Жон Чивер (1912 – 1982) америк роман, өгүүллэгийн зохиолч. “Захын дүүргийн Чехов” гэх хочтой. “Аварга том радио”, “Дүү минь, баяртай”, “Тав дөчин наймын галт тэрэг”, “Хөдөөгийн нөхөр”, “Сэлэгч” зэрэг өгүүллэгээрээ алдаршсан энэхүү зохиолч хүний мөн чанарын хоёрдмол байдлын тухайд гол төлөв өгүүлдэг. Дүрүүд нь гадаад нийгэм дэх нэр хүнд, дотоод сэтгэлийн доройтол хоёрынхоо дунд гацсан байх нь түгээмэл. Өгүүллэгийн түүвэр нь 1979 онд Пулицерийн шагнал, Америкийн үндэсний ном шүүмжлэгчдийн шагналаас гадна 1981 онд Үндэсний номын шагналыг хүртсэн.
Жон Чивер | ЭМЧИЛГЭЭ
Энэ явдал зун болсон юм. Нью-Йоркод ч,
миний амьдардаг дүүрэгт ч их халуун шатаж байсан нь санаанд минь үлджээ. Би
эхнэр Рачельтэйгээ хэрэлдээд, тэр ч хүүхдүүдээ машиндаа суулгаж аваад явж
одсон. Нууцаар дурандагчийг би анх тэднийг явснаас хагас сарын дараа харсан––түүнээс
өмнө байсан эсэхийг бүү мэд––гэхдээ л Рачелийн явах, түүний ирэх хоёрын хооронд
ямар нэг холбоо байгаа болов уу. Рачель эргэж ирэхгүй л байлаа. Тэр өмнө нь
намайг хоёр удаа хаяж явсан––хоёр дахид нь бид салсан ч эргээд нийлсэн. Ийнхүү
намайг хаяж явах бүрд нь надад аз жаргалтай гэхгүй ч нэг тийм өөрийгөө хүндлэх
сэтгэл төрж тайвширдаг байв. Энэ явдал зун болсныг хэлсэн дээ, эхнэр минь
хэрүүл хийх гэж зун болохыг хүлээсэнд би нэг талаас баярлаж байлаа.
Ингэснээр салсан гэдгээ даруй
баталгаажуулах шаардлагагүй болох юм. Бид хэд хэдэн удаа салж нийлсэн ч арван
гурван жилийг хамтдаа өнгөрүүлж, гурван хүүхдээс гадна хэд хэдэн банканд дундын
данстай болжээ. Рачель ч бас над шиг салснаа баталгаажуулах ажлыг ес,
аравдугаар сар хүртэл хойшлуулахаар шийдэж гэж би бодлоо.
Би зун салсандаа баяртай байв. Учир нь
зун миний ажил барж давах аргагүй овоорч, орой гэхэд би гараа өргөж
дийлэхээргүй ядарч орхидог юм. Тэгээд ч зун ганцаараа байх надад илүү амар
гэдгийг би урьдын туршлагаасаа мэднэ. Шүүх хурлаар энэ байрыг Рачельд өгөх нь
гарцаагүй, гэтэл би энэ байрандаа их дуртай, тэгэхээр энэ хэдэн сар миний
байрандаа байх сүүлийн боломж гэж ч бодож байлаа. Гэхдээ гэрт огт асуудал
гараагүй гэх аргагүй. Эхлээд нохой, дараа нь муур гэрээс зугтчихав. Гэж байтал
нэг шөнө гэртээ ирэхэд минь манай гэрийн үйлчлэгч хатагтай Морин шал согтуу
байх юм.
Хатагтай Морин нөхөр нь дайны дараа
Германд алба хааж байхдаа өөр эмэгтэйд сэтгэл алдарсан тухай ярьж уйлаад өмнө
минь өвдөг сөхрөв. Эхнэр хүүхэдгүй хоосон гэрт зуны орой ийнхүү хоёулхнаа үлдэх
их хачин байлаа. Ийм хачин явдал болохоор хүн урьд гаргасан шийдвэрээсээ буцдаг
шүү дээ. Би хатагтай Мориныг кофегоор дайлаад, хагас сарын цалинг нь урьдчилж
өгөөд, машинаараа гэрт нь аваачлаа. Бид хоёр баяртай гэсээр салах үед хатагтай
Морины сэтгэл гайгүй уужраад, согтуу нь ч гарч байх шиг санагдав. Би ч энэ
хачин явдлыг мартъя гэж бодлоо. Тэгээд энэ явдлын дараа зуныг хэрхэн
өнгөрүүлэхээ ерөнхийд нь төлөвлөхөөр шийдэв.
