Saturday, December 21, 2024

Бернард Маламуд | МЭРГЭЖИЛ СОНГОЛТ

 

Бернард Маламуд (1914 –1986) америк өгүүллэг, романы зохиолч. ХХ зууны хамгийн сайн танигдсан еврей гаралтай зохиолчдын нэг. 1966 онд бичсэн, Оросын эзэнт гүрэн дэх антисемитист үзлийн талаар өгүүлсэн “Тохируулагч” роман нь Үндэсний номын шагнал, Пулицерийн шагнал хүртжээ. Цагаач еврейчүүдийн геттогийн тухай өгүүллэгүүдээрээ хамгаас илүүтэй алдаршсан. Түүний тухайд Фланнери О’Коннер, “Би өөрөөсөө илүү сайн өгүүллэг бичдэг зохиолч олж нээлээ,” хэмээн бичжээ. Маламуд бүтээлдээ угсаа гаралгүй байдал, хууран мэхлэлт, хүчирхийлэл, салалт зэргийн талаар өгүүлдэг.

 

 

 


 

Бернард Маламуд | мэргэжил сонголт

 

 

I

 

Эхнэр Марж нь түүнийг араар тавьсныг ойлгосныхоо дараа Кронин хэдэн сарын турш сэтгэлийн гүн хямралд оров. Тэр Маржид хайртай, ухаангүй харддаг байсан болохоор доромжлуулсан мэт санагдан, ихэд зовж шаналав. Эхнэрээсээ салснаасаа хэдэн сарын дараа Кронин Чикаго дахь өндөр цалинтай ажлаасаа гараад багшилж эхэллээ. Тэр угаасаа багш болох сон гэж хүсдэг байсан юм. Ингээд Хойд Калифорнийн их сургуулийн жижгэвтэр хотхонд зохион бичлэг, уран зохиолын хичээл зааж эхлэв. Эхэн үедээ шинэ ажил нь сонирхолтой байсан ч удалгүй залхах боллоо. Багшилж эхэлснээр хамаг уйтгар гуниг нь арилна гэж бодож байсан болохоор ийнхүү залхах болсондоо санаа зовов. Үнэхээр залхаж байсан уу эсвэл үлдсэн амьдралынхаа турш багшлах үгүйгээ шийдэж ядсандаа ингэж байсан уу, бүү мэд. Ялангуяа, ангид хичээл заахаас гадуур нэмэлт ажил Кронинд их залхуутай санагдаж байв – шалгалтын материал унших, оноо тавихаас гадна өөрөө ч бас байнга хичээл давтах хэрэгтэй. Уг нь тэр багшийн ажлыг арай өөр гэж бодож байсан юм. Их ариун, шүтлэгийн гэмээр ажил гэж боддог байсан, одоо ч тэгж бодсон хэвээр. Багшилна гэдэг бусдын төлөө биеэ золиосолно гэсэн үг; тэр эхнэртэйгээ амьдарч байхдаа хэзээ ч биеэ золиосолж байгаагүй. Кронин өндөр нуруу, өргөн мөр, нууцлаг харц, шигүү хүрэн сахалтай. Тамхи их татна; өмдөө байнга гөвөх ч ялгаагүй үнсэнд дарагдсан байна. Тэр хэсэг биеэ барин тэвчсэн ч эцэст нь архи ууж эхлэв. Ойр хавьд нь оюутнуудаас нь гадна нөхөргүй ганц хоёр хүүхэн байх ч тэр тэдэнтэй бараг холбоогүй. Эхэн үедээ түүнийг тэнхимийн үдэшлэгт урьдаг байсан ч Кронин мэргэжил нэгтүүдийнхээ эхнэрүүдтэй цагийг хамт өнгөрөөх дургүй байлаа.

Намар өнгөрлөө. Кронин өвлийн амралтаараа хотхонд хийх юмгүй үлдэв. Амралт дуусаж, хавар хоёрдугаар улирал эхлэхэд түүний заадаг уран зохиолын хичээлд бусад оюутнаас насаар эгч нэг оюутан суух болов. Бусад охидоос ялгаатай нь энэ оюутан тод өнгийн даашинз, өндөр өсгийтэй гутал өмсөнө. Тэр шар үсээ хагас дутуу самнаж овоолсноос биш, уг нь цэмцгэр нас бие гүйцсэн хүүхэн болохыг Кронин анзаарав. Тийм ч царайлаг биш, гэхдээ нүүрний арьс нь цэвэрхэн, анхаарал татмаар аж. Кронинд нууцлаг харц, том хөхтэй бие нь таалагдсан хэрэг. Бүсгүй шувтандуу мөр, махлаг хэр нь цэх хөлтэй. Кронин эхэндээ түүнийг аль нэг багшийн эхнэр байж магадгүй гэж бодсон ч, бүсгүй тэдэн шиг хуурамч бүрэгдүү зан гаргахгүй байв: Хүнтэй гэрлээгүй хэрэг. Бүсгүй зааж буй хичээлийг нь ихэд шимтэн сонсдог нь Кронинд таалагддаг байв. Бусад оюутан хичээлийн үеэр үүрмэглэсэн, алмайрсан, гайхсан байдалтай байдаг бол тэр Крониноос тусгай дохио хүлээж буй мэт, тэр харин дохиогоо авсан мэт их төлөв байдалтай сонсдог байлаа. Кронин уншиж буй шүлгийг нь бусад оюутан сонсохгүй, зөвхөн тэр л чих тавин чагнаж байгааг анзаарсан юм. Бүсгүйн нэр их түгээмэл: Мэри Лу Миллер. Бүсгүй өөдөөс нь харахад Кронин өөрийгөө эр хүн гэж мэдэрдэг байв. Түгшүүр төрүүлсэн хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр Мэри Луг өөрийг нь ч эмэгтэй хүн гэж хардаг болов. Кронин оюутантайгаа бэлгийн харьцаанд орохгүй гэдэг ч “яагаад болохгүй гэж” гэж бодох үе гарах болов; гэхдээ энэ зарчмын хувьд байж боломгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Тэр хайр сэтгэл дүрэмд захирагдах ёстой гэж боддог ч оюутандаа дурлахад ер юуны дүрэм байх вэ дээ.

