Амос Оз (1939 – 2018) израил зохиолч, сэтгүүлч, сэхээтэн. Негев
дэх Бен-Гурионы нэрэмжит их сургуульд еврей утга зохиолын хичээл заадаг асан Оз
1967 оноос хойш Израил-Палестины хямралын тухайд “хоёр улсын шийдэл”-ийг
дэмжжээ. Роман, өгүүллэгийн түүвэр, хүүхдийн ном, эсээ зэрэг олон төрлөөр
туурвисан нь дэлхийн 45 хэлээр хөрвүүлэгдсэн. Оз орчин цагийн Израилын
амьдралын талаар реалист, шүүмжлэлт өнгөөр, гэхдээ тун егөөтэйгөөр өгүүлдэг.
Озын зохиолын дүрүүд өвөрмөц сэтгэлгээтэй, гаждуу хоббитой төдийгүй бусадтай
харилцахдаа асуудалтай байх нь түгээмэл.
Амос Оз | ГОЛ
МӨРӨН БҮХЭН
Това гэж
энгийн түгээмэл нэр. Гэхдээ залуу яруу найрагч бүсгүйд зохихгүй. Түүний биеийн
хувьд ч мөн ижил зүйлийг хэлж болно: Хэтэрхий том. Өөрийнх нь хүлээн
зөвшөөрсөнчлөн, арай л том. Эх хүний биетэй залуу бүсгүй. Мөр, хэвлийн хэсэгтээ
илүү махтай ч энхрий ялдам төрхгүй гэж хэлэхгүй. Гар, бугалга нь ч мариалаг.
Тэр турьхан биетэй тэнгэрийн дагина яавч биш.
Би
түүний нүдний өнгийг нь санахгүй байгаа юм. Гэсэн хэр нь өмсөж явсан өмдийг нь
тодхон санаж байна; арзгардуу ёрог даавуугаар хийсэн, багахан сармайсан, хар
хөх, хар саарал хоёрын дундуур гэмээр өнгөтэй байсан. Тийм өнгийг яг юу гэж
нэрлэдгийг би мэдэхгүй; магадгүй өөрийн гэсэн нэргүй биз. Гэхдээ л би түүнийг
өмдийг ер ядах юмгүй санаж байна. Дулаан, жигд арзгар даавууг нь гараараа
тэмтэрмээр тод томруун харж байна. Гэтэл би тэр өмдөнд нь огт гар хүрээгүй шүү
дээ.
Товагийн
үс нь хар хүрэн, жаахан хуурайшсан байсан. Нүднийх нь өнгийг санахгүй байгаа ч
харц нь нэг л тийм ядруу байсныг мартаагүй. Нүднийх нь буланд жижиг үрчлээ,
уруулынх нь хажууд мөн зэвүүцсэн шинжтэй атираа. Эмх цэгцтэй ярих үүднээс, би нүднийх
нь дараагаар хамрыг нь ярих ёстой байх: уруултай нь харьцуулахад бага зэрэг
томдуу, ганцаардал, эелдэг занг илэрхийлэх тийм хамар. Уруул нь байнга хөдөлнө.
Дуугай байхад нь ч чацав чацавхийнэ.
Булбарай
уруултайгаа харшилдсан гэмээр эрүүтэй: шанааны ястайгаа гэнэтхэн огцом нийлсэн
хурц, хямсгар эрүү. Тэгээд нэлээд богино хүзүү. Үгүй дээ, Товагийн хүзүү богино
ч биш, бүдүүн ч биш. Гол нь урт, сүрэл шиг биш. Инээд хүрмээр дутагдал юм даа.
Энэ
миний гэм биш зан гэдгийг та ойлгосон байх: Би Товагийн царайг эмх дараатайгаар
тайлбарлах гэж оролдсон ч яарсандаа үснээс нь шууд нүд рүү нь шилжихдээ духыг
нь алгасчихлаа. Хацрыг нь ч мөн орхигдуулж. За, хангалттай. Түүх хүүрнэх гэж
оролдсон биш хамаг сул талаа харуулаад дуусаж байх шиг байна, гэхдээ та Товаг харлаа
гэхэд, түүний царай болон биеийн үлдсэн хэсгийг ингэж дэс дараалалтайгаар биш,
нэгэн зуур л харна шүү дээ. Тэгээд ч хүний нүүр царай гэдэг чинь амьд зүйл,
харин үг бол үхмэл. Би үгнээс залхаж байна. Яг таг тодорхой байхыг хичээхтэй
зэрэг үг гарч ирээд, бүгдийг няцаачих юм.
Намайг
Элиэзэр Дрор гэдэг. Би хорин найман настай, Тел Томерийн кибүцийн уугуул. Эцэг
эх маань тэр кибүцийг үүсгэн байгуулалцаж, ээжийн хэлэхээр, суурийн чулууг нь
тавилцаж, анхны шанг нь таталцсан гэсэн. Ээж маань үдэшлэг, тэмдэглэлт баяр,
багт наадмын багууд, гоёл чимэглэл, ганган хувцас, лекц, сургалтууд гэх мэт
соёлын үйл ажиллагааг хариуцдаг. Барагдашгүй, байнга довтолсон гэмээр эрч
хүчтэй. Харин Това удаан хөдөлгөөнтэй, эмх цэгцгүй бүсгүй. Гучин гуравтай,
өөрөөр хэлбэл надаас таван насаар эгч. Би түүнээс насыг нь асуугаагүй, өөрөө
сайн дураараа хэлсэн. За тэр, харав уу, би дахиад л хольж хутгаад эхэллээ. Аав
минь жижигхэн биетэй эр, ээжээс минь намхан, дуу чимээ багатай. Малын хашаа,
хороонд ажилладаг; хөдөлшгүй тогтсон улс төрийн үзэлтэй, зуны халуун, өвлийн
хүйтэн гэх мэт ерөнхий асуудлаас бусдаар огт гомдоллодоггүй.
Би
армиас дэслэгч цолтой халагдсан, одоо агаарын десантын нөөцөд байгаа. Шаргал
үстэй. Дайны үеэр хэрхсэн тухайгаа би дараа Товатай кафед юу ярьснаа ярих үедээ
хэлнэ. (Харж байгаа биз дээ, би дахиад л бантагнуулчихлаа: Армид хэрхсэн минь,
он цагийн хувьд, Товатай ярилцсанаас минь хараажаар өмнө болсон байж таарна.
Түүнээс гадна миний Товад ярьсан зүйл одоо өнгөрсөнд хамаарах болсон, ирээдүйд
хэлэхээр амлаж буй зүйлээ ч би өнгөрсөнд аль хэдийн ярьчихсан. Хачин юм шүү,
үнэнийг гажуудуулахгүйгээр юу ч бичих, ярих боломжгүй; худлаа хэлэлгүйгээр эгэл
жирийнээр өгүүлэх боломжгүй.)
Кибүцэд
би ажилдаа онцгой амжилт олсон. Бид гэрэл чийдэнд зориулж гоёл чимэглэлтэй
бүрхүүл урладаг жижиг цехтэй; түүнийгээ бид “үйлдвэр” гэж дуудах дуртай. Би
үйлдвэрийнхээ менежер нь; санаачилга, төсөөлөн бодох чадвар сайтай ажилсаг, эрч
хүчтэй учир намайг менежерээр томилсон. Ямартай ч намайг энэ ажилд томилохдоо
тэгж хэлцгээсэн. Магадгүй, 56 оны Синайн ажиллагаа болон гурван удаагийн сөрөх
довтолгооны үеэр армид алба хаасныг минь тооцож үзсэн хэрэг биз. Би энэ талаар
дараа ярина.
Хүүхнүүд.
Тэд заримдаа бялуу барьсаар бөөнөөрөө манайд ирж, би тэдэнд уух юм аягалдаг.
Тел Томерт өвөл оройгуур нэг стакан хатуу юм уух заншлыг би анх үүсгэсэн. Энэ
заншил маань хов жив дагуулснаас гадна, надад магтаал үг ч дуулгасан. Би энэ
хүүхнүүдэд армид хэрхэн алба хааснаа ярьдаг юм. Тэдний нэг нь заримдаа
бусдаасаа үлдэж хоцроод, заримдаа өглөө нь би магтаал сайшаал сонсдог. Аль нэг
бүсгүй уйлаад эхэлбэл, энэ гарцаагүй төгсгөлийн эхлэл гэсэн үг; би хүмүүсийн
уйлж унжихыг нэвчдэггүй. Аливааг тайван ярилцаж, эрүүл ухаанаар сэтгэх
хэрэгтэй. Ухаалаг маргаан өрнүүлж чадахгүй уйлах ямар хэрэгтэй юм бэ?
