагт надтай уулзах боломжтой юу гэж асуутал, тэр боломжтой гэж хариу бичжээ. Би ч хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Тэр тайлж боломгүй нууцлаг дүртэй хэдий ч би түүнд учиргүй дурласан аж. Гэхдээ одоо бодоход тэр нууцлаг дүрд нь болж л би түүнд ухаан алдан дурласан юм билээ. Үгүй, би түүнд өөрт нь чин сэтгэлээсээ дурласан хэрэг. Нууцлаг төрх нь намайг шаналгаж, зовоож байсан. Би нууцынх нь учрыг олох гэж юунд тэгтлээ улайрсан юм бол?”

–– Чи тэр үед л учрыг нь олсон уу? гэж асуухад минь анд минь,

–– Тэгсэн байх. Чи угаасаа ойлгож байгаа биз хариулав.

“Даваа гарагт би авгатайгаа хоолонд ороод, цаг дөрөв болж байхад Мэрилебоны гудамжаар явж байлаа. Чи мэднэ дээ, авга минь Рижентс Паркт суудаг шүү дээ. Би Пиккадилли рүү явъя гэж бодож байсан юм, арын гудамжаар явах дөт зам олоод явж байтал өмнө минь Леди Алрой гарч ирэх нь тэр. Бүсгүй нүүрээ торон гивлүүрээр далдалчихсан, яаран алхалж байв. Гудамжны төгсгөлийн байрны өмнө ирмэгцээ шатаар дээш гараад хаалганы түгжээг мултлан дотогш орлоо. ‘Нууцын учир энэ байна’ гэж би өөртөө хэлээд, байрыг нь ажиглаж хартал, өрөөнүүдээ тус тусад нь түрээсэлдэг байр шиг санагдав. Тэр босгон дээр алчуураа унагажээ. Би авч халааслаад, одоо юу хийх вэ гэж эргэцүүлэн бодлоо. Тэгээд хүнийг ингэж тагнах нь зүйд нийцэхгүй гэж шийдээд, клуб рүү буцав. Зургаан цагт түүнтэй уулзахад минь тэр их өхөөрдөм харагдаж байх юм. Надад, ‘Тантай уулзах сайхан байна, би өдөржин гэрээс гарсангүй’ гэв. Би түүн рүү гайхан хараад, халааснаасаа алчуурыг нь гаргаж түүн рүү сунган, аажуу тайван, ‘Леди Алрой, та үүнийг өнөөдөр Кёмнор гудамжинд унагачихсан’ гэлээ.

Тэр над руу айсан дүртэй харсан ч алчуураа авах гэж түвдсэнгүй.

–– Та тэнд ямар ажилтай явсан юм бэ? гэж намайг асуутал,

–– Та хэн болоод намайг ингэж байцаагаад байгаа юм бэ? гэж уцаарлав.

–– Танд хайртай эр хүний хувиар асууж байна! Би энд танд гэрлэх санал тавихаар ирсэн юм!

Бүсгүй нүүрээ дараад уйлж эхлэв.

–– Надад учрыг нь хэл л дээ гэхэд минь, тэр босоод над руу эгцэлж хараад:

–– Лорд Мёрчисон, энд учирсаад байх юм байхгүй гэж айлдлаа.

Би, –– Та тийшээ хүнтэй уулзах гэж явсан! гэж хашхирлаа. –– Нуугаад байгаа юм тань энэ биз дээ?

Түүний царай хувхай цайж, –– Би хэнтэй ч уулзах гээгүй гэв.

–– Та үнэнээ хэлэхгүй юм уу?

–– Үнэнээ хэлээгүй яасан юм.

Би галзууртлаа уурлаж, юу хэлэхээ мэдэхээ больж орхив. Түүнийг элдэв муухайгаар дуудаад, байрнаас даруй ухасхийн гарлаа. Тэр маргааш нь надад захиа бичжээ. Би дугтуйг задлалгүй буцааж явуулаад, Ален Колвилтэй цуг Норвеги рүү явахаар бэлдэв. Би сарын дараа буцаж ирээд, ‘Өглөөний шуудан’ сонинд Леди Алройн нас барсан мэдээг харах нь тэр! Тэр дуурь үзэхээр яваад даарснаас уушгины хатгалгаа тусаж тав хоногийн дараа нас барсан ажээ. Би гашуудан, өрөөнөөсөө гарахаа больж, хүн амьтантай уулзахаа ч болилоо. Би түүнд үнэхээр хайртай байлаа, бүр галзууртлаа дурласан гэж болно. Бурхан минь, би түүнд ямар их хайртай байсан гээч!”

–– Чи тэр байранд нь дахиж очсон уу? гэж намайг асуухад Жеральд,

–– Очсон гэж хариулав.

“Би нэг өдөр Кёмнор гудамж руу очсон. Эргэлзээгээ тайлах зайлшгүй шаардлагатай байсан юм л даа. Хаалгыг нь тогштол нэр хүндтэй гэмээр авгай хаалга нээв. Би түрээслүүлэх өрөө байгаа эсэхийг асуулаа. Тэр ‘Эрхэм ноёнтон минь, уг нь ч зочны өрөөгөө хүнд түрээсэлмээр л байна. Нэг хатагтай түрээсэлсэн ч сүүлийн гурван сар ер ирсэнгүй. Өр нь нэмэгдээд байдаг. Танд түрээслүүлэхэд болохгүй юмгүй’ гэв.

Би нөгөө зургаа харуулан, ‘Энэ хатагтай мөн үү?’ гэж асуулаа.

Авгай ‘Тийм ээ мөн’ гэж уулга алдав. ‘Ноёнтон, тэр одоо ирэхгүй юм байх даа?’

–– Энэ бүсгүй нас барсан.

–– Үгүй байлгүй дээ. Манай хамгийн сайн түрээслэгч байсан юм. Зочны өрөөнд хааяа нэг ирж суух гэж сард гурван гиней төлдөг байсан.

–– Тэр энд хүнтэй уулздаг байсан юм уу?

Авгай надад бүсгүй энд ер хүнтэй уулзаж байгаагүй гэж учирлав. Байнга ганцаараа ирдэг байсан аж.

–– Үгүй тэгээд энд ганцаараа юу хийдэг байсан хэрэг вэ? гэж лавлаад би авгайгаас дараах хариултыг авлаа:

–– Өрөөнд суугаад, ном уншина, хааяа цай ууна.

Би хэлэх үггүй болж, авгайд нэг алтан зоос өгөөд гарч явсан юм. За чи одоо энэ бүгдийг юу гэмээр байна? Авгай үнэн хэлсэн болов уу?”

–– Үнэн хэлсэн байх.

–– Тэгээд Леди Алрой тэр байр руу яах гэж очдог байсан хэрэг вэ?

–– Жеральд анд минь дээ. Леди Алрой ердөө нууцлаг харагдах донтой бүсгүй байж. Гивлүүр зүүгээд тийшээ очдог нь ердөө өөрийгөө ямар нэг романы гол дүр гэж сэтгэж байсных. Нууцлаг юманд дуртай байж, тэгээд л тэр өрөөг хөлсөлсөн хэрэг. Гэхдээ тэр угтаа нууц гэх юмгүй Сфинкс юм.

–– Чи нээрэн тэгж бодож байна уу?

–– Гарцаагүй.

Жеральд ширэн хавтсаа нээж, бүсгүйн зураг руу удтал харсны эцэст “Тийм гэж үү?” гэж бувтналаа.

 

--

 

Раймонд Карвер | ЦОГЧИН ДУГАН

 

Раймонд Карвер (1938 – 1988) америк өгүүллэгийн зохиолч, яруу найрагч. 1980-аад онд америк өгүүллэг эргэн сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан. Карверын бүтээл туурвилд өгүүллэг зонхилдог. Тэрээр карьерынхаа эхэн үед ажлынхаа хажуугаар бичдэг байсан учир өгүүллэг түүний хувьд хамгийн тохиромжтой хэлбэр мэт санагдсан аж. Түүнчлэн өгүүллэгтээ өөрийн амьдралыг илэрхий тусгасан ажилчин ангийнхны амьдрал, эгэл жирийн хүмүүсийн уйтгар гуниг, ганцаардалд төвлөрч байв. Карверийн бүтээлийн гол онцлог нь минимализм, бохир реализм юм гэж шүүмжлэгчид үздэг.

