Эрнест Хемингуэй (1899 – 1961) америк өгүүллэг, романы зохиолч,
сэтгүүлч. Нуршилгүй товчхон бичдэг арга барил, зохиолч уншигчийнхаа унших
явцдаа мэдэрч ойлгох зүйлийг өгүүлэлгүй алгасаж болно гэж үздэг “Мөсөн уулын
онол”, ХХ зууны уран зохиолд үзүүлсэн нөлөө, адал явдалтай амьдралын хэв маяг,
олонд танигдсан байдлаараа дараа үеийнхнээ бишрүүлсэн. 1954 онд Нобелийн шагнал
хүртсэн. Түүний “Мөсөн уулын онол” нь “Заан шиг толгод”, “Алуурчид”
өгүүллэгүүдэд нь тод ажиглагддаг. “Фрэнсис Макомберын богино аз жаргал” бол
түүний хамгийн алдартай өгүүллэг юм.
Эрнест
Хемингуэй | ФРЭНСИС МАКОМБЕРЫН БОГИНО АЗ ЖАРГАЛ
Үдийн хоолоо
идэхээр бүгд майханд цуглажээ. Ногоон өнгийн, хоёр давхар майханд бүгд ер юу ч
болоогүй мэт ажиггүй сууцгаана.
“Жин-тоник
уух уу, нимбэгийн ундаа уух уу?” гэж Макомбер асуув.
“Жин-тоник
ууя,” гэж Роберт Вилсон хариуллаа.
“Надад
чанга юм хэрэгтэй байна, би ч бас жин-тоник ууя,” гэж Макомберын эхнэр хэлэв.
Макомбер,
“За, тэгсэн нь ч дээр биз,” хэмээн санал нэгдээд, “Бидэнд гурван жин-тоник
бэлд,” хэмээн гал тогоо хариуцсан хөвгүүнд тушаалаа.
Хөвгүүн
даавуун ууттай гэсэж эхэлсэн мөсний дундаас лонхнуудыг гаргаж эхэлжээ.
Майхнуудыг сүүдэрлэх моддын мөчир салхинд зөөлөн сэрчигнэнэ.
Макомберыг,
“Гарын мөнгө хэдийг өгөх вэ?” гэж асуухад,
“Тэднийг
даврааж болохгүй шүү. Нэг папель байхад хангалттай,” хэмээн Роберт Вилсон
зөвлөв.
“Ахлагч
нь мөнгөө тэдэнтэй хуваалцдаг уу?”
“Мэдээж
хэрэг.”
Фрэнсис
Макомбер хагас цагийн өмнө зарц, тогооч, мал амьтны арьс өвчигч, ачаа бараа
зөөгчдөд өргүүлсээр буудаллах газрын хил хязгаарыг тогтоож заагласан зурвасаас
ялалт дүүрэн майхандаа буцаж иржээ. Буу зэвсэг агсагсад энэ үзүүлбэрт
оролцсонгүй. Нутгийн иргэд майхны хаалганы өмнө түүнийг мөрнөөсөө буулгахад,
Фрэнсис тэдэнтэй бүгдтэй нь гар барьж баяр хүргээд, майхандаа орж орон дээр
ирмэгдэж суугаад эхнэрээ хүлээв. Эхнэр нь майханд орж ирээд Фрэнсистэй үг
дуугарсангүй. Фрэнсис ч даруй майхнаас гарлаа. Зөөврийн угаалтуурт гар нүүрээ
угаагаад, хоолны майхныг чиглэн алхлав. Моддын сүүдэрт, тухлаг даавуун
сандалдаа суугаад, зөөлөн салхи хацар нүүрийг нь таатайхан илбэхийг мэдэрлээ.
“Чи
арслан арслан гээд үглээд байсан, эцэстээ жинхэнэ арслантай таарлаа шүү дээ,”
хэмээн Роберт Вилсон хэлэв.
Хатагтай
Макомбер Вилсон руу даруй эргэж харлаа. Үнэхээр царайлаг, цэвэрхэн, сайхан
хүүхэн аж. Олны дунд нэр хүндтэй. Таван жилийн өмнө өөрийнх нь огт
хэрэглэдэггүй гоо сайхны барааны сурталчилгаанд зургаа авхуулна уу хэмээн түүнд
таван мянган доллар санал болгожээ. Хүүхэн Фрэнсис Макомбертой дэр нэгтгээд
арван нэгэн жил өнгөрсөн аж.
Макомбер,
“Үнэхээр янзтай арслан байсан шүү, тийм ээ?” гэж асуумагц эхнэр нь энэ удаад
нөхөр лүүгээ эргэж харлаа. Хатагтай Макомбер энэ хоёр эрийг огт танихгүй мэт
харж байв.
Вилсон
шиг цагаан арьст анчныг урьд өмнө огт харж байгаагүй ажээ. Дунд хэрийн
нуруутай, шар үстэй, бавгар сахалтай, ув улаан царайтай, хүйтэн харцтай цэнхэр
нүдтэй эр. Инээмсэглэхэд нь нүдний хоёр хажууд нь нарийн цагаан үрчлээснүүд ил
гарч ирнэ. Одоо ч мөн түүн рүү хараад инээмсэглэж байна. Бүсгүй мань эрээс
харцаа бурууллаа. Хэлхгэр хүрэм хэдэрсэн унжуудуу мөр, энгэрийн халаасыг орлох
гогцоонд зүүсэн дөрвөн хонгио, наранд борлосон гар, хуучин өмд, шавхайнд
халтартсан гутал руу, дараа нь царай руу нь дахин харав. Өргөн хүрээтэй ковбой
маягийн малгай байнга өмссөөр нүүрэнд нь наранд түлэгдээгүй цагаан зураасыг
үлдсэнийг анзаарлаа. Тэр ковбой малгай нь одоо майхны тулгуурын суурь
гадаснуудын нэгэнд өлгөөтэй харагдана.
Роберт
Вилсон, “За, арслангийн төлөө,” гэж хэлээд, хатагтай Макомбер өөд харж, дахин
нэгэнтээ инээмсэглэв. Бүсгүй хариу инээмсэглэлгүй, нөхөр лүүгээ сониучирхан
харц сунгажээ.
Фрэнсис
Макомбер тун өндөр нуруутай, том биетэй нэгэн. Хар үсээ завь сэлүүрддэг
сэлүүрчид шиг богино засуулсан, нимгэн уруултай, ер нь бол царайлаг эр гэж хэлж
болно. Вилсоны нэгэн адилаар тэр ч мөн Африкийн хээр талаар аялагчдын өмсдөг
хувцсыг өмссөн ч түүний хувцас шинээрээ. Гучин таван настай, эрүүл чийрэг, бие
бялдрын хөгжилдөө анхаарсан, заалны спортод тун самбаатайн дээр задгай тэнгист
загас барих тэмцээнд хэдэнтээ шагнал хүртсэн нэгэн атал өнөөдөр хүн бүрийн өмнө
арчаагүй хулчгар амьтан шиг загнасан.
“Тийм
ээ, арслангийн төлөө. Намайг аварсанд чинь талархаад баршгүй,” гэж Макомбер
хэллээ.
Эхнэр
Маргарет нь дахин Вилсон руу харц хандууллаа. “Одоо арслангийн тухай ярихаа
больё.”
Вилсон
түүн рүү инээмсэглэлгүй харахаар, бүсгүй энэ удаад Вилсон руу мушилзан
инээмсэглэв.
“Өнөөдөр
тун сэтгэл догдлуулсан өдөр байлаа. Та үдийн цагаар майханд байгаа хэр нь
малгайгаа яагаад тайлсан юм бэ? Малгайгаа огт авч болохгүй гэж та өөрөө бидэнд
захисан шүү дээ,” хэмээн Маргарет хэлэв.
“Би
малгайгаа өмссөн нь дээр байх.”
“Ноён
Вилсон, нүүр тань час улаан болчхож. Та өөрөө ч анзаарсан байлгүй,” гэж бүсгүй
өгүүлээд дахин түүн рүү харж инээмсэглэлээ.
“Архи
уухаар тэгж байгаа юм,” хэмээн Вилсон хариулав.
“Үгүй
л болов уу. Фрэнсис ч их уудаг, гэхдээ нүүр нь огт улайдаггүй.”
Макомбер
хөгжилтэй наргиан хэлэхийг хичээн, “Өнөөдөр улайсан шүү,” хэмээтэл,
Маргарет,
“Үгүй. Өнөөдөр миний нүүр улайсан. Харин ноён Вилсоны царай хэзээд улайдаг,”
гэлээ.
“Төрөлхийнх
байх. Хүсвэл, миний гоо сайхны тухай яриагаа энд дуусгая,” хэмээн Вилсон
өгүүлэв.
“Би
дөнгөж ярьж эхэлсэн шүү дээ.”
Вилсон,
“Ярианыхаа сэдвийг өөрчилье,” хэмээлээ.
“Танай
ярих их хэцүү юм.”
“Маргот,
утгагүй юм ярихаа болиоч,” хэмээн нөхөр нь яриан дундуур орж ирлээ.
“Надтай
ярихад юун хэцүү байх вэ дээ. Тун сайхан арслан байсан шүү.”
Маргот
хоёр эр лүү харц чулуудахад, юу юугүй нулимс асгаруулах гэж буйг нь эрчүүд
ойлгожээ. Вилсон үүнийг аль түрүүнд анзаараад, бүсгүй учиргүй уйлаад эхлэх вий
гэж дотроо түгшсэн аж. Харин Макомбер эхнэрийнхээ уйлахаас айж эмээхээ аль
хэдийн больсон байв.
Бүсгүй,
“Ийм үйл явдал болох ч гэж дээ. Энэ бүхэн огт болоогүй байсан ч болоосой,” гэж
хэлээд, босож майхныг чиглэн явлаа. Уйлж байгаа нь дуулдахгүй ч нарны гэрэл үл
нэвтрүүлэх цайвар ягаан өнгийн цамцных нь цаана мөр нь чичгэнэн хөдөлж буйг
хоёр эр анзаарчээ.
Вилсон,
өндөр нуруутай эрд хандан, “Хүүхнүүд амархан гунигладаг. Тэвнийн чинээ юмыг
тэмээн чинээ болгодог. Дэмий юманд сүржигнэдэг улс шүү,” гэлээ.
Макомбер,
“Үгүй дээ, би энэ явдлыг насан туршдаа мартахгүй байх,” хэмээв.
“Утгагүй
юм. За алив, аварга биет алуурчны төлөө уугаад, энэ болсныг мартъя. Тэгээд ч
сүртэй хэрэг биш.”
“За
яах вэ, мартах гээд үзье. Гэхдээ өнөөдөр амийг минь аварсныг чинь би хэзээ ч
мартахгүй.”
“Сүртэй
хэрэг биш дээ. Дэмий утгагүй юм.”
Үйлчлэгчид
үдийн хоолны ширээ засах зуур, тэд ч шүхэр мэт нэлхгэр мөчиртэй хуайс модны
сүүдэрт суугаад нимбэгтэй хүйтэн ундаагаа ууж байв. Ард нь том бул чулуутай
хавцал дүнхийж, голын эрэг хөвөө хүртэл ногоон зүлэг үргэлжилнэ. Тэд харц
тулгарахаас зайлсхийж байлаа. Гэтэл Макомберын хувийн зарц нь эзэн рүүгээ нь
сониучирхангуй харц чулуудаж буйг Вилсон анзаараад, зарц үйлчлэгч нар болсон
үйл явдлыг дуулсан гэдгийг ойлгон, хөвгүүнийг свахили хэлээр зандрав. Залуу
хөвгүүн царай нь барайсаар нүүр буруулан эргэн харлаа.
“Чи
түүнд юу гэж хэлсэн бэ?” хэмээн Макомбер асуув.
“Сүртэй
юм биш ээ. Хурдан хөдлөхгүй бол гөвшинө шүү гэж айлгасан юм.”
“Юу
гэсэн үг вэ, ташуурдана гэж үү?”
“Одоо
тэднийг зодох хориотой. Зодохын оронд мөнгөөр торгох ёстой юм байх.”
“Чи
тэднийг одоо хэр ташуурддаг хэрэг үү?”
“Ташуурдана.
Тэд гомдол мэдүүлэх юм бол сүртэй хэрэг дэгдэнэ. Гэхдээ л тэд гомдоллодоггүй.
Мөнгөөр торгуулснаас ташуурдуулсан нь дээр гэцгээдэг.”
“Хачин
юм аа!”
“Угтаа
тийм ч хачин биш ээ. Чи алийг нь сонгох вэ? Торгуулах уу, саваадуулах уу?”
хэмээн Вилсон асуулаа.
Тэгснээ
ингэж асуусандаа санаа нь зовж, Макомберыг хариулахаас өмнө цааш үргэлжлүүлэн
ярив: “Чи мэднэ дээ, бид өдөр бүр ямар нэг байдлаар тоосоо гөвүүлдэг.”
Байдал
бүр ч дордлоо. “Бурхан минь, би ер ярьж чаддаггүй юм байна,” хэмээн Вилсон
бодов.
Макомбер
мөнөөх эрийн царай руу харалгүйгээр, “Тийм ээ, бид байнга тоосоо гөвүүлдэг.
Арслангийн тухайд уучлаарай. Энэ үйл явдлыг цааш нь дэвэргэхгүй биз дээ? Нөгөө
юу, бусад улс олж мэдэхгүй биз дээ?” хэмээлээ.
Вилсон
түүн рүү муухай харан, “Энэ үйл явдлыг Матаига клубт ярих уу гэж үү?” гэв. Тэр
Макомберыг ингэж асууна гэж ер төсөөлөөгүй аж. Бурхан минь гэж, аймхай
хулчгарыг нь яах вэ гэхэд, дээр нь бас хөгийн зантай юм гээч. Өнөөдрийг хүртэл
уг нь түүнд гайгүй таалагдаад байсан, гэхдээ энэ америкчуудын занг ёстой
тааварлах аргагүй шүү гэж бодлоо.
