Аньезе надад,
“Тонилж далд орохдоо таарсан амьтан!” гэж ч хэлэлгүй яваад өгөхийнхөө оронд
үнэнээ хэлсэн бол дээр байсан юм. Би өөрийгөө өөгүй өндөг шиг амьтан гэж
үнэмшүүлэх гээд байгаа ч юм биш, гэхдээ л тэр надад юу нь болж бүтэхгүй байгааг
хэлсэн бол бид ярилцаж болох л байлаа. Гэтэл бүр эсрэгээрээ, хоёр жил хамт
амьдарчхаад ганц ч үг цухуйлгалгүй, бүр дээр нь өглөөгүүр намайг эзгүйд арилаад
өгсөн байх юм, өөр боломжийн айл олмогцоо зугтаж оддог гэрийн үйлчлэгч шиг. Тэр
яваад зургаан сар өнгөрөөд байгаа ч надад яагаад намайг орхисныг нь ойлгох юм
өчүүхэн ч алга.
Тэр өглөө би дүүргийн зах орж элдэв юм цуглуулсныхаа
дараа (би гадуур явж юм худалдаж авах их дуртай, юмны үнэ мэдэж авна, дэлгүүр
хоршоонд ямар бараа ирснийг харна, хүмүүстэй наймаалцаж, ярилцаж, элдэв чихэр
жимс амталж, гараараа барьж үзэх зугаатайн дээр үхрийн мах аль фермээс, алим
аль цэцэрлэгээс ирснийг мэдэхэд буруудах юм юу байна?) унтлагын өрөөний хөшгөнд
хийх метр хагасын урттай унжлага авахаар гадагш гарсан юм. Тооцсоноосоо илүү
мөнгө зарахгүй санаатай, Умильта гудамжны жижиг дэлгүүрт хайсан унжлагаа олох
хүртлээ нэлээд явлаа. Цаг арван нэг хорь болж байхад гэртээ хариад, унжлагын
өнгө хөшигний өнгөтэй тохирох эсэхийг харъя гэж бодон дотогш ортол ширээн дээр
бэх, үзэг, захиа тавьчихсан байх юм. Яг үнэндээ би юун түрүүнд ширээний
бүтээлэг дээрх бэхний толбыг анзаараад, тэр даруйдаа, “Үүнийг хараач, салга
гэдэг нь... бүтээлэг толбо болгочхож,” гэж
халагласан.
Бэх, захиа, үзгийг дээш нь авч, бүтээлгийг хумьж барьсаар
гал тогооны өрөөнд орж, нимбэгээр хүчтэй даран арчсаар эцэст нь бэхний толбыг
арилгалаа. Дараа нь хоолны өрөөнд орж, ширээгээ бүтээгээд, эцэст нь нэг юм тэр
захиаг санав. Надад хаяглажээ: Альфредод.
Би захиаг задалж уншлаа: “Би гэрээ цэвэрлэсэн. Үдийн
хоолоо өөрөө хийж ид, чи ямар сураагүй гэх биш. Баяртай. Би ээжийндээ очлоо.”
Би эхлээд юу ч ойлгосонгүй. Дараа нь дахиж нэг удаа уншаад эцэст нь нэг юм
ухаарлаа: Аньезе надтай ханилаад хоёр жил болсныхоо дараа намайг хаяж явсан юм
байна.
Би захиаг сурснаараа захидал, төлбөрийн баримт хийдэг
шургуулгадаа хийгээд, цонхны хажууд сандал дээр суулаа. Би юу гэж бодохоо ч
мэдсэнгүй, угаасаа бэлэн биш байлаа, болсон зүйлд ер итгэж чадсангүй. Ийнхүү
бодох зуураа зүймэл шал руу хартал, богино цагаан хялгас нүдэнд минь өртөх нь
тэр. Аньезег тоос авч байхад шүүрээс тасраад газар унасан хэрэг. Би хялгасыг
аваад, цонхоо нээн, гадагш шидлээ. Дараа нь малгайгаа аваад гэрээс гарав.
