Saturday, December 21, 2024

Хенри Миллер | Мадемуазель Клод

 

Хенри Миллер (1891 – 1980) америк зохиолч. Утга зохиолын хэлбэрт шинэчлэл хийж, дүр судлал, нийгмийн шүүмж, философийн тусгал, ухамсрын урсгал, ил задгай өгүүлэмж, секс, сюрреалист холбоо, мистицизмийг хослуулсан шинэ төрлийн хагас намтарчилсан романы хэв маягийг гаргаж ирсэн. Нью Йорк, Парис хотуудад үзэж туулсан амьдралаасаа сэдэвлэсэн “Мэлхийн зам”, “Матрын зам” зохиолуудаараа алдартай. Зохиол бүтээл нь АНУ-д 1961 оныг хүртэл хориглогдож байсан энэ зохиолч аян замын тэмдэглэл, уран зохиолын шүүмж бичихээс гадна усан будгийн зураг зурдаг байжээ.

 


 

Хенри Миллер | Мадемуазель Клод


 

Би энэ түүхийг анх бичихдээ юун түрүүнд, “М–ль Клод бол биеэ үнэлэгч” гэж эхэлж байлаа. Мэдээж хэрэг биеэ үнэлэгч, дэмий булзааруулах хэрэг юун. Гэхдээ юу гээч – м–ль Клод биеэ үнэлэгч юм бол миний таних нөгөө хүүхнүүдийг юу гэж дуудах болж байна? “Биеэ үнэлэгч” гэдэг үг тийм ч өргөн утга илэрхийлэхгүй. М–ль Клод түүнээс ч ангид нэгэн. Би түүнд нэр оноож мэдэхгүй юм. Эсвэл зүгээр л м–ль Клод гэх үү? Soit[1].

Клод шөнө бүр өөрийг нь хүлээгээд унталгүй сууж байдаг нас дээр гарсан эгчтэй юм гэсэн. Үнэндээ би тийм эгчтэй гэдэгт нь ер итгээгүй. Эгч гэнэ шүү! Maquereau[2] нь л биз. Ер нь энэ хэнд хамаатай юм бэ... Гэхдээ л надад энэ таалагддаггүй байлаа – тэр зуучлагч нь Клодыг гэрт нь хүлээгээд, мөнгөө өгөхгүй бол тасхийтэл алгаддаг байх гэж би боддог байсан юм. Клод надад хэчнээн наалинхай хандсан ч (Клод хүнтэй яаж нялуурахаа үнэхээр сайн мэддэг) орлогын ихэнх хувийг авдаг тэр цус сорогч өөдгүй шимэгчийн дүр санаанаас минь гарахгүй. Бие үнэлэх тухайд бол өөрийгөө хуурах хэрэг юу байна – тэр үнэхээр өгөөмөр зан гаргаж, танд биеэ бүрэн тушаагаад, та түүнд мянган франк төллөө ч (мэдээж, хэн тийм мөнгө төлөх вэ дээ?) – тэр хаа нэгтээ хүлээсэн хүнтэй, таны амталсан зүйл ч ердөө нэг удаагийнх. Хамаг ихэнхийг нь тэр хүлээсэн хүн нь хүртэнэ, үүнд ер эргэлзэх хэрэггүй!

Гэхдээ би дэмий юм бодож, цухалдаж байснаа дараа нь ойлгосон. Клодод үнэхээр maquereau байхгүй байв. Би Клодын анхны maquereau. Гэхдээ би өөрийгөө maquereau гэхгүй. Зуучлагч гэнэ. Би одоо түүний зуучлагч. Тийм ээ.

