Saturday, December 21, 2024

Юсуф Атылган | НАМХАН БАГАНААС ЦААШ

 

Юсуф Атылган (1921 – 1989) турк зохиолч, багш. Турк романд модернист хэв маяг хүч түрэн орж ирсэн 1950 – 1980 онуудад уран бүтээлээ туурвисан. Энэ үеийн анхны модернист турк зохиолчид тооцогдоно. Атылган цөөн тооны бүтээл бичсэн ч араас нь залгасан үеийнхэнд хүчтэй нөлөө үзүүлжээ. Бүтээлүүддээ хотын амьдралын хүнд үзүүлэх сэтгэл зүйн нөлөөлөл, зожгирол, ганцаардал, гэр бүлийн харилцааны асуудлыг хөнддөг. “Эх орон зочид буудал”, “Дэмий сэлгүүцэгч” романуудаас гадна өгүүллэгүүдэд нь ч амьдралын ямар ч зорилгогүй болж, уйдаж залхсан хүмүүсийн тухай өгүүлнэ.

 

 

 

 

Юсуф Атылган | НАМХАН БАГАНААС ЦААШ

 

 

Би шавардаагүй чулуун хашааг налаад тэр аймшигтай дуу чимээг хүлээлээ. Ийшээ ирэх хүртлээ хийх ёстой бүхнээ хийсэн; үдийн хоолоо идээгүй, зүү унах зайгүй чигжсэн автобусанд кондуктороор хөл дээрээ гишгүүлсэн; нэг эмэгтэйг хөмсөг зангидахад хүргэсэн; автобуснаас буунгаа, сахлаа аваагүй удсан, хүрэн шилэн хүзүүтэй эрээр “Байзнаач!” гэж зандруулсан; цэнгэлдэхийн өмнө орилж хашхирах хүн зоны дунд орж—зүүн гараараа дотор халаасаа дарсаар—түлхүүлж, нудруулсан. Энэ бүхэн дотор минь бүрэлдэх аймхай хулчгар занг аажим аажмаар, гэхдээ улам бүр эрчтэйгээр бэлдэж байлаа; гэхдээ хулчгар зан гүйцэд бүрэлдэхийн тулд тэр аймшигтай дуу чимээ мөн хэрэгтэй. Хажуугийн цэнгэлдэхийг дүүргэсэн хэдэн мянган хүний амнаас нэгэн зэрэг гарах... За тэр: “Ааааа!”

 Мөр минь хавчигдах шиг; би өөрөө жижгэрэх шиг. Одоо тэр сүмийн намхан баганын цаадтайх гудамжнаасаа гарч ирж болно. Би дэргэд нь очиж гарыг нь барихгүй. Холоос, араас нь дагана. Үсээ, түүнийг улам бүр залуу харагдуулж, бүрэг, аймхай хүүхэд болгож хувиргадаг, “морины сүүл” гэх маягаар боосон. Нэг буланд нь, урд нь сул зогсож буй ачааны машинуудын эгнэсэн, ханан дээр нь том үсгээр “Ажил банкны агуулах” гэж бичсэн, цонхгүй урт барилгын харагддаг чидуны үрийн өнгөтэй өргөн талбайн хажуугаар бид хоёр өнгөрнө. Дараа нь гудамжны хоёр талын мухлагуудын доош татсан төмөр сараалжин хаалганы доор, явган хүний зам дээр хэвтээд амарч буй том том цоож үзэгдэж эхэлнэ. Баруунтаах гудамжнуудын нэгээр орж, цааш багахан яваад зүүн гар тийш эргэнэ. Тэнд, яагаад ч юм бүү мэд дарсны үйлдвэрийн арын хашаа байх гэж миний боддог урт, өндөр чулуун хашааны хажуугаар алхлангаа би түүнд дөхсөн байна. Чулуун хашааны төгсгөл дэх гудамжны зүүн гар талаас хоёр дахь байшинд найз нь суудаг. Намайг буланд хүрч очиход тэр шатны хоёр гишгүүрээр дээш өгссөн байна. Гараа хаалганы бариул руу сунгангаа эргэж харна. Хоёр ням гараг дараалан, энэ цогтой харцанд бүх зүйл дуусна гэж, төгсөнө гэж айж, зүрхшээсэн төрх нэмэгдсэнийг би мэднэ. Бид хоёул айж байгаа. Тэр бямба гаргаас хойш...