“Үгүй
дээ, би мэргэжлийн анчин хүн. Үйлчлүүлэгчдийнхээ тухай хэзээ ч ярьдаггүй. Энэ
тухайд санаа амар байж болно. Болсон үйл явдлын талаар хүн битгий хэлээрэй гэж
биднээс гуйж байгаа чинь харин зохисгүй хэрэг.”
Одоо
тэднээс салахад хавьгүй амар байх болно гэсэн бодол Вилсоны толгойд орж ирэв.
Үүнээс хойш ганцаараа хооллоно, хоолоо идэнгээ ном уншсан ч болно. Тэд хоёулаа
хооллоно биз. Африкийн хээр талд өнгөрүүлэх үлдсэн хугацаандаа тун албан
байдлаар харилцана. Үүнийг францаар юу гээд байдаг билээ? “Онцгой хүндэтгэлтэй”
гэдэг шүү дээ. Өрөвч нялуун загнаж байснаас энэ нь хавьгүй шулуухан. Макомберыг
доромжлоод, шууд харилцаагаа дуусгая гэж Вилсон бодож байлаа. Магадгүй хоолоо
ганцаараа идэж, номоо уншина, гэхдээ л тэдний вискинээс ууна. Ангийн аялал
тааламжгүй өнгөрөхийг ингэж хэлдэг. Цагаан арьст анчид бие биетэйгээ
тааралдаад, “Ямаршуу байна даа?” гэж асуугаад, “За яах вэ, одоо хэр тэдний
вискинээс ууж л явна,” гэх юм бол, аялал таагүйхэн өнгөрсөн гэсэн үг.
Макомбер
анчин эрийн өөдөөс хижээл насанд хүртлээ хүүхдэрхүү төрхөө гээхгүй америк
царайгаа хандуулан, цэх ширтсээр, “Уучлаарай,” гэхэд, Вилсон цэрэг шиг
богинохон засуулсан үс, жаахан зальжиндуу гэхээс биш сайхан нүд, тэгшхэн хамар,
нимгэн уруул, хэлбэр сайтай эрүүг нь анзаарав. “Би наадхыг чинь мэдсэнгүй.
Надад мэдэхгүй юм бишгүй.”
За
одоо яах вэ, хэмээн Вилсон бодлоо. Харилцаагаа элдэв асуудал үүсгэлгүй даруйхан
эцэслэе гэж байтал, аймхай гуйлгачин чинь саяхан доромжилсон үг хэлчхээд, одоо
уучлал гуйж байх юм. Вилсон дахин нэгэнтээ хичээгээд үзье гэж бодлоо. “Санаа
зоволтгүй. Би чиний тухай ярихгүй. Би ч бас энд амьжиргаагаа залгуулж байна.
Африкт ямар ч эмэгтэй хүн арсланг алдаж буудахгүй, ямар ч эрэгтэй хүн айж
зугтахгүй.”
“Гэтэл
би туулай шиг л зугтсан.”
Одоо
ингэж яриад байгаа хүнийг чинь ер яалтай билээ, хэмээн Вилсон бодов. Пулеметчин
хүний, мөс шиг хүйтэн цэнхэр нүдээр өөдөөс нь ширттэл өнөөх нь хариуд нь чин
сэтгэлээсээ инээмсэглэх аж. Гомдсон гэдэг нь харцаас нь илт хэдий ч сэтгэл
таатай аятайхан инээмсэглэдэг юм байна.
“Зэрлэг
үхэр агнах үед надад энэ алдаагаа залруулах боломж гарах байх. Бид зэрлэг
үхрийн анд явна биз дээ?”
“Хүсвэл,
маргааш өглөө явж болно,” гэж Вилсон хэллээ. Магадгүй тэр Макомберын тухайд
буруу бодсон байх. Ер нь л буруу бодсон байж таарна. Америкчуудын талаар
тодорхой шийдэлд хүрэх ямар ч ярвигтай юм бэ дээ, новш гэж. Тэр дахиад л
Макомберын талд оржээ. Өглөө болсон бүхнийг мартаж чадвал тэр шүү дээ. Гэхдээ
мэдээж хэрэг мартаж чадахгүй. Өглөө угаасаа л золгүй эхэлсэн.
“Мемсахиб[1]
ирж явна,” гэж Вилсон хэллээ. Бүсгүй майхнаасаа гараад тэдэн рүү ирж явна. Гар
нүүрээ угаагаад, сэтгэл санаа нь дээрдээд, тун хөөрхөн харагдаж байв. Төгс
зууван царайтай, гагцхүү усан тэнэг хүүхэн л ийм төгс царайтай байж таарна.
Гэтэл тэр ер тэнэг биш. Үгүй ээ, огтхон ч тэнэг биш, гэж Вилсон бодов.
“Гоо
үзэсгэлэн төгөлдөр улаан царайт ноён Вилсон, сонин юутай байна даа? Фрэнсис,
хонгор минь, сэтгэл санаа чинь дээрдсэн үү?”
“Тийм
ээ, хавьгүй дээрдсэн,” хэмээн Макомбер хариуллаа.
“Би
болсон бүхнийг мартсан,” гэсээр бүсгүй ширээнд суув. “Фрэнсис, арслан буудахдаа
муу байна уу, сайн байна уу, хэнд хамаатай юм бэ? Энэ чинь түүний хийдэг ажил
биш. Харин ноён Вилсоны ажил. Ноён Вилсон ямар ч амьтныг агнаж чадна. Та ямар ч
амьтан байсан агнадаг байх, тийм үү?”
“Тийм
ээ, бүгдийг агнадаг.” Энэ хүүхнүүд хорвоогийн хамгийн чулуун зүрхтэй хүмүүс
шүү, хэмээн Вилсон бодлоо. Хамгаас чулуун зүрхтэй, хамгаас хэрцгий, хамгаас
ангууч, хамгаас дур татам. Тэднийг хүйтэн хэрцгий загнахад нь эрчүүд өмнө нь
ямар ч сэтгэлийн хатгүй болж үлбийж сулбайгаад, хэдэн хэсэг тарж бутардаг.
Эсвэл хүүхнүүд бүр анхнаасаа л хурууныхаа үзүүрээр хөдөлгөчих тийм эрчүүдийг
өөртөө сонгодог юм болов уу? Гэвч гэрлэх үедээ хүүхнүүд эрчүүдийг төдийлөн сайн
мэддэггүй шүү дээ, гэж Вилсон бодлоо. Америк хүүхнүүдийн талаар гүн гүнзгий
мэдлэгтэйдээ баярлах сэтгэл төрөв. Учир нь энэ бүсгүй гарцаагүй дур булаам юм.
“Бид
маргааш өглөө зэрлэг үхэр агнана,” хэмээн Вилсон бүсгүйд хандан хэллээ.
“Би
хамт явна шүү.”
“Үгүй,
та явахгүй.”
“Явалгүй
яах вэ. Фрэнсис, би явж болно биз дээ?”
“Эндээ
үлдсэн нь дээргүй юү?”
“Яагаад
ч үгүй. Өнөөдрийнх шиг үйл явдлаас хоцормооргүй байна.”
Бүсгүйг
түрүүнд уйлахаар явж одоход, Вилсон түүнийг тун гайхалтай, сайхан сэтгэлтэй
хүүхэн юм гэж бодож билээ. Бүгдийг ойлгож, ухаарч, нөхрийгөө, өөрийгөө өрөвдөж,
алив бүхний учир утгыг андуурахгүй сайн ойлгож байгаа юм шиг сэтгэгдэл
төрүүлсэн сэн. Гэтэл яваад хорин минут болоод эргэж ирэхдээ мөнөөх америк
хүүхний хэрцгий зангаараа өөрийгөө өвч тоноглочихсон байлаа. Тэд бол дэлхийн
хамгийн хэрцгий хүүхнүүд. Үнэхээр хэрцгий.
“Бид
маргааш чамд зориулж өөр үзүүлбэр үзүүлнэ ээ,” гэж Фрэнсис Макомбер хэллээ.
“Та
нээрэн явж болохгүй,” гэж Вилсон өгүүлэв.
“Үгүй,
та андуурч байна. Би таныг дахиад үзүүлбэрээ үзүүлэхийг хармаар байна. Та өнөө
өглөө тун гайхалтай байсан. Амьтны толгойг юу ч үгүй бут үсэргэхийг гайхалтай
гэж хэлж болох бол тэр шүү дээ,” хэмээн бүсгүй Вилсонд хандаж хэллээ.
“Хоол
бэлэн,” хэмээн Вилсон урив. “Танд энд тун хөгжилтэй байгаа юм байна, тийм үү?”
“Яагаад
болохгүй гэж. Би энд уйтгарлаж гуниглах гэж ирээгүй.”
“Ямартай
ч одоог хүртэл гунигтай байсангүй,” гэж Вилсон хэллээ. Голын дундах бул чулууд,
ойн цаадтайх өндөр эргийг хараад, Вилсон өглөө болсон явдлыг санав.
“Яалаа
гэж дээ. Харин ч их зугаатай байна. Гэхдээ маргааш... Маргаашийг ямар их тэсэн
ядан хүлээж байгааг минь та таашгүй.”
“Наад
чинь шивэр зээрийн мах,” хэмээн Вилсон хэллээ.
“Туулай
шиг дэгддэг, үхэр шиг том биетэй амьтад мөн үү?”
“За
бараг тэгж хэлж болох байх аа.”
“Сайхан
мах байна,” гэж Макомбер хэлэв.
“Тийм
шүү.”
“Шивэр
зээр аюултай амьтан уу?”
“Өөр
дээр чинь уначихдаггүй л юм бол ямар ч аюулгүй,” гэж Вилсон бүсгүйд тайлбарлав.
“За
ашгүй дээ.”
Макомбер,
“Маргот, өлөгчин шиг загнахаа боливол яаж байна,” хэмээгээд, зээрийн махаа
хэрчин, дээр нь төмсний нухаш, лууван, шөлний сүмс тавьж, сэрээдлээ.
“Чи
ингэж сайхан хэлсэн юм чинь би ёсоор болголгүй яах вэ,” хэмээн эхнэр нь хариу
хэлэв.
“Өнөө
орой бид арслангийн төлөө оргилуун дарс тулгана. Үдийн халуун дарс уухад
зохисгүй,” гэж Вилсон өгүүллээ.
“Өө,
нээрэн тийм, арслан. Би арсланг бүр мартчихаж!” гэж Маргот уулгалав.
Энэ
одоо нөхрөө цаашлуулж ингэж байгаа юм уу, эсвэл худлаа дүр эсгэж байгаа юм уу
хэмээн Роберт Вилсон дотроо бодлоо. Нөхөр нь авах юмгүй хулчгар амьтан гэдгийг
мэдсэн эмэгтэй хүн яаж аягладаг юм бол? Энэ ёстой хэрцгий хүүхэн, гэхдээ
хүүхнүүд бүгд ялгаагүй хэрцгий. Тэд бусдыг захирдаг, бусдыг захирч байгаа хүн
заримдаа хэрцгий загнахаас өөр аргагүй. За ямартай ч, тэдний энэ түгшүүр шаналлаас
би өөрийн хувиа хангалттай хүртлээ.
Ийн
бодоод, бүсгүйд хандан, “Зээрийн махнаас дахиад жаахныг авна уу,” хэмээн
эелдгээр санал болгов.
Үдээс
хойш орой тийшээ Вилсон, Макомбер хоёр буу зөөгч хоёр хүн болон орон нутгийн
жолоочтой цуг машинаар явлаа. Хатагтай Макомбер кэмпэд үлдэв. Гадаа хэтэрхий
халуун байна, маргааш өглөө эрт тэдэнтэй цуг явъя гэж хэлсэн юм санж. Кэмпээс
холдох зуур бүсгүй тэдэн рүү даллаж байгааг Вилсон харлаа. Ягаан туяатай гэмээр
шаргал өнгийн хувцас өмсөж, хар үсээ арагш нь самнаж шилэн хүзүүн дээрээ овоолж
боогоод, том модны доор зогсох бүсгүй сайхан гэхээс илүүтэйгээр онцгой хөөрхөн
харагдана. Яг л Англид байгаа юм шиг царай нь цэвэрхэн, сэргэг. Машин өндөр
өвстэй намгархаг хотгороор нэвт туулж, ойн дундуур мушгирч эргээд, жимсний
буттай дов толгод дундаар орох хүртэл бүсгүй тэдний зүг гар даллав.
Тэд
жимсний бутан төгөлд импала гөрөөсний сүрэгтэй таарч, машинаа орхин, гадагш
тахийсан урт эвэртэй хөгшин эрэгчнийг даган явсаар, Макомбер хоёр зуун ярдын
газраас итгэлтэйхэн буудаж унагахад, сүрэг яг л хүн зүүдэндээ хааяа хардаг шиг
л ер бусын өндөрт дүүлэн хөөрч бие биеийнхээ дээгүүр харайн зугтав.
“Богино
зайнаас сайн буудлаа. Импала зээр ерөнхийдөө жижиг байнд тооцогдоно,” гэж
Вилсон хэллээ.
“Дажгүй
эхэлсэн гэж болох уу?” хэмээн Макомбер асуув.
“Маш
сайн. Чи ингэж буудаад байвал ямар ч асуудал гарахгүй.”
“Бид
маргааш зэрлэг үхэртэй таарах болов уу?”
“Таарах
байх. Үхэр өглөө эрт бэлчээрт гардаг. Модгүй хээр талд таарах магадлал өндөр.”
“Би
нөгөө арслантай холбоотой явдлыг ардаа орхимоор байна,” гэж Макомбер хэллээ.