Би түүнийг өрөөндөө анх авчирсан үеэ санаж байна – би ичиж үхмээр байдалд орсон. Би угаасаа эмэгтэй хүний хажууд байнга эвгүй байдалд ордог зантай. Учир нь би эмэгтэй хүнийг биширдэг, харин эмэгтэйчүүд надаар бишрүүлэх дургүй. Тэдний хүсдэг зүйл гэвэл... За тэр яах вэ, тэр анхны шөнө, итгэнэ үү байна уу өөрөө мэд, би яг анх удаа эмэгтэй хүнтэй унтах гэж байгаа юм шиг л аашилсан. Яагаад тэгж аашилснаа одоо ч бодоод ойлгохгүй юм. Гэхдээ тэр өнгөрсөн хэрэг л дээ.

Клод хувцсаа тайлж эхлэхээсээ өмнө орны минь хажууд зогсоод над руу хэрхэн харсныг нь л би санаж байна; ямар нэг юм хийхийг минь хүлээж байгаа юм шиг л. Би чичирч байлаа. Угаасаа би цайны газраас гарснаасаа хойш л чичирч байсан юм. Би түүнийг зөөлөн үнслээ – уруул дээр нь үнссэн байх. Магадгүй духан дээр нь ч үнссэн биз – би тиймэрхүү юм хийхээс ер буцахгүй... Эмэгтэй хүний хажууд угаасаа барьц алддаг юм чинь. Яагаад ч юм тэр надад их том тус хүргэсэн юм шиг санагдаж байлаа. Биеэ үнэлэгч ч гэсэн эр хүнд тийм мэдрэмж төрүүлж болно. Гэхдээ Клод ердөө нэг биеэ үнэлэгч байгаагүй гэж би танд хэлсэн дээ.

Клод малгайгаа ч авалгүй, цонх руу очоод хөшиг хааснаа над руу жишүүдүү харж инээмсэглээд, хувцсаа тайл ч гэл үү нэг юм хэллээ. Түүнийг явган цорго руу очих зуур би хувцсаа тайллаа. Би ер жигтэй их тэвдэж байв. Хувцсаа сольж байхыг нь харвал ичих байх гээд би ширээн дээрх цаасыг бага зэрэг уншсан болоод, утга учиргүй юм эрээчээд, бичгийн машинаа бүтээлээ. Намайг буцаж эргэхэд Клод усны онгоцны хажууд нимгэн бошинзтойгоо зогсоод хөлөө арчиж байснаа, “Алив бушуул, оронд ороод бүлээцүүлж бай,” гэв. Тэгээд биеэ дахиад жаахан арчлаа.

Бүх юм их энгийн санагдаад, би сандарч тэвдэхээ болив. Би Клодын урт шилэн оймсоо нямбайлан доош хумьсныг ч харлаа. Бүсэлхийнээс нь татуурга шиг юм унжиж байсныг ч мөн удалгүй тайлаад сандлын түшлэгт өлгөв.

Өрөө үнэхээр хүйтэн; бид хэсэг чимээгүй тэврэлдэн хэвтээд хоёр биеэ дулаацууллаа. Би нэг гараараа хүзүүгээр нь тэврээд, нөгөө гараараа түүнийг өөр лүүгээ татав. Клод өрөөнд анх орж ирэх үеийнх шигээ ямар нэг юм горьдсон байртай нүд рүү минь харц салгалгүй ширтэнэ. Би дахиад л чичирч эхлэв. Миний мэддэг франц хэл дуусаж байх шиг.

Би түүнд хайртайгаа яг тэр үед хэлсэн эсэхээ сайн санахгүй байна. Хэлсэн л болов уу. Хэлсэн байлаа ч тэр даруй мартсан биз. Явах үед нь би түүнд Афродит романыг – тэр өмнө нь уншаагүй гэсэн – өөр хүнд зориулж авсан торгон оймстойгоо бэлэг цуг болголоо. Оймс түүнд таалагдсан нь харваас илт.

 

Түүнтэй дахин уулзах үедээ би өөр зочид буудал руу шилжсэн байлаа. Тэр даруй өрөөн доторхыг хараад, нөхцөл байдал төдий сайнгүй байгааг ойлгоод, ер юм бодолгүй, хангалттай хоол ундтай байгаа эсэхийг минь асуулаа.