Бид дахиад л нийтийн тээврийн усан онгоцонд сууж явлаа. Хагас амардаг өдрийн 13:15-ын дүүрэн хүнтэй хөлөг онгоц. Долоо хоногийн зургаан өдөрт нь би энэ Алсанжакийн чиглэлийн арван долоон минутын аялалд гол төлөв зогсож зорчдог. Олон хүний дунд түүнийг хайх, биднийг холбосон, бид хоёроос өөр хэний ч хараагүй хүний үснээс ч нарийхан гүүрийг бий болгох, өдрийн анхны харцны амтыг улам нэмэхийн тулд багахан хожимдож, хөлөг онгоц хөдлөхтэй бараг зэрэгцэн дотогш орно. Дахиад л суудалгүй зогсоогоороо явах нь. Бүдүүн төмөр утсаар сүлжсэн тавиурын төмрөөс барилаа. Тэр цонхны хажууд сууж байна. Эргэн тойрны залхаж туйлдсан хүмүүсээс хол, түүн рүү хараад тасралтгүй ярьж буй найзаа одоо сонсохоо больж, хагардаггүй цонхоор нэвт гарч одсон өөр нэг ертөнц дэх гүүрээр холбогдож байв, бид хоёр. Тэр яагаад сурснаараа үсээ илээд, шанаагаа тулахгүй байна вэ? Баруун гараараа үсээ илээд, шанаагаа тулав. Хуруунууд нь эхний үеэрээ гадагшаа жаахан тахир болохыг би анх удаа харж буй мэт санагдлаа. Өдөржин бичгийн машин цохисоор тэр биз. Энэ гарыг нь атгаж тайтгаруулах хэмжээлшгүй их хүсэл надад төрөв. Тэр гэнэтхэн гараа тэвэр лүүгээ буулгаснаа, нөгөө гарынхаа доор нуулаа. Надад зөвхөн баруун гараас нь л барих хүсэл төрөх шиг. Бичгийн машины товчлуур товшсоор хуруу нь гадагш тахийсан. Усан онгоцноос буух үедээ би гараас нь барьж, тахийсныг нь засна.

Аргамж олсыг доош хэзээ ямагт өнөөх л улаан хамартай нөхөр лүү шидэж, хоёр бүдүүн дүнзний хавиралдах богино чимээг хүлээх зуураа би түүний хажууд—баруун гар талд нь—очиж зогслоо. Бид хоёр анх удаа л бие биедээ ийм ойрхон очлоо. Нуруу нь намсчих шиг санагдав. Би яагаад гар луу нь гараа сунгаж чадахгүй байна вэ? Бид ямар нэг юмнаас айж хулгаж байна гэж үү? Тэр гараа атгаад, хэдэн алхам цаашлан, над руу харав. “Бусниулахгүй байя; энэ бүхэн дуусахгүй байг,” гэх гэж байгаа юм шиг. Би зөвшөөрлөө. Ичих сэтгэл төрж байв.

“Аааа!”

Одоо бархиралдахгүй байсан ч болно. Би болчихсон, одоо очиж түүний гараас барихгүй. Түүнийг, ням гарагт ч ажилладаг оёдолчин бүсгүй биз гэж таамагласан найзынх нь гэрт хүргээд буцна. Ням гаргуудад ч биш, өдөр бүхэн түүнээс салмагцаа, ахындаа идэх ёстой оройн хоол—“долоон цагийн”—ойртож байгааг мэдээд гуньхарна. Хагас цаг үргэлжлэх энэ зовлон минь, нэг орой ах халааснаасаа цагаа гаргаад, “Манайх оройн хоолоо долоон цагт иддэг. Чи арван дөрвөн минут хоцорлоо,” гэж тунхаглахад ч, зургаан настай үеэлийн минь ширээ тойрон суугчдыг гайхширахад хүргэсэн ил тод байдлаар, “Авга минь дээ, та яагаад ч ажил олохгүй юм байна!” гэж хэлэхэд ч эхлээгүй. Үүнээс бүр өмнө эхэлсэн. Энэ хотод, тэр айлд ирснээс минь хойш хоёр дахь долоо хоногийн нэг орой хоолыг ах минь тавагласангүй. Ах будмал, цэв цэх бэр эгчийн маань хажууд, над руу харахгүйн тулд зориуд урагш гөлийн, “Миний сэрээ хаана байна?” гэж ирээд хайдаг хөнгөн цагаан, нимгэн сэрээ рүүгээ хараад сууж байв. Надад төмпөнтэй хоолноос аль муухан хэсгийг нь аягалах ажлыг хадам ээждээ шилжүүлсэн ах минь, намайг хөтөлсөөр анх удаа кинотеатрт аваачсан, зун дуусах үед мөн энэ хот дахь нэг лицей сургуульд сурахаар явах өдөр нь ойртох зуур манай хавийн том хүүхдүүдэд намайг битгий зодоорой гэж мөнгө тарааж байсан ах минь шүү дээ. Магадгүй үүнээс өмнө, энэ айлд анх хөл тавихдаа ажил хайж яваа гэж худал хэлснээ бодоход, тэр шөнө л миний зовлон эхэлсэн байх. Бэр эгч минь будмал, цэв цэх хэвээр, гэхдээ тэр үед бэр эгч инээж байлаа. Ах минь намайг тэврээд үнссэн. “Эхнэр чинь хаана байна?” гэж асуусан. Би, “Байхгүй. Өчигдөр орой яваад өгч,” гэхэд минь, ахын царай хувьсхийх шиг болсон; ялангуяа дуу нь! “Тэгээд чи одоо яах гэж байна?” гэхэд нь, би даруй арга бодож, “Ажил хайна,” гэж билээ.