“Тиймэрхүү
зүйлийг эхнэр чинь харвал тун таагүй байх болно.”
Эхнэр
нь харсан ч бай, хараагүй ч бай, хулчгар загнах эсвэл хулчгар зантай гэдгээ ил
хүлээн зөвшөөрөх нь угаасаа онцгүй хэрэг, гэж Вилсон бодлоо. Гэсэн ч, “Би чиний
оронд байсан бол энэ тухай дахиж бодохгүй, болсон явдлыг мартана. Анх арслантай
таарсан хүн тэгж бүтэлгүйтэх нь байх л үзэгдэл. Одоо тэр бүхэн ард хоцорсон,”
гэж хэлэв.
Гэвч
тэр шөнө бүгд хоолоо идэж, түүдэг галын хажууд виски, хийжүүлсэн устай хольж уусныхаа
дараагаар орондоо орж, Фрэнсис Макомбер ч шумуулын тор татсан орон дээрээ
хэвтээд шөнийн дуу чимээг анирдах үед энэ бүхэн ард хоцроогүй байлаа. Ард
хоцорсон ч гэх, эсвэл дөнгөж эхэлсэн ч гэх аргагүй аж. Болсон үйл явдал хэсэг
бусгаар, арчигдаж баларшгүйгээр эргэн санаанд орж ирж, Макомбер ч нүүрээ хийж
газаргүй аргагүйдэн ичингүйрч байв. Гэхдээ ичгүүрээс илүүтэйгээр бие хүйт даан
зарсхийж, түгшүүртэй айдас төрнө. Өөртөө итгэх итгэл нь түүнийг орхин хулжиж,
үүнээс үүссэн хоосон орон зайд хүйтэн, салшгүй барьцалдаж зунгааралдсан айдас
дүүрээд, дотрыг нь муухайруулна. Одоо ч тэр айдас түүнээс салахгүй дагасаар.
Нэг
хоногийн өмнө шөнө дунд сэрээд, голын эрэг хавиар хаа нэгтээ арслан хүрхэрч
байхыг сонсмогцоо Макомбер айж эхэлжээ. Бүр цаанаас гарах, сөөнгөтүүлэн
ханиалгаад байгаа ч юм уу гэмээр баргил дуу чимээ яг л майхны хаяанаас дуулдах
шиг санагдан Макомбер уг чимээг сонсоод айж түгшсэн аж. Эхнэр нь дуу шуугүйхэн
амьсгалан, бат бөх нойрсоно. Айж буйгаа хэлэх, эсвэл хамтдаа айх хэн ч байхгүй.
Орондоо ганцаар хэвтэх Фрэнсис Макомбер “эрэлхэг зоригтой эр хүн арслангаас
гурвантаа айдаг; эхлээд түүний мөрийг хараад, дараа нь түүний хүрхрэхийг
сонсоод, эцэст нь түүнтэй нүүр тулаад айдаг,” хэмээх сомали ардын үгийг
мэдэхгүй байв. Үүр цүүрээр нар мандахаас өмнө хийн дэнлүүний гэрэлд, хоолны
майханд бүгд хамтдаа өглөөний цайгаа уух зуур, арслан дахин хүрхэрч эхлэхэд,
энэ амьтан ердөө кэмпийн хил зурвас хавьцаа байгааг Фрэнсис ойлгожээ.
Утсан
загас идэж кофе ууж байсан Роберт Вилсон толгойгоо өндийлгөн, “Хөгшин амьтан
бололтой. Ханиалгаж байгааг нь сонсооч,” гэлээ.
“Их
ойрхон байна уу?”
“Голын
дээшээ нэг бээрийн хэртэй.”
“Бид
харах уу?”
“Харна.”
“Хүрхрэх
нь ийм холоос дуулддаг юм уу? Энүүхэнд кэмпэд байгаа юм шиг л сонсогдож байна.”
“Бүр
холоос дуулддаг юм. Хачин юм шүү, ийм холоос дуулддаг. Буудаж болохоор амьтан
байгаа гэж найдъя. Тун том арслан энэ хавиар явдаг гэж хөвгүүд хэлж байсан.”
“Буудлаа
гэхэд хаана нь буудах хэрэгтэй вэ? Зогсоохын тулд?” гэж Макомбер асулаа.
“Мөрөнд
нь. Чадвал хүзүүнд нь буудах хэрэгтэй. Ясанд нь буудвал сайн. Тэгвэл арслан
унаад өгнө.”
“Зөв
газар онилж буудна гэж найдъя,” хэмээн Макомбер хэлэв.
“Чи
сайн бууддаг. Хүлээж буудах хэрэгтэй. Сайн онил. Эхний сум чинь маш чухал.”
“Хэр
холоос буудах вэ?”
“Яг
хэлэх аргагүй. Арслангийн хувьд ойроос буудвал сайн. Сайн онилолгүйгээр буудаж
болохгүй.”
“Зуун
ярдаас буудаж болох уу?”
Вилсон
түүн рүү түргэн харц чулуудав.
“Зуун
ярд болно. Түүнээс ойр байсан ч зүгээр. Зуун ярдаас холоос буудаж болохгүй.
Зуун ярд ер нь зөв зай. Ийм зайнаас хүссэн газраа онилж буудаж болно. Мемсахиб
ирж байна.”
“Өглөөний
мэнд. За арслангийн анд явах уу?” гэж бүсгүй асуулаа.
“Таныг
өглөөний цайгаа ууж дуусахаар,” хэмээн Вилсон хариу хэлэв. “Та ямархуу байна
даа?”
“Маш
сайн. Сэтгэл их догдолж байна,” хэмээн хатагтай хэллээ.
“Замд
юмаа бүрэн бэлдсэн байна уу би очиж шалгая,” гэж хэлээд Вилсон явж одов.
Түүнийг явахтай зэрэгцэн арслан дахин нэгэнтээ хүрхэрлээ.
“Дуу
ихтэй золиг. Бид наад дууг чинь нам болгоод өгнө өө,” гэж Вилсон хэлэв.
“Фрэнсис,
яагаа вэ?” гэж эхнэр нь асуулаа.
“Яагаа
ч үгүй.”
“Үгүй
ээ, нэг юм болсон байна. Чи ямар нэг юманд сэтгэл түгшсэн юм уу?”
“Үгүй.”
“Хэл
л дээ, бие чинь эвгүй байна уу?” гэж эхнэр нь түүн рүү харан асуув.
“Энэ
гайтай хүрхрэх чимээ. Шөнөжингөө хүрхэрсэн.”
“Намайг
яагаад сэрээгээгүй юм бэ? Шөнийн анир чимээгүйд арслан архирах чимээ сонсмоор
байсан юм.”
“Би
энэ гайтай юмыг агнах ёстой,” гэж Макомбер гунигтай өнгөөр өгүүллээ.
“Угаасаа
ийшээ арслан агнах гэж ирээгүй билүү?”
“Тэгсэн.
Гэхдээ сэтгэл минь үймрээд байна. Энэ архирах чимээ сэтгэлийг минь үймрээж
орхилоо.”
“За
тэгвэл, Вилсоны хэлснээр, очоод дууг нь нам болгооч.”
“Тэгэлгүй
яах вэ, хонгор минь. Ер ядах юмгүй юм шиг санагдаж байгаа биз?”
“Чи
арай айгаад байгаа юм биш биз дээ?”
“Юу
гэж айх юм. Гэхдээ шөнөжин архирахыг нь сонсоод сэтгэл тавгүйрхсэн.”
“Чи
арслан ёстой гайхалтай агнана. Би мэдэж байна. Харах сан гэхээс тэсэхгүй нь.”
“Өглөөний
цайгаа уучих, тэгээд бид шууд анд гарна.”
“Үүр
ч цайгаагүй байна. Ийм эрт явах гэж.”
Яг
энэ мөчид арслан архирлаа. Цээжнийх нь хөндийгөөс хүрхрэх чимээ гараад,
хоолойных нь угт чичиргээ болж хувираад, эцэстээ хүнд уухилах чимээгээр дуусав.
“Яг
хажууханд байгаа юм шиг,” гэж Макомберын эхнэр хэллээ.
“Бурхан
минь гэж. Би энэ чимээнд ямар дургүй хүрч байна гээч,” хэмээн Макомбер өгүүлэв.
“Ёстой
сүртэй дуугарах юм аа.”
“Сүртэй.
Аймаар.”
Роберт
Вилсон гайхмаар лунжгар гол төмөртэй, магнум 0.505 сумтай богинохон, үзэмжгүй
муухай буу барьсаар жуумалзмаар ирэв.
“Алив,
хөдөлье. Чиний Спрингфилдийг, том буутай цуг буу зөөгч чинь авчирна. Бүх юмаа
машинд ачсан. Сумаа авсан уу?”
“Авсан.”
“Би
бэлэн,” гэж хатагтай Макомбер хэлэв.
“Энэ
чимээ шуугианыг даръя. Чи урд суу. Мемсахиб бид хоёр ард сууя.”
Үүрийн
саарал туяа тусах зуур тэд машиндаа суугаад, ой модон дундуур гол руу хөдөллөө.
Макомбер ангийн бууныхаа замгийг нээн, металл хонгиотой сумнуудыг хараад,
буугаа аюулгүй сойж түгжив. Гар нь чичирч байгааг анзаарчээ. Халаас руугаа
гараа явуулан, дайзаа тэмтэрч шалгаад, хүрмийнхээ урд гогцоо дахь дайзыг ч мөн
тэмтрэв. Хаалгагүй, дөрвөлжин машины арын суудалд эхнэртэй нь сууж буй Вилсон
руу харц чулуудтал тэд хоёул хөөрч догдлон мушилзаж байлаа. Вилсон урагш
бөхийн, “Шувууд доошилж байгааг харав уу? Манай хөгшин эр ангаа орхиод явсан
гэсэн үг,” хэмээн шивнэв.
Голын
эргийн цаад үзүүрт, ой моддын дээгүүр тас шувууд тэнгэрт эргэлдэн нисээд доош
шунган буулдаж буйг Макомбер харлаа.
“Унтахаасаа
өмнө энд ганцаараа ирж ус уух байх. Нүдээ нээгээд сайн хараарай,” гэж Вилсон
шивнэв.
Тэд
бул чулуугаар дүүрсэн голын савнаас огцом өгсөн тасарсан өндөр эргийг даган
аажуухан явж байлаа. Машин дээш сүндэрлэх моддын дундуур орж гаран мушгирна.
Вилсоны гараас нь атгахыг мэдрэх үедээ Макомбер эсрэг талын эргийг ажиглаж
явжээ. Машин зогсчхов.
“За
тэр байна. Өмнө, баруун гар талд. Очоод бууд. Ёстой янзын арслан байна,” хэмээн
Вилсоны шивнэх дуулдлаа.
Макомбер
арсланг харжээ. Бараг илхэн гарч зогсоод, бахдам толгойгоо эргүүлэн, тэдэн рүү
харж байв. Хар бараан өнгийн дэл зогдор нь өглөөний салхинд тэдний зүг зөөлөн
хийснэ. Өглөөний саарал гэрэлд голын эрэг дээр зогсох өргөн мөр, толигор том
биетэй арслан яг л аварга амьтан шиг харагдах аж.
Макомбер
ангийн буугаа өргөн, “Хэр зайтай байна?” хэмээн асуулаа.
“Далан
тав орчим ярд. Алив очоод бууд.”
“Эндээсээ
буудаж болохгүй юм уу?”
“Машинаас
буудаж яаж болдог юм. Алив буу. Арслан өдөржингөө зогсоод хүлээнэ гэж байхгүй
шүү,” гэж Вилсоны хэлэх дуулдав.
Макомбер
урд хаалганы хагас дугуйрсан онгорхой дээгүүр давж шатан дээр гишгэн доош газар
буулаа. Арслангийн сүүдэртсэн бараан дүр төрхөөс нь зөвхөн нүд нь ялгарч,
түүний өөдөөс харан, яг л аварга хирс шиг дүнхийн хосгүй гайхалтай харагдана.
Хүний үнэр огт аваагүй арслан гайхамшигтай толгойгоо хоёр тийш нь ялимгүй
хөдөлгөн хачин дүрс рүү харна. Ус уухаар доош буухаасаа өмнө мөнөөх дүрсийг ер
айлгүй, эргэлзэн ширтэв. Гэнэтхэн түүний өөдөөс ирж буй дүрс хүн болохыг анзаармагцаа,
ус уухаа больж, том толгойгоо цааш эргүүллээ. Нуугдах санаатай ой модны зүг
гүйх зуураа, чих дөжрүүлэм тасхийх чимээг сонсоод, сум хажуу бөөр лүү нь
зоогдохыг мэдэрч, гэнэтхэн гэдэс нь халуу шатаж дотор нь муухайрав. Далд орж
нуугдах санаатай өндөр өвсөн дундуур ой модны зүг шархадсан, дүүрэн хоолтой
гэдсээ савласаар, хүнд хөлөө зөөж ядан шогших аядлаа. Дахин тасхийх чимээ гарч,
сум исгэрч, доод хавиргыг нь оноод, дотогш цөмөрч, аманд нь халуун цус
олгойдож, өндөр өвсөн дундуур, нуугдаж отох газар луу зугтав. Тэнд өвсний дунд
нуугдаж, тэрхүү тасхийн тэсэрсэн зүйл хажууд нь ирэхийг хүлээнэ. Дараа нь тэр
зүйлийг барьсан хүн рүү дайрч, түүнийг хөнөөнө.
Макомбер
машинаас буухдаа арслан юу мэдрэхийг огтхон ч бодоогүй байв. Гагцхүү машинаас
холдоход гар нь чичирч, хөл нь арай ядан урагш алхаж байгааг анзаарч байлаа.
