Saturday, December 21, 2024

Пол Боулз | ЛАЧЕН, ИДИР ХОЁРЫН ТҮҮХ

 

Пол Боулз (1910 – 1999) америк хөгжмийн зохиолч, зохиолч, орчуулагч. 1947 онд Морокко улсын Танжер хотод очиж, насан эцэслэтлээ тэнд амьдарсан. Францын харьяаны Умард Африкт үйл явдал нь өрнөдөг “Бүрхэгч тэнгэр” (1949) хэмээх анхны романаараа шүүмжлэгчдийн болон уншигчдын анхаарлыг татжээ. 1947 онд Боулз тухайн үед “Танжерын олон улсын бүс” нэртэй байсан Танжерт суурьшиж, дараа жил нь эхнэр нь түүнийг дагалдсан байна. Уг хот дахь америк цагаачдын гол төлөөлөлд тооцогддог Боулзын бүтээлүүд уг хотын уугуул иргэд болон цагаачдын талаар голдуу өгүүлдэг.

 

 


 

 

Пол Боулз | лачен, идир хоёрын түүх

 

 

Лачен, Идир хоёр найз Меркала дахь далайн эргээр явж байв. Хадны хажууд нэг охин зогсоно; желаба[1] нь салхинд хийснэ. Лачен, Идир хоёр охиныг хараад зогслоо. Зогсоод охиныг харлаа. Лачен, “Үүнийг таних уу?” гэв. “Үгүй, ер хараагүй юм байна.” Лачен, “Очиж харъя,” гэлээ. Тэд охин эрэгтэй хүнтэй хамт явж байж магадгүй гэж болгоомжлон, эргээр нүдээ гүйлгэн харсан ч хүн амьтан харагдсангүй. Лачен, “Явдалтай охин байна,” гэв. Охины хажууд бүр ойртоод насаар бага болохыг нь харлаа. Лачен инээд алдаад, “Ядах юмгүй,” гэлээ. Идир, “Чамд хэр мөнгө байгаа юм?” гэж асуув. Лачен, “Би яалаа гэж түүнд мөнгө төлөх юм?” гэж хашхирав.

Идир, Лачений охиныг зодох гэж байгааг ойлголоо. (“Явдалтай охинд мөнгө төлөхгүй гэвэл зодохоос өөр аргагүй.”) Энэ санаа Идирт таалагдсангүй. Тэд өмнө нь хамтдаа охин зодоход дандаа гайтай явдал тохиолдож байв. Охины эгч эсвэл гэрийнхнээс хэн нэг нь цагдаад гомдол гаргана, эцэстээ хоёул шоронд орох болно. Лачен шоронд битүү газар байхаараа тэсэж ядан бачуурдаг. Тиймээс аль болох шоронд орохгүйг хичээнэ. Ихэнхдээ ч шоронд оролгүй мултарч дөнгөнө. Лачен, Идир хоёрын ялгаа гэвэл Лачен архи уух, харин Идир өвс татах дуртай. Өвс татахаар хүн тайвширч, толгой амардаг, харин архи уудаг хүмүүс яг эсрэгээрээ, бүх юмыг эвдэж хэмхчих гэдэг.

Лачен цавиа нухаад, газар нулимав. Идир түүний удахгүй охины өмнө тоглох жүжгээ давтаж, охиныг хаана, хэзээ аваачихаа төлөвлөж байгааг ойлголоо. Санаа зовж эхлэв. Охин толгойгоо нөгөө тийш эргүүллээ. Салхинд дэврэх желабаны хормойгоо гараараа тогтоох барих гэж оролдож байв. Лачен Идирт, “Энд хүлээж бай,” гэж хэлээд охины хажууд очив. Тэд ярилцах зуур Идир охины уруул хөдөлж байгааг харлаа, учир нь охин гивлүүргүй байв. Охины бүх шүд алтан юм. Идир алтан шүдтэй хүүхнүүдийг үзэн яддаг. Учир нь тэр арван дөрөвтэйдөө алтан шүдтэй Зехра гэдэг явдалтай охинд дурлаад гологдсон. Идир, “Охиныг Лачен аваг,” гэж өөртөө хэллээ. Тэгээд ч асуудал үүсэхэд тэдний хажууд баймааргүй байв. Лачен шүгэлдэн өөрийг нь дуудах хүртэл Идир хөдөлгөөнгүй хүлээлээ. Дараа нь тэр хоёрын байгаа газар очив. Лачен, “Бэлэн үү?” гэж асуув. Охиныг гараас нь хөтлөөд, эргийн хадан цохионы хажуугаар явж эхэллээ. Идир Лаченд, “Орой болж. Би явалгүй болохгүй нь,” гэлээ. Лачен гайхсан ч юм хэлсэнгүй. Идир, Лачен рүү харан түүнд сэрэмжлүүлэх гэж, “Дараа болъё,” гэлээ. Охин Идирийг ичээж, түүнийг ч бас хамт явахаас өөр аргагүйд хүргэх гэсэн мэт хорсолтой хөхрөв.