Орой
бүр охид хүүхнүүдийг ирэхээс өмнө цаг, эсвэл цаг хагасын хугацааг би шуудангийн
маркийн цуглуулгадаа зориулдаг. Энэ улсын хамгийн шилдэг цуглуулгуудын нэг. Аав
минь Лодзьд анх марк цуглуулж эхэлсэн. Тавин хоёр жилийн өмнө. Би үүнийг нь
өвлөж, армиас эргэж ирээд, зургаан жилийн дотор цуглуулгаа хоёр дахин
арвижуулсан. Товатай хэрхэн уулзсан нь үүнтэй хамааралтай учир би цуглуулгынхаа
тухай жаахан ярих хэрэгтэй. Далдуур хамааралтай. Би Товагийн нэрийг марк
цуглуулагчдын нэрсийн жагсаалтад олоогүй, бид шуудангаар маркаа солилцож, удаан
хугацаанд харилцсаны эцэст сониуч зандаа хөтлөгдөн уулзаагүй. Амьдрал тийм
энгийн биш. Би “санамсаргүй учрал” гэгчийн тухай ярихгүй. Ялангуяа дайны үеэр
юу үзэж туулснаа бодож үзэх юм бол, энэ тухай огт ярихгүй, гэхдээ л Товатай
хэрхэн уулзсан минь нэлээд ярвигтай. Би түүхээ нягт нямбай байдлаар хүүрнэхээр
шийдсэн, цаашид ч тэгж хүүрнэх учиртай.
Марк
цуглуулах гэдэг бол хүний өөрийн биеэр л мэдэрч ойлгох, гайхалтай хобби. Оройн
хоолны дараагаар би өрөөндөө орж, түшлэгтэй сандалдаа сууж аваад, тамхиа асаан,
анхаарлаа төвлөрүүлэн богино богино сорж утааг нь гаргадаг. (Өдөрт гурван
янжуур татдагийн минь нэг нь энэ: өдрийн цайндаа, оройдоо, мөн унтахынхаа өмнө
тус бүр нэг янжуур татна.) Тамхиа татаж дуусаад, радиогоор концерт олж сонсоно,
намайг цуглуулгаа үзэж байхад ард минь сэтгэл тайвшруулах намуухан ая явна.
Цонхны хаалтаа хаагаад, ширээний чийдэнгээ асаана (ширээний чийдэн, бүрхүүл аль
аль нь миний өөрийн бүтээл). Ингээд мартаа шалган, шинжин, тэмдэглэл хөтлөн
ангилж ялган наана даа. Түүнээс гадна би орой бүр захиа бичдэг. Дэлхийн олон
орны хорь гаруй цуглуулагчтай холбоо тогтоосон; үе үе тэдэнтэйгээ маркаа
солилцдог. Перугийн Лима хотын Педро Антонио Мадре Гонзалес; надад Библийн
еврей хэлээр бичиж, улс орон хэрхэн хөгжиж байгааг, Йерусалимын толгод дунд их
аврагч гарч ирэхийг зөгнөсөн шинж тэмдэг үзэгдэж байгаа эсэхийг асуудаг Ян
нэртэй польш ламтан; кибүцийн санаа санаачилгыг хэзээ ямагт магтдаг энх
тайванч, цэргийн хүч хэрэглэхийг дэмжигч социалист Нагасакигийн Токама нар бий.
Кишинёв хотын еврей залуу Александер олон жилийн өмнө оршин тогтнохоо больсон
Балтын бүгд найрамдах улсуудын маркийг илгээж, Израилын маркнуудаас улам ихийг
өөрт нь явуулна уу гэж хүсдэг. “Охид израил маркаар гоёл чимэглэл хийдэг” юм
гэнэ. Марселиэс, грек Никос надад шинэ, хуучин араб маркнууд явуулдаг. Тийм
маркийг энд олж авах тун амаргүй. Түүнээс гадна Либерийн Монровиа хотод
амьдардаг ливан гаралтай Фуад байна. Тэр анхны захидлынхаа дугтуйн дээр миний
нэр, кибүцийн нэрийн ард Израилын хашимитын хаант улс[1]
гэж хаягласан байсан. Наргиан болгож тэгж бичсэн байх. Би түүнд энэ наргианых
нь талаар юу боддогоо эелдгээр хариу бичсэнд, түүнээс хойш захидлууд нь богино
бөгөөд зөв, надад илгээдэг маркнууд нь ч тун чанартай байх болсон. Линцийн
Йоакимыг дурдахгүй байж болохгүй. Тэр надад марк илгээгээд, хариуд нь юу ч
авдаггүй; “уучилшгүй нүглийн нөхөр төлбөрийн бэлгэдэл” болгож надад марк
явуулдаг гэсэн. Энэ бүх марк цуглуулагчдын талаар би яагаад ярих болов? Марк
цуглуулах үйл явцыг тайлбарлахын тулд уу? Эсвэл магадгүй Товагийн түүхийг
өгүүлэхийнхээ өмнө цаг хожих гэж тэр үү?
Захидлаа
бичсэнийхээ дараагаар би цомгоо аажимхан эргүүлж, сайн дарс шимж байгаа мэт
маркнуудаа нэг нэгээр нь үздэг. Цомогт минь маркнууд гарал үүсэл, цаг цаг,
чанар, өнгөөрөө ангилагдсан байна. Гэмтсэн маркийг цомогтоо оруулахгүй;
томруулдаг шилээрээ марк нэг бүрийг нарийн сайн шинжинэ. Жаахан ч атугай
сэвтэй, эсвэл ир шүд нь бүрэн бүтэн биш бол хамгийн ховор, сайхан зураг
чимэгтэй маркийг ч цомгоосоо хасна. Ер нь бол хамгийн ховор, хамгийн үнэ цэнтэй
маркнууд өнгө үзэмжээрээ төдийлөн анхаарал татахааргүй байдаг. Алтлаг, мөнгөлөг
хээ хуар, гурвалжин, зууван хэлбэрүүд ердөө л хүүхдийн зугаа гэсэн үг.
Хотын
тэнгисийн эрэг рүү хамт алхалж байхдаа Товад маркны цуглуулгынхаа тухай ярихад
минь, тэр марк цуглуулахын суурь ухагдахуун болох эмхэлж цэгцлэхийн аз жаргалын
даруй ойлгоод, “Бурхан ч биднийг нэг нэгээр нь цуглуулж, эгнүүлж, цомогтоо
наагаад, зовлон зүдүүрийн маань цаана нуугдаж буй зохицлыг таашаадаг,” гэх
шүлгэн тодорхойлолтыг хүртэл хэлсэн гээч. Ерөнхийдөө иймэрхүү юм хэлсэн. Би он
цагийн дарааллаа дахиад л хольж хутгачихлаа.
Нэг
орой би “Маркны ертөнц” сар тутмын сэтгүүлд жижиг боловч маш чухал зар уншсан
юм. Тел Авивын марк цуглуулагч Др. Элиэзэр М. Берлин 1899 оны Австри-Унгарын
улсын үеийн ховор маркийг хайж байв. Др. Берлин энэ маркийн хариуд,
Босни-Херцеговина улсын маркны бүрдлийг санал болгож буй аж. Сонирхсон хүн,
түүнтэй утсаар холбоо барих юм уу Тел Авивын нэр бүхий гудамжны буланд байх
гэрт нь (яг!) 13 цагт очих учиртай гэж байлаа.
Уг
зарыг уншмагцаа би сандлаасаа ухасхийн бослоо. Түүний эрж буй энэ марк надад
хоёр ширхэг бий (аавын минь их гай гамшгаас өмнө Варшавт цуглуулсан маркнуудын
дунд). Марк цуглуулах талаар бага ч болов мэдлэгтэй аливаа хүнд
“Босни-Херцеговина улсын шуудангийн маркнууд” гэдэг үгний араас ямар нэмэлт
тайлбар хэрэггүй. Би маргааш нь ажлаасаа чөлөө авч, өрсөлдөгчдөөс уртаж Тел
Авивт харайлгаж хүрэхээр шийдэв. Өглөө зургаан цагт гэрээсээ гараад, долоон
цагаас өмнө Хайфагийн автобусны буудалд хүрч, найм гуч гэхэд Австри-Унгарын үнэ
цэнтэй маркаа халааслачихсан Тел Авивт хэдийн хүрээд, тэсэж ядаж байв.
Үгс
ар араасаа орж ирдэг учир би дүр зургийг үгээр илэрхийлэхээр чадлаараа
хичээлээ. Харин үгээс ялгаатай нь дүр зураг нүдний өмнө ар араасаа цуварч биш,
нэгэн зэрэг гарч ирдэг. Гэхдээ л би Др. Берлиний үнэ төлбөрийг нь харамгүй
төлөхөөр амласан тэрхүү маркийг дүрсэлж хэлэхийг хичээе: Уг марканд голын эрэг
дээр усан орж буй эмэгтэйг дүрсэлсэн. Голын эрэг дээр бугууд идээшилж байна.
Үд
болтол олон цаг өмнө минь хүлээж байв. Би гадуур зугаалж, манай үйлдвэрийн
бүтээгдэхүүнийг борлуулдаг хэд хэдэн дэлгүүрээр орлоо. Херцлийн гудамж,
Алленбигийн гудамжны маркны худалдаачидтай уулзаж, олон марк үзэж, цөөн марк
худалдаж авав. Тэдэнд надад санал болгох юу байна вэ?
