Tuesday, November 24, 2015

Элвин Шварц | БЯЦХАН ХАР ХАВ

(богино өгүүллэг)
Зохиолч: Элвин Шварц
Зураач: Стивен Гэммел

Билли Мэнсфилд, нэг бяцхан хар хав өөрийг нь хаана ч явсан дагаад байна гэдэг байв. Гэхдээ өөрөөс нь өөр хэн ч тэр нохойг нь хардаггүй аж. Хүмүүс ч түүнийг галзуу солиотой гэлцэх болов. Билли нохойг өөрөөсөө холдуулах гэсэн мэт үргэлж зандарч, чулуу шидэж байгаа харагдана. Гэхдээ л нохой байнга эргэж ирээд байх шиг.
Билли энэ хавыг анх Силас Буртонтой буудалцсан тэр өдрөө харжээ. Билли тэр үед ид залуу байсан сан. Буртоныхон, Биллигийн гэр бүлтэй хэдэн жилийн турш тасралтгүй хэрүүл хийсэн байлаа.
Силас морь унасаар өөдөөс нь ирж явааг хараад Билли даруй буугаа шүүрч авчээ. Силас ч бас буугаа шүүрэхээр завдсан ч Билли урьтаж түүнийг буудаад нуруунд нь онож, мориноос нь унагасан гэнэ лээ. Силасын морь давхиж одоход, буу нь гар хүрэхээргүй газар унажээ.
Силас газар унаад, Биллигээс амь хэлтрүүлээч гэж гуйсан ч Билли түүнийг буудаж хөнөөв. Силасыг буудуулах үедээ бяцхан хар хавтайгаа цуг явж байжээ. Хав Силасын нүүрийг долоон, Билли рүү архирч байв. Уураа барьж ядсан Билли хавыг ч мөн буудлаа.
Урьдын тэр цагт хууль хүчний байгууллага гэж сүртэй юм байсан биш, Биллийг ч баривчилж сүйд болсонгүй. Гэхдээ тэр шөнөжингөө Билли, Бүртоныхны хав хаалгыг нь самардан, дотогш оруулаач гэж гийнаж байгааг сонссон аж. “Би үүнийг зүгээр санаанаасаа ургуулж байгаа хэрэг,” гэж Билли боджээ. “Би нохойг буудчихсан, тэр чинь үхсэн шүү дээ.”
Гэтэл маргааш өглөө нь Билли хавыг өөрийн нүдээр харсан байна. Хав гэрийн үүдэнд нь хэвтэж байв. Тэр цагаас хойш Билли нохойг өдөр бүр харж, шөнө бүр хаалгыг нь самардан дотогш оруулаач гэж гийнахыг нь сонсох болов.
Тэр цагаас хойш Биллигийн буйдан, ор, шал, тэр бүү хэл хоолонд нь нохойны хар үс унасан байх боллоо. Гэр, хашаанаас нь нохойны үнэр ханхийнэ. Биллигийн хүмүүст хэлж байгаагаар бол тэр шүү дээ.
Хэн нэгэн, “Энд ер ямар ч нохой алга,” гэвэл Билли хариуд нь, “Та нар харахгүй байж болно, гэхдээ би харж байна. Тэгээд ч би та нарын хэнээс чинь ч илүү эрүүл ухаантай байна,” гэдэг байв.
Иймэрхүү байдалтай олон жил өнгөрлөө. Ид өвлийн хүйтнээр нэг өглөө хөршүүд нь, Биллигийн гэрийн яндангаас утаа гарахгүй байгааг анзаарчээ. Юу болсныг мэдэхээр дотогш ортол Билли гэртээ алга байв. Нэг хоногийн дараа түүний цогцсыг арын хашаанд нь цасан дунд олох нь тэр.
Биллид ямар дайсан мундах биш, хүмүүс ч түүнийг бусдын гарт амиа алдсан байх гэж боджээ. Гэхдээ л Биллигийн биед ямар нэг шарх, ул мөр байсангүй. Тэгээд ч тэр хавьд Биллигийн хөлийн мөрөөс өөр ямар ч мөр гараагүй аж.
Эмчийн дүгнэлтэд Биллиг өтөлж, байгалийн жамаар таалал төгссөн гэжээ. Гэхдээ түүний үхэлд нэг ер бусын зүйл байсан юм: Хөршүүд нь Биллигийн цогцсыг олох үед түүний хувцас нэлдээ хар нохойны үс болсон байв. Бүр нүүрэн дээр нь хүртэл нохойн үс наалдсан байсан гээч. Тэр хавиас мөн нохойны үнэр ч гарна. Гэхдээ хэн ч ямар ч нохой олж харсангүй.

No comments:

Post a Comment