Нэг сарын турш, шөнө нь надад гаргаж өгдөг жижиг, харанхуй өрөөнд, тэдэнд байгаагаа мэдэгдүүлэх сулхан ханиах чимээг минь ч дарж чадахгүй хөнжлийн доор, тэднийд байхгүй юм шиг, хэзээ ч байгаагүй юм шиг хэвтсэн орны доороос шал цөмөрч, би ёроолгүй нүхэнд хурдтайгаар унаж байгаа мэт санагдах цаг мөч хэдэнтээ тохиосон. Ийнхүү толгой эргэн унах явдал ноднин зунаас хойш бий болсон юм. Эндээс холгүй нэгэн жижиг хот дахь гэрт маань зарим шөнө доорх шал маань цөмрөөд алга болчихдог байлаа. Би хоосон орон зайд самгардахдаа эхнэрийнхээ биеийн үснээс зуурна. Эхнэр минь хэзээд миний хажууд байдаг сан; гэхдээ би дөрвөн жилийн өмнөөс эхнэрийнхээ нэрийг мартсан. Ах минь, “Яалаа гэж дээ, дүү минь; хүн таван жил ханилсан ханийнхаа нэрийг яаж мартах вэ дээ. Алив, хэл дээ,” гэнэ. Би дуугаа хураана. “Яалаа гэж дээ, дүү минь. Наад мэдрэл чинь зүгээр үү?” Дараа нь, ах өөрөө эхнэрийн минь нэрийг хэлнэ. Хүн бүрийн мэдэх тэр нэрийг. Гэхдээ эхнэрт минь, зөвхөн бид хоёрын мэдэх өөр нэг нэр бий; би тэр нэрийг дөрвөн жилийн өмнө мартсан. Гэлээ ч эхнэр минь шөнөдөө хажууд минь байна. Манай гэр уул руу харна. Жижиг хотод юм бүхэн, хүн бүхэн, бүсэлхийнээсээ дээш нүцгэн тэр уул руу харж байх шиг. Уул хөдөлгөөнгүй, бат бэх. Намайг ажил дээрээ цааснаас толгойгоо өндийлгөх бүрд уул том цонхны цаана, өмнө минь дүнхийнэ. Цонхны нөгөө хажууд манай дарга Салахаддин Бэй сууна. Байнга хэвж, байнга чалчихад нь үрэгдэн үрэгдсээр дуусаж буй гэмээр жижиг эрүүтэй тэрээр хөгшин хараацайг санагдуулдаг. Ажлын өрөөнд орж ирсэн хүмүүсийг, “Тийшээ, тийшээ!” гэсээр манай ширээ рүү явуулна; байсхийгээд л нүдний шилээ арчина. Бид том өрөөнд тавуулаа. Амьдрал маань байнгын шаналалд захирагдан үргэлжлэх шиг санагдана. Бид, заримдаа хэт халуун байна гэж, заримдаа хэт хүйтэн байна гэж, зуухнаас утаа уугилаа гэж, хүн их явж байна гэж, эсвэл гутал яах ийхийн зуургүй хуучирлаа гэж гомдоллоно. Өрөөнд бичээч охин эзгүй үед, хүний санаанд оромгүй шалиг завхай онигоо ярилцан хөхрөлдөхдөө ч залхсан байдалтай. Түрүү зун, нэг орой би хөлсний толботой цааснаас толгойгоо өндийлгөн хартал Салахаддин Бэй эвшээж байв. Толгойгоо гэдрэг болгоод, нүдний шилний цаана арьс нь үрчийж бэлцийгээд, амаа итгэмээргүй том ангайлаа. Гэнэтхэн тэр оочин тоочин шүдтэй аман дотор нэг юм “тас” гэсэн. Гайхсандаа үрчлээс нь арилсан нүдээ аль байдгаараа бүлтийлгэн, сандлаасаа ухасхийн босохдоо хачин дуу авиа гаргасныг нь би санаж байна. Салахаддин Бэйн эрүү мултарчихсан, доош сул унжиж байв. Бид эвхрэлдэж ирээд хөхрөлдсөн. Өөр өрөөнийхөн ч ирцгээв. Салахаддин Бэйн жижиг эрүүг хуучин байранд нь орууллаа. Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралд нь гэнэтийн ийм өөрчлөлт гарсанд хүн бүр баяртай, инээлдсээр байр байрандаа суухаар явж, өрөө дахин мөнөөх уйтгар гуниг руугаа буцахад ч би түүн рүү харсаар байв. “Энэ хүн одоо эвшээж чадахгүй,” гэж бодлоо. Салахаддин Бэй хацраа үрж байх аж. Гэнэтхэн дотор минь уйтгар нөмрөөд ирэв. Өөдөөс харсан сандалд суугаад, эвшээж байтал эрүү нь мултарсан хүн Салахаддин Бэй биш, би байлаа. Анх удаа тэр шөнө доорх шал минь цөмөрсөн. Дараа нь үе үе. Би доош унангаа эхнэрийнхээ биеийн үснээс зуурна. Гурван сарын өмнө нэг өглөө дарга, “Салахаддин Бэй нас барсан гэнэ. Та нар хүсвэл оршуулгад нь очиж болно,” гэж хэлэв. Би очсон. Шарилыг нь буулгаад, нүхийг нь булсан. Булшин дээрх товгор луу ойртож ирсэн лам ээжийнх нь нэрийг асуув. Хараацай төрхтэй нэг эр, “Хүрисэр,” гэж хэллээ. Би энэ нэрийг мартахгүй гэдгээ мэдэж байв. Тэр шөнө би унангаа эхнэрийнхээ биеийн үснээс жинхэнээсээ зуурсан. Эхнэр минь ориллоо. Өглөө нь яваад өгсөн байв. Ажил дээр дарга ширээний минь өмнүүр өнгөрөнгөө, над руу нэг, хажуугийн хоосон сандал руу нэг хараад, юу ч хэлэлгүй яваад өрөөндөө орчхов. Гэхдээ маргааш нь хэлэхээ хэлнэ гэдгийг нь би мэдэж байлаа. Ширээнийхээ дээд шургуулгыг татаад, халаасны хутгаа авч халаасаллаа. Эхнэр минь үдэд ч ирсэнгүй. Би төмөр шүүгээнээс хоолны төмпөнгөө гаргалаа. Өчигдөр оройноос үлдсэн шанз дүүргэсэн чинжүү. Шөлөн дээр хөвөх ганц нэг хагас царцсан тосон дусалтай, жигшмээр харагдана. Таван жилийн амьдралын маань товч дүгнэлт нь юм шиг санагдав, энэ хоол. Бид байнга ийм тос багатай хоол иддэг. Мөнгө цуглуулж авсан, улаан дээр цагаан цэцэгтэй жинтүүнүүд болон чийдсэн хушганы модон зургаан сандлынхаа оронд суудал нь пүрштэй, хилэн бүрээстэй, сийлбэртэй хушганы модон зургаан сандал авахаар мөнгө цуглуулж байлаа. Би төмпөнтэй хоолоо шүүгээнд буцааж хийв. Унтлагын өрөөнд очиж, өөр нэг шүүгээгээ онгойлголоо. Мөнгөтэй хайрцаг алга. Тэгэхэд л сэтгэл минь амарлаа. Би илүү дутуу хувцсаа цүнхлээд, гэрээс гарав. Уул тэндээ хэвээр. Надад ийм хатуу, хөдөлшгүй сүмбэрлэсэн зүйл биш, харин хөдөлгөөнтэй, жигд гадаргуутай тэнгис хэрэгтэй. Хашааны хаалга түгжсэн эсэхээ санахгүй байна.