Идир тэдэнтэй яваагүйдээ сэтгэл хангалуун байлаа. Мендоубын цэцэрлэгт хүрээлэнгийн инжир моддын хажуугаар явж байтал нэг нохой хавлав. Идир нохой руу чулуу шидээд онов.

Маргааш өглөө нь Лачен, Идирийн өрөөнд орж ирлээ. Дарс уусаар нүд нь авах юмгүй улайжээ. Газар суун, үзүүрийг нь зангидсан алчуур гаргаж ирээд, зангилааг тайлтал өвөр дээр нь алтан бөгж уналаа. Лачен бөгжийг Идир лүү сунгав. “Чамд авсан юм. Хямдхан.” Идир, Лачен өөрийг нь энэ бөгжийг аваасай гэж үнэхээр хүсэж байгааг ойлгоод, бөгжийг авч хуруундаа зүүгээд, “Аллах чамайг ивээг,” гэлээ. Лачен эрүүгээ маажин эвшээв. Дараа нь, “Би над руу харахыг чинь харсан; алхалсаар цайны газар очоод, тэнд хамгийн тохиромжтой гэж бодсон,” гэв. “Гэхдээ дараа нь цагдаа биднийг бариад Бу Хаж Хаж руу аваачсан тэр шөнө санаанд орж ирээд, над руу яаж харж байсныг чинь санасан. Охиныг тэнд орхиод, буцаж ирсэн. Завхай амьтан!”

Идир, “Тэгээд шоронд ороогүй гэж дарс уусан хэрэг үү?” гээд инээв.

“Үнэн шүү. Тэгээд л чамд энэ бөгжийг бэлэглэж байгаа юм.”

Идир энэ бөгж багадаа тавин дирхэм болно гэж мэдэж байлаа, бүр мөнгөгүй болбол зарж болох юм. Тэгвэл Лачентэй найзлахаа болино, гэхдээ өөрөөр яах билээ!

Лачен хааяа дарс барьсаар орой тэднийд ирнэ. Идир ороосон өвсөө татаж байх зуур тэр дарсаа ууна; тэд шөнө дунд хөтөлбөр дуусах хүртэл радио сонсоно. Дараа нь, шөнө дундаас бүр хойно, Драдебийн гудамжнуудаар өнгөрөн, Лачений найзын манаач хийдэг гараашинд очно. Тэргэл сартай бол гадаа гудамжны гэрлээс ч илүү тод гэрэлтэй болно. Саргүй бол гудамжинд хэн ч байхгүй, хүмүүс өглөө болтол онгорхой ажилладаг цайны газарт дээр үеийн хулгайчдын түүхийг, одоо үед хулгай хийх хүний тоо ямар их болсныг ярина. Одоо хэн ч хаана ч ажил олохгүй, хөдөөгийнхөн амьжиргаагаа залгуулах гэж үхэр, хонио зараад, хот руу нүүхээс өөр аргагүй болж байв.

Лачен, Идир хоёр хааяа нэг ажил гарвал ажиллана, бага сага мөнгөтэй, хэзээ ямагт гэдсээ цатгаад яваад болоод байна, Лачен хааяа өөртөө испани дарс авах мөнгө ч олдог байлаа. Идирийн мансуурах өвс харин нэлээд асуудалтай. Цагдаа нар мансууруулах бодистой тэмцэх хуулийг учиргүй мөрдөөд эхэлмэгц, өвсний олдоц муудаад, үнэ нь өснө. Дараа нь цагдаа нар өвсөө болиод, буу зэвсэг, бослого мөргөлдөөн гаргагчдын эсрэг ажиллагаа явуулж эхлэхээр зах зээлд өвс ихсэх ч хэдийн өссөн үнэ нь буухгүй. Идир ч татах өвснийхөө хэмжээг багасгахгүй. Гэхдээ тэр одоо өрөөндөө ганцаараа татах болсон. Цайны газар татах гэвэл байнга өвсөө гэртээ мартсан, хүний өвснөөс татах гэсэн хүн гарч ирнэ. Идир, Кафе Наках дахь найзууддаа өвс татахаа больсон гэж хэлээд, өөрт нь өвс сунгахад авдаггүй байв.