Би
бугуйн цагаа хараад, нэг цаг хүртэл яагаа ч үгүй байгааг ойлголоо. Сонин
худалдаж аван, нэг ресторанд, тодруулж хэлбэл, Тнува ресторан оров. Шинэхэн
ороомог хоёрыг, ногоон салат, шарсан өндөг, тараг, кофе захиаллаа. Захиалгыг
минь авчрахыг хүлээнгээ шаламгай хөдөлгөөнөөр нэг ялааг цохиж унагаад, сониноо
дэлгэв.
Нүүр
амаа будсан царай муутай, жижигхэн биетэй зөөгч бүсгүй надаас ямар кофе авахыг
асууж байна. Би сүүтэй кофе уухаа хэллээ. Тэрхэн мөчид би өөр нэг ялаа хараад,
үүнийг ч мөн гарын шалмаг хөдөлгөөнөөр ширээн дээр няц цохив. Гэнэтхэн өөр
ширээнээс нэг эмэгтэй босож зогсоод, “энд ч тайван суух аргагүй байна,” хэмээн
зөөгчид гомдол мэдүүллээ. Цаагуураа намайг зэмлэж байгааг нь би ойлгоод, дуу
чимээ түүнд яршиг удсан шиг ялаа ч бас надад төвөгтэй байсныг хэлэв. Това буландаа
шигдээд юу ч хэлсэнгүй. Би ууж идэнгээ сониноо уншлаа.
Ресторан
бараг хүнгүй: Това, зөөгч бид гурав. Зөөгч тамхи татангаа, Унгарын “Уж Келет”
сониноо дэлгэжээ. Това тамхиа татангаа тэмдэглэлийн дэвтрийн нэг хуудсан дээр
юу ч юм бичив. Уйдсандаа одоо үдийн хоолны тамхиа татдаг ч юм уу гэх бодол
надад төрлөө. Гэхдээ цагаа хараад, янжуураа асаагаагүй нь дээр гэж шийдлээ.
Гэнэтхэн
зөөгч, “Гадаа халж эхэлж байна,” гэж хэлэх нь тэр.
Хэлсэн
нь гарцаагүй үнэн байсан учир би түүнтэй даруй санал нэгдэж, “Тийм ээ. Халж
байна,” хэмээв.
Удтал
чимээгүй байсны эцэст, Това өөрийн суусан булангаас, “Халууныг ч яах вэ бид
даваад гарна, харин энэ чийглэг агаар бид бүгдийг цааш харуулна,” гэж хэллээ.
Би
сониноо уншиж залхаад байсан юм. Үнсний хоосон савыг хажуу тийш нь түлхээд,
“Одоо төлбөрөө хийгээд явъя,” гэж бодов. Гол нь, хаачих вэ? Зөөгч гал тогоо
руугаа буцаж очоод тэнд хэнийг ч юм загнаж байна. Загнаж байгаа нь сонсогдох ч
хэнийг загнаад байгааг нь мэдсэнгүй. Энэ зуур би Това руу харц хандууллаа. Би
тайван амгалан, ухаан санаа минь саруул. Одоо ч энэ бүхнийг цаасан дээр буулгаж
байхдаа ч ухаан санаа саруул, тайван амгалан байна. Армид алба хашиж эхлэхэд
минь, “Энэ Элиэзэр хэзээ ч яаруу хөдөлж даарахгүй,” гэцгээдэг сэн. Би Товагийн
тамхины утаа дугуйрч хөөрөхийг, завж нь хөнгөн чивчилзэхийг харав. Кофены аягыг
нь тойрон ялаа цуглах хэдий ч тэр анзаарахгүй, эсвэл тоохгүй байна. Гэхдээ одоо
энэ бүх нарийн ширийн санаанд минь орж ирэхэд, өөр нэг чухал зүйлийг
анзаарахгүй өнгөрүүлсэн юм шиг санагдана.
“Та
хүн хүлээж байгаа юм уу?” гэж би асуусан юм.
Това
надад хариу хэлснээ, даруй ханиалгаж эхэллээ. Эхлээд хоолойгоо засаж байгаа юм
шиг хөнгөн ханиалгав. Тэгснээ дараа нь хоолой нь боогдож, нохой хуцаж байгаа юм
шиг хэржигнэж, хяхнасан муухай дуу уушгинаас нь гарлаа. Това босож зогссон ч
тэнцвэрээ олж ядан дэнжгэнэж, унахгүйн тулд ширээ тулаад, ам нь яг л цангасан
загасных шиг ангалзана.
Би
огтхон ч эргэлзсэнгүй. Шууд хүрч очоод, нурууг нь алгадлаа. Това огло харайн,
юу ч юм хэлэх гэв. Уруул нь чичирнэ. Бүгшүүлэхээ болиод, юм хэлж чадахтай
болохтойгоо зэрэг, “Надад бүү хүр,” гэж хэлэв.
Би
уучлал хүсээд, явж түүнд ус авчирч өгье гэлээ. Надад ямар ч муу санаа
байгаагүй. Би зүгээр л түүнд туслах гэсэн юм.
“Надад
туслах гэсний хэрэггүй.”
Би
инээмсэглэлээ. “Тусламж хэрэггүй охинтой биш хэзээ ч таарч байгаагүй.”
“Би
охин биш,” гэж хэлээд Това, унгар зөөгчөөс аяга ус аваад, “Би гучин гуравтай,
насанд хүрсэн эмэгтэй,” гэлээ.
Түүнийг
энэ хачин үгийг хэлэхэд, уруул дээр нь инээмсэглэлэрхүү юм тодров—гэхдээ зөвхөн
уруул дээр нь л: нүүрний бусад хэсэг нь үүнд оролцох дургүй байгаа юм шиг л.
Яавч үзэн ядалт гэж хэлэхээргүй утга агуулга нүдний нь буланд үзэгдлээ. Би ч
түүнд мөн ижил төрлийн мэдээлэл өгөхөөр шийдэв.
“Харин
би хорин наймтай. Намайг Элиэзэр гэдэг. Одоо чөлөөтэй байгаа.”
Ингэж
хэлсэн минь түүнийг сэтгэлд нийцсэн бололтой. Энэ удаад бугшуулж ханиалгаад
нулимс хурсан нүд нь ч мөн уруултай нь цуг инээмсэглэв. Надад харуулахгүйн тулд
өнөөх цаасаа ширээн дээр бушуухан шиг доош харуулж тавиад, “Хүсвэл, наашаа суу
л даа,” гэлээ.
Гэхдээ
би тэр цаасан дээр юу бичсэнийг нь зурвас харж амжсан. Богино мөрүүд бичээтэй
байв. Би ширээнд нь суугаад, “Яруу найрагчдыг уулзуулдаг ямар гайхалтай газар
вэ. Би бичсэнийг тань уншиж болох уу?” гэж асуулаа.
Бүсгүй
хэсэг эргэлзээд, харцанд нь итгэхгүй сэжиглэх байгаа өнгө аяс зурсхийгээд
өнгөрөв. Эцэст нь шийдвэрээ гарган, дахин шинэ янжуур асаагаад, “Та надаас
чухам юу хүссэн билээ?” гэлээ.
“Онц
хүссэн зүйлгүй дээ.” Ингэж асуусанд нь би балмагдсан юм. “Зүгээр танилцах л
гэсэн юм. Намайг Элиэзэр Дрор гэдэг. Тел Томер кибүцийнх[2].
Би ч хааяадаа шүлэг бичдэг. Голдуу кибүцийн баяр наадамд зориулж. Хөгжилтэй
шүлэг бичнэ. Гэхдээ шүлэг минь ноцтой байдлаар төгсдөг.”
“Кибүцникүүд
ихэнхдээ бүдүүлэг хүмүүс байдаг. Та харин дажгүй харагдаж байна. Намайг
ханиалгаж эхлэхэд туслахаар яарсныг тань би харсан. Намайг Това гэдэг. Би тамхи
их татдаг. Маш их баярлалаа. Та одоо явж болно. Хэлсэн шигээ чөлөөтэй явж
болно. Би одоо зүгээр.”
“Байзнаарай,”
гэж би хэллээ. Ямар ч гэмгүй атал хоёронтоо доромжлуулчхаад чимээгүй
өнгөрмөөргүй санагдаж, түүнд үнэхээр дургүй хүрч байв. “Намайг ширээнээсээ
явуулахаас тань өмнө нэг юм хэлье. Юун түрүүнд, та ердөө ч зүгээр гэхээргүй
байна, хоёрт ‘кибүцникүүд бүдүүлэг хүмүүс байдаг’ гэж юу гэж байгаа юм? Би ч
гэсэн ерөнхий дүгнэлт хэлж чадна. Жишээ нь, яруу найрагчид сэтгэл зүйн хувьд
тогтворгүй зантай.”
“Наад
чинь үнэн. Ялангуяа хүмүүс тухгүйдүүлээд байхад яаж тогтвортой байх билээ. Та
надаас яг юу хүсээд байгаагаа эцэст нь нэг хэлж өгөөч.”