Би жижиг хотоос дайжаагүй; шууд ийшээ ирсэн. Далай руу, ах руугаа ирье гэсэн юм. Гэтэл анхны оройдоо л ахдаа худлаа хэлсэн шүү дээ. Тэгээд л миний ажил хайж байгаа гэдэг өдрүүд эхэлсэн. Өглөөгүүр, таазанд ойр урт нарийн цонх нь улам л харанхуй болгодог өрөөнөөсөө гараад, гутлаа өмсөнгөө нээж хаах бүрд чахардаг дахиад нэг хаалга үлдсэн гэдгийг бодоод, хулгасхийн түр хүлээзнэнэ. Гэхдээ л гэрээс гардгаараа гарч, хүн зон үймсэн газар луу явна. Хүмүүст итгэсэндээ биш л дээ; энэ миний хувьд, харилцан бүхий л боломжоо ашиглахад “би бэлэн,” гэсэн утга агуулна. Гэхдээ үйл явдал өөрийнхөөрөө өрнөөсэй гэж би хүсэж байлаа; гарснаасаа хойш... би хэнтэй ч ярихгүй. Ихэнхдээ усан онгоцоор Каршыяакад очно. Тэнд, тэнгисийн дээгүүр тэгнэсэн, одоо ажиллахаа больсон казиногийн доор сууна. Тэнгис хөлийн минь доор; заваан, муухай үнэртэй. Усанд үргэлж долоолгодог ч тэсэж үлдсэн хуучин казиногийн замаг тогтсон, зузаан суурь хөл, эрэг дээрх ногоовтор хад чулууд ямар тэвчээртэй юм бэ гэж би гайхна. Гэсэн ч яаж ийгээд намайг олоод ирсэн үхэрт уурлаж, том хайрган дээр суусаар өгзөг минь өвдөн, дотор минь хонхолзоход бага тостой хоолоо ч үгүйлэх үе гардаг сан. Амиа егүүтгэгчид үнэндээ амьдралд хамгаас хайртай хүмүүс юм гэх бодол төрнө. Дараа нь, нэг л өдөр “маргааш” гэж өөртөө хэлж чадлаа. Тэнгист бол хамгаас зүгээр. Ер хажуугийнхаа замагтай, хүйтэн гүехэн газарт биш, харин бусдын гүн гүнзгийд дуусъя. Бусдаасаа ялгарах юмгүй, байдаг л нэг өдөр; гэхдээ би усан зогсоол руу ойртох тусмаа өөрчлөгдөж байх шиг. Хуучин цагт, усан онгоцонд тасалбараа сунгахдаа ч цонхоор харсаар байдаг тэр хүн би биш юм шиг. Одоо би байнга хүмүүс рүү харна. Магадгүй, найдваргүй орь дуу байсан биз, энэ; гэвч хэн ч тоож үзэхгүй. Зориуд өөдөөс нь цэх ширтсэн нэг хүн надаас зугтаангаа хөмсгөө зангидав. Эсвэл одоо тэдний дунд байхгүйг минь анзаарчихсан юм болов уу? Маргааш өглөө нь гутлаа өмсөнгөө дахиад л зогсосхийж, хаалга чахрах нь гэж болгоомжилсон минь хачин хэрэг шүү. Амьд байх сүүлчийн өдрөө ч эднээс аврагдаж чадахгүй юм санж. Би хаалгаа савалгүй хаалаа. Бүр тэр үед л, “За тэгвэл, маргааш,” гэж хэлсэн. Маргааш гарахдаа хаалгаа савна.