“Эндээс аль болох хурдан гар. Энд их уйтгартай юм.” Клод Уйтгартай гэж хэлээгүй ч байж магад, гэхдээ хэлэхийг хүссэн зүйл нь энэ байв.

Өрөө ч үнэхээр уйтгартай байлаа. Тавилга нь хуучирч муудсан, цонхны шил нь хагархай, хивс нь урагдаж хир даг болсноос гадна цоргоноос нь ус гоожихгүй. Өрөөнд бүдэг гэрэл тусна, орны бүтээлгийг саарал хөгц өнгөтэй болгож харагдуулах хачин шар гэрэл.

Тэр орой Клод яагаад ч юм намайг хардаж байгаа юм шиг загнан, “Чи өөр сэтгэлтэй хүнтэй байх,” гэж ам асуув.

Би, “Үгүй, надад өөр хүн байхгүй,” гэлээ.

Клод, “Тэгвэл намайг үнс,” гээд дулаан, эрүүл биеэрээ над руу зөөлөн наалдав. Надад дулаан биеийнх нь дунд хөвж яваа мэт санагдлаа... Хөвж биш, живж байгаа ч юм шиг, таашаал жаргалдаа живж байгаа юм шиг.

Бид дараа нь Пиер Лоти, Истанбулын тухай ярилцлаа. Клод хэзээ нэгэн цагт Истанбулыг үзэх сэн гэв. Би ч бас үзмээр байгаагаа хэллээ. Тэр дараа нь гэнэт ингэж хэлсэн санагдаж байна: “Чи их сайхан сэтгэлтэй юм.” Би хариу хэлээгүй – их л баяр хөөртэй байсан хэрэг. Сайхан сэтгэлтэй гэсэн магтаал биеэ үнэлэгчийн амнаас сонсох мэдээж илүү гүн гүнзгий утгатай байлгүй яах вэ. Тэд хэзээ л байхдаа сэтгэл энэ тэр гэж ярьдаг байлаа даа.

Дараа нь өөр нэг хачин юм болов: Тэр надаас мөнгө авсангүй.

“Мөнгөний тухай бодох хэрэггүй. Бид одоо найзууд болсон. Чи ч угаасаа их ядмаг амьдарч байна шүү дээ.”

Би түүнийг гаргаж өгөхөөр орноосоо босох гэтэл тэр хориглов. Цүнхнээсээ хэдэн тамхи гарган орны хажуугийн жижиг ширээн дээр тавиад, нэгийг нь миний уруулын завсар хавчуулаад, хэний ч юм бэлэглэсэн жижиг хүрэл асаагуур гарган асаав. Тэгээд намайг үнсэхээр бөхийлөө.

Би гараас нь бариад, “Клод,” гэлээ. “Vous etes presque un ange.”[3]

Тэр даруй, “Ah non![4] гэхэд нь харцанд нь айдас түгшүүрэрхүү юм тодров.

Presque[5] гэж хэлсэн минь Клодод таалагдаагүй хэрэг. Би үүнийг даруй ойлголоо.

 