Кронин, Мэри Луг сонирхдог байлаа. Бүсгүй ч хааяа хичээлийн дараа түүнийг хүлээн, өрөө хүртэл нь хамт явна. Кронинд байнга л бүсгүй өөрт нь ямар нэг хувийн чанартай юм хэлэх гээд байх шиг санагддаг ч бүсгүй аль нэг шүлэг өөрт нь ямар сэтгэгдэл төрүүлснийг л ярина, өөр юм хэлэхгүй. Кронины бодлоор, бүсгүй нэг дор арай л олон зүйл сонирхдог байв. Мэри Лу хичээлийн үеэр бараг ярихгүй. Тэд ярилцаж эхлээд таван минут өнгөрөхөд л яриа нь уйтгартай болдог ч, энэ үнэндээ Кронинд таалагддаг байлаа. Кронин бүсгүйд яах аргагүй сэтгэл татагдсан ч, үнэндээ бүсгүйн энэ уйтгартай байдал түүнийг цаашид ямар нэг үйлдэл хийхээс тогтоон барьж байсан хэрэг. Кронин нэг өглөө худал шалтаг зохион сургалтын албанд очиж бүсгүйн бүртгэлийг судлав. Мэри Лу хорин дөрөвтэй ч одоо хэр нэгдүгээр ангид сурдгийг мэдээд тэр ихэд гайхлаа. Кронин өөрөө өөртөө дөчтэй мэт санагддаг ч үнэндээ хорин естэй байв. Нас ойролцоогоос гадна өөр бас бус шалтгаанаар Кронин бүсгүйг болзоонд урихаар шийдлээ. Тэр өдрийн орой Мэри Лу, Кронины өрөөний хаалгыг тогшоод, тэр өдөр буцааж тараасан шалгалтын талаар асуухааар ирсэн юм: Шалгалтад “С” авсандаа санаа нь зовсон аж. Кронин бүсгүйн тамхийг асаагаад, шалгалтанд юу бичих хэрэгтэй байсныг хэлэнгээ бүсгүй өөрийг нь, нүд, сахал, гарыг нь анхааралтай ажиж байгааг анзаарав. Тэд бие биедээ ойрхон сууж байлаа. Мэри Лу үсээ засахаар гараа өргөх үед Кронин бүсгүйн даашинзны цаанаас тодрох хөхний товчийг нь харав. Кронин бүсгүйд амралтын өдөр хамт машинаар зугаалах санал тавьтал, Мэри Лу нэг газар хамт суун, юм ууж болох юм гээд зөвшөөрөв. Тэд болзоонд явахаар тохирлоо. Ярилцах зуураа бүсгүй Кронин руу нууцлаг байдалтай ширтэж байсан ч Кронин дотроо бүсгүйг тухайлсан бодолгүй, хөнгөмсөг нэгэн гэж бодож байв.

Тэр орой болзооны үеэр Мэри Лу, Кронинд их ойр суув. Бүсгүй эхэндээ хаалганы хажууханд сууж байсан ч, Кронин удалгүй түүний биеэс өөр лүү нь дулаан төөнөхийг мэдэрч эхэллээ. Яг үнэндээ бүсгүй хэрхэн түүн рүү ойртсоныг Кронин огт анзаараагүй аж. Тэр хоёр нар жаргах үед хамтдаа гадагш гарснаас хойш нэг цаг өнгөрсөн ч гадаа одоо хэр гэгээтэй байв. Хойд Калифорнийн өвөл Чикагог бодвол харьцангуй хүйтэн байдаг ч энэ удаа гадаа эрт дулаарч хаврын урь орсонд Кронин сэтгэл хангалуун байлаа. Өдөр уртсахаас гадна хажууд нь эмэгтэй хүн байгаад сэтгэлд нь бүр ч өег. Аль алиных нь урьд өмнө ер харж байгаагүй неон гэрэлтэй уулын хотхонуудаар өнгөрөх зуураа Кронин жижиг зочид буудалд сул өрөө байгаа эсэхийг мэдэгдэн асаж унтрах неон гэрлүүдийг ажиглаж явав. Тэр амьдралд нь шинэ үе эхэлж байгааг мэдэрсэн ч санаа зовох юмгүй гэдэгт итгэн болж буй бүхэнд сэтгэл хангалуун байлаа. Мэри Лу ямар арван наймтай охин биш, насанд хүрсэн эмэгтэй тул буруу замд уруу татах гэх юмгүйгээс гадна тэр өөрөө ч эхнэрээсээ салсан болохоор араар нь тавих гэх мэт санаа зовох асуудалгүй. Тэгээд ч Кронин Мэри Луг улам бүр сонирхож эхэлжээ.