Хүн өөрийгөө романтик, бэлгийн
харилцааны хувьд идэвхтэй ч, гамшиг хөнөөл учруулах тийм гэрлэлтээс эдгээж
илааршуулж болно гэж би бодсон юм л даа. Гэхдээ эмчилгээний гам барьж байгаа
хар тамхины донтон шиг л алхам бүрээ сайтар төлөвлөх хэрэгтэй. Би утас
дуугарахад ер авахгүй байхаар шийдлээ, Рачель магадгүй харамсаад залгаж байх ч
юм билүү. Үүнээс гадна биднийг буцааж эвлэрүүлэх магадлалтай өөр бусад зүйлийг
ч нарийн тооцож үзэв. Жишээ нь, таван өдрийн турш бороо орох, хүүхдүүдийн хэн
нэг нь халуурах, захианд хэцүү шаналгаатай зүйл бичсэн байгааг унших нь
Рачелийн хувьд даруй утас шүүрч авах хангалттай шалтаг болох нь гарцаагүй. Би ч
энэ сүйрсэн харилцааг цаашид үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд ормооргүй
байна. Эхний хэдэн сарыг яг эмчилгээнд хамрагдаж байгаа юм шиг өнгөрүүлэх
учиртай гэж бодсоор би яах ийхээ нарийн сайн төлөвлөлөө. Өглөө найман цаг арван
минутын галт тэргээр хот орж, орой зургаа хагасын галт тэргээр буцаж ирнэ. Зун
харуй бүрийд хоосон гэрт ганцаар байх дэмий тул галт тэрэгний буудлаас машиндаа
суугаад “Орфеогийн баар” гэдэг гайгүй газар очно. Тэнд угаасаа ярих хүн
мундахгүй, би ч тэр зуур хэдэн хундага мартини уугаад, үхрийн шарсан мах иднэ.
Дараа нь Стоунибрукийн задгай кинотеатрт очиж хоёр кино ар араас нь угсруулан
үзнэ. Би энэ бүгдэд––мартини, үхрийн шарсан мах, задгай кинотеатр зэрэгт––нэг
ёсондоо мансуурч, цаг нөхцөөх гэж байгаа хэрэг. Ажлынхнаасаа гадна өөр хэнтэй ч
уулзаагүй нь дээр.
Харамсалтай нь ганцаараа байхаар нүд нь
тийм ч амар анилддаггүй болохоор одоо нойр хулжих гэдэг хэцүүхэн асуудал
тулгарав. Кинотеатраас гэртээ ирээд даруй унтах ч хэдхэн цаг болоод л сэрж
орхино. Би ч сэрүүн байх цаг хугацаагаа боломжоороо ашиглахаар шийдлээ. Бороо
орж байвал, бороо, тэнгэр дуугарах чимээг сонсъё. Бороо орохгүй бол, холд замын
боомтоор өнгөрч буй ачааны тэрэгний чимээг чагная. Энэ чимээ надад Их Хямралын
үеийг хэрхэн замаар дэмий тэнэж өнгөрүүлснийг минь сануулдаг юм л даа. Тахиа,
лаазтай хүнс, нунтаг саван, тавилга дүүртэл нь ачсан ачааны тэрэгнүүд замын
боомтоор ар араасаа цуваад л. Энэ чимээг сонсохоор харанхуй орчин, машины урд
гэрэл санаанд минь буудаг––энэ чимээ чихэнд таатай сонсогддог болохоор залуу
нас минь ч санаанд орж ирэх нь дамжиггүй. Хааяа бороо, замаар өнгөрөх машины
чимээ гэх мэтэд анхаарал минь сарниад би дахин унтдаг ч, нэг шөнө ер яагаад ч
нойр хүрэхгүй болохоор арга ядаад шатаар доош бууж ном уншихаар шийдлээ.
Зочны өрөөний гэрлийг асаагаад, Рачелийн
номын сан руу харлаа. Лин Ютань гэдэг зохиолчийн номыг сонгоод, мөлхөө
чийдэнгийн доор, буйдан дээр суугаад уншиж эхлэв. Манай зочны өрөө их тохилог.
Энэ ном ч янз нь гайгүй сонирхолтой бололтой. Манай энэ хавийн айлууд үүдээ
барагтай бол түгждэггүй, зуны шөнө энэ хувийн гудамжаар ч хүн амьтан холхино
гэж үгүй. Амьтан мэдээж байлгүй яах вэ, гэхдээ бүгд тэжээвэр, шөнө галт
тэрэгний замын хажуугийн шар шувууны дуунаас өөр ямар ч чимээгүй. Гэрт үнэхээр
чимээгүй оргино. Барстовын нохой хар дарж зүүдлээд сэрсэн юм шиг ганц хоёр
хавлав. Эргэн тойрон дахиад анир чимээгүй боллоо. Гэнэт ойрхон хаа нэгтээ хүн
хөдлөх, ханиалгах чимээ сонсогдов.
Бие зарсхийлээ––ямар жигтэйхэн
санагддагийг та мэдэх хойно––би хэн нэгэн хүн намайг сэм ширтэж байгааг мэдэрсэн
ч толгойгоо өндийлгөж харсангүй. Хүнд зөн совин гэдэг зүйл үнэхээр заяасан
эсэхийг хэлж мэдэхгүй ч минийхээр тийм юм байдаггүй гээд бодчихвол амар юм шиг
ээ. Тэр хүн зүгээр нэг сэм харах ч биш бүр зочны өрөөний маань цонхоор ширтэн,
миний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцож байгааг юм шиг санагдаад явчхав.