Идир орой эртхэн харивал цонхоо нээнэ, хотын нойрмог дуу чимээ өрөөнд нь орж ирнэ. Зун болохоор хүмүүсийн дуу чимээ гудамжинд багтаж яддаг. Идир худалдаж авсан сандал дээрээ суугаад, хөлөө өргөн цонхны тавцан дээр тавина. Ингэж суугаад өвс татангаа тэнгэр харах боломжтой. Лачен өрөөнд нь ирнэ, тэд ярилцана. Хааяа хамтдаа Эмсаллахад, тэндхийн мал нядлагын газрын хажууд ухаан санаа төдий эрүүлгүй хүүхний хоёр охинтойгоо суудаг барака руу[2] очдог. Ээжийг нь согтоогоод дотор өрөөнд нь оруулж хэвтүүлнэ. Дараа нь охидыг ч согтоогоод, мөнгө өгөлгүй шөнө тэдэнтэй унтдаг. Коньяк үнэтэй ч явдалтай охидод мөнгө төлснөөс хямд.

Зун дунд Сиди Касемд гэнэт жигтэй халуун болов. Хүмүүс гэрийнхээ дээвэр дээр орны даавуугаар майхан босгон тэндээ хооллож, тэндээ унтаж эхэллээ. Идир шөнө тэндхийн дээврүүд рүү хардаг байв; дээвэр бүр дээр салхинд түнтийн дэрвэх орны даавуун майхан харагдаж, орны даавуун дундаас дотор нь асах галын улаан цог сүүмэлзэнэ. Өдөр нь энэ цагаан даавуун тэнгис рүү тусаад буцаж ойх нарны туяанд Идирийн нүд гялбана. Тэр өрөөндөө байхдаа, цонхны өмнүүр өнгөрөхдөө гадагш хараагүй нь дээр гэдгийг ойлгожээ. Илүү үнэтэй өрөөнд, нарны туяа хаах хөшигтэй өрөөнд баймаар санагдана. Гадаах, тэнгэр бүрхсэн тод гэрлээс хамгаалах ямар ч аргагүй. Идир харуй бүрий болохыг тэсэж ядан хүлээнэ. Тэр нар жаргахаас нааш өвс татдаггүй байлаа. Өдрийн цагаар өвс татах дургүй, ялангуяа гадаа халуун, хурц нартай зуны өдөр өвс татах бүр дургүй.

Өдөр ирэх тусам гадаа улам халахтай зэрэг Идир өөртөө хэдэн өдөр хүрэх өвс, идэх юм аваад, гадаа сэрүүн болтол өрөөнөөсөө гарахгүй байхаар шийдлээ. Тэр долоо хоногийн хоёр өдөрт нь усан зогсоол дээр ажиллаж багахан мөнгөтэй болжээ. Идэх юмаа ширээн дээрээ тавиад хаалга түгжлээ. Дараа нь түлхүүрээ цоожноос нь сугалан ширээний шургуулгад хийв. Хүнсний сагсанд цаасан хайрцагтай, лаазтай идэх юм дунд сонинд ороосон томоос том багц өвс байлаа. Идир сонин дэлгээд, нэг мөчир гаргаж үнэрлэлээ. Дараа нь хоёр цагийн турш газар суулаа, навчийг мөчрөөс нь салгалаа, талхны модон дээр жижиглэн хэрчээд, нухлаа, холилоо, дахиад нухлаа. Энэ бүгдийг дахин дахин хийлээ.