Тэд ийнхүү гуравдугаар сарын эхэнд нэгэн таатай орой хамтдаа машинаар зугаалж явлаа. Буцах замдаа их сургуулиас дөчин милийн зайд, Рэд Блаф дахь нэг баараар орлоо. Тэр хоёр энд таньдаг хүнтэйгээ таарах магадлал бараг үгүй. Зөөгч тэдний уух юмыг авчирлаа. Мэри Лу вискигээ дуусгаад, уучлал хүсээд, ариун цэврийн өрөө явсныхаа дараа эргэж ирээд дахин мөстэй виски захиалав. Бүсгүй тод цэнхэр өнгийн богино даашинз өмссөн ч доогуураа оймсгүй аж. Кронин урьд нь түүний уруул, хумсаа будсан байхыг ер хараагүй ч тэр энэ удаа хоёулыг нь буджээ. Гэхдээ Кронин бүсгүй будаг шунх хэрэглээгүй нь дээр юм гэж бодож байв. Мэри Лу түүн рүү харан инээмсэглэв, хоёр хундага виски уусныхаа дараа царай нь улайжээ. Кронин, Мэри Лугийн инээмсэглэлд хөнгөн ёжлолоос гадна гүн шаналал мэдрээд, юунд шаналсныг нь мэдмээр санагдав. Машинд байхдаа тэр хоёр өөрсдийнхөө тухай ярьсан байлаа; Кронин аль болох бага ярихыг хичээсэн, Мэри Лу түүнээс ч бага ярьсан. Мэри Лу Айдахо мужийн нэг фермд өссөн аж. Кронин харин амьдралынхаа ихэнхийг Иллинойс мужийн Эванстон хотод өнгөрүүлсэн. Протестант шашинтай хувраг өвөө нь тэндхийн сүмд сургаал айлддаг байв. Аав нь түүнийг арван дөрөвтэйд нас барсан. Мэри Лу Кронинд гэрлээд салснаа хэлэв. Кронин үүнд ямар нэг ноцтой зүйл байгааг таамаглаад, өөрийнхөө салсныг ч хэллээ. Ширээн доор Мэри Лугийн хөл өөрийн хөлд нь шүргэлэхийг мэдрэнгээ Кронин түүний зориуд ингэж байгааг ойлгов. Кронин эхний хундагаа уунгаа нүүр хагарчээ. Энэ зуур Мэри хоёр дахь хундагаа дуусгалаа. Бүсгүй гурав дахиа захиалах зуур Кронин эхний хундагаа ч дуусгаагүй байв. Мэри Лу дуугаа хураасан ч, Кронинтой нүд тулах үед дахиад инээмсэглэлээ.

Кронин бүсгүйгээс, “Чамайг Мэри Лу гэж болох уу?” гэж асуув.

Мэри Лу, “Хүсвэл бололгүй яах вэ,” гэв. “Гэхдээ миний нэр угийн Мэри Лу. Төрсний гэрчилгээн дээр минь ч тэгж байгаа.”

Кронин түүнээс гэрлээд салах хүртлээ хэр удсаныг нь асуулаа.

“Ердөө гурван жил болсон. Нэг жилд нь тусдаа амьдарсан. Харин чи?”

“Хоёр жил болсон.”

Мэри Лу хундагатайгаасаа балгав. Өнгөрсөн амьдралыг нь тэгтлээ сонирхохгүй байгаа нь Кронинд таалагдлаа: Бүсгүй бие биедээ нууцаа дэлгэхэд арай эрт гэж бодож байгаа хэрэг. Кронин тамхи асаав; энэ, бааранд орж ирснээсээ хойш татаж буй хоёр дахь тамхи нь, харин Мэри Лу ар араас нь угсруулан татсаар. Кронин, Мэри Лугийн юунд түгшээд байгаад гайхаж байв.

Кронин бүсгүйгээс, “Чи аз жаргалтай байна уу?” гэж асуув.

“Зүгээр дээ, баярлалаа.” Мэри Лу дөнгөж асаасан тамхиа унтраагаад, жаахан бодоод, дахин нэг тамхи асаалаа. Ямар нэг юм хэлэх гэж байгаа мэт болсноо зогсосхийгээд, “Хэр удаан багшилж байгааг чинь асууж болох уу?” гэв.

Кронин, Мэри Лугийн юу бодож байгааг мэдэхийг хүсэж байлаа. “Удаагүй. Ердөө эхний жилдээ багшилж байна.”

“Чи ажилдаа үнэхээр дуртай юм аа.”

Кронин, Мэри Лугийн хөлөө хөлд нь шүргэлэхийг мэдэрч байлаа. Бүсгүй бааран дахь хүмүүсийг гүйлгэж харангаа тоосон янзгүй, хэнэггүй загнаж байв.

Кронин, “Чамд ямархуу байна?” гэлээ.

“Юу ямархуу гэж?”

“Чи яагаад ийм орой их сургуульд орсон юм бэ?”

Мэри Лу вискинээсээ балгав. “Ахлах сургууль төгссөний дараа их сургуульд ормооргүй санагдсан юм. Тэгээд хоёр жил ажил хийгээд, цэрэгт явсан.” Чимээгүй болов. Кронин бүсгүйгээс дахиад виски авах үгүйг нь асуулаа.

“Жаахан азная.” Мэри Лу, Кронины царай руу анхааралтай харж байв. “Эхлээд би чамд өөрийнхөө тухай нэг юм яримаар байна. Чи сонсмоор байна уу?”

“Мэдээж, яримаар байвал сонсъё л доо.”

“Миний өнгөрсөн амьдрал гэх үү дээ. Би цэрэгт байхдаа Род Айлънд мужийн Провиденс хотод армийн техникч Рэй Э. Миллер гэдэг залуутай танилцсан юм. Бид Лас Вегаст нууцаар гэрлэсэн. Тэр ёстой хөгийн шаар байсан.”

Кронин, бүсгүй вискигээ хэтрүүлсэн юм биш биз гэж бодон түүн рүү харлаа. Одоо босъё гэж хэлэх гэж байтал Мэри Лу хайрцаг дахь сүүлийн тамхиа асаан суудалдаа тухтай суугаад цааш нь ярив.

“Тэр ёстой хөгийн шаар байсан. Намайг ашиглах гэж л надтай гэрлэсэн юм билээ. Надаар хүссэнээ хийлгэдэг байсан. Би ч түүнд хайртай болохоороо үгүй гэж ч мэдэхгүй гэнэн загнаж байж. Рэй цэргээс халагдсаныхаа дараа намайг Сан–Францискод нэл бясаатай гурван өрөө байранд түгжиж орхисон. Би тэнд хэсэг дуудлагаар үйлчилдэг байсан юм. Би байдаг хөлсөө шавхан хичээж байхад, тэр харин олсон бүх мөнгийг минь хуу хамдаг байсан гээд бод доо.”

Кронин, “Дуудлагаар үйлчлэх ээ?” гэж гайхан асуув.

“Биеэ үнэлдэг байсан юм.”