 

 

 

 

Раймонд Карвер | ЦОГЧИН ДУГАН

 

Эхнэрийн минь хуучны танил хараагүй эр манайд ирж хонох болов. Хань ижил нь нас барсны дараа мань эр талийгч эхнэрийнхээ Коннектикут дахь хамаатныд зочилж иржээ. Хадмынхаасаа эхнэр лүү минь залгаад, тэд хэрхэн уулзахаа тохирсон аж. Хараагүй эр галт тэргээр ирнэ; төмөр хүлгээр таван цаг зорчсоных нь дараа эхнэр минь эртний танилаа галт тэрэгний буудал дээр тосож авна. Эхнэр минь арван жилийн өмнө Сиэтлд нэгэн зун түүнтэй цуг ажилласнаасаа хойш огтхон ч уулзаагүй. Гэхдээ тэд харилцаагаа таслалгүй, хуурцагт яриагаа бичээд шуудангаар нааш цааш илгээж байж. Эхнэрийн минь танил манайд зочилно гэхэд би төдийлөн баясаж хөөрч, сүйд болсонгүй. Би түүнийг огт танихгүй шүү дээ. Тэгээд ч хараагүй гэдэг нь сэтгэлийг минь зовоож байв. Би хараагүй хүмүүсийг ердөө киноноос мэднэ. Кинонд хараагүй хүмүүс удаан хөдөлдөг, ер инээдэггүй. Заримдаа тэднийг нохой хөтөлж явдаг. Ер нь бол хараагүй хүн манай айлчилна гэхэд би тэсэж ядан хүлээж байсан гэж яавч хэлэмгүй гэх үү дээ.

Тэр зун эхнэр минь Сиэтлд байхдаа ажилд орох хэрэгтэй болжээ. Ямар ч мөнгөгүй болоод байсан аж. Зуны төгсгөлд гэрлэхээр төлөвлөөд буй эр нь цэргийн сургуульд сурч байсан гэнэ. Сүйт хархүү нь ч бас гялтайх зоосгүй. Гэхдээ эхнэр минь түүндээ хайртай, нөгөөх нь эхнэрт минь хайртай байсан юм байх. Эхнэр минь сонинд нэг зар харжээ: “Хараагүй хүнд юм уншиж өгөх хүн байж байна” гэсэн зар, бас холбоо барих утасны дугаар. Эхнэр минь утасдаад, очиж уулзаад, даруй ажилд орсон гэнэ. Тэр зуны туршид энэ хараагүй эрийн хажууд ажилласан аж. Юм уншиж өгнө: жишээ судалгаа, тайлан гэх мэт. Каунти дахь нийгмийн үйлчилгээний газрын жижиг оффисоо төвхнүүлэхэд нь мөн тусалжээ. Эхнэр минь хараагүй эртэй ихэд дотноссон гэнэ. Би энэ бүхнийг хаанаас мэдэж байгаа юм бэ гэж үү? Эхнэр минь надад ярьсан юм. Өөр бас бус юм ч ярьсан. Оффис дахь сүүлчийн өдөр нь, хараагүй эр эхнэрээс минь нүүрэнд нь хүрч болох уу гэж гуйсан гэнэ. Эхнэр минь ч зөвшөөрчээ. Надад хэлснээр бол, хараагүй эр нүүрэнд нь нэгд нэгэнгүй хүрч, хамар, тэр бүү хэл шилэн хүзүүг нь тэмтэрч үзсэн аж! Эхнэр минь үүнийг хэзээ ч мартаагүй гэнэ. Энэ тухай шүлэг бичих гэж оролдож үзэж. Тэр угаасаа хэзээд шүлэг бичих гэж туршиж оролддог байсан юм. Жил бүр нэг юм уу хоёр шүлэг бичнэ, ихэнхдээ амьдралд нь ямар нэг чухал үйл явдал тохиолдсоны дараа.

Надтай анх үерхэж эхлэхдээ тэр шүлгээ надад үзүүлсэн. Мөнөөх эрийн хурууны тухай, хуруу нь хэрхэн нүүрийг нь тэмтэчсэнийг эргэн дурссан байсан, шүлэгтээ. Хараагүй эр уруулд нь хүрэхэд юу мэдэрч, юу бодсоноо бичсэн байв. Тэр шүлэг нь надад төдий таалагдаагүй санагдаж байна. Мэдээж хэрэг, би эхнэртээ тэгж хэлээгүй. Магадгүй би шүлэг яруу найраг ойлгодоггүй ч юм билүү. Үнэнийг хэлэхэд, ямар нэг юм уншмаар санагдлаа гэхэд би юун түрүүнд шүлэг яруу найргийн ном шүүрч авахгүй.

Юутай ч эхнэрийг минь анх үнэрлэсэн мөнөөх эр, тэр нөгөө цэргийн офицер эр угтаа хар багынх нь хайр дурлалын эзэн юм гэнэ. За за. Би юу гэх гээд байна вэ гэхээр, зуны сүүл шувтрахад эхнэр минь хараагүй эрд нүүрийг нь нэгд нэгэнгүй тэмтэрч үзэхийг зөвшөөрч, салах ёс гүйцэтгээд, одоо цол зэрэг авч офицер болсон нөгөө хар багын юу ч билээ түүнтэйгээ гэрлээд Сиэтлд ирсэн аж. Гэхдээ миний эхнэр, хараагүй эр хоёр холбоо харилцаагаа таслаагүй гэнэ. Нэг жил орчмын дараа юм байх, эхнэр минь түрүүлж холбоо тогтоожээ. Нэг шөнө Алабама дахь Агаарын цэргийн баазаас хараагүй эр лүү залгасан гэнэ. Яримаар санагдаад, утсаар ярьжээ. Хараагүй эр эхнэрээс минь амьдралынхаа тухай хуурцагт ярьж бичээд, түүн рүү явуулаач гэж хүсэж. Эхнэр минь ч хэлснээр нь хуурцгийг илгээж. Хуурцагтаа, нөхрийнхөө тухай, цэргийн бааз дахь амьдралынхаа тухай өгүүлжээ. Эхнэр минь мөнөөх шүлгээ хараахан дуусгаагүй, бичсээр байсан гэнэ. Хараагүй эр ч хуурцагт яриагаа бичээд эхнэр лүү минь илгээсэн аж. Эхнэр минь буцаад түүн рүү илгээх гэх мэтээр хэдэн жил өнгөрөв. Эхнэрийн минь офицер нөхөр нь үргэлж нэг баазаас нөгөө рүү томилогдож байдаг юм санж. Мүүди агаарын цэргийн баазаас, Макгуайраас, Макконнеллээс, эцэст нь Сакраментогийн ойролцоох Трэвисээс хуурцаг явуулжээ, эхнэр минь. Трэвист байхдаа нэг шөнө жигтэй ихээр ганцаардаад; ийш тийш нүүж амьдарч байгаа учир хүмүүстэй харилцаа нь удахгүй тасарч, хамаг найз нөхдөө алдаж байгаа юм шиг санагдсан аж. Энэ янзаар цааш явж боломгүй санагдсан гэнэ. Тэгээд гэрийнхээ шүүгээн дэх бүх эмийг жин архиар даруулаад залгижээ. Дараа нь угаалгынхаа өрөөнд ороод, ухаан алдсан юм санж.