Гурав дахиа “Маргааш” гэсэн тэр өдөр. Каршыяакад суусан усан онгоц өдөр өдрийнхөөс илүү хурдан дүүрч байв. Цагаа хартал: 17:10. Ажлаасаа тарж яваа хүмүүс. Миний урдах хоосон урт вандан сандал дээр хоёр охин, хоёр залуу суув. Охидын хар үстэй нь цогтой, онигордуу нүдтэй. Ийм нүдтэй хүн унтаж чадахгүй, нүдээ амархан аньж чадахгүй гэж би боддог сон. Тэд хоорондоо ярилцана. Ялаа шумуултай, уйтгартай өрөөнөөс гарсандаа баяртай байсан биз. Салахгүй наалдсан харцтай, хар үстэй залуу нь хажуугийнхаа шар үстэй охины чихэнд ойртож нэг юм хэлэв. Охины, “Өвөр дээр минь суугаад яахыг минь хар л даа,” гэж шивнэх нь сонсогдлоо. Нөгөө охинтой нь би яг тэр мөчид харц тулгарсан. Завхай онигоо ярилцдаг, тоос дарсан өрөөнд байж таарахааргүй, цэвэр, хөөрхөн царайтай—Би гэнэтхэн эхнэрийнхээ мартсан нэрийг санав—бусдаасаа ялгаатай нь, ямар ч гайхуулсан, дүр эсгэсэн, увайгүй өөрийгөө хамгаалсан төрх энэ охинд алга. Бусдаасаа ангид гэдгээ мэдэх учир тэдэн рүүгээ хүлцэнгүй янзаар харан, “Тэд ийм. Надад эдэнтэй цуг амьдрахаас өөр арга үгүй,” гэж байв. Би тэднийг нь таних юм шиг санагдлаа. Салахгүй наалддаг эрчүүд; тэдний энэ занг нь их юманд тооцож биеэ тоодог охид; өвөр лүүгээ татахын тулд эхний алхмыг өмнө нь зогсох эмэгтэйгээс хүлээдэг, ичгүүр сонжуураа алдахаас огт буцахгүй, нэг үсэг алдаж бичсэнийх нь төлөө, нэг бол жигтэйхэн намбатай, үгүй бол хачин хуйсганасан аашаараа уурлаж загнадаг дарга нар. Түүнийг өрөөнөөс гарахад нь дотор болсон үйл явдлын ул мөрийг царайд нь хайдаг, хайгаад олж харсан гэж өөрийгөө дүгнэдэг хүмүүс. “Шөнөжин унтаж чаддаггүй, өдөржин бичгийн машины өмнө суудаг хүнд хааяадаа нуугдах оромж хэрэгтэй. Би бэлэн байна,” гэж би түүнийг дуудлаа. Тэр итгэсэнгүй. Найзууд руугаа эргэж харангаа, “Чи ч гэсэн тэдний нэг биш гэж үү!” гэж байх шиг. Би гомдсонгүй. Тэр нэг л өдөр итгэнэ. Би цонх руу эргэж хараад, тэнгисийг харлаа. Гэнэтхэн бие зарсхийв: за өнгөрсөн, би дахин шинээр бий болсон. Усан онгоц хурдаа сааруулж, тэр босоод, “За, баяртай,” гэх хүртэл би тэнгисийн мандал нарны туяанд гялбалзахыг харсаар байв. Түүний дараахан бослоо. Гэрийг нь олж мэдье. Тэр доор, шахцалдсан хүмүүсийн дунд байна. Би морины сүүл шиг боосон үснээс нь харцаа салгалгүй араас нь дагалаа. Бид дөрвөлжин дөрвөлжин чулуун хавтан зүйсэн урт гудамж, олон машин шавсан хавчиг талбай, төмөр замаар өнгөрөв, “Эргэж битгий хараасай,” гэж би өөртөө хэлж байлаа. Тэр эргэж харсангүй. Гөлмөн төмрөөр бүрсэн том байшингуудын өмнүүр гарч, зүүн гар талын гудамж руу эргэв. Би гэнэтхэн сүмийн намхан баганыг харлаа. Даруй дороо зогсов, харин охин цааш алхалсаар. Намхан, бүдүүн багана өмнө минь харагдана. Нурж унах вий гэж эмээсэндээ буулгачихдаг хуучин барилгаас үлдсэн зузаан дүнзээр барьсан мэт санагдах, дээр нь хүүрзгэнийн сүүдэр тусаад наалдчихсан юм шиг гүн тугалган өнгөөр будсан давжаа багана намайг түүний суудаг гудамжинд хөл тавихыг, гэрийг нь мэдэж авахыг хориглож байх шиг. Ямар ч чичиргээнд нурахгүй, хуучин бат бэх барилгын өөртөө итгэх итгэл намайг цааш алхуулалгүй хорьж тогтоож байсан биз. Би баганын цаадах гудамж руу орсон охины араас явалгүй буцлаа. Өмнө минь гарч ирсэн багана ердөө шалтаг байсан биз; түүнийг, гэрийг нь мэдэж авах биш, харин өөрөө дотроо төсөөлөх хүсэл надад төрсөн байх. Тэгээд төсөөллөө. Ядуу гудамж дахь дан байшин. Хоёр цонхондоо хоёр хоёр ваартай цэцэгтэй. Тэр ажлаасаа ирмэгцээ юун түрүүнд цэцгээ усалдаг. Оройн хоолны ширээг тэр засдаг. Ээж нь, “Охин минь цор ганц шүү,” гэнэ. Аав нь... Аавыг нь ярилгүй өнгөрөөе. Тэр доороо дөрвөн дүүтэй. Найман настай дээрээсээ гурав дахь дүүдээ хамгийн их хайртай. Өнөө орой тэр дүүдээ гар урлалын цаасаар хүн хайчилна. Хүү цэнхэр өнгөнд дуртай; цэнхэр өнгийн цаасаар хайчилъя, хүү гайхаг. “Эгч ээ, энэ хүн надтай төстэй юм,” гэж хэлэг. Тэгэхээр нь охин доош тонгойн дүүгээ хамар дээр нь үнсэнэ. Үргэлж хамрыг нь үнсдэг. Хүүгийн хурууны өндгөөрөө хамраа үрэх нь таалагддаг. Хоёр дүүтэйгээ цуг унтдаг өрөөнд нь шөнө бүр түүнд дуулддаг холын галт тэрэгний дууг сонсохоосоо өмнө нэг цаг бодно. “Нэг цагийн дараа унтана,” гэж би өөртөө хэлж байлаа. Энэ чухал. Тэр унтана. Тэр орой доорх шал минь цөмрөөгүй.