Кронин бүр гайхан хөшиж орхилоо. Тэрхэн зуур айх, хардах зэрэгцэв. Улмаар урам нь хугарч, дөнгүүлсэн мэт сэтгэгдэл төрөөд, “Харамсалтай байна,” гэж хэллээ. Мэри Лу хөлөө түүнийх рүү наажээ. Кронин хөл нь чичирч байгааг мэдэрсэн ч хөдөлгөж чадсангүй. Хувцсан дээр нь тамхины үнс унасныг хараад сэгсрэх далимдаа хөлөө татаж авлаа. Мэри Лугийн царай хөшүүн байдалтай болов.

Мэри Лу овоолсон үсээ тайван янзлан, боолтоо аваад, үсээ чангалж боолоо. Үсээ зассаныхаа дараа, “Чи одоо миний тухай онцгүй юм бодож байгаа биз,” гэв.

Кронин энэ талаар юу гэж бодохоо мэдэхгүй байна гэсэн ч үнэндээ санаанд нь тодорхой бодол орж ирж байлаа. “Ийм зүйл болсонд харамсаж байна.”

Мэри Лу түүн рүү анхааралтай харав. “Гэхдээ би одоо энэ бүхнийг ардаа орхисон. Ямар ч хамаагүй болсон. Тийм зүйл миний амьдралд дахиж тохиолдсон ч би мөнгөний төлөө хийхгүй. Мөнгөөр хүнтэй унтахгүй.”

Кронин яаж яваад тийм зүйл болсонд гайхаж байгаагаа хэллээ.

Мэри Лу, “Нэг төрлийн ажил гэх үү дээ, би хийх ёстой байсан, тэгээд л тэр,” гэв. “Би үүнийг зүгээр нэг ажил байсан гэж боддог. Рэй намайг хаяад явчихна гэж айсандаа л хийсэн юм. Тэр юу хүсэж байгаагаа мэддэг, харин би мэддэггүй байсан. Тэр хүчтэй, би сул дорой.”

“Тэр чамайг хаясан юм уу?”

Мэри толгой дохив. “Бид мөнгөө юунд зарцуулахаа маргадаг байсан. Рэй ямар ч гэлээ нэг бизнес эхэлнэ гэж байсан ч эхлээгүй.”

“Тэгээд чи даруй больсон уу?”

Мэри Лу доош харав. “Яг ч тийм биш. Хэсэгтээ үргэлжлүүлсэн. Надад их сургуульд ороход хангалттай мөнгө байгаагүй. Би ч цайны газар хэсэг ажилласан.”

“Чи яг хэзээ больсон юм?”

“Гурван сарын дараа баригдахаараа.”

Кронин түүний хэрхэн баригдсан тухай асуув.

“Нэг өдөр Сан–Франциско хотын хоёр цагдаа байранд минь ирсэн. Анхны хэрэг болохоор надад тэнсэн харгалзах ял өгсөн. Одоо нэг жилийн дараа дуусна.”

Кронин нүдний шилээ оролдонгоо, “Чи ч их зовлон үзжээ,” хэмээв.

“Тэр ч тийм шүү. Би одоо хуучны Мэри Лу байхаа больсон. Их ч зүйл ойлгосон.”

“Босохоосоо өмнө нэг хундага юм уух уу? Оройтох нь. Замд нэг цаг явна.”

“Үгүй дээ, баярлалаа.”

“Би сүүлийн нэг хундага юм ууна.” Зөөгч Кронинд виски авчрав. Кронин вискинээсээ нэг балгаад, “Чи яагаад надад энэ бүгдийг ярьж байгаа юм бэ?” гэж асуулаа.

“Бүү мэд. Магадгүй чи надад таалагддаг болохоор тэр байх. Ангид хичээл зааж байгаа чинь надад таалагддаг. Тэгээд л би энэ бүгдийг ярьсан байх.”

“Гэхдээ яг яагаад?”

“Одоо бүх юм өөр болсон болохоор.”

“Өнгөрсөн чинь чамд хэцүү санагддаг уу?”

“Гайгүй дээ. Чамд өмнө нь яривал ярих л байсан юм. Гэхдээ өрөөнд чинь ярьж болохгүй. Юм уугаад, халаад чөлөөтэй ярья гэж бодсон юм.”

Кронин, “Би чамд яаж туслах вэ?” гэв.

 “Юунд тусална гэж?”

“Өнгөрснийхөө тухай хэн нэгэнтэй яримаар байвал би чамд сэтгэл зүйч олж өгч болно шүү.”

“Баярлалаа. Тэгэх хэрэггүй. Мөнгө авах гэж яриаг минь сонсох хүн надад тус болохгүй.”

Мэри Лу нэг тамхи гуйгаад, Крониныг вискигээ уухтай нь зэрэгцэн тамхиа татав. Тэд гадагш гарахаар бэлдэх зуур Мэри Лу, “Энд зөвхөн би буруутай биш. Гэхдээ одоо бүх зүйл дууссан, ард хоцорсон. Би одоо ирээдүйгээ бодох эрхтэй,” хэмээв.

“Тэгэлгүй яах вэ.”

Буцах замдаа Кронин асуудлыг илүү нухацтай бодоод, бүсгүйд дургүйцэхээ больсон ч урам хугарсан хэвээр байлаа. Үе үе өөртөө ч уурлаж байв.

“Өнгөрсөн өнгөрсөндөө үлдэг. Чи одоо амьдралаа шинээр эхэлж болно.”

Мэри Лу, “Би угаасаа тэгээд л их сургуульд орсон юм,” гэв.