Гуя нь хөшиж, булчин нь чичирнэ. Тэр буугаа өргөөд, арслангийн толгой, мөр лүү
онилж, гохыг дарав. Гэвч юу ч болсонгүй. Дахин гохыг дарж, хуруугаа хугалах
шахам дарсан ч буу тэсэрсэнгүй. Тэгэхтэй нь зэрэг бууныхаа аюулгүйн сойлтыг
тайлаагүй гэдгээ ойлголоо. Буугаа доош буулгаад аюулгүйн түгжээг тайлж, арай
ядан урагш хэд алхлав. Арслан түүнийг анзаараад, цааш эргэн шогшиж эхэлжээ.
Макомбер энэ удаад гохыг дарж буудахад, түсхийх чимээ сонсогдож, сум байндаа
туссан нь тодорхой болов. Гэвч арслан цааш шогшсоор байлаа. Макомбер дахин
нэгэнтээ буудаж, сум шогшиж буй арслангийн цаана шороо бургиулан газар хий
тусахыг хүн бүр харав. Макомбер буугаа доогуур онилох хэрэгтэй гэдгийг санан
дахин нэг удаад буудахад, сум байндаа тусахыг бүгд сонсжээ. Түүнд дахиж буудах
завдал өгөлгүйгээр арслан том харайлган үсэрч өндөр өвсний дундуур орчихлоо.
Макомбрын
дотор муухайран, спрингфилдээ барьсан гар нь чичирч байв. Эхнэр нь Роберт
Вилсонтой цуг хажууд нь зогсоно. Вилсоны хажууд буу зөөдөг хоёр эр зогсоод
вакамба хэлээр хоорондоо ярилцана.
“Би
арсланг оносон. Хоёр удаа онож буудсан,” хэмээн Макомбер хэллээ.
“Тийм
ээ, чи арсланг гэдсэнд нь, бас арай ардхан нь оносон,” гэж Вилсон урамгүйхэн
хэлэв. Буу зөөгчид царайгаа барайлган, дуугаа хураажээ.
“Чи
арсланг алсан ч байж магадгүй. Жаахан хүлээж байгаад олж мэдье,” гэж Вилсон
хэллээ.
“Наад
чинь юу гэсэн үг вэ?”
“Муужирч
унахаар нь хойноос нь мөрийг нь мөшгөе.”
Макомбер,
“Аан,” гэлээ.
“Ёстой
сайхан амьтан байсан шүү. Гэхдээ эвгүй газар нуугдсан,” хэмээн Вилсон баяр
хөөртэйгөөр хэлэв.
“Яагаад
онцгүй гэж?”
“Дэргэд
нь очих хүртлээ олж харах аргагүй тийм газар нуугдсан.”
“Аан.”
“За
алив, мемсахиб, машиндаа хүлээг. Хоёулаа цусны мөрийг харъя.”
“Маргот,
машиндаа үлд,” гэж Макомбер эхнэртээ хэллээ. Ам нь хатаж, үг хэлэхэд хэцүү байх
аж.
“Яагаад?”
“Вилсон
тэгж тушааж байна.”
“Бид
хоёр очиж арсланг харна. Та эндээ үлд. Эндээс илүү тод харагдана,” гэж Вилсон
тайлбарлалаа.
“За
за.”
Вилсон
жолоочид свахили хэлээр юу ч юм хэлэхэд, нөгөөх нь, “За, бвана[2],”
хэмээн хариулав.
Хоёул
хамтдаа голын огцом эргээр доош бууж, хад цохионуудыг тойрохыг нь тойрч,
давахыг нь давж, нөгөө эрэг лүү гаран, урт өвснүүдийг яаран харсаар Макомберын
анх арсланг буудаж, арслан цааш шогшсон тэрхүү газрыг оллоо. Буу зөөгчид
газраас урт өвсний ишээр богино өвсөн дээрх бараан өнгийн цусан толбыг заав.
Цусан толбо цааш үргэлжилсээр моддын дундуур оржээ.
“За
одоо яах вэ?” гэж Макомбер асуулаа.
“Ямар
ч арга алга. Машинаар тийшээ хүрэх боломжгүй. Эрэг дэндүү огцом. Муужирч унахыг
нь хүлээх хэрэгтэй. Дараа нь хоёулаа хамтаа явж хайя.”
“Өвсийг
галдаж болохгүй юм уу?”
“Өвс
ногооноороо байна.”
“Хөвгүүдийг
явуулж болохгүй юм уу?”
Вилсон,
Макомбер луу гайхангуй харав. “Мэдээж бололгүй яах вэ. Гэхдээ энэ тэднийг үхэл
рүү нь илгээснээс ялгаагүй болохгүй юү? Арслан шархадсан гэдгийг бид мэднэ.
Шархгүй, эрүүл арсланг машинаар хөөж болно —арслан дуу чимээ сонсоод шууд
зугтана— харин шархтай арслан шууд дайрдаг. Чи одоо харна аа. Доош нугдайгаад
яг л туулай шиг огт хөдлөлгүй хэвтдэг. Ийм үзүүштэй юманд хөвгүүдийг явуулж
таарахгүй. Явуулчихвал, аль нэг нь арсланд уруулж тасчуулна.”
“Тэгвэл
буу зөөгчид?”
“Тэд
бидэнтэй цуг явна. Энэ тэдний шаури[3].
Тэгэх гэж л ажилд авсан шүү дээ. Гэхдээ тэд ажилдаа тийм ч дуртай биш байгаа
биз?”
“Би
тийшээ явмааргүй байна,” гэж Макомбр хэллээ. Ийм үг өөрийн эрхгүй амнаас нь
уначихжээ.
“Би
ч гэсэн явмааргүй байна. Гэхдээ бидэнд сонголт байхгүй,” гэж Вилсон
хөгжилтэйгөөр өгүүлэв. Тэрхэн зуур эргэцүүлэн, Макомбер луу хараад, царай нь
барайж, өрөвдөлтэй төрхтэй болсныг нь анзаарлаа.
“Мэдээж
хэрэг, чи тийшээ очих хэрэггүй. Энэ ажлын тулд намайг хөлсөлсөн. Тэгээд л би
ийм өндөр үнэ хөлстэй байгаа юм.”
“Тэгээд
чи тийшээ ганцаараа явах юм уу? Арсланг зүгээр тэнд нь орхичхож болохгүй гэж
үү?”
Арслантай
холбоотой аливаа асуудлыг шийддэг, өнөөг хүртэл Макомберын тухайд жаахан
түгшүүртэй хүн юм даа гэхээс өөр юу ч бодоогүй Роберт Вилсонд, гэнэтхэн зочид
буудалд буруу өрөөний хаалга нээгээд, шившигтэй юм харчихсан мэт санагджээ.
“Юу
гэсэн үг вэ?”
“Зүгээр
тэнд нь орхичхож болохгүй гэж үү?”
“Арслан
ер шархдаагүй юм шиг дүр эсгэнэ гэж үү?”
“Үгүй,
зүгээр энэ бүхнийг мартъя.”
“Гэхдээ
тэгээд дуусчихгүй.”
“Яагаад
дуусахгүй гэж?”
“Юун
түрүүнд, арслан зовж байгаа нь тодорхой. Түүнээс гадна, өөр хүн арслантай
таарчхаж магад.”
“За
ойлголоо.”
“Гэхдээ
чи очих хэрэггүй.”
“Би
очмоор байна. Гэхдээ айгаад байна,” гэж Макомбер хэллээ.
“Өвсөн
дунд орохоороо би урд гараад Конгонигоор мөр хөөлгөн дөхье. Чи ард минь ойрхон
яв. Архирах чимээ нь сонсогдох байх. Харахаараа хоёулаа зэрэг буудна. Ер санаа
зовох хэрэггүй. Би чамайг хамгаална. Үнэндээ, чи тийшээ яваагүй нь дээр байх.
Ер нь яваагүй нь дээр. Чи машинд мемсахибтай цуг хүлээж байвал ямар вэ? Би
өөрөө очоод учрыг нь олчхоод ирье.”
“Үгүй
ээ, би чамтай хамт явъя.”
“За
за. Гэхдээ явмааргүй байвал заавал явах гэсний хэрэггүй. Энэ чинь миний шаури
шүү дээ.”
“Би
явмаар байна.”
Тэд
модны доор суугаад тамхиллаа.
“Намайг
энд хүлээх зуур, мемсахиб дээр очиж ярилцах юм уу?” гэж Вилсон асуулаа.
“Үгүй.”
“Би
тэгвэл би очоод, тэвчээртэй хүлээ гэж хэлчхээд ирье.”
Макомбер,
“Тэг тэг,” хэмээв. Суга нь хөлөрч, ам нь хатаж, дотор нь хоосон оргиж Вилсонд
өөрийг нь орхин ганцаараа явж арсланг цааш харуул гэж хэлэх зүрх зоригтой ч
болоосой гэж бодож байлаа. Вилсон жигтэй их уурлаж цухалдсаныг Макомбер мэдсэнгүй.
Тэр анчин эрийг эхнэр лүүгээ явуулсан учир ямархуу төлөв байдалтай байгааг нь
анзаараагүй аж. Макомберыг модны доор суух зуур Вилсон эргэж ирлээ. “Том бууг
чинь авчирлаа. Май. Бид арсланд хангалттай хугацаа өгсөн байх. За алив.”
Макомбер
том бууг авахад, Вилсон, “Миний ард, баруун гар талд таван ярдын зайтай яв. Яг
хэлснийг минь хийнэ шүү,” хэмээснээ аль байдгаараа урвайж барайсан буу зөөгчдөд
хандан, свахили хэлээр ярилаа. “За явъя.”
“Ус
ууж болох уу?” хэмээн Макомбер асуув. Вилсон усны дашмаг бүснээсээ зүүсэн буу
зөөгч өвгөнтэй ярьж, нөгөөх нь дашмагаа бүснээсээ булталж, тагийг нь эргүүлж
аваад, Макомберт өгөхөд, тэрээр дашмагийг аваад ямар хүнд болохыг нь, гартаа
барьсан эсгий бүрээс нь чанар муутай, хөсрий эд болохыг харлаа. Макомбер
дашмагийг уруулдаа хүргээд, усаа уулгүйгээр, урд нь сунах өндөр өвс, цаадтайх
хавтгай оройтой модод руу харц шидэв. Салхи тэдэн рүү үлээж, өвс салхинд зөөлөн
найгах ажээ. Макомбер буу зөөгч рүү хараад, түүний ч бас айж түгшиж буйг
ойлгов.
Гучин
таван ярдын зайтай өндөр өвсний дунд нуугдсан арслан яг л газар наалдсан мэт
байх аж. Чихээ хулмайгаад, эргэн тойрноо чагнана. Урт хар үстэй сүүлээ л зөөлөн
дээш доош хөдөлгөнө. Өвсний дунд нуугдмагцаа хамгаалалтын байрлалд шилжжээ.
Дүүрэн хоолтой гэдэснийх нь шарх тавгүйтүүлж, уушгиных нь шарх хүч тамирыг нь
барж, амьсгал авах бүрд завжийг нь даган хөөстэй улаан цус сахарч, хөлсөндөө
норсон хажуу хавирга нь халуу шатаж байлаа. Төмөр сумын ухаа шаргал арьсыг нь
цоолсон нүхэнд ялаа шумуул шавж, том шар нүдэнд нь атаа хорсол дүүрсээр урагш
харж байв. Амьсгал авах тоолон тэсэшгүй өвдөж нүдээ анивчин, савраа наран
ээгдсэн зөөлөн хөрсөнд шитгэжээ. Сүүлчийн бүх өвдөлт, үзэн ядалт, хүчээ гэнэт
үсэрч дайрахад төвлөрүүлж байлаа. Эрчүүдийн зогсоод ярилцаж, хүлээж буйг
сонсон, тэднийг өвсөн дунд орж ирмэгц хамаг хүчээрээ дайрахаар бэлдэв. Тэдний
дууг сонсмогцоо сүүлээ чангалан дээш доош хөдөлгөөд, эрчүүдийг өвсний захад
ирмэгц нь архираад ухасхийн дайрлаа.
Буу
зөөгч Конгони өвгөн өвсөн дээр цусан толбыг мөшгөн бусдыг хошуучлан явах зуур,
Вилсон өвсөн дундах өчүүхэн төдий чичиргээг ч алдахгүйг хичээн, тос буугаа
бэлэн барьж, хоёр дахь буу зөөгч холыг ажиглангаа, эргэн тойрныг чих тавин
чагнаж, Макомбер ч буугаа буудахад бэлэн барьж, Вилсоноос хэдэн алхмын ард ахиж
байв. Гэнэтхэн цусандаа хахсан арслангийн амьсгаа боогдов уу гэмээр чимээ
Макомберт дуулдаж, өвсөн дунд нэг зүйл цахилгаан цахих адил түргэн зурсхийж
харагдмагц, мань эр даруй эргээд, учиргүй айж балмагдан, галзуу солиотой мэт
голын зүг задгай талбайгаар уулгалан зугтах нь тэр.
Вилсоны
том бууны тас-няс! гэх чимээ сонсогдож, дахин нэгэнтээ тас няс! хэмээн тасхийх
чимээ гарахад, эргэн харвал, өнөө гайхалтай сүрлэг арслан толгойны хагас нь бут
үсэрсэн ч гэлээ өвсний зах дахь Вилсон руу мөлхөн тун аймшигтай харагдаж байв.