Гэвч үхэхийн оронд, дотор нь муухайраад бөөлжсөн гэнэ. Офицер нөхөр нь ––түүний нэрийг дурдах ямар хэрэг байна вэ? хар багынх нь хайр гэсэн, үүнээс илүү юу гэх юм?–– хаанаас ч юм гэртээ ирээд, эхнэрээ хараад, түргэн дууджээ. Цаг хугацаа өнгөрч эхнэр минь энэ бүхний тухай ярьж хуурцагт бичээд, хараагүй эр лүү илгээв. Эхнэр минь угаасаа олон жилийн турш болж өнгөрсөн бүхнийг хуурцагт бичээд хараагүй эр лүү явуулдаг болсон байж. Миний санахад, жил бүр нэг шүлэг бичихийн зэрэгцээ, тэгж хуурцаг илгээх нь эхнэрийн минь хамгийн дуртай ажил байсан биз. Нэг хуурцагтаа, офицер нөхрөөсөө салж, тусдаа амьдрах хүсэлтэйгээ хэлжээ; өөр нэг хуурцагт одоо нөхрөөсөө салснаа хэлж. Дараа нь бид хоёр үерхэж эхэлсэн. Мэдээж хэрэг, эхнэр минь энэ тухай хараагүй эрд ярьсан. Түүндээ бүх зүйлийг ярьсан, үгүйдээ л надад тэгж санагддаг юм. Нэг удаа тэр найзынхаа хамгийн сүүлд явуулсан хуурцгийг сонсох уу гэж надаас асуусан. Нэг жилийн өмнө шиг санагдаж байна. Хуурцагт миний тухай өгүүлж байгаа юм гэсэн. “За яах вэ, сонсъё л доо” гэж би хариу хэлсэн юм. Бид хоёр уух юмаа хундагалж аваад, мөнөөх хуурцгийг нь сонсохоор зочны өрөөнд тухтайхан суулаа. Эхнэр минь хуурцгийг тоглуулагчид хийгээд, дууг нь тохируулав. Дараа нь тоглуулах товчийг дарлаа. Хуурцгаас хяхтнах чимээ гараад, дараа нь нэг хүн чангаар ярьж эхлэв. Эхнэр минь дууг нь намсгалаа. Хэдэн минутын турш ойр зуурын хэрэгтэй хэрэггүй юм ярьж байснаа гэнэт миний нэрийг дурдах нь тэр. Огт танихгүй хүн нэрийг минь дурдаж байна! Дараа нь, “Түүнтэй холбоотой ярьсан бүхнийг чинь сонсоод би ийм дүгнэлтэд хүрлээ...” Гэвч яг тэр мөчид хүн хаалга тогшсон ч билүү яасан ч билээ бүү мэд, ямартай ч нэг юм болоод бид хуурцгийг цааш нь сонсолгүй зогсоов. Энэ тухай ч дахиж огт ам нээж ярилцаагүй. Магадгүй тэгсэн нь ч зөвдсөн биз. Би угаасаа сонсохыг хүссэнээ сонссон.

За одоо энэ хараагүй эр манайд ирж хоноглох гэж байна.

“Түүнийг боулинг тоглохоор авч явдаг ч юм билүү” гэж би эхнэртээ хэлэв. Эхнэр минь гал тогооны угаалтуурын хажуугийн тавцан дээр төмс нимгэн хавтгай хэрчиж байлаа. Хутгаа тавиад над руу эргэж харав.

“Чи надад хайртай л бол туслах хэрэгтэй шүү. Хайргүй бол өөр хэрэг. Гэхдээ чи найзтай байсан бол, ямар ч хамаагүй найз, тэгээд тэр найз чинь манай зочилж ирж байсан бол, би түүнийг чинь аль болох тав тухтай байлгахыг хичээх байсан,” гэж эхнэр минь хэлээд сав суулганы алчуурт гараа арчлаа.

“Надад хараагүй найз байхгүй,” гэж би хэлэв.

“Чамд ямар ч найз байхгүй,” гэж эхнэр минь даруй хариулаа. “Цэг, гүйцээ. Тэгээд ч, чөтгөр алгад гэж, эхнэр нь дөнгөж саяхан нас барсан шүү дээ! Чи ойлгохгүй байна гэж үү? Энэ хүн эхнэрээ алдсан!”

Би хариу хэлсэнгүй. Эхнэр минь хараагүй эрийн эхнэрийн тухай надад ярьсан юм. Нэрийг нь Беула гэдэг байсан гэсэн. Яах аргагүй хар арьстай эмэгтэйн нэр.

“Эхнэр нь негр байсан юм уу?” гэж би асуув.

“Чи солиороо юу? Уучихсан юм уу, хаашаа юм?” гэж хэлээд тэр нэг төмс шүүрч авлаа. Төмс гараас нь мултарч унаад зуухны доогуур өнхөрч одохыг би харав. “Чи яачхаад байгаа юм? Согтуу юм уу?” гэлээ, эхнэр минь.

“Зүгээр асууж байна.”

Ингээд, би төдий сонирхоогүй ч, эхнэр минь алив бүхнийг нарийн ширийн тайлбарлаж эхэллээ. Би өөртөө уух юм бэлдээд, эхнэрийнхээ яриаг сонсохоор гал тогооны ширээнд суув. Ярианых нь үлдсэн хэсгийг энд суугаад сонсъё гэж бодсон юм.

Тэр зун эхнэр минь хараагүй эртэй ажиллахаа болимогц түүний оронд Беула ажиллаж эхэлжээ. Тун удалгүй Беула мөнөөх эртэй сүмд гэрлэсэн байна. Хуримд нь өөр хэн ч ирээгүй гэнэ ––тийм хуримд ер хэн очихыг хүсэх вэ дээ?–– хуримлагч хоёроос гадна, сүмийн хамба, хамбын эхнэр. Гэсэн ч яг нөгөөх сүмийн хурим болж, энэ. Яг Беулагийн хүссэнээр болсон гэж хараагүй эр хэлсэн аж. Тэр үед Беулагийн булчирхайд хорт хавдар хэдийн үүсчихсэн байсан нь гарцаагүй. Найман жилийн турш хагацаж салшгүй ––хагацаж салшгүй гэж эхнэрийн минь үг— амьдарсны дараа Беулагийн эрүүл мэнд гэнэтхэн доройтжээ. Тэр Сиэтлийн нэг эмнэлэгт өнгөрч, таалал төгсөх үед нь нөхөр нь орных нь хажууд суугаад, эхнэрийнхээ гарыг атгаж байсан юм байх. Тэр гэрлээд, амьдраад, хамт ажиллаад, хамт унтаад, ––мэдээж секс хийгээд–– тэгээд хараагүй эр одоо эхнэрээ оршуулах ёстой болжээ. Энэ бүхэн болж өнгөрөх бүхий л хугацаанд тэр эхнэрийнхээ ямархуу дүр төрхтэйг огтхон ч хараагүй! Үнэндээ би үүнийг төсөөлж ч чадахгүй байлаа. Эхнэр минь энэ бүхнийг ярьсны дараа би нэг мөч хараагүй эрийг өрөвдөв. Дараа нь эхнэр нь ямар золгүй амьдрал туулсан байж таарахыг ухаарлаа. Хайртай хүндээ ямар харагддагаа огтхон ч мэдэхгүй эмэгтэй хүнийг нэг төсөөл дөө. Хоног өдрүүд ар араасаа цувна, гэвч хайртаасаа гадаад төрхийг нь магтсан ганц ч үг сонсохгүй. Гуньж шаналсан ч бай, бага ч атугай баярлаж цэлмэсэн ч бай хамаагүй нөхөр нь царайны хувирлыг нь тайлж уншиж чадахгүй тийм эмэгтэй хүн байна гээд төсөөл дөө. Нүүрээ будна уу, үгүй юү, нөхөрт нь ямар хамаа байна? Хүсвэл нэг зовхио ногооноор будна, хамартаа гархи зүүнэ, шар шарваар өмд, ягаан гутал өмсөнө, хамаагүй. Дараа нь нөгөө ертөнц рүү талийж одно. Хараагүй эр гарыг нь атгаад, хараагүй нүднээсээ нулимс асгаруулаад ––би тодорхой төсөөлж байна–– эхнэр нь амьсгал хураах мөч хүртлээ нөхөр нь түүний ямархуу дүр төрхтэйг огт мэдээгүйг, тэгээд өөрөө одоо булшиндаа даруй заларч буйгаа бодсон биз. Робертод жаахан даатгалын мөнгө, Мексикийн хорин песоны талыг үлдээсэн гэсэн. Тэр хорин песоны нөгөө хагасыг нь түүнтэй цуг авсанд нь хийсэн юм байх. Өрөвдмөөр юм.