Би маргааш нь үд дуусахын алдад, сардаа анх удаа гутлаа тослуулав. Усан зогсоолын хүлээлгийн танхимд орж, нээлттэй цонхны өмнө зогсоход минь цаг эрт байлаа; биднийг авч явах усан онгоц холоос, бараа нь томорсоор айсуй. Түүнийг ойртох тусам ард минь гарах сулхан чимээ чангарч байв. Би арагш эргэн харж, тэр дуу чимээн дунд түүнийг харна гэхээс тэсэж ядаж байсан ч биеэ барилаа. Дотор орсон хойноо л түүнийг харъя. Усан онгоц ирж зогслоо. Би дуу чимээ намжиг гэж хүлээн усан онгоц руу алхаллаа. Тэр дээр, хүн зоны дунд нүд гүйлгэн хайснаа, намайг олж хармагцаа, цааш нүд гүйлгэн хайхаа болив. Би гэнэтхэн их аз жаргалд умбалаа. Тэр, шөнө унтжээ. Уучлангуй харцаар над руу харна; суудалгүй зогсож яваад минь харамсаж байх шиг. “Санаа зовох хэрэггүй, би ажрахгүй,” гэж би дотроо хэлж байлаа. Би тэлж томорч байх шиг; гэхдээ тагийг нь авсан тогооноос гарах утаа шиг сэмэрч таралгүй, харин хатуурч байв. Гар минь атгасан төмрөөсөө илүү нягт; гараа зангидвал улам бүр хатуурах юм шиг. Одоо намайг зогсоогоороо зорчиж явна гэж санаагаа чилээдэг хүн бий, энэ хорвоод. “Ердөө чамайг шөнө унтаг гэсэндээ би оршин байх болно,” гэж би өөртөө хэлнэ. “Өдрийн турш нэгэн хэвийн чимээнээс залхахад чинь чамайг усан онгоцонд хүлээх хүн байгаа шүү гэж бодоосой гэж.”

“Дүү хүү, Чынарлы руу яаж явах вэ?”

Өтгөн хар сахалтай хүн ингэж асуужээ. Уйтай хүн. Би баруун гараа сунгалаа.

“Энүүгээр.”