Това
амьсгаадаж байлаа. Үнсний саваа өөр лүүгээ татаад, түрүүнд хахаж цацаж байхдаа
дарж унтраасан тамхиа дахин асаав. Хөмсгөө зангидан, хүчтэй, уян хатан
хуруугаараа барин байж асаав. Энэ мөчид би нэг шинэ зүйлийг анзаарсан нь:
түүний солгой гарын эрхий хуруу нь байхгүй аж. Үүнийг хараад би түрхэн зуур яах
ийв гэмээр догдоллоо. “Онгодыг тань үргээсэн бол би даруй явсан нь дээр байх.
Би танд шүлэг яруу найрагт ямар их дуртайгаа л хэлэх гэсэн юм. За намайг
уучлаарай. Баяртай.”
“Үгүй,
байзнаарай. Та яараагүй бол, надтай хэсэг хамт суу л даа.”
“Би
яараагүй,” гэж хэлээд би яг тэрхэн хоромд үдийн цайныхаа тамхийг татахаар
шийдэв.
“Би
таныг гомдоочихлоо.”
Би
үгүйсгэв. Би хүнийг гомдооно уу гэхээс, өөрөө гомддоггүй тийм хүн гэдгээ, хэл
амаар үйлдэх гучин зургаан нүгэлтний нэг болохоо хэллээ. Това над руу харж
инээмсэглэв. Эргэлзсэн, эсвэл ядарч туйлдсан хүн л ингэж инээмсэглэнэ дээ
гэмээр. Би биеэ барьж дийлэлгүй, ширээн доогуур эрхий хуруугүй гарыг нь дахин
нэгэнтээ зурвас харлаа. Ийнхүү харахыг минь Това анзаараад, өмнөх хуудсанд нь
шүлэг бичсэнийг, үнэндээ сүүлчийн удаа жаахан засаж янзлах хэрэгтэй байгааг
дуулгав. Би яруу найрагт үнэхээр дуртай гэж үү?
Би
яруу найрагт үнэхээр дуртайгаа, нэг удаа хошин бус шүлэг бичсэнээ хэлэв. Армид
алба хашиж байхдаа, сэтгэл түгшээсэн ослын дараагаар бичсэн юм.
Кибүцийн
яруу найрагчдын ихэрхэг мөртүүд түүнд таалагддаггүй юм гэнэ. Гэсэн хэдий ч
шүлгээ уншина гэвэл минь сонсоход бэлэн аж. Энэ зуур бид хоёр дахин нэг нэг
аяга кофе уув.
“Энэ
шүлэг найзын минь тухай. Надтай цуг армид алба хашсан Нетани хотын залуу байгаа
юм. Надаас ердөө хагас метрийн зайд алуулсан—би энд, тэр тэнд байсан—Кирберт
Затарын дайралтын үеэр. Эцэг эх нь хүүдээ зориулж дуртгалын ном хэвлүүлэхээр
шийдсэн юм билээ. Ном гэхээс илүү дэвтэр маягийн юм уу даа. Тэгээд намайг юм
бичих үү гэхээр нь би энэ шүлгийг бичсэн.”
Би
шүлгээ цээжээр уншив. Эхний бадаг нь элсэнд ургаж буй залуу агар модын тухай.
Хоёрдугаар бадаг нь ойд гал түймэр гарсан тухай. Гуравдугаар бадагт нь, агар
шатсан, харин хажууд нь ургаж байсан агар модыг мартаж чадахгүй, агар мод
үхээд, өөрөө амьд үлдсэн учраа ойлгохгүй буй нарс мод бүх навчаа гөвөн нүцгэрч
байгаа тухай. “Сод бүтээл биш байх л даа, гэхдээ би чин сэтгэлээсээ бичсэн юм.
Ийм л шүлэг. За одоо таны ээлж. Юу бичсэнээ надад үзүүл.”
“Хүлээзнээрэй,”
гэж Товаг хэлэхэд, түүний надад үзүүлэхийг маш ихээр хүсэж буй тэр шүлгийг нь
уншихаар ятгахын тулд дахиад жаахан шахах хэрэгтэй болно гэдгээ би мэдэж
байлаа. “Хүлээзнээрэй, эхлээд надад армийн тухай ярь. Тэр тосгон руу дайрсан
тухай.”
“Кирбет
Затар гэж хараагдсан тосгон байгаа юм,” гэж хэлээд би дуугаа хураав. Би бяцхан
баатарлаг үйл байгуулснаа дурдалгүйгээр тэр дайралтын талаар ярьж чадахгүй. Би
үүнийхээ төлөө сайшаалын үнэмлэхээр шагнуулсан, гэхдээ өөрийгөө магтаж
онгирмооргүй байна.
Това
намайг ярь гэж шахсангүй. Дурсамж минь гунигтай, үүнийг эргэн дурсах нь надад
хэцүү байгаа гэж бодсон ч байж мэднэ. Толгойгоо гэдрэг хаяад, үсээ доош сул
тавихад, уруул нь чичирсхийв. Би бууж өгөөд, биднийг хядаж байсан пулемётын
байршил руу харанхуйд хажуугаас нь мөлхөж ойртохоор сайн дураараа хөдөлж, хүнд
мэдэгдэлгүйгээр галын цэгээс дөчин метр зайд мөлхөн, гар гранатаа мэргэн шидэж пулемётчидыг
устгаснаа ярилаа. Энэ бүхэн тас харанхуйд болсон. Үүний дараа хүн бүр надад,
“Элиэзэр, ёстой хэлэх юм алга,” гэцгээсэн.
Това
надад юу ч юм хэлэхийг завдав—өөрийн бодож санаснаа илэрхийлье гэж бодсон
байх—гэвч дахиад л ханиалгаж эхэллээ. Ёолж салганаад, амнаас нь ширээн дээр
шүлс нь дусална. Нохой хуцах мэт ёрын муухай авиа дахин гарав. Би түүнийг эргэж
сэргээд, надад, “Надад битгий хүр гэж хэлсэн биз дээ,” гэтэл нь алгадлаа. Би
зөөгч рүү дохиж, зөөгч бүсгүй дахин нэг аяга ус авчрахаар яарав. Сэтгэл минь
догдолжээ. Тайранхай эрхий хуруунаас нь, эсвэл үхэх нь үү гэмээр ханиалгахаас
нь болсон байх. Бүх бие нь саажиж татаж байхад тамхи татсаар байгаа нь солиотой
хэрэг биш гэж үү? Бүр зориуд, санаа бодлоо төвлөрүүлж ирээд татахыг нь яана.
Өөрийгөө шийтгэх гээд ч байгаа юм шиг, зовлон шаналлаасаа таашаал аваад байгаа
ч юм шиг. Тэгээд энэ бүхэн яагаад намайг дараа нь харамсаж юм хийчихгүй юм шүү
хэмээн биеэ цэнэх хэмжээнд хүртэл догдлуулж, сэтгэлийг нь татаж байгаа хэрэг
вэ? Солиорол.
Дурсамж
бүхнийг мушгиж гуйвуулдаг.
Үнэндээ,
юу ч болоогүй. Тэр учиргүй ханиалгаад л, би жигшихийн зэрэгцээ ховсдуулж
татагдаад л. Хотын дуу чимээ, салхиар тээгдэж ирэх далай тэнгисийн үнэр,
хөлсний үнэр гэх мэт бусад нарийн ширийн нь ой санаанд минь хадагдаад амар заяа
үзүүлэхгүй байгаа хэдий боловч энэ бүхэн дурсамжид минь үлдсэн ч бай, үлдээгүй
ч бай ямар ч хамаагүй. Сахал нь ургасан, туранхай эр тамхи авахаар орж ирээд,
гадагш гарахдаа тэнэгдүү мушилзан, бид бүгд яарах, яарах хэрэгтэй, цаг хугацаа
эргэж ирэхгүй гэж хэлсэн. Нэг жаахан охин унгар зөөгчийн ханцуйнаас зуураад,
“Та одоохон очих хэрэгтэй. Элена бүрмөсөн явна, буцаж ирэхгүй,” гээд байна гэж
үглэж байв. Миний алсан ялаанууд ширээний бүтээлэг дээр үхчихсэн, хог новш
болоод хэвтэж байсан.
Энэ бүх нарийн ширүүн юу ч нэмэхгүй, юу ч
хасахгүй. Түүх урагш ахиж явах учиртай ч ой санамж урагш ахидаггүй; харин буцаж
явдаг, төгсгөлөөс эхлэл рүү, яг хавч шиг, харж дарж сэрээд, зүүдээ санахыг
хичээн, хар дарж зүүдлэхээс өмнөх чухал биш хэсгүүдийг, зүүд нь хэрхэн
эхэлснийг, эцэстээ айдаст автан сэрэх хүртэл яаж үргэлжилснийг санахыг хичээж
байгаа хүн шиг.
Амьд
ялаанууд ирж, ширээний бүтээлэг дээр хэвтэж ах дүүсийнхээ цогцсыг үнэрлэв.
Тавиур дээрх том, хуучин цаг 10:30-д 10:30-ыг зааж байснаа, 11:00, 11:20-д ч
10:30 гэж зүтгэсэн хэвээр.