_____________

 

 

II

 

Кронин, Мэри Лугийн ярьсан зүйлд урам хугарчээ. Үүнийг даван туулах нэлээд хугацаа шаардав. Тэр Мэри Луг хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхэд яг тохирох бүсгүй гэж бодож байсан ч, яриаг нь сонсоод маш их гайхаж, итгэл алдарсан тул хамаг төлөвлөгөө нь нуран унах шиг болжээ. “Энэ одоо юу вэ, дахиад нэг Марж уу?” Тэр бүхнийг дахин үзэж туулах, ялангуяа энэ бүсгүйтэй үзэж туулах хүсэл Кронинд огт байсангүй. Кронин, Мэри Луг урьдын адил долоо хоногт гурван удаа хичээл дээр хардаг байв. Бүсгүй түүнийг урьдын адил анхааран сонсож байгаа юм шиг харагдах ч түүн рүү ойртохоо, өрөө хүртэл нь хамт явахаар хаалган дээр хүлээхээ больжээ. Кронин энэ юу гэсэн үг болохыг ойлгон, эхний алхмыг өөрөө хийх ёстойгоо мэдэрсэн ч ер зориг хүрсэнгүй. Түүнд юу гэж хэлэх вэ дээ – надад тэр бүхнийг чинь мэдээгүй байсан нь дээр байсан юм гэж хэлэх гэж үү? Эсвэл одоо болсон бүхнийг мэдэж байгаагаа, хичээл дээр өөр лүү нэг хараад л хамгийн сүүлд унтсан эрээсээ мөнгө авч байгаагаар төсөөлдгөө хэлэх үү? Мэри Лу, Кронины бодлоос гарахаа болив. Тэр орой Мэри Лу өнгөрснөө яриагүй бол тэд шөнийг хэрхэн өнгөрүүлэх байсан бол? Орондоо хэр байгаагаас нь Кронин түүний биеэ үнэлдэг байсныг ойлгох байсан болов уу? Түүнтэй унтаж байна гэж бодсоор, энэ бодлоосоо залхан хааяа ангид хичээл зааж байхдаа Мэри Лу руу харахгүйг хичээдэг болов. Энэ хүсэл тачаал тэсэшгүй санагдаж байсан ч сарын дараа саарч алга боллоо. Одоо бүсгүйг төдий сонирхохгүйгээс гадна, төрх байдал нь ч онцгүй санагдаж эхлэв. Кронин Мэри Луг өрөвдөж, хааяа өөдөөс нь харж инээмсэглэхэд, бүсгүй ч хааяа нэг өөдөөс нь эрээ цээргүй инээмсэглэнэ.

Кронин, Жорж Гец гэдэг зураачтай найзалж үерхжээ. Урлагийн тэнхимд ассистант ажилтай, их хөдөлгөөнтэй, залуугаараа халзарсан Жоржийг амралтын өдрүүдэд зураг зурах газар хайхад нь Кронин түүнтэй цуг явдаг байв. Зураач зургаа ноороглоод, усан будгаар будах зуур Кронин мод түшээд тамхиа татна. Тэр хоёр хааяа голын эргээр, хааяа ойгоор явдаг байв. Эрт гэрлээд, хэдийн гурван охинтой болж амжсан Жорж амралтын өдрүүдэд завгүй бол Кронин машиндаа суугаад ганцаар гадуур явах гэж эсвэл зугаалах гэж оролдоно. Гэхдээ тэр хотхоноор явах төдий дуртай биш, тэнд хаачихаа мэдэхгүй. Дөрөвдүгээр сарын нэг сайхан ням гаргийг Жорж гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх болсноор, Кронин ганцаараа гадагш зугаалахаар явсан ч удалгүй уйдаад, гэртээ ирж орон дээрээ суув. Хамтдаа цаг нөгчөөх хүн хайн хэсэг бодож эргэлзсэнийхээ дараа Мэри Лу Миллерийн утсыг олоод залгалаа. Кронин үнэндээ санаа нэлээд зовж байснаас гадна яагаад түүн рүү залгаж байгаагаа ч мэдэхгүй байв.

“За?”

Мэри Лу, Кронины дуу сонсоод хэсэг тээнэгэлзээд, дараа нь боломжийн эелдэг дуугаар ярив. Кронин гадуур машинаар зугаалъя гэхэд бүсгүй татгалзсангүй. Мэри Лу машинд суухаар гарч ирэхдээ багахан хөндий байдалтай байсан ч Кронин бүсгүйн тун дур дулаам харагдаж байгааг хараад гайхлаа. Мэри Лу дулаан өдрүүдэд илүү хөөрхөн харагддагийг Кронин анзаарав.

Кронин бүсгүйд машины хаалгыг нээнгээ, “Чамаар сонин юу байна?” гэж асуув.

“Онц юмгүй шив дээ. Чамаар юу байна?”

“Юмгүй дээ.”

“Багшийн ажил хэр байна?”

“Дажгүй шүү. Өмнөхөөсөө ч илүү таалагдах болсон.”

Угтаа тэгтлээ таалагдахаа больсон ч одоо үүнийг тайлбарлаж байх цаг биш.

Мэри Лу тайван харагдаж байлаа. Тэд Кронины өмнө нь Жоржтой цуг явсан хажуу замаар уул руу зүглэн явсаар, эцэст нь нисэж буй шувуу хэлбэртэй урт нуурын эрэгт ойртов. Кронин машинаа зогсоогоод, тэд хамтдаа нарсан ойн дундуур явсаар нуурын эрэгт хүрлээ. Кронины хэлсэн замаар нуурын эргээр хэсэг яваад буцав. Тэд нэг цагаас илүү явган алхаллаа, Мэри Лу сүүлийн хэдэн жил ингэж удаан явган яваагүйгээ хэлэв.

Крониныг, “Амьдралд зугаацаж цэнгэх шиг амархан юм байхгүй,” хэмээхэд Мэри Лу, “Үгүй, тийм биш,” гэж хариу өгүүллээ.