Би явган явахдаа нэг хачин зуршилтай хүн л дээ: Явган
хүний замын хавтангийн нэг дээр нь гишгээд, нөгөөг алгасаж дараагийнх дээр
гишгэдэг юм. Энэ л сурснаараа алхлах зуураа Аньезе намайг бүр чадах гэсэн юм
шиг ингэж өөдгүй загнан хаяж явахаар юу хийсэн байж таарахаа эргэцүүллээ.
Санаанд минь, юун түрүүнд, Аньезе арай намайг өөрийг нь араар нь тавьсан гэж
бодсон юм биш биз гэсэн бодол зурсхийв. Гэхдээ энэ таамаглалдаа би цөхөх юмгүй
хариуллаа: Тийм юм хэзээ ч болоогүй. Би угаасаа эмэгтэйчүүдтэй төдий
харилцдаггүй, би тэднийг ойлгохгүй, тэд ч надад хавьтахгүй. Тэгээд ч
гэрлэснээсээ хойш би эргэн тойронд минь эмэгтэй хүн байгаа үгүйг ч анзаарахаа
больсон гэхэд болно. Харин ч энэ тухайд Аньезе намайг үе үе өдөж, “Чи өөр
эмэгтэйд хайртай болбол яах вэ?” гэж ам асуудаг байв. Би ч, “Энэ боломжгүй; би
зөвхөн чамд хайртай, насан туршдаа хайрлах болно,” гэж хариулдаг байлаа.
Одоо бодоход, тэр “насан туршдаа” гэсэн үг Аньезед
таалагдаагүй бололтой. Тэр ийнхүү амлахыг минь сонсоод харин ч бүр нүүрээ
үрчийлгэж, дуугаа хурааж байсныг нь би гэнэт санах шиг болов. Би энэ удаад
өөрөөр сэтгэхээр шийдэн, Аньезе мөнгөний асуудлаас болж, өөрөөр хэлбэл мөнгөнд
харам ханддагаас минь болж намайг хаясан байж болох эсэхийг ухаж бодъё гэлээ.
Гэхдээ энэ тухайд ч санаа зовох юмгүй гэдгээ даруй ойлголоо. Мөнгөний тухайд,
түүнд их мөнгө өгдөггүй минь яах аргагүй үнэн. Гэхдээ түүнд угаасаа мөнгөний
хэрэг юу байна? Би ер байнга хажууд нь байна, хэзээд туслахад бэлэн. Мөнгөнд
гар татах тухайд ч асуудалгүй. Та өөрөө бодоод үз л дээ: Бид долоо хоногт хоёр
удаа кинотеатрт очиж, хоёр удаа цайны газар луу явдаг, тэнд очоод Аньезе
мөхөөлдсөө иднэ үү, зүгээр кофегоо ууна уу, хамаагүй; үүнээс гадна манайд
сардаа хоёр удаа зурагтай сэтгүүл, өдөр бүр сонин хүргэж өгдөг, бид хоёр өвлийн
цагт дуурь үзэж, зун нь Маринод аавын зусланд очдог; ер дутаж гачигдах юм байна
уу?
Энэ ердөө зугаа цэнгэлд зарцуулж байгаа нь шүү дээ.