Цаг нь болмогц эхнэр минь өртөө рүү нөгөө эрээ тосохоор явав. Хүлээхээс өөр хийх юмгүй ––мэдээж, би үүнд ч тэр нөхрийг буруутгав–– би зурагт харангаа архи ууж суутал гэрийн өмнөх зам руу машин орж ирэх нь сонсогдлоо. Би архиа барьсаар буйдангаас босоод, цонх руу очиж харав.

Эхнэр минь машинаа зогсоолд тавингаа инээд алдаж байна. Машинаасаа буугаад, хаалгаа хаав. Өнөөх л янзаараа мушилзсаар. Гайхалтай л гэе дээ. Машиныхаа нөгөө тал руу очив. Хараагүй эр хэдийн машинаа бууж байлаа. Энэ хараагүй эр, бод доо, сахалтай юм байна! Сахалтай хараагүй эр! Арай дэндэнэ ээ. Хараагүй эр арын суудал руу сунаад, нэг чемодан авлаа. Эхнэр минь түүнийг сугадаад, машиныхаа хаалгыг хаагаад, эхлээд гэрийн өмнөх засмал руу, дараа нь урд хаалганы шат руу авчрав. Би зурагтаа унтраалаа. Архиа хөнтрөөд, аягаа зайлаад, гараа арчиж хатаав. Тэгээд хаалга руу очлоо.

“За, Роберттой танилц. Роберт, энэ миний нөхөр. Би чамд түүний тухай бүгдийг ярьсан,” гэж эхнэр минь хэлэв. Нүүр дүүрэн инээмсэглэсээр. Хараагүй эрийнхээ пальтоны ханцуйнаас барьжээ.

Хараагүй эр чемоданаа газар тавиад гар сунгав.

Би түүнтэй гар барилаа. Тэр гарыг минь чанга атгаад, хэсэг барьж зогсоод, эцэст нь тавилаа.

“Бид хэдийн бие биеэ таних болсон мэт санагдаж байна,” гэж тэр бүдүүн дуугаар хэлэв.

“Надад ч бас,” гэж би хариу өчлөө. Өөр юу гэхээ мэдсэнгүй. Тэгээд, “Тавтай морил. Би таны тухай их зүйл сонссон,” гэж нэмлээ. Ингээд бид багахан бүлэг үүсгээд, үүдний тагтнаас зочны өрөө рүү хөдлөв. Хараагүй эр нөгөө гартаа чемоданаа авч явна. Эхнэр минь, “Роберт, одоо зүүн тийш ээ. За боллоо. Болгоомжтой, сандал байна. За боллоо. Ийшээ сууж болно. Энэ буйдан байна. Бид энэ буйданг хоёр долоо хоногийн өмнө худалдаж авсан юм,” гэхчлэн ярив.

Би хуучин буйдангийнхаа тухай юу ч юм хэлэхийг завдав. Би хуучин буйдандаа дуртай байсан юм. Гэхдээ юу ч хэлсэнгүй. Тэгээд ойр зуурын юу ч хамаагүй, жишээ нь Хадсоны зам дагуух байгалийн талаар юм ярья гэж бодлоо. Нью Йорк руу явж байхдаа галт тэрэгний баруун талд, Нью Йоркоос ирж байхдаа зүүн талд суух хэрэгтэй гэх мэт.

“За замдаа сайн явж ирэв үү? Ингэхэд галт тэргэнд баруун зүүн аль талд нь суусан бэ?” гэж би асуув.

“Аль талд нь суусан бэ ч гэх шиг, юу асуугаад байгаа юм бэ! Аль талд нь ч суусан ямар хамаа байна?” гэж эхнэр минь хэллээ.

“Би зүгээр асуусан юм.”

“Баруун талд нь. Би галт тэргэнд суулгүй бараг дөчин жил болж. Хүүхэд байхдаа л суусан. Гэрийнхэнтэйгээ. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Ямархуу байдгийг нь ч мартаж. Одоо сахал минь ч бууралтсан” гэж хараагүй эр ярилаа. “Юутай ч бууралтсан гэж надад хэлсэн. Би илүү буурь суурьтай харагдаж байна уу, хонгор минь?” гэж эхнэрээс минь асуув.

“Роберт, чи буурь суурьтай харагдаж байна. Роберт, Роберт, чамтай уулзах сайхан байна,” гэж эхнэр минь хэллээ.

Эцэст нь хараагүй эр лүү харахаа болиод над руу хараа сунгав. Миний байр байдал таалагдаагүй бололтой. Би мөрөө хавчив.

Би хараагүй хүнтэй огт уулзаж байгаагүй, танихгүй мэдэхгүй. Өмнө минь зогсож буй хараагүй эр нас тавь дөхөж яваа бололтой харагдана. Намхан, туранхай. Толгой нь халцарч эхэлсэн. Хүндээс хүнд ачаа зөөж яваа аятай мөр нь доош унжчихсан. Хүрэн өнгийн хэлхгэр өмд, хүрэн гутал, цайвар хүрэн цамц, зангиа, чөлөөт загварын пальтотой. Ганган. Мэдээж хэрэг битүү сахалтай. Гэхдээ ямар ч таяг бариагүйн дээр нүдний хар шил ч зүүгээгүй. Хараагүй хүмүүс ямагт хар шил зүүдэг гэж би боддог байсан юм. Тэр ч мөн хар шил зүүсэн байсан болоосой; анх өнгөцхөн харахад түүний нүд бусад хүнийхээс ялгаагүй мэт харагдана. Гэвч ойроос харахтай зэрэг нэг л өөр байгааг нь анзаарна. Эвэрлэг бүрхэвч нь дэндүү цагаанаас гадна нүд нь ухархайндаа түүнд мэдэгдэлгүйгээр эсвэл тэр угаас захирч зогсоож чадахгүй мэт учиргүй эргэлдэнэ. Аймшигтай. Би нүүр лүү нь анхааралтай хармагцаа, зүүн нүдний хүүхэн хараа нь хамрын уг руу нь хардгийг, нөгөө нүдний хүүхэн хараа нь нэг л газраа зогсож үлдэхийг хичээдгийг анзаарлаа. Гэхдээ ердөө л хичээнэ. Баруун нүд хамаагүй тэнэж оддогийг тэр нэг бол мэддэггүй байх эсвэл угаасаа захирч болиулж чаддаггүй байх.

“Танд уух юм авчиръя. Юу уух вэ? Бидэнд бүгд байгаа. Бид архи дарс ууж чөлөөт цагаа өнгөрөөдөг юм,” гэж би санал болголоо.

“Анд минь, би шотланд эр” гэж өнөөх бүдүүн дуугаараа зүгээр нэг хэлсэн гэхийн аргагүй тун хурдан дуржигнуулав.

“За за,” гэж би хариу хэллээ. Анд юм гэнэ! “За ойлголоо. Мэдсэн юм аа.”

Тэр буйдангийн хажууд буй чемоданаа тэмтрэв. Эд зүйлээ бүртгэж байна. Мэдээж түүний зөв, үүнд буруутгах зүйлгүй.

“Би чемоданыг чинь дээш, өрөөнд чинь оруулчихъя,” гэж эхнэр минь хэллээ.

“Үгүй дээ, зүгээр,” гэж хараагүй эр чангаар өгүүлэв. “Би дээшээ явахдаа аваад явчихна.”

“Вискиндээ ус нэмэх үү?” гэж би асуув.

“Жаахан.”

“Мэдсэн юм аа.”

“Ердөө нэг дусал. Барри Фицжеральд гээд ирланд жүжигчин байсан даа. Та нар санах уу, үгүй юү. Би яг түүн шиг. ‘Би ус уумаар байвал ус ууна. Виски уумаар байвал виски ууна’ гэж тэр хэлдэг сэн.” Эхнэр минь инээд алдав. Хараагүй эр гараа сахал доогуураа шургуулаад, сахлаа аажуухан дээш өргөснөө доош сул орхилоо.