Ув улаан нүүртэй эр бүснээсээ сум авч буугаа дахин дүүргээд, овоо харааг нь
арслан руу анхааралтай чиглүүлж дахин нэгэнтээ тас няс! гэх чимээ сонсогдоод,
арслангийн алгуур мөлхөж асан нүсэр хүнд жинтэй шар бие хөдөлгөөнгүй хөшөөд,
бут үсэрсэн том толгой нь урагш гулслаа. Макомбер ойн цоорхойд гүйж гараад,
дүүрэн сумтай буугаад мөрлөөд ганцаар зогсож байв. Хоёр хар арьст, нэг цагаан
арьст эр түүн рүү зэвүүцэнгүй харна. Макомбер арслан үхсэн гэдгийг мэдээд,
Вилсон руу ирэв. Өндөр нуруутай бие нь тэр чигтээ ямар ч халхавчгүй ичгүүр
шившиг мэт санагдана. Вилсон түүн рүү хараад ийн өгүүллээ:
“Зургийг
нь дармаар байна уу?”
“Үгүй.”
Машинд
хүрэн хүртлээ хэн ч ам нээсэнгүй. Харин машиныхаа дэргэд ирээд Вилсон:
“Мундаг
сүрлэг арслан юм аа. Хөвгүүд арьсыг нь өвчинө. Сүүдэрт тэднийг хүлээе,” хэмээн
санал болгов.
Вилсон
машины урд суудалд суух зуур Макомбер арын суудалд эхнэрийн хажууд суухад,
эхнэр нөхөр хоёр бие бие рүүгээ огт харсангүй. Макомбер эхнэр лүүгээ
харалгүйгээр гарыг нь атгасан ч эхнэр нь гараа угз татжээ. Буу зөөгчдийн
арслангийн арьсыг өвчиж буй голын зүг хараад Макомбер эхнэр нь болсон үйл
явдлыг эндээс нэгд нэггүй харсныг ухаарав. Бүгд хамтдаа машинд сууж байтал
эхнэр нь урагш сунаад, Вилсон мөр дээр гараа тавилаа. Вилсоныг эргэж харахад,
бүсгүй урагш тонгойн түүнийг уруул дээр нь үнсэв.
“Хэрэггүй
дээ,” хэмээн угийн наранд түлэгдсэн царай нь улам улайх Вилсон хэллээ.
“Ноён
Роберт Вилсон, үзэсгэлэнт улаан царайт ноён Вилсон,” гэж бүсгүй хэлэв.
Дараа
нь бүсгүй арагш Макомберын хажууд суудалдаа эргэж суугаад голын нөгөө эрэгт хэвтэх
арслан руу харлаа. Буу зөөгчид эхлээд арслангийн булчин шөрмөстэй, хүчтэй урд
хөлийг нь, дараа нь тарган цагаан гэдсийг нь өвчжээ. Эцэст нь буу зөөгчид
арслангийн нойтон хүнд арьсыг нь авчирч, хуйлаад машинд сууснаар, удалгүй машин
хөдлөв. Кэмпэд иртлээ хэн ч ам нээсэнгүй.
Арслангийн
түүх гэвэл ердөө энэ. Ангийн бууны том сум хурдтай шунгинан амыг нь онож, хоёр
дахь сум дөрвөн мөчийг нь ямар ч тэнхээгүй болгосны дараа түүнийг ийнхүү
сүйрүүлсэн тэсэрч дэлбэрдэг, аймшигтай хүчтэй зүйл рүү мөлхсөөр ирж, эцсийн
удаа довтлохоосоо өмнө болон дайрч довтлох үедээ арслан юу бодсоныг Макомбер
мэдэхгүй. Арслан юу бодсоныг бага ч атугай гадарлах Вилсон, “Сүрлэг амьтан
байсан шүү,” хэмээн юу бодсоноо илэрхийлжээ. Гэвч Макомбер, Вилсоны энэ бүхний
тухайд юу бодсоныг ч мэдэхгүй байлаа. Өөртэй нь харилцаагаа төгсгөснөөс нь
бусдаар эхнэрийнхээ юу бодож байгаа ч Макомбер мэдсэнгүй.
Эхнэр нь өмнө түүнтэй харьцахаа больж байсан ч
удаан тэсээгүй. Макомбер маш баян, цаашдаа бүр ч баяжна, эхнэр нь түүнийг тийм
амархан хаяж явахгүйг тэр мэднэ. Энэ түүний сайн мэдэх цөөн зүйлийн нэг.
Макомбер энэ тухайд, мотоциклууд —хамгийн анхных нь—, машинууд, нугасны ан,
загасчлах, хулд загас, яргай загас, задгай тэнгисийн тухайд, номд, маш олон,
бүр дэндүү олон номд дурдсан секс, заалны спорт, нохойны тухайд (морины тухай
мэдэхгүй) мэдлэгтэй, түүнчлэн мөнгөө хэрхэн үрэгдүүлэхгүй байхыг ч мэднэ,
хорвоо ертөнцөд өөрийн сонирхдог зарим нэг зүйлийг ерөнхийдөө гадарлана, харин
эхнэр нь яагаад ч түүнээс салж явахгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Эхнэр нь
туйлын царайлаг хүүхэн, Африкт байхдаа ч туйлын царайлаг хэвээр, гэхдээ өөрийн
улс орондоо нөхрөөсөө салаад, илүү дээр нөхөр олохуйц царайлаг биш, үүнийгээ
тэр өөрөө ч, нөхөр нь ч мэднэ. Эхнэр нь түүнийг хаяж явах боломжоо алдсан,
үүнийг нөхөр нь мэднэ. Нөхөр нь эмэгтэйчүүдтэй учир зүйгээ илүү сайн ололцдог
сон бол өөрөөс нь салаад илүү хөөрхөн, шинэ эхнэр авч чадах хэдий ч Маргот
нөхрөө тун сайн таньдаг учир үүнд санаа зовох нь ч илүүц ажээ. Дэндүү их хор
хөнөөл учруулдгийг нь эс тооцох юм бол, нөхрийнх нь хэтэрхий хүлээцтэй зан нь
түүний хамгийн сайн онцлог шинж юм.
Товчхондоо,
тэднийг салах гэж байна гэсэн хэзээ ч биелээгүй өч төчнөөн цуу яриа, хов жив
хэчнээн тархсан ч, тэр хоёр хүмүүсийн бодохоор тун боломжийн аз жаргалтай хос
байв. Хүн бүр тэдэнд атаархдаг, харин тэднийг Мартин Жонсоныхны[4]
хөгшин Симба арслан, зэрлэг үхэр, Тембо зааны хойноос мөшгөхөөс гадна Байгалийн
түүхийн музейд зориулж дээж цуглуулан дэлгэцээр олонтоо үзүүлэх хүртэл
хүмүүсийн “Тас хар Африк” гэж зүрхшээдэг асан Африкийн хээр талд адал явдал
хайн хайр дурлалаа улам бэхжүүлэх гэж байна хэмээн дээдсийн хүрээнийхний хов
живийг бичдэг сэтгүүлчдийн нэг нь бичжээ. Сонинд өөрийн гэсэн булантай мөн
сэтгүүлч тэдний тухайд урьд өмнө гурван ч удаа юу юугүй салах гэж байна хэмээн
бичсэн билээ. Тэд үнэхээр л салах дөхсөн ч эвлэрч нийлсэн юм. Тэдний гэрлэлт
бат бэх суурьтай. Макомберын хувьд Маргот салахын аргагүй үзэсгэлэнтэй,
Марготын хувьд Макомбер хаяж явахын аргагүй их мөнгөтэй.
Шөнийн
гурван цаг болж байв. Арслангийн тухай бодож эргэцүүлэхээ болимогцоо дуг
нойрссон Макомбер шөнө гэнэтхэн сэрээд эргэж унтсан ч толгой нь цусанд
хутгалдсан арслан дээр нь гарчихсан эгц өөдөөс нь харж байна гэж хар дарж
зүүдлэн сэрч, хэнхдэг цээжиндээ савлан цохилох зүрхээ чагнан хэсэг хэвтсэнийхээ
дараа эхнэр нь майхан дахь нөгөө оронд байхгүйг анзаарчээ. Тэр эхнэрээ хоёр
цагийн турш сэрүүн хэвтэж хүлээв.
Эхнэр
нь хоёр цагийн дараа майхандаа ирээд, шумуулын тороо дээг өргөн, орондоо
тухтайхан шургаллаа.
“Чи
хаачаад ирэв?” хэмээн Макомбер харанхуйд асуув.
“Сайн
уу? Чи сэрүүн байгаа юм уу?”
“Чи
хаачаад ирэв?”
“Гарч
жаахан амьсгал авсан юм.”
“Мөн
тэгсэн байх даа.”
“Чи
надаар юу гэж хэлүүлэх гээд байгаа юм бэ, хонгор минь?”
“Чи
хаачаад ирэв?”
“Агаар
амьсгалаад ирлээ.”
“Одоо
ингэж хэлдэг болоо юу. Чи ч өлөгчин юм даа.”
“Харин
чи бол аймхай хулчгар.”
“Тийм
ээ, хулчгар. Тэгээд юу гэж?”
“Надад
бол ямар ч хамаагүй. Хонгор минь, одоо энэ яриагаа больё. Нойр хүрээд байна.”
“Намайг
бүх зүйлийг тэвчээд өнгөрүүлнэ гэж чи бодож байгаа бололтой.”
“Тийм
ээ, хонгор минь, тэвчээд өнгөрүүлэхийг чинь би мэднэ.”
“Гэхдээ
би тэвчээд өнгөрүүлэхгүй.”
“Хонгор
минь, одоо энэ яриагаа больё. Нойр хүрээд байна.”
“Ийм
зүйл дахиж болохгүй гэсэн яалаа? Чи надад амласан биз дээ?”
“Гэвч
одоо яая гэх вэ дээ, болоод өнгөрчихлөө,” хэмээн бүсгүй хөгжилтэй өнгөөр
хэллээ.
“Энэ
аялалд хамтдаа явбал дахин өөр хүнтэй сээтгэнэхгүй гэж чи хэлсэн. Чи амласан.”
“Тэгсэн,
хонгор минь. Би өөрөө ч тэгж бодож байсан юм. Гэвч аялал маань өчигдөр сүйрсэн,
дууссан. Хоёулаа энэ тухай ярилцах хэрэггүй байх, тийм биз?”
“Жаахан
боломж гармагц л хүлээж тэвчмээргүй болж байгаа биз, тийм үү?”
“За
одоо больё. Үнэхээр нойр хүрээд байна, хонгор минь.”
“Би
болихгүй.”
“Хүссэнээрээ
бол, харин би унтлаа.” Ингэж хэлээд бүсгүй унтчихав.
Маргааш
өглөө нь үүр цайхаас өмнө гурвуул нэг ширээнд суугаад өглөөний цайгаа ууж байх
зуур Фрэнсис Макомбер үзэн яддаг бүх эрчүүд дундаасаа Роберт Вилсоныг хамгийн
ихээр үзэн яддагаа ойлгожээ.
Вилсон
гаансаа дүүргэнгээ баргил бүдүүн хоолойгоор, “Сайхан унтав уу?” хэмээн асуулаа.
“Харин
чи?”
“Маш
сайхан,” хэмээн цагаан арьст анчин хариулав.
Муу
новш, ичгүүргүй бүдүүлэг новш, хэмээн Макомбер дотроо бодлоо.
Эхнэр
нөхөр хоёрыг нүд гүйлгэн хараад, “Тэгэхээр хүүхэн майхан руугаа буцахдаа нөхрөө
сэрээчихсэн хэрэг,” хэмээн Вилсон бодов. “Гэхдээ тэр өөрөө эхнэрээ байх ёстой
газар нь яагаад байлгаж чаддаггүй хэрэг вэ? Намайг хэн гэж бодоо вэ? Би ямар
новшийн гэгээнтэн юм уу? Энэ түүний өөрийнх нь буруу.”
“Өнөөдөр
зэрлэг үхэр тааралдах болов уу?” хэмээн Маргот чангаанзтай хоолыг өөрөө
зайлуулан түлхэнгээ асуулаа.
“Таарах
байх. Чи кэмпдээ үлдэж яагаад болохгүй гэж?” гэж Вилсон түүн рүү инээмсэглэн
харж асуув.
“Яагаад
ч үгүй.”
“Чи
яагаад түүнд кэмпдээ үлд гэж хэлэхгүй байгаа юм бэ?” хэмээн Вилсон Макомбероос
асуухад,
“Чи
өөрөө хэл,” хэмээн Макомбер хүйтэн өнгөөр хариулав.
“Хэн
ч юу ч хэлэх хэрэггүй,” гэж Маргот хэлээд, нөхөртөө хандан, хөгжилтэй өнгөөр,
“Фрэнсис, тэнэгтэхээ боль,” хэмээлээ.
“Замд
гарахад бэлэн үү?” хэмээн Макомберыг асуухад,
“Бэлэн.
Мемсахибыг үнэхээр авч явмаар байгаа юм уу?” хэмээн Вилсон хэлэв.
“Угаасаа
миний хэлснээр болох юм шиг байна уу?”
За
яршиг, там руугаа тонилог, гэж Роберт Вилсон бодлоо. Бүгд там руугаа томилог.
Одоо ингээд толхилцоод байх юм байна л даа. За яавал чиг яаг, дураараа болог.
“За
яасан ч яах вэ,” гэж Вилсон хэлэв.
“Чи
түүнтэй цуг кэмпэд үлдээд, би ганцаараа явж зэрлэг үхэр авлах юм биш үү?”
хэмээн Макомбер асуулаа.
“Тэгж
болохгүй. Би чиний оронд байсан бол ийм тэнэг юм хэзээ ч ярихгүй.”
“Би
тэнэг юм яриагүй. Зүгээр зэвүү хүрч байна.”
“Зэвүү
хүрэх гэж арай л хэтрүүллээ.”
“Фрэнсис,
тэнэгтэхээ болиод жаахан эрүүл ухаантай байж болох нь уу?” гэж Маргот хэлэв.
“Би
эрүүл ухаантай байна. Ийм заваан хоол чи ер идэж байсан уу?” гэж Макомбер
хэллээ.