Кронин ямар нэг юм хэлсэнгүй. Тэр хоёр өмнөх болзооныхоо тухай ярихыг хүссэнгүй, өөр ч яриад байх юм байсангүй. Цаг агаар сайхан байгаад Кронины сэтгэл сэргэжээ – өмнөх шөнө нь Маржийг зүүдлээд сэтгэл нь үймэрсэн юм. Одоо Мэри Лутай хамт нуурын эргээр явж байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Бүсгүй бие барьсан шар даавуун даашинз өмсөөд, анх удаа үсээ хүзүүн дээрээ цэвэрхэн овоолжээ. Алдаа гаргахаасаа айсан мэт юу ч ярихгүй байзнаснаа, удалгүй тайвшраад чөлөөтэй ярьж эхэллээ. Мэри Лу нуурын эрэг дээр суугаад өөр лүү нь харах зуур Кронин түүний өмнө нь танилцсан эмэгтэйчүүдээс төдий ялгаагүйг анзаарав. Мэрү Лу ч алдаа гаргах эрхтэй гэж түүнд санагдаж байсан хэрэг. Түүнд өөрт нь ч алдаж оносон юм бишгүй бий. Өөрт нь ярьсан зүйлийг мартах гэж оролдсон ч Мэри Лугийн өмнө нь биеэ үнэлдэг байсныг санаанаасаа авч хаяж чадахгүй байлаа. Тэр олон эртэй унтсан, Кронин түүний хэдэн эртэй унтсаныг мэдэхээс ч айж байснаас гадна өмнө нь түүн шиг хүнтэй хамт байж үзээгүйдээ одоо ингээд хамт байгаа нь хачин санагдана. Гэхдээ орчин үе угаасаа хачин юмаар дүүрэн юм чинь дээ. Ер нь бол хүнийг өнгөрснөөр нь биш, одоо байгаагаар нь дүгнэх хэрэгтэй. Одоо шар даавуун даашинзтай, махлаг хэрнээ цэх хөлтэй бүсгүй хажууд нь, энд байх ёстой газраа байгаа мэт сууж байна. Энэ бүхэн Кронинд сонирхолтой, сургамжтай түүх шиг санагдаж байв. Өнгөрснийг ухаж төнхвөл гай л болно, өөр юмгүй. Хүн өнгөрснөөс айдаг, учир нь өнгөрсөн ирээдүйг тодорхойлдог. Гэхдээ амьдрал ямар хурдан өөрчлөгддөгийг, өнгөрсөнд ямар их өөрчлөлт гарсныг бодон өнгөрснөө дурсвал өнгөрсөн ирээдүйг тодорхойлох албагүй. Кронинд, Мэри Лутай үерхэж болмоор санагдаж эхэллээ.

Мэри Лу даашинзан дээр нь унасан нарсны шилмүүсийг сэгсэрсээр босов. “Их халуун байна шүү. Би нүцгэлээд нууранд орвол чамд зүгээр үү?”

“Зүгээр, ор ор.”

“Чи ч бас шумбахгүй юм уу? Богино өмдөө тайлах хэрэггүй. Угаасаа наранд дороо хатчихна.”

“Үгүй, усанд ормооргүй байна. Би сэлэхдээ сайнгүй.”

“Би ч тийм сайн биш. Гэхдээ усанд орох дуртай.” Мэри Лу даашинзныхаа цахилгааныг буулган, толгой дээгүүрээ татаж тайлав. Дараа нь гутлаа өшиглөж сугалаад, дотуур бошинзоо доош унагаад, эцэст нь цагаан дотоожоо ч тайллаа. Тэгш бие, сайхан хөх нь Кронины сэрлийг хөдөлгөв. Мэри Лу нууранд ороод, багахан чичрээд, таатай нь аргагүй сэлж эхэллээ. Кронин өвдгөө эвхэн суугаад, тамхи татангаа түүнийг дагуулан харав. Мэри Лу хэсэг сэлээд уснаас гарах үед нар нүцгэн бие дээр нь тусаж байв. Дотоожоо өмсөн, нойтон үсээ янзлангаа, биеэ наранд хатаах гэв. Кронин бүсгүйн нойтон биеийг хараад догдоллоо.

 Мэри Лу хувцсаа өмсмөгц, Кронин хамтдаа орой хоол идэх санал тавьж, бүсгүй ч зөвшөөрөв. “Гэхдээ эхлээд манайд очиж юм ууя. Би чамд байраа яаж тохижуулснаа харуулъя.” Кронин саналыг дуртайяа зөвшөөрлөө.

Буцах замдаа Мэри Лу ихэд дуу шуутай байв. Кронинд хүүхэд насаа ярилаа. Аав нь Айдаход буудай тариалдаг жижиг талбайтай байсан ажээ. Хоёр ах, нэг эмэгтэй дүү нь бүгд гэрлэсэн гэнэ. Том ах нь ёстой өөдгүй новш гэнэ. “Тэр одоо их баяжсан. Бурхны ивээл энэ тэр гэж ярьдаг ч үнэндээ ёстой хөгийн новш. Намайг арван гуравтайд хороонд барьж аваад хүчиндсэн.”

Кронин, “Бурхан минь,” гэж уулга алдав. “Чи тэгээд гэр бүл дотроо бэлгийн харьцаанд орсон хэрэг үү?”

“Тийм, гэхдээ би тэгэхэд хүүхдээрээ байсан.”

“Чи яагаад энэ бүгдийг яриад байгаа юм бэ? Би сонсох дургүй байгаа ч юм билүү?”

“Чамд итгэж болмоор санагдсан юм.”

Кронин, “Тэгвэл надад битгий итгэ,” гэж хашхирав.

Тэр Мэри Луг гэрийнх нь гадаа, явган хүний замд буулгаад явж одлоо.

Маргааш нь Мэри Лу, Кронины хичээлд суусангүй; хэд хоногийн дараа Мэри Лу хичээлд нь суухаа больсон тухай мэдэгдэл Кронинд ирэв.

