Үнэмшил муутай дүр эсгэгч Том Кастро
Би түүнийг Том Кастро гэж нэрлэлээ. Учир нь 1950-аад онд
Чилийн Талькауано, Сантьяго, Вальпараисо хотын гудамж, айлуудад түүнийг ингэж
дууддаг байсан юм. Тэгээд ч одоо Кастро сүнсэнд хувирч эсвэл бямба гаригийн
оройн зугаатай ярианы сэдэв болж тэр газар нутаг руу буцсан болохоор энэ нэрээ
буцааж авах нь хамгийн зөв биз.[1]
Уоппингийн төрөхийн бүртгэлд тэмдэглэснээр бол түүний нэр Артур Ортон, тэр 1834
оны долоодугаар сарын долоонд төрсөн ажээ.
Аав нь махны
худалдагч болохыг, хүүхэд нас нь Лондоны захын дүүргийн уйтгар гунигтай, ядуу
зүдүү амьдрал дунд өнгөрснийг, түүнчлэн тэр аль багаасаа далай тэнгисийн
дуудлагыг сонсож байсныг бид мэднэ. Энэ сүүлийнх нь тийм ч онцгой зүйл биш.
Англичуудын хувьд эцэг эхийн дарамтаас ангижрах хамгийн энгийн арга гэвэл
“тэнгис далай руу зүглэх” шүү дээ. Бие даасан амьдрал ингэж л эхэлдэг.
Газарзүй
судлал, тэр бүү хэл Библийн судар ч ийм аялалд зоригжуулдаг: “Тэнгисийн зүг завиа залж, далайд ажил хэрэг
бүтээгч хүмүүс эзний бүтээл, гайхамшгийг гүн гүнзгий мэдэрнэ” (Магтуу
107:23-24). Ортон ягаан өнгийн тоосгоор барьсан, ядуу хорооллоосоо зугтаж,
усанд онгоцонд суугаад тэнгис далай руу зүглэжээ. Вальпараисод Өмнөд загалмай
од руу дадал болсноороо гансран хараад усан онгоцноосоо буулаа. Тэр эелдэг
зантай, мулгуу амьтан байсан юм. Эрүүл ухаанаар яаж ч бодсон тэр үхэж магадгүй (угаас
үхэх ч учиртай) байсан ч эргүүдүү баяр баясгалан, байнгын инээмсэглэл,
хэмжээлшгүй дуулгавартай зангийнхаа ачаар тэр Кастрогийнхны хамгаалалтад орж,
цаашид энэ айлын овгийг өөрийн нэрийн ард зүүх болов. Өмнөд Америкт амьдарч
байсных нь ул мөр огт үлдээгүй ч энэ бүхэнд талархсаар байсныг нь гэрчлэх нэг
зүйл бий: 1861 онд Австралид гэнэт гарч ирэхдээ тэр мөнөөх Том Кастро хэмээх нэрээ
зүүсээр байжээ.
Кастро энэ
зуур Сиднейд, Эбенезер Богль гэдэг хар арьст зарцтай танилцав. Богль төдий
царайлаг биш ч, хүчтэй, амар тайван төрхтэй хүн байлаа. Нас ахисан хар арьстан
эрийн төлөв байдалтай, бие бялдар нь боломжийн хөгжсөн, боломжийн эрх мэдэлтэй
ч гэмээр. Антропологийн сурах бичигт энэ арьстанд огт байдаггүй хэмээн дурддаг
тийм нэгэн чанар Богльд байсан юм шүү: Тэр сод ухаантан байлаа (Бид удалгүй
үүнийг харна). Энэ төлөв даруу, сайн хүний эртний Африк гарал үүслээс нь эхтэй
шунаг зан нь аажимдаа кальвинизмын заншил, уламжлалд дарагдаж бүдгэрчээ. Бурхан
тэнгэрийнхээ хэлэх ярихыг сонсохоос бусдаар (бид энэ тухай дараа өгүүлнэ),
Богльд аль ч талаар өрөөлөөс ялгарах юм үгүй. Гудамж хөндлөн гарахдаа удаан гэгч нь хүлээж, зүүн баруун, өмнө
хойноос ирж нэг л өдөр амь насыг нь авч одох аймшигт тэргийг ялгаж харах гэж
удтал эргэлзэхэд хүргэдэг гүн бат тогтсон ичмээр айдсыг нь эс тооцвол тэр шүү
дээ.
Ортон,
ирээдүйн найз Богльтойгоо, нэг орой Сиднейн хүн гэх юмгүй гудамжны буланд
аймшигтайгаар төсөөлсөн үхэлтэйгээ нүүр тулах гээд хичээн зогсох үед нь таарсан
юм. Боглийг удаан гэгч нь шинжиж харсныхаа дараа Ортон түүн рүү гараа сунгаж,
дор бүрнээ гайхаж алмайрсан хоёр эр төдий аюулгүй гудамжийг хөндлөн туулсан
билээ. Одоо аль хэдийн алсарч одсон тэр нэгэн орой нэг хүн нөгөөдөө их л сүртэй
өмөг түшиг болсон нь энэ. Аварга том биетэй, эргэлзэж тээнэгэлзсэн хар арьстныг
Уоппингийн хэт тарган, мулгуу эр аварсан хэрэг. 1865 оны есдүгээр сард, Богль
орон нутгийн сонинд зүрх шимшрүүлэм зар уншжээ.
[1] Би энэ төрлийн өөдгүй
намтар ихэвчлэн сонины бямба гаргийн оройн нэмэлт дугаарт гардаг байсныг
уншигчдад сануулах гэж энэ зүйрлэлийг ашиглалаа. (Х. Л. Б.)
No comments:
Post a Comment