“Хоол
онцгүй байна уу?” гэж Вилсон шивнэх шахам дуугаар асуухад,
“Ёстой
авах юм алга.”
“Гоншигнуур
амьтан минь, орилохоо боль. Энд зогсож байгаа эр англиар жаахан ойлгодог,” гэж
Вилсон зөөлөн дуугаар хэлэв.
“Там
руугаа тонилог.”
Вилсон
босож, гаансаа баагиулан холдоод, тэнд зогсоод хүлээж буй хар арьст буу
зөөгчдийн дэргэд очин, свахили хэлээр ярив. Эхнэртэйгээ цуг ширээнд хоёул
үлдсэн Макомбер аягатай кофе руугаа харна.
“Чамайг
сүржигнээд орилж хашхичаад эхэлбэл би чамайг хаяна шүү, хонгор минь,” хэмээн
Маргот шивнэлээ.
“Үгүй,
чи тэгж чадахгүй.”
“Харж
л бай.”
“Чи
намайг хаяж явахгүй.”
“Би
явахгүй. Чи ч аятайхан бай.”
“Аятайхан
байх аа? Мөн ярив аа? Аятайхан байх юм гэнэ.”
“Тийм
ээ, аятайхан бай.”
“Чи
өөрөө аятайхан байвал яаж байна?”
“Би
өдийг хүртэл аль байдгаараа л хичээлээ. Их удаан хичээсэн.”
“Би
тэр улаан царайт гахайг чинь үзэн ядаж байна. Харахаас дургүй хүрч байна,” гэж
Макомбер өгүүллээ.
“Тэр
уг нь их сайн хүн.”
“За
больчхоорой,” гэж Макомбер бараг хашхирав. Яг энэ мөчид машин ирж, хоолны
майхны өмнө зогсож, хоёр буу зөөгч жолоочийн хамтаар машинаас буулаа. Вилсон
ширээнд суусан эхнэр нөхөр хоёр луу харав.
Макомбер
“Анд явах уу?” гэж асуугаад суудлаасаа бослоо.
“Явна.”
“Ноосон
цамцаа авчир. Машинд сэрүүхэн байх болно,” гэж Вилсон хэлэв.
“Би
савхин хүрмээ авна,” гэж Маргот хэллээ.
“Хүү
хүрмийг чинь авсан,” гэж Вилсон бүсгүйд хэлээд, жолоочтой цуг машины урд хэсэгт
суухад, Фрэнсис Макомбер эхнэрийн хамтаар арын суудалд чимээгүйхэн суужээ.
“Энэ
тэнэг гуйлгачин арай ар дагзнаас буудчих юм биш биз. Сафарид
эмэгтэйчүүд ёстой гай болно доо,” гэж Вилсон бодов.
Үүрийн саарал
туяанд голын хайргатай гармаар хөндлөн гараад, огцом
өгсүүр эргээр дээр өгсөж, Вилсоны нэг хоногийн өмнө хүрзээр малтуулж гаргасан
замаар холын ой модтой цэцэрлэгт хүрээлэн гэмээр газар луу явлаа.
Ямар сайхан
өглөө вэ, гэж Вилсон бодлоо. Өтгөн шүүдэр татсан агаад машины дугуй
намхан бут, өвсөн дээгүүр өнгөрөхөд, няцарсан
мөчрийн анхилам үнэр хамар цоргино. Хил хязгааргүй цэцэрлэгт
хүрээлэнг санагдуулам талбайг бүрхсэн өтгөн манангийн дундаас хар өнгөтэй их
бие нь харагдах моддын дундуур урагш ахих зуур ташуур өвстэй
төстэй энэ үнэр, мөн үүрийн шүүдрийн үнэр түүнд таатай
сэтгэгдэл төрүүлж байлаа. Арын суудалд суусан эхнэр нөхөр хоёрыг санаанаасаа
авч хаяад, одоо зөвхөн зэрлэг үхрийн талаар бодож байв. Өдрийн цагт намгархаг
газарт нуугдаж, шөнө задгай бэлчээрт идээшилдэг зэрлэг үхрийн мөрийг тэд
мөшгөнө. Намгархаг газар, мод өвсгүй талбайд таарах аваас
Макомбер ядах юмгүй унагаж дөнгөнө. Харин өндөр өвсөн дундуур Макомбертой
зэрлэг үхэр хөөх хүсэл түүнд алга. Гэвч тэр бол мэргэжлийн анчин, урьд өмнө
Макомберынхноос ч хачин жигтэй хүмүүстэй анд явж байсан. Зэрлэг үхрээ өнөөдөр
буудчих юм бол, цаана нь зөвхөн хирсийн ан л үлдэнэ. Хөөрхий эр
аюултай адал явдлууд дундаас нэр цэвэр гарчих юм бол гэр бүлийн амьдрал нь бага
ч болов дээрдэх биз. Вилсон бүсгүйд дахиж ойртохгүй, Макомбер ч магадгүй
мөнөөх явдлыг мартана байх. Гэхдээ тэр эхнэрийнхээ
удаа дараагийн иймэрхүү шалиг явдалд хэдийн дассан бололтой санагдсан. Хөөрхий
амьтан. Араараа тавиулснаа яаж ийгээд мартах арга чаргаа олсон биз. За, ер нь
бол иймэрхүү таагүй явдлуудыг эхлүүлээд байгаа хүн нь мань нөхөр өөрөө шүү дээ.
Хэзээ аз
дайрахыг мэдэхгүй учир Вилсон Африкийн хээр талын анд хоёр хүний
зөөврийн ороо авч явдаг. Хамт анд гардаг үйлчлүүлэгчдийн ихэнх нь
эрч хүчтэй амьдралд дуртай, олон улсын дээдсийн хүрээллийн гишүүд байдаг. Хүүхнүүд нь
эрчүүдээсээ дутахгүйгээр өөрийн хувиа хүртэх гэсэн мэт цагаан арьст эртэй ор
дэрээ хуваалцах гэцгээдэг. Вилсон ганцаараа байхдаа бол
тийм хүүхнүүдийг огт үздэггүй, гэхдээ зарим нь хамт байхад тааламжтай сэтгэгдэл
төрүүлдэг. Ер нь ч тэгээд тэдний ачаар л мөнгө олж байгаа шүү
дээ, тэд түүнийг хөлсөлж байгаа цагт тэдний дүрмийг дагахаас яалтай.
Ан агнахаас
бусад бүх зүйлд тэдний дүрэм хэрэгжинэ. Харин ан авын тухайд Вилсон өөрийн
гэсэн дүрэм журамтай; үйлгүүлэгчдээсээ ч энэ дүрэмд нь захирагдахыг шаардана,
дургүй бол өөр анчин хөлслөх хэрэгтэй. Энэ Макомбер ер хачин эр юм аа. Тийм ээ, нэг л
хачин. Бас эхнэр нь. Тийм ээ, эхнэр нь. Эхнэр нь ээ гэж. За
Вилсон тэр бүхнийг ардаа орхисон шүү дээ. Тэрээр эргэж гэр бүлийн хоёр луу
харлаа. Макомбер уурлаж бухимдаад царай нь хүрлийжээ. Маргот анчин
эр лүү харж мушилзав. Бүсгүй өнөөдөр мэргэжлийн гэмээр гоо
үзэсгэлэнтэй байхаа болиод илүү гэнэн хонгор, залуу, цэвэр цэмцгэр харагдана. Юу бодож
байгааг нь бурхан л мэдэх биз, хэмээн Вилсон бодлоо. Өчигдөр
шөнө бүсгүй бараг яриагүй. Төдийлөн ам нээгээгүй нь Вилсонд
таалагджээ.
Машин огцом
эргээр өгсөн, ой дундуур өнгөрч, эргэн тойрон моддоор
хүрээлэгдсэн өргөн нуга хөндий гэмээр тал газар гарч ирлээ. Жолооч ойн
захын замаар алгуурхан урагшлах зуур Вилсон өргөн талын алс холын
хаяа руу анхааралтай харж явав. Тэр машиныг зогсоогоод, холын
дурангаа авч задгай тал газрыг харлаа. Дараа нь жолоочид хандан цаашаа яв
хэмээн дохиж, машин урагш алгуур ахиж, жолооч шоргоолж үүрлэсэн
шаварт цайз, зэрлэг бодонгийн нүхийг тойрон явав. Хээр тал тийш
хараа бэлчээж явсан Вилсон гэнэтхэн,
“Бурхан минь,
тэр хараач!” хэмээлээ.
Заасан зүг рүү
нь харсан жолооч хурдаа нэмэхэд, Вилсон сандарсаар свахили хэлээр
жолоочид хандан юу ч юм хэлэв. Макомбер холд буй жинтэй том биетэй, цилиндр шиг төрхтэй
хар амьтдыг харлаа. Хар өнгөтэй
том танк шиг зэрлэг үхрүүд хөндийн нөгөө зах руу дүүлэх мэт цогьж байв. Толгойгоо огт
хөдөлгөлгүй урагш шургуулан цогих зуур том хар эвэр
нь хараа булаана.
“Гурван хөгшин
бух. Намагт хүрэхээс өмнө урдуур нь орж замыг нь хаах
хэрэгтэй,” гэж Вилсон хэллээ.
Цагт дөчин таван
милийн хурдтай урагшлах машин амьтдад ойртоход, тэд холоос харагдсанаасаа ч том
болохыг Макомбер анзаарч, жигдхэн хурдаар
урд нь гүйх хоёр үхрийн ард арай хойнохон нөгөөдүүлээсээ хоцрохгүйг хичээх, үсгүй нүцгэн саарал биетэй өвгөн бухын сэрвээн
дээгүүр харагдах том толгой, гялгар хар эврийг нь ойроос харав; гэнэтхэн
машин жижиг гүвгэр дээгүүр давах мэт хоёр тийш холбилзож, зугтах бух руу улам
бүр дөхөхтэй зэрэгцэн урагш үсрэх аварга том бие, үсгүй арьсыг нь бүрсэн тоос,
өргөн эвэр, урт нүүрэн дэх хамрын том нүх тодорч, Макомбер
буугаа мөрлөж зэхэхэд, “Мангар амьтан, машинаас
яаж буудаж болдог юм!” гэж Вилсон бархирсан ч Макомберт түүнээс
огт айхгүй харин ердөө л үзэн ядаж байх зуур, жолооч тоормосоо гишгэмэгц
машин дайвганан урагш гулгаад, зогсож амжилгүй Вилсон нэг талаас буухад,
Макомбер нөгөө талаас нь үсэрч буугаад, багахан бүдэрсхийгээд, цогиулсаар
буй зэрлэг үхэр лүү буудаж, сумны хөгшин бухын биед зоогдох
чимээг сонсож, буун дахь бүх сумаараа зугтахыг завдан
буй амьтан руу ар араас нь шүршээд, шилэн хүзүү, мөр лүү нь онилох учиртайг
эцэст нь нэг санамагцаа дайзаа халааснаасаа гарган буугаа дахин цэнэглэх зуураа
мөнөөх бух газар шурган ухахыг харлаа. Хөгшин бух ланжгар толгойгоор
хоёр тийш хаялж, өвдөг сөхөрч унах зуур Макомбер нөгөө хоёр бух одоо хэр
зугтсаар буйг анзаараад, энэ удаад урд тэргүүлж яваа бухыг чиглүүлэн буудаад онов. Дахин нэгэнтээ
буудаад, энэ удаад алдсан ч Вилсоныг буудахтай зэрэгцэн тасхийх чимээ гарч, бух хамраараа
газар хатган уналаа.
“Нөгөөхийг нь бууд. Чи
одоо л сайн буудаж байна!” гэж Вилсон хашхирав.
Гэвч нөгөө бух
урьдынхаараа хурдтай цогьсоор, Макомбер буудсан ч газар сум газар тоос бургиулан тусаж,
Вилсон ч мөн алдаж буудсанаар их тоос манарч, цагаан арьст анчин эр, “Энэ бух арай
л хол байна!” хэмээн бархираад, Макомберын гараас атгаж, хоёул машиндаа буцаж
очиж суугаад, хоёул машины хоёр талаас зүүгдсэнээр жолооч
машинаа асааж, энхэл донхолтой замаар хоёр тийш савласаар аль байдгаараа
харайлгаж буй бухын араас хөөлөө.
Буханд нэлээд
дөхөж, Макомбер буугаа цэнэглэнгээ сумнуудаасаа заримыг нь газар
унагаж, зарим сумаа тээглүүлээд, тээглэсэн сумаа засаж байх зуур зэрлэг үхэрт
гар хүрэхээр ойртож ирээд, Вилсон, “Зогс!” хэмээн хашхирч,
жолооч огцом тоормосолсноор машин годройтож онхолдонгоо
алдаад, Макомбер урагш унаад, хурдтай зугтаж буй хар
өнгийн хондлойг чиглүүлэн нэгэнтээ гохоо дараад, дахин
нэг, дахин нэг буудаж, сумнууд бүгд оносон бух ер юу ч
болоогүй мэт цогиулсаар байв. Ингэхтэй зэрэг Вилсон буудаж,
буун дуу хэнгэрэг хагалам тасхийж, бух ч бүдрэхийг Макомбер
хараад, дахин нэгэнтээ болгоомжтой онилон буудаж, доош газар өндөглөн суулаа.
Вилсон, “За болчихлоо.
Сайхан цэвэр ажиллалаа. Гурвуулыг нь буудсан,”
хэмээв.
Макомбер баяр
хөөрт автан мансуурах мэт болжээ.
“Чи хэдэн удаа
буудсан бэ?” гэж Вилсоноос асуулаа.
“Гурван удаа. Эхнийхийг нь
чи буудсан. Хамгийн томыг нь. Нөгөө хоёрыг нь буудахад би чамд тусалсан.