Нэг удаа нар дээр нь тусахаар, халууцахгүйн тулд сууж буй газраа сэлгэх хэрэг гарав. Нар доош буухад өөртөө гурав дөрвөн хоног хангалттай хүрэх өвс бэлдсэн байв. Босоод саваа, уутаа аваад сандал дээрээ суугаад, өвс татаж эхэллээ. Энэ үед радиогоор, яг өдийд явдаг Соусси мухлагийнханд зориулсан Члох хөгжим явж байв. Цайны газар ийм хөгжим явбал хүмүүс даруй босож радиогоо унтраадаг. Гэхдээ нэг л хэвийн тасалдсан хэмнэлтэй накоусын[3] дуунд нь болж өвс татдаг хүмүүс ийм хөгжим сонсох дуртай байдаг.

Хөгжим удтал үргэлжлэв, Идир Тизнит дэх зах, шавар хананаас нь гадагш модны их бие гарсан сүмийг бодсоор доош харлаа. Өрөөнд нь одоо хэр нар туссаар. Нүд нь томоос том нээгдлээ. Шалны хулдаасан дээр жижигхэн шувуу чимээгүй явж байв. Идир сууж буй газраасаа ухасхийлээ. Өвсний саваа нь доош унасан ч, соруул нь хугарсангүй. Идир шувууг нисэж амжихаас нь урьтаж шүүрч авав. Хоёр алгаараа битүү таглахад шувуу огт хөдөлсөнгүй. Идир шувуу руу хараад энэ одоог хүртэл харсан хамгийн жижигхэн шувуу болохыг ойлгов. Толгой нь саарал, далавч нь хар цагаан. Шувуу ер айсан шинжгүй өөдөөс нь харж байв. Идир шувууг өвөр дээрээ тавиад сандалдаа суулаа. Гараа дээрээс нь авсан ч шувуу хөдлөлгүй байсаар. Идир, “Энэ ангаахай хэрэг, нисэж сураагүй юм байна,” гэж бодов. Саваагаа дүүргэн ар араасаа угсруулан өвс татлаа. Шувуу байрнаасаа огт хөдөлсөнгүй. Нар жаргасан байв, оройн туяанд айлууд аажим аажмаар хөх өнгөтэй болж байлаа. Идир эрхий хуруугаараа шувууны толгойг илэв. Дараа нь чигчий хуруундаа зүүсэн бөгжөө сугалж аван шувууны зөөлөн өдтэй толгойд углалаа. Шувуу ер тоосонгүй. Идир, “Шувуудын хаанд алтан зах зүүлээ,” гэж бодов. Дахин жаахан өвс татаад тэнгэр өөд харлаа. Удалгүй өлсөж эхлэв, шувуу ч бас жаахан талхны үйрмэг идэх байх гэж бодов. Саваагаа ширээн дээрээ орхиод, бөгжөө шувууны толгойноос сугалж авах гэв. Бөгжөө дээш нь татахад шувуу далавчаа дэвэн эсэргүүцлээ. Идир даруй бөгжөө тавихад шувуу эгц дээшээ тэнгэр өөд нисэж одов. Идир ухасхийн босоод, шувууг дагуулан хараад, ниссээр, харагдахгүй болмогц нь инээмсэглэв. “Өөдгүй амьтан!” гэж амандаа шивнэлээ. Хоолоо бэлдэж идсэнийхээ дараа нь сандалдаа суун, өвсөө татангаа, шувууны тухай бодов.

Лаченийг ирэхэд болсон бүхнийг түүнд яриад, “Ямар нэг юм хулгайлах гээд л хүлээгээд байсан юм санж!” гэлээ. Лачен дарс уужээ. Энэ бүхэнд уурлан, “Бөгжийг минь хулгайлсан хэрэг үү?” гэв. “Юу? Чиний бөгж юм уу? Чи надад өгөөгүй билүү?” Лачен, “Би одоохондоо ухаан санаа эрүүл байна,” гээд уурласан хэвээр гараад явчхав. Долоо хоногийн турш тэднийхээр ирсэнгүй.

Лачений өрөөнд нь орж ирсэн тэр өглөө Идир түүний бөгжний тухай ярихыг мэдэж байлаа. Тиймээс өмнөх өдөр нь нэг найзаасаа худалдаж авсан гутлаа даруй өөдөөс нь бариад, “Энэ хөлд чинь болох нь уу?” гэж асуулаа. Лачен сандалд суугаад гутлыг хөлдөө углав. Таарч байлаа. Идир түүнд, “Улыг нь солих хэрэгтэй, түрий нь бол бараг шинээрээ шахуу,” гэв. Лачен ч, “Түрий нь шинээрээ юм,” гэлээ. Арьсыг нь барьж, хуруугаараа шахаж, базаж үзэв. Идир, “Ав, ав,” гэлээ. Лачен үүнд баярласан байв. Тэр өдөр бөгжний тухай дурссангүй. Гутлыг гэртээ авчраад сайтар шалгалаа. Мөнгө төлж улыг нь солиулахаар шийдэв.

