Харүки Мүраками (т. 1949) япон зохиолч. Зохиол бүтээлүүд нь дэлхийн
тавин хэлнээ орчуулагдаж, олон сая хувь борлогдсон. Мүраками бүтээлдээ шидэт
реализмын элемент ашигладгаараа алдартай. Тэрээр өгүүллэгийн таван түүвэр
хэвлүүлжээ. Зохиол бүтээлийг нь “япон хэв маяггүй” гэдэг ч үнэндээ Мүраками
ихэнх бүтээлээ Японы “би-роман”-ы маягаар бичсэн. “Японы уламжлалт уран зохиолд
гэр бүл чухал үүрэг гүйцэтгэдэг, гэр бүлээс хамааралгүй болсон аливаа дүр эрх
чөлөө, ганц бие амьдралыг дотно харилцаанаас илүүд үзэж эхэлдэг,” гэсэн өөрийн
гаргалгаа нь Мүракамигийн бүтээлүүдэд тод тусжээ.
Харүки Мүраками | ТОНИ ТАКИТАНИ
Түүнийг
жинхэнээсээ Тони Такитани гэдэг. Ийм нэртэйгээс гадна, буржгар үс, хөнхөрдүү
царайтай учир түүнийг гаднын цус холилдсон хүүхэд байх гэж таамаглацгаадаг
байв. Дайн дөнгөж дуусаад, дайнаас үлдсэн америк японы эрлийз хүүхэд их байсан
үе. Гэхдээ Тони Такитанигийн ээж, аав хоёр нь хоёул зуун хувь япон хүмүүс. Аав
Шозабүро Такитани нь жазз хамтлагт тромбон бүрээ үлдээдэг боломжийн амжилттай
хөгжимчин байсан ч дэлхийн хоёрдугаар дайн дэгдэхээс дөрвөн жилийн өмнө нэг
хүүхэнтэй холбоотой асуудлын улмаас Токиогоос явахаас аргагүйд хүрсэн. Хотоос
явах ёстой юм бол, ердөө бүрээгээ бариад бүр Хятад хүртэл зайлаад өгье гэж тэр
бодсон аж. Тэр үед Нагасакигаас Шанхай руу усан онгоцоор нэг өдрийн дотор
хүрдэг байв. Шозабүрод Токиод—ер нь Японы өөр бусад газар ч ялгаагүй—хоргодох,
алдахаас айж эмээх зүйл байхгүй. Ингээд тэр юунд ч харамсалгүйгээр энэ улсыг
орхин явлаа. Хүний сэтгэл татах, сайтар тооцоолсон өгөөш ихтэй Шанхай хот,
Токиог бодвол, түүний зан араншинд илүү тохирох нь лав гэж Шозабүро боджээ. Хөх
мөрнөөр дээш өгсөх усан онгоцны тавцан дээр зогсож байхдаа Шанхайн ганган өргөн
чөлөөнүүд өглөөний нарны туяанд гялбалзахыг хараад үнэхээр зөв бодсоноо ойлгов.
Энэ их гэрэл гэгээ ирээдүй нь гэрэл гэгээтэй байхыг зөгнөж байх шиг түүнд
санагдлаа. Шозабүро тэр үед хорин нэгтэй байв.
Ийнхүү Шанхай руу явсны ачаар тэр Япон Хятад руу халдаж,
Сувдан эрэг рүү довтолж, улмаар Америк улс Японд атомын хоёр бөмбөг хаясан үйл
явдлуудаас холуур өнгөрч чаджээ. Алс хол хаа нэгтээ тэмцэл мөргөлдөөн үргэлжлэх
зуур тэр Шанхайн шөнийн клубүүдэд тромбоноо тоглож байлаа. Шозабүро Такитани түүхэнд
ул мөрөө үлдээх өчүүхэн ч төдий хүсэлгүй хүн. Бүрээгээ үлээгээд, өдөртөө гурван
удаа хооллож, ойр хавьдаа цөөн хэдэн эмс хүүхэнтэй байхад л түүнд хангалттай.
Тэр даруухан хэр нь онгироо хүн. Хэдийгээр хувиа хичээсэн зантай ч эргэн
тойрныхоо хүмүүст эелдэг, сайхан ханддаг. Тиймээс ч хүмүүс ерөнхийдөө түүнд
сайн. Залуу, царайлаг, авьяаслаг хөгжимчин тэрээр хаа явсан газраа цагаан цасан
дээрх хар хэрээ шиг тод ялгарна. Тэр тоолж барамгүй олон хүүхэнтэй унтсан.
Япон, хятад, беларусь, биеэ үнэлэгч, гэр бүлтэй бүсгүйчүүд, гоо үзэсгэлэнтэй
охид, тийм ч гоо үзэсгэлэнтэй биш охид: тэр боломжтой хүүхэн бүртэй унтсан.
Удалгүй түүний туйлгүй уянгалаг бүрээ, туйлгүй идэвхтэй аварга том бэлгэ эрхтэн
хоёр Шанхай даяар алдаршив.
Шозабүро хэдийгээр өөрөө ойлгоогүй ч, “хэрэгтэй” хүнтэй
танилцаж, найзалж нөхөрлөх төрөлхийн авьяастай нэгэн ажээ. Далд сувгуудаар
дамжуулж дайнаас асар их ашиг орлого хамдаг нэр нөлөөтэй хүмүүс, цэргийн өндөр
цол зэрэгтнүүд, тэрбумтнуудтай дотно нөхөрлөнө. Тэдний ихэнх нь хүрмийнхээ
цаана гар буу авч явах бөгөөд гадагш гарахдаа баруун, зүүн тийш түргэхэн харж
шалгалгүйгээр гудамжинд хөл тавьдаггүй. Яагаад ч юм бүү мэд, Шозабүро Такитани
тэдэнтэй “түс тас” болчихно. Ямар нэг асуудал үүдэхэд нөгөөдүүл нь түүнийг
аргалаад аваад гарчихна.
Гэхдээ авьяас хааяа эзэндээ гай болох нь бий. Дайн
дуусахад, Шозабүрогийн энэ холбоо сүлбээ сайтай байдал Хятадын армийн анхаарлыг
онцгойлон татаж, тэр урт хугацааны туршид шоронд хоригдов. Түүнтэй ижил
шалтгаанаар хоригдсон хоригдлуудыг өдөр бүр камераас нь гаргаад, ямар ч шүүх
хурал явуулалгүйгээр шууд буудаж байлаа. Харгалзагчид хүрч ирээд, тэднийг
шоронгийн хашаа рүү чирч гаргаад, тархийг нь зад буудчихна. Шозабүро өөрийгөө
шоронд үхэх юм байна гэж бодож байлаа. Гэхдээ ингээд үхнэ гэж бодоход түүнд
айдас огт төрсөнгүй. “Тархиа зад
буудуулаад л бүх юм төгсөнө. Хормын төдийд өвдөөд өнгөрнө. Би энэ бүх он
жилүүдийг хүссэнээрээ өнгөрүүлсэн,” гэж тэр бодож байлаа. “Би тоо томшгүй олон
хүүхэнтэй унтсан. Сайн идэж ууж, цагийг зугаатай өнгөрүүлсэн. Надад үзэж
туулсангүй гээд харамсаад байх юм бараг үгүй. Тэгээд ч бусдын гарт амь үрэгдэх
нь гэж гомдоллоод ч яах юм. Ингэх л учиртай байж. Энэ дайнд хэдэн мянган япон
хүн амь эрсэдсэн, ихэнх нь үүнээс ч аймшигтайгаар нас эцэслэсэн.”