_____________

 

III

 

Энэ явдлаас хойш долоо хоногийн дараа Кронин, Мэри Луг Жорж Гецтэй ярьж байхыг хараад учиргүй хардав. Бүсгүйг хүсэмжлэхээ больсон гэж бодож байсан ч Мэри Лу зураачийн хажууд хөгжилтэй юм ярин, Жорж түүнийг анхааралтай сонсож байхыг хараад, бүсгүй өөрөөс нь салаад аз жаргалтай байгааг ойлгож, ийнхүү хардах сэтгэл төрж, урам нь хугарсан хэрэг. Мэри Луд хайртай болсон юм биш байгаа гэж ч бодлоо. Кронин, тэр хоёрыг урлагийн тэнхимийн шатаар дээш гарахыг хараад, яагаад ч юм тэднийг Жоржийн урлангийн буйдан дээр шалдан тэврэлдээд хэвтэж байгаагаар төсөөлөв. Ингэж төсөөлөх үнэхээр аймшигтай санагдлаа.

Кронин, “Бурхан минь, Маржаас салсны дараа мэдэрсэн тэр муухай мэдрэмж дахиад төрж байна,” гэж бодов. “Би одоо дахиж тэгж шаналмааргүй байна.”

Тэр Мэри Луг бодохгүй байхыг хичээж байлаа – зураач тэр хоёр ямар харилцаатай юм бол гэсэн бодол толгойд нь байнга эргэлдэнэ – гэхдээ Мэри Лугийн нуураас гарч ирэх үеийн шалдан биеийг санах, танихгүй эрчүүдтэй хэрхэн унтаж байсныг нь, Жоржтой юу хийж байгааг нь, Кронин тэр хоёр хайртууд болсон бол яах байсныг төсөөлөхөөр бүр тэсэшгүй болно. Түүнтэй үзэж өнгөрүүлснээ бодох бие дэх шархаа мартахын тулд өөр газраа хутгалахтай адил санагдах аж. Түүний энэ бодол хайрцаг дүүрэн могой байгаад хайрцаг задарч могой хаа сайгүй тарсан юм шиг. Кронин зөвхөн согтохоороо л энэ бүгдийг мартдаг ч ухаан ороод улам бүр шанална.

Нэг өглөө, хардаад бүр тэсэшгүй болов. Уг нь ингэж хардах ямар ч шалтгаан байхгүй; Мэри Лу одоо түүнд ямар ч хамаагүй болсон шүү дээ. Тэгээд ч хэдий өөрт нь итгэж, сайн санаад дотроо уудалсан ч бүсгүйн ярьсныг үнэхээр тэвчих аргагүй. Кронин урлагийн тэнхимийн эсрэг талын уран барилгын тэнхимийн өмнө олон цаг хүлээлээ. Эхэндээ юу хүлээж байгаагаа мэдэхгүй ч хүлээх ёстой мэт байв, учир нь тэд бэлгийн харьцаанд орсон үгүйг мэдэх зайлшгүй шаардлагатай мэт санагдаж байлаа. Гэвч тэр хоёр үзэгдсэнгүй. Маргааш орой нь Кронин зураачийг Мэри Лугийн байр хүртэл дагаад, цаг тав өнгөрч байх үед зураач дотогш орохыг харлаа. Цаг арав хагасын үед Жорж, Мэри Лугийн байрнаас гарахад Кронин гудамжны эсрэг талд, модны доор гуниглан хүлээсээр байв. Тэр шөнө Кронин ер цурам хийсэнгүй.

Кронин ийм байдалтай удаан тэсэхгүй гэдгээ ухааран, гарц хайж эхлэв. Мэри Лу руу утсаар залгаж хичээлдээ буцаж суу гэвэл харилцаа нь сэргэх болов уу? Гэхдээ хичээлд буцаж суухын тулд сургалтын албатай ярих хэрэг гарна, зүгээр утасдаад эвгүй зан гаргасандаа уучлал гуйж, хуучны хэвээрээ байя гэсэн нь дээр юм болов уу? Эсвэл Мэри Лугийн өнгөрсөн амьдралыг ярьж Жоржийг айлгадаг юм билүү? Жорж гурван охинтой нэр хүндтэй эцэг хүн, ийм юманд тун болгоомжтой хандах нь дамжиггүй. Мэри Лутай харилцаатай гэдгийг нь хүмүүс анзаарвал Жорж даруй түүнээс зайгаа барина. Гэхдээ Мэри Лугийн өнгөрсөн амьдралыг өөр хүнд ярихад сэтгэл төвдөхгүй байв. Үнэхээр тэсэхээ болиод, Кронин ямартаа ч Жоржтой ярихаар шийдлээ. Зураач, Мэри Лутай дотно харьцаанд ороогүй бол Кронины хардах сэтгэл арилж, бүсгүйг ч санаанаасаа авч хаях байв.

Кронин, Жоржийн өөрийг нь орой хамт зугаалъя гэж дуудахыг хүлээлээ. Ажлын өрөөнд эсвэл урланд ярьснаас гадуур явж байхдаа ярьсан нь дээр. Кронин, Мэри Лугийн тухай ярин, Сан–Францискод хэдэн жил биеэ үнэлснийг нь мэдэх эсэхийг нь асуух үед Жорж ойн цоорхойд усан будгаа бэлдэж байв.

Жорж бийрээ алчуураараа арчаад, Крониноос үүнийг яаж мэдсэнийг нь асуулаа.

Кронин, Мэри Лу өөрөө хэлсэн гэв. “Түүнийг энэ ажилд уруу татсан өөдгүй новштой гэрлэсэн юм гэсэн. Тэр новш хамаг мөнгийг нь хуу хамаад арилж өгсөн юм байх. Мэри Лу ч удалгүй больсон гэсэн.”

Жорж, “Ямар новшийн амьтан бэ,” хэмээснээ, зургаа хэсэг зураад, эргэж хараад асуув: “Надад үүнийг хэлдэг нь яаж байгаа юм?”

“Мэдсэн нь дээр байх гэж бодоод.”

“Юунд дээр гэж?”

“Тэр чамаар хичээл заалгадаг юм биш үү?”

“Үгүй. Над дээр ирээд зургийн загвар болъё гэсэн юм. Нүцгэн загвар болох охид ховор болохоор би зөвшөөрсөн. Бидний хооронд өөр ямар ч харилцаа байхгүй.” Жорж гайхсан шинжтэй байв.