Энэ явдлын дараа төд удалгүй түүнд бичсэн захидал минь – франц хэлд муухан байх минь хамаагүй – миний амьдралдаа бичсэн хамгийн сайхан захидал байв. Бид хоёр байнга уулздаг цайны газартаа захидлыг хамтдаа уншсан. Би хэлсэн дээ, захидалд Поль Валеригээс хуулсан ганц хоёр өгүүлбэрийг эс тооцвол франц хэлний дүрэм гэж авах юмгүй байсан гэж. Тэр зээлсэн өгүүлбэр дээр ирмэгц, Клод хэсэг байзнаад, “Ёстой сайхан бичжээ,” гэв. “Үнэхээр сайхан бичиж.” Дараа нь над руу нэг хачин харснаа цааш нь уншлаа. Клодод таалагдаагүй тэр зүйл Валеригээс хуулсан өгүүлбэр биш юм шүү. Би Валеригээс хуулалгүйгээр захидал бичиж дөнгөх л байсан. Гол нь тэр дагинын тухай хэлсэнд минь дургүйцэж байсан хэрэг. Би дахиад нөгөө аргаа хэрэглэсэн ч энэ удаа аль болох няхуур, үнэмшилтэй байдлаар бичсэн байв. Гэхдээ л захидлыг минь уншиж дуусах үед сэтгэл минь бүр үймэрч орхилоо. Түүнийг ингэж хуурах нь ер байж боломгүй зүйл. Би захидал минь чин сэтгэлийнх байгаагүй гэх гээгүй л дээ, тэглээ ч эхний хэдэн өгүүлбэрээс цааш – юу ч гэмээр юм – ердөө уран яруу үгсийн цуглуулга төдий болж орхижээ. Бид дараа нь хамтдаа орон дээр суугаад Клод ч миний хэлэхийг тоолгүй захидлын дүрмийн алдааг засаж эхлэхээр байдал бүр ч тэсэх аргагүй боллоо. Би жаахан тэвчээргүй загнасан, тэр ч надад гомдсон. Гэлээ ч тэр аз жаргалтай байв. Захидлыг минь насан туршдаа хадгална гэлээ.

 

Клод үүр цайх үеэр явав. Дахиад нөгөө настай эгчдээ санаа зовсоор. Би ч настай эгч гэдэгт нь дасаж эхэлж байлаа. Тийм эгч байгаа үгүйг би угаасаа эрт орой хэзээ болов мэдэж авах юм чинь. Клод нууц хадгалахдаа их муу – бас дээр нь бараг дагина гэж хэлсэн минь... Тэр гомдох нь ч аргагүй.

Би орон дээрээ хэвтээд түүний тухай бодлоо. Тэр надад үнэхээр сайн хандсан. Эсвэл тэр maquereau нь! Би түүний тухай ч бас бодлоо, гэхдээ одоо төдий санаа зовохоо больжээ. Би зөвхөн түүний тухай, түүнийг хэрхэн баярлуулах тухайгаа бодож байлаа. Испани... Капри... Истанбул... Би түүнийг нартайд гадуур зугаалан, тагтаад талхны үйрмэг цацаж өгөөд, усанд орохыг нь харж байгаагаар эсвэл миний зөвлөсөн номыг бариад дүүжин ор хэвтэж байгаагаар төсөөлнө. Хөөрхий минь, амьдралдаа Версалиас гарч үзсэн ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Би Клодын галт тэргэнд сууж байх үеийн харцыг санаандаа ургуулах шиг болно, дараа нь хаана ч юм нэг газар, усан оргилуурын хажууд... Мадрид эсвэл Севильд. Хажууд минь явж байна гэж төсөөлнө; тэр хажууд минь, надад хэзээд ойр байсан, учир нь тэр ганцаараа үлдвэл яахаа мэдэхгүй. Утгагүй ч гэлээ ингэж бодох надад сайхан санагдав. Гай дагуулахаас өөр юмгүй хормой султай амьтнаас, хажууд хэвтэж байхдаа ч хүнийг яаж чадах вэ гэж боддог усан тархитай өлөгчнөөс тэр мэдээж хамаагүй дээр. Би Клодод итгэж болно. Дараа нь онцгүй санагдаж болох л юм – дараа нь... дараа нь. Би биеэ үнэлэгчтэй болсондоо баяртай байлаа. Үнэнч биеэ үнэлэгч! Би ингэж хэлэхийг минь сонсоод учиргүй хөхрөх олон хүн танина шүү.