Шозабүро өдрөө хүлээнгээ, өрөөнийхөө төмөр сараалжтай
бяцхан цонхоор үүлс нүүхийг харангаа, бохир ханан дээр, унтаж хэвтсэн
хүүхнүүдийнхээ зүс царай, биеийг санаж байгаагаараа зурна. Гэхдээ эцэстээ
шоронгоос амьд гарч, Япон руу буцах хоёрхон япон хүний нэг нь тэр болж таарав.
Тэр болтол, амьд гарсан нөгөө хүн нь буюу цэргийн өндөр цол хэргэмтэй эрхэм
бараг л солиорчхоод байлаа. Шозабүро хөлөг онгоцны тавцан дээр зогсоод, алсад
жижгэрэх Шанхайн өргөн чөлөөнүүдийг хараад, “Амьдрал аа гэж, би хэзээ ч
ойлгохгүй юм даа” гэж боджээ.
Ямар ч эд хөрөнгөгүй, царай зүс алдсан Шозабүро Такитани,
дайн дууссанаас есөн сарын дараа, 1946 оны хавар Японд эргэн ирэв. 1945 оны
гуравдугаар сарын Токиогийн агаарын их довтолгоонд эцэг эхийнх нь гэр шатаад,
аав ээж хоёр нь нас барсныг мэдэж авлаа. Цор ганц ах нь Бирмийн фронтод ул
мөргүй алга болжээ. Нэг үгээр хэлбэл, Шозабүро хорвоод хохь ганцаар үлдсэн
байв. Гэхдээ түүнд тэгтлээ цочирдсонгүй, тэгтлээ үймэрч гуньхарсангүй. Мэдээж
хэрэг, алдсан хүмүүсээ үгүйлсэн ч, хүн бүр эцэстээ явж оддог нь хорвоогийн жам
гэдгийг ухаарч байлаа. Тэр одоо гуч гарч, ганцаардаж байна гэж гомдоллох насаа
хэдийн үджээ. Нэгэн зуур хэдэн насаар өтөлчих шиг түүнд санагдсан аж. Гэхдээ
тэгээд л болоо. Үүнээс өөр сэтгэл хөдлөлд автсан зүйлгүй.
Ямартай ч Шозабүро амьд үлдсэн, одоо цааш хэрхэн амь зуухаа
бодож эхлэх цаг.
Амьжиргаа залгуулах цор ганц ажил л мэдэх учир тэр хуучны
андуудаа олж уулзаад, хамтдаа жазз хөгжмийн жижигхэн хамтлаг байгуулж, Америк
цэргийн баазуудад тоглож эхлэв. Хүнтэй холбоо тогтоох авьяасынхаа ачаар, жазз
хөгжимд дуртай Америкийн армийн хошуучтай нөхөрлөлөө. Нью Жерсигийн итали
гаралтай америк хошууч өөрөө кларнет бишгүүр тун дадмаг тоглодог аж. Тэр хоёр
чөлөөт цагтаа хамтдаа шууд зохион хөгжимддөг байлаа. Бэлтгэл даргын корпуст
алба хашдаг хошууч, Нэгдсэн улсаас хүссэн пянзаа шууд авдаг учир, Шозабүро
хошуучийн байранд очиж, Бобби Хэкетт, Жек Тигарден, Бенни Гүдмений хөгжилтэй
жазз хөгжмийг сонсож, тэдний бүрээ үлээх урлагаас чадахаараа суралцав. Хошууч
Шозабүрог бүх төрлийн хоол унд, сүү, архи дарсаар хангана. Тухайн үед эдгээрийг
олж авах төдийлөн амаргүй байсан юм. “Муугүй шүү, амьд явахад тийм ч муугүй цаг
мөч юм,” гэх бодол Шозабүрод төрж байв.
Шозабүро 1947 онд ээжийнхээ талын холын хамаатантайгаа
гэрлэлээ. Тэр хоёр гудамжинд анх таараад, цай уунгаа хамаатан саднууд, хуучны
цаг үеийнхээ талаар ярилцсан аж. Удалгүй хамт амьдрах болов—магадгүй бүсгүй
жирэмсэн болсноос тэр биз. Үгүйдээ л Тони Такитанид аав нь тэгж хэлсэн. Ээж нь
үг дуу цөөнтэй, царайлаг, бие султай бүсгүй байж. Гэр бүл болсныхоо дараа жил
Тонийг төрүүлээд, үүнээс гурван хоногийн дараа нас барсан. Ердөө л тэр. Ээжийг
нь чимээгүйхэн, дуу шуугүйхэн чандарласан. Бүсгүй өвдөж шаналаагүй; тайзны
араас гэрлийг нь унтраачих шиг харанхуйд уусаж одсон.
Шозабүро Такитани энэ тухайд юу мэдрэх ёстойгоо огт
мэдэхгүй байв. Сэтгэл хөдлөл гэдэг түүнд харь зүйл. Үхэл гэгчийг нарийн
тодорхой ойлгоогүй, эсвэл энэ тодорхой үхлийн тухайд ямар дүгнэлтэд хүрэхээ
мэдэхгүй мэт байлаа. Энэ бүхнийг болоод өнгөрсөн хэрэг гээд, ардаа орхихоос өөр
арга түүнд байсангүй. Хавтгай диск шиг зүйл цээжинд нь суучих шиг л санагджээ.
Энэ яг юу болохыг, яагаад цээжинд нь суучихсаныг тэр ойлгосонгүй. Ердөө л дотор
нь тийм диск байрлаад, болж өнгөрсөн бүхнийг цааш эргэцүүлэхэд нь саад болж
байв. Эхнэрээ нас барснаас хойш долоо хоногийн туршид юу ч бодож
эргэцүүлсэнгүй. Тэр бүү хэл, эмнэлэгт орхисон нялх хүүгээ ч мартчихсан байлаа.
Хошууч Шозабүрог ивээлдээ авч, чадах ядахаараа
тайвшруулав. Тэд цэргийн баазад бараг өдөр бүр уулаа. “Чи одоо өөрийгөө бодох
хэрэгтэй. Хүүгээ зөв өсгөж хүмүүжүүлэх нь хамгаас чухал,” гэж хошууч Шозабүрод
хэлнэ. Энэ хэлсэн үг нь Шозабүрод ер утгагүй санагдаж, тэр чимээгүйхэн толгой
дохино. “Юу гээч, би ер нь хүүгийн чинь загалмайлсан эцэг болбол ямар вэ? Би
түүнд нэр өгье,” гэж хошууч нэг өдөр гэнэтхэн хэллээ. “Өө, нээрэн хүүд нэр
өгөхөө мартчихсан байна шүү дээ,” гэж бодол Шозабүрогийн толгойд зурсхийв.
Хошууч “Тони” гэх өөрийн нэрээ санал болгожээ. “Тони”,
мэдээж хэрэг, япон хүүхдэд өгөх нэг биш. Гэвч хошуучийн санаанд тийм бодол орж
ирсэнгүй. Шозабүро гэртээ ирээд, өөдөс цаасан дээр “Тони Такитани” гэж бичээд,
ханандаа наалаа. Хэдэн өдрийн турш энэ нэрийг ширтэв. Муугүй шүү. Муугүй.