Би
Товагаас дахиад шүлгийг нь харъя гэж гуйлаа. Энэ удаад хошин зангаа ашиглахыг
хичээв: Түүн рүү ойртож ирэхдээ би чухам аль онгодын охин тэнгэрийг хөөж
явуулсан бэ? Това ямар ч онгодод найдалгүйгээр шүлгээ бичдэг гэж хэлэв. Ямар
нэг санаа төрөөгүй байхад бичдэг юм гэнэ. Үнэндээ яг эсрэгээрээ. Тэр яг мөс шиг
хүйтэн сэтгэлээр бичдэг. Лабораторид хортой бодисуудыг ашиглаж буй химич шиг:
болгоомжтой, ухаан санаа саруул, бүрэн төвлөрсөн байдалтай. Яруу найраг гэдэг
яг л найруулсан холимог шиг. Уусмал шиг, талст хор шиг.
Тэр
ярьж, би шийдвэрт хүрлээ: Би гарынх нь доороос хуудас цаасыг нь татаж аваад,
дээш эргүүлж харуулан, уншиж эхлэв.
Това
ярьж байснаа өгүүлбэрээ дуусгалгүй зогсосхийв. Царай нь цонхийсон ч байж магад.
Намайг шүлгийг нь нэг удаа уншаад, хоёр дахиа уншиж эхлэхэд, тэр янжуураа
барьсаар, бүх зүйл надаас, миний юу гэж хэлэх, царай минь яаж хувирахаас
хамаарах юм шиг салганаж, бид өөд өөдөөсөө харж суусан учир тэр Тора судрыг уншиж
сурч байгаа цагаач хүүхэд шиг шүлгийг доороос нь дээш уншихын зэрэгцээ шүлгийн
мөрийг гүйлгэж харах нүдийг минь дагуулан харахыг хичээж байгааг би анзаарав.
Тэгснээ Това алгаа миний гарын ар дээр тавьж, “Юу ч битгий хэл. Одоохондоо юу ч
битгий хэл. Хүлээ. Та магадгүй юу хэлмээргүй байгаа байх. Заавал хэлэх гэсний
хэрэггүй. Заавал хэлэх албагүй,” гэлээ.
Гарыг
минь атгана. Шүлэг нь:
Гол мөрөн бүхэн тэнгист цутгана
Гэвч далай тэнгис дүүрэхгүй.
Шүлэг бүхэн цусыг хордуулна
Цус харин сүйрлийг нэрнэ.
Энд буй бүхэн тийш очно,
Тэнд нь мөхөгч тэнгис л бий
Ухаалаг хүмүүс гэртээ унтана
Ус мөрөн л ариутгалын ертөнцөд оршино
Гол мөрөн бүхэн тэнгист цутгана
Далай тэнгис үржил шимгүй болно, унтахгүй, мөхөхгүй,
хэзээ ч үгүй.
“Ямар
нэг юм хэлмээр байгаа бол одоо хэл.”
“Сүүлийн
мөр нь шүлгийг чинь бүхэлд нь баллаад хаячхаж,” гэж би хэллээ.
Това
гэнэтхэн, “Чи одоо хэр хүнтэй суугаагүй. Мөддөө суухгүй,” гэв.
Миний
хэлсэн үг, түүний энэ дүгнэлт хоёр ямар ч авцалдаа уялдаагүй санагдав. Би юм
хэлэлгүй өнгөрөөлөө. “Сүүлийн мөрөө жаахан янзлах ч юм уу богиносгох юм бол
шүлэг чинь илүү утга учиртай болно. Эсвэл сүүлийн мөртэйгөө толгой холбох юм
бодож олох хэрэгтэй байх. Чамайг шүлгээ бичиж байхад би саад болсон учраас
сүүлийн мөр нь холбоо уялдаагүй, эцэст нь нэгтгэж дүгнэсэн янзгүй иймэрхүү
болчихсон байх.”
“Чи
өхөөрдөм юм аа. Одоо өвөл байсан бол би чамд дурлах сан. Чи хэлсэн шигээ
чөлөөтэй бол, хоёулаа тэнгисийн эрэг рүү алхлах уу?”
“Тэгье,”
гэж би зөвшөөрлөө.
Би
энэ мөчид тайлбарлах хэрэгтэй байх, ер нь ямар ч байсан тайлбарлах гээд
оролдоод үзье. Би өндөр нуруутай, өргөн мөртэй залуу эр; түүнээс гадна Кирбет
Затарын тухай, пулемётын цэг, сайшаалын үнэмлэхийн тухай ярихад минь тэр намайг
биширсэн нь лав.
Би
тооцоог ганцаараа хийнэ гэж зүтгэлээ. Зөөгчид кофеныхоо мөнгийг төлөөд, “Маргах
юмгүй. Зүгээр. Март,” гэж хэллээ.
“Чи
яах аргагүй гучин зургаан нүгэлтний нэг юм аа. Надад битгий хүрээрэй. Дахиад
эхэллээ,” гэж хэлээд Това гал нээж буй аятай л ханиалгаж гарав. Алчуур нь
үрчийж бохиртсон байх аж. Хачин юм шүү, энэ ч мөн аазгайг минь хөдөлгөв.
Уушги
зүрхээ амаараа гаргах гэсэн аятай л хахаж цацаж байлаа. Нүүр нь үрчийж
мурилзана. Нүднээс нь нулимс гарч, удалгүй нулимс, шүлс нь холилдов. Нүүрээ
арчих гэвч хөдөлгөөн нь нэг л эв дүйгүй харагдана. Би алчуураа гаргаж нүүрийг
нь арчдаг юм билүү гэж бодсон ч Това өөрт нь хүрч болохгүй гэж маш тодорхой
сануулсан шүү дээ. Хуруугүй гар нь юм хайж буй аятай агаарт сарвалзан, хайснаа
олохгүй ч бууж өгөлгүй дахин дахин сарвалзсаар байв. Ёстой солиотой, галзуу юм
аа; би маш их догдоллоо. Гэхдээ биеэ барив. Това эспрессо кофены гял цал
төхөөрөмжийн өмнө зогсоод, уг төхөөрөмжид туссан тусгалаа харан, нүүр царай,
үс, нүдээ арчиж цэвэрлэхийг хичээнэ.
Би
урт маршрутад ядардаг сул дорой биетэй цэргүүдэд хэлдэг байснаараа, “Санаа
зоволтгүй. Муугүй байна,” гэж хэлэв.
Това
надаас түр хүлээзнэхийг хүсээд, угаалгын өрөөнд орчихлоо. “Түр” гэсэн хугацаа
нь өнгөрөөд, дахиад хэсэг хугацаа өнгөрсний дараа би бага зэрэг санаа зовж
эхлэв. Энэ зуур би түрийвчээсээ гилгэр хальсанд шургуулсан ховор австри маркаа
гаргаж, голд усанд орж буй эмэгтэйн зургийг харав. Энэ маркийг хэвлээд жаран
жил өнгөрчээ. Энэ эмэгтэй нас барсан, голын эрэг дээрх буга үхсэн,
Австри-Унгарын улс задарсан, харин нэрийг нь мэдэхгүй тэр гол л үлдсэн. Бас
марк. Маркны өөрийнх нь үнэ одоогийн үнэ цэнтэй нь харьцуулахад хачин бага; цаг
хугацаа эд зүйлд ингэж нөлөөлдөг. Миний бодлоор, тэвчээртэй байна гэдэг маш
чухал. Това нүүрээ угааж, үсээ янзлаад хөөрхөн болчихсон гарч ирэв. Над руу
налаад бид хоёр хөтлөлцөн ресторанаас гарлаа.
Би
марк цуглуулдгаа, Тел Авивд яах гэж ирснээ, түүнтэй цуг дахиад нэг цаг дөчин
минутыг хамт өнгөрүүлэх хэрэгтэй байгаагаа хэлэв. Това гараас минь атган,
бэлхүүсэн дээрээ тавилаа. Ташаанд нь хүрэхэд бүлээхэн аж. Бид Тел Авив хотын
хойд дүүрэгт, тэнгисийн эрэг хүрэх замаар явна. Др. Элиэзэр М. Берлин энэ хавьд
суудаг. Би өнөөдөр түүнтэй наймаа хийхээр хотод ирсэн.
Тэнгис
хүрэх замдаа би Товагаас өөрийнхөө тухай яриач гэж хүсэв. Би түүнд арми,
гэрлийн бүрхүүл, хүүхнүүд, марк, яруу найраг гээд бараг бүх амьдралаа ярьсан
шүү дээ. Харин тэр нөгөө шүлэгт бичсэнээс өөр юу ч надад яриагүй. Това намайг
шоолж, “Радио Израил” сувгаар алга болсон хүний зарыг уншиж буй мэтээр
уянгалуулан, “1926 онд Словакийн Братислава хотод төрж, 1946 онд Вена, Тироль
хотуудаар дамжин Израил руу цагаачлан, эхлээд еврей агентлагийн өнчин хүүхдийн
асрах газарт, дараа нь Самариа дахь кибүцэд амьдарсан, Лиза болон Роберт-Ривлин
Леви нарын охин Гита. Хамгийн сүүлд сул чөлөөтэй, булчинлаг кибүцникийн хамтаар
явж байгаа харагдсан. Түүний талаар мэдээлэл өгөх хүн энэ дугаар луу залгана
уу. Чи миний талаар өөр юу мэдмээр байна?” хэмээв.