Харанхуй өрөөнд том гэрлийн доор сууж байгаа болохоор надад зугтах газар
байсангүй. Би ч номынхоо хуудсыг эргүүлэн уншиж байгаа дүр эсгэлээ. Гэнэт надад
гадаа байгаа мулгуу амьтны айдсаас ч илүү айдас төрөв. Би энэ хүн ханиах, явах
чимээ, намайг сэм ажиглаад байгаа юм шиг тэр мэдрэмж миний өөрийн санаанаасаа
зохиосон зүйл юм биш биз гэж айсаар толгойгоо өндийлгөлөө.
Түүнийг нэг хальт харах нь ч харлаа, тэр
ч намайг хараг гэж байсан биз; мушилзах шиг болов. Би ч гэрлээ унтраалаа,
гэхдээ гадаа их харанхуй, дээр нь нүд минь тод гэрэлд дассан учир цонхонд ер
ямар ч дүрс туссан ялгаж чадахааргүй байв. Би хонгил руу гүйхээрээ хүрч, урд
хаалганы гаднах чийдэнг асаалаа. Чийдэнгийн гэрэл тод биш ч, зүлгэн дээр байгаа
хүнийг яаж ийгээд ялгаж дөнгөхүйц юм. Гэхдээ намайг цонхонд ойртоход зүлгэн
дээр ч, түүний сууж байсан газар ч хүн байсангүй. Мэдээж тэр хүн хаана л бол
хаана нуугдаж болно шүү дээ.
Явган хүний замын хажууд мэлрэг цэцэг
тарьсан овоолоостой шороо, багсайтал ургасан голт бор цэцэгс, навчийг нь
тайрсан агч мод бий. Би самурайн хуучин сэлмээ шүүрч аваад түүний араас хөөж
мөшгөх гэсэн юм биш шүү. Би тийм хүн биш. Харин ердөө л үүдний чийдэнгээ
унтраагаад, харанхуйд энэ ер юун хүн байж болохыг бодож зогслоо.
Би шөнө огт унтдаггүй хүмүүс байдаг гэж
сонссон ч тийм хүн ер танихгүй; тэгээд энэ төмөр зам дагуух дан байрнуудын
нэгнээс гарч ирсэн солиотой өвгөн байсан хэрэг гэж таамаглалаа. Магадгүй, бүх
зүйлийг эергээр––үгүйдээ л тайвнаар––бодох шийдвэр гаргасан, угаасаа ч тэгэх
шаардлагатай байсан тул би, түүнийг өтөл насандаа гэрээсээ хөөгдөн, шөнө дунд
эргүүл цагдаа, элдэв ноходтой зэрэгцэн таньж мэдэхгүй газар тэнэж яваад ердөө
Лин Ютань уншиж буй эр, өвчтэй хүүхдэдээ эм өгч буй хүүхэн эсвэл хөргөгчөөсөө
чинжүүтэй чанасан хүрэн шош гарган идэж буй хүнээс өөр юм олж хараагүй хөөрхий
өвгөн байж гэж бодож өрөвдөв. Харанхуй шатаар дээш гарч байхад минь тэнгэр
дуугарч, хормын дараа зуны ширүүн бороо асгарч эхлэхэд би хөөрхий дурандагч
минь энэ аадар борооноор хол гэртээ яаж харина даа гэж санаа зовлоо.
Цаг өглөөний дөрөв өнгөрчээ; би
харанхуйд борооны чимээ, эрт ээлжийн галт тэрэгний дууг сонсоно. Галт тэрэг
Буффало, Чикаго, Фар Вестээс ирээд Олбанигээр дамжин үүр цүүрээр голын эргээр
урагшилна. Би тэдний ихэнхэд сууж үзсэн. Харанхуйд хэвтээд шөнийн вагоны гашуун
агаар, унтлагын хувцасны үнэр, галт тэрэгний рестораны усны амт, Клевланд эсвэл
Чикагод өдөржин байгаад Нью-Йоркод шинэ өдөр эхлүүлэх үеийн тэр мэдрэмж
ялангуяа хэдэн жил хол газар байсан бол, ялангуяа зун цагт ямар байдгийг
саналаа. Харанхуйд, галт тэрэгний гэрэлгүй вагон, өглөөний цайтай ширээ, тэр
танил үнэрээ төсөөлөв.
Маргааш нь нойр минь маш их хүрч байсан
ч би тэвчээр заан ажлаа дуусгаад, галт тэргээр харих замдаа зүүрмэглэлээ. Тэр
үед унтвал унтах л байсан биз, гэхдээ тэгж аз туршаад яах вэ гээд би Орфеогийн
баар, задгай кинотеатрт очдогоороо очив. Ёстой муухай хоёр кино үзлээ. Бүр
мангуурсан болохоор орондоо оров уу, үгүй юү шууд унтсан ч утас дуугараад
сэрээчхэв. Цаг хоёр болж байна. Би утас дуугарахаа болихыг хүлээн орондоо
хэвтлээ. Шөнийн чимээ––салхи эсвэл замын чимээ––нойр хүргэхээсээ өнгөрсөн, нойр
аль хэдийн хулжсан болохоор би доош буув. Нууцаар дурандагч ирнэ гэж бодоогүй ч
харанхуйд мөлхөө чийдэн их тод харагдаж байсан тул би үүдний гэрлээ асаагаад
Лин Ютанийн номоо уншиж эхэллээ. Барстовын нохой хуцахыг сонсоод, номоо тавиад,
дурандагч минь ирсэн эсэхэд итгэлтэй болохын тулд том цонх руу ширтлээ, тэр
ирдэг юм гэхэд намайг харахаас нь өмнө би түүнийг харах байв.