Америк улс Японыг багагүй хугацаанд эзлэх байх, тэгэхээр америк маягийн нэртэй
байх нь зарим талаар ашигтай ч байж магад гэсэн бодол түүнд төржээ.
Харин хүүхдийн хувьд, ийм нэртэй байх нь тийм ч зугаатай
байсангүй. Бусад сурагчид түүнийг “эрлийз” хэмээн шоолж, нэрийг нь сонссон
хүмүүс жигших, гайхах зэрэгцсэн харцаар харна. Зарим хүн үүнийг цагаа олоогүй
наргиан гэж үзэж байхад, зарим нь уурлаж бухимдаж байх жишээтэй. Тодорхой
хүмүүсийн хувьд, Тони Такитани гэдэг нэртэй хүүхэдтэй таарах нь хуучны шарх
сэдрэх шалтгаан болно.
Энэ бүхнээс үүдээд
хөвгүүн хүмүүсээс, нийгмээс хөндийрч зожгирлоо. Дотнын нэг ч найзгүй байсан
хэдий ч хүү үүндээ шаналсангүй. Ганцаараа байх нь түүнд ер хэвийн санагдаж
байв; амьдрал угаасаа л тийм шүү дээ гэх бодол ч төрнө. Аав нь хамтлагтайгаа
аялан тоглож, Тонийг өдрийн цагаар гэрийн үйлчлэгч харна. Бага сургууль төгсөх
үедээ хүү харж асрах хүнгүй өөрөө бие даагаад сурчихсан байлаа. Хоолоо өөрөө
хийж, шөнөдөө гаднаасаа түгжүүлээд, ганцаараа унтчихна. Байнга загнаж
зааварладаг хүний дэргэд байснаа ганцаараа байх нь илүү дээр санагдаж байв.
Шозабүро Такитани
дахиж гэрлэсэнгүй. Мэдээж бишгүй олон найз хүүхэнтэй ч, тэднийгээ гэртээ
авчрахгүй. Хүүгийн нэгэн адил, тэр ч өөрөө бие дааж сурсан. Аав хүү хоёр
үнэндээ бие биеэсээ тийм ч ялгаатай биш аж. Гэхдээ аль аль нь ганцаараа байж
сурсан учир дотно ярилцаж, сэтгэлээ нээх санаачилгыг хэн нь ч үзүүлсэнгүй.
Тэгэх шаардлагатай гэж ч бодогдохгүй байлаа. Шозабүро Такитани аав болоход
тохиромжгүй шиг, Тони Такитани ч хүү байхад тохиромжгүй аж.
Тони Такитани зурах дуртай; өдөржин өрөөндөө бүгээд зураг
зурна. Ялангуяа машин төхөөрөмж зурах түүнд таалагдана. Харандаагаа зүүний
үзүүр шиг хурц үзүүрлээд, унадаг дугуй, радио, хөдөлгүүр гэх мэт зүйлийг ямар ч
алдаагүй, нарийн тодорхой зурна. Ургамал зурлаа гэхэд, навчны судал нэг бүрийг
нарийвчилж зурна. Тэр ингэж л зурж мэднэ. Бусад хичээлээс ялгаатайгаар, зургийн
хичээлдээ хэзээд онц сайн дүн авч, сургуулийн дүрслэх урлагийн уралдаан
тэмцээнд ямагт тэргүүн байр эзэлнэ.
Тиймээс Тони Такитанигийн хувьд, ахлах сургуулиа төгсөөд,
номын зураач чимэглэгч болохоор дүрслэх урлагийн сургуульд орох нь болох ёстой
юм болж буй хэрэг байв. Өөр бусад боломжийн талаар бодож үзэх ч хэрэг
байсангүй. Эргэн тойрных нь залуус цаашид ямар мэргэжил эзэмшиж, юу хийх вэ гэж
толгой гашилгаж байх зуур, тэр өөр юу ч бодолгүйгээр механик зургаа
үргэлжлүүлэн зурав. Залуучууд төр засгийн эсрэг хүсэл тэмүүлэл,
хүчирхийлэлтэйгээр тэмцэж, харин түүний цэвэр хэрэглээний гэмээр урлагийг үе
тэнгийнхнээс нь хэн ч үнэлдэггүй тийм цаг үе байлаа. Урлагийн сургуулийн багш
нар түүний бүтээлийг хараад егөөтэйгөөр мушилзана. Ангийнхан нь түүний зургийг
улс төрийн үзэл суртал илэрхийлээгүй гэж шүүмжилнэ. Тэдний өөрсдийнх нь зураг
үзэл суртал агуулсан байлаа гээд юу нь тийм агуу байгааг Тони ойлгохгүй. Түүний
хувьд ийм зургууд хүүхдэрхүү, муухай, зөв биш санагдана.
Их сургууль төгсөөд бүх зүйл өөрчлөгдөв. Бодиттой нь яг
адилхан зурсан зураг амьдралд маш өргөн хүрээнд хэрэглэгддэг учир, Тони
Такитани ямар ч асуудалгүй ажил олж байлаа. Түүн шиг машин механизм, барилга
байшинг нарийн тодорхой зурах хүн байсангүй. “Бодитоос ч илүү бодит харагдаж
байна,” гэж хүн бүр хэлнэ. Харандаагаар зурсан нь гэрэл зургаас ч илүү
нарийвчилсан байдалтай учир үгээр нэмж тайлбарлах ч хэрэггүй аж. Гэнэтхэн л
тэр, хүн бүрийн хайдаг зураач болж хувирлаа. Тони Такитани автомашины
сэтгүүлийн хавтасны зургаас авхуулаад сурталчилгааны зураг зурах хүртэл бүхий
ажлыг хийж байв. Ажилдаа дуртай, мөнгө ч сайн олно. Олсон мөнгөө зарах ямар нэг
хоббигүй учир гучин тав хүрэх үедээ шаггүй хөрөнгөтэй болж амжив. Токиогийн
баячуудын амьдардаг Сэтагаяа дүүрэгт том байшин худалдаж авсан төдийгүй хэд
хэдэн орон байр худалдаж аваад хүмүүст хөлслүүлж орлого оллоо. Энэ бүхний
тооцоог нягтлан бодогч нь хариуцна.
Энэ хүртэл Тони хэд хэдэн хүүхэнтэй холбогдож амжсан
байлаа. Тэр бүү хэл, нэгэнтэй нь богино хугацаанд хамт амьдарч үзэв. Гэхдээ
гэрлэх барих тухайд огт бодсонгүй, гэрлэх шаардлагагүй мэт санагдах аж. Хоол
хийх, гэр цэвэрлэх, хувцас хунар угаах ажлаа өөрөө хийж, ажилтай үедээ ойр
зуурын ажлаа амжуулж чадахааргүй болбол гэрийн үйлчлэгч хөлсөлнө. Хүүхэдтэй
болох хүсэл түүнд хэзээ ч төрсөнгүй. Аавд нь байдаг, хүмүүсийн сэтгэлийг татах
онцгой чанар түүнд байсангүй, зөвлөгөө авахаар, эсвэл нууц дэлгэхээр ирэх, тэр
бүү хэл хамт юм уух жинхэнэ найз нөхөр ч байхгүй. Гэхдээ өдөр тутам уулздаг
хүмүүстэйгээ харилцах тухайд ямар ч асуудалгүй. Тэр ямар ч онгироо, хөөрүү
зангүй. Элдэв шалтаг тоочих, бусдыг дорд үзэх зан хэзээ ч гаргахгүй, түүнийг
таних хүн бүр түүнд дуртай. Аавтайгаа хоёр гурван жилдээ л нэг уулзана,
уулзахдаа тодорхой ажил ярилцах гэж л уулзана. Тэгээд тэр ажил нь нэг тийш
шийдэгдмэгц тэр хоёрт хэлж ярих юм үлдэхгүй. Ийнхүү Тони Такитанигийн амьдрал
чимээгүйхэн, даруухан өнгөрч байлаа.