Зугтаад өвсөн дунд нуугдчих байх гэж айсан юм. Чи бүгдийг нь буудсан. Би ердөө чамд
ажлаа дуусгахад тусалсан. Чи сайн буудлаа.”
“Алив машин
руугаа буцъя. Юм уумаар байна,” гэж Макомбер
хэлэв.
“Эхлээд зэрлэг
үхрээ зүйл дуусга,” гэж Вилсон хэллээ. Тэднийг өөдөөс нь дөхөх зуур
өвдөг дээрээ өндийсөн зэрлэг үхэр толгойгоо ууртайгаар сэжилж, ёолон
дуугарч байв.
“Болгоомжтой,
босоод ирэх вий. Жаахан хажуу тийшээ бол, яг чихнийх нь угаар шилэн хүзүү рүү
онил,” гэж Вилсон зөвлөлөө.
Макомбер
зантгар толгойгоо хүчтэй хоёр тийш сэжилж, гашуудалтай мөөрөх үхрийн шилэн
хүзүү рүү анхааралтай онилж, гохоо дарлаа. Ганц буудмагц л үхрийн толгой урагш нугдайн
унав.
“За болчихлоо.
Яг нурууг нь онолоо. Үнэхээр сүр бараатай амьтад байгаа биз?” гэж Вилсон
хэллээ.
“За явж виски
ууцгаая,” гэж Макомбер хэлэв. Тэр амьдралдаа
хэзээ ч ийм жаргалтай байсангүй.
Макомберын
эхнэр машинд царай нь хувхай цайсан байдалтай сууна. “Хонгор минь, чи гайхалтай
байлаа. Аймшигтай хөөлөө шүү,” гэж тэр нөхөртөө
хандан хэллээ.
“Онцгүй байсан
гэж үү?” хэмээн Вилсон асуухад,
“Ёстой аймаар.
Амьдралдаа ингэж сүнсээ зайлтал айж байсангүй,” хэмээн бүсгүй хариулав.
“Алив, бүгдээрээ виски ууцгаая,” гэж Макомбер
хэллээ.
“Тэгэлгүй яах
вэ. Эхлээд Мемсахиб ууг,” хэмээн
Вилсон өгүүлэв. Бүсгүй дашмагаас цэвэр викси балгаад, залгих үедээ багахан
чичрэв. Дараа нь Макомберт дамжуулахад, тэр мөн Вилсонд
өглөө.
“Аймшигтай хэр
нь
сэтгэл догдолмоор байлаа. Толгой аймаар өвдлөө. Гэхдээ
машинаас буудаж болдоггүй гэж би ер мэдээгүй юм байна,” хэмээн бүсгүй хэлэв.
“Хэн ч
машинаас бууддаггүй,” гэж Вилсон хүйтэн өнгөөр хариу өгүүллээ.
“Гэхдээ
машинаар хөөж болдог юм байна.”
“Заавал тэгэх
албагүй. Би энэ удаад машинаар хөөх нь зөв гэж бодсон юм. Хаа сайгүй
элдэв амьтны үүр үлийтэй хээр талаар
машинаар явах нэг өөр, явганаар мөр мөшгөх нэг өөр. Биднийг буудах
бүрд зэрлэг үхэр улангасан дайрч болох байсан. Бид ч тийм боломж багагүй өгсөн.
Гэхдээ энэ тухай хэнд ч ярихгүй. Яг үнэндээ энэ бүхэн хууль бус.”
“Хөөрхийлөлтэй
амьтдыг машинаар хөөх нь надад бол ер шударга бус санагдлаа.”
“Тийм үү?”
“Найробид энэ
тухай сонсвол яах бол?”
“Ангийн
зөвшөөрлийг минь хураана. Түүнээс гадна, өөр онцгүй зүйл
гэвэл, би ажилгүй болно,” гэж хэлээд Вилсон дашмагаасаа дахин нэгэнтээ балгав.
“Нээрэн үү?”
“За, тэр одоо
чиний эсрэг ашиглах юмтай боллоо доо,” хэмээн Макомбер өнөөдөр анх удаагаа
инээмсэглэн хэлэв.
Маргот
Макомбер, “Фрэнсис, чи мөн ч эелдэг
хэлэх юм аа,” гэлээ. Вилсон эхнэр нөхөр хоёр луу харав. “Ийм илэн
далангүй яриатай нөхөр, өөрөөсөө дутахгүй бурдаг хүүхэнтэй суувал,
эдний хүүхэд ямархуу амьтан байх бол?” гэж бодсон ч,
ердөө л “Буу зөөгчдийн
нэгийг алдчихлаа, та хоёр анзаарав уу?” хэмээлээ.
“Бурхан минь
гэж, анзаарсангүй,” хэмээн Макомбер хариулав.
“Аан тэр ирж
явна. Зүгээр бололтой. Анхны бухыг орхиж явах үед машинаас уначихсан байх,” гэж
Вилсон хэллээ.
Нэхмэл малгай,
саарал цамц, шорт, хаймар сандаал өмссөн хичээл насны
эр дургүйцэж бухимдсан янзтай дүнсгэр царайлан, хазганасаар
дөхөж яваа харагдана. Тэдэн дээр ирмэгцээ Вилсонд хандан свахили хэлээр
нэг юм хэлэхэд, цагаан арьст анчны царай хувьсхийн өөрчлөгдөхийг бүгд
анзаарчээ.
“Юу гэж
байна?” хэмээн Маргот асуув.
“Анхны бух
босоод, бутан дундуур орсон гэнэ,” хэмээн Вилсон дууны өнгөө огт хувиргалгүй
хэллээ.
“Ээ
халаг,”
хэмээн Макомбер гунигтай дуугарав.
“Тэгэхээр
нөгөө арслан шиг юм болох нь ээ,” хэмээн Маргот догдлон уулга
алдлаа.
“Тэр новшийн
арслан шиг болно гэж юу байдаг юм. Макомбер, чи дахиад нэг татах юм уу?” хэмээн
Вилсон хэлэв.
“Баярлалаа,
нэг татчихъя,” гэж Макомбер харуиллаа. Арслан агнах үеийнхтэй адилхан
мэдрэмж төрөх байх гэж хүлээсэн ч тэгсэнгүй. Амьдралдаа анх удаа ямар ч айдас
хүйдэс мэдрэхгүй байлаа. Айдсын оронд гарцаагүй баяр хөөр дотор нь булгилах аж.
“Очиж хоёр
дахь бухыг харъя. Машинаа сүүдэрт тавь гэж жолоочид хэлээдэхье,” гэж Вилсон
хэллээ.
“Та тэгээд яах
гэж байна даа?” хэмээн Маргот асуув.
“Очиж зэрлэг
үхрийг ойроос харна,” хэмээн Вилсон хариуллаа.
“Би хамт
явъя.”
“Тэг тэг.”
Тэд гурвуул хамтдаа
хоёр дахь бухын аварга том эвэртэй толгойгоо өвсөн
дээгүүр гүлдийлгээд задгай талбайд нүднээ илхэн
хэвтэж буй газарт очлоо.
“Ланжгар том
толгойтой юм. Тавин инч хавьцаа байгаа байх,” гэж Вилсон өгүүлэв.
Макомбер түүн
рүү баяр хөөртэй харж байх аж.
“Аймшигтай
харагдаж байна. Бүгдээрээ сүүдэрт очиж болохгүй юү?” гэж Маргот хэллээ.
“Мэдээж
хэрэг,” хэмээн Вилсон хариулаад, Макомберт хандан, “Хар даа, тэр хэсэг бутыг
харж байна уу?” гэж асуув.
“Харж байна.”
“Эхний бух тэр
бутнуудын завсраар орсон юм гэнэ. Машинаас унахад
нь бух тэнд хэвтэж байсан гэж буу зөөгч хэлсэн.
Тэгээд бидний нөгөө хоёр бухыг хөөж байхыг ажиглаж байгаад эргээд нөгөө бух
руугаа хартал босчихсон өөдөөс нь хараад зогсож байж. Түүнийг хар
хурдаараа харайлгахад бух ч аажуухан бутан дундуур ороод алга болсон гэнэ.”
“Бид одоо
араас нь мөшгөж болох уу?” хэмээн Макомбер урам зоригтой асуулаа.
Вилсон түүн
рүү сайшаасан янзтай харав. Энэ нээрэн ёстой учир нь ойлгогдохгүй хүн юм аа,
гэсэн бодол толгойд нь гялсхийлээ. Өчигдөрхөн л үхтлээ айгаад, хулчийж
үхэх гээд байсан одоо гал түймэр лүү ч үсэрч ороход бэлэн болчихсон байх юм.
“Үгүй
болохгүй, хэсэг хүлээзнэх хэрэгтэй.”
“За тэгвэл
сүүдэрт очицгооё,” хэмээн Маргот хэллээ. Царай нь амьгүй мэт цонхийн цайж,
өвчин туссан мэт харагдана.
Хөндий нугын
өнчин ганц модны доор зогссон машин руугаа бүгд хамтдаа очиж, машиндаа орж
сууцгаав.
“Одоо хэдийн
үхчихсэн байж мэднэ. Жаахан хүлээзнээд очиж харъя,” хэмээн Вилсон тайлбарлалаа.
Макомбер урьд
өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй учир шалтгаангүй баяр хөөрөөр бялхаж байв.
“Бурхан минь
гэж, зэрлэг үхрийг ямар гайхалтай хөөв өө. Урьд нь ийм зүйл огт мэдэрч
байсангүй. Маргот, ёстой янзын байсан биз дээ, тийм ээ?” хэмээн түүнийг
хэлэхэд,
“Би бол үзэн
ядсан,” хэмээн эхнэр нь хариуллаа.
“Яагаад?”
“Зүгээр л үзэн
ядсан. Зэвүүцмээр санагдсан,” гэж Маргот хүйтэн өнгөөр хэлэв.
Макомбер Вилсон руу хараад ярьж эхэллээ. “Одоо үүнээс
хойш би юунаас ч айхгүй. Зэрлэг үхрийг хараад хойноос нь хөөж эхлэхтэй зэрэг
би өөрчлөгдсөн. Дотор минь үерийн далан сэтрэх шиг л
болсон. Одоо сэтгэлд минь догдлол хөөрлөөс өөр юу ч алга.”
“Дотор чинь
цэвэрлэгдсэн юм байна. Хүмүүст иймэрхүү хөгжилтэй юм болдог шүү,” хэмээн Вилсон
хариуллаа.
Макомберын
царай гэрэлтэй байв. “Надад үнэхээр онцгой зүйл тохиолдлоо. Би яг өөр хүн
болчихсон юм шиг санагдаж байна.”
Эхнэр нь нөхөр
лүүгээ хачин хараад, огт ам нээсэнгүй. Хатагтай Макомбер машины арын суудал
булан рүү шигдэж суужээ. Макомбер урагш
тонгойгоод, урд суудалд суугаад эргэн харж яриаг нь чагнах Вилсонтой ярьж байлаа.
“Юу гээч, би
дахиад арслангийн анд гармаар байна. Арслангаас ер айхгүй байна. Ер нь арслан
намайг ер яавал гэж дээ?”
“Тийм шүү. Их
л бодож цааш харуулна биз. Юу гэдэг билээ? Шекспирийн хэлсэн үг байдаг даа. Их
дажгүй үг. За би санах гээд үзье, чадах нь уу, үгүй юү. Ёстой дажгүй үг. Би
урьд нь эшилж хэлдэг байсан юм. За тэгэхээр. ‘Надад итгэ, би ер огтхон ч
тоохгүй; хүн ердөө ганц л удаа үхнэ; бид бурханд үхлийн өртэй, энэ жил эсвэл
дараа жил үхлээ гэхэд ер юуны ялгаа.’[5]
Сайхан хэлсэн байгаа юм шүү, тийм ээ?” гэж Вилсон хэлэв.
Олон
жилийн турш бодож амьдарсан бодлоо ийнхүү илчилсэндээ туйлгүй ичсэн хэдий ч
насанд хүрч ухаажиж буй хүмүүсийг хараад хэзээ ямагт сэтгэл нь хөдөлж биеэ
барьж чаддаггүй байлаа. Гучин нэгний төрсөн өдрөөрөө ухаажиж хэрсүүжсэн ч бай
хамаагүй.
Ан
авын үеэрх гэнэтийн тохиол, урьдаас сэтгэл зовж түгших боломжгүй огцом өрнөл
Макомберыг гэнэтхэн ухаажихад хүргэсэн агаад энэ бүхэн хэрхэн өрнөсөн нь ер
хамаагүй, хамгийн гол нь тэр гэнэт ухаарсан уу, энэ л чухал байв. Одоо энэ
золигийг хар даа, хэмээн Вилсон бодлоо. Зарим хүн дэндүү удаан хугацаанд
хүүхдээрээ байдаг. Зарим нь бүр насан туршдаа хүүхэд хэвээрээ. Тэр бүү хэл бие
махбод нь ч тавь хүрсэн хэр нь залуу хөвгүүнийх шиг. Нас нь талийсан хөвгүүн
хэвээрээ үлдсэн америк эрчүүд. Ёстой учир нь олдохгүй жигтэй хүмүүс шүү. Гэхдээ
одоо Макомбер түүнд таалагдаж байв. Мөн ч хачин эр дээ. Одоо тэр араараа
тавиулахаа ч болих биз. Тэгвэл мөн сайн юм болно. Мөн ч сайн. Золиг насан
туршдаа айж амьдарсан биз. Чухам юунаас болсон юм бүү мэд, ямартаа ч тэр айдас
хүйдэс ард хоцорсон. Бухаас айх завдал болоогүй. Уурлах ч боломж гараагүй.