Би бүх юмыг нэгд нэгэнгүй төлөвлөж байлаа: Бид хаагуур явах вэ, юу өмсөх вэ, юу ярилцах вэ гээд л... Бүх юмыг... бүгдийг нь. Тэр католик шашинтай байх, гэхдээ ямар хамаа байна. Энэ харин ч надад таалагдана. Сүмд бурхантай ярилцах гэж очих, сүмийн барилгыг сонирхох гэж юм уу, өөр бусад шалтгаанаар очихоос хавьгүй дээр. Хүсвэл би католик шашинтай болсон ч яах вэ дээ... Яагаад болохгүй гэж! Өөрт минь л таалагдаж байвал яасан ч яадаг юм. Клод тэдний ихэнх шиг хаа нэгтээ хүүхэдтэй юм биш биз. Бод доо, Клодын хүүхэд. Би хүүхдийг нь өөрийн хүүхдээс ч илүү хайрлана. Тийм ээ, Клод хүүхэдтэй байж таарна – энэ талаар судлах хэрэгтэй юм байна шүү. Нэг л өдөр бид гол руу харсан тагттай өрөөтэй, цонхны тавиур дээрээ цэцэгтэй, торондоо жиргэх шувуутай байранд орно. (Би шувууны тор бариад гэртээ орж байгаагаа төсөөлж байлаа. Болохгүй нь юу байна? Клод л аз жаргалтай байвал болох нь тэр.) Гэхдээ гол – бүр хэд хэдэн гол байх хэрэгтэй. Би голын усанд дуртай. Нэг удаа Роттердамд... Тэр өглөө орондоо сэрж байна гээд төсөөлөхөөр л: Цонхоор нар тусаад, хажууд минь надад хайртай, бүр үнэн сэтгэлээсээ хайртай сайн, үнэнч биеэ үнэлэгч, шувууд жиргээд, ширээ засчихсан, тэр биеэ угаагаад, үсээ самнана, урьд нь унтаж хэвтсэн бүх эрчүүдээ орхисон, түүний хувьд одоо зөвхөн би, зөвхөн би л байгаа, хөлөг онгоц өнгөрнө, амьдрал биднийг туулаад өнгөрнө, түүнийг, миний өмнөх, магадгүй дараах бүх эрчүүдийг нь туулаад өнгөрнө, цэцэгс, шувууд, нар цонхоор тусаад, би үнэрт нь амьсгал боогдох шиг болно. Бурхан минь! Би хэзээ ямагт биеэ үнэлэгчтэй байх сан!

 

Би Клодтой хамт амьдаръя гэж санал болгосон ч тэр татгалзав. Энэ миний хувьд сүйрэл байлаа. Ядуу болохоор минь татгалзсан юм биш; Клод мөнгөгүйг минь, ном бичиж байгааг минь мэднэ. Үгүй, өөр, илүү нарийн шалтгаан байх учиртай. Гэхдээ тэр шалтгаанаа хэлэхгүй байв.

Дээр нь бас нэг юм бий. Би сүүлийн үед яг нэг сүрхий гэгээрсэн амьтан шиг загнах болсон байлаа. Ганцаараа удаан гэгч нь зугаалаад л. Энэ бичиж байгаа минь ч номтой минь ямар нэг холбоогүй. Ертөнцөд цор ганцаар байгаа юм шиг. Амьдрал минь хөшөөнийх шиг бүтэн, гэхдээ тусдаа мэт. Агуу бүтээгчийн нэрийг ч мартсан юм шиг. Дээр нэг газраас тушаал авч, энэ ертөнцөд зөвхөн буян үйлдэхээр ирсэн юм шиг. Намайг хүмүүс хүлээн зөвшөөрнө үү, болино уу, надад хамаагүй.