Үнэндээ би юу ч харсангүй, гэхдээ л
хэдэн минутын дараа дахиад хөшиж орхилоо, нэг хүн намайг яах аргагүй ажиглаад
байв. Би номоо дахин шүүрч авлаа, унших гэсэндээ биш, харин түүний эргэн
ирснийг тоохгүй байгаагаа харуулах гэж. Өрөө олон цонхтой болохоор дурандагч яг
аль цонхны ард зогсож байж болохыг мэдэх амаргүй. Гэнэт тэр яг ард минь байгааг
ойлгоод, би айхын дээдээр айж, гэрлээ унтраалгүй үсэрч босмогцоо төгөлдөр
хуурын дээрх нарийн цонхонд түүний царайг харах нь тэр. Би, “Эндээс тонил,” гэж
хамаг байдгаараа хашгирлаа. “Рачель байхгүй! Явчихсан! Энд хараад байх юм
байхгүй! Намайг тайван орхи!” Цонх руу гүйж хүрэхэд минь тэр хэдийн явчихсан
байв. Дараа нь хүнгүй хоосон гэрт ингэж хамаг байдгаараа хашгирч байгааг
бодоход би галзуурсан юм биш байгаа гэж ч бодлоо. Цонхонд туссан тэр царай туссан
миний төсөөлөл юм биш биз гэж бодсоор гар чийдэнгээ авч гадагш гарав.
Гар чийдэнгээ асаан нарийн цонхны доорх
цэцгийн мандлыг шалгалаа, тэр энд ирсэн нь тодорхой болов. Газар хөлийн мөр
гарч, цэцгэн дээгүүр гишгэчсэн байлаа. Цэцгийн мандлаас зүлэг хүртэл мөрийг нь
дагаж яваад би эрэгтэй хүний лакдсан арьсан шаахай оллоо. Багахан хуучирч, арьс
нь хагарсан, өвгөн хүний шаахай байв. Ямартаа ч гэрийн үйлчлэгчид ийм шаахай
өмсдөггүйг би мэднэ. Дурандагч хөршүүдийн маань нэг байж магадгүй. Би шаахайг
авч хашаан дээгүүр Барстовын овоолсон бордооны зүг шидээд, гэртээ орж гэрлээ
унтраагаад, шатаар дээш гарлаа.
Би маргааш нь цагдаад мэдэгдье гэж хэд
хэдэн удаа бодсон ч яг тодорхой шийд гаргаж чадсангүй. Орой нь Орфеогийн
бааранд зогсон шарсан мах болохыг хүлээнгээ энэ тухай дахин нэг бодов. Үнэндээ
болсон явдал инээдтэй мэт санагдах ч би түүний царайг цонхоор дахин нэг удаа
харахаас айж байлаа, бодож тусам улам айж байв. Амьдрал минь яг зөв замдаа орох
гэж буй энэ үед ийм юм тохиолддог нь бас юу вэ. Гадаа харанхуй болж байв. Би
утасны бүхээгт орж, цагдаа руу залгалаа. Хааяа галт тэрэгний зогсоол дээр
хөдөлгөөн зохицуулдаг Стенли Мэдисон утас авав. Манай гэрийн ойр хавиар
сэжигтэй этгээд холхиод байна гэж хэлтэл тэр, “Тийм үү?” гээд, надаас Рачель
гэртээ байгаа эсэхийг асуув. Манай дүүрэг анх байгуулагдсан 1916 оноос хойш
цагдаагийн газарт ийм төрлийн гомдол ер ирж байгаагүй юм гэнэ. Ярианд нь
амьдарч буй дүүргээрээ бахархах өнгө тод мэдрэгдэж байлаа. Би угаасаа өөрийгөө
эвгүй байдалд оруулна гэдгээ мэдэж байсан юм. Стенли ч, би энэ хавийн орон
байрны үнийг унагах гэж зориуд ингэж ярьж байгаа юм шиг загнаж байв. Таван
хүнтэй цагдаагийн баг хангалтгүй, угаасаа маш бага цалин авч, дэндүү хүнд
нөхцөлд ажилладаг, би үүдэндээ хамгаалагч зогсоомоор байгаа бол оршин суугчдын хурал
дээр цагдаагийн хэлтсийг өргөжүүлэх санал гаргах хэрэгтэй юм гэнэ. Дууны өнгө
нь дайсагнасан байдалтай байх вий гэж ихэд болгоомжилж байлаа, ярианыхаа
төгсгөлд Рачель болон хүүхдүүдийн тухай асуув. Би утасны бүхээгээс гарах үедээ
буруу юм хийснээ мэдэж байлаа.