Гэтэл нэг өдөр ямар ч урьдаас сануулсан зүйлгүйгээр, Тони
Такитани дурлачхав. Дурласан бүсгүй нь хэвлэлийн компанид ажилладаг бөгөөд
зурсан зургийг нь авахаар оффист нь иржээ. Хорин хоёр настай эелдэг инээмсэглэсэн,
даруу бүрэг бүсгүй. Царай нь нүдэнд дулаахан ч, шулуухан хэлэхэд, тийм ч
үзэсгэлэнтэй биш. Гэхдээ яагаад ч юм Тони Такитани бүсгүйг харахад зүрх нь
хүчтэй цохилжээ. Анх харахад л цээж нь давчдаж, амьсгаа авч чадахгүй нь гэмээр
болсон. Чухам юунаас нь болоод тэгтлээ хүчтэй нөлөөнд автсанаа залуу эр өөрөө ч
хэлж мэдэхгүй байв.
Анхаарлыг татсан дараагийн зүйл гэвэл бүсгүйн хувцас
байлаа. Тони Такитани хүмүүсийн өмсөж зүүснийг төдийлөн анзаардаггүй, гэхдээ
энэ бүсгүйн хувцасласан байдал нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлж, бүр сэтгэлийг нь
хөдөлгөсөн ч гэж болохоор аж. Эргэн тойронд нь ганган хувцасладаг бүсгүйчүүд,
хүнд сэтгэгдэл төрүүлэх гэж хувцасладаг хүмүүс бишгүй авч энэ охин өөр байв.
Огт өөр. Хувцсаа тун энгийн хэр нь сүр жавхлантайгаар өмсөж, өөр ертөнц рүү
нисэхээр онцгой салхинд дугтуйлуулсан шувуу шиг л харагдана. Хүний нүдэнд илт
анзаарагдам ийм аз жаргалтайгаар хувцасладаг эмэгтэйг Тони огт харж байгаагүй.
Бүсгүйг явсны дараагаар Тони үдэш болж, өрөө нэлдээ
харанхуйлах хүртэл гайхширч суулаа.
Маргааш нь тэр хэвлэлийн газар луу утасдаж, бүсгүйг оффис
руу дахин ирүүлэх шалтаг олж хэллээ. Ажил хэрэг нь дууссаны дараагаар бүсгүйг
оройн хоолонд урив. Хооллонгоо ойр зуурын юм ярилцлаа. Хэдийгээ тэр хоёр арван
таван насны зөрүүтэй ч ижил төстэй зүйл тэдний хооронд маш их, бүх гайхмаар их
байх аж. Тэд сэдэв бүр дээр санал нэгдэнэ. Тонид ч, бүсгүйд ч урьд өмнө ийм юм
тохиолдож байсангүй. Бүсгүй эхэндээ биеэ барьж байсан ч аажимдаа тайвширч,
чөлөөтэй ярьж хөхөрч эхэлжээ.
“Та яаж хувцаслахаа үнэхээр сайн мэдэх юм аа,” гэж Тони
салах үедээ хэлэв.
“Би хувцсанд дуртай. Мөнгөний минь ихэнх нь хувцсанд
явдаг,” гэж бүсгүй ичингүйрэн инээмсэглэсээр өгүүллээ.
Үүний дараагаар тэд хэдэнтээ болзжээ. Тэд шууд
дотноссонгүй, ердөө чимээгүйхэн газар олж суугаад, өнгөрснийхөө тухай, ажлынхаа
тухай, энэ тэр зүйлийн талаар юу бодож, мэдэрч байгаа тухайгаа хэдэн цагаар
ярилцана. Ярилцахаас хэзээ ч залхахгүй мэт санагдана. Хоёр биеийн хоосон орон
зайг дүүргэж буй мэт байв.
Тав дахь удаагаа уулзахдаа Тони бүсгүйд гэрлэх саналаа
тавив. Гэвч бүсгүй ахлах сургуулиас хойш үерхэж ирсэн найз залуутай аж. Цаг
хугацаа өнгөрөх тусам тэдний харилцаа дордож, сав л хийвэл ялих шалихгүй юмнаас
болж хэрэлдэх болсон гэдгээ бүсгүй өөрөө хэллээ. Үнэндээ найз залуутайгаа хамт
байхад Тони Такитанитай хамт байх үеийнх шиг хөгжилтэй, чөлөөтэй байдаггүй ч,
шуудхан салчхаж чадахгүй байгаа аж. Бүсгүй өөрийн гэсэн шалтгаантай гэнэ.
Түүнээс гадна Тони Такитани тэр хоёрын хооронд арван таван насны зөрөө бий.
Бүсгүй залуу, туршлагагүй байна. Ирээдүйд энэ их насны зөрүү ямар үр дүн
авчрахыг хэлэх аргагүй. Бүсгүй жаахан бодож эргэцүүлэхийг хүсэв.
Бүсгүйн бодож эргэцүүлэн өнгөрүүлсэн өдөр хоног бүр Тони
Такитанигийн хувьд тамаас ялгаагүй болж хувирлаа. Ажлаа хийж чадахгүй.
Ганцаараа ууна. Гэнэтхэн л өнөөх ганцаардал нь шорон шиг, шаналлын эх үүсвэр
шиг, нуруун дээрх хүнд ачаа шиг санагдаж эхэллээ. “Би үүнийг өмнө нь хэзээ ч
анзаарч байсангүй,” гэж тэр бодов. Цөхрөнгөө барсаар, түүнийг хүрээлсэн зузаан
хүйтэн ханыг ширтэн, “Бүсгүй надтай гэрлэхгүй гэвэл, би амиа егүүтгэх байх,”
гэж бодлоо.
Тони Такитани
бүсгүй рүү очиж юу мэдэрч байгаагаа нуулгүй хэлэв. Тэр мөчийг хүртэл амьдрал нь
ямар ганцаардмал байсныг. Энэ олон жилийн туршид ямар их зүйлийг алдсанаа.
Бүсгүй хэрхэн энэ бүхнийг түүнд ойлгуулсныг.
Тэр ухаантай залуу
бүсгүй байлаа. Тони Такитани түүнд таалагдах болсон. Анхнаасаа л сайхан
сэтгэгдэл төрүүлж, уулзах бүрд улам бүр таалагдсан. Үүнийг “хайр” гэх эсэхийг
бүсгүй хэлж мэдэхгүй. Ямартай ч нэг тийм гайхалтай мэдрэмж төрж, түүнтэй
амьдралаа хамт өнгөрүүлэхдээ аз жаргалтай байх юм шиг санагдсан. Ингээд тэд
гэрлэлээ.
Гэрлэснээрээ Тони Такитанигийн амьдралын ганцаардал
дүүрэн өдөр хоногууд төгсгөл болов. Тэр өглөө сэрээд юун түрүүнд эхнэрээ хайна.