Мань эр дахиад нэг юм асуух гэж байгаа юм шиг зогсосхийснээ асуулгүй яваад өгөв. Урдуур минь нэг такси хурдтай өнгөрлөө. Тэр өнөөдөр яагаад оройтов? Би гараа цагны халаас руугаа явууллаа. Цаггүй болсондоо гурван хоног дасаж чадахгүй л байна. Борооны цув авах гэж цагаа зарсан ч цаг агаар бүр хүйтрэг гэж хүлээн, хараахан цув аваагүй. Гутал ч муудсан, гэхдээ шинийг авч чадахгүй, хуучин хувцасны захаас багахан өмссөн гутал л авч чадна. Гэрт, хаалганы гадаах шинэ гутлыг минь хараад толгой сэгсэрцгээхийг нь бодохоос, энэ тухай тасралтгүй бодохоос айж байна. Дахин нэг такси өмнүүр минь өнгөрлөө. Энд түүнийг анх хүлээсэн ням гарагт, ердийн үед хүн хөдөлгөөн ихтэй байдаг гудамж тэгэхэд хүнгүй шахам байхыг хараад гайхсанаа санав. Үд болтол, ням гарагт түүнийг харахгүйгээ мэдэхийн шаналалд автаж, далайн эрэг дээр загас барьж буй хүмүүсийг ажигласан. Үдээс хойш нь тэсээгүй, магадгүй гараад ирэх ч юм билүү гээд ийшээ ирж зогссон. Гэрээсээ гарч ирвэл, хүлээнэ гэж огт бодоогүй өдөр түүнийг хүлээж байгааг минь хараад гайхах байв. Тэгж гайхаж баярлаж байгааг нь харах гэж л би ийшээ ирлээ, хэмээн би өөртөө хэлж байлаа. Өгзөг минь өвдөж эхлээд, налж суусан чулуун хашааны сүүдэр уртсан уртассаар гудамжны дунд хэрд хүрэхэд л тэр гудамжнаасаа гарч ирэв. Намайг хараад харцанд нь оч үсэрч, зогсосхийсэн ч буцаж явсангүй. Одоо надад үнэхээр итгэдэг болжээ. Ойртож яриа өдөхгүй гэдгийг минь мэдэж буй учир амгалан тайван, урд минь гараад алхална. Найзындаа орохоор нь би буцаж явлаа. Үүнээс хойш, би түүнийг зөвхөн усан онгоцонд, усан онгоцноос намхан багана хүртэлх замд биш, ням гаргуудад ч харах болно.

Хамгийн сайхан нь усан онгоц. Тэр баруун гараараа үсээ илээд, шанаагаа туллаа. Хэний ч хараагүй, хоёр үзүүрт нь зөвхөн бид хоёрын байж, өөр хоорондоо холбогдох, хүний үснээс ч нарийн тэр гүүрээ бид үүсгэнэ. “Юу гээч, чи намайг үгүй болохын ирмэгээс буцаасан. Бид хоёр биеийнхээ төлөө оршин байна,” гэж би хэлнэ. Би өөрийгөө түүнд хэрэгтэй байлгахыг хичээж байсан биз. Хорвоо ертөнцөд өөр хүмүүс ч оршин байдгийг би уучилж байна. Усан онгоцыг барьсан ажилчид, үүнийг усанд жолооддог хүмүүс, усан зогсоолд аргамждаг улаан хамартай нөхөр, талхыг маань жигнэдэг талхчин, ах минь, бүх хүн, бидний төлөө оршин байна. Бидний төлөө, гар нийлүүлэн ажиллаж, энэ аяллыг бий болгосон. Би одоо ийнхүү усан онгоцоор зорчихын тулд л амьдарч байх шиг. Бүхнийг ийнхүү зорчихтой холбоотой үнэлж дүгнэнэ. Цагаа хараад, “Дор хаяж хоёр сар усан онгоцоор явах үнэд хүрнэ,” гэж бодож байлаа. Мөнгийг минь суйлчих вий гэж гэж түгшинэ; хүмүүсийн дунд орохоороо зүүн гараараа дотор халаасаа дарна. Усан онгоцонд суух мөнгөгүй болох вий гэхээс айна. Нойр хулжин хэвтэх шөнүүддээ хулгай хийх тухай бодолд автаж, бүхнийг нарийн тодорхой төлөвлөнө. Гэхдээ яагаад ч юм бүү мэд, зүүдэндээ хүртэл өөрийгөө эцэстээ баригдаж байгаагаар зүүдэлж, уй гашууд автсаар сэрнэ. Мөнгө багасах тусам түгших минь нэмэгдлээ. Өглөөгүүр төв вокзал руу явж эхлэв. Галт тэрэгнээс цүнхээ барьсаар буух хүнийг хараалаад, хулгасхийн ойртоно. “Эрхэм ээ, би цүнхийг тань барьж явж болох уу?” Хүмүүс над руу нэг харснаа юм хэлэлгүй яваад өгнө. Тэгэхээр нь би айдаст автаж, уйлмаар санагдана. Дараа нь би заль сурсан. Мөнгийг, яг тэдний олж авсан аргаар, заль мэхээр олж авах хэрэгтэй байв. Аль байдгаараа айж сүрдсэн харц нүдэндээ тодруулан, “Би үдийн хоолоо олж идэх гэсэн юм аа, ноёнтоон, цүнхийг тань барьж явж болох уу?” гэнэ. Энэ арга хэзээд амжилт олно; хүмүүс таксинд суух үедээ, зовсон хүнийг хооллож байгаадаа сэтгэл хангалуун янзаар, цаасан мөнгө гарт минь атгуулна. Би өршөөмгүй хоёр нүүртэй загнасан гэдгээ мэдэхийн дээдээр мэдэх ч, “Миний хийсэн үйлдэл тэднийхээс өөр. Тэд хөлөг онгоцны ирж буцах тасалбарт сэтгэл нь ханахгүй, хөлөг онгоцыг тэр чигт нь худалдаж авахыг хичээдэг. Гэтэл би ахындаа амьдрахыг, оройн хоолыг нь идэхийг тэсэж тэвчиж байгаа биш гэж үү?” хэмээн өөрийгөө өмөөрнө. Гэсэн ч явуулын загасчнаас үдийн хоол авч иднэ.