Би уух юм бэлдлээ. Жаахан ус нэмсэн гурван стакан виски. Тэгээд бид тухтай сууж аваад, Робертын аян зам хэрхэн өнгөрсөн тухай ярилцав. Эхлээд Баруун эргээс Коннектикут хүртэл ниссэн тухайгаа ярилаа. Хэрхэн ниссэнээ ярьж дуусаад, Коннестикутаас ийш хүртэл гал тэргээр хэрхэн явж ирснээ ярив. Аяллын энэ хэсгийн тухай ярилцангаа бид дахин нэг стакан виски уулаа.

Хараагүй хүмүүс тамхи татдаггүй гэж би хаана ч билээ уншсанаа санав. Үлээж буй утаагаа хардаггүй учраас тэр юм байх. Би хараагүй хүмүүсийн тухай ердөө л энэ хавьцааны юм, ердөө л энэ хавьцааны юм мэддэг юм байна гэх бодол надад төрөв. Гэхдээ энэ хараагүй эр янжуураа угт нь тултал татаж дуусгаад дахин нэгийг асааж байх юм. Хараагүй эр үнсний савыг дүүргэж, эхнэр минь үнсийг нь асгав. Бид оройн хоолоо идэхээр ширээнд суухдаа дахин нэг нэг татлаа. Эхнэр минь Робертын тавгийг мах, төмс, шошоор дүүргэлээ. Би хоёр хэрчим талхан дээр цөцгийн тос түрхэж өгөв. “Май, цөцгийн тостой талх.” Би өөрийн уух юмаа залгилаа. “За алив залбирцгаая,” гэж намайг хэлэхэд хараагүй эр толгойгоо доош гудайлгав. Эхнэр минь гайхсандаа амаа ангайн над руу харна. “Утас дуугарахгүй, хоол хөрөхгүй гэж залбиръя,” гэж би хэллээ.

Бид хоол руу дайрлаа. Ширээн дээр тавьсан бүхнийг идлээ. Өнөөдөр амьд явах сүүлчийн өдөр юм шиг л идлээ. Юу ч ярьсангүй. Идлээ. Юу ч үлдээлгүй хуу арчлаа. Ширээг долоох шахам идлээ. Хамаг анхаарлаа хандуулж идлээ. Хараагүй эр хоол нь хаа байгааг даруй ойлгов, тавагт нь юу хаана байгааг мэдэж байв. Махаа сэрээдэж, хутгаар зүсэж идэж байгааг нь би биширч харлаа. Эхлээд махаа хоёр хуваагаад, сэрээдээд амандаа хийнэ, тэгээд дараа нь төмс, шош идээд, цөцгийн тос түрхсэн талхнаас таслаад иднэ. Энэ бүхнээ сүүнээс том балган залгилж даруулна. Хааяадаа хоолоо гараараа авахаас ч буцахгүй аж.

Бид бүх хоолоо, гүзээлзгэнэтэй бялууны талыг ч мөн дуусгалаа. Хэсэг зуур хөдөлж чадахгүй мэнэрч суув. Нүүрэн дээр маань хөлс бөнжийжээ. Эцэст нь аяга тавгаа тэр чигт нь орхиод ширээнээс босоцгоолоо. Эргэж харсан ч үгүй. Ингээд бүгд хамтдаа зочны өрөөнд орж, өмнө нь сууж байсан суудалдаа суув. Роберт эхнэртэй минь цуг буйдан дээр заларч, би том сандал дээр тухаллаа. Тэр хоёр сүүлийн арван жилд амьдралд нь гарсан томхон өөрчлөлтүүдийн тухай ярилцах зуур бүгд хоёр гурван хундага виски хөнтрөв. Тэд ярилцаж би тэднийг чагнаж, үе үе ярианд нь оролцоно. Хараагүй эр намайг өрөөнөөс гараад явчихсан гэж бодох вий, эхнэр минь намайг өөрийгөө гадуурхагдсан гэж бодож байна гэж ойлгох вий гэж тэр. Тэд өөрсдөд нь тохиолдсон зүйлийн тухай –– тэдэнд энэ арван жилд юу тохиолдсон тухай ярьж байв! Би эхнэрийнхээ булбарай уруулын завсраас энэ л өгүүлбэр унаасай гэж дэмий хүлээлээ: “Тэгээд би хайрт нөхөртэйгөө учирсан!” Нэг иймэрхүү өгүүлбэр. Гэвч эхнэр минь огт тийм юм хэлсэнгүй. Байнга Робертын тухай ярих аж. Робертын хувьд энэ хорвоо ертөнцөд хийж туршиж үзээгүй зүйл гэж огт үгүй бололтой. Хараагүй эрд хийж үзээгүй ажил үгүй юм байна. Сүүлийн үед тэр эхнэртэйгээ Amway компанид дистрибьютерээр ажиллажээ. Миний ойлгосноор тэд үүгээр амьжиргаагаа залгуулдаг байсан бололтой. За тэгээд ер нь олдсоноороо л болгодог байх даа. Хараагүй эр түүнээс гадна сонирхогчдын радио холбоо ажиллуулж Гуам, Филиппин, Альяск, тэр бүү хэл Тахити дахь радио долгионы холбоо сонирхогчидтой холбогдсон хэмээн чанга дуугаараа бидэнд ярив. Энэ газрууд руу аялах юм бол тосоод авах олон найз нөхөдтэй болсон юм гэнэ. Үе үе хараагүй нүдээ над руу хандуулж, гараа сахлынхаа доогуур оруулж, юу ч юм асууна. Би одоогийн ажилдаа хэр удаж байгаа билээ? (Гурван жил.) Би ажилдаа дуртай юу? (Дургүй.) Цаашид энэ ажлаа хийсээр байх уу? (Надад өөр сонголт байгаа гэж үү?) Эцэст нь би түүнд өөр асуух юм үлдээгүй биз гэж шийдэн, босож зурагтаа асаалаа.

Эхнэр минь над руу дургүйцсэн харц чулуудав. Юу юугүй тэсэрч дэлбэрэх гэж байгаа аятай харагдана. Тэгснээ хараагүй эр лүү хараад, “Роберт танайх зурагттай юу?” хэмээн асуув.

“Хоёр зурагттай. Нэг л өнгөт, нөгөө нь бүр хуучны хар цагаан. Гэхдээ инээдтэй нь би зурагтаа асаах болохоороо ––би зурагтаа байнга асаадаг–– ямагт өнгөт зурагтаа асаадаг. Инээдтэй биш гэж үү?”

Үнэндээ би үүнд юу гэж хариулахаа мэдсэнгүй. Юу гэж хэлэх вэ дээ: Надад огт мэдэх юм алга. За ямартай ч би мэдээ үзэхээр шийдэж, хөтлөгчийн хэлж ярьж буйг ойлгохыг хичээв.

“Энэ өнгөт зурагт байна. Яаж мэдэж байгааг минь асуух хэрэггүй, гэхдээ л би мэднэ,” хэмээн хараагүй эр хэллээ.

“Бид зурагтаа солиод удаагүй байгаа юм,” гэж би хариу өгүүлэв.

Хараагүй эр вискинээсээ дахин нэгэнтээ балгав. Сахлаа атган дээш нь хамар луугаа дөхүүлэн үнэрлээд, буцааж доош нь тавилаа. Буйдан дээрээсээ урагш бөхийв. Үнсний савыг намхан ширээн дээр тавьж, асаагуураар тамхиа асаалаа. Буцаад гэдрэг налав. Хөлөө урагш нь жийж зөрүүллээ.

Эхнэр минь амаа гараараа халхлан эвшээлгээд, дараа нь суниав. “За би дээшээ гарч халаадаа өмсье. Хувцсаа сольё. Роберт, манайд дураараа тухлаарай.”

“Би тухтай байна.”

“Би чамайг манайд тухтай байгаасай гэж хүсэж байна.”

“Би тухтай байна,” гэж хараагүй эр хэлэв.