Би
түүний сэтгэлийг бодож, жаахан инээх аядав. Үнэндээ ийнхүү хошигносон нь надад
тийм ч инээдтэй, ухаалаг санагдаагүй. Гэр бүлд нь юу тохиолдсоныг, одоо шүлэг
яруу найраг бичихээс өөр юу хийдгийг нь би асуулаа.
Това
надад өөрийн тухай дахиад жаахан ярив. Гэхдээ эмх эгцгүй ярьсан учир эхэлж юу
нь болоод, дараа нь юу нь болсныг мэдэхэд бэрх аж. Аав нь шүдний эмч, ээж нь
төгөлдөр хуурын багш. Өнөөг хүртэл түүнд сонсож чадахгүй, чихээ дараад зугтдаг
аянууд байдаг гэнэ; өөрөөр бол, түүнд үхэх арга замуудаас аль нэгийг нь сонгох
л сонголт үлдсэн мэт санагдаж эхэлжээ. Дайны үеэр тэр гэр бүлийнхэнтэйгээ
бөөнөөр хорих лагерьд хоригдож байсан. Аавыг нь хөнөөж, охин дүүг нь хулгайлж,
ээжийг нь өөр өөр лагерь руу илгээжээ; хэн нь ч амьд үлдээгүй. Түүнийг
хүчирхийлсэн. Үгүй, тэр эрхий хуруугаа германчуудад тастуулаагүй, кибүцэд
болсон ослын үеэр тастуулсан. Дайны дараа, тэр асрах газарт багшаар ажилласан.
Хэдэн шүлэг нь сэтгүүлд хэвлэгдсэн; анхны ном нь хэдийн хэвлэгдсэн, шүүмжлэгчид
магтсан. Сурталчилгааны эх бэлтгэгч, дизайнерын ажил эрхэлж, амьжиргаагаа
залгуулдаг. Жижиг кафед, хүний хөл татарсан үед ажиллах дуртай. Надад бараг л
дурлаж байгаа, тийм ээ, тэр тэгж хэлсэн.
Би
бүр эхэнд нь энэ бүхнийг бичих хэрэгтэй байсан байх. Яг зөв дараалал нь аль вэ
гэдгийг мэдэх юм надад алга.
Бид
хоёр тойруу замаар тэнгисийн эрэгт ирлээ. Туман хүртэл замаа товчлоод, эрэг
дээр хэдэн минутын өмнө ирж болох байсан. Гэвч Това баруун гар тийш эргэж,
эрэгтэй зэрэгцээ үргэлжилдэг, Элиэзэр Бэн Ехудагийн гудамжаар явъя гэсэн юм.
Тэр сүрьеэтэй мэт хахаж цацан хэдэнтээ ханиалгаж, би хажуугаар өнгөрч буй
хүмүүсээс ичиж, Това үүнийг анзаараад, ханиалгахынхаа өмнө болон дараа шинэ
тамхи асаахаар яарангаа надаас уучлал хүсэв. Хүүхдийн тэрэг түрсэн махлаг
ээжүүд хажуугаар өнгөрч, мөн хэдэнтээ дуут дохио сонсогдлоо. Бид нэгэнтээ махны
худалдагч булчинлаг эр гулууз махаа заазуураар ясыг бутлан цавчихыг зогсож
харав.
Жаботинскийн
гудамжны үзүүрт, Товагийн танилтай таарлаа. Тэр танил гэдэг нь бариу өмд, тод
өнгийн цамц өмссөн, насыг нь тодорхойлох аргагүй, турьгүй жижиг биетэй, царай
муутай, уран бүтээлч залуу эр аж. Толгой нь бараг тэр чигтээ халцарсан ч урд нь
хөхөл ч юм уу, эвэр ч юм уу гэмээр үс сөрдийнө. Доош унжсан шингэн сахалархуу
юмтай. Товагийн тэвэр лүү унаж, тэвэрч үнсээд, хүн амьтантай нялуурахыг
мөрөөсөл болж үхэх шахаж байсан аятай загнаснаа, миний урьд өмнө огт дуулж
байгаагүй яруу найрагч, уран зохиолын шүүмжич хүмүүсийн талаар наргиан хэлж
эхэллээ. Намайг тэнд огт байхгүй мэт аяглаж ханасан бололтой эцэст нь нэг над
руу эргэж хараад, дээрээс доош эрээ цээргүй шинжээд, Товагаас энэ хүн шинэ
амраг нь эсэхийг асуув. “Тийм ээ, шинэ амраг минь,” гэж Това хариуллаа.
Эцэст
нь нэг энэ алиалагчаас салж амрахад, түүний нэрийг Гюнтер гэдэг ч хүн бүр
Гюстав гэж дууддаг, тэр өөрийгөө израил урлагийн хийсвэрлэлийн урсгал чиглэлийг
үүсгэгч гэж үздэг, үнэндээ тогтмол эрхэлдэг ажил нь цагдаа, хүчний байгууллагад
гэмт хэргийн ул мөр шинжихтэй холбоотой, янжуурын үнс, шүлсний толбо гэх мэт зүйлийг
судлах гэж Това надад ярив. Нэгэн цагт Това энэ эрд дурлаад чухам сүйд болж
байсан юм байх. Учир нь түүний түрэмгий, хилэнтэй байдал нь Товад үр дүнгүй,
бараг л эмгэнэлтэй санагддаг байж. Одоо бол хайртай дуртай байхаа больсон,
ингэж энд тэнд тааралдах ч таалагддаггүй юм гэнэ. Хайр дурлалын тухайд иймэрхүү
зүйл түүнд олон тохиолдсон аж. Това үүнд өөрийгөө буруутгадаг. Энэ зуур амьдрал
урсаад өнгөрч байна.
Амьдрал
урсаад өнгөрч байна, бүх юм ард хоцорч байна гэж битгий бодоосой гэсэндээ би
түүнийг магтъя гэж бодлоо. Тэр магтаалыг минь талархан хүлээж авсан төдийгүй
үнэхээр тэгж бодож байгаа эсэхийг минь дахин дахин асуусан учир би нэг
магтаалаа давтан давтан хэлэх хэрэгтэй болов.
Ярианы
маань сэдэв хайр дурлалд хандсан учир, цэргийн алба хашиж байхад минь насаар
эгчмэд, гэр бүлтэй эмэгтэй надад хэрхэн дурласныг би Товад ярилаа. Тэр эмэгтэй
кибүцэд хамаатныдаа ирсэн юм билээ. Ирсэн өдрөө намайг сагсан бөмбөгийн
талбайд, маргааш орой нь усан санд хараад, хаа явсан газар, араас нь хөөж
эхэлсэн. Гүрвэл шиг царай муутай эмэгтэй байсан ч кибүцийн миний үеийн охид,
хөвгүүд юу болоод байгааг анзаарсан учир, би тэдэнд зориулж эгчмэд бүсгүйтэй
жаахан үзүүлбэр үзүүлэхээр шийдсэн юм. Өнөөдөр ч гэсэн тэд энэ явдлын талаар
ярьж хөхрөлддөг.
Това,
“Би чиний ээж биш, юу хийхийг чинь заахгүй,” гэв.
Ингэж
хэлсэн нь надад ямар ч утгагүйгээс гадна зохисгүй санагдсан ч би дуугай
өнгөрөөлөө.
Тэгтэл,
сурталчилгааны загвар гаргаж амьжиргаагаа залгуулахаар биеэ үнэлж байгаа юм шиг
санагддаг гэж Това ярив.
Би
түүнд надад сайшаалын үнэмлэх гардуулсныг, шагнал гардуулах ёслол хүний нөөцийн
даргын өрөөнд болж, сайшаалын үнэмлэхийн утгыг чангаар уншиж, би яг дээдэх
ахлах пулемётын цэг рүү хэрхэн мөлхөж, тэнд, Кирбет Затарт надаас ердөө хагас
метрийн зайд алуулсан Нетани хотын найзынхаа тухай тасралтгүй бодож байсныг
минь дүрслэн хэлснийг ярилаа.
Това
надад нэг удаа уралдаанд түрүүлснээ хэлэв: эрх чөлөө, аз жаргалын сэдвээр
Нэгдсэн үндэстний байгууллагын сурталчилгааны хуудасны загвар гаргах олон улсын
тэмцээн дизайнеруудын дунд зарласан юм санж. Тэр бөөлжис нь цутгасаар зурагт
хуудасны загварыг гаргажээ; эрх чөлөө, аз жаргалыг тэр хүний эрүүл ухааныг
доромжилсон гэмээр, дэндүү нялуун хүүхдийн зохиолын төсөөллийн шувуунуудаар
дүрсэлсэн, харин тэр олон загвар дундаас энэ жигшмээр юм олон улсын шагнал
хүртсэн гэнэ.