Кронин толгойгоо эргүүлэв. “Би угаасаа та хоёрыг хувийн харилцаатай гэж бодоогүй. Ердөө, тэр чиний оюутан бол энэ бүгдийг мэдсэн чинь дээр гэсэндээ л хэлсэн юм. Гэхдээ чиний оюутан биш юм байна.”

“Гэхдээ л би түүнийг цаашид загвар болгож ашиглана. Ер нь болих шалтгаан ч алга.”

“Яагаад болохгүй гэж?”

“Ямартаа ч хэлсэнд чинь баярлалаа. Тэр охин надад угаасаа их хөнгөмсөг юм шиг санагддаг байсан юм шүү. За, тэр надад ямар хамаа байх вэ.”

Кронин ийн хэлж байгаадаа багахан жигшсээр, “Жорж, үнэндээ би энэ тухайд тийм ч гэмгүй хүн биш шүү. Би түүнийг орондоо оруулах гэж байсан юм,” хэмээлээ.

“Оруулсан уу?”

“Үгүй.”

“Би бараг оруулсан.”

Кронин, зураачийн түүнтэй унтсан үгүйг яг мэдэхгүй ч, үүнээс хойш Мэри Луд ойртож зориглохгүй гэдгийг нь мэдэж байлаа. Гэртээ харих үедээ Кронин ичих зовохын зэрэгцээ нэлээд тайвширсан байв. Хэсэг амандаа үглээд, дараа нь бөх гэгч нь унтав.

_____________

 

IV

 

Хэд хоногийн дараа, Мэри Лу, Кронины хонхыг дараад, шатаар дээш гарч, гэрт нь орж ирээд түүнтэй нэг юм ярих гэсэн юм гэв. Унтлагын хувцсаа өмсөөд юм уншиж байсан Кронин, Мэри Луг вискигээр дайлах гэсэн ч бүсгүй татгалзав. Царай нь цонхийж, шаналсан байдалтай харагдана. Жийнсэн өмд, нэлхгэр цамц өмссөн аж. Шуусан үс нь тарж арзайжээ.

Мэри Лу, “Юу гээч, би энд дэмий ярих гэж ирээгүй. Чи профессор Гецэд миний тухай ярьсан юм уу? Сан–Францискод юу хийж байсныг минь?” гэж асуулаа.

“Намайг ярьсан гэж байна уу?”

“Үгүй л дээ. Гэхдээ яг гайгүй үерхэж эхэлтэл, надтай нэг хачин харьцаж эхэлсэн. Тэгээд би хэн нэг хүн түүнд миний тухай элдэв юм ярьсан байж магад гэж бодсон юм. Гэхдээ тэр тухай чамаас өөр хүн мэдэхгүй.”

Кронин, Гецэд бүх зүйлийг ярьснаа хүлээн зөвшөөрлөө. “Ийм үед мэдсэн нь дээр гэж бодсон юм.”

Мэри Лу нүүрээ үрчийлгэн, “Ямар үед?” гэж асуув.

Кронин байзнав. “Тэр чинь гэр бүлтэй, гурван хүүхэдтэй хүн шүү дээ. Ноцтой асуудалд орно.”

“Наад чинь өөрийнх нь мэдэх асуудал.”

Кронин ч үүнд санал нэгдэв. “Уучлаарай, Мэри Лу. Надад хэлэх ганц л юм байна. Амьдрал минь сүүлийн үед нэг л ярвигтай байгаа...”

“Минийх тэгээд яагаа вэ?” Мэри Лу сууж байсан сандал дээрээ толгойгоо эргүүлээд, уйлж эхэллээ.

Кронин түүнд виски хундагалсан ч Мэри Лу уусангүй.

“Би чамд итгээд, үерхэж болох хүн юм гэж бодсон учраас л тэр бүгдийг ярьсан шүү дээ. Гэхдээ би буруу бодож. Ярьсан зүйл минь чамд таалагдаагүй бол өршөөгөөрэй. Гэхдээ юу гээч, одоо энэ бүгд надад ямар ч хамаагүй. Би амьдралыг эергээр харж сурсан.”

Кронин, “Харин би сураагүй,” гэв.

Мэри Лу, “Би энэ тухай сонсохыг ч хүсэхгүй байна,” гээд, Кронины дахиад жаахан хамт суух саналыг хүлээж авалгүй гарч явлаа.

Түүнийг явсны дараа Кронин, Мэри Лу өнгөрснөөсөө сургамж авсан байхад, тэр огт сургамж аваагүй юм байна гэж бодов. Мэри Луд муухай заг гаргаснаа бодон түүнийг өрөвдлөө. Ёс суртахуунтай байх хэцүү юм гэж бодол санаанд нь орж, унтахаар хэвтэхээсээ өмнө нэг шийдвэр гаргав: Намар хичээл эхлэхээр тэр их сургууль дахь ажилдаа буцаж орохгүй, багшлахаа болино.

_____________

 

Диплом гардуулах өдөр Кронин шар даашинз өмссөн Мэри Лутай гудамжинд таараад ярилцахаар зогсов. Мэри Лу бага зэрэг таргалсан ч их ядруу харагдаж байлаа. Ярих зуур гэдэс нь хоржигнож, Мэри Лу ч ичингүйрэн гэдсэн дээрээ гараа тавив.

“Удаан хичээл давтсанаас болж байгаа юм. Шалгалтдаа санаа их зовж байна. Эмч өөртөө анхаарахгүй бол ходоодны шархтай болно гэсэн.”

Кронин түүнд биеэ сайн бодож бай гэж зөвлөв: “Эрүүл мэнд бүхнээс чухал.”

Тэд баяртай гэсээр салав. Кронин бүсгүйтэй дахиж уулзсангүй. Харин жилийн дараа Чикагогоос илгээсэн ил захидлыг нь авлаа. Мэри Лу, багшийн их сургуульд сурч байгаагаа, багш болно гэж найдаж байгаагаа бичжээ.

No comments:

Post a Comment