Маргааш нь испани гуталчинр уу очив. Гуталчин эр арван таван дирхэмээр улыг сольж өгнө гэлээ. Лачен, “Арав,” гэв. Удаан гэгч нь наймаалалцсаны дараа гуталчин үнээ арван гурав болгож буулгалаа. Лачен ч гутлаа тэнд орхиод долоо хоногийн дараа ирж авахаа хэллээ.

Лачен тэр өдрөө үдээс хойш Сиди Букнаделээр өнгөрч байхдаа нэг охин харав. Хоёр цаг, түүнээс ч удаан охинтой ярилаа. Гэхдээ тэд хашааны хажууд бие биеэсээ хол зогсохыг хичээн, ярилцаж байгааг нь хүмүүс ойлгох вий гэж харцаа доош буулгаад ярьж байв. Охин Мекнесийнх гэнэ. Тиймээс Лачен өмнө нь түүнийг хараагүй байж. Охин тэнд суудаг нагац эгчийндээ ирсэн гэнэ. Удахгүй дүү охин нь ч Мекнесээс ирнэ гэж байв. Лаченд энэ охин тэр жил харсан хамгийн хөөрхөн охин шиг санагдлаа. Гэхдээ л охины хамар, ам ямархуу гэдгийг мэдэх аргагүй, учир нь охин гивлүүр зүүжээ. Лачен охиныг өөртэй нь маргааш яг энд уулзахаар ятгав.

Тэд хоёр дахь удаа уулзахдаа Хафагаар удаан гэгч нь явлаа. Лачен охины өөрт нь талтай байгааг ойлгов. Гэхдээ охин нагац эгчийнх нь гэр хаана байдгийг ер хэлэхгүй байлаа.

Лачен охиныг өрөөндөө хоёр хоногийн дараа арай гэж авчирлаа. Охин бодсон шиг нь хөөрхөн байж таарав. Лачен тэр шөнө их жаргалтай байв, өглөө охин явах үед түүнээс огт салмааргүй байгаагаа ойлголоо. Нагац эгчийнх нь ямархуу айл байдгийг, охин бүхэл өдөржин юу хийхийг мэдэхийг хүсэж байв.

Ийнхүү Лачений хувьд хэцүү цаг мөч эхэллээ. Тэр зөвхөн охинтой цуг байхдаа, түүнийг оронд оруулсан үедээ, хажууд нь охин болон дэртэй нь зэрэгцээ гар хүрэхүйц газар лонхтой коньяк байхад л аз жаргалтай байдаг болов. Өдөр бүр охиныг явсны дараа охины дахин ирэх хүртлээ уулзаж болох эрэгтэй хүн бүрийг бодож хэвтэнэ. Энэ тухайгаа өөрт нь ярьтал охин инээгээд, өдөржин нагац эгч, Мекнесээс ирсэн дүү охин хоёртойгоо хамт байдаг гэж хэлэв. Гэсэн ч Лачен энэ талаар санаа зовсоор.

Гутлаа авах ёстойгоо арван дөрөв хоногийн дараа л нэг санав. Гуталчин руу явж байхдаа энэ асуудлыг хэрхэн шийдэхээ бодлоо. Идир түүнд тусалж болох юм гэж бодов. Охин Идир хоёрыг нэг дор хэсэг орхивол, Идир юу болсныг дараа нь өөрт нь ярьж болно. Охин Идиртэй унтахыг зөвшөөрвөл яах аргагүй явдалтай нэгэн гэсэн үг, тийм бол явдалтай охинд яаж хандах ёстой яг тэгж хандах хэрэгтэй. Лачен эхлээд түүнийг сайн гэгч нь гөвшөөд, дараа нь эвлэрч болно. Охин шууд хаячих аргагүй царайлаг. Гэхдээ Лачен, охин үнэхээр зөвхөн түүнийх үү эсвэл бусад эрчүүдтэй унтдаг уу гэдгийг мэдэх хэрэгтэй.