Хувцасны тухайд Аньезегийн гомдоллох магадлал бүр ч бага. Ямар нэг юм хэрэг
болбол, хөхний даруулга, оймс, хүзүүний алчуур юу ч байсан би үнийг нь төлөхөд
бэлэн. Түүнтэй хамт дэлгүүрт очоод, хэрэгтэй юмыг нь хамт сонгоод, огт
гомдлолгүйгээр төлбөр юуг нь төлнө. Оёдолчноор хувцас, малгай хийлгэхэд ч мөн
адил. Аньезе надад, “Малгай, даашинз оёулах хэрэгтэй байна,” гэхэд би, “Алив
хамт явъя,” гэж хариу хэлээгүй тохиолдол нэгээхэн ч үгүй. Тэгээд ч Аньезе
баргийн юм голдоггүй тун ч эгэлхэн зантай. Бид хуримаа хийснээс хойш нэг жил өнгөрсний
дараагаар тэр угаасаа даашинз, хувцас оёулахаа бараг больсон. Хааяа би өөрөө
түүнд ямар хувцас хэрэгтэй болсныг сануулах хэрэгтэй болдог байсан гээд бод
доо. Гэхдээ Аньезе түрүү жил авсан нь түүнд хангалттай гээд, хувцас хунар дутуу
байхад ер санаа зовоод байх хэрэггүй гэж байв. Би ч Аньезе энэ тал дээр бусад
хүүхнүүдээс ялгаатай, гоёж гангалах гэж чармайдаггүй юм байна л гэж бодсон.
Тэгэхээр хайр дурлал эсвэл мөнгө төгрөгтэй холбоогүй байж
таарах нь. Цаана нь өмгөөлөгчдийн хэлдэг “зан байдал тохирохгүй байх” гэдэг
зүйл л үлдэх шив. Энэ хоёр жилд бид нэг ч удаа хэрүүл хийгээгүй, нэг ч удаа
гомдоллох зүйл гараагүй байхад “зан байдал тохирохгүй” гэж юу байх вэ дээ, гэж
би өөрөөсөө асуулаа. Бид хоёр байнга хамтдаа байсан болохоор үнэхээр зан байдал
тохироогүй бол үүнийг анзаарахгүй, ойлгохгүй өнгөрөх арга байх уу даа, ер?
Аньезе угаасаа надтай огт ам зөрдөггүй; ер нь бол огт ам нээдэггүй ч гэж болно.
Хааяа цайны газар эсвэл гэртээ хамтдаа сууж байхдаа тэр
барагтай бол ам нээхгүй, би л яриад байна. Худлаа хэлэх хэрэг юу байна, би
өөрөө ярих бас хүний ярихыг сонсох дуртай, ялангуяа дотно танил хүнтэйгээ нэг
дор байгаа бол бүр өег сайхан санагддаг юм. Би өөрөө тогтуун, ухаалаг,
сэтгэлийн хөдөлгөөн багатай, урсгаж ярьдаг, ярьж буй зүйлээ бүх талаас нь
нарийн нямбай авч үздэг хүн. Миний ярих дуртай сэдэв гэвэл гэр оронтой холбоотой
бүх зүйл гэж товч хэлж болох байх. Барааны үнэ, тавилгын байрлал, гал тогоо, ус
халаах зуух ер нь утга учиргүй юмны тухай ярих дуртай гэхэд болно доо. Би энэ
талаар ярихаас огт залхахгүй; харин ч их таатай байдаг болохоор, нэг зүйлээ
дахин дахин ярьж байгаагаа ч ухаарах үе гарна. Эмэгтэй хүнтэй ийм л юм ярина
биз дээ? Өөр юу ярих юм?
Тэгээд ч Аньезе намайг их анхааралтай сонсдог, үгүйдээ
надад тэгж санагддаг байлаа. Зөвхөн нэг удаа; би түүнд цахилгаан ус халаагуур хэрхэн
ажилладгийг тайлбарлах зуураа гэнэт түүний хэдийн унтаж орхисныг анзаарч билээ.
Түүнийг сэрээгээд, “Яасан бэ? Уйтгартай байна уу?” гэж асуутал Аньезе, “Үгүй
үгүй, би их ядарсан байна, өчигдөр шөнө ер унтаагүй,” гэсэн хариулсан юм даг.