Тэр шөнө кино үзэж байхад минь ер бусын
ширүүн аадар бороо орж эхлээд өглөө болтол үргэлжлэв. Дурандагч гэрээсээ
гараагүй байх, би царайг нь ч харсангүй, чимээг нь ч сонссонгүй. Гэхдээ тэр
маргааш шөнө нь дахиад ирлээ. Би түүний гурван цагийн үед ирээд, нэг цаг болоод
явахыг нь сонссон ч номоосоо өндийж харсангүй. Би одоо түүний ер гэмгүй амьтан
болохыг ойлгосон. Гэхдээ яг хэн болохыг нь мэдмээр байна. Тэгвэл би дэмий
шаналахаа больж, эмчилгээгээ тайван амгалан үргэлжлүүлэх боломжтой болно. Би энэ
ер хэн байж болох вэ гэж бодсоор шатаар дээш гарлаа. Манай энэ хавьд амьдардаг
нь тодорхой. Манай найзуудын, хөршүүдийн зун цагт тэдэн дээр ирж амарч байгаа
мэдрэл муутай хамаатан нь юм биш биз? Таньдаг хүн бүрээ нэг бүрчлэн бодоод тэд
этгээд гаж зантай авга эсвэл өвөөтэй байж болох уу гэж ч бодлоо. Энэ танихгүй
хүний дүрийг харанхуй шөнө дундаас тодхон хараад авбал санаа минь амрах гээд
байв.
Би өглөө галт тэрэгний буудлын тавцан
дээрх хүмүүс дунд тэр хүнийх байж болох царайг хайлаа. Үнэндээ царайг нь тийм
сайн хараагүй ч дахин харвал танина гэдэгтээ итгэлтэй байв. Гэнэт би хайсан
царайгаа олох нь тэр. Ер тэр дороо шүү. Тэр хүн тавцан дээр, хүмүүсийн дунд
найм арвын галт тэрэг хүлээж байлаа. Миний таньдаг эрхэм.
Бленхоллоу орох замын хажуугийн том шар
байшинд суудаг Херберт Марстон байв, энэ хүн. Би эхэндээ бага зэрэг эргэлзэж
байсан ч төрх байдлаас нь тэр гэж даруй ойлгосон юм. Тэр гэмтэй, айсан байртай
байв. Би түүн рүү дөхөж очоод бодсоноо хэлье гэж бодлоо. “Шөнө манай гэр
доторхыг сэм дурандах тань ч яах вэ, харин эхнэрийн минь тарьсан цэцгийг
гишгэчихгүй байж болох уу?” гэж хэлэх гэсэн юм. Гэвч хэлсэнгүй, учир нь тэр
ганцаараа биш, эхнэр охин хоёртойгоо цуг явж байв. Би хүлээлгийн танхимын
буланд зогсоод тэднийг дагуулан харлаа.
Ноён Марстоны царай төрхөд ч, байр
байдалд ч анхаарал татах юм байсангүй––магад өөрийг нь зүгээр орхих гэж байгааг
минь анзаарсан биз. Өндөр нуруутай, бууралтсан үстэй, залуудаа царайлаг байсныг
нь харуулах ясархаг нүүртэй. Хүн худал дүр эсгэж байгаа бол энэ нь нүүр царай
нь татвалзах зэрэг шинж тэмдгээр илэрнэ гэдэгт итгэх итгэл минь тийм амар
алдрахгүй ч би тэр өглөө ноён Марстоны царайд тийм шинж тэмдэг хайгаад ер
ололгүй бууж өгсөн юм. Тэр шийдэмгий, шударга хүн шиг харагдаж байв––ер ажил
олдоггүй Чаки Ивинээс, хүү нь саа өвчин туссан Ларри Спенсерээс, тавцан дээр
галт тэрэг ирэхийг хүлээж буй бусад эрчүүдээс яах аргагүй илүү. Би дараа нь
охин Лиди рүү нь харлаа. Лиди манай эндхийн хамгийн хөөрхөн охидын нэг. Би урьд
нэг удаа түүнтэй галт тэргэнд тааралдахад тэр Улаан загалмайд сайн дураар
ажиллаж, захидал харилцаа хариуцдаг гэж ярьж байсан. Тэр өглөө ханцуйгүй цэнхэр
даашинзтай, их хөөрхөн, өхөөрдөм харагдаж байв, би түүнийг гомдоох зүйл огт
хийхгүй. Дараа нь би хатагтай Марстон руу хараад, миний хайсан шинж тэмдэг
царайд нь тодорч байгааг анзаарсан ч тэр ер яалаа гэж нөхрийнхөө гэнэн томоогүй
зангаас болж шаналах ёстойг ойлгосонгүй. Гадаа маш халуун байсан ч хатагтай
Марстон хүрэн өнгийн хослол өмсөөд, мөрөн дээгүүрээ ангийн арьс тохжээ. Царай
нь гөлийж цонхийсон хэрнээ мушилзсан дүртэй. Гал тэрэг хүлээж байхдаа ч учир
битүүлэг инээмсэглээд л. Олон жилийн өмнө их хүчтэй, магадгүй дур тачаал
өдөөсөн зүйл туулаад царай нь ингээд тогтсон юм уу гэмээр. Гэхдээ олон жил
залбирч мацаг барихаар, тэр хүчтэй зүйлийн үлдээсэн тэмдэг дарагдаж бүдгэрээд,
ердөө ам, нүдний эргэн тойронд хатагтай Марстоныг зөрүүд хэрнээ багахан
өхөөрдөм дүр төрхтэй болгох үрчлээс л үлдэж. Би, нөхөр нь халаадаа өмсөөд айлын
арын хашаагаар сэлгүүцэж явахад хатагтай Марстон нөхрийнхөө хойноос залбирч
байдаг биз гэж бодлоо. Намайг хэн сэм дурандаад байгаа нь сэтгэлийг минь чилээж
байсан ч одоо хэн гэдгийг нь мэдсэн ч санаа минь амарсангүй. Буурал үстэй
эрхмийн хөөрхөн охин, эхнэр хоёртойгоо зогсож байгааг харах сэтгэлийг минь бүр
ч үймрүүлэх нь тэр.