Хажууд нь унтаж байгааг хараад тайвширна. Хажууд нь байхгүй бол, түгшүүр төрж
гэр дотроо эхнэрээ эрнэ. Ганцаардахгүй байна гэдэг түүнд нэг л хачин санагдаж
байлаа. Яг үнэндээ ганцаардахаа больсноор дахиад ганцаардах магадлал бий
гэдгийг ойлгож, айж түгшиж эхлэв. “Тэгвэл яах вэ?” гэсэн асуулт санаанаас нь үл
гарна. Заримдаа ингэж бодоод айдаст автаж хүйтэн хөлс нь чийхарна. Гэсэн ч шинэ
амьдралдаа дасаад ирэхээр, эхнэрийнх нь гэнэтхэн алга болох магадлал ч, энэхүү
магадлалаас айх айдас нь ч багасав. Эцэстээ Тони Такитани бүрмөсөн тайвширч,
шинэ амар амгалан, аз жаргалтай амьдралдаа даслаа.
Эхнэр нь нэг өдөр, хадам эцэг нь ямар төрлийн хөгжим
тоглодгийг сонсмоор байна хэмээв. “Бид очиж хөгжимдөхийг нь сонсвол аав чинь
дургүйцэх болов уу?”
“Үгүй байх.”
Тэр хоёр Шозабүро Такитанигийн тоглодог Гинза дахь шөнийн
клубийг зорив. Тони Такитани хүүхэд ахуй цагаасаа хойш анх удаа л аавынхаа
тоглохыг сонсож байлаа. Шозабүро яг хуучныхаараа, Тонигийн хүүхэд байхдаа
пянзыг нь бишгүй сонссон тэр дууг тоглоно. Шозабүрогийн хэв маяг зөөлөн урссан,
уянгалаг аж. Урлагийн бүтээл гэж хэлэхэд хэцүү ч мэргэжлийн, өндөр ур чадвартай
хүн тоглож, цугласан олны сэтгэлийг сэргээнэ.
Гэсэн ч удалгүй юу ч юм нэг зүйл Тони Такитанигийн
амьсгалыг давчдуулж, хог хаягдлаар дүүрэн хавчиг хоолойд байгаа мэт санагдуулж,
байж суух аргагүй болгов. Аавынх нь одоо тоглож буй хөгжим аль багадаа сонсож
асан тэр хөгжмөөс бага зэрэг ялгаатай санагдлаа. Тони энэ хөгжмийг зөндөө олон
жилийн өмнө сонссон ч энэ ялгаа нь маш чухал юм шиг сэтгэгдэл төрж байлаа.
Өчүүхэн төдий хэдий ч маш чухал ялгаа. Тони тайз руу гарч, аавынхаа гараас
татан, “Аав аа, энэ ямар учиртай юм бэ? Юу өөрчлөгдсөн юм бэ?” гэж асуухыг
хүсэж байв. Гэхдээ тэр асуугаагүй. Өөрт нь чухам ямар бодол төрснийг тэр
тайлбарлаж хэлж чадахгүй. Тиймээс ширээндээ суугаад, аавынхаа тоглох аянуудыг
дуустал сонсонгоо, ердийнхөөсөө илүү их уув. Тоглолт дуусмагц эхнэртэйгээ цуг
алгаа ташаад, гэртээ харилаа.
Хосын гэр бүлийн амьдралд ямар ч сүүдэр туссангүй. Тэд
хэзээ ч хэрэлддэггүй, олон цагийг хамтдаа аз жаргалтай өнгөрүүлж, гадуур
зугаалж, кинонд явж, аялдаг байв. Тони Такитанигийн ажил урьдын адилаар
амжилттай хэвээр, түүнчлэн эхнэр нь хэдийгээр насаар залуу ч гэлээ гэр орноо
тун гайхалтай авч явна. Гэхдээ Тонигийн санааг зовоосон нэг зүйл байсан нь
эхнэр нь хэт олон хувцас худалдаж авдаг явдал байв. Ямар нэг хувцас хараад, өөрт
нь таалагдвал, эхнэр нь биеэ барьж чадахаа больчих шиг санагдана. Харц нь нэг л
хачин болоод, дуу хоолой нь хүртэл өөрчлөгдөнө. Ийм явдал анх тохиолдохыг
хараад, Тони Такитани эхнэрээ гэнэтхэн өвдчихлөө гэж боджээ. Гэрлэхээсээ өмнө
эхнэрийнхээ энэ хандлагыг анзаарсан ч гэлээ бал сарын аялал эхлэх хүртэл
сүржигнэхээр хэрэг болоогүй. Харин Европоор аялахдаа эхнэр нь гайхмаар их
хувцас хунар худалдаж авсан. Милан, Парист, нэрийн хувцасны дэлгүүрүүдээр
өглөөнөөс шөнө болтол, яг л ад чөтгөр эзэмдүүлсэн аятай, хэсэв. Тэд хотоор аялж
дурсгалт газруудыг үзсэнгүй. Дуомо, Луврийн музей үзэхийн оронд, Валентино,
Миссони, Сен Лоран, Живанши, Феррагамо, Армани, Черутти, Жанфранко Феррегийн
дэлгүүрүүдээр хэсэв. Эхнэр нь сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй, гар хүрсэн бүхнээ
худалдан авч, Тони Такитани араас нь төлбөрийг нь төлсөөр дагана. Олон оронтой
тоонд хүртэл эрхийг нь өсгөсөн зээлийн карт нь хоосрох вий гэж санаа зовмоор ч
болов.
Японд буцаж ирсний дараа ч бүсгүйн их улангасал
намдсангүй. Бараг өдөр бүр шинэ хувцас авч байлаа. Хувцасных нь тоо талийж
өгөв. Хувцсаа хадгалахад нь зориулж, Тони хувцасны хэд хэдэн том шүүгээ захиалж
хийлгэлээ. Үүнээс гадна зөвхөн гуталд нь зориулж тусад нь шүүгээ захиалав.
Гэсэн ч хувцсыг нь бүгдийг нь багтааж чадахгүй байлаа. Эцэстээ хувцасны тусгай
өрөө гаргав. Тэд том байшинтай учир хувцсанд тусад нь өрөө гаргахад болохгүй
зүйлгүй, мөнгө огтхон ч асуудал биш. Тэгээд ч эхнэр нь худалдаж авсан
хувцаснуудаа тун гайхалтай өмсөж, шинэ хувцас авсан үедээ тун жаргалтай
харагддаг учир Тони гомдоллохгүй байхаар шийджээ. Төгс хүн гэж үгүй, хэмээн тэр
өөртөө хэлж байлаа.
Гэхдээ л эхнэрийнх нь хувцас хунар тусгай өрөөнд ч
багтахаа больж эхлэхэд Тони Такитанигийн санаа зовж эхлэв. Нэг удаа эхнэрээ
эзгүйд хувцсыг нь тоолж үзлээ. Өдөр бүр хоёр удаа хувцсаа сольсон ч бараг хоёр
жилийн турш нэг хувцсаа дахиж өмсөхгүй байх боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Эхнэр авсан хувцсаа өмсөж амжих завгүй ар араас нь нэмж худалдаж авсаар. Үүний
цаана арай сэтгэлзүйн асуудал нуугдаж байгаа юм биш биз, гэсэн бодол Тонид төрөв.
Тийм бол, эхнэр нь энэ зангаа хазаарлах хэрэгтэй.