Бусад эр нөхөр ажил руугаа, дэлгүүр мухлаг руугаа явна,
өөр цаг нөгчөөх ажил үнэхээр олдохгүй бол найзуудтайгаа гадуур зугаална. Харин
миний хувьд Аньезе миний ажлын газар, дэлгүүр мухлаг, найз минь гээд ер нь бүх
зүйл минь гэхэд болно. Би түүнийг нэг ч хором ганцааранг нь орхиж үзээгүй. Та
магадгүй гайхах биз, гэхдээ хоол хийж байхад нь ч би түүний хажуугаас
холддоггүй. Би гал тогооны ажилд тун сонирхолтой учир өдөр бүр үдээс өмнө
хормогч зүүгээд Аньезед тусалдаг юм. Би бараг бүх ажилд оролцоно: Төмс
арилгана, шош цэвэрлэнэ, мах ногоо хэрчинэ, хоол болохыг харна. Аньезед үнэхээр
гайхалтай туслахаар минь тэр надад “За, чи хийчих... миний толгой өвдөөд
байна... жаахан хажуулдъя,” гэдэг сэн. Би ч ганцаараа хоолоо хийгээд дуусгана,
бүр хоолны ном харж байгаад шинэ шинэ хоол ч хийж сурсан шүү.
Харамсалтай нь, Аньезе хоолны дуршил муутай; сүүлийн хэд
хоног хоол идэх улам бүр дургүй болоод хоолонд бараг хүрэхээ ч больсон. Аньезе
нэг удаа надад тоглоом шоглоомын завсраар, “Чи эрэгтэй хүн болж төрсөн нь буруу
болж... чи угтаа эмэгтэй хүн юм... яг сайн эзэгтэй шиг,” гэж билээ. Энэ хэлсэн
нь үнэний хувьтайг би зөвшөөрч байна: Үнэхээр би хоол хийхээс гадна юм угаах,
индүүдэх, оёх, бүр завтай үедээ бүтээлгийн зах эмжих дуртай.
Түрүүнд хэлсэн дээ, би түүнийг ер ганцааранг нь
орхидоггүй байлаа: Найз нь эсвэл ээж нь манайд ирэхэд ч ялгаагүй. Бүр хаанаас
санаанд нь орсон юм бүү мэд, англи хэл сурч эхлэхэд нь ч би бас энэ хэцүү
хэлийг сурах гэж оролдсон гээд бод доо. Түүнд бүр наалдаад хааяа эвгүй байдалд
ч орж байв. Надад цайны газар зөөлөн дуугаар хэлснийг нь ойлголгүй, араас дагаж
явсаар эмэгтэй хүний ариун цэврийн өрөөнд оронгоо алдаад зөөгчөөс сануулга
сонссон тэр өдрийнх шиг... Аньезе үе үе надад, “Нэг тийшээ очмоор байна... Чамд
хамаагүй нэг хүнтэй уулзах хэрэг байна,” гэдэг байв. Тэгэхэд нь би түүнд, “Би
хамт явъя... Угаасаа надад хийх юм алга,” гэдэг байлаа. Намайг ингэж хэлэхээр
тэр, “Миний хувьд хамт явах үгүй чинь хамаагүй, харин чи уйдна шүү,
сануулчихъя,” гэдэг сэн. Гэхдээ би ер уйдаж байгаагүй. Дараа нь түүнд ингэж
хэлдэг байв: “Харав уу, би ер уйдсангүй.” Ер нь товчхондоо бид хоёр Сиамын ихрүүд
шиг л байлаа.