 

Эхнэрийг өрөөнөөс гармагц бид хоёр зурагтаар эхлээд цаг агаарын мэдээ, дараа нь спортын товч мэдээ сонслоо. Эхнэр минь дээд давхарт гараад их удахаар, буцаж бууж ирэхгүй юм байна гэж би бодов. Магадгүй орондоо орсон байх. Буугаад ирээсэй гэж би бодлоо. Хараагүй хүнтэй хоёулхнаа үлдмээргүй байсан юм. Би түүнээс ахиад виски уух эсэхийг нь асуув. “Мэдээж уулгүй яах вэ,” гэж тэр хариулж байна. Би, “Хоёулаа өвс татах уу? Би шинэхэн ороогоод бэлдчихсэн байгаа,” гэж хэллээ. Үнэндээ бэлдээгүй байсан юм. Гэхдээ даруйхан хоёрыг ороогоод бэлдчихнэ гэж би бодсон хэрэг.

“Би чамтай цуг ганц хоёр сорж үзье.”

“Зөв шүү. Дажгүй эд байгаа.”

Би хоёр шилэн аягатай вискигээ аваад түүнтэй цуг буйдан дээр суув. Тэгээд хоёр сайхан бүдүүн тамхи ороолоо. Нэгийг нь асаагаад, түүн рүү дамжуулав. Хуруунд нь хүргэлээ. Мань эр тамхийг аваад нэг соров.

“Чадах чинээгээрээ удаан сор,” гэж би хэллээ. Өвс татаж огт мэддэггүй гэдэг нь харваас андашгүй аж.

Эхнэр минь ягаан халаад, ягаан шаахайгаа өмсөөд доош бууж ирлээ.

“Энэ юу үнэртээд байна вэ?” гэж асууж байна.

“Жаахан өвс татдаг юм уу гэсэн юм,” хэмээн би хариуллаа.

Эхнэр минь над руу цухалдангуй харав. Хараагүй эр лүү харц хандуулаад, “Роберт, чамайг өвс татдаг гэж мэдээгүй юм байна,” хэмээлээ.

“Одоо л анх татаж байна. Аливаа юманд анхных гэж байх. Гэхдээ хараахандаа мэдрэгдэж байгаа юм алга.”

“Наад чинь нэлээд зөөлөн талдаа. Сулавтар. Танд яг таарна. Хүчтэй үйлчлэхгүй,” гэж би хэлэв.

“Ер үйлчилсэн юмгүй л байна, анд минь,” гэж хэлээд хараагүй эр инээд алдлаа.

Эхнэр минь буйдан дээр, зочин бид хоёрын дунд суув. Би түүнд тамхиа өглөө. Эхнэр минь тамхийг аваад, нэг сороод, надад буцааж өгөв. Тэгснээ, “Хэний ээлж вэ?” гэж асуув. “Би өвс татах хэрэггүй байсан юм. Нүд анилдаад ер тэсэхгүй нь. Оройн хоол бүр нойр хүргэчихлээ. Арай л их идчихжээ.”

“Гүзээлзгэнэтэй бялуунаас болж байгаа юм. Бялуу идээд тэр,” гэж хараагүй эр хэлснээ, өнөөх янзаараа чангаар хөхрөв. Тэгснээ толгой сэгсэрлээ.

“Гүзээлзгэнэтэй бялуунаас дахиад үлдсэн,” гэж би хэлэв.

“Роберт, чи дахиад бялуу идэх үү?” гэж эхнэр минь асуулаа.

“Жаахан байж байгаад идэж магадгүй.”

Бид гурав зурагтад анхаарлаа хандууллаа. Эхнэр минь дахин нэгэнтээ эвшээлгээд, “Унтмаар санагдах юм бол орыг чинь засчихсан шүү, Роберт. Өнөөдөр чи их ядарсан байх. Хажуулдмаар санагдвал хэлээрэй,” хэмээснээ, хараагүй эрийн гараас татаж, “Роберт оо?” гэж дуудав.

Зочин эхнэр лүү эргэн харж, “Би цагийг сайхан өнгөрүүлж байна. Энэ хуурцгийн бичлэг бололтой, тийм үү?” хэмээлээ.

“За одоо таны ээлж,” гэж би хэлээд хурууных нь завсар тамхиа хавчууллаа. Тэр нэг сороод, утааг нь амандаа хэсэг байлгаад, буцааж гаргав. Аль есөн настайгаасаа л өвс татаж өссөн аятай л байлаа.

“Баярлалаа, анд минь. Одоо надад хангалттай. Үйлчилж эхэлж байх шиг байна,” гэж тэр хэлээд, уугьж буй тамхийг эхнэр лүү минь сунгав.

“Би ч ялгаагүй. Болоо. Хангалттай,” гэж эхнэр минь хэлээд, тамхиа над руу сунгав. “Би та хоёрын дунд нүдээ аниад жаахан суудаг юм билүү. Саад болбол хэлээрэй. Шууд хэлээрэй. Та хоёр зөвшөөрвөл би нүднийхээ хорыг гаргаад энд жаахан сууя. Роберт, унтъя гэвэл ор чинь бэлэн шүү. Дээд давхарт бид хоёрын унтлагын өрөөний яг хажууд. Чамайг унтах болохоор өрөөг чинь зааж өгнө өө. Намайг унтчихвал, сэрээгээрэй, залуус аа.”

Эхнэр минь ийн өгүүлж, нүдээ аниад, унтаад өгөв.

Зурагтын мэдээ дуусжээ. Би босож сувгийг солилоо. Буцаад буйдан дээр суув. Эхнэр минь энд унтаагүй байсан ч болоосой. Буйдан дээр толгойгоо тавиад, амаа ангайсан харагдана. Хажуу тийш эргэхээр, халаад нь хөлөөс нь дээш гулгаад, сэрэл хөдөлгөм гуя нь ил гарчээ. Халаадыг нь доош татаж, гуяыг нь халхлах санаатай сунангаа би хараагүй зочин руу харц чулуудлаа. Ямар утгагүй хэрэг вэ! Би халаадыг буцаагаад дээш татав.

“Гүзээлзгэнэтэй бялуу идмээр санагдвал хэлээрэй,” гэж би хэллээ.

“Хэлнэ ээ.”

“Та ядарсан уу? Таныг ор луу тань хүргэж өгөх үү? Та орондоо ормоор байна уу?” гэж би асуув.

“Жаахан байзная. Анд минь, зөвшөөрвөл, би чамтай жаахан сууя. Чамайг унтах хүртэл би байзная. Бид хоёрт ярилцаж боломж бараг гарсангүй. Юу гэж буйг минь ойлгож байгаа биз дээ? Би эхнэртэй чинь л оройжин ярилцлаа,” гэж хэлээд тэр сахлаа дээш сөхөөд доош буулгав. Тэгээд тамхи, асаагуур хоёроо авлаа.

“Бололгүй яах вэ. Надад хань болж байгаад баярлалаа.”

Би үнэхээр баярласан байх. Би шөнө бүр өвс татаж, нүд анилдах хүртэл суудаг. Эхнэр бид хоёр зэрэг орондоо орсон тохиолдол ховорхон. Би унтахаараа нөгөө л зүүдээ зүүдэлдэг. Хааяа сэрэхэд зүрх савлаж байна.

Зурагтаар дундад зуун болон цогчин дуганы тухай нэвтрүүлэг гарч байв. Миний сонирхдог зүйл биш. Өөр юм үзмээр санагдаж байлаа. Сувгаа сольсон ч өөр олигтой юм алга. Тэгээд нөгөө анхны суваг дээрээ буцаж ирээд, хараагүй эрээс уучлал хүслээ.

“Анд минь, зүгээр дээ. Надад аль нь ч болно. Чи юу ч үзсэн надад болно. Би хэзээ ямагт шинэ юм олж мэддэг. Хүн суралцаж дуусахгүй юм даа. Өнөө шөнө ч шинэ юм сурахад болохгүй зүйлгүй. Чих минь сайн сонсдог.”