Лачен гуталчнаас гутлаа авах үедээ шив шинэ харагдаж байгааг нь хараад баярлав. Арван гурван дирхэм төлөөд гутлаа гэртээ авчирлаа. Тэр орой цайны газар очихоор гутлаа өмсөх үедээ хөлд нь таарахгүй байгааг мэдэв. Гутал хөлийг нь барьж байв, шинэ ул оёх үед гутлын хэв нарийссан байж таарах нь. Лачен хуучин гутлаа өмсөн гадагш гараад хаалгаа савж хаав.

Тэр орой охинтой хэрэлдэв. Охины уйлахыг болиулах гэж үүр цайтал аргадлаа. Нар мандах үед охин унтсаар байв. Лачен толгойгоо салаавчлан тааз ширтсээр гутлын ул солиулахад арван гурван дирхэм зарснаа, одоо бүхэл өдөржин гутлаа зарах гэж гадуур явахаа бодож байлаа. Охиныг эртхэн явуулаад, гутлаа барьсаар Бу Аракиа руу оров. Гуталд хэн ч найман дирхэмээс илүү үнэ хэлсэнгүй.

Үдээс хойш Жотежя руу очиж усан үзмийн ороонгын сүүдэрт суугаад, худалдагчдыг хүлээв. Уулаас ирсэн хүн арван дирхэм санал болгоход Лачен түүнд гутлаа зарлаа. Мөнгөө халаасандаа хийнгээ, “Дэмий газар гурван дирхэм алдлаа,” гэж цухалдан үглэв. Гэхдээ гуталчныг буруутгахын оронд, Идирийг буруутай гэж бодож байлаа.

Тэр өдөр үдээс хойш Идиртэй уулзав. Түүнд, оройн хоолны дараа найзтайгаа өрөөнд нь ирнэ гэж хэллээ. Дараа нь гэртээ харьж коньяк уув. Охиныг ирэхэд лонхтойгоо дуусгаад, согтсон байв. Урьд нь хэзээ ч байгаагүй тийм аз жаргалтай санагдаж байлаа. Охин гивлүүрээ авч эхлэхэд, “Хэрэггүй,” гэлээ. “Хоёулаа нэг тийшээ явъя.” Охин юм хэлсэнгүй. Тэд арын гудамжаар тойрсоор Идирийнд очлоо.

Идир сандалдаа суугаад радио сонсож байв. Эмэгтэй хүн ирнэ гэж бодоогүй аж. Охины гивлүүрээ авахыг хараад, зүрх нь толгой эргэм түргэн цохилж эхлэв. Охинд сандлаа өгөөд, дахиж эргэж харсангүй, орон дээрээ суугаад, Лачентэй ярьж эхлэв. Лачен охиныг ер тоосон шинжгүй байсаар, удалгүй босоод, “Гарч тамхи авъя. Удахгүй,” гэж хэлээд, гараад хаалгаа хаав.

Идир даруй гүйсээр очиж хаалгаа түгжлээ. Охин руу инээмсэглээд, хажууд нь ширээнд суугаад царай руу нь харав. Хааяа нэг өвснөөсөө сорсоор байлаа. Лачен яагаад ингэж удаж байгаад гайхаж байв. Эцэст нь охинд, “Тэр эргэж ирэхгүй,” гэлээ. Охин инээгээд мөрөө хавчив. Идир ухасхийн босоод, охиныг гараас нь хөтлөн ор луу аваачлаа.

Охин өглөө хувцаслаж байхдаа, Севилла зочид буудалд байрласнаа хэлэв. Энэ нв Медина дүүргийн яг төвд байх мусульман зочид буудал. Идир охиныг тийш нь хүргэж өглөө. Охин, “Чи өнөө орой ирэх үү?” гэж асуув. Идир хөмсөг зангидаад, Лаченийг бодож байлаа. “Шөнө дундаас өмнө ирэхгүй бол намайг хүлээх хэрэггүй.”

Идир гэртээ харих замдаа Кафе Накахаар дайрлаа. Лачен тэнд байв: Нүд нь байдгаараа улайсан, бүхэл шөнөжин унтаагүй шинжтэй. Идир дотогш ормогцоо Лачен түүний ирэхийг хүлээж байж гэж бодлоо. Учир нь түүнийг ормогц Лачен кахуажитай[4] тооцоо хийсэн юм. Тэр хоёр хамтдаа Драдебийн өргөн чөлөөг даган юу ч ярилгүй алхалсаар, Меркала дахь наран шарлагын газар тийш мушгиран эргэсэн замын эхэнд ирээд мөн л юу ч ярилгүй зам даган явлаа.