Би одоо Клодоос тусламж авахаа ч болилоо. Авсан өр бүрээ тодорхой тэмдэглэх болов. Клод сүүлийн үед их гунигтай харагдах болжээ. Би хааяа түүний сууж буй тавцангийн өмнүүр өнгөрөхдөө нүдэнд нь нулимс цийлгэнэсэн байхыг харна. Тэр ч надад дурласныг би ойлгосон. Клод надад үнэн голоосоо хайртай. Тэр цайны газрын гаднах тавцан дээр суугаад, суугаад л байна. Би түүнийг тэнд ганцаараа гуниглан хүлээсээр байхыг харж тэсэхээ болихоор хааяа очиж авна... Хэд хэдэн найздаа түүний тухай ярьсан, ер нь бол чихэнд нь сэм шивнэсэн хэрэг л дээ. Тийм ээ, ямартай ч Клод тэнд суугаад хүлээгээд, хүлээгээд байхыг харахаас дээр. Тэнд ганцаараа сууж байхдаа юу боддог бол?

Нэг өдөр түүн рүү очоод мянган франк өгвөл яах бол? Гунигтай харцаар харж байхад нь очоод, “Voici quelque chose que j’ai oublie l’autre jour[6] гэе. Хааяа хамтдаа хэвтээд удаан гэгч нь чимээгүй байх үед Клод надаас, “Que pensez–vous maintenant?”[7] гэж асуудаг юм. Би хэзээд “Rien,”[8] гэж хариулдаг. Гэхдээ дотроо, “Voici quelque chose que…[9] гэж боддог. L’amour a credit–ийн[10] хамгийн сайхан тал нь энэ юм даа.

Клодыг явах үед цонх чангаар цуурайтна. Сэтгэл дотор минь сайхан цэлийсэн байж таарна. Би арагш дэр лүүгээ налаад надад орхисон зөөлөн амттай тамхийг нь таатай нь аргагүй сорно. Ер хөдлөх ч хэрэггүй. Би хиймэл шүд зүүдэг байсан бол Клод шүдийг минь орны хажуугийн ширээн дээр, сэрүүлэгтэй цаг, шүдэнз өөр бусад зүйлсийн дэргэд тавих байсан биз. Өмд минь нямбай эвхээстэй, пальто, малгай хоёр минь хаалганы хажууд өлгөөстэй. Бүх юм байх ёстой газраа. Ёстой догь! Хүн биеэ үнэлэгчтэй байхад өөр юу ч хэрэггүй...

Хамгийн гол нь энэ таатай мэдрэмж удаан үргэлжилдэг. Энэ их далдын нууцлаг мэдрэмж, далд нууцлаг байна гэдэг амьдралын бүхэллэг байдлыг ойлгоно гэсэн үг. Одоо би гэгээрсэн байна уу, үгүй юү, надад хамаагүй. Гэгээрсэн хүмүүс их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Би харин нууцлаг зүйлд нэвтэрсэн. Одоо сайн сайхан, энх тайван, амар амгалангаар гэрэлтэж байгаа. Би Клодод улам олон үйлчлүүлэгч олж өгөх болж, хажуугаар нь өнгөрөх үедээ тэр уйтгартай харц нь ул мөргүй арчигдсан байхыг харлаа. Бид хоёр бараг өдөр бүр хамтдаа хооллох болов. Клод намайг үнэтэй газар аваачих гэнэ, би ч нэрэлхэхээ болилоо. Би амьдралын бүх зүйлээс сэтгэлийн таашаал хүртэж байлаа – үнэтэй газраас ч, хямд газраас ч, ялгаагүй. Клод л сэтгэл хангалуун байвал болоо...