Нэг орой хоолны дараагаар зориглож ам нээлээ. “Миний
бодлоор, чи хувцас авахаа жаахан багасгах хэрэгтэй байх. Мөнгөндөө асуудал
байгаа юм биш. Би тэр тухай яриагүй. Хэрэгтэй зүйлээ мэдээж авалгүй яах вэ,
тэгээд ч гоё ганган хувцаслаж байгааг чинь харах надад таалагддаг, гэхдээ чамд
ийм олон тооны үнэтэй хувцасны хэрэг үнэхээр байгаа гэж үү?”
Эхнэр нь харц буруулан, хэдэн зуур бодолхийлэв. Дараа нь
нөхөр лүүгээ хараад, “Мэдээж хэрэг, чиний зөв. Надад тийм их хувцасны хэрэг
байхгүй. Би үүнийг мэднэ. Гэхдээ л мэдсэн хэр нь биеэ барьж дийлэхгүй юм. Гоё
хувцас харахаар заавал авах ёстой гэж бодогддог. Надад хэрэгтэй юү, эсвэл би
хангалттай их хувцастай юу гэдэг нь дараагийн асуудал шиг санагддаг. Би биеэ барьж
чаддаггүй.” Эхнэр нь үүнээс хойш биеэ захирахыг хичээхээ амлав. “Би энэ
янзаараа цааш үргэлжлүүлбэл, байшин маань тэр чигтээ миний хувцсаар дүүрэх нь.”
Ингээд бүсгүй долоо хоногийн турш гадагш гаралгүй, гэртээ
хөл хорьж, хувцасны дэлгүүрээс холуур байж дөнгөлөө. Энэ цаг хугацаа түүний
хувьд асар шаналгаатай өнгөрөв. Агааргүй бүгчим гараг дээгүүр алхалж яваа мэт
санагдах аж. Бүхий л өдрийг дүүрэн хувцастай өрөөндөө өнгөрүүлж, хувцаснуудаа
нэг нэгээр нь гаргаж харна. Материалыг нь илж, үнэрийг нь үнэрлэж, өмсөж,
толинд өөрийгөө харна. Ингэх тусам шинэ хувцас авах хүсэл нь улам бүр нэмэгдэв.
Шинэ хувцас авмаар санагдаад байж суух аргагүй боллоо. Яагаад ч тэсэхгүй ажээ.
Гэвч тэр нөхөртөө маш их хайртай. Хайрлаж, хүндэлдэг.
Нөхрийнх нь зөв гэдгийг мэднэ. Тийнхүү бүсгүй хамгийн дуртай дэлгүүр лүүгээ
утасдаж, арав хоногийн өмнө авсан ч огт өмсөөгүй пальто, даашинз хоёроо буцааж
өгч болох эсэхийг эзнээс нь асуув. “Мэдээж бололгүй яах вэ, хатагтай,” хэмээсэн
хариу өглөө. Тэр тэндхийн хамгийн сайн үйлчлүүлэгчдийн нэг; ийм төдийг
зөвшөөрөхөд болохгүй юмгүй. Бүсгүй пальто, даашинз хоёроо хөх цэнхэр өнгийн
Рено машиныхаа суудал дээр тавиад, загварын дэлгүүр олонтой Аояама дүүрэг рүү
явав. Хувцаснуудаа буцааж өгөөд, мөнгөө авлаа. Өөр юу ч бодохгүйг хичээн машин
руугаа яаран буцаж, шууд гэрийн зүг жолоо залав. Хувцсаа буцааж өгсний дараа
дотор нь хөнгөрчих шиг санагджээ. Тийм ээ, тэр үнэн, надад тэр хувцаснууд
хэрэггүй, гэж өөртөө хэлэв. Гэвч замын улаан гэрэл солигдохыг хүлээх зуур
мөнөөх пальто, даашинз хоёр л бодолд нь эргэлдээд байлаа. Өнгө нь, эсгүүр нь,
материал нь: бүсгүй бүхнийг нарийн тодорхой санаж байв. Яг өмнө нь тавиатай
байгаа юм шиг тодхон харж байх аж. Духан дээр нь хөлс бурзайв. Жолоогоо
тохойлдонгоо, нүдээ анин, гүн гүнзгий амьсгаа авлаа. Нүдээ нээх агшинд ногоон
гэрэл асаж харагдав. Бүсгүй зөнгөөрөө хаазаа гишгэлээ.
Шар гэрэл унтрахаас урьтаж, дөрвөн замын уулзвараар
гарахыг хичээсэн том ачааны тэрэг хамаг хурдаараа хөх цэнхэр Рено машиных нь
хажуугаас мөргөчхөв. Бүсгүй юу ч мэдэрсэнгүй.
Тони нэг өрөө дүүрэн хоёр размерын хувцас болон зуун
арван хоёр хос гуталтай хоцров. Энэ их хувцсыг яах учраа олсонгүй. Насан
эцэстлээ эхнэрийнхээ хувцас хунарыг хадгалах хүсэл түүнд үгүй учир, зуучлагч
руу залгаж, малгайнууд болон нэмэлт зүүсгэлүүдийг зууч эрийн санал болгосон
анхны үнээр зарлаа. Оймс, дотуур хувцаснуудыг нь нэг дор цуглуулаад, гадаа
хашаан дахь хог хатаах зууханд шатаав. Хувцас, гутлууд учрыг нь олох аргагүй
хэт олон учир хэвээр нь үлдээлээ. Оршуулгын дараагаар, Тони Такитани хувцасны
өрөөнд орж, бүхий л өдрийн турш эгнээ эгнээ өлгөсөн хувцаснуудыг гөлрөв.
Арван хоногийн дараа, Тони Такитани хоёр размерын хувцас,
36 размерын гутал өмсдөг, ойролцоогоор 160 сантиметр өндөртэй эмэгтэйг цалин
сайтай, орчин нөхцөл сайтай ажилд авахаар сонинд зар өгчээ. Амласан цалин нь ер
бусын өндөр байсан учир Минами-Аояама дахь студид нь ярилцлагад оролцохоор
арван гурван эмэгтэй ирлээ. Тэдний тав нь өмсдөг размерынхаа тухайд худал
хэлсэн нь илэрхий байв. Үлдсэн найман эмэгтэйгээс Тони Такитани ердийн, санаанд
үлдэхээргүй царайтай, хорь гарч яваа болов уу гэмээр насны, эхнэртэйгээ хамгаас
илүү төстэйг нь сонголоо. Бүсгүй цулгай цагаан цамц, хөх өнгийн бариу бошинз
өмсжээ. Хувцас, гутал нь цэвэрхэн хэдий ч хуучирсан байв.
Тони Такитани уг эмэгтэйд хандан, “Таны хийх ажил хэцүү биш.
Та өдөр бүр оффист есөөс тав хүртэл ажиллаж, утсанд хариу өгч, хэвлэлийн газар
зураг хүргэж өгч, надад зориулж материал цуглуулж, юм канондоно. Гэхдээ нэг
болзолтой. Би саяхан эхнэрээ алдсан, эхнэрийн минь маш их хувцас гэрт минь бий.
Ихэнхийг нь бага өмссөн эсвэл огт өмсөөгүй. Би таныг энд ажиллахдаа эхнэрийн
минь хувцсыг өмсөөсэй гэж хүсэж байна. Танд энэ хачин жигтэй санагдаж байж
магадгүй, гэхдээ надад итгээрэй, би ямар нэг далд санаа агуулаагүй. Эхнэр минь
энэ хорвоогоос явж одсон гэдэгт дасахад надад цаг хугацаа хэрэгтэй байгаа юм.