Машины нөлөө ч бас байгаа биз. Одоо гал залгисан юм шиг л болж. Дайнд ч бас
иймэрхүү зүйл болохыг тэр харсан. Дайнд айдсаа мартах нь, эмэгтэй хүнтэй унтаж
үзсэний дараа айдсаа мартахаас ч илүү магадлалтай. Мэс заслаар, хутгаар зүсээд
авчихсан юм шиг л айдасгүй болно. Оронд нь өөр зүйл ургаж төлжинө. Эр хүнд
байдаг чухал зүйл. Түүнийг эр хүн болгосон зүйл. Эмэгтэйчүүд ч үүнийг мэднэ.
Новшийн айдас огт үгүй болсон.
Маргарет
Макомбер хоёр мань эрийг анхааралтай ажиглаж байв. Вилсонд өөрчлөгдсөн зүйл огт
алга, урьдын хэвээрээ. Нэг хоногийн өмнө хараа чухам ямар авьяастай хүн бэ
гэдгийг нь ойлгосон тэр л Вилсон хэвээрээ. Харин Фрэнсис Макомбер өөрчлөгджээ.
“Удахгүй
болох гэж буй үйл явдлын тухайд аз жаргал мэдрэх ямар байдгийг чи мэдэх үү?”
хэмээн Макомбер өөрийн шинээр олж авсан чадвараа сонжсон хэвээр асуулаа.
“Чи
үүнийг дурдах хэрэггүй,” хэмээн Вилсон түүнтэй ярих эрийн царай руу эгц харан
хэлэв. “Айж байна гэж хэлсэн нь хавьгүй дээр. Чи цаашдаа цөөнгүй удаа айна
шүү.”
“Чи
болох гэж байгаа үйл явдлын тухайд аз жаргал мэдэрдэг биз дээ?”
“Мэдэрдэг.
Гэхдээ энэ тухай их ярих хэрэггүй. Одоо энэ тухай ярихаа больё. Аливаа зүйлийг
дэндүү олон давтахаар зугаатай байхаа больчихдог,” гэж Вилсон хэлэв.
“
Та хоёр ёстой хөгийн юм ярих юм. Ямар ч хүчгүй хөөрхий амьтдыг машинаар
хөөчихөөрөө өөрсдийгөө баатар гэж бодоод байгаа юм уу, хаашаа юм,” гэж Маргот
дундуур орж ирлээ.
“Уучлаарай,
би жаахан онгирчихлоо,” гэж Вилсон хэллээ. Бүсгүй хэдийн санаа зовоод эхэлжээ,
гэсэн бодол толгойд нь орж иржээ.
“Бидний
юун тухай ярьж байгааг мэдэхгүй бол чимээгүй байвал яаж байна?” хэмээн Макомбер
эхнэртээ хэлэв.
“Чи
гэнэтхэн жигтэйхэн зориг зүрхтэй, эрэлхэг амьтан болж хувираа шив,” хэмээн
эхнэр нь үзэн ядсан өнгөөр хэлсэн ч яриа нь нэг л өөртэй итгэлгүй сонсогдож
байлаа. Юунаас ч юм айж зүрхшээгээд байх шиг.
Макомбер чин сэтгэлээсээ инээд алдан, “Юу
үнэн, тэр үнэн. Би үнэхээр зүрх зоригтой болсон,” гэж хариу хэлэв.
“Гэхдээ
арай оройтсон юм биш үү?” гэж Маргот зэвүүцэнгүй өгүүллээ. Учир нь энэ олон
жилийн туршид тэр чадах чинээгээрээ хичээсэн, одоо ингээд хамтдаа байгаагийн
бурууг тэр ганцаараа үүрэх учиргүй.
“Миний
хувьд оройтоогүй,” гэж Макомбер хэлэв.
Маргот
юу ч дуугарсангүй, суудлынхаа буланд шигдлээ.
“Бид
бухыг хангалттай хүлээсэн байлгүй дээ, тийм үү?” хэмээн Макомбер хөгжилтэй
дуугаар Вилсоноос асуув.
“Алив
очиж харъя. Запаас сум үлдсэн үү?”
“Буу
зөөгчид байгаа.”
Вилсон
свахили хэлээр дуудахад, бухын толгой өвчиж асан дунд эргэм насны буу зөөгч
босоод, халааснаасаа хайрцагтай сум гаргаж Макомберт өгөхөд, Макомбер бууны
хүхээгээ дүүргэж, үлдсэн сумаа халааслав.
“Хүсвэл
Спрингфилдээр буудсан ч болно. Чи одоо хэрэглэж дадсан. Маннлихерээ мемсахибтай
цуг машиндаа орхиё. Хүнд бууг чинь буу зөөгч авч явна. Би энэ гайтай үхэр
буугаа авна. За, би зэрлэг үхрийн талаар ярья,” гэж Вилсон хэллээ. Макомберыг
айлгахгүй гэсэндээ урьд нь энэ тухай огт ярилгүй өдийг хүрсэн аж. “Зэрлэг үхэр
дайрахаараа толгойгоо урагш өлийгөөд, тэр чигээрээ дайрдаг. Эвэр нь толгой руу
нь буудсан суманд бамбай болдог. Хамар луу нь л буудах хэрэгтэй. Эсвэл цээж рүү
нь, хэрэв хажуу талаас нь буудаж таарвал шилэн хүзүү, мөр лүү нь онилох нь зөв.
Буудуулсныхаа дараа унатлаа их уддаг. Элдэв шинэ санаа гаргаж яавч болохгүй.
Хаана нь буудахад амар байна тэнд нь бууд. Нөгөөдүүл толгойг нь өвчиж дууссан
байна. За хөдлөх үү?”
Буу
зөөгчдийг дуудсанд, тэд гараа арчсаар ирээд, хижээл насны эр нь арын суудалд
суулаа.
“Би
зөвхөн Конгонитой цуг явна. Нөгөө нь шувуудыг үргээж байг,” гэж Вилсон хэлэв.
Машин
голын хуурай савын хажуугийн бургасан төгөлтэй залгасан ой моддын зүг задгай
талаар явахад, Макомберын зүрх хэнхдэг цээжнээсээ ховхрох гэж буй мэт хүчтэй
цохилж, ам хатах мэт санагдав. Гэхдээ энэ удаад айсандаа биш харин догдолсондоо
тэр аж.
“Тийшээ
орсон,” хэмээн Вилсон Макомберт хэлснээ, буу зөөгчид хандан свахили хэлээр,
“Цусан мөрийг нь дага,” гэж тушаалаа.
Машин
бургасан төглийн хажууд зогсжээ. Макомбер, Вилсон, буу зөөгч гурав машинаас
буув. Макомбер эргэж хартал эхнэр нь буу хажуудаа тавиад сууж байгааг харлаа.
Тэр эхнэр лүүгээ далласан ч эхнэр нь хариу далласангүй.
Бургас
шигүү, газар хуурай аж. Дунд эргэм насны буу зөөгч усан хулгана болтлоо хөлөрч,
Вилсон малгайгаа доош нүд рүүгээ дарж доошлуулснаар улаан шилэн хүзүү нь
ардхантаа нь явж буй Макомберт харагдана. Гэнэтхэн буу зөөгч Вилсон хандан
свахили хэлээр юу ч юм хэлээд урагш гүйлээ.
“Нөгөө
бух чинь тэнд үхчихсэн байна. Сайн байна,” гэж Вилсон хэлээд, эргэн харан
Макомберын гараас шүүрч, тэд хоёр гар барилцан, хоёр бие рүүгээ жуумалзаж
байтал, буу зөөгч аль байдгаараа бархирч, хавч шиг л ухасхийн гүйсээр бургасны
хажуугаар гүйж, араас нь амаа тас жимийж, цус дуслуулсан ланжгар толгойгоо
урагш түрж, хамраа сартайлган, гахайнх шиг цус хурсан жижиг нүдээрээ тэдэн рүү
эгц ширтсээр бух довтолгон ирэв. Урд тэргүүлж явсан Вилсон доош өвдөглөн сууж
буугаа онилоход, Макомбер гохоо дарсан ч Вилсон бууны тасхийх дууг сонссонгүй,
харин ердөө бухын духыг бүрхсэн эврээс үсэрсэн үртэс агаарт цацарч, бух
толгойгоо сэжлэхийг хараад, хамрынх нь өргөн нүх рүү онилж дахин буудаад, дахин
эврийг нь онож, үйрмэг агаар үсчихийг харж, өөр лүү нь чиглээд дүүлэн ирж буй
бух руу дахин анхааралтай онилонгоо, зэрлэг амьтны жижиг нүдээрээ өөдөөс нь
муухай харж, хамраа сартайлган, толгойгоо өлийлгөсөөр дайрч ирэхийг хартал, яг
энэ мөчид толгой дотор нь нүд сохлом хурц, халуу шатам цагаан гэрэл гялсхийхийг
мэдрээд, үүнээс цааш юу ч мэдрэхээ болив.
Вилсон
хажуу тийш бултаж, бухын мөр лүү буудлаа. Макомбер дороо хөдлөлгүй гацаад,
бухын хамар луу буудсан ч хамраас нь дээгүүр эврийг нь оноод, сум чулуун
дээвэрт туссан мэт үйрмэг үртэс агаарт цацарч, энэ зуур машинд сууж асан
хатагтай Макомбер, нөхрийг нь яах ийхийн зуургүй мөргөх гэж буй мэт харагдах
зэрлэг үхрийг 6.5 миллиметрийн Маннлихер буугаар буудаад, нөхрөө яг гавалд нь
оночхов.
Фрэнсис
Макомбер урагш тэр чигээрээ гулдайн уналаа. Түүнээс хоёр метр хүрэхгүй зайд бух
хажуугаараа унасан харагдана. Эхнэр нь, Вилсоны хамтаар Макомберын дээрээс
тонгойн харав.
“Би
л байсан бол түүнийг дээш нь харуулахгүй,” гэж Вилсон хэллээ.
Бүсгүй
цурхиран уйлах аж.
“Би
машин руугаа буцлаа. Буу хаана байна?” гэж Вилсон асуув.
Бүсгүй
царайгаа үрчийлгэн толгой сэгсэрлээ. Буу зөөгч газар хэвтэх бууг дээш нь авав.
“Байсан
газар нь орхи. Яваад Абдуллаг аваад ир. Ирж ослын гэрч болог,” гэж Вилсон
тушаалаа.
Тэгээд
доош өвдөглөж суугаад, халааснаасаа алчуур гарган, Фрэнсис Макомберын үсээ
богино засуулсан толгойг бүтээв. Хуурай, сул сийрэг газар шороо асгарах цусыг
даруй шингээнэ.
Вилсон
босоод, хөлөө жийгээд, сийрэг үстэй, нэл хачиг хувалзтай гэдэс гүзээгээ дээш
харуулан хажуугаараа унсан зэрлэг үхрийг харав. “Мундаг амьтан юм аа. Дор хаяж
метр гучтай эсвэл түүнээс ч илүү байгаа. Түүнээс ч илүү,” гэх бодол толгойд нь
өөрийн эрхгүй гялсхийлээ. Жолоочийг дуудаад, цогцос дээгүүр бүтээлэг бүтээгээд,
хажууд нь хүлээ хэмээв. Үүний дараагаар машин руугаа очиход, бүсгүй суудлын
булан руу шигдэж суугаад уйлж байх аж.
“Чи
ч мөн мундаг ажил амжууллаа даа. Тэр угаасаа чамайг хаяж явах байсан юм,”
хэмээн Вилсон ямар ч сэтгэл хөдөлсөн өнгөгүйгээр хэлэв.
“Боль,”
гэж бүсгүй хэллээ.
“Мэдээж
хэрэг, энэ санамсаргүй осол байсан. Би мэднэ.”
“Боль.”
“Санаа
зоволтгүй. Одоо нэлээд яршиг төвөг гарах байх, гэхдээ би байцаалтын үеэр маш их
хэрэг болох хэдэн гэрэл зураг авсан. Түүнээс гадна буу зөөгчид, жолоочийн
гэрчийн мэдүүлэг гэж бий. Чи гайгүй өнгөрчих байх аа.”
“Боль.”
“Хийх
ажил их байна. Би ачааны машиныг гол руу явуулж, бид гурвыг Найроби руу аваачих
онгоц дуудуулах хэрэгтэй. Чи түүнийг зүгээр хордуулчихгүй яасан юм бэ? Англид
ер нь хордуулдаг шүү дээ.”
“Боль.
Боль. Болиоч,” хэмээн бүсгүй уйллаа.
Вилсон
хүйтэн цэнхэр нүдээрээ бүсгүй рүү харав.
“За
ингээд дууслаа. Би эхэндээ жаахан бухимдаж байсан. Гэхдээ л танай нөхөр надад
таалагдаж эхлээд байсан юм.”
“Болиоч
дээ, гуйя, боль, тэгэх үү, боль.”
“Тэр
нь дээр дээ. Гуйя гэх чинь хавьгүй дээр. Би одоо болилоо.” ♦
[1]
Мемсахиб (анг. Memsahib): Энэтхэгт амьдарч буй, гол төлөв Британийн төрийн албан
хаагчийн эхнэр цагаан арьст эмэгтэйг дуудах үг.
[2]
Бвана (свахили-анг. Bwana. Зүүн Африкт хэрэглэгдэнэ): Эзэнтэн, босс.
[3]
Шаури (свахили-анг. Shauri): Асуудал, маргаан. Гэхдээ энд “үүрэг” гэсэн утгаар
хэрэглэжээ.
[4]
Мартин Элмер Жонсон (1884--1937), Оса
Элен Жонсон (1894--1953): Алс холын газар нутгууд руу аялсан тухай олон баримтат кино хийж
алдаршсан хос.
[5]
Уильям Шекспирийн “IV
Хенри” жүжгийн зохиолын хоёрдугаар бүлгээс эш татжээ.
No comments:
Post a Comment