 

Pourtant je pense a quelque chose.[11] Үнэндээ ялихгүй хэрэг ч энэ санааг минь улам зовоох боллоо. Би эхэндээ Клодод ямар нэг юм хэлээгүй. Харин өөртөө бол “дэмий тансаглалаа даа” гэж хэлж байлаа. Гэхдээ л их сайхан байсан. Дараа нь тансаглав уу эсвэл болгоомжгүй загнав уу гэж бодох болсон. Гэхдээ л rien a dire.[12] Ер нь бол энд хэлсэн хоёр дахь болон гурав дахь зүйлийн хооронд би түүнийг араар нь тавьсан юм. Тийм ээ, би нэг орой багахан халамцаад Гранд өргөн чөлөөгөөр явж байсан юм л даа. Республикийн талбайгаас Матен сонины редакц хүртэлх бүх газраар орж гарсны дараа жирийн үед дээр нь тоож шээхээргүй нүүрэндээ яр шархтай, аварга том шар шувуу намайг шүүрээд авав. Их хөгжилтэй байсан. Байсхийгээд хаалга тогших зочид. Сайн санаат эрхэм гарын мөнгө өгөх сөн болов уу гэх Фоли Бержер кабаре шоуны охид – нэг их биш л дээ, ердөө гучин франк. Гэхдээ яах гэж? Pour rein… pour le plaisir.[13] Их хачин, зугаатай шөнө. Нэг, хоёр хоногийн дараа бие загатнаад. Сандраад. Америк эмнэлэг рүү түргэн авах. Хав хар навчин тамхитай Эрлих нүдэнд харагдах. Гэхдээ санаа зовох юмгүй. Дэмий сандарч.

Энэ тухайгаа Клодод хэлтэл тэр над руу учиргүй гайхаж харав. “Надад итгэж найддагийг чинь би мэдэлгүй яах вэ, Клод, гэхдээ л...” Клод ийм юманд цагаа дэмий зармааргүй байна гэлээ. Мэдсээр байж эмэгтэй хүнд өвчин халдаадаг хүн бол гэмт хэрэгтнээс өөрцгүй. Клод ингэж л боддог аж. Тэр надаас “C’est vrai, n’est–ce pas?[14] гэж асуув. Мэдээж vrai.[15] Гэхдээ л... Сэдэв хаагдсан. Ийм юм хийдэг хүн гэмт хэрэгтнээс өөрцгүй.

 

Би ойрын үед өглөө бүр парафины тос залгингаа – дээр нь байнга жүрж идэж байгаа – эмэгтэй хүнд өвчин халдаадаг гэмт хэрэгтний тухай бодох боллоо. Парафины тос халбаганаас амар салахгүй. Сайн угаах хэрэгтэй. Би халбага, хутгаа нямбай угааж байгаа. Би бүх юмыг нямбай хийдэг – төрөлхийн ийм зантай. Нүүрээ угаасныхаа дараа алчуур луу харна. Зочид буудлын эзэн долоо хоногт гурваас илүү алчуур өгөхгүй; мягмар гараг гэхэд бүгд авах юмгүй хир болсон байна. Би халбага, хутгаа алчуураараа арчаад, нүүрээ орны бүтээлгээрээ хуурайлна. Нүүрээ арчихгүй – орны бүтээлгийнхээ доод хэсэгт зөөлөн наана.

Ипполит Мандрон гудамж нүдэнд минь нэг л хүйтэн харагдах боллоо. Би энэ хавийн романтик нэртэй заваан, нарийн, тахиралдсан гудамжнуудад дургүй. Парис надад аварга том, заваан яр шиг санагдах болов. Гудамжнууд нь шархлаад үхэжсэн. Хүн бүр өвчтэй – заг хүйтэн биш юм гэхэд тэмбүүтэй. Европ, тэр даяараа өвчтэй, өвчин тарааж байгаа нь Франц. Вольтер, Рабле хоёрыг шүтээд байвал тэгдэг юм. Би анх бодсоноороо Москва явдаг байж. Орост ням гараг байдаггүй гэсэн, тэгээд юу гэж? Энд ч ням гараг бусад өдрөөс ялгаагүй, ердөө гудамж илүү хөл хөдөлгөөнтэй болж, илүү олон хөөрхийс гадуур тэнэж бие биедээ өвчин халдааж байна.