Тэр орой би хотод үлдэж, коктейл
үдэшлэгт явахаар шийдлээ. Үдэшлэг том зочид буудлын дээд давхрын байранд болох
байв. Би тэнд очмогцоо хамтдаа оройн хоол идчих хүн олох санаатай задгай дээвэр
рүү гарлаа. Шинэ гуталтай хөөрхөн охин олъё гэж бодож байсан ч, тэр өдөр хорвоогийн
хамаг хөөрхөн охин газрын гаваар орсон бололтой. Дээвэр дээр буурал үстэй нэг
хүүхэн зогсож байв, хажууд нь унжиж санжсан малгайтай өөр нэг хүүхнээс гадна
миний урьд нь хэд хэдэн удаа таарсан алдартай жүжигчин Грейс Харрис хань
болжээ. Грейс Харрис цонхигор царайтай, нас дээр гарсан хөөрхөн хүүхэн л дээ,
би түүнтэй урьд нь нэг удаа уулзсан ч надад түүнтэй яриад байх юм олдоогүй.
Харин тэр орой Грейс Харрис над руу харж инээмсэглэв. Би түүн рүү хариу
инээмсэглээд, баар руу довтолгох Харри Пүрселлийг хань татлаа. Бид хамтдаа ганц
хоёр хундага юм уунгаа дэмий ярив. Намайг өрөө рүү эргэж харах тоолонд Грейс
Харрис над руу өрөвдсөн байртай харад байх юм. Яагаад тэгж хараад байгааг нь
ойлгосонгүй, намайг хүнтэй андуурсан бололтой. Насыг нь нуусан нил өнгийн
нүдтэй хүүхнүүдийн ихэнх нь ер жигтэй харалган байдаг, би мэдэлгүй яах вэ: Тэр
өрөөний нөгөө булан дахийг ч харахгүй байгаа. Цаг орой болсон ч, надад яарах юм
үгүй, би уусаар байлаа. Харри угаалгын өрөө рүү зүглээд би ганцаараа үлдэв.
Яагаад ч юм надад тэр их удах шиг санагдлаа. Тэр үед өрөөний нөгөө буланд
хүнтэй ярьж байсан Грейс Харрис над руу ойртов. Надад тулж ирээд, цасан цагаан
гараараа гарыг минь атгаад, “Хөөрхий хүүхэд,” гэж шивнэв. “Хөөрхий хүүхэд.”
Би хүүхэд биш, хөөрхийлөөд байх ч юм
үгүй, энэ одоо хажуунаас холдоод өгөөсэй гэж бодлоо. Уг нь Грейс Харрис их
ухаалаг царайтай ч тэр орой их гунигтай, санаа нь үймэрсэн шинжтэй байв.
Гунигтайгаар, “Би хүзүүгээр чинь олс ороож байгааг харлаа,” гэв. Тэгээд гараа
пиджак дээрээс минь аваад өрөөнөөс гарчхав. Тэр гэртээ харьсан байх, би түүнийг
тэнд дахиж хараагүй. Харри угаалгын өрөөнөөс гарч ирэхэд би түүнд юу болсныг
хэлэлгүй, өөрөө ч энэ бүгдийг мартахаар шийдэв. Би үдэшлэгт бодсоноосоо ч удаан
байгаад, шөнийн галт тэргээр гэртээ ирлээ.
Усанд ороод, унтлагын хувцсаа өмсөөд,
хэвтсэнээ санаж байна. Нүдээ анив уу, үгүй юү Грейс Харрисын хэлсэн олсыг
харлаа. Үзүүрт нь цаазын гогцоо байв. Би Грейс Харрисын юу гэх гэснийг
анхнаасаа ойлгосон: Тэр өөрийгөө боомилно гэдгийг минь зөн совингоороо мэдрээд
сануулсан хэрэг. Олс аажим аажмаар ухамсар руу минь бууж байх шиг. Би нүдээ
нээгээд, өглөө хийх ёстой ажлаа бодлоо. Гэвч нүдээ дахиад анихаар хоосон орой
зай харагдаад, олс тэр хоосон руу хөндлөвчнөөс доош унжуулсан мэт буугаад
тэндээ тогтож байв. Би нүдээ нээгээд, ажлынхаа тухай дахин бодсон ч нүдээ
дахиад анихаар дахиад нөгөө дүүжлээстэй олсоо харж байлаа. Тэр шөнө нүдээ анин
унтах гэж оролдох бүрд минь унтана гэдэг сохор хүний шаналал шиг л санагдаж
байв. Харагдах юм огт үгүй болсон болохоор тэр дээрэнгүй олсыг харанхуйгаас хэн
ч гаргаж авч чадахгүй байх шиг.