Та эхнэрийн минь хувцсыг өмсөх юм бол, эхнэр минь нөгөө ертөнцөд очсон гэдэгт
би эцэстээ дасах байх,” хэмээн учирлалаа.
Бүсгүй уруулаа хазан, тавьсан саналыг нь бодож үзэв. Ажил
санал болгогчийн хэлсэнчлэн, үнэхээр хачин хүсэлт байлаа, үнэндээ бүсгүй
хэлснийг яг бүрэн дүүрэн ойлгосонгүй. Эхнэр нь нас барсан гэдгийг ойлгож.
Түүнчлэн эхнэр нь ардаа маш их хувцас үлдээсэн гэдгийг ч ойлгож. Жирийн үед
бол, үүний ард ямар нэг далд санаа нуугдаж байна гэж бүсгүй сэжиглэх байлаа.
“Гэхдээ энэ хүн уг нь элдэв муу санаагүй хүн шиг л харагдах юм,” гэж тэр бодов.
“Ярианых нь өнгийг сонсоход л ийм дүгнэлтэд хүрнэ. Эхнэр нь нас бараад ухаан
санаа нь зүгээргүй болчихсон юм болов уу, гэхдээ л бусдад хор хохирол учруулах
хүн биш шиг л санагдах юм.” Ямартай ч бүсгүй ажилд орох шаардлагатай. Урт удаан
хугацаанд ажиллаагүй учир ажилгүйдлийн тэтгэлэг нь дуусах дөхөж байгаа, тэгээд
ч үүн шиг өндөр цалинтай ажил ахиж хэзээ ч олж чадахгүй биз.
“Би таныг ойлгох шиг боллоо. Би таны хэлсэн ажлыг хийж
чадах байх. Гэхдээ, эхлээд нь, та надад миний өмсөх ёстой тэр хувцаснуудыг
харуулж болох уу. Үнэхээр миний размер мөн эсэхийг мэдэх хэрэгтэй байна.”
“Тэгэлгүй яах вэ,” гэж хэлээд, Тони Такитани бүсгүйг
гэртээ авчирч, хувцасны өрөөг үзүүлэв. Бүсгүй амьдралдаа их дэлгүүрээс өөр
газар нэг доор ийм их хувцас харж байгаагүй аж. Хувцас нэг бүр нь үнэтэй, өндөр
чанартай гэдэг нь илт. Хувцас сонгосон байдал нь ч төгс. Тэр их хувцсыг хараад
нүд гялбаж сохрох шиг санагдана. Бүсгүйн амьсгаа давчдав. Зүрх нь хүчтэй цохилж
эхэллээ. Яг л бэлгийн дур хүсэл төрөх шиг санагдаж байгааг тэр ойлгожээ.
Тони Такитани бүсгүйг өрөөнд ганцаарыг нь үлдээв. Бүсгүй
бодлоо төвлөрүүлэн, хэдэн хувцас өмсөж үзлээ. Гутлуудаас ч өмсөж туршав. Бүгд
яг түүнд зориулж хийсэн мэт таарч байна. Даашинзнуудыг нэг нэгээр нь харлаа.
Материалыг нь илж, үнэрийг нь үнэрлэв. Өмнө нь хэдэн зуун гоё ганган хувцас
өлгөөтэй байна. Удалгүй нүдэнд нь нулимс мэлмэрч, хацрыг нь даган урсаж
эхэллээ. Нулимсаа барих аргагүй ажээ. Энэ ертөнцөөс явж одсон эмэгтэйн хувцсыг
өмсөөд, цурхирч дуу гаргахгүйг хичээн, ямар ч хөдөлгөөгүй хөшжээ. Тони Такитани
бүсгүйг шалгахаар ирэв.
“Та яагаад уйлж байгаа юм бэ?” гэж асуулаа.
Бүсгүй толгой сэгсрэн, “Мэдэхгүй. Би өмнө нь ийм олон гоё
ганган хувцас харж байгаагүй. Тэгээд надад гуниг төрсөн байх. Уучлаарай,”
хэмээн өгүүлээд, алчуураараа нулимсаа арчлаа.
“Та боломжтой бол, маргаашаас оффис дээр ажиллаж эхэлж
болно,” хэмээн Тони ажил хэрэгч байдлаар хэлэв. “Долоо хоног өмсөх хувцас,
гутал аваад яв.”
Эмэгтэй ажлын зургаан хоног өмсөх хувцас сонгоход
нэлээдгүй хугацаа зарцуулав. Дараа нь хувцсандаа тохируулж гутлууд сонголоо.
Энэ бүгдээ чемоданд хийв.
“Пальто ч бас ав. Гадаа хүйтэн, даарна шүү,” гэж Тони
Такитани хэллээ.
Бүсгүй дулаахан харагдах саарал өнгийн ноолууран пальто
сонгожээ. Пальто, өдөөр хийсэн юм уу гэмээр хөнгөхөн аж. Бүсгүй ийм хөнгөхөн
пальтонд гар хүрч үзээгүй.
Түүнийг явсны дараагаар, Тони Такитани эхнэрийнхээ
хувцасны өрөөнд орж, хаалгыг нь хаагаад, хувцаснуудыг хоосон харцаар нүд
гүйлгэн харав. Бүсгүй энэ бүхнийг хараад яагаад уйлсныг тэр ойлгохгүй байлаа.
Түүний хувьд, энэ хувцаснууд эхнэрийнх нь ардаа орхисон сүүдэр шиг л байв.
Эхнэрийнх нь хоёр размерын сүүдэр ар араасаа давхралдан, хүний оршихуйн эцэст
төгсгөлгүй (үгүйдээ л онолын хувьд эцэс төгсгөлгүй) боломжуудын жишээг хэн
нэгэн хүн цуглуулаад, нэг дор өлгөсөн мэт харагдана.
Нэгэн цагт энэ хувцаснууд эхнэрийн биед наалдаж,
эхнэрийнх нь бие тэдэнд бүлээн амьсгалаар амь оруулж, нэг газраас нөгөө рүү
тээж аваачиж байсан. Гэтэл одоо амьдралаас үндсээрээ тасарч, хагдарч одоод,
ямар ч утга илэрхийлэхээ больсон хар бараан сүүдрүүд шиг л өлгөөтэй байна.
Хувцасны олон янзын өнгө нь цэцгээс бударч цацагдах тоосонцор шиг л нүд, хамар,
ам руу нь орно. Хуниас, эмжээр, цацаг чимэг, халаас, бүс нь өрөөний агаарыг
шуналтайгаар сорж, амьсгалыг нь давчдуулна. Гавартай маш олон тооны үрэл битүү
дүнгэнэн нисэлдэх хэдэн сая шавж хорхой шиг санагдаж, тод үнэр ханхийлгэнэ. Тэр
энэ бүх хувцсыг үзэн яддаг юм байна, одоо л ойлголоо. Нүдээ анин, элгээ эвхэн,
хана налж уналаа. Ганцаардал, яг л зөөгшсөн шөл шиг, түүнийг дахин нэгэнтээ
эзэмдэн авчээ. “Энэ бүхэн одоо дууссан,” гэж тэр өөртөө хэлэв. “Миний юу хийх,
хэрхэх огтхон ч хамаагүй, энэ бүхэн дууссан.”
Тони Такитани бүсгүй рүү утасдаж, одоо ажиллах хэрэггүй
болсныг хэллээ. Түүнд хийх ажил үлдээгүй, хэмээн уучлал гуйсаар учирлав.