Би энэ бүхнийг бодсоор, Аньезе намайг яагаад хаяж явав
гэж өөрөөсөө асуусаар аавынхаа мухлагт ирлээ. Аав минь Миневра талбайн хажууд
шашны эд зүйл зардаг мухлагтай юм л даа. Аав одоо хэр залуу хэвээр: Буржгар хар
үс, хар сахалтай, сахлынхаа доороос ямар учиртайг нь миний ер хэзээ ч ойлгоогүй
инээмсэглэл байнга тодруулдаг тийм л хүн. Лам хувраг, шүтлэгтэй хүмүүстэй хамт
ажиллаж сурсандаа тэр үү, их хөгжилтэй, тайван тогтуун сайхан зантай. Аавыг
сайн таньдаг ээж минь харин аавыг их ууртай, гэхдээ уурлаж байгаагаа
харуулдаггүй гэдэг юм.
За тэр яах вэ, би шашны ёслолд хэрэглэдэг элдэв нөмрөг,
чулуу дүүртэл өрсөн тавиур дундуур явсаар бичгийн ширээтэй агуулахад хүрлээ.
Аав тэнд сурснаараа сахлаа хазлан бодлогоширсоор тооцоо хийж байв. Би амьсгаа
давхцуулан, “Аав аа, Аньезе намайг хаячихлаа,” гэлээ. Тэр толгойгоо дээш өндийлгөв,
надад сахлынхаа доор мушилзаж байгаа юм шиг санагдлаа; гэхдээ мушилзаагүй ч
байж магадгүй. Аав, “Харамсалтай, үнэхээр харамсалтай... яагаад тэр вэ?” гэв.
Би юу болсныг яриад, “Надад ч үнэхээр харамсалтай
байна... Гэхдээ гол нь намайг яагаад хаяж явсныг нь мэдмээр байна,” гэж яриагаа
дуусгалаа.
Аав гайхсан байртай, “Чи тэгээд ойлгохгүй байгаа хэрэг
үү?” гэж асуув.
“Үгүй.”
Аав хэсэг чимээгүй болоод нэг амьсгаагаар, “Альфредо,
надад их харамсалтай байна, би юу гэхээ мэдэхгүй байна... Чи миний хүү, би чамд
чадах чинээгээрээ л тусалдаг, хайртай хүүдээ туслалгүй яах вэ... Гэхдээ
эхнэртэйгээ холбоотой асуудлыг чи өөрөө шийдсэн нь дээр,” гэв.
“Тэр ч тийм л дээ, гэхдээ тэр намайг яагаад хаяж явсан юм
бол?”
Аав толгой сэгсрэв: “Би чиний оронд байсан бол энэ тухай
их бодохгүй байсан. Зүгээр орхи... Шалтгааныг нь мэдээд ер яах юм?”
“Энэ миний хувьд маш чухал... Бүгдээс чухал.”
Яг тэр үед хоёр хувраг орж ирэв; аав босоод, тэднийг
угтахаар явангаа надад, “Чи дараа ир... Ярилцъя... Би одоо ажилтай байна,” гэв.
Аав өөр юм хэлэхгүйг мэдээд би тэндээс гарлаа.
Аньезегийн ээжийнх эндээс холгүй, Виттор Эммануилын өргөн
чөлөөнд байдаг юм. Би салсан шалтгаанаа надад хэлж чадах цор ганц хүн бол
Аньезе өөрөө юм гэж бодоод тэднийх рүү зүглэлээ. Гэрт нь хүрээд шатаар дээш
яаран гүйхээрээ гарахад минь гэрийн үйлчлэгч намайг зочны өрөөнд оруулав.
Өрөөний хаалгаар Аньезегийн оронд ээж нь гарч ирэв. Би хадам эхийгээ ер
тэвчдэггүй юм; тэр ч бас хувийн бизнес эрхэлдэг, үсээ хараар, хацраа улаанаар
будсан, хиймэл өөдгүй инээмсэглэл тодруулсан ер тэвчих аргагүй хүн л дээ. Хадам
минь намайг угтах үедээ гэрийн халаад нөмөрсөн байв. Энгэртээ сарнай зүүчихэж.
Намайг хараад хүндэлж байгаа дүр үзүүлэн, “За, Альфредо, ямар хэргээр явж байна
даа?” гэв.