Тэнгисийн ус татарчээ. Тэд нойтон элсэн дээгүүр явлаа; жижиг давалгаа гутал долооно. Лачен тамхи татангаа, ус руу чулуу шидэв. Дараа нь, “Ямархуу байсан?” гэж асуув.

Идир мөрөө хавчаад, “Нэг шөнө унтахад боломжийн,” гэлээ. Дуу нь чичрэх вий гэж болгоомжилж байлаа. Лачен болгоомжгүй загнан, “Хоёр шөнө унтахад ямар вэ?” гэх шахав. Гэхдээ Идирийн тэр шөнийн тухай ярихыг хүсэхгүй байгааг ойлголоо. Тэгэхээр энэ бүхэн Идирт чухал гэсэн үг. Царай руу нь хараад Идир охиныг өөртөө авах хүсэлтэй байгааг гарцаагүй ойлгов. Охиныг аль хэдийн алдсанаа мэдээд, гэхдээ яагаад анхнаасаа ингэж бодоогүйдээ гайхлаа. Охиныг Идирийнд аваачих болсон шалтгаанаа ч санахгүй байв.

Лачен, “Би ямар чамд тус болох гэж охиныг танайд авчирсан юм уу?” гэж хашхирав. “Үгүй, сидил[5]. Чиний үнэхээр найз мөн бишийг шалгах гэж чамтай цуг орхисон юм. Гэхдээ одоо ямар найз болохыг чинь харлаа! Чи ёстой хилэнцэт хорхой юм!” Идирийг заамдаж аваад нүүрэн дундуур нь дэлсэв. Идир гуйвсаар арагш хэд алхаад, зодолдоход бэлдлээ. Лачений үнэнийг ойлгосныг, одоо ярилцаад байх юм үлдээгүйг, зодолдохоос өөр арга замгүйг мэдэж байв. Хоёул нэл цусандаа хутгалдан, амьсгаагаа дарж ядан байх үед Идир цахилгаан цахих шиг богино хугацаанд Лачений царайг харлаа. Толгой нь эргэж, нүд нь балартан, сайн харж чадахгүй байв. Арагш ухран, толгой гудайн, хамаг хүчээрээ Лачен рүү гүйлээ. Лачен тэнцвэр алдан элс рүү унав. Идир гутлын улаараа Лачений толгой руу хүчтэй өшиглөөд, элсэн дээр хэвтээгээр нь орхиод гэртээ харилаа.

Лачен тун удалгүй хажууханд нь элсэн дээр гулган орж ирэх давлагааны чимээг сонсонгоо, “Түүнийг алчихъя л даа,” гэж бодлоо. “Миний бөгжийг зарчихсан. Одоо очиж түүнийг цааш нь харуулъя.” Гэхдээ үүний оронд, хувцсаа тайлаад далай руу орлоо. Биеэ угааж дуусаад бүхэл өдөржин элсэн дээр хэвтэж наранд биеэ шаран унтав. Орой болмогц эргээс яваад, тасартлаа согтов.

Цаг арван нэг болж байхад Идир Севилла зочид буудалд очлоо. Охин үүдний ойролцоо сүрлэн сандал дээр суугаад түүнийг хүлээж байв. Идирийн нүүрэн дэх шарх руу анхааралтай харав. Идир түүний гивлүүрийнхээ цаана инээмсэглэж байгааг харлаа.

“Зодолдсон уу?” Идир толгой дохив. “Тэр зүгээр үү?” Идир мөрөө хавчив. Охин инээд алдаад, “Тэр угаасаа байнга согтуу байдаг юм,” гэв. Идир охиныг сугадаад, хоёул хамтдаа гадагш гарлаа. ♦



[1] Хойд Африкт түгээмэл өмсдөг урт ханцуйтай, малгайтай хэлхгэр дээл.

[2] Нимгэн төмөр дээвэртэй түр байр, овоохой.

[3] Бөмбөрийн чимээ гаргах зориулалттай бөөрөнхий төмөр зүйл (мароккан араб).

[4] Кафечин, цайны газрын эзэн

[5] Эрхэм ноёнтон.

No comments:

Post a Comment