Хүн бусдын оршин байдгийг уучлахтай зэрэг, нэг талаас харах юм бол, тэдэнтэй ижилсэхээс өөр аргагүй. Тэр хагас сайн өдөр түүний гараас атгах хүсэлд автана гэдэг минь бүр долоо хоногийн өмнөөс тодорхой байсан. Гэхдээ тэр үед би үүнийг мэдээгүй. Өнөө бий болгосон гүүрэн дээгүүрээ түүнд улам ойртох гэж л тэр шүү дээ гэсэн бодол надад төрж байлаа. Заримдаа би, “Үсээ морины сүүл шиг боосон чинь чамд зохиж байна,” гэнэ. Заримдаа, “Чи уруулаа будсан юм уу? Өөр хүн уруулаа будахад би дургүй, гэхдээ чамд бол зохижээ,” гэнэ. “Чи ямар хөөрхөн юм бэ? Гуйя, жаахан царай муутай болооч.” Тэр ийнхүү хэлснийг минь ойлгодог болов уу? Над руу нэг л түгшингүй харна. Тэгээд мөнөөх хагас сайн өдөр тохиов. Дээд үеэрээ гадагшаа бага зэрэг тахир хурууг нь атгаж тайтгаруулахыг хүсэх минь ердөө л шалтаг гэдгийг би мэдэж байлаа. Хоёр долоо хоногийн турш түүнд ойртохдоо ичиж бэргэж байв. Үүнээс ч бүр дор нь, тэр ч бас ичиж байв. Хагас сайн өдрийнх шигээ зоригтой байхаа больсон; очоод гараас нь баривал тэр гайхахгүй. Өчигдөр гудамж руугаа эргэхдээ итгэлгүйхэн харсныг нь би мартаж чадаагүй. Гарцаагүй төгсгөл ирнэ гэдгээс бид хоёр хоёул айж байх шиг. Энэ бүхэн өмнө нь олон хүний орж явчихсан тэр мухардалд хүрч төгсөхийг болиулж болохгүй гэж үү? Аврал байхгүй юү? Тэр яаж байгааг мэдэхгүй, харин би бол хичээж байна. Өрөөл бусдаар хөл дээрээ гишгүүлж, өөрийгөө түлхүүлж нудруулж байна. Гол нь тэднээс зүрх мохох; гэхдээ зүрх минь тийм удаан хугацаагаар мохохгүй. Шөнө нь хар дарж зүүдэлнэ. Би хамрыг нь үнсэх гэж байгаа мэтээр ойртоод, үнэндээ уруул дээрээ үнсэнэ. Ядахад тэр уруулаа татаж авахгүй, уруулд минь тушааж орхино. Би сэрээд, уйлмаар санагдана. Айдаст автан, доорх шал минь цөмрөг гээд хүлээнэ. Шал цөмрөхгүй, гэсэн ч би хэзээд сонор сэрэмжтэй, хүлээнэ.

Тэр өнөөдөр яагаад оройтов? Гадагшаа гарахгүй юм болов уу? Өвдсөн юм биш биз? Өгзөг минь түүнийг анх хүлээсэн өдрийнх шиг өвдөнө. Намхан багана нөгөө л янзаараа өмнө минь торойсоор. Би намхан баганаас доош нүд гүйлгэлээ. Эсрэг талын гудамжны эхэнд нэг хүүхэд зогсоод над руу харж байна. Хүү араасаа түлхүүлсэн юм шиг гүйсээр ирээд, гараа урагш сунгав.

“Эгч минь үүнийг явууллаа.”

Би өгсөн цаасыг нь авав. Тэгэхээр, тэр өвчтэй байсан юм шив. Хүүхэд ирсэн шигээ л гүйсээр явж одлоо. Дуудаж зогсоох, ямар нэг юм асуух хүсэл надад төрсөн ч, юу асуухаа мэдсэнгүй. Цаасыг нь дэлгээд уншлаа: “Би нэг л өдөр тэсэлгүй хүзүүгээр чинь тэвэрчих юм шиг санагдаад өөртөө итгэхээ болилоо. Энэ бүхнийг бусниулахгүй байх цор ганц арга бий: Эндээс явах. Би дээд сургуульд сурахаар өөр хот руу явлаа.”

Тэгэхээр явчихсан юм биз дээ. Гэнэтхэн газар ан цав гарч цөмөрчих шиг болов. Нүүрний минь арьс хөндүүрлэн татагдаж, нүдний минь тойронд хумигдаж байлаа. Нүдээ аних зуур, намхан багана надтай цуг нурж харагдав. Бид хоёр ёроолгүй, хав хар нүх рүү хамаг эрчээрээ унаж байна. Шавардаагүй хана нурууг минь өвтгөнө. Дараа нь бүгд нэгэн зэрэг зогсчхов. Би нүдээ нээлээ. Намхан багана, гөлмөн төмөр бүрээстэй байшингууд, нухсан чидуны үрийн өнгөтэй талбай, дөрвөлжин чулуу зүйсэн гудамж, эргэн тойрны минь эмх цэгц дунд, хөдөлгөөнгүй, байсан байрандаа харагдана. Би нуруундаа үүрсэн зузаан ханаа суурин дээр нь буулгаж орхиод явлаа.

No comments:

Post a Comment