Бид хэсэгтээ ярилцсангүй. Тэр царайгаа өөдөөс минь харуулаад, урагш бөхийн суужээ. Баруун чихээ зурагт руу хандуулсан аж. Надад тун эвгүй санагдлаа. Аньсагаа үе үе доош буулгаад, гэнэ гэнэхэн нүдээ нээнэ. Тэгснээ сахлаа хуруугаараа имрээд, зурагтаар сонссон ямар нэг юмныхаа тухай бодож буй мэт болно.

Дэлгэцээр чөтгөрийн дүрд хувирсан болон араг ясны хувцас өмссөн хүмүүс юүдэнтэй нөмрөгтэй нөгөөдүүл рүүгээ дайрч довтолж байв. Чөтгөрийн дүрд хувирсан эрчүүд баг, эвэр, урт сүүл сүүжээ. Энэ бүхэн багт наадмын нэг хэсэг аж. Нэвтрүүлгийг тайлбарлах англи эрийн хэлж буйгаар гудамжны энэ үзүүлбэр жилдээ нэг болдог гэнэ. Би дэлгэцээр гарч буй зүйлийг хараагүй эрд тайлбарлахыг хичээв.

“Араг яс. Би араг ясыг мэднэ,” гэж тэр хэлээд толгой дохилоо.

Дараа нь зурагтаар нэг цогчин дуган гарлаа. Тэгснээ өөр нэг цогчин дуганыг удаан гэгч нь харуулав. Эцэст нь үүлэнд шүргэсэн өндөр шовх орой, нуман тулгууруудтай Парисын алдартай цогчин дуган руу шилжих нь тэр. Дээш тэнгэр баганадсан өндөр цогчин дуганыг бүхэлд нь харуулахын тулд камер гэдрэг ухарлаа.

Хааяадаа англи эр дуугаа хурааж, камер цогчин дугануудын эргэн тойрныг харуулж байв. Эсвэл камер хөдөөгийн байгалийг, тариан талбайд шар үхрийн араас гэлдрэх эрчүүдийг харуулна. Би чадах чинээгээрээ хүлээлээ. Гэвч эцэст нь ам нээхээс өөр аргагүй болов. Тэгээд, “Одоо цогчин дуганы гадна талыг харуулж байна. Гаргулиуд. Мангас шиг төрхтэй жижиг хөшөө. Итали юм шиг байна. Тийм ээ, Итали байна. Сүм нь ханан дээрээ зурагтай юм.”

“Фреско зураг юм уу, анд минь?” гэж тэр асуугаад, вискинээсээ балгав.

Би ч мөн өөрийн шилэн аягаа авсан ч хоосон ажээ. Тэгээд би чадах чинээгээрээ юу ч юм санахыг хичээв. “Тэр зураг нь фреско юм уу гэж үү? Тун зөв асуулт байна. Мэдэхгүй.”

Камер Лиссабоны гаднатай байх нэгэн цогчин дуганыг харууллаа. Франц, Италийн цогчин дугануудтай харьцуулахад Португалын цогчин дуган ч төдийлөн ялгаагүй аж. Гэхдээ жаахан өөр. Ихэнхдээ дотоод засал чимэглэл нь өөр. Гэнэт санаанд минь орж ирээд, “Гэнэт санаанд минь орлоо. Та цогчин дуган гэж ямар зүйл байдгийг мэдэх үү? Ямархуу хэлбэр дүрстэй вэ гэдэг ч юм уу? Та ойлгож байна уу? Хэн нэгэн хүн танд ‘цогчин дуган’ гэж хэллээ гэхэд, та юуны тухай ярьж байгааг нь ойлгодог уу? Жишээ нь, та цогчин дуган, баптист сүм хоёрын ялгааг мэдэх үү?” гэж асуулаа.

Тамхиныхаа утааг ар араас нь таслан үлээв. “Цогчин дуган барихад хэзэн зуун ажилчин тавь, зуун жилийн турш хөдөлмөрлөдөг гэж би мэднэ. Мэдээж хэрэг, үүнийг дөнгөж сая нэвтрүүлэгч хэлэхийг би сонссон. Нэг цогчин дуганы барилгын ажилд нэг бүлүүд хэдэн үеэрээ ажилладгийг ч би мэднэ. Мэдээж үүнийг ч бас нэвтрүүлэгч хэлсэн. Тэгэхээр тэд биднээс бараг ялгаагүй гэсэн үг биз дээ?” гэж хэлээд тэр хөхрөв. Дахиад нүдээ анилаа. Толгойгоо дохив. Дугхийж орхих шиг. Магадгүй өөрийгөө Португалд байна гэж төсөөлсөн биз. Зурагтаар одоо өөр цогчин дуган харуулах аж. Энэ удаагийнх нь Германд байдаг гэнэ. Англи эр нэгэн хэмээр дүнгэнүүлсээр. Хараагүй эр, “Цогчин дуганууд,” хэмээснээ толгойгоо дохилзуулав. “Үнэнийг хэлэхэд цогчин дуганы талаар миний мэдэх юм ингээд болоо. Сая хэлсэн бүхэн минь. Үнэндээ нэвтрүүлэгчээс сонсож мэдсэн юм. Гэхдээ чи надад цогчин дуган ямар байдгийг тайлбарлаач. Надад тайлбарлаж өгвөл тун сайн байна. Надад цогчин дуганы тухайд даанч мэдэх юм алга.”

Би зурагтаар гарч буй цогчин дуганыг хичээнгүйлэн ширтлээ. Үүнийг ер хаанаас нь эхэлж тайлбарлах вэ? Гэхдээ амь нас минь үүнээс хамаарч байна гэж бодоод үзье. Нэг галзуу хүн намайг сүрдүүлж, одоохон үүнийг тайлбарла, үгүй бол... гээд заналхийлж байна гэж бодъё.

Би цогчин дуганы дүрсийг дахин ширтлээ. Гэж байтал дүрс солигдож одоо хөдөө нутгийг үзүүлж эхлэв. Угаасаа ингэж ширтлээ гээд ер нэмэр ч болсонгүй. Би хараагүй эрд хандан, “Юунд түрүүнд цогчин дуганууд их өндөр,” гэж хэллээ. Би зүйрлүүлчихээр юм олох санаатай өрөөгөө тойруулан харав. “Маш өндөр. Бүр дээшээ, өндөр. Тэнгэр лүү өгссөн. Зарим нь маш том, тиймээс тулгуур хэрэгтэй. Нураачихгүй тогтоож барихын тулд. Энэ тулгуурыг нь нуман тулгуур гэдэг юм байна. Яг тийм солбих гүүр шиг. Гэхдээ та солбих гүүрийг ч мэдэхгүй байх даа? Зарим цогчин дуганы нүүрэн дээр чөтгөр гэх мэт зүйл сийлсэн байдаг. Зарим дээр нь эзэн ноёд, хатагтай нарыг. Яагаад гэдгийг нь мэдэх юм алга,” гэж би хэлэв.

Тэр толгой дохиж байлаа. Биеийн дээд хэсэг нь тэр чигээрээ урагш хойш дохилзон хөдөлж байх шиг санагдана. “Би сайн тайлбарлаж чадахгүй байгаа биз?” гэж би асуулаа. Тэр толгой дохихоо болиод, урагш буйдангийн ирмэг рүү бөхийв. Миний ярихыг сонсонгоо сахлаа имрэх аж. Би түүнд сайн ойлгуулж чадахгүй байгаагаа ухаарч байв. Гэхдээ л тэр намайг цааш үргэлжлүүлээсэй гэж хүлээж байлаа. Урам өгөх гэсэн мэт толгой дохив. Би өөр юу хэлэхээ бодож олохыг хичээлээ. “Цогчин дуганууд их том. Аварга том. Чулуугаар барьсан. Заримдаа гантигаар. Энэ дугануудыг барьсан эрт дээр цагт хүмүүс бурханд ойрхон байхыг хүсдэг байж. Хуучин цагт бурхан хүний амьдралд чухал үүрэгтэй байсан. Тиймээс хүмүүс цогчин дуган барьсан. Уучлаарай, би үүнээс илүү тайлбарлаж чадахгүй нь. Би угаасаа юм тайлбарлахдаа муу.”