“Яаж тэр вэ?” хэмээн бүсгүй гайхширан асуулаа.
“Уучлаарай, нөхцөл байдал өөрчлөгдсөн. Та гэртээ аваачсан
хувцас, гутлаа авч болно. Чемоданаа ч бас ав. Харин болсон бүхнийг мартаад, энэ
тухай хэнд ч битгий хэлээрэй.”
“За, ойлголоо,” гэж бүсгүй эцэст нь хэлээд, утсаа тавив.
Хэсэг зуур Тони Такитанид уурсаж бухимдлаа. Гэхдээ
үнэндээ энэ бүхэн хамгийн сайхнаар төгсжээ гэдгийг удалгүй ухаарав. Угаасаа бүр
эхнээсээ нэг л хачин байсан юм. Ажилгүй болсондоо харамссан ч цаашид яаж ийгээд
болгоно гэдгээ тэр мэдэж байлаа.
Тони Такитанигийн гэрээс авсан хувцсаа чемоданаас
гаргаад, үрчлээг нь гаргаж илээд, шүүгээндээ өлгөлөө. Гутлуудыг гадаа
хаалганыхаа хажуугийн гутлын шүүгээндээ хийв. Шинээр авчирсан хувцаснуудын
хажууд өөрийн хуучин хувцас, гутал нь аймшигтай ноорхой харагдана. Шинэ
хувцаснууд нь өөр орон зайнд, өөр материалаар урласан, огт ангид эд зүйлс шиг
санагдана. Ажлын ярилцлагад өмссөн цамц, бошинзоо тайлж өлгөөд, жийнсэн өмд, ноосон
цамц өмслөө. Тэгээд шалан дээр суугаад, хүйтэн шар айраг уув. Тони Такитанигийн
гэр дэх дүүрэн хувцастай өрөөг санаад сүүрс алдлаа. Ямар олон гоё ганган хувцас
байсан бэ. Тэгээд тэр хувцасны өрөөг нь ээ: түүний орон сууцнаас ч том өрөө
байсан. Тэр бүх хувцсыг худалдаж авахад ямар их мөнгө, цаг зав зарцуулсан бол!
Гэтэл одоо тэр бүсгүй нас барчихсан байдаг. Тийм олон гоё хувцас ардаа орхиод,
нас барах ямар байдаг бол.
Бүсгүйн найзууд түүний тийм ч хөрөнгө чинээтэй биш
гэдгийг мэдэх учир уулзах бүрдээ шинэ хувцас өмссөн байхыг хараад гайхширчээ—тэгээд
байнга загвар сайтай, үнэтэй брэндийн хувцас өмсөхийг нь яана.
“Чи хаанаас ийм хувцас аваа вэ?” гэж тэд асууна.
“Би хүнд хэлэхгүй гээд амлачихсан юм аа. Тэгээд ч би
хэллээ ч та нар надад итгэхгүй,” хэмээн бүсгүй толгой сэгсрэн хариулна.
Эцэст нь, Тони Такитани хуучин хувцас худалдаж авдаг өөр
нэг зуучтай холбогдож, эхнэрийнхээ үлдээсэн бүх хувцсыг зарлаа. Зууч хувцас
авахад төлсөн мөнгөнийх нь арван хоёрын нэгээс багыг Тонид төлсөн ч түүнд энэ
хамаагүй байв. Тони хувцаснуудыг нүднээс нь хол, дахин огт харахгүй газар луу
илгээж байвал, үнэгүй өгсөн ч яах вэ гэж бодож байсан юм.
Хааяадаа Тони хоосон өрөөнд орж, юу ч хийлгүйгээр, бодол
санаагаа хоослохоор нэг хоёр цаг суудаг. Шалан дээр суун, хоосон хана руу,
талийгч эхнэрийнхээ сүүдрийн сүүдрийг гөлөрнө. Гэвч сар өдрүүд шил шилээ дарахад,
уг өрөөнд байсан зүйлсийг мартлаа. Өнгө, үнэр нь ой санамжаас нь бүдгэрч
арчигдсаныг тэр хэзээ хойно анзаарав. Баяр хөөртэй тод томруун сэтгэл хөдлөл ч
ухаан санаанаас нь хийсэж оджээ. Манан будан салхинд үлээгдэхийн нэгэн адилаар,
ой дурсамж нь хэлбэрээ өөрчилж, өөрчлөгдөх бүрдээ улам улам бүдгэрнэ. Дурсамж
бүр одоо сүүдрийн сүүдрийн сүүдэр болсон аж. Харин оргүй хоосны мэдрэмж л
өөрчлөгдөхгүй хэвээр үлдэв.
Заримдаа эхнэрийнхээ царайг бараг санахгүй. Эхнэрийнх нь
үлдээсэн хувцаснуудыг хараад өрөөнд уйлж суусан огт танихгүй эмэгтэйг харин
санана. Онц гойд гэхээргүй царай нь, элэгдэж хуучирсан лакадсан арьсан гутал нь
санаанд нь үлджээ. Бүгдийг, тэр бүү хэл, эмэгтэйн нэрийг мартсан хойно ч дүр
төрх нь санаанаас нь огт гарахгүй байсан нь тун хачин байлаа.
Тони Такитанигийн эхнэрийг нас барснаас хоёр жилийн
дараагаар аав нь нас барав. Шозабүро Такитани өвдөж зовсонгүй, эмнэлэгт ч удаан
хэвтсэнгүй. Унтаж буй аятай л таалал төгсөв. Тэр утгаараа, Шозабүро төгсгөл
хүртлээ илбийн мэт амьдарсан гэж хэлж болно. Багахан бэлэн мөнгө, хувьцааны
гэрчилгээнээс бусдаар өмч хөрөнгө гэх зүйл үлдээсэнгүй. Тоглодог хөгжмийн
зэмсэг болон хуучны жазз хөгжмийн тоолж томшгүй их пянз л түүнээс үлдэж
хоцорчээ. Тони Такитани нүүлгэлтийн компанийн өгсөн хайрцгуудад пянзнуудыг
хийгээд, хоосон өрөөнийхөө шалан дээр хураалаа. Пянзнаас хөгц чийг үнэртэх учир
өрөөнийхөө цонхыг үе үе онгойлгож агаар оруулна. Бусдаар, өрөөнд хөл тавихгүй.
Иймэрхүү байдлаар нэг жил өнгөрч, хайрцагтай пянзнууд
түүний сэтгэлийг улам бүр зовоож эхэллээ. Өрөөнд буй пянзнуудын тухай бодоход
хоолой нь бачуурч амьсгаа нь давхцах шиг санагдана. Хааяа шөнө дунд сэрээд,
эргээд унтаж чадахгүй нойр нь хулжина. Ой санамж нь бүдгэрсэн ч, сэтгэлийнх нь
хүнд жингээрээ дарсан хэвээр.
Тони Такитани пянзны худалдаачинтай холбогдож, цуглуулгаа
зарах санал тавив. Цуглуулгад одоо үйлдвэрлэхээ больсон үнэ цэнтэй олон пянз
байсан учир, жижгэвтэр машин авч хүрэхүйц өндөр үнэд хүрлээ. Гэхдээ Тони
Такитанид мөнгө огт чухал биш ажээ.
Гэрээс нь пянзнуудыг авч явсны дараагаар, Тони Такитани
үнэхээр ганцаараа үлдлээ. ♦
No comments:
Post a Comment