Би орноосоо босоод, шатаар доош буун Лин
Ютанийн номыг дэлгэлээ. Уншиж эхлээд төд удалгүй ноён Марстоны гадаа зүлгэн
дундуур явж байгааг сонсов. Би одоо үгүйдээ түүний юу харах гээд байгааг нь
мэдэж авсан байв. Айлаа. Гэрлээ унтраагаад, босож зогслоо. Цонхны гадна
харанхуй, би түүнийг олж харахгүй байв. Гэрт ямар нэг олс байгаа билүү гэж
бодтол хүүгийн минь жижиг завины олс санаанд минь оров. Би завь байгаа зоорь
руу яаран буулаа. Завь мод хөрөөддөг тавцан дээр байв, олс нь хүн өөрийгөө
дүүжлэхэд хангалттай урт юм. Дээш гүйсээр галт тогооны өрөөнд орж, хутга аваад
олсыг тас огтоллоо. Дараа нь сонин авч зууханд хийгээд, яндангийн хаалтыг аван
олсыг шатаалаа. Тэгээд хамгийн дээд давхар руу шатаар гүйхээрээ гарч орондоо
орлоо. Одоо айх юмгүй санагдав.
Хамгийн сүүлд хэзээ ингэж бат бөх
унтсанаа ч санах юм алга. Гэхдээ л өглөө нэг хачин мэдрэмж төрөөд, цонхоор
харахад цаг агаар сайхан байсан ч гадагш гармааргүй санагдав. Тэнгэр, нарны
туяа, бүх зүйл бүдэг бадаг, хол харагдаж байв, бүгдийг нь холоос харж байгаа юм
шиг. Марстоныхонтой дахиж таарахгүйн тулд найм арвын галт тэргээр явахаа болиод
түүний дараагийн галт тэргэнд суулаа. Тэр олс санаанд минь байсан хэвээр, би
галт тэргээр явах замдаа нэг өөдгүй олсыг нэг хоёр удаа харлаа. Өглөөг арай гэж
өнгөрүүлээд, үдэд ажлаасаа гарч явахдаа нарийн бичигтээ үдээс хойш буцаж
ирэхгүй гэдгээ хэлэв. Би Натан Шийтэй их сургуулийн клубт уулзахаар тохирсон
юм. Тэнд эртхэн очоод бааранд нь нэг хундага мартини уулаа. Дасал болсон зуршлынхаа
тухай найздаа ярьж буй настай эрхмийн хажууд зогсох зуур толгой руу нь төмпөн
дүүрэн эрдэнэ шиш асгамаар санагдаж байв. Гэхдээ би мартини дарсаа чимээгүй
шимэнгээ, баарны үйлчлэгчийн цаг руу харлаа. Цаг нь гааны ликёрын урт хүзүүтэй
лонхон зүүлттэй юм. Ший ирэхээр би түүнтэй цуг хоёр хундага юм уулаа. Жин
архины мансууруулах нөлөөний ачаар үдийн хоол асуудалгүй өнгөрөв.
Бид Парк өргөн чөлөөнд салтал, уусан
мартини минь надаас нүүр буруулан би дахиад нөгөө олсоо харлаа. Үдээс хойш цаг
хоёр болж, гадаа нартай байсан ч надад харуй бүрий болсон мэт санагдав. Би Корн
Иксченж банк руу очиж таван зуун долларын чекээ задлуулж, Брүк Бродерс
дэлгүүрээс янз бүрийн зангиа, хайрцаг навчин тамхи аваад, дээд давхарт гарч
хослол сонирхлоо. Дэлгүүрт үйлчлүүлэгч гэх юм бараг үгүй байв. Тэдэн дунд
ганцаараа яваа мэт харагдах залуу бүсгүй анхаарлыг минь татав. Нөхөртөө авах юм
харж байх шиг. Шар үстэй, цагаан арьс нь нимгэн цаас шиг толигор, булбарай. Их
халуун байсан ч ер халууцсан шинжгүй, Рай эсвэл Гринвичээс галт тэргээр энэ
хүртэл явсан ч гэртээ дөнгөж усанд орсон юм шиг цэвэр цэмцгэр хэвээр. Гар, хөл
нь тэгшхэн, дур булаам, царай нь ухаалаг гэрийн эзэгтэйн гэмээр дүр төрхтэй;
энэ дүр нь гал, хөлийн дур татам байдлыг нь улам ч тодруулж байх шиг. Тэр
явсаар цахилгаан шатны хажууд зогсоод товчийг нь дарав. Би яаран хажууд нь очиж
зогслоо. Бид хамтдаа доош буугаад, би түүнийг даган Мадисоны гудамж хүртэл
явав. Явган хүний зам хөл хөдөлгөөн ихтэй, би ч түүний хажууд явсаар байлаа.