“Ээж ээ, ямар хэргээр ирснийг минь та мэдэж байгаа.
Аньезе намайг хаясан шүү дээ.”
Тэр тайван өнгөөр, “Тийм ээ, тэр энд байгаа... Хүү минь,
одоо яая гэх вэ, ямар ч аргагүй, ийм юм болох л байж,” гэв.
“Та яаж ингэж хэлж чадаж байна вэ?”
Тэр над руу нэг хараад, “Чи гэрийнхэндээ хэлсэн үү?” гэв.
“Аавд хэлсэн.”
“Аав чинь юу гэж байна?”
Аав юу гэх нь түүнд ямар хамаатай юм? Би дургүйхэн
хариуллаа: “Та аавыг мэднэ дээ... Битгий их бод л гэж байна билээ.”
“Зөв хэлж, хүү минь... Битгий их бод.”
Би арайчүү, “Гэхдээ,” гэж дуугарлаа. Шарх минь сэдэрсэн
байв. “Гэхдээ Аньезе намайг яагаад хаясан юм? Би түүнийг яасан юм? Та нар
яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ?”
Би уураа барьж дийлэлгүй чичрэн ярьж байх зуураа тэдний
ширээн дээрх рүү харлаа. Ширээн дээр яг голдоо цагаан хатгамалтай бүтээлэг
дэлгээд, бүтээлэг дээр улаан лиш цэцэг бүхий ваар тавьжээ. Гэхдээ бүтээлгийг
сайтар голлуулаагүй байлаа. Би юу ч бодолгүйгээр, бараг зөнгөөрөө сурмаг гэгч
нь ваарыг дээш аваад, бүтээлгийг голлууллаа. Тэр үед Аньезегийн ээж над руу
инээмсэглэн харж байсан ч асуултад минь хариулахгүй л байв. Намайг гар дахь
ваараа ширээн дээр тавихаар, “Сайн байна... Одоо яг голлолоо... Би ер
анзаараагүй юм, харин чи анзаарсан байна... Сайн байна... Одоо явсан чинь дээр
дээ, хүү минь,” гэв.
Түүнийг босохоор би ч бас дагаж босов. Аньезетэй уулзаж
болох үгүйгээ асуумаар байсан ч, би дэмий гэдгийг нь ойлголоо; түүнтэй уулзвал,
уураа барьж дийлэхгүй тэнэг зүйл хийхээс эсвэл хэлэхээс айж байлаа. Би удалгүй
тэндээс гарч явав. Тэр цагаас хойш би эхнэрээ хараагүй. Аньезе магадгүй нэг
өдөр над шиг нөхөр амар олдохгүйг ойлгоод буцаж ирэх биз. Гэхдээ тэр намайг
яагаад хаяж явсан учир шалтгаанаа хэлэлгүйгээр энэ гэрийн босгоор давна гэж
бодож байвал ёстой санасны гарз шүү.
Альберто Моравиа (1907 – 1990) итали зохиолч, сэтгүүлч. Зохиол бүтээлдээ
орчин үеийн хүмүүсийн бэлгийн харилцаа, зожгирол, оршихуйн асуудлыг хөнддөг.
“Хэнэггүй хүмүүс” (1929) хэмээх анхны роман болон анти-фашист“Конформист” (1951)
романаараа алдаршсан. Ясны сүрьеэ хэмээх өвчин тусаж таван жил хэвтэрт байснаас
гадна фашизмыг биеэр үзэж туулсан нь огт төсөөлж байгаагүй зүйлээ хийхэд нь хүргэсэн
гэж тэр нэгэнтээ өгүүлжээ. Тал барилгүй хөндий хүйтэн байдлаар бичдэг энэ
зохиолчийн бүтээл хөрөнгөтний давхаргынхны түгшүүр, сэтгэл зовнилыг голдуу
тусган харуулдаг.
No comments:
Post a Comment