“Зүгээр дээ, анд минь. Юу гээч. Би чамаас нэг юм асууж болох уу? Нэг юм асуумаар санагдаад. Их энгийн асуулт, тийм эсвэл үгүй гэж хариулах л хангалттай. Зүгээр сониуч зан хөдлөөд асууж байгаа юм шүү, битгий буруугаар ойлгоорой. Чи намайг гэртээ хүлээж авч зочлуулж байна. Гэхдээ би чамаас шашин шүтдэг үү гэж асуух гэсэн юм. Ингэж асуувал чи дургүйцэх үү?”

Би толгой сэгсэрлээ. Гэвч тэр харахгүй шүү дээ. Нүд ирмэсэн ч, толгой дохисон ч ялгаагүй. “Би шашин шүтдэггүй л болов уу. Ер нь ямар зүйл шүтдэггүй. Заримдаа хэцүү шүү. Юу ярьж байгааг минь та ойлгож байгаа биз дээ?”

“Ойлголгүй яах вэ.”

“За за.”

Англи хөтлөгч цааш нь тайлбарласаар. Эхнэр минь нойрондоо сүүрс алдав. Урт амьсгаа аваад, үргэлжлүүлэн унтлаа.

“Та намайг уучлаарай. Цогчин дуган яг ямархуу харагддагийг би танд тайлбарлаж чадахгүй нь. Ер сайн тайлбарлаж чадахгүй нь. Миний хэлж чадах юм ердөө энэ,” гэж би хэллээ.

Хараагүй толгойгоо гудайлган хөдлөлгүй суусаар миний яриаг сонсов.

“Энэ цогчин дуганууд миний хувьд ер чухал биш. Огтхон ч чухал биш. Зүгээр л цогчин дуганууд. Шөнө зурагтаар үзүүлдэг. Тэгээд л болоо,” гэж би хэлэв.

Намайг ингэж ярихтай зэрэг хараагүй эр хоолойгоо засав. Санаанд нь юу ч юм орж ирсэн бололтой. Арын халааснаасаа алчуур гаргаж ирлээ. Тэгснээ, “Анд минь, би ойлгож байна. Зүгээр дээ. Тиймэрхүү юм байх. Санаа зовох хэрэггүй,” хэмээв. “Юу гээч. Чи надад нэг туслаач. Надад нэг санаа төрлөө. Чи зузаахан цаас олж чадах уу? Бас бал. Хоёулаа нэг юм хийнэ. Нөгөө юу, хамтдаа зурна. Бал, зузаан цаас аваад ир. Алив, анд минь, яваад аваад ир.”

Би дээд давхар луу гарав. Хөлд минь ямар ч хүч үлдээгүй юм шиг санагдана. Зөндөө их гүйчихсэн юм шиг л. Би эхнэрийнхээ өрөөнд ороод эргэн тойрон нүд гүйлгэн харлаа. Ширээн дээр нь жижиг сагсанд балууд байв. Түүний хэлсэн шиг зузаан цаас хаанаас олохоо би бодов.

Доор, гал тогооны өрөөнд, дотроо сонгинын хальстай бор цаасан уут оллоо. Уутыг сэгсрээд, зочны өрөөнд орж, бал цаасан уутаа барьсаар хараагүй эрийн хөлийн хажууд суув. Явган ширээн дээрээс зарим зүйлийг захлуулж түлхээд, бор цаасан уутаа тэнийлгээд, ширээн дээр дэлгэж тавилаа.

Хараагүй эр буйдангаас бууж, хивсэн дээр, хажууд минь суув.

Цаасыг хуруугаараа тэмтэрч, хоёр хажуугаар нь гараа гүйлгэлээ. Хажуу ирмэгийг нь, хажуу ирмэгийг нь хүртэл тэмтрэв.

“За за. Болох юм байна. Алив зуръя.”

Ингэж хэлээд гараас минь, бал барьсан гараас минь барив. Гараараа гарыг минь атгалаа. “За анд минь, зураарай. Зур. Чи одоо ойлгоно оо. Би чамайг дагана. Зүгээр ээ. За хэлснээр минь зураарай. Чи өөрөө ойлгоно оо. Зураарай.”

Ингээд би зурж эхэллээ. Эхлээд байшин шиг дөрвөлжин зурлаа. Энэ манай гэр ч байж болохоор санагдав. Дараа нь үүнийхээ дээр дээвэр зурлаа. Дээврийнхээ хоёр үзүүрт шовх оройнууд зурав.

Гайхалтай.

“Янзтай. Маш сайн. Чи мундаг зурж байна. Анд минь, ийм юм тохиолдоно гэж чи огт төсөөлж байгаагүй биз? Амьдрал баялаг; бид бүгд үүнийг Мэднэ. Цааш нь үргэлжлүүл. Зураад бай.”

 Би тахир нумтай цонхнууд зурлаа. Нуман тулгуурууд зурав. Аварга том хаалганууд. Зогсолтгүй зурлаа. Зурагтын эфир хаагджээ. Би балаа доош тавиад, гараа атгаж дэлгэлээ. Хараагүй эр цаасыг бүхэлд нь тэмтрэв. Цаасан дээгүүр гарынхаа өндгийг явуулан, зурсан зургийг минь тэмтрээд, толгой дохино.

“Сайхан зуржээ.”

Би балаа дахин авч, тэр гарыг минь атгав. Би үргэлжлүүлэн зурлаа. Би зураач биш. Гэхдээ л зурсаар байв.

Эхнэр минь нүдээ нээгээд, бидэн рүү харц чулуудлаа. Тэр буйдан дээр цэхэлж суув. Халаад нь онгорхой хэвээр. “Та хоёр юу хийж байгаа юм бэ? Сонирхлыг минь татчихлаа, юу хийж байгаа юм?”

Би хариу хэлсэнгүй.

Хараагүй эр, “Бид цогчин дуган зурж байна. Хоёулаа хамтдаа,” хэмээн хариулаад, надад хандан, “Хүчтэй дар,” гэлээ. “Болж байна. Сайн байна. Тэгэлгүй яах вэ. Чи ойлгожээ, анд минь. Ойлгосон чинь тодорхой байна. Чи ингэж чадна гэж бодоогүй биз? Гэхдээ чи чадлаа, тийм үү? Тун сайн ахиц гаргалаа. Намайг ойлгож байгаа биз дээ? Удахгүй бид хоёр зургаа зурж дуусах нь. Гар чинь чилж байна уу? Одоо цогчин дугандаа хэдэн хүн нэмье. Хүнгүй цогчин дуган гэж юу байх вэ?”

“Роберт, юу болоод байна вэ? Та хоёр юу хийж байгаа юм? Энэ юу вэ?” хэмээн эхнэр минь асуув.

Хараагүй эр эхнэрт минь хандан, “Зүгээр ээ,” хэмээснээ, надад хандан, “Одоо нүдээ ань,” гэлээ.

Би нүдээ анилаа. Яг хэлснээр нь нүдээ анив.

“Аньсан уу? Нээж болохгүй шүү.”

“Аньсан.”

“За битгий нээгээрэй. Цааш нь үргэлжлүүлээд зур. Зур.”

Ингээд бид хоёр зургаа үргэлжлүүллээ. Гар минь цаасан дээгүүр нааш цааш хөдлөхөд тэр хуруугаа хуруун дээр минь тавив. Би амьдралдаа хэзээ ч ийм юм үзээгүй.

Тэгтэл хараагүй эр, “За болсон байх. Чи одоо ойлгосон байх,” гэлээ. “Хар даа. Чи юу гэж бодож байна?”

Гэхдээ би нүдээ нээсэнгүй. Нүдээ аниатай хэсэг хүлээе гэж бодов. Ингэх хэрэгтэй гэж бодлоо.

“За, чи харж байна уу?” хэмээн хараагүй эр асуув.

Нүд минь аниатай хэвээр. Би гэртээ байлаа. Би үүнийг мэдэж байв. Гэхдээ надад ямар нэг зүйлийн дотор байгаа юм шиг санагдсангүй.

“Энэ үнэхээр гайхалтай,” гэж би хэллээ. ♦