Тэр над руу нэг хараад, дагаж явааг минь ойлгосон ч би түүний ойр орчны
хүмүүсээс тийм амар тусламж гуйхгүйг мэдэж байв. Бүсгүй буланд зогсоод, гэрлэн
дохио өөрчлөгдөхийг хүлээв. Би ч хажууд нь хүлээлээ. Түүнд маш зөөлөн дуугаар,
“Хатагтай, шагайг тань барьж болох сон болов уу? Надад өөр хүсэх юм алга. Энэ
амьдралыг минь аварна,” гэж хэлэхгүйг хичээн зогсож байлаа. Тэр дахиж над руу
эргэж харсангүй, би ч түүний айж байгааг ойлгов. Түүнийг гарц хөндлөн гарахаар
би ч бас гарц хөндлөн гарлаа. Харин толгой дотор минь нэг дуу, “Шагайг тань нэг
л удаа барья. Энэ амьдралыг минь аварна. Би зүгээр шагайг тань л баримаар
байна. Мөнгө төлсөн ч болно,” гэж гуйж байв. Би түрийвчээсээ цаасан мөнгө
гаргалаа.
Гэж байтал араас минь нэг хүн нэрийг
минь дуудаж байв. Би манай ажлаар орж гардаг зар сурталчилгааны газрын
худалдагчийн нөхөрсөг дууг танимагцаа түрийвчээ халаасандаа хийгээд, гудамж
хөндлөн гарч олон хүн дунд оръё гэлээ.
Би эхлээд Парк өргөн чөлөө, дараа нь
Лексингтон хүртэл яваад, кинотеатр руу орлоо.
Хүйтэн агаар үлээх хуучин
агааржуулагчийн чимээ Чикаго, Фар Вестээс өглөөний галт тэргэнд сууж явахад
голын зүгээс үлээх салхийг санагдуулж байв. Үүдний танхим хүнгүй, надад ордонд
эсвэл сүмд орж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Би шатаар дээш гартал шат
дээшлээд огцом эргэмэгцээ ямар ч сүр жавхлангүй болж орхив. Шатны тавцан нь
хиртэй, хана нь хоосон. Би шатаар цааш явсаар тагтанд хүрээд, тэнд харанхуйд
одоо юу ч намайг аврахгүй, ямар ч хөөрхөн охин шинэ гутлаа өмсөөд өмнө минь
гарч ирэхгүй гэж бодов.
Би галт тэргэнд суугаад гэртээ харилаа.
Орфеогийн баараар ч, кинотеатраар дайрах аргагүй ядарсан байв. Галт тэрэгний
буудлаас машиндаа сууж гэртээ ирээд, машинаа гараашид тавилаа. Би гараашид
ормогцоо л гэрт утас дуугарч байгааг сонссон ч хашаанд зогсоод утас чимээгүй
болохыг хүлээв. Зочны өрөөнд орж ирээд хүүхдүүд явахаасаа өмнө гараараа хана
халтартуулсан байхыг хараад, тэр халтартсан хэсэг нэлээд доор байсан тул үнсэх
гэж доош сөхөрч суулаа.
Дараа нь зочны өрөөнд хэсэг суув. Унтаж
орхиж, сэрэхэд минь цаг нэлээд орой болсон байв. Хажуу байрнууд бүгд харанхуй.
Би гэрлээ асаалаа. Дурандагч минь одоо шаахай, халаадаа өмсөж байгаа биз.
Тэгээд арын хашаа, цэцэрлэгээр тэнүүчилж эхэлнэ. Хатагтай Марстон сөхөрч
суугаад залбирч байгаа биз. Би ч Лин Ютаний номоо аваад уншиж эхэллээ.
Барстовын нохой хуцах дуулдана. Дараа нь утас дахин дуугарав.
Би Рачелийн дууг сонсмогцоо, “Хайрт
минь!” гэж хашгирлаа. “Хайрт минь! Хонгор минь!” Рачель уйлж байв. Тэд Сийл
усан онгоцны зогсоол дээр байгаа юм гэнэ. Долоо хоногийн турш бороо орж, Тоби
дөч гартал халуурсан юм байх. “Би одоо замд гарлаа,” гэлээ би. “Маргааш наана
чинь очно. Маргааш өглөө очно. Хайрт минь!”
Ингээд гүйцээ. Бүх юм дууссан. Би цүнхээ
бэлдээд, хөргөгчөө салгаад, шөнөжин машин барилаа. Бид тэр цагаас хойш аз
жаргалтай байна. Миний мэдэхээр, ноён Марстон дахиж шөнө дөлөөр манай энэ
хавиар үзэгдээгүй, гэхдээ би түүнийг галт тэрэгний буудал, хотын клубт хэд
хэдэн удаа харсан. Охин Лиди нь дараа сард хуримаа хийнэ. Цонхигор царайтай
эхнэр нь буяны ажилд бие сэтгэлээ зориулсан гэж шагнал авсан. Ер нь бол бүгд
сайн. ♦
No comments:
Post a Comment