Ярконы
гудамжаар хөндлөн гарангаа, би Товад мөнөөх австри маркаа үзүүлж, нэг цагийн
дараа очих болзоо минь ямар чухал ач холбогдолтой ярихаар шийдэв. Марк
цуглуулах хэчнээн таатай сайхныг, миний бодоход, эмх цэгц гэдэг бол жинхэнэ гоо
үзэсгэлэн болохыг хэллээ.
Това
зогсоод, одоо бидний бараг тулж ирж буй тэнгисийн зүг хараад, өөрийн шүлгэн
тодорхойлолтоо хэлэв: “Бурхан ч биднийг нэг нэгээр нь цуглуулж, цомогтоо эмх
цэгцтэй байрлуулж, нааж, бид бүгдийн зовлон зүдүүрийн цаана нуугдсан уялдаа
холбоог хардаг.”
Би
үүнийг чимээгүй өнгөрөөлөө.
Това,
“Би чамд хайртай,” гэж хэлээд, бид тэнгис рүү хөтлөх, нурж унах шахсан шатаар
доош уруудав. Гадаа халуун. Бие хөлөрч, цамц нуруунд наалдана. Би цангаж байв.
Това дахиад ханиалгаж эхэллээ. Түүнийг ханиалгахаа болихоор нь би түүнд австри
маркаа үзүүлэв: голд нэг эмэгтэй усанд орж байна, эрэг дээр буга идээшилж
байна.
Тэнгисийн
хөвөөнд, хиртэж даахирсан үстэй, халтар царайтай багачууд байна. Тэд биднийг
бүдүүлгээр исгэрсээр угтав. Би энэ ичгүүргүй занг нь зүгээр өнгөрүүлэхгүй.
Босож зогсоод, гараа энгэртээ зөрүүллээ. Би аль хэдийн цамцаа тайлчихсан байсан
юм. Жаалууд хөхрөлдөөд явж одов. Онгирох гээгүй гэдгээ би Товад хэлсэн, гэхдээ
тэр угаас бүгдийг өөрийн нүдээр харсан. Това инээд алдав. Би элс хутгаад,
хуруун завсраараа түүний бараан хөх саарал өнгийн өмд рүү нь гоожууллаа. Това
одоо нөгөө хүүхдүүд явсан тул хажууд нь сууна уу гэж намайг урив. Би суулаа.
“Нэг
удаа би улсын ойн баярт зориулсан маркны загвар гаргах тэмцээнд орсон,” гэж тэр
яриагаа эхлүүлэв. “Би өргөст бут, азаргана дунд, наранд амарч буй эмгэн өвгөн
хоёрыг зурсан. Мэдээж хэрэг, тэд өөр зураг сонгосон. Бод доо, хэрэв би тэр
тэмцээнд түрүүлсэн бол чамайг юу ч мэдээгүй байхад миний марк чиний цомогт
багтах байж шүү дээ. Чи надтай гэрлэх үү?”
“Юу
гэнэ ээ?”
“Тэнгис,
элсний нүүдэл, тэнгэр, гал түймэр, салхи, бүгд тун энгийн зүйлийг баталдаг. Бид
яагаад сонсохоос ч татгалзан, ятгалгад орохгүй зөрүүд загнадаг юм бол? Зүгээр л
амьсгаадсаар зугтаад л, нэг шөнөөс нөгөө рүү гүйсээр, яг л үхэл гэдэг нэг
үдэшлэг юм шиг, бид хожимдож болохгүй юм шиг. Чи ч бас одоо явах гээд яарч
байна. Хүсвэл, яв яв. Би чамайг хорихгүй. Яв, маркнуудаа соль. Заримдаа чи тэр
пулемётын цэг дэх цэрэг байж таарна, тэгээд нэг танихгүй хүн огт харагдалгүй
мөлхөж ирээд, чамайг эргэн харахын завдалгүй цааш харуулчихна. Яв. Яв.
Баяртай.”
“Това,
чиний зүгээргүй байна. Чи гэрлэлт гэх мэт чухал шийдвэрийг ингээд гаргачхаж
болохгүй шүү дээ. Чи орондоо орж хэвтэх хэрэгтэй. Яаж ханиалгаж байгаагаа
чагнаач. Чагна.”
Това
дуугаа хураав. Магадгүй үнэхээр чагнаж байсан биз. Гэхдээ тэр үед Това
ханиалгаагүй, надад дур хүсэл төрөөгүй, харин тэнд ердөө тэнгис, салхи, элс
байв. Тэр хөөрхөн, надаас хол байлаа.
Бид
элсэн дээр зураг зурав. Би дуугаа хураан, тэнгисийн эрэг дээр ирэх замдаа
Товагийн надад ярьсныг эргэн санана. Бөөнөөр хорих лагерьд, нэг герман офицер
байсан гэнэ. Това тэр үед арван тавтай. Тэр офицер туранхай биетэй, бор
царайтай, гуниг хурсан нүдтэй. Өрөөндөө польш айлаас тоносон төгөлдөр хуур
авчраад тавьчихсан. Товагаар энэ төгөлдөр хуураа тоглуулна. Тоглохыг нь
сонсоод, сэтгэл нь хөдлөн уйлаад, дараа нь хар өнгийн ширэн тэлээгээ тайлаад,
Товад өөрийг нь ороолго гэж тушаана. Това мань эрийг хамаг хүчээрээ ороолгоно,
чанга ороолгохгүй бол, цэрэг эр түүний арьсыг тамхины цогоор түлдэг: “Хар даа,
гар, хүзүү болон чиний бусад чадахгүй бусад газар.” Тэр гуньхарч гашуудсан эр
байж. ‘Хайн’ гэдэг нэртэй, том герман овчарка нохойтой; тэр нохой нь
еврейчүүдийг үздэггүй; үнэрээр нь ялгаж таниад, хаздаг.
Кибүцэд
байхдаа Това маш царайлаг найз залуутай байж. Нугын нойрсож буй ханхүү нарын
нэг. Нэр нь Арнон. Хөлөө дээш гозойлгон хоёр гар дээрээ явж чаддаг.
Би
одоо ам нээх хэрэгтэй гэж шийдэн, “Би гар дээрээ явахаас гадна бүр шатаар авирч
чадна,” гэж хэллээ.
“Худлаа
ярь. Чаддаг юм бол харуул. Тийм ээ, яг одоо, энд.”
Би
жаахан тээнэгэлзлээ. Гэвч Това гэнэтхэн хуруугүй гараараа шилэн хүзүүнд минь хүрэхэд,
би бүхэлдээ түүний эрхэнд орчхов. Би босоод, гутлаа өшиглөөд, арагш хий үсэрч
гар дээрээ буугаад, алхаж эхэллээ. Булчин шөрмөс минь ямар ч зовлонгүй
хүссэнээр минь хөдөлж байна. Наран шарлагын сандал дээр сууж асан эмгэд яст
мэлхийнх шиг хүзүүгээ сунган, над руу идиш хэлтнүүд шиг л харц сунгав. Хүмүүс
шүгэлдэж, алгаа ташлаа. Шөрмөслөг жуулчин охин франц аялгаар, “О ла ла” гэв. Би
энэ бүх магтаалыг үл ойшоон, Това руу эргэв. Тэр тамхиа татаж байна.
“Чи
өхөөрдөм юм аа.”
“Би
чамаар үнсүүлэх эрхтэй болсон байх,” гэж би хариу хэлэв.
Гэвч
Това инээмсэглээд, янжуураа үнсэн, надад хадаж, “Хүлээ, жаалхан хөвгүүн минь,”
гэлээ.
Би,
цаг хэд болж байгааг бодох хэрэгтэй байв. Товагийн харцыг хариулан бугуйн цагаа
харлаа. Одоо арван таван минут үлджээ.
“Чамайг
надтай гэрлэхээр зөвшөөрсөн гэж бодъё,” хэмээн бүсгүй инээд алдсаар хэллээ.
“Чамайг зөвшөөрсөн гэе. Тэгвэл бид хамгийн түрүүнд юу хийх вэ?”
“Явж,
бүртгүүлж, бөгж авч, найз нөхөд, хамаатан саднууддаа хэлнэ.”
“Үгүй.
Бид тэнгисийн эрэг дагасаар бид хоёроос өөр хэн ч байдаггүй тийм газар очно.
Тэнд тэнгис, үдэш хоёр л байх болно. Учир нь биднийг тэнд хүрэхэд үдэш болсон
байна. Тэгээд хоёул хувцсаа тайлж, далайд шумбана. Би чиний тухай шүлэг бичнэ.
Чи намайг Кирбет Затар луу аваачиж, ямар баатарлаг гавьяа байгуулснаа надад
харуулна. Шөнө бид тэнгис рүү буцаж ирээд, чи шөнөжин маркнуудаа усан дээр
нааж, би чамайг харж хөхөрнө.”
“Това,
наад тоглоом шоглоом чинь яах вэ. Би нээрэн явах хэрэгтэй байна. Нэг хором
тохуурхахаа болиод, ноцтой бод доо. Чи утастай бол, дугаараа надад өгчих, би
гэрлийн бүрхүүлийн ажлаар хотод дахиад ирэх бол чамтай холбогдож, хоёулаа
уулзъя.”
