Monday, November 23, 2015

НЯМ ГАРГИЙН ӨГЛӨӨ

(богино өгүүллэг)
эмхэтгэсэн: Элвин Шварц
зурсан: Стивен Гэммел

Айда Ням гараг бүр өглөө долоон цагт сүмийн цуглаан руу очдог байлаа. Ихэнхдээ өглөөний цайгаа ууж байхдаа сүмийн хонх дуугарахыг сонсдог ч тэр энэ удаа сүмийн хонх дуугарахад орондоо хэвтэж байх нь тэр.
Айда, “Би хоцорсон хэрэг,” гэж бодов.
Даруй орноосоо үсэрч босоод, хурдхан шиг хувцаслаад, цайгаа ч уулгүй, цагаа ч харалгүй гадагш гарлаа. Гадаа харанхуй хэвээр байв, гэхдээ жилийн энэ улиралд угаасаа өглөөгүүр харанхуй байдаг юм. Гудамжинд Айдагаас өөр хүн алга. Гадаа явган хүний замаар явах түүний хөлийн чимээнээс өөр ямар ч дуу чимээгүй. “Хүмүүс бүгд сүмд байгаа хэрэг,” гэж Айда бодлоо.
Тэр оршуулгын газар дундуур замаа товчлоод сүм рүү орж суудал олж суув. Сүм түүний урьд өмнө үзэж хараагүй хүмүүсээр дүүрчээ. Хажууд нь суух эмэгтэй л харин танил санагдав. Айда эмэгтэй рүү харж инээмсэглэлээ. “Энэ Жосефин Кэрр юм шиг байна,” гэж тэр боджээ. “Гэхдээ тэр чинь нас барчихсан шүү дээ! Одоо бараг сар болж байна.” Айдад гэнэт хачин жигтэй санагдав.
Тэр эргэн тойрноо харлаа. Бүдэг гэрэлд нь нүд нь дасах зуур Айда ганган хослол, гоёлын даашинз өмссөн араг яснууд харлаа. “Энэ үхсэн хүмүүсийн цуглаан байна,” гэж тэр бодов. “Энд надаас бусад нь бүгд үхэгсэд.”
Тэдний зарим өөдөөс нь харж байгааг Айда анзаарлаа. Энд юу хийж байгаа юм гэсэн байртай ууртай харж байв. Жосефин Кэрр Айда руу бөхийгөөд, “Аминдаа хайртай л бол адис хүртээж дуусмагц шууд зугт,” гэж шивнэлээ.
Цуглаан дуусахад хамба лам цугласан хүмүүсийг адисалж эхлэв: “Бурхан таныг өршөөг. Бурхан таныг ивээж хайрлаг...”
Айда хүрмээ шүүрээд даруй хаалга руу ухасхийлээ. Ард нь хөлийн чимээ гараад эргэж хартал үхсэн хүмүүсийн зарим түүний хойноос  дөхөж явав. Бусад нь ч араас нь ирж байх юм.
Хамба лам, “Бурхан танд сэтгэлийн дэм өгөг,” гэж үргэлжлүүлэн уншина.
Айда маш их айн, гүйхээрээ гадагш гарлаа. Араас нь үхсэн хүмүүс эвгүй муухай дуу гарган хөөнө.
Тэдний нэг, “Зайл,” гэж чарлав. Өөр нэг нь, “Чи энд байх ёсгүй,” гэж хашгираад хүрмийг нь биеэс нь хуу татав. Айда оршуулгын газраар айсаар зугтах зуур гурав дахь нь толгой дээрээс нь малгайг нь шүүрч аваад, “Битгий эргэж ирээрэй,” гэж хашгираад гараас нь сэгсрэх нь тэр.
Айда байрныхаа өмнө ирэхэд нар гарч үхэгсэд алга болжээ.
Айда, “Энэ бүхэн үнэхээр болов уу эсвэл би зүүдэлж байна уу?” гэж өөрөөсөө асуув.
Тэр өдрийн үдээс хойш нэг найз нь Айдад түүний салмайж урагдсан хүрэм, малгайг нь авчирч өгчээ. Тэр эдгээрийг оршуулгын газар олсон аж.

No comments:

Post a Comment