Битгий буруу ойлгоорой, би Клодод уурлаагүй. Клод бол эрдэнэ, un ange,[16] тэгээд ч энд ер presque[17] гээд байх юмгүй. Шувууны тор энд цонхны гадна талд өлгөөтэй, цэцэгс ч бас байгаа – гэхдээ эндэх Мадрид ч, Севиль ч биш, усан оргилуур ч, тагтаа ч байхгүй. Үгүй дээ, бид хоёр одоо өдөр бүр эмнэлэг явах болсон. Тэр нэг хаалгаар, би нөгөө хаалгаар орно. Үнэтэй зоогийн газар орохоо ч больсон. Орой бүр кинотеатр явж, цухалдахгүй байхыг хичээнэ. Би одоо Dome эсвэл Coupole рестораныг харахыг ч хүсэхгүй байна. Цайны газрын тавцан дээр эрүүл чийрэг төрхтэй, цайвар шар хослол, цардсан цамц өмсөж, үнэртэй ус ханхлуулсан өөдгүй новшнууд сууж байна. Үүнд дан ганц Клод буруутай биш л дээ. Гэхдээ л би түүнд энэ ганган хээнцэр амьтдаас болгоомжил гэж хэлсэн шүү дээ. Өөртөө их итгэлтэй байсан юм аа, тариулна энэ тэр ч гэх шиг. Дараа нь таарсан болгонтойгоо... Тэгээд л ийм юм болж байгаа юм. Биеэ үнэлэгчтэй амьдрахад – дэлхийн хамгийн сайн биеэ үнэлэгч байлаа ч – хүндрэл бэрхшээл мундахгүй. Хэдийгээр сүртэй чухал биш ч гэлээ, үйлчлүүлэгчийн тооноос илүүтэй санаа зовоох зүйл ч ундарч гараад л байх юм; дуусаж дундаршгүй цэвэрлэгээ, урьдчилсан арга хэмжээ, угаалга, шалгаж харах, санаа зовох, айх. Дараа нь, хэчнээн сэрэмжилсэн ч... Би уг нь Клодод хэлсэн дээ... Хэчнээн удаа хэллээ: “Энэ хээнцэр амьтдаас болгоомжил!”

Үгүй, энэ бүхэн миний буруу. Гэгээрээд зогсохгүй, гэгээрсэн гэдгээ батлах гэсний хэрэггүй байсан юм. Хүн гэгээрснээ мэдсэн л бол тэгээд зогсох хэрэгтэй. Нэг муу биеэ үнэлэгчид гэгээрснээ гайхуулах нь диваажин руу арын хаалгаар орох гэснээс өөрцгүй. Клод над руу шургалахаар – тэр одоо надад өмнөхөөсөө илүү хайртай болсон байв – би түүний сэтгэлд нэвчсэн өөдгүй шимэгч нян юм шиг санагдах юм. Би дагинатай амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй юм байна. Бид хоёр энэ бузрын оромжоос гарч, нартай газар, гол руу харсан тагттай өрөөнд амьдрах хэрэгтэй; шувууд, цэцэгс, амьдрал бидний өмнүүр урсаж өнгөрөг, зөвхөн тэр бид хоёр, өөр хэн ч хэрэггүй.

 

 

 

 

 



[1] За тийм болог (фр.)

[2] Зуучлагч.

[3] Чи бараг дагина юм.

[4] Үгүй дээ.

[5] Бараг.

[6] Би дээр өгөх гээд мартсан байна билээ.

[7] Чи юу бодож байна?

[8] Юу ч бодоогүй.

[9] Юу гээч...

[10] Зээлээр авсан дурлал.

[11] Гэхдээ л нэг юм байлаа.

[12] Хэлэх үг алга.

[13] Зүгээр... зугаацах гэж.

[14] Үнэн биз дээ, тийм үү?

[15] Үнэн.

[16] Дагина.

[17] Бараг.

No comments:

Post a Comment