Энэ
саналд минь тэр хариу хэлж чадсангүй, харин нөгөөх янзаараа бүгшүүлэн ханиалгаж
эхлэв. Янжуур хуруун завсраас нь нисээд, элсэн дээр газардлаа. Товагийн царай
улайж, амнаас нь шүлс гоожив. Эрхий хуруугүй гараа дээш өргөн дэмий савчуулна.
Жижиг сүрэл цүнхээ доош унагасанд дотор байсан юм гадагш асгарав. Асгарсан юмыг
нь цуглуулах ёстой юу, эсвэл бүсгүйг нуруун дээр нь алгадах ёстой юу, би
мэдсэнгүй. Алгадаагүй нь дээр байх, учир нь өөрт нь битгий хүрээрэй гэж надаас
хэдэнтээ гуйсан. Би хүлээлээ, гэвч энэ удаад ханиалгах нь болихгүй, харин ч
улам бүр дордож, дотор минь муухайрав. Дотор минь муухайрахын зэрэгцээ, аазгай
минь хөдөлж, би эцэстээ яах учраа олохоо болив.
Това
арай гэж нэг тайвширсан ч би тайвширсангүй. Тэр надаас өөрийг нь өршөөхийг
хүсэв. Би тэр даруй өршөөлөө.
Тэгээд
бид салсан, би түүнтэй дахиж уулзахгүй.
Би
бүгдийг эмх цэгцтэй буулгах хэрэгтэй. Хамгийн сүүлд юу болсныг алгасаж
болохгүй, тэр үйл явдлуудыг ч бичих учиртай. Гэнэтийн энэ солиотой хүсэл,
түүний гэмтэлтэй гарыг нь барьж үзэх, түүнд бууж өгөх, дагаж явах, түүнтэй
гэрлэх хүсэл ямар хүчтэй, ямар шаналгаатай байв аа.
Түүнчлэн
би түүнд хандаж, “Зүгээр ээ. Би жаахан хожимдож болно. Маркны худалдаачин
намайг хүлээх байх. Чиний ярьсан тэр газар луу, эсвэл гэр лүү чинь явъя,” гэж
яаж хэлэв ээ. Харин одоо баярлаж хөөрөхийн оронд, Това улам их тамхи татахаар
шийджээ. Янжуураа ар араас нь татахын хэрээр, уушги нь өвдөж зовно. Това есөн
хуруугаараа хоолойгоо атгаж, цусанд цоохортсон шүлс дуслуулан шүлэг уншихын
хичээн өөдөөс минь харж зогсоно. Шүлгийн үгс түүнийг багтраа өвчнөөс нь
ангижруулахаар эмчийн бичиж өгсөн эмийн жор аятай л: Гол мөрөн бүхэн—ханиалгана—тийш—ханиалгана—урсана— ханиалгана, ханиалгана—тэнд—ханиалгана—зөвхөн мөхөгч—
Би
биеэ барьж тэсэхгүй болов.
Эхлээд
нэг гараас нь, дараа нь хоёр гараас нь бариад, түүнийг сэгсрэн, хашхичиж, одоо
үүнийгээ болих хэрэгтэйг, тэр солиотой загнаж байгааг, өвчтэй гэдгийг нь,
гаргаж буй дуу авиа нь хүн тэсэхийн аргагүйг, тэр гэртээ харих хэрэгтэйг, би ч
мөн явах ёстойг хэлэв. Түүнд танихгүй хүнийг ингэж саатуулаад, хариуцлага
ногдуулах эрх үгүй байлаа.
Тэр
гараас нь мултраад, хэржигнэх чимээ гаргасаар, аль хэдийн шинэ янжуураа сорж
эхэлжээ.
“Байзна,
байзна,” гэж Това үхээнц дуугаар хэлэв. “Энэ чамд ч тохиолдоно. Үнэхээр хүчтэй,
хүдэр чийрэг гэдэг чинь үнэн; чи гар дээрээ явж чадна, хоргодох байрыг дэлбэлж
чадна. Гэлээ гээд энэ чамд тус болохгүй, учир нь нэг л өдөр бие махбод чинь
чамаас урвана. Тэр цагт, ингэж сануулсныг минь санаарай. Чи гайхамшигтай төгс
биеэ энхрийлэн хайрлаж, осол гэмтлээс хамгаалах хэдий ч бие махбод чинь чамаас
урвана. Нэг л шөнө тэр чамайг өвчин зовлонгийн чинжаалаар хутгалж орхино,
тэгэхээр чи энэ хэлснийг минь санана. Өвчиндөө шаналан атиралдаж, орилж
хашхиран гуйна, гэвч тэр чам руу хутгаа ар араас нь дүрнэ. Түүнд зориулж хийсэн
бүхнийг чинь мартана. Чи сандарч түгшин харанхуйд нүдээ нээнэ, тэр чамайг
хөнөөнө. Шөнө дунд, цор ганцаараа байхад чинь. Ээж, аав байхгүй, кибүц байхгүй,
хүүхнүүд байхгүй. Чи шөнө дунд алуурчинтайгаа хоёулхнаа, дэлхий дээрх ямар ч
хүч түүнийг зогсоож дийлэхгүй. Чи үхнэ. Одоо зугтах гээд оролд л доо, мангар амьтан,
чадлаар зугт л даа, гараараа хөл хийгээд зугт, толгой дээрээ зугт, хамаг
хүчээрээ зугт, мангар амьтан, зугт, би чамайг дахиж хармааргүй байна. Зугт.”
Това
уйлав. Яг юу хэлээд байгаа нь ялгарч сонсогдохгүй, царай нь мурийж барьсан
юмгүй. Нүдэнд нь л нулимс мэлмэрсэн; би яах учраа олсонгүй. Тэнгис тэнд байгаа
хэвээр. Гадаа халуун; цаг оройтсон. Би түүнд, одоо явах ёстойгоо, бид найзын
ёсоор салахыг хичээх хэрэгтэйг хэлэв. Тэр над руу харж инээмсэглээд, урагш
ялимгүй бөхийгөөд, над руу хамаг байдгаараа бөөлжиж эхэллээ. Бардам янзтай,
зорьсон ажлаа хийж буй мэт, чангаар огиулан бөөлжинө.
Би
юу ч хэлэлгүй, тэндээс зугтсан.
Нийтийн
шүршүүрт чадах хэрээрээ биеэ угааж цэвэрлэлээ.
Намайг
очиход др. Элиэзэр М. Берлин гадагш гарч явж таарав: Товлосон эцсийн хугацаа
өнгөрч, өөр нэг цуглуулагч надаас өмнө амжжээ. Магадгүй дараа л аз таарах байх.
Ямар таагүй хэрэг вэ. Баяртай, амжилт хүсье. Хэрэггүй дээ.
Таван
цагт би Тел Авиваас явлаа. Зургаа гэхэд Хайфад хүрсэн байв. Оройн найман цагаас
өмнө би бүх хувцсаа тайлаад угаалгын уутанд хийчихсэн, өрөөнийхөө хажуугийн
шүршүүрийн бүхээгт орчихсон хамаг биеэ сайтар савандаад зогсож байлаа.
Толгойгоо ч мөн сайтар үрэхээр шийдэв. Дараагаар нь салат, талхтай идлээ.
Гэхдээ юм идэх дур хүрсэнгүй. Лимбэний концерт сонсож, нэг хундага вермут уув.
Хаалган дээрээ, “Саад болохгүй байхыг хүсье—өнөө орой завгүй” гэсэн бичиг
өлгөлөө. Хүүхнүүд ирсэнгүй, эсвэл ирээд бичгийг уншаад яваад өгсөн биз. Ховор
австри маркаа буцааж цомогтоо хийв. Эмэгтэй хүн голд усанд орно. Голын эрэг
дээр буга идээшилнэ.
Цомгийг
хуудсаа эргүүлэн, өдөр болсон бүхнийг дэс дарааллаар нь тэмдэглэхээр шийдэв.
Гэхдээ дэс дарааллаар нь бичээгүй, бүгдийг нь ч бичиж буулгаагүй.
Одоо
ширээн дээр минь бөөрөнхий гэрэл тусна. Варшаваас авчирсан гоёл чимэглэлтэй
хавтас бүхий хүнд цомог Босни-Херцеговины хуудсан дээр нээлттэй. Одоо Босни ч
байхгүй, Херцеговина ч байхгүй, түүнчлэн цомог энэ хуудасны хамгийн сүүлчийн
маркаар дуусна. Гадаа, царцаа, мэлхийний дуунаас өөр ямар ч аниргүй. Надад
гомдоллох юм алга. Товад, өөртөө, марк цуглуулагчдад гомдолгүй. Би чимээгүйхэн
гол мөрнүүдийн тухай бодно: жижиг рашаан булгууд нийлж горхи болно; горхинууд
нийлж голын салаа үүснэ; голын салаанууд нийлж гол мөрөн болно; гол мөрөн бүхэн
тэнгист цутгана. Тэнгис хэвээр үлдэнэ. Асуудал юу вэ гэхээр: “Яг энэ мөчид үхэх
гэнэтийн, үлэмж их хүсэл чухам хаанаас эхтэй вэ?” ♦